Технологи бүрд өөрийн гэсэн сэргэн мандах цаг гэж бий. Дэлхийн дулаарал, газрын тосны ханш, хүлэмжийн хийн ялгарал, цар тахал, технологийн дэвшил зэрэг олон шалтгаанаас улбаалан цахилгаан автомашины хувьд сүүлийн 200 гаруй жил хүлээсэн ялалтын он жилүүд эхлэв бололтой. 

Олон арваны өмнө томоохон үйлдвэрлэгч бүр цахилгаан хөдөлгүүртэй автомашин зохион бүтээж байсан ч хэт үнэтэй, хэт богино зай туулдаг гэх мэт шалтгаанаас болон олны хэрэглээнд нэвтэрч чадахгүй байсаар 21-р зуунтай золгосон билээ. Өдгөө энэ байдал бүрэн өөрчлөгдөж, цахилгаан автомашины тоо борооны дараах мөөг шиг хурдацтай нэмэгдэж эхэллээ. 

Тэгвэл хүн төрөлхтний нэг цэгээс нөгөөд хүрэх асар чухал хэрэгцээг хангаж буй цахилгаан автомашины талаар таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд багтаан хүргэж байна. 

А БОЛ Анёс Жедлик

Цахилгаан автомашины амин зүрх болсон цахилгаан хөдөлгүүрийг Унгарын зохион бүтээгч, инженер Анёс Жедлик зохион бүтээжээ. Тэрээр 1828 онд уг бүтээлийнхээ анхны хувилбарыг зохион бүтээсэн бөгөөд тэрхүү төхөөрөмж одоог хүртэл бүрэн ажиллагаатай хэвээр Будапешт дахь Хэрэглээний урлагийн музейд бий.

б бол Батарей

Цахилгаан автомашиныг батарейгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Өдгөө ашиглагдаж буй олон төрлийн батарей дундаас хамгийн аюулгүй батарейгаар BYD-ийн охин компани болох FinDreams Battery-ийн хөгжүүлсэн Blade батарей нэрлэгддэг. Тус батарей нь хадаасаар цоолох, нугалах, 300°C температурт халаах зэрэг туршилтуудад дэлбэрээгүй цор ганц батарей юм. Түүнчлэн Blade батарей нь 96см урт, 9см өргөнтэй сэлэм мэт хэлбэртэй бөгөөд хүссэн тоогоороо холбон байрлуулах боломжтой учир зай хэмнэх тал дээр бусад ижил төрлийн батарейнуудаас 50 хувиар илүү байдаг ажээ.

В БОЛ ВОЛЬТ

Вольт бол Олон улсын нэгжийн системд багтсан, цахилгаан хөдөлгөгч хүчийг хэмждэг нэгж юм. Уг нэгжийг Италийн Химич Александр Вольтагийн нэрээр нэрлэжээ. Вольт нь цахилгаан хөдөлгөх хүчийг, Ампер нь цахилгаан гүйдлийг хэмждэг бол Ватт нь энэ хоёрын үржвэр буюу гаргаж буй энергийг илэрхийлдэг.

Г бол Гастон Планте

Францын физикч Гастон Планте 1859 онд анхны олон удаа цэнэглэх боломжтой, хар тугалга-хүчил батарейг зохион бүтээж, зөвхөн цахилгаан автомашин бус орчин үеийн технологийн хөгжилд асар үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Энэхүү нөлөөг үнэлэн Болгарын Шинжлэх Ухааны Академи түүний нэрээр шагнал бий болгож, түүнийгээ хар тугалга-хүчил батарейн технологит хувь нэмэр оруулсан эрдэмтдэд олгодог болжээ.

Д БОЛ Дуу чимээ

Дэлхий дахин цахилгаан автомашин руу шилжиж байгаа энэ үед хэний ч төсөөлөөгүй нэгэн асуудал урган гарч ирж байгаа нь дуу чимээ юм. Бүх автомашины хөдөлгүүр цахилгаан буюу дуугүй болох үед хот суурингийн дуу чимээ мэдэгдэхүйц хэмжээнд багасаж, бидний чихийг амраах ч аюулгүй байдлын асуудлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тодруулбал, автомашин ирж байгаа дуу чимээ гарахгүй бол явган зорчигч хэрхэн зам чөлөөлж, ослоос сэргийлэх билээ?

