Монголчууд бид анх удаа Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн өдрийн 100 жилийн ойн мэндийг уншигч танд хүргэе. Тэртээ 1924 оны 11-р сарын 26-нд баталсан Анхдугаар Үндсэн хуулиас таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгээр хүргэж байна.


Мөн энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан манай редакц Unread Today долоо хоног тутмын сонины 13 дахь дугаараа "Үүрд мандан бадраг" нэрийн дор бүтээв. Уншигч та өөрт ойр кофе шопоос үнэ төлбөргүй авч уншаарай.

Дэлгэрүүлж унших: Сониноос сорчилъё: Үүрд мандан бадраг! /2024.11.25/


А БОЛ АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ

Монголчууд анхны үндсэн хуулиа 1924 оны 11-р сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад баталж байв.Ингэснээр Монгол Улс төрийн хэргээ хэрхэн явуулахаа шинээр томьёолж, нийтээр даган мөрдөх баримт бичигтэй болсон юм. Ингэж л бид төрийн хэргээ хэрхэн зохион байгуулахаа тодорхойлж, өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн Газрын суурийг тавьжээ.

Б бол Богд Жавзандамба хутагт

Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин, төрийн тэргүүн VIII Богд 1924 оны 5-р сарын 20-нд жанч халав. Удалгүй хааны тамга, эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлсэн бөгөөд үүнээс хэдхэн сарын дараа Анхдугаар Үндсэн хуулиар хаант засгийг халж, Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан түүхтэй.

В БОЛ ВАН ЦОЛ

Манж Чин улсын төрөөс 1691 оноос эхлэн Монголын хошууны ноёдод олгодог байсан нэгэн эрхэм хэргэм бол "Ван". Ван цолтой хүмүүс цолны шагнал хүртэж, тусгай хувцас өмсөх эрхтэй болохоос гадна тухайн хошууны засаг захиргааны болон үйл ажиллагааны бүх шийдвэрийг гаргадаг байж. Харин 1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуульд “Ван, гүн, тайж нарын хэргэм зэрэг, аливаа хутагт хувилгаадын захирах, тушаах эрхийг устгаж, ардын хөрөнгөнд холбогдох аливаа эрхийг эцэслэнэ” хэмээн зааснаар энэ бүх хэргэм зэрэг, тусгай эрхийг эцэслэн халсан юм.

Г БОЛ Гучин тавдугаар зүйл

Анхдугаар Үндсэн хуулийн 35-р зүйлд Улсын Их, Бага Хурал болон нутгийн хурлуудад төлөөлөгчөөр сонгогдох эрхгүй хүмүүсийг доорх байдлаар тодорхойлжээ.

1. Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагчид;
2. Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид;
3. Урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар;
4. Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд зохих газраас шинжлэн батлагдагсад;
5. Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдал үйлдэж, зарга шүүх газраас ял шийтгэгдэгсэд болно.

д бол дээд эрх

Бүх монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохимой.

Анхдугаар Үндсэн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйл

Е БОЛ Ерөнхий сайд Б.Цэрэндорж

1924 оны 11 дүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын өмнө танилцуулж, санал хураалтаар батлуулсан түүхэн хүн бол Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж байв. Богд Хаант Монгол Улсын Гадаад яамны сайдаар ажиллаж байсан тэрээр 1923 онд Ерөнхий сайдаар томилогдож, 1928 он хүртэл энэ албыг хашжээ.


Ё БОЛ Ёс суртал

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт болбаас, хуучны эзэрхэг харгисын ёс сурталын үлдэгдлийг үндсээр устгаж , улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлмой.

Анхдугаар Үндсэн хуулийн 1-р бүлгийн 2-р зүйл

Ж БОЛ ЖИНХЭНЭ АРД

“Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах” энэхүү хууль нь хаант ёсыг халж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан улсын жолоог жинхэнэ ардад олгосон нь өнөөгийн бидний ардчилсан нийгмийн эхлэл байсан гэж хэлж болно

Засгийн Газар

Засгийн Газар болбаас, тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд, гишүүд нь, ерөнхий сайд, жинхэнэ орлогч сайд, бүх цэргийн ба, эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчид,бүх цэргийн жанжин, улсын хянан байцаагч, дотоод, гадаад, цэрэг, санхүү,аж үйлдвэр,шүүх, ардыг гэгээрүүлэх яамны сайдууд болмой.

