"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
Unread Media
2021 он. “Чикагогийн хүүхдийн кино наадмын тэргүүн байрыг Монгол уран бүтээл эзэлжээ” гэх гэнэтийн мэдээ сонор мялаав. Сураг тавибаас “Шат” гэгч кино гэнэ. Түүнээс удаа ч үгүй ахин нэг баярт мэдээ чих сортойлгосон нь өнөө “Шат” чинь бүр цаашлаад 2022 оны 94 дэх удаагийн Оскарын кино наадмын богино хэмжээний киноны төрлийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авчээ хэмээх нийтлэл, сэтгэгдлүүд байлаа. Үзэх нь бүү хэл, хэн хэзээ хийсэн талаар ч мэдээлэлгүй, уран бүтээлчдийнх нь жагсаалтыг уншаад ч таних нэргүй энэ бүтээлийн шагналын буухиа үүнээс хойш үе үехэн сонстох болсон нь кино сонирхогчдыг найруулагч П.Золжаргал гэх бүсгүйтэй анхлан танилцуулсан үйл явдал билээ.
Гурван жилийн дараа. “Шат”-ын гаргасан амжилтыг нэгэнт “урд гарсан чих” болгож, найруулагчийнхаа гараас төрмөгцөө л хур мэт амжилтаа дагуулсаар ирсэн “хойно ургасан эвэр” мэт адтайхан, агуулгатайхан “Баавгай болохсон” дэлгэцнээ мэндлэв. Аль нь боловч Монголын өнөөгийн амьдралыг яг л байгаагаар нь, яруухан гаргасан эдгээр ах, дүү уран бүтээл гаргасан амжилтаа бага багаар, ямх ямхаар урагшлуулсаар. Ах болох “Шат” МУСК өмнө нь Оскарын босгон дээр очсон бол түүнийг нь үргэлжлүүлэх мэт дүү нь харин Каннын босгыг нэгэнт давж, гэрийн эзэгтэйн гарын цайг амсах мэт "Un Certain Regard" төрөлд нь албан ёсоор шалгарч, улмаар уран бүтээлчдээ улаан хивсэн дээр алхахыг урин дуудсан бахдам амжилтыг гаргаад буй.
Байна уу? Зоро юу? Сайн байна уу? Unread-ээс холбогдож байгаа юмаа. Юуны өмнө “Баавгай болохсон” удахгүй эх орондоо нээх гэж байгаад, бас одоог хүртэл гаргаад байгаа нийт амжилтад нь баяр хүргэе. Мундаг байгаа шүү. Бид таныг ярилцлагынхаа буланд урих гэсэн юм. Боломжтой юу?
2024 оны нэгдүгээр сарын 5. Зоротой цаг товлон уулзах өдөр, бас “Баавгай болохсон”-ын нээлтийн өмнөх тусгай үзвэртэй орой.
Харилцуурын цаанаас ч эелдэг, нээлттэй хүн болох нь ядах цөхөх юмгүй мэдрэгдэх түүнтэй уулзах мөч бүүр ч сэтгэл хөдөлгөм. Харамгүй инээнэ гэж үүнийг л хэлдэг байх гэмээр түүний дэндүү энгийн мөртлөө хайлам дулаан эрч энерги биднийг уулзсан цагаас л эгч дүү мэт уур амьсгалд автуулах нь тэр ээ. Үнэндээ түүнээс асуух ч шаардлага гарсангүй, хааяа нэг дэмжиж, шүүлтүүргүй бөгөөд сэтгэлээсээ сонсож буйгаа илэрхийлэхэд л дотор байгаагаа уудлан тавьж, ар араас нь цэгцтэйхэн дэлгэн ярьж байлаа.
Сэтгүүлч бүхэнд таардаг асуусан ч угаас дуу цөөнтэй, дуугараад ч онолгүй хадуурдаг эсхүл хэт гэмээр даруухан хөгтэй мөртлөө хөгжилтэй зочдын нөгөө тал нь Зоро мэт. Тэр юу ярихаа, яриа нь хааш юунд чиглэхийг, ямар дэс дарааллаар, яаж ярихаа дэндүү сайн мэддэг, үүнд зориулж суралцсан болов уу гэмээр боловсорсон нэгэн аж. Ярихад, сонсоход, инээлдэхэд, хуваалцахад, юутай урамтай.