Австралид хийгдсэн нэгэн судалгаагаар харааны бэрхшээлтэй иргэдийн 35 хувь нь цахилгаан автомашинтай осолд орж байсан нь тогтоогджээ. Уг асуудлыг шийдэхээр автомашин үйлдвэрлэгчид олон санаачлагыг дэвшүүлж, шинэ дуу чимээ гаргаж байгаа ч одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй л байна.

Е БОЛ Ерөндөг

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг хүлэмжийн хийгээс үүдэлтэй томоохон асуудлуудын нэг ерөндөг нь цахилгаан автомашин болж байна. Гэхдээ уг ерөндөг бүрэн чадлаараа ажиллахад олон жилийн бүтээн байгуулалт, технологийн дэвшил, хөрөнгө оруулалт шаардлагатай. Учир нь одоогоор цахилгаан автомашины батарейг үйлдвэрлэх үе шат их хэмжээний нөөц шаардлагатайн дээр батарейг цэнэглэж буй эх үүсвэрийн ихэнх хувь нь сэргээгдэх эрчим хүч бус, уламжлалт цахилгаан станцууд байгаа юм.


ё бол ёс зүй

Цахилгаан автомашины хамгийн чухал бөгөөд хамгийн үнэтэй хэсэг бол батарей. Тус батарейны гол түүхий эд болох кобальтын 80 хувийг Конго улс дангаар нийлүүлдэг. Харин тус улсын уурхайн 20 хувийг бичил буюу гараар ухсан, аюулгүй байдал хангаагүй уурхай бүрдүүлдэг гэнэ. Гол асуудал нь тэрхүү уурхайдад бага насны хүүхдүүд голчлон ажилладаг бөгөөд тэдний аюулгүй байдал, эрүүл мэнд, эрх ашиг зэрэг асар олон асуудал зөрчигдөж буй юм. Үүнээс үүдэлтэй ёс зүйн асуудлууд урган гарч, цахилгаан автомашин үйлдвэрлэгч бүр дор бүрнээ арга хэмжээ авч байгаа билээ.

ж бол жолоочгүй систем

Цахилгаан автомашинтай зэрэгцэн тээврийн салбарт хувьсгал хийж буй өөр нэгэн технологи бол жолоочгүй автомашин юм. Өнөөдрөөс 100 орчим жилийн өмнө жолоочгүй автомашин гэдэг мөрөөдөл төдий байв. 1930-аад онд эхэлсэн уг мөрөөдөл 1950-иад оны үед туршигдаж, 1977 онд Японы зохион бүтээгчид анх удаа хагас автомат жолоодлоготой автомашин зохион бүтээсэн түүхтэй. Ийнхүү АНУ тэргүүтэй улс орнууд энэ төрлийн технологи цаашлаад замынхаа "ухаалаг" байдлыг сайжруулсаар 2018 онд Waymo анхны жолоочгүй такси үйлчилгээний эрхээ авч, бид жолоочгүй автомашинтай бүрэн утгаараа танилцаж эхэлсэн билээ.

з бол засгийн газрын дэмжлэг

Дэлхийн улс орнууд байгаль орчинд ээлтэй болох, ногоон ирээдүй рүү тэмүүлэх зорилгынхоо хүрээнд цахилгаан автомашины хэрэглээ, үйлдвэрлэлийг ихэд дэмжиж байгаа юм. Тэдгээр улсын тэргүүн эгнээнд 2030 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг зогсоох зорилготой Дани, Исланд, Ирланд, Нидерланд, Швед зэрэг улсууд багтдаг. Түүнчлэн цахилгаан автомашины татварыг тэглэх, үнэгүй зогсоолоор хангах, хямд цэнэглэх боломж бүрдүүлэх зэрэг олон давуу талууд бий болсоор байна.

Монгол улс ч гэсэн ногоон дугаартай, бүрэн цахилгаан автомашинуудад зориулан дугаарын хязгаарлалт хамаарахгүй, агаарын бохирдлын татвар авахгүй зэрэг давуу талыг олгож буй. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчих, зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөх зэрэг нэмэлт боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

и бол ирээдүй

Цахилгаан автомашины ирээдүй хааш чиглэнэ вэ? Төдөн жилийн дараа яг тийм болно гэж хэлэхэд бэрх ч улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ойрын төлөвлөгөө, томоохон компаниудын энэ чиглэлд оруулж байгаа хөрөнгө оруулалт, байгальд ээлтэй бүхнийг дэмжих болсон шинэ цагийн хэрэглэгчид зэргийг нэгтгэн харвал цахилгаан автомашины ирээдүй гэрэлтэй байх нь тодорхой байгаа юм.