Анхдугаар Үндсэн хуулийн 2-р бүлгийн 27-р зүйл


и бол их хурал

Улсын Их Хурал бол олон аймаг ба хот, жич ардын цэргийн төлөөлөгчид хуралдах бөгөөд тоог төлөөлөгчид сонгох газрын хүн амын олон цөөнийг үзэж нэгэн жилийн хугацаагаар сонговол зохино.

Анхдугаар Үндсэн хуулийн 2-р бүлгийн 7-р зүйл

К БОЛ КОМИСС

Тухайн үеийн Монгол Улс тусгаар тогтнолоо баталж, үндсэн хуулиа батлах хэд хэдэн оролдлого хийж, хууль зохиох комисс байгуулж байв. 1922 оны комиссыг “Магсар хурц” буюу Н.Магсаржав удирдаж байсан ч удалгүй татан буугдсан юм. Харин 1924 оны 10-р сард бүрдсэн комисс үүргээ амжилттай биелүүлж, Анхдугаар Үндсэн хуулийг нэг сарын дотор Их хурлаар батлуулж байв.

Л БОЛ Латин хэлт хууль

Биднээс 300 жилийн өмнө Бүгд Найрамдах Сан Марино Улсын Үндсэн хуулиа баталсан нь өдгөө мөрдөгдөж буй хамгийн өндөр настай хууль юм. Нийт 6 боть хэмжээтэй уг хуулийг тэртээ 1600 онд Латин хэлээр бичиж байжээ.

М БОЛ Мэдэгтүн, сахигтун!

1990 оны нийгмийн шилжилтийн дараа манай улсад шинэ Үндсэн хуулийн хэрэгцээ тулгарч, 1992 оны 6-9-р сард өрнүүлсэн ард түмний хэлэлцүүлэгт 900 мянга гаруй иргэн оролцож, 500 мянга орчим иргэн үгээ хэлж, нийт 5,177 санал ирүүлж байжээ. Үүний үр дүнд өдгөө бидний даган мөрдөж буй Үндсэн хууль бий болсон бөгөөд 6 бүлэг, 70 зүйлтэй энэхүү хууль “Мэдэгтүн, сахигтун!” хэмээн төгсдөг билээ.

Н БОЛ Нийслэл хүрээ

1924 он хүртэл улсын нийслэл Улаанбаатар хотыг Нийслэл хүрээ гэдэг байв. 1911 оны 12-р сарын 29-нд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхол эцэс болж, Монголчууд бид үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, Богд Хаант Монгол Улсаа тунхаглагдах үедээ улсынхаа нийслэлээ ийн нэрийдсэн.

о бол Олноо Өргөгдсөн 

Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослон баригч хаанаар өргөмжилсөн нь "Олноо өргөгдсөн" он тооллын эхлэл байв. Энэ тоолол 1911- 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Богд Хаан нас барахад “Олноо өргөгдсөн гэдэг оны цолыг мөнхүү өдрөө”с эхлэн Монгол Улсын арван дөрөвдүгээр он гэж халахаар” тогтсон түүхтэй.

ө бол Өрийг төлөхгүй!

Дотоод гадаадын эзэрхэг харгисын үеэс эхлэн зарим нэгэн хүн ба албаны газраас олны хөрөнгийг зааж гадаадын эзэрхэг шунахай нартай хуйвалдан байгуулсан өр шир бол улсын ба ард олны аж ахуйд маш хорлолтой болох учир энэ арван дөрөвдүгээр онд Ардын Засгийн газрын тогтсон ёсоор эл өрийн үлдэгдлийг бүрнээ төлүүлэхийг хэрэгсэхгүй болгон устгаж, басхүү арван нэгдүгээр онд Засгийн Газрын тогтсон ёсоор аль нэгэн этгээдийн байгуулсан өрийг ард олонд халдаан төлүүлэх суртлыг устгасан явдлыг батлав.