Кино эхлэх цаг: Бусдын л адил хүүхэд нас минь
Үнэндээ тэр багын л ийм цовоо цолгиун, нийгмийн идэвхтэй охин байжээ. Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн анхны хүүхдээ төрүүлсэн залуу гэр бүлүүдийн хувьд тэдгээр жилүүд нүргээн, нүүдэл нь хэтэрсэн тогтворгүй үе байлаа. Тийм ч болохоор ээж аав нь тэр цагийн бүх л гэр бүлүүдийн адилаар хоёр хүүхдээ эмээ өвөөтэй нь хамжин өсгөлцжээ. Бага насаа голцуухан эмээ өвөөтэйгөө өнгөрүүлсэн Зоро доороо нэг эрэгтэй дүүтэй айлын том эгч. Өвөө эмээ нь бүх л насаараа хотод тэр дундаа 3,4-р хороололд амьдарсан ба 1990 оны эхээр Хустайн нуруунд тахь нутагшуулахад анхнаас нь хүлээн авч ажилласан ууган ажилтнуудын нэг гэнэ. Ингээд зуны улиралд Хустайн нуруунд, өвөлдөө 3,4-р хороололд гэх мэтээр зургаан хаврыг үдсэн Зорогийн амьдралд тэр жил нэг том өөрчлөлт гарсан нь эцэг эхийнх нь салах шийдвэр байв.
Үүнээс хойш 13 нас хүртлээ ээж, дүү, эмээ, өвөөгийн хамтаар амьдрах явцад түүний хамгаас шимтэн нөхөрлөсөн найз нь кино болжээ. МҮОНТ-ээс өөр гавьтай үзэх суваггүй үе бөгөөд долоо хоногоос тэсэн ядаж хүлээдэг өдөр нь бүтэн кино гаргадаг учраас хагассайн өдөр л болсон гэдэг. Ингэж тэр нөхцөлгүй хайрыг “Forrest Gump”-аас мэдэрч, нийгмийн цөөнхийн тухай ойлголт, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхүйн ухааныг “Beautiful boxer”-оос авч, хүсэл шуналын ухагдахууныг “Blood diamond”-оор заалгажээ. Бүтэн үндэстний түүхийг нэг эрийн амьдралаар өгүүлж, маргаан үл тасрах нийгмийн ялгаа заагийг хэдэн цагт нэг чиглэлд эргүүлж дөнгөх кино гэгч урлагт нуугдаж буй хүчийг тэр үед л ойлгож эхэлсэн нь цаашид энэ салбарт ажиллах, наанадаж драмын дугуйланд суралцаж жүжигчин болох хүслийн очийг түүний цээжинд мандаах нь тэр. Гэвч бүх л эцэг эхчүүдийн хэлдэг үг, санаа чилээдэг агуулга чихэнд нь ирэв. “Урлагаар хоолоо олж идэхгүй.”
Сорилт: Эндээ үлдчихвий
14 хүрэхийн өмнө ээж нь шинэ амьдрал эхлүүлэв. Ингэснээр тэд Зүүнсалаанд нүүн иржээ. Халуун ус хананаас аван, цахилгаан зууханд цай чанаж, хотын сургуулийн тохилог ангид сурч дадсан Зорогийн хувьд энэ шийдвэр гэнэтийн тусах нь мэдээж. Гэлээ гээд яалтай билээ. Тухайн үед Зүүнсалаа айл багатай, лагер гэмээр эл хуль. Энэ үед тэд гэр бүлийн бизнес хийхээр шийдэн гэрийнхээ хажууханд хүнсний дэлгүүр нээсэн нь түүний дүгнэснээр анхнаасаа л ашигтай байх эсэх нь тун ч эргэлзээтэй, төв зам ч бараадаагүй, хөлийн газарт ч дайруулаагүй шуудхандаа бол муухан шийдвэр болоотхов.
Гэвч одоо түүний санаа чилээх гол асуудал дэлгүүр биш. Сургууль шилжих тухай сэдэв математикийн сонгонд сурч, физикийн хичээлдээ дүүрэг хотдоо л чамлахгүй амжилт үзүүлчихдэг шартай бол шартай, хортой бол хортой, аливаа хүссэндээ мөчөөгөө өгдөггүй хичээнгүй занг нь хөндөх шиг болов.
Эмээ өвөөтэйгөө амьдардаг байхад сургуульдаа саван үнэртүүлж явдаг, тараад л ирдэг, чөлөө зав ихтэй байсан түүний амьдрал нэг л мэдэхэд нүүрсний угаар үнэртүүлсэн, сургуулиас тарж ирэв үү, үгүй юу гэр бүлдээ туслан дэлгүүрт зогсдог завгүй хуваарьт шилжчихэв. Тухайн үед бол их л тухгүй, төвөгтэй мэт санагдаж байсан амьдралын тэр хэв маяг ирээдүйд уран бүтээлийнх нь нэгэн том сэдэв, кино зохиолч найруулагчийн хувьд олонд таниулж, нийгэмд ойлгуулахыг хүсдэг чухал сэдэв нь болтлоо амьдралынх нэг хэсэг болно гэж хэн санах билээ. Ёстой л алив юу ч санамсаргүй болдоггүй бөгөөд учиртай болоод л чи, тэнд, тэр зүйлийг хийж байгаа юм гэдэг ардын явган яриаг сануулах шиг.