к бол кИЛОМЕТР

Батарейгаар ажилладаг бүх л төхөөрөмжийн адилаар цахилгаан автомашины батарей ч гэсэн тодорхой зайг туулаад дуусаж, ахин цэнэглэх шаардлагатай болдог. Үүнтэй холбоотойгоор цахилгаан автомашинтай жолоочдын дунд "range anxiety" буюу туулах зайн түгшүүр гэх нэршил түгсэн байдаг. Товчхондоо, цахилгаан автомашин замын дунд цэнэггүй болж зогсвол түлшээр ажилладаг автомашин шиг саваар түлш авчраад нэмж хийх боломжгүй учир ийнхүү түгшдэг байх нь. Гэсэн хэдий ч цахилгаан автомашинаар хийж буй аяллын 99 хувь нь 160км-ээс богино байдаг гэнэ. Үйлдвэрлэгчээсээ хамаараад олон төрөл ч одоогийн цахилгаан автомашинууд нэг удаа бүрэн цэнэглээд дунджаар 200-500км зай туулах хүчин чадалтай.

л бол лити-ион

Өдгөө автомашинаас гадна гар утас, зөөврийн компьютер гээд дахин цэнэглэх боломжтой батарей ордог бүх төхөөрөмжүүд лити-ион гэх технологи ашиглаж байна. Уг технологийн анхны хувилбарыг 1974 онд Их Британийн химич Стэнли Уиттингем зохион бүтээж байжээ. Энэ төрлийн батарей нь бусад батарейнуудаас өндөр насжилт, ижил зайд агуулах эрчим хүчний хэмжээ, аюулгүй байдал зэргээрээ илт давуу байдаг гэнэ.


м бол MSM

MSM нь 2018 онд Монгол улсын автомотивын зах зээлд анх удаа цахилгаан автомашины BYD брэндийг албан ёсоор оруулж ирсэн юм. Тэд уг брэндийн автомашиныг Монгол улсын цаг агаар, зам харгуйд дөрвөн жилийн хугацаанд туршжээ. Монголдоо BYD брэндийн цор ганц албан ёсны дистрибьютор эрхтэйгээс гадна борлуулсан бүх цахилгаан автомашиндаа үйлдвэрийн найман жилийн буюу хамгийн урт хугацааны баталгааг санал болгож, албан ёсны засвар үйлчилгээг ч мөн үзүүлэн ажилладаг.

н бол норвеги

Цахилгаан автомашин хамгийн ихээр нэвтэрсэн улс бол гарцаагүй Норвеги юм. Өнгөрсөн оны байдлаар тус улсын нийт автомашины 25 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ. Түүнчлэн 2020 онд шинээр зарагдсан автомашины 75 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсан нь тус улс ашиглаж буй цахилгааныхаа 98 хувийг сэргээгдэх тэр дундаа усны эрчим хүчээс гаргаж авдагтай салшгүй холбоотой. Ингээд харвал Норвеги бол цахилгаан автомашины диваажин юм.

о бол орлого

Энэ онд дэлхий даяар борлуулагдах цахилгаан автомашины үнийн дүнд 450 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж. Сонирхуулахад, 2022 онд дэлхий дахинаа 10 сая орчим цахилгаан автомашин борлуулагдсан бол 2012 онд энэ тоо дөнгөж 100 мянган орчим байжээ.


ө бол өсөлт

Цахилгаан автомашины эрэлт жил бүр 17 хувиар нэмэгдэж 2027 он гэхэд 16 сая гаруй автомашин борлуулагдаж, уг зах зээлийн хэмжээ 850 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм.

п бол поп соёл

Поп соёл тэр дундаа кино урлагийн хамгийн алдартай автомашин болох, 1985 оны Back To The Future кинонд гардаг DMC DeLorean цахилгаан хувилбараараа эргэн ирнэ. Alpha5 нэртэй тус загвар 2024 онд цөөн тоогоор үйлдвэрлэгдэж эхлэхээр болжээ. Түүхийн хуудсыг сөхвөл, 1980-аад онд автомашин үйлдвэрлэгч DMC DeLorean загвараа 9000 ширхэг үйлдвэрлээд, санхүүгийн хүндэрлээс болж дампуурлаа зарлаж байв. Тус үйлд явдлаас гурван жилийн дараа Ирээдүй рүү буцсан нь кино Дэлхий дахинаа хит болж, үйлдвэрлэл нь зогссон DeLorean загвар жинхэнэ од болсон түүхтэй.

