Энэ хичээлийн жилд Монгол Улс даяар 750 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын тавны нэгийг 6-18 насны сурагчид эзэлж буй гэсэн үг. Харамсалтай нь, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгаагаар манай улсын 10 сурагч тутмын найм нь ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг бөгөөд давтамжийн хувьд бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртөж байна. Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд хамгийн их гардаг ажээ.

Бид үндсэн хуульдаа хүн бүр хаана, хэзээ төрснөөс үл хамааран боловсрол эзэмших эрхтэй хэмээн заасан ч ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хүний эрхэм чанарыг хүндэтгэх соёлыг сургуулийн орчинд төлөвшүүлээгүй цагт хүмүүнлэг нийгмийг бүтээх тухай ярих боломжгүй.

Тиймээс энэ удаагийн А-Я буландаа бид боловсролын хүртээмжтэй байдал, боловсролын орчин дахь үе тэнгийн дарамт дээрэлхэлт, хүний эрхэд ээлтэй орчин болон соёл, хандлагын тухай таны мэдэх учиртай агуулгуудыг нэг дор нэгтгэхийг зорилоо.


 а бол ашигтай хөрөнгө оруулалт 

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчирхэг зэвсэг.

Нелсон Мандела

Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман “Боловсролд хөрөнгө оруулсан 1 доллар тутмын эргэх ашиг нь 13 доллар гэдгийг тооцоолж, хувь хүний хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт нь зөвхөн боловсрол олж авч буй тэр хэсэг хүмүүст бус улс орны эдийн засгийн хөгжилд бүхэлд нь өндөр үр ашигтай байдаг" гэсэн байдаг. Товчхондоо, та дэлхийн аль ч оронд амьдарч байсан чанартай боловсрол бидний насан туршийн амьдралын баталгаа юм. Төр сурч боловсрох эрхийг хангах үүргийг хүлээснийхээ дагуу боловсролд оруулж буй санхүүжилтийг ашигтай хөрөнгө оруулалт гэж харах учиртай.

Гэвч боловсролын ач холбогдол зөвхөн үүгээр хязгаарлагдах уу гэвэл үгүй.

Хүн төрөлхтөн ганцхан дэлхийтэй. Гэтэл дэлхийн улс орнууд жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, хүүхдийн хөдөлмөр, хүсээгүй жирэмслэлт, өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадахгүй байна. Технологи биднийг өөр хооронд маань холбох боломж гэж үзэж байгаа ч дижитал хуваагдал оршсоор л. Гагцхүү боловсрол л өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа тэгш бус байдлыг арилгах гол арга зам, хонгилын үзүүр дэх гэрэл болж буй.

 б бол бОЛОВСРОЛ ЭВСЭЛ 

Боловсролын чанар, санхүүжилтэд хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөх зорилготой “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь өдгөө 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Эмэгтэйчүүд, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, хүүхэд, залуусын өөрийн удирдлагын бүлгүүд, үйлдвэрчний эвлэл, үндэсний болон бэлгийн цөөнх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, жендэрийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн 35 ТББ-ыг эгнээндээ нэгтгэн, найман аймаг, хоёр дүүрэгт салбар зөвлөлтэйгөөр ажилладаг тус байгууллага нь өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж чадахгүй байгаа бүлгүүдийг дэмжих, чадавхжуулах, эрх мэдэлжүүлэх, тэдэнд тулгарч буй бэрхшээлийг арилгах, боловсролын бодлого, тогтолцоог хүний эрхэд ээлтэй, жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлгүй, ил тод, шударга болгож цогцоор нь өөрчлөх эрхэм зорилготой хамт олон юм.

в бол ВИРТУАЛ НӨЛӨӨ

Цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинаа бүтэн жилийн турш ЕБС-ийн 90 хувь нь хаагдаж, 1.2 тэрбум гаруй хүүхэд алсын зайнаас, цахимаар хичээллэсэн билээ. Ковидын тархалт хэдийн тогтворжсон ч олон сурагч тодорхой шалтгааны улмаас танхимын сургалтад хамрагдаж чадахгүй байна. Харин Монголд малчин өрхийн, цахилгааны хүртээмжгүй, телевизгүй алслагдсан газар амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй гээд энэ тоо 176 мянга болно.

Хоцрогдол арилгахын тулд гурван жилийн төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа ч ковид цар тахлын нөлөөгөөр виртуал орчинд цензургүйгээр хэрэглэгч болсон хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дээрэлхэлтээс хамгаалах бодлого дутмаг байна. НҮБ-ын Охидын эрхийн байгууллагаас гаргасан мэдээллээр охид цахим хүчирхийлэлд илүүтэй өртдөг болохыг онцолсон байна.



г бол гарал угсаагаар ялгаварлах байдал

Зөвхөн боловсролын салбар гэлтгүй нийгмийн бүх цаг үе, амьжиргааны түвшинд байсаар ирсэн ялгаварлан гадуурхлын сонгодог төрөл бол гарал угсаа, арьс өнгө, соёлоор ялгаварлан гадуурхах хандлага юм. Жишээ нь, Дэлхийн банкны тайланд дурдсанаар африк гаралтай таван хүүхэд тутмын нэг нь бага сургууль төгсөөгүй байдаг нь бүс нутгийн дунджаас даруй хоёр дахин их үзүүлэлт бөгөөд, гуравны хоёроос бага хувь нь л дунд сургуулиа төгсдөг гэжээ.