Үүний үүдэл нь өнөөх ад үзээд байсан дэлгүүр нь байлаа. Ерөөс дэлгүүр нь түүний хорвоогийн олон өнгөтэй танилцах үүд байсан гэхэд болно. Гэр хорооллынхноос болж л утаатай болж байна гэх хүмүүс байхад, нүүрс түлснээс болж хувцас цүнхнээс нь өмхий үнэртэж, хүнтэй ярихын аргагүй ичгэвтэр байдалд оруулж байна гэж гомдоллох хэсэг бий. Гэтэл зарим айлын хүүхдүүд тал шуудай нүүрс аваад өнөө орой даарахгүй хонох нь гэдэгтээ баярлаад дэлгүүрээс гарах аж. Түүгээр зогсохгүй шүүгээнд том томоороо байж л байдаг гэж ойлгож явсан гурил, тос тэргүүтнийг зарим айлын ээжүүд граммлаж авах ба бүр болоогүй талхыг хүртэл таллаж авах нь Зүүнсалаанд энгийн үзэгдэлдээ л орно. Юуг ч хамгийн жижиг хэмжүүрт нь шилжүүлэн таллаж зарсан ч хангалтгүй байх бөгөөд үргэлжлүүлэн нэр бичүүлж зээл тавина гээд орон сууцны төлөв түвшин амьдралаас ирсэн өсвөр насны охинд гайхах, харьцуулах амьдрал нүүж ирсэн газарт нь арвин байх ажээ.
Жирийн үед “өрөвч нинжин” гэх тодорхойлолт магтаалын сайхан үг шиг сонстовч ямарваа үг үйлдэл хаана, ямар үед ашиглагдаж байгаагаасаа шалтгаалан өөр өөр хэрэглээтэй гэдгийг бяцхан Зоро тэр үед ойлгосон юм. Хэзээнээс өглөгч, сайхан сэтгэлтэй хэмээгддэг ээжийнх нь төрөлх зан удаандаа сул тал болж, дэлгүүрийнх нь орлого хүүгүй зээлийн үйлчилгээ мэт болон царцаж, ашиг бүү хэл алдангируугаа орж эхэлжээ. Авч ирсэн бараагаа хэзээ төлөгдөх нь үл мэдэгдэх зээлэнд өгч явуулаад, “талх зээлж ирэхгүй л бол гэртээ битгий ирээрэй гэсэн” гээд үүдэнд бүлтгэнэн зогсох нимгэн нойтон хувцастай хүүхдүүдийг харж өрөвдсөндөө өөрийгөө үл тоон хэрэгтэй гэснийг нь өгөөд ч явуулна. Ингэж явсаар өрхийн амьжиргаа бага багаар дордож, тэднийх нь ч бас ядууралруу гулсаж буйг Зоро эрхгүй мэдэрчээ.
Тэр үед сэтгэлдээ маш их айдас мэдэрч байсан. Яг эндээ, ийм амьдралдаа ингээд л энэ чигээрээ гацчихвий гэж. Түүнээс яаж зугтах вэ? Энэ байдлаас яаж өөрийгөө гаргах вэ? гэдэг асуулт л толгойд эргэлддэг тийм үе.
Зангилаа: Урлагаар хоолоо олж идэхгүй
Хэдий кино жүжигчин болохыг хүсдэг ч гэр бүл нь төдий дэмждэггүй бөгөөд ирээдүйн мэргэжил сонголтыг нь голж шилэх нэг том шалтгаан нь хичээлдээ сайн охины өмнө урлагаас гадна олон сонголт нээлттэй байсан явдал юм. Математикийн салбарт багагүй авьяастай түүний дуртай хичээл физик. Том болоод цөмийн физикч, инженер болж их мөнгө олоод ээж, дүүгээ жаргаана. Энэ л түүний бодол.