р бол Роберт Андерсон

Нэг цэгээс нөгөөд хүрэхэд морин тэрэг ашигладаг байсан 1830-аад оны үед Шотландын зохион бүтээгч Роберт Андерсон морины оронд цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг тэрэг зохион бүтээж байжээ. Энэ үед л хүн төрөлхтөн цахилгаан тэрэг байж болдгийг ойлгож, 200 гаруй жилийн турш хөгжүүлсээр, сул талуудыг нөхсөөр өнөөдөртэй золгосон билээ.


С БОЛ СОРИЛТ

Бүх л шинэ технологийн адилаар цахилгаан автомашин ч гэсэн олон сорилттой тулгарч байна. Одоогийн байдлаар тэрхүү сорилтууд дундаас хамгийн том нь өртөг байгаа юм. Ялангуяа цахилгаан хөдөлгүүрийг олон цагийн турш ажиллуулж чадах батарей бүтээхэд олон төрлийн, ховор түүхий эд шаардаж, өндөр үнэтэй байхаас аргагүйд хүргэдэг. Мөн өөр нэгэн сорилт бол цахилгаан автомашиныг цэнэглэж буй цахилгааныг гаргаж авч байгаа эх үүсвэр юм. Тэрхүү эх үүсвэр уламжлалт буюу байгальд ээлгүй байгаа цагт цахилгаан автомашин бусад автомашинуудтай адил нүүрстөрөгчийн давхар исэл шууд бус байдлаар ялгаруулсаар байх болно.

Т БОЛ Төрөл

Цахилгаан автомашины хамгийн нийтлэг төрлүүдийг товч тайлбарлавал:

BEVs буюу Battery Electric Vehicles: бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, тэдгээр хөдөлгүүрүүд нь зөвхөн батарейгаар ажилладаг автомашинууд.

HEVs буюу Hybrid Electric Vehicles: дотоод шаталтын болон цахилгаан хөдөлгүүрийг хослуулсан автомашинууд. Та бидний сайн мэдэх Приус уг ангилалд багтах бөгөөд энэ төрлийн автомашиныг гаднаас цэнэглэх боломжгүй, батарей нь зөвхөн дотоод шаталтын хөдөлгүүрээс цэнэгээ авахаар бүтээсэн байдаг.

PHEVs буюу Plug-In Hybrid Electric Vehicles: дээрх хоёр төрлийг нийлүүлсэн автомашинууд. Энэ төрлийн автомашинуудын батарейг нэмэлт цахилгааны эх үүсвэрээс болон дотоод шаталтын хөдөлгүүрээр цэнэглэх боломжтой.

У бол утаа

Цахилгаан автомашинууд өөрөөсөө нүүрстөрөгчийн давхар исэл буюу энгийнээр утаа ялгаруулдаггүй ч, автомашиныг бүтээх явц, цаашлаад цэнэглэхэд гарцаагүй хүлэмжийн хий ялгардаг. Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтэд уг хүлэмжийн хийн хэмжээг тооцож, одоогоор цахилгаан автомашин 1.6 км зай туулахад ойролцоогоор 200 гр нүүрсхүчлийн хий ялгаруулдаг болохыг тогтоожээ. Харин дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин энэ зайд ойролцоогоор 400 гр нүүрсхүчлийн хий ялгаруулдаг гэнэ.


Ү бол үйлдвэрлэл

Энэ оны байдлаар цахилгаан автомашин үйлдвэрлэж, эцсийн хэрэглэгчийн гарт хүргэж буй 30 гаруй компани байгаа юм. Цахилгаан автомашин уламжлалт, дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаас олон талаараа өөр учир шинэ төрлийн үйлдэвүүд шаарддаг. Tesla энэ төрлийн үйлдвэрээрээ алдартай бөгөөд энэ сард Фремонт, Шанхай, Остин, Берлин хотуудад байдгаас ч том үйлдвэрийг Мексикийн Монтеррей хотод байгуулах болсноо өнгөрсөн сард зарласан юм. Тэдний зүгээс уг үйлдвэрээ Дэлхийн хамгийн том, цахилгаан автомашины үйлдвэр болно гэж мэдэгдсэн бөгөөд 5-10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ

Ф бол форд

Форд Мотор компани нь автомашин борлуулалтаараа дэлхийд тавдугаарт ордог Америкийн автомашин үйлдвэрлэгч юм. 2025 он хүртэл цахилгаан машины үйлдвэрлэлдээ 22 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн Форд Мотор компани Mustang Mach-E, F-150 Lightning гэх цахилгаан автомашинуудыг 2018 оноос эхлэн танилцуулсан. Үүгээрээ байгаль дэлхийд илүү ээлтэй, хэрэглэгчдэд хэмнэлттэй автомашины зах зээлд анхаарах болсноо зарлаж буй юм.