Дээд боловсролын хувьд 25-аас дээш насны хүн амын дөрөвний нэгийг африк гаралтай хүмүүс эзэлж байгаа ч төгсөгчдийн дөнгөж 12 хувийг бүрдүүлдэг байна. Цар тахлын үеэр энэ үзүүлэлт улам хурцадсан бөгөөд үүнд нийгмийн арьс өнгөөр ялгаварлах үзэл ч нөлөөлсөн хэмээн үздэг ажээ. Өөрөөр хэлбэл бага балчир үеэс сургуулийн орчинд төрмөл өгөгдлөөсөө болж гадуурхагдах нь урт хугацаандаа сурах идэвх, цаашлаад боловсролын байдалд ч хүчтэй нөлөөлдөг байна.

Манай орны хувьд казак, тува гэсэн үндэстний цөөнхтэй улс. "Боловсрол эвсэл"-ээс хийсэн хэд хэдэн судалгаагаар “Казах үндэстэн байх нь сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамт дээрэлхэлтийн шалтгаан болж байна” гэсэн байгааг үзвэл үндэстний цөөнх байх нь жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах нөхцөл болж буйг харж болох юм.

д бол дэлхийн иргэний боловсрол 

Тогтвортой хөгжлийн зорилгын 4.7 бол дэлхийн иргэний боловсрол сурагчид дунд сургуулиа дүүргэсний дараа үргэлжлүүлэн боловсрол эзэмших, карьерын ямар зам сонгохоос эс хамааран ирээдүйд өөрсдийн амьдарч буй нийгэмдээ дуу хоолойгоо хүргэж, иргэний үүргээ биелүүлж, бодит нөлөөлөл үзүүлэх нь зайлшгүй. Харин иргэний боловсрол нь хүн бүхэнд хэрэгтэй дээрх ур чадвар, мэдлэг, зан чанарыг эзэмшүүлэх учиртай чухал хичээл юм.

Жишээлбэл, Финландад ахлах сургуулийн сурагчдын нийт хичээлийн цагийн 16 хувийг нийгмийн ухаан (сэтгэлзүй, гүн ухаан, ёс зүй), иргэний боловсролын хичээл эзэлдэг аж. Боловсрол бол мэдлэг мэдээллээс гадна төлөвшил, хандлага хүмүүжил гэдгийг хөгжингүй орнуудад сайтар ойлгож, ерөнхий боловсролын хөтөлбөртөө энэ талыг өндөр ач холбогдолтойгоор тусгадаг энэ мэт олон жишээ байдаг.

е бол ебс (Ерөнхий боловсролын сургууль)

Манай улсын нийт хүн амын 32.6 хувь буюу нэг сая гаруй хүүхэд, залуус боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үүнээс 24.7 хувь нь цэцэрлэгт, 56.8 хувь нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй. ЕБС-д суралцаж буй нийт хүүхдийн долоон хувь нь л хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бөгөөд үлдсэн 93 хувь нь төрийн өмчийн сургуульд суралцдаг.

Тэрчлэн үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн хоёр багш тутмын нэг нь 300-гаас дээш тооны сурагчтай ажиллаж, 2-4 төрлийн хичээл зааж байна. Гэвч 2030 он гэхэд дунд, ахлах сургуулийн сурагчдын тоо 71 хувиар өсөх төлөвтэй.

Энэ хүрээнд ирэх арван жилд бидэнд 53 мянган ЕБС-ийн багш бэлтгэх хэрэгцээ гарч байгаа юм. Харамсалтай нь, ирээдүйн иргэдийнхээ баталгаат амьдралын төлөө бидний хийвэл зохих хамгийн чухал алхам болох “чанартай бөгөөд хүртээмжтэй боловсрол”-д Засгийн газрын зүгээс ойрын жилүүдэд хэрхэн анхаарал хандуулах нь асуулт хэвээр байсаар.



ё бол ёс зүй

БШУЯ-наас 2022 оныг ёс зүйн жил болгон зарласан. Энэ хүрээнд Боловсролын ерөнхий газар "Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох" чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ЕБС-ийн сайн сайхны багийг чадавхжуулах чиглэлээр зөвлөн туслах, сургуулийн түвшний аян зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг өрнүүлсэн бол багшийн ёс зүйн асуудлаар ахиц дэвшил гаргахаар ажиллаж байна.

ж бол жирэмсэн охидын нийгмийн асуудал 

Монгол Улсад жилдээ 80 мянга орчим төрөлт бүртгэгдэж байгаагаас таван хувийг өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт эзэлж байдгийг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл, жил бүр 15-19 насны 4000 гаруй сурагч охид шинэхэн ээж болж буй гэсэн үг.

"Гүнж" төвөөс хийсэн судалгаагаар өсвөр насны ээжүүдийн 3.8 хувь нь бага, 30.8 хувь нь бүрэн бус дунд боловсролтой бол 65.4 хувь бүрэн дунд боловсролтой бөгөөд судалгаанд хамрагдсан охидын тал хувь нь жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн учраас цаашид сургуульдаа суралцах боломжгүй болсон хэмээн хариулжээ.