Физикийн хичээлийн сургууль, дүүрэг, хот, улсын олимпиадууд ээлжилсээр. Амжилтаа бууруулахгүй ч медальд нэг л хүрч өгөхгүй нь шар хөдөлгөнө. Ажаад харахад медальт байруулад “Шинэ Монгол” гэх сургуулийн сурагчид өнгөлөх ажээ. Бүр сайн судалвал багш нарын олимпиадад ч энэ сургуулийн багш нар л өндөр амжилт үзүүлдэг байх юм. Улмаар Зорогийн бодолд энэ сургуульд л элсвэл физикийн сайн сургуульд орж болох юм гэх бодол нэгэнт хадагдсан тул олимпиадад гаргасан амжилтаараа тэтгэлэг авч чадахгүй ч элсэх эрхтэй болсон боломжоо алдалгүй ашиглахыг хүсэх нь мэдээж. Ингээд гэр бүлтэйгээ чухалчлан ярилцсаны дүнд ээжийнхээ их сургуульд нь зориулан далд хийж байсан хадгаламжийг ашиглан “Шинэ Монгол” сургуульд шилжин сурахаар болжээ.
Энэ бол түүний амьдралын эргэлтийн цэг, азын од гарцаагүй мөн байв.
“Шинэ Монгол” сургуульд шилжин орсны дараа химийг ямар гоё хичээл болохыг, газарзүй хэчнээн сонирхолтой болохыг хожуу ухаарч байлаа. Ганц математик, физикээр л хязгаарлагддаг байсан миний ертөнц сайн сургуульд орсон цагаас байгалийн ухаан, нийгмийн ухаан ялгаагүй бүгд хэрэгтэй, бас сонирхолтой болохыг ойлгосон доо. Сайн багш, сайн боловсрол гэдэг хүний амьдралын хамгийн том аз гэдгийг би тэнд л биеэр мэдэрсэн.
Бүх л хичээлийн сайхныг мэдэрч эхэлсэн түүний анхаарлыг сургуулийнх нь хичээлээс гадуур явагддаг дугуйлан, секцүүд дүнгээс дутуугүй татаж эхлэх нь тэр. Дугуйлан дугуйлангийн дотроос драмын дугуйлан гойд их. Хүслэн болсон дугуйландаа элсэж, жүжгийн зохиол уншиж, дүрүүдийг нь задлан ярилцаж, монолог цээжлэх баяр баясалтай үйл явц энд л биелэнэ. Эргэлзэх зүйлгүй, ээждээ ч хэлэлгүй гаргасан энэ шийдвэрийнх нь үр дүнд физик түүний зорилго биш харин мөрөөдөлдөө хүрэхэд туслах сургуультай учруулж өгөх гүүр төдий болсныг эргэн тойрныхон нь анзаарсангүй. Ингээд хадгаламжаараа хоёр жил, гэр бүлийнх нь дэлгүүрийн гол тээвэр болсон машинаа зарж нэг жил гээд өөрийнх нь төлөө гэсэн ээжийнхээ дэмжлэгээр нийт гурван жилийг “Шинэ Монгол”-д өнгөрүүлснээр төгсөх хавар хаяанд иржээ.
Сайн мэдээ гэвэл сургуульд нь гаднын тэр дундаа Японын их сургуулиуд элсэгчдийн бүртгэл, шалгалтууд зохион байгуулагдах бөгөөд шалгалтаа сайн өгч чадвал бүрэн тэтгэлэгтэй сурах боломж ч нээлттэй байлаа. Харин базаахгүй тал нь гэвэл ирж буй удирдамжууд дотор кино урлагтай холбоотой анги нэгээхэн ч байхгүй байх ба бүгд л эрэлттэй салбарын ангиуд байв. Арга буюу СУИС, КУДС-ийг бодож эхлээд байсан тэр үед тэнгэрээс од харвах мэт нэг мэдээ ирсэн нь Японы нэгэн сургууль байгуулагдаад хоёрхон жил болж буй кино урлагийн институтдээ хоёр оюутан сургуулиас авах ба шалгуур нь ердөө сурах эрмэлзлээ багш нартаа батлан харуулах нөхцөл байв. Бүр баярлам нь бакалаврын түвшний дөрвөн жилийн сургалтын бүрэн тэтгэлэг дагалдах аж.
Хувь заяа, амьдралын аз тохиролд хязгааргүй талархсан Зоро тухайн үед яг л одоо хийж буй ажлаа буюу нийгэмд чиглэсэн агуулга бүхий бүтээлүүдээр дамжуулан дуу хоолойгоо хүргэсэн, олон талт байдлыг хүндэтгэсэн уран бүтээлч болохыг ямар их хүсэж буй тухай эсээ, гурван жилийн турш драмын дугуйлангийн ахлагч болтлоо дэвшин суралцсан тодорхойлолтоо бариад багш нарынхаа урд тод дуугаар итгэл дүүрэн танилцуулга хийж, нааштай хариу авснаар хувь заяаны жолоогоо гартаа авч эхлэв. Түүний кино урлагаар суралцах болсон түүх энэ.