Монголчуудын автомашин авахдаа анхаардаг зүйлс + Яагаад Форд Куга гэж?

х бол хэмнэлт

Цахилгаан автомашинаар 1000км зам туулахад дунджаар 28,800 төгрөгийг цэнэглэхэд зарцуулдаг. Харин ижил түвшний бензин хөдөлгүүртэй автомашин дунджаар 300,000 төгрөгийн түлш шаарддаг. Энэ харьцуулалт дангаараа цахилгаан автомашин ямар их хэмжээний хэмнэлт бий болгодгийг харуулж байна.


ц бол цэнэг

Гар утсаа нэг өдрөөс илүү цэнэглэхгүй ашиглах боломжгүй шиг цахилгаан автомашиныг ч гэсэн тодорхой зам туулсны дараа заавал цэнэглэх шаардлагатай. Цахилгаан автомашинаа гэртээ энгийн залгуурт цэнэглэж болох ч цэнэглэх хурд нь маш удаан. Иймд үйлдвэрлэгчид өндөр хүчдэлтэй, хүссэн хүн нь автомашинаа цэнэглэж болох "charging station" буюу цэнэглэх станцыг байгуулсаар байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхий дахинаа 2,3 сая цэнэглэх станц байсан бол тавхан жилийн дотор энэ тоо 17 сая болж нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

ч бол чиг хандлага

Судалгаагаар автомашин худалдан авч байгаа хэрэглэгчдийн 52 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин худалдан авах хүсэлтэй байгаа гэнэ. Байгальд ээлтэй, дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинд оногдох татварын хэмжээ, Орос-Украйны дайнаас үүдэлтэй түлшний үнэ өссөн зэрэг нь энэ шийдвэрийн гол шалтгаан болсон байна. Мөн хэрэглэгчдийн 88 хувь нь цахилгаан автомашинд энгийн автомашинаас илүү мөнгө төлөхдөө бэлэн байгаагаа илэрхийлсэн аж.

ш бол шилдэг борлуулалт

Өнгөрсөн онд дэлхийн дахинаа 10 сая цахилгаан автомашин зарагджээ. BYD 1,857,549 ширхэг автомашин зарсан амжилтаараа хамгийн өндөр борлуулалттай үйлдвэрлэгчээр нэрлэгдэв. Харин хоёрдугаар байрт Tesla 1,314,330 ширхэг автомашин зарж бичигджээ. Удаахь байруудад Volkswagen, SAIC нар бичигдэж хамгийн өндөр борлуулалттай таван үйлдвэрлэгч зах зээлийн нийт 53 хувийг бүрдүүлсэн байна.

э бол ЭЛЭГДЭЛ

Цахилгаан автомашин дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинуудтай харьцуулахад хавьгүй цөөхөн хөдөлдөг хэсэг, тоногтой учир элэгдэл гарах нь бага гэж үздэг байна. Энэ төрлийн технологи улам боловсронгуй болох тусам элэгдэх магадлал багасаж, автомашин засна гэдэг хуучны зүйл болох бизээ.

ю бол юу ч биш

Цахилгаан автомашиныг цэнэглэх буюу "дүүргэх" зардал дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг дүүргэх зардалтай харьцуулахад ёстой л юу ч биш. Жишээлбэл, BYD-ийн цахилгаан автомашинууд бүгд бүтэн цэнэгээрээ 400-500км туулах хүчин чадалтай бөгөөд цэнэглэх зардал нь 5000-15000₮ төгрөг байдаг.

я бол ЯЛАГЧ

2022 онд цахилгаан автомашины зах зээлд шинэ ялагч мэндлэв. Тухайлбал, өнгөрсөн онд Хятадын BYD-ийн борлуулалт 2021 оноос 208.6 хувиар өсч, 1,86 сая ширхэг цахилгаан автомашин борлуулсан бол өмнөх аварга Tesla 1,3 сая ширхэг цахилгаан автомашин борлуулсан юм. BYD-ийн ихэнх борлуулалт Хятадад байсан ч Европ, Америк болон Африкт хийсэн өсөлттэй борлуулалт нь уг амжилтад хүрэхэд нөлөөлсөн байна.