Тус судалгааны дүнгээс та нөхөн үржихүйн болон сурч боловсрох эрх нь хоорондоо харилцан хамааралтай болохыг харж болно. Жирэмсэн болсон гэх шалтгаанаар сургуулиас нь хөөдөг, завсардуулдаг, чөлөө олгож сурагчдын суралцах эрхийг боогдуулах явдал өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор буй.

Бодлогын түвшинд, эрх зүйн орчныг нь судлаад үзвэл сургуулиас хөөх эсэх нь зөвхөн сургуулийн захирлаас хамаарах буюу хувь хүний үзэмжээр гаргасан шийдвэртэй холбогдож байгаа нь туйлын харамсалтай.

з бол засаглалын орчин 

Боловсрол бол бүх нийгмийг хамарсан тун том сэдэв. Улс үндэстний өрсөлдөх чадвар, хүн амын амьдралын чанар, хөгжил дэвшилтэй шууд холбогдох энэ салбарыг бодлогын түвшинд авч үзсэн цагт л сая бодитой бөгөөд үр дүнтэй өөрчлөлтүүд гарах боломжтой. Өөрөөр хэлбэл бодлого стратеги учир дутагдалтай үед бид хэчнээн олон уриалгын ажил хийгээд урт хугацааны үр дүнтэй зохион байгуулалтад орж чадахгүй гэсэн үг юм.

Жил бүр шахуу хийгдэж буй боловсролын реформ, сурах бичгийн өөрчлөлт, хувийн ба улсын сургуулийн чанарын ялгаа, багш нарын хүртээмж, үе тэнгийн гадуурхал, боловсролын хүртээмж зэрэг нь манай улсын боловсролын салбарын засаглалын өнөөгийн байдлыг бэлхнээ гэрчилж өгнө.

Чухамдаа засаглалын орчныг сайжруулж, сургуулийн түвшний хэвтээ манлайлалд шилжүүлж, судалгаанд суурилсан оновчтой өөрчлөлтүүдийг хийснээр л амьжиргааны түвшнээр ялгаварлан гадуурхах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин, ялгаатай байдлаас үүдсэн хүчирхийлэл дээрэлхэл гэх мэт манай улсад тулгамдаад буй олон асуудалд жинтэй гарц гаргалгаа болж чадна.



и бол иргэний боловсрол

Иргэний боловсрол хичээл нь ЕБС-ийн өсвөр насны сурагч багачуудыг “бие хүн” болж төлөвшсөн иргэн болж хөгжүүлэх төдийгүй нийгмийн амьдралд бэлтгэхэд нь туслах зорилготой. Өнөөдөр Европын ихэнх улс иргэний боловсролын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хичээл нь бүх шатны сургууль, ялангуяа дунд сургуульд заавал үзэх хичээлд багтдаг байна.

Харин манай улсад 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн хуульд тусгагдсаны дагуу иргэний боловсролын хичээл орж эхэлсэн байдаг ч одоо "Иргэний ёс зүйн боловсрол" хичээл болон хувирчээ.

Угтаа хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангасан ардчилсан улс орны иргэн байхыг оролцоог хангасан, туршилтын аргаар суралцах боломж олгосон хичээл байх ёстой. Ардчилал оршин тогтоход түүнийг дэмждэг итгэл үнэмшил, соёл, хандлагатай иргэд маш чухал. Ийм иргэдийг бий болгох нь иргэний боловсрол хичээлийн зорилго юм.

к бол контент ашигла

АНУ-д хийгдсэн сүүлийн үеийн судалгаагаар 8-12 насныхны дэлгэцийн хэрэглээ дөрвөн цаг 44 минутаас таван цаг 33 минут байгаа бол 13-18 насныхны хувьд долоон цаг 22 минутаас найман цаг 39 минутын хооронд хэлбэлзэж байгаа юм. Та яг одоо хүүхдийнхээ ухаалаг утсан дээрх "Screen time"-ыг шалгаад харсан ч энэ тооноос нэг их хол зөрөхгүй л болов уу.

Ковидын хоёр жилийн хугацаанд л гэхэд өсвөр насныхны дэлгэцийн хэрэглээ даруй 17 хувиар өссөн дүн бий. Сошиал платформуудын хувьд энэ насныхны дунд Youtube хаанчилж, араас нь TikTok, Instagram удаалж байна.

Тиймээс ч зөвхөн энтертайнмент төдийгүй боловсролын чиглэлийн контентууд дижитал платформууд дээр байршаад багагүй хугацаа өнгөрсөн энэ цаг үед тэдний хоорондоо ярилцаж буй хэлээр нь боловсролын чиглэлийн том агуулгыг цөөн минутад багтаан хүргэх нь томчуудын зайлшгүй анхаарах ёстой асуудал болоод байна.