Кино өрнөх цаг: Японд өнгөрүүлсэн цаг хугацаа
Анх удаа гаднын оронд хөл тавьсан тэр цаг үе. Таних хүнгүй, угтах гэргүй тийм нэг үл мэдэх орчин. Сонирхолтой нь, өмнө гар дээрээ тавьж үзээгүй тийм их мөнгө болох 100 мянган ам.доллартай. Сургуулийн тэтгэлэг хэмээн өгсөн тэр мөнгө сургалтын төлбөр, байрны зардал, хоол унаандаа өгөөд ч ард нь үлдэхээр хангалттай дүн бөгөөд түүнийг юунд, яаж зарцуулбал зөвийг бодон гайхна. Очоод удаагүй байхдаа энэ маягаар тэтгэлэгээ хэмнээд, хичээлийнхээ хажуугаар амжуулаад ажил хийж чадвал төгсөхдөө байрны урьдчилгаатай гэртээ буух нь хэмээн баярлаж байв.
Аажимдаа урлаг өөрөө үнэтэй бөгөөд элит салбар болохыг ойлгож эхлэв. Учир нь академик онолоос илүү практик туршлага арвинтай багш нар нь сургалтын онцгой арга барил ашиглах бөгөөд сайн уран бүтээлч болохын тулд мэдрэмжийг чухалчилж, түүнийг цуглуулахад анхааран, үүнд шаардлагатай зайлшгүй зардалд боломж байвал гар татах хэрэггүйг номлоно. Гэвч ардаа амьдралтай, санаа тавих асуудалтай зарим оюутанд хүссэн зам мөрөө хөөж, урлагаар сурч буй нь л хангалттай том аз байсан гэхэд хол зөрөхгүй. Багшийн үгийг авах нь авч, өнгөрөөх нь өнгөрүүлнэ.
Харин Зорогийн хувьд хичээлийн даалгавар болгон ээлжит уран зургийн музейгээ үзэж явахдаа “Дори идэр дүүдээ” номоос удтал харж дассан Ван Гогын “Наранцэцэг” нэрт уран зургийн эх хувийг харсан нь амьдралд нь тохионо гэж төсөөлж байгаагүй гайхалтай мөч байсан гэнэ. Жинхэнэ урлагийн эх хувилбарыг харж бишрээд өнгөрөлгүй, хэд дахин оочерлон орж харахдаа тэрээр үүнээс хойш тэтгэлгийн мөнгөө хэмнэх гэж хичээлгүй, сур хэмээн өгсөн тэтгэлгийг сурах үйлд л зарцуулж, жинхэнэ урлагт хөрөнгө оруулан, чансаатай мэргэжилтэн болох ёстойгоо, тэр ялгарлаа эндээс л олж авна гэдгээ эргэлт буцалтгүй ойлгожээ.
Үүнээс хойш тэрээр 100 ам.долларын үнэтэй мюзиклийг мөнгө харамлалгүй үзэж, Шибуяа явж хуучин цагийн шидээврүүдтэй танилцах болов. Үнэхээр л жинхэнэ урлаг гэдэг элит салбар болжээ. Сонгодогуудтай танилцаж, тэдний амтыг мэдрэх тусам цааш ахихыг хүснэ. Улмаар байрны урьдчилгаанд хэмээн ажиллаж байсан цагийн ажил нь урлагийн төлөө болж өөрчлөгдөв. Амьдрал, зорилго, хобби тэр чигээр нэг цэгт зангидагдан хааш чиглэж, юунд хүрэх нь тодрох тусам үйлдэл бүрээ үнэ цэнтэй байлгахыг хүснэ. Тиймдээ ч олдоц сайтай түргэн хоолны газраасаа гарч, хичээлийнхээ хажуугаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нас дээр гарсан буурай нарыг харж асрах, тэдний өдөр тутмын үйлд тусладаг ажил хийх болов. Эндээс тэр нийгмийн олон талт байдал, хүртээмжтэй орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэндээ хөгжлийн бэрхшээл биш орчны ээлгүй байдал л дутуу мэдрэмжтэй болгож, нийгмээс тусгаарладгийг ойлгож авчээ.
Энэ мэтээр Монгол Японы ялгаа, нийгэмд хүргэх ёстой агуулгаа дөрвөн жил төрөл бүрээр заалгаж, монгол ахуйн талаар л бичиж чадахаа, Монголын асуудлыг л гүнд нь ойлгодгоо мэдсэнээр сургуулиа төгсмөгц эх орондоо ирэхээр шулууджээ.
