Unread-ийн хамт олон “Elements” хэмээх цоо шинэ видео контентоо дуучин, продюсер Д.Болдоор эхлүүлж буйдаа тун их баяртай байна. Тус цувралдаа бид хийсэн зүйл ихтэй, хэлэх зүйл арвинтай, онцгой содон зочдыг урьж байхаар төлөвлөөд буй. “Elements” нь Карьерын онцлох мөчүүд, Блиц асуултууд, Уншигчдын асуултууд гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Энэ форматаар дамжуулан бид зочдынхоо дотоод ертөнц хийгээд баялаг намтрыг урьд байгаагүйгээр нээн харуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.


Камертоны Болд. Төрийн соёрхолт Болд. Voice-ийн коуч Болд. B Production-ий Болд… Ийм олон нэрээр овоглуулж чаддаг нь түүний карьертаа ихийг хийж бүтээснийг, Монголын урлагийн салбарт олон чиглэлд хувь нэмэр оруулж ирснийг илтгэдэг. Доржсүрэнгийн Болд бол Монголын урлагийн салбарт эргэлзээгүй хамгийн тодоор гялалзаж буй эрхэм билээ.

Зууны манлай морин хуурчийн ач хүү болон мэндэлж, багаасаа урлагийн гэр бүл, урлагийн орчинд чанагдсан тэрээр өөрт оногдсон авьяасыг тордож хөгжүүлэхийн, дуртай зүйлдээ өөрийгөө бүрэн зориулахын үр өгөөжийг үлгэрлэн харуулж буй, аливаа ажилд зөвхөн чанарыг эрхэмлэх нь хүнийг ямар түвшинд хүргэж болдгийн тод биелэл болсон уран бүтээлч, соёлын зүтгэлтэн юм.

Төрийн соёрхолт Д.Болдын оролцсон эхний “Elements”-ээс та бүхэн түүний анхны цалингаараа юу хийсэн тухай, өсвөр залуу үеийнхний талаар юу гэж боддог тухай, дуу хөгжмийн салбарт түгээмэл байдаг буруу зөвлөгөө, гэр бүл төлөвлөлт, фэнүүдтэй холбоотой хамгийн сайхан дурсамж, холбогдож байсан хамгийн худлаа цуурхал гээд олон сонирхолтой асуултад хариулт авсныг шимтэн үзээрэй.

Өөрийнхөөрөө.
Чанартай.
Тууштай.

Энэ бол Д.Болдын “Elements”.

Unread