л бол лаг болж харагдах нь чухал биш 

Хүүхэд ахуй үедээ үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэл үйлдэж байсан хүмүүсээс ярилцлага судалгаа авахад тэдний 60 орчим буюу талаас илүү хувь нь "Өөрийгөө хүчтэй гэдгээ харуулахын тулд" хэмээн хариулж байв. Хариултыг задлан асууж үзвэл тэдний ихэнх нь гэр бүл эсхүл амьдардаг хороололдоо өмнө нь дээрэлхэлд өртөж байсан бөгөөд ахин тийм хэргийн хохирогч болохгүйн тулд хүрээлэлдээ өөрийн нөлөөллийг тогтоохыг хүссэн нь эргээд дээрэлхэлд хүргэдэг байжээ. Хүчирхийлэл хүчирхийлэгчийг үйлддэгийн тод жишээ энэ байж болох.

Нөгөө талаас бусдад хүч, эрх мэдэл үзүүлэх нь эсрэг хүйстэндээ догь харагдах, үеийнхэн дундаа нэр хүндээ нэмэгдүүлэх өндөр хэрэгцээтэй өсвөр насныхан дунд нэгийгээ дээрэлхэх хэлбэрээр илэрдгийг судлаачид онцолдог. Харамсалтай нь гэнэн балчир үедээ хийсэн энэ алдаа ирээдүйд бүх насаар нь хар толбо үлддэгийг тэр бүр ойлгодоггүй. "Лаг" болж харагдах их хүслийн дүнд хэдэн мянган хүүхдийн хүүхэд нас нь хар бараан дурсамжтай үлддэг бол? "Лаг" хэмээх ойлголтыг өөрчлөх цаг ирээгүй гэж үү?



м бол мэдрэмжтэй бай

Ангийнханд "Миний аав" сэдэвт зохион бичлэг хийх даалгавар ирэв. Ухаан орсноосоо хойш аавтайгаа уулзаж үзээгүй хүү юу бичихээ мэдэхгүй, сэтгэлдээ гуниг мэдэрнэ. Багш "Бололцоо муутай айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл тараах гэнэ. Авах хүүхдүүд нь гараа өргөөрэй" хэмээн тод дуугаар зарлахад үүнд ямар хариу, хэрхэн өгөхөө үл мэдэх охин дотроо зөрчилдөн, бүлтгэнэн сууна. Энэ мэт хүний эрхийн болон нөхцөл байдлын мэдрэмжгүй үйлдлүүд хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, хамт олны дундах нэр төрд нь халдсаар байдгийг томчууд бид хангалттай хэмжээнд анзаарахгүй явсаар өдийг хүржээ.

Энэ бүү хэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охинд ангиараа санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор анги удирдсан багш нь тухайн хүүхдийн хувийн мэдээллийг анги, хамт олонд нь зарлаж хандивын аян өрнүүлсэн гэх мэдээ ч бий. Боловсролын салбарын хөгжил, боловсролын хүртээмжийн асуудалд хүн бүрийн "мэдрэмжтэй байдал" хүчтэй үгүйлэгдэж буй жишээ үүгээр дуусахгүй.

н бол насанд хүрэгчид ямар алдаа гаргадаг вэ?

Насанд хүрэгчдийн зүгээс сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийг хичээлээ хийх, сайн дүнтэй сурах ёстой гэх өндөр шаардлага тавьдаг боловч өөрийнх нь хүсэл тэмүүлэл, зорилгын талаар мэдрэмж, бэрхшээлийг нь ярилцах нь ховор. Бусадтай тэр дундаа үе тэнгийнхэнтэйгээ зүй зохистой харилцах, зөрчил маргааныг хүчирхийллийн бус аргаар шийдэх, тэрхүү арга замыг заах, эерэг зан байдлыг төлөвшүүлэх тал дээр учир дутагдалтай байх нь олон.

Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүд нь аль болох бага наснаасаа найз нөхөд, үе тэнгийнхнээ ойлгож, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэлж сурах нь ирээдүйд бусадтай зөв зохистой харилцах, багаар хамтарч ажиллах чадвартай бие хүн болон төлөвших суурь хандлага болохыг ухамсарлах нь туйлын чухал.

о бол охид ба хөвгүүд

Охидын хувьд цахим орчны дээрэлхэлт, гадуурхалтад суурилсан сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл элбэг байдаг. Монголын нөхцөлд сургуулийн орчны зарим байгууламжууд, жишээ нь дотуур байр, ариун цэврийн өрөө цоожгүй, хаалгагүй байх, гадаах модон жорлон, шатны хонгил, коридор зэрэг тусгаарлалт, хамгаалалтгүй, хараа хяналт хангалтгүй байгаа нь сургуулийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллийг улам даамжруулж буй хүчин зүйлсүүд юм.

Түүнчлэн хэвшмэл ойлголтоос үүдэн эцэг эхчүүд охидынхоо боловсролд илүү анхаарч хөвгүүдээ орхих тохиолдол бий. Анги ахих тусам хөвгүүд боловсрол эзэмшихгүй байх нь ихсэж байгааг зарим нэг судалгаанаас хялбархан харж болно.

Жишээ нь, 17-19 насны хөвгүүдийн 89 хувь нь суурь боловсрол эзэмшсэн байдаг бол 20-22 насны хөвгүүдийн 66 хувь нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байдаг гэжээ. Суурь боловсрол эзэмшээгүй хөвгүүдийн ирээдүйд гарах үр нөлөө асар их. Ажлын хэтийн төлөв, цалин хөлс, ажлын сэтгэл ханамж, сонголт, зан төлөвт нөлөөлж, улмаар хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүчирхийллийн соёл, гэр бүлийн шийдвэрт нөлөөлж болдгийг өнгөрөөх учиргүй.