Сайн кино үзэж байж сайн кино хийнэ гэж багш нар сургана. Тиймдээ ч зарим хичээлийн семинар нь мото унаж үзэх, галзуу хулганын урд талын эгнээнд суух гэх мэт мэдрэмжид суурилсан даалгавартай. Миний хувьд тэтгэлгийн оюутан болохоор сайн дүнтэй байх хариуцлага бүр суучихсан. Дүнгээ л бодно. Тэр үед кино зохиолын багш маань надад “Зоро-сан үнэхээр сайн сурах юмаа. Гэхдээ үнэхээр уйтгартай юмаа” гэж хэлсэн юм. Үүнээс хойш зөвхөн хичээлд бус эргэн тойрны амьдралд, барьж авах боломжууддаа анхаарсан. Энгийн хэр нь тэр зөвлөгөө тухайн үед яг л хэрэгтэй байсан зөвлөгөө гэж боддог доо.
Уналт: Хананд тулан зогссон жилүүд
Эрч хүчээр дүүрэн Хү-Хa! гэж ороод хамаг тамираа соруулчхаад гарч ирдэг жишээ цөөнгүй. Шинэхэн мэргэжилтэн Монголдоо ирээд хэд хэдэн кино багт туслах найруулагчаар орж ажилласан ч дөрвөн жил заалгасан номлуулснаас нь тэс өөр орчин угтаж авах нь тэр. Үйл явц, уур амьсгал, төлөвлөлт гүйцэтгэл гээд бүгд “монголчилсон” аргаар хийгддэг болохыг хүлээн зөвшөөрөх гэж ядах зуур Японд багш нар нь түүнд урлаг хийхийг л зааснаас биш талхаа олж идэх сурталчилгаа, телевизийн нэвтрүүлэг гэх мэт арилжааны салбарт ажиллах арга туршлага зааж өгөөгүй болохыг мэдэрч эхлэв.
Юуг хийх, юуг хийхгүй байх, юуг хийж чадах, юуг хийж чадахгүй вэ? гэдгээ ойлгоход хугацаа хэрэгтэй болжээ. Яг энэ үетэй зэрэгцэн хувийн амьдралаа төвхнүүлэх жилүүд ч давхацсан. Өсвөр наснаас тоглож өссөн саахалт айлын хүүг хожим нөхөр нь болно гэж хэлсэн бол бяцхан Зоро итгэх байсан болов уу. Харин одоо тэд хоёр хөөрхөн охины аав ээж болсон. Ууган охиноо төрүүлсний дараахан хэсэгтээ ажин түжин амьдралыг эрэлхийлсний дүнд Монголд салбартай Япон компанид мэргэжлийн бус хэдий ч сэтгэлд тайван, биед амар ажил хийхээр болсноор хоёр жил гаран болжээ. Энэ хугацаанд урлагаас түр завсарласан ч мэдрэмж, хоббигоо "Алтан хальс" холбооны нөхдөөр, тэнд хийдэг урлагт чиглэсэн үйл ажиллагаагаар тэжээн хөглөж байлаа. Хэдхэн жилийн дараа эхлэх түүний найруулагчийн амьдрал, амжилтад энэ холбооноос олж авсан нөхдийнх нь тусламж дэмжлэг их байсан юм.
Сурсан юмыг сураар боох биш. Хэдий кино хийх, найруулах ажлаас холдоод хэдэн оныг үдсэн ч дотор нь бүтээлч мэдрэхүй оршсон хэвээр. Унтаа байдалд орсон ч юм шиг тэр хандлагыг сэрээсэн зүйл нь “утаа”. Жил жилийн өвлийг хамгийн хэцүү болгодог агаарын бохирдол, түгжрэлийн асуудал тэр жил анх удаа зохион байгуулалтад орж “Утааны эсрэг ээж аавууд” ТББ байгуулагдаж, уг асуудалд ундууцсан иргэдийн жагсаалууд болж эхлэв. Нийгэмд болохгүй байгаа зүйлийн эсрэг нийтээр нэгдэн тэмцэж буй эерэг хандлага, хүчтэй энергийг зөв тийш чиглүүлж чадвал асар их хүч байдгийг мэдэх тэрээр жагсаалын дараахан фэйсбүүк группт нь нэгдсэн ч төсөөлөөгүй орчин угтаж авав.
“Бүх зүйл гэр хорооллынхноос л боллоо. Гэр хороолол биднийг хордуулж байна. Тэднийг эндээс хөөх хэрэгтэй.”