ө бол өөрчлөлт 

Сургуулийн орчинд гарч буй үе тэнгийнхний хүчирхийллийг багш, сургууль нь мэддэг ч арга хэмжээ авахгүй үл ойшоох, эсвэл хэрхэхээ мэдэхгүй байгаа нь дарамт хүчирхийлэл буурахгүй байгаа голлох шалтгаануудын нэг юм. Тиймээс сургуулийн удирдлага, ажилтнууд, эцэг эх, сурагчид хамтран олон талын оролцоог хангаж үр дүн, өөрчлөлтөд хүрэх учиртай.

ЕБС-ийн зүгээс юуны өмнө сургуулийнхаа онцлогт нийцсэн дотоод журам боловсруулах, асуудал тулгарсан үед авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хувилбаруудыг тодорхойлох, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулах, гаднын сайн туршлагуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ үйл явцад эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч гээд хүүхдийн өмнө үүрэг хүлээж буй бүх талуудын оролцоог хангах нь чухал. Түүнчлэн сурагчдад бие биеийнхээ ялгаатай байдлыг адил тэгш, хүндэтгэн хүлээн авдаг эерэг уур амьсгал бүрдүүлэх, түүнийг удирдлага захирал, багш ажилчид манлайлж үлгэрлэх нь өөрчлөлтийн энгийн алхам гэдгийг ч санууштай.

п бол практик буюу бодит байдал

Угтаа боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх журам цагаан дээр хараар бичигдсэн байдаг авч бодит хөрсөн дээрээ нэгдсэн ойлголт хангалтгүйн улмаас хүчирхийллийн соёлыг өөрчлөх, хариу арга хэмжээ авах, өдөр тутмын практик үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд учир дутагдалтай гэдэгтэй уншигч та ч санал нэгдэж буй биз ээ.

Тиймд сургуульдаа болон ангидаа үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг дараах туршлагуудыг практикт хэрэглэхийг санал болгож байна.

- Асуудлаа ярилцаж хуваалцах найзтай болгох, түүнд анхаарах
- Санаа зовнилоо бичиж хуваалцах хайрцаг бэлдэх
- Тойрог уулзалтын цаг гаргах, дэмжлэгийн бүлэг байгуулах
- Үдийн цай болон өглөөний цайны клубтэй болох
- Ганцаарчилсан зөвлөгөө өгөх үйлчилгээтэй болох
- Найзуудын тойрог байгуулж тэгш оролцоог хангах


Р БОЛ РАДИУС ДОТОРХОО АНЗААР

Ажилтан, захирал, эрхлэгчийн удирдлага дор сургуулийн хамт олны аль ч гишүүний гаргасан дээрэлхүү үйлдэл болон түрэмгий сөрөг зан үйл төлөвшихөөс урьдчилан сэргийлэх хамтын үүрэг хариуцлагатай байн, эцэг эхчүүдтэй холбоотой ажиллаж, тэдэнд сургуулийн орчны харилцааг сайжруулах үйл явцын тухай мэдээлэхийн ач холбогдлыг ойлгодог байх нь чухал.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ олон төрлийн амьдрах чадваруудад сургахад чухал үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч эрсдэлд буй сурагчдад онцгой анхаарал хандуулан шаардлагатай үед хяналтын системийнхээ дагуу эрт арга хэмжээ авдаг байх мөн гишүүдийн хэрэгцээ, айдас, түгшүүрт мэдрэмжтэй хариу үйлдэл үзүүлдэг байх ёстой юм.



С БОЛ САЙН ТУРШЛАГА

Шалгалтын өндөр оноог хэтэрхий чухалчилж, багш болон сурагчдыг оноогоор өрсөлдүүлсний улмаас сурагчдын сургууль дээрх сэтгэл ханамж, сэтгэлзүйн эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо судалж мэдэх зэрэг бүтээлч байдал гээгддэг сул талтай.

Харин Финландын дунд сургуулийн боловсролын тогтолцоо нь мэдлэг боловсрол олгохын хамтаар сурагчдын үндсэн хэрэгцээ, аюулгүй байдалд анхаардгаараа дэлхийд онцгойд тооцогддог. Тодруулбал, 1980-аад оноос хойш Финландын сургуулиуд доорх зүйлсэд төвлөрөх болсон юм.

- Боловсрол бол нийгэм дэх тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх хэрэгсэл
- Бүх сурагч сургуулийн үнэгүй хоол иднэ
- Бие болон сэтгэлзүйн эрүүл мэндийн үйлчилгээг ямар нэг хүндрэлгүй авна

Тэд тэгш бөгөөд хүртээмжтэй нийгмийг бүтээх хамгийн эхний алхам сургуулиас эхэлнэ хэмээн итгэдэг тул хувийн дунд сургуулиудын бизнесийг дэмждэггүй төдийгүй их дээд сургуулиуд хүртэл үнэ төлбөргүй байдаг ажээ.

Т БОЛ ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛ БА ХУВЬ ХҮНИЙ СОНГОЛТ

Алх модтой холбогдвол хөвгүүдийн ажил, зүү утастай ойр бол охидын ажил хэмээн үзэж сурагчдыг эрэгтэй, эмэгтэйгээр ангилан технологийн хичээлд оруулах тогтолцоо бидний хувьд хэвшмэл үзэгдэл болжээ. Гэвч энэ нь цаашлаад сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод нөлөөлөх, хичээлээс авч болох туршлага судалгааг хязгаарлах эрсдэлтэйг бид төдийлөн ойшоохгүй байгаа нь харамсалтай.

Дам утгаараа эмэгтэйчүүдийг үйлдвэрлэлийн салбарт ажиллах, эрчүүдийг урлахуйн салбарт ажиллах дур сонирхлыг үгүйсгэж байгаа энэ хэлбэрийг бид өөрчилж, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг хүүхэд бүр ижил тэгш сонгон суралцах боломжийг бүрдүүлэх учиртай.

У БОЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЕХАНИЗМ

ЕБС-ийн орчин, үе тэнгийн хүчирхийллийн асуудал бол зөвхөн өсвөр насны хүүхдүүдийн асуудал биш гэдгийг бид дурдсаар буй. Угтаа энэ нь тогтолцоо, системийн асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч, хэрэг явдал хэдийн болоод өнгөрсөн хойно нь гэмших бус анхнаас нь энэ бүхнийг бий болгохгүй байхад анхаарч, урьдчилан сэргийлэх бүх төрлийн механизмыг бүрдүүлэн хөгжүүлэх нь зүй.

Хүүхдүүдэд бид ялгаатай байдлыг хүндэтгэх талаар мэдээлэл хангалттай хэмжээнд өгсөн эсэх, багшийн ажлын байранд ангийн болон сургуулийн орчны уур амьсгалыг бүрдүүлэх тал дээр хангалттай чиглүүлэг өгч, ажил үүргийн хуваарьт энэ төрлийн ажлыг тодорхой тусган оруулж ирсэн эсэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд туслалцаа үзүүлэх судалгаа, арга зүйд суурилсан тогтолцоог бүрдүүлсэн эсэх гээд энэ чиглэлд хийх олон ажил бий.




Ү БОЛ ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ДЭЭРЭЛХЭЛТ 

2020 оны байдлаар 6-18 насны 35,196 хүүхэд жилийн 224-245 хоногийн хугацаанд буюу есөн сар эцэг эх, гэр бүлээс хол 517 дотуур байранд амьдарч, боловсрол эзэмшиж байжээ. Уг судалгаа, тоо баримтыг хэдийгээр жил бүр шинэчлэн гаргадаг ч гэлээ сайжруулалт, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэх шалтгаан болж чадахгүй байсаар өдийг хүрсэнд гайхам.

Өөрөөр хэлбэл дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй, хүчирхийлэлгүй орчин бүрдээгүй, хүүхдийн хамгаалагдах эрх хангагдахгүй байгааг удаа дараа хийсэн судалгааны дүн нотолсоор байгаа ба тус онд хийгдсэн судалгаанд нийт дотуур байрны 76.2 хувьд хүүхдүүдийн дунд бие биеэ дээрэлхэх явдал их, бага ямар нэг хэмжээгээр байгааг харуулжээ.



Ф БОЛ ФАКТУУД

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгаагаар Монгол улс дахь хүүхдийн эрхийн хамгийн нийтлэг зөрчил нь "үл хайхрах" хүчирхийлэл байжээ. Уг судалгааг Улаанбаатар хотод амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг хамруулснаас 82.8 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан хэмээн хариулсан нь цочирдом дүн юм.

Судалгааны дүнг нэгтгээд үзвэл, 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн ба давтамжийн хувьд бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг, энэ нь гэр бүл, сургуулийн орчинд хамгийн түгээмэл гардаг байна. Асуулгад хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь амьдарч буй орчноо аюулгүй, хамгаалагдсан гэж үздэггүй бөгөөд 38.3 хувь нь сургуулийн орчноос (багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас) хамгийн их айдаг хэмээжээ.

Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд (47.6 хувь), багш (15 хувь) гэж хариулсан байгаа нь хүүхдийн хоёр дахь “гэр” болсон газар нь аюулгүй, хүүхдэд ээлтэй бус байгаагийн илрэл юм.

Х БОЛ ХӨгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх

Уганда улсад нийт 3706 бага ангийн сурагчдаас судалгаа авахад хөгжлийн бэрхшээлтэй охид хөгжлийн бэрхшээлгүй охидоос даруй хоёр дахин их бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хариултыг өгсөн байдаг. (Devries et al., 2014). Тэгвэл Монгол Улс ч үүнээс дээрдэх зүйлгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй сурагчид сургуулийн орчинд багш нарын жендэрийн мэдрэмжгүй хандлагад өртсөөр байгааг бид санах хэрэгтэй.

Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй суралцагчийг ариун цэврийн өрөө рүү ороход нь ангийнх нь хөвгүүнээр өргүүлж туслуулан оруулсан тохиолдол гарсан. Бие махбод, оюун ухаан, ялгаатай байдлаасаа болж анги хамт олны зүгээс ялгаварлагдахаас гадна хүйсээсээ хамааран сургуулийн орчинд дээрэлхүүлж, эвгүй байдалд орох тохиолдол гардаг аж. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ялгаатай хэрэгцээний талаарх ойлголтыг хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй олгох нь чухал.