Харамсалтай бас гомдмоор. Жагсаалд очиж буй тэр их хүч, энерги асуудлын уг суурийг бус өнгөц үр дүнг зүхэн буруутгаж байна гэхээс, 10 хүрэхгүй километр дотор хамт амьдарч буй нэг үндэстэн өөрсдийнхөө асуудлыг ойлгож чадахгүй талцаж байгаа нь харамсалтай. Нөгөө талаас дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьд үлдэхийн төлөө арга буюу гал түлж буй хүмүүсийнхээ үйлдлийг хотын нөгөө захад амьдарч буй хүмүүс нь огтхон ч ойлгохгүйн дээр, тэр бүхнийг хэргээр хийж буй хорлол мэт хүлээж авч байна гэхээс гомдмоор. Хот үндсэндээ хоёр хэсэгт хуваагджээ.
Чухамдаа энэ асуудлыг уг үндсийг ойлгож, түүнийг дэлгэцнээ буулган хүргэх хүн нь Зоро өөрийгөө гэж итгэсэн билээ. Үүнээс хойш нийгмийн ялгаатай байдал, тэгш бус боломжийг харуулах бүтээлүүдийг хийхээр зориг шулуудаж, өмнөө таарсан саадуудыг боловсролын хүчээр даван гарна гэдэгтээ итгэл төгс болов. Учир нь энэ асуудлыг, эдгээр сэдвүүдийг монгол хүнээс өөр хэн ч илүү ойлгож чадахгүй, бичиж чадахгүй, илэрхийлж чадахгүйг тэр сайн мэдэж байгаа.
Кино цааш үргэлжилсээр: Дараагийнх бас дараагийнх
Тухайн үед түүний толгойд харван ирсэн зохиол нь яг одоо бидний театрт зорьж очин үзэж буй "Баавгай болохсон".
Өнгөрсөн таван жилийн турш бодож төлөвлөн, Япон, Хонг-Конг, Франц улсуудын кино хөгжүүлэх, дэмжих төслүүдэд уйгагүй хамрагдаж, амжилттайгаасаа амжилтгүй нь олон түүх цуглуулсаар “Баавгай болохсон” бүтсэн түүхтэй. Кино зохиол анхнаасаа л олон улсын кино бүтээгч, продюсеруудын сонирхлыг татсан ч зохиол хөгжүүлэлт, зураг авалтын төлөвлөгөө гэх мэт олон шалтгааны улмаас хойшилсоор цар тахлын үеэр л "Лантуун Дохио" ТББ, "Швейцарийн Хөгжлийн Агентлаг", "Монголын Финтек Групп" болон өөрийнх нь уран бүтээл, хүсэл тэмүүллийг дэмждэг найз нөхдийнхөө тусламжтай зураг авалтаа хийж гүйцэтгэсэн байдаг. Энэ хугацаанд Зоро зохиолоо кино болгож чадалгүй хаяхын ирмэгт ирэх, төсөв мөнгөгүй болох, дутах гацах, хөрөнгө оруулагчдын хуваарь зөрөх зэрэг олон бэрхшээлтэй тулсан ч хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөөр энд ирээд буй.
Үр дүнд нь тэрээр анх Монголдоо ирээд өөрийн хийхийг, бий болгохыг хүсдэг байсан дүрэм-соёл бүхий зураг авалтыг хийж чаджээ. Үүнд, зураг авалтын талбайд ажиллаж буй бүх ажилтан хүүхэдтэй харьцах, хамтран ажиллах дүрэмтэй танилцан, гарын үсэг зурснаар багт ажиллах эрхтэй болж, өдөрт авах зураг авалтын цагийг стандартын дагуу барьж, хүний эрүүл мэнд, бүтээмжид сөргөөр нөлөөлөхгүй хоол хүнс хэрэглэж, цагтаа цуглаж, өөр хоорондоо өндөр хүндэтгэлтэй хандах, санхүүгээс илүү зорилго мөрөөдлөөрөө цугласан багийг бүрдүүлж чадсаныг сонсоход адилхан эмэгтэй хүний хувьд дэндүү бахархам санагдаж байлаа.
Үргэлжлүүлэн олон улсын кино хөтөлбөрүүдээр явахдаа танилцаж, ажил хэргийн хамтрагчид бололцсон Францын кино продюсер Фредрих Корвезийн тусламжтай пост-продакшнын ажлаа 100 хувь Европод хийж гүйцэтгэснээс хойш киноны хувь заяа буюу олон улс дахь маркетингийн ажил Франц дахь менежментийнх нь компаниас нь хамааралтай болжээ. Сайн бүтээл чансаагаа илтгэж, олон улсын кино фестивалиудийн дэлгэцэнд гарсан цагаасаа хойш одоог хүртэл шагналын буухиагаа таслалгүй явсаар тоогоо алдахад хүрсэн ч үүн дундаас хамгийн онцлох нь та бидний сайн мэдэх нь Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд шалгарсан явдал юм.