ц бол цөөнх

Бэлгийн цөөнх буюу ЛГБТИК+ (лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр) сурагчдын хувьд сурч боловсроход саад болж буй гол хүчин зүйлүүдийн нэг бол сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийлэл юм. ЛГБТИК+ гэлтгүй хүн бүрийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хүндлэх нь чухал.

Өсвөр насныхан бэлгийн чиг баримжааг бусдад нээлттэйгээр хэлж, өөрийгөө илэрхийлснээс болж үе тэнгийнхэн, сурган хүмүүжүүлэгч багш нараас тодорхой хэмжээний, бие махбод болон сэтгэл санааны хохирол амсдаг нь нууц биш. Хоч өгөх, тохуурхаж дарамтлах, гадаад төрхийг нь өөлж шоолох, бие махбодын хүчирхийлэл үзүүлэх зэргээр ялгаварлан гадуурхалт ирэх нь элбэг.

Угтаа Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэйг, Боловсролын тухай хуульд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дарамт үзүүлэхийг хориглосон. Гэвч энэ нь бэлгийн цөөнх болсон сурагчдад хүрэхгүй хэвээр байсаар байна.

ч бол чи бидний оролцоо чухал

БШУЯ-ны судалгаагаар Монгол Улсад дөрвөн сурагч тутмын нэг нь сургуулийн орчинд ямар нэгэн төрлийн үе тэнгийнхний хүчирхийлэлд өртдөг гэжээ. Гэвч үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн тухайн хүүхэд энэ талаараа хариуцсан багш ажилтан болон бусад хүнд мэдээлэх нь тун ховор байдаг нь харамсалтай.

Тодорхой мэдээллийг хүлээн авсны дараа л ангийн багш, нийгмийн ажилтан сурагчидтай ярилцаж эвлэрүүлэх, ойлголцох, нөхөрлөлийн гэрээ хийх зэргээр нөхцөл байдлыг намжаах арга хэмжээ авах боломжтой байдаг. Хэрэв дээрэлхэлт удаа дараа үргэлжилсээр байвал сургуулийн захиргаанд мэдэгдэж зохих хоригуудыг тооцож, сургуулиас хасах хүртэлх үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж болно.

Гэвч хүчирхийлэлд өртсөн хүүхэд айдас сандралаасаа үүдэн асуудлыг өргөн хүрээнд авч үзэх нь хязгаарлагдмал болсоор уг далд харилцааг даамжруулах үндэс болдог. Иймд томчуудын зүгээс сургуулийн орчинд гарсан аливаа нэг шударга бус зүйлсийг цаг алдалгүй мэдээлэх хэрэгтэйг хүүхэд багачууддаа сануулан, ойлгуулах шаардлага өндөр байгаа юм.

ш бол шилжиж ирсэн сурагч

Хүүхэд хуучин сургуульдаа ямар байр суурь эзэлж, зан араншны хувьд хэр төлөвшилтэй байснаас хамааран шинэ сургуульдаа хэрхэн дасаж сэтгэлзүйн хувьд хэвийн байх нь шалтгаална. 2017 оны “Өсвөр үеийн дуу хоолой” судалгаанд хамрагдсан өсвөр насны хүүхдүүдийн

- 84.2 хувь нь шоовдорлуулж гадуурхагдаж байсан.
- 40.7 хувь нь бусдыг шоовдорлуулж дээрэлхүүлж байхыг харсан.
- 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан.
- 81.4 хувь хаанаас тусламж авахаа мэддэггүй гэж хариулжээ.

Дээрэлхэж гадуурхаж байгаа шалтгааны

- 5.1 хувь нь шашин шүтлэг,
- 5 хувь нь гэр бүлийн ядуу тарчиг байдал,
- 11.2 хувь нь насны зөрүүгээс болдог бол,
- 1.3 хувь нь ангид шинээр шилжиж ирсэн хүүхдийг дээрэлхэх,
- 18.3 хувь нь гадаад үзэмжээр ялгаварлан гадуурхах,
- 3.5 хувь нь хөгжлийн бэрхшээлийн улмаас харин
- 53.4 хувь нь бусад олон төрлийн шалтгаанаар үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдэг байна.

Тиймээс хүүхдээ өөр сургуульд шилжүүлэхдээ юуны өмнө сургуулийнх нь хүүхэд хамгааллын бодлоготой танилцаарай. Хүүхэд тань шинэ орчин, шинэ хамт олонд дасах, ойлголцох хэцүү байх болно гэдгийг хүлээн зөвшөөрч, шинэ ангийнх нь багштай нь ярилцахаас гадна хүүхдэдээ хамгийн чухал дэмжигч нь, туслагч бол гэр бүл нь гэдгийг сайтар ойлгуулах чухал. Үүнээс гадна байршил, гэрээс хэр хол зайд байрладаг, сургуульдаа ямар замаар ирж очиж байгаад анхаарал тавих шаардлагатай.



э бол эцэг эх юу хийж болох, болохгүй вэ?

Сэтгэл зүй, үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой ямар нэг асуудал үүсэхэд эцэг эх, сурагчдын хэн нь ч сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багшид мэдэгдэж болох бөгөөд ийм нөхцөл бий болгоход идэвхтэй оролцоо чухал юм. Иймд таны хүүхэд ямарваа нэгэн дарамт, гадуурхалтад өртсөн бол хэзээ ч түүнийг байдаг л зүйл хэмээн хүлээн зөвшөөрч, тухайн дээрэлхсэн хүүхдээс хол байхыг захиж, тэр хүүхэдтэй адилхан ханд гэж зөвлөж хэрхэвч болохгүй.

Харин хүүхдэдээ итгэн, нягталж дээрэлхэлтийн талаар сургуулийн ажилтнуудад мэдээлж хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Дээрэлхэгч хүүхэдтэй, түүний эцэг эхтэй сургуулийн ажилтнуудын оролцоогүйгээр уулзаж, ярилцаж огт болохгүй.



ю бол юу хийж чадах вэ?

Сургуулийн орчин дахь дээрэлхэл, хүүхдүүдийн дунд үйлдэгддэг аливаа гадуурхалтаас эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд ангийн багш, сурган хүмүүжүүлэгчид маш том нөлөөтэй чухал хүмүүс билээ. Тэгвэл энэ нөхцөл байдалд багш сурган хүмүүжүүлэгчид юу хийх хэрэгтэй вэ? Ямар үүрэгтэй вэ?

Нийслэлийн 79-р сургуулийн есдүгээр ангийн багш ангийнхандаа “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх” агуулгаар мэдээлэл өгчээ. Сурагчид нь доод ангийн дүү нар нь шинээр шилжиж ирсэн хүүхдэд муухай хандаж буйг ажигласан байж.

Багшийнхаа хичээлээс тэд энэ нь хүний эрхийн зөрчил, таслан зогсоох ёстой үйлдэл гэдгийг мэдээд доод ангийнхаа дүү нарт хичээл дээр нь яриа хийжээ. Дээрэлхүүлж байсан сурагч хэсэг хугацааны дараа 9-р ангийн ах эгч нартаа “маш их баярлалаа, та нар надад услаагүй бол ангийнхан маань намайг дээрэлхсэн хэвээр байх байлаа. Одоо би ангийнхантайгаа найз нөхөр болж байна” хэмээжээ.

Нийслэлийн 79-р сургууль “Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох” сарын аянд хамгийн олон сурагчдаа татан оролцуулж, манлайлал үзүүлсэн сургууль юм. Энэ бол нэг багш, нэг анги хамт олны хүчин чармайлт сургуулийн соёлыг өөрчлөх хүчтэйг харуулсан түүх билээ.

Аливаа өөрчлөлтийг бий болгоход тухайн бүлгийн хүн бүхэн оролцож, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж байх нь маш чухал юм. Тиймээс сурагч бүрийг оролцуулж, тэр тусмаа дуу цөөтэй хүүхдүүдийг бусдад үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь зохистой.

Мөн хэн нэгний төлөө дуугарч байгаа сурагч бүрээ урамшуулж, сайхан үг хэлж байх нь чухал. Үүнд анги дээрх цагийг сурагчдаа ойлгох, халамжлахад зориулж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь сонирхолтой аргаар туслах, жишээ нь асуудалд орсон, айдастай байгаа сурагчдад зориулан санаа зовнилын хайрцгийг байрлуулж болох юм.

Ингэснээр хайрцагт хүүхдүүд хэн гэдгээ нууцлан захидал хийж болох ба дээрэлхэлтийн нөхцөл байдлыг илрүүлэн тухайн нөхцөлд орсон, оруулж байгаа хүүхдүүдийг мэдэж авах боломжтой.

я бол ялгаатай байдлыг хүндэтгэх

Хүүхэд бүрийн оюуны чадавх, нөөц бололцоо харилцан адилгүй. Аливаа сургууль, багш, эцэг эх, олон нийтийн санааг зовоодог нэгэн асуудал бол сурагчийн сурах үйлийн хоцрогдол буюу суралцагчдын ялгаатай байдал юм.

Хүүхэд бүр ялгаатай өөр учраас хоцрогдол үүсдэг болно. Үүний цаана хүүхдийн илрээгүй авьяас, ашиглаж амжаагүй нөөц боломж нуугдан үлддэг бөгөөд өөртөө итгэх итгэлгүй, сурах идэвх сонирхолгүй сул дорой нэгэн болох сөрөг үр дагавартай. Иймээс суралцагчдын ялгаатай байдалд юу нөлөөлж буй, суралцагчийн ялгаатай байдлыг харгалзан үзэж нийгмийн болон сурагчийн хувийн хэрэгцээг хангаж чадахуйц сургалтын системийг бий болгох хэрэгтэй.

Тухайлбал, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд биеийн тамирын хичээлийг заах тохиолдолд сургалтын агуулгыг тухайн хүүхдийн бие бялдар, хүсэл сонирхол чадварт тохирсон системээр заах, давтамжтайгаар хүүхэдтэй хамтарч, урамшуулж уян хатан төлөвлөгөөтэйгөөр зааж сургах нь хүүхдийн ялгаатай байдлыг хүндэтгэж буй хэрэг юм.