Энэ бол түүний багаас гадна кино бүтээх бүхий л цаг үед хамт байж, тусалж дэмжсэн гэр бүлийнх нь баяр. Каннын улаан хивсэн дээр тэрээр нөхөр, том охин хоёрынхоо алга ташилтан дор гол дүрүүдийнхээ хамтаар мөн удахгүй төрөх отгон охиноо хэвлийдээ тээсээр хөөр баяр дүүрэн алхаж, кино үзвэр дууссаны дараа тасралтгүй таван минут алга ташин баяр хүргэсэн үзэгч олны талархлыг сандрал дүүрэн тосон зогсжээ.
"Баавгай болохсон"-г хийхээр хөөцөлдсөн таван жилийнхээ дунд тэрээр олон сайхан хүмүүстэй учирсны дотор "Шат" богино хэмжээний бүтээлийг онцлохгүй дурдаж болохгүй. Хөгжлийн ялгаатай байдал бүхий ажилтнуудаас бүрдсэн кино баг, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран бүтээсэн энэ кино одоогийн амжилтынх нь суурь болдог.
Кинонд, тулгуур эрхтний бэрхшээлтэй залуу өөрийн зорилгыг биелүүлж мэргэжлийн үсчин болохын тулд олон шатыг туулах ёстой болох бөгөөд тэр нь энгийн хүний нүдэнд зүгээр л хэд харайгаад гарах энгийн шат байх нь тэр. Нийгмийн олон янз байдлыг ойлгох, хүн хүнээ энэрэн хайрлах жаахан сэтгэл байхад амьдрал хэд дахин хүртээмжтэй, аз жаргалтай болж болохыг 10-хан минутанд харуулсан энэ бүтээл богино хэмжээний кино төрөлдөө ч муугүй амжилт олон улсад гаргаж чадсан. Түүгээр барахгүй кино багт янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй 18 залуу орж ажилласан нь туйлын онцлог.
Тэрээр энэ тухай, "Зөв хүнд зөв ажлыг нь хуваарилж, сурч дадлагажихад хамтран тусалж, түүнд хүндэтгэлтэй хандаж л чадвал ямар ч хүн багийн хүчээр том ажлыг нугалж чадна гэдгийг харуулахыг хүссэн" гэсэн нь хайр татам. Үүнд түүний Японд хийж байсан цагийн ажлын туршлага нь ихээхэн нөлөөлсөн нь лавтай.
Энэ мэтээр Зорогийн хөнддөг сэдэв, цаашид хийх зүйл дэндүү тодорхой. Тэр зүгээр л юу мэдэрсэн?, юуг ойлгосон?, бодит байдал юу вэ? эдгээр асуултыг урлагаар дүрсэлж, дэлгэцнээ үнэнээр нь буулгахыг оролдоно. Түүнд хийх дараагийн, түүний дараагийн сэдэв бий. Анх харь улсыг зорихоор багш нартаа хэлсэн амлалтаа тэр одоо ч марталгүй биелүүлж яваа.
"Миний мэдэрч, анзаарсан энэ зүйлсийг нийгэмд урлагаар илэрхийлж харуулах хүн нь би л юм байна шүү дээ. Монголын асуудлыг монгол хүн болж төрөөд, Монголдоо өссөн бид л сайн мэднэ. Би үүнийг л дэлгэцэнд буулгамаар байна. Үүгээр л хэлэх гэснээ бусдад хүргэмээр байна."
Аливаа уран бүтээлчийн гараас гарсан эхний бүтээлүүд шууд утгаараа найруулагчийнхаа амьдрал, туршлага, үзэл бодлын толь байдаг гэлцдэг. Анх энэ үгэнд эргэлздэг байсан ч хийсэн кинонуудаа эргээд харахад үнэхээр л тийм байсан. Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг байхад төрсөн эмзэглэл минь “Шат” дээр бууж, бага насны амьдралын гомдол, итгэл, тэмцэл, тэмүүлэл минь “Баавгай болохсон”-д шингэсэн. Ард гарсан нь л хангалттай гэж баярласан бүтээлүүд минь эхнээсээ амжилт гаргаж эхлэхэд л бодитой, агуулгатай мэдрэмжээс чанартай, сүнстэй бүтээл төрдгийг мэдэрсэн.
П.Золжаргал
Сэтгэгдэл бичих