Анхдугаар Үндсэн хуулийн 1-р бүлгийн 3-р зүйл

р бол Реформ

1924 оноос хойш Монголчууд бид дөрвөн Үндсэн хуулийн нүүр үзэв. Дэлхий нийтийн аж байдал, улс орны амьдрал, эдийн засаг, хүн ам зэргээс шалтгаалан 1924, 1940, 1960, 1992 онуудад тус тус үндсэн хуульдаа реформ хийн, шинэчилж байжээ.

п бол Парламентын засаглал

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар БНМАУ хэмээх нэрийг халж, Монгол Улс гэсэн албан ёсны нэрийг хэрэглэх болж, парламентын засаглал бүхий ардчилсан тогтолцоог хуульчилсан билээ. 1992 оны шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан байдаг.

с бол Соёмбо тэмдэг

Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын 1686 онд зохиосон Соёмбо нь Монголчуудын түүх, соёлын хамгийн үнэ цэнтэй бэлгэдэл юм. Тиймдээ ч анхдугаар Үндсэн хуульд “Улсын сүлд тэмдэгт дээр дурдсан соёмбо үсэг, түүний доод этгээдэд бадамлянхуа цэцгийн зураг бүхий сүлд тэмдэг хэрэглэн явуулбал зохино.” гэж заасан байдаг.

т бол Тусгаар тогтнол шүлэг

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 1968 онд бичсэн “Тусгаар тогтнол” шүлэг бол бидний тусгаар байдлыг уран яруугаар илэрхийлсэн гайхам сайхан бүтээл юм.

Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


у бол Улаан өнгө

Хувьсгалыг илтгэх улаан өнгө тухайн үеийн хамгийн “трэнд” өнгө байв. Анхдугаар Үндсэн хуульд “Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” гэж зааснаас гадна дээр дурдсанчлан нийслэлийн нэрээ Улаанбаатар хэмээн өөрчилсөн билээ.


Ү БОЛ Үндсэн хууль

Үндсэн хууль бол тухайн улс орны засгийн эрх барьж байгаа байгууллагын үндсэн зарчим юм. Энэ утгаараа, Үндсэн хуулийг тусгаар тогтнолын баталгаа болохуйц баримт бичиг гэж нэрлэхэд буруудахгүй. Дэлхийн хамгийн урт үндсэн хууль нь Энэтхэгийн Үндсэн хууль (146,385 үг) бол хамгийн богино нь Монакогийн Үндсэн хууль (3,814 үг) юм. Харин манай улсын 1924 оны Анхдугаар Үндсэн хууль 2,200 орчим үгтэй бол 1992 онд баталсан, одоо даган мөрдөж буй Үндсэн хууль маань 8,000 орчим үгтэй.

Ф БОЛ Феодалын дарлал

Анхдугаар Үндсэн хуулийг орлосон дараагийн Үндсэн хуулийг бид 1940 онд баталжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс болбоос эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, цаашид нийгэм журамд дэвшин орохын учир улс орон юугаа хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин (малчин, ажилчин, сэхээтэн) ардын тусгаар тогтносон улс мөн болно

1940 оны Үндсэн хуулийн 1-р зүйл

Хоёр улс

1924 онд бид Үндсэн хуулиа баталж, тусгаар улс болсон тунхаглалаа дэлхийн олон улсад зарлан мэдэгдэж байв. Харин энэхүү тунхаглалыг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн хоёр улс нь Төвд, Тува байжээ.

Ц БОЛ Цахимаар унших

Тэртээ 100 жилийн өмнө батлагдаж, манай улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний үндэс болсон уг хуультай цахимаар танилцаарай.

Чухал юм уу?

“Монголд амралт, баяр багадаагүй” гэх санаатай уншигч та хаа нэгтээ тааралдсан байх. Тэгвэл бидэнд бүх нийтээр амрах “Улс тунхагласны баяр” буюу анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр тийм чухал юм болов уу? Энэ асуултад өөр нэгэн асуултаар хариулъя. Хэрэв улс орон маань үндсэн хуульгүй буюу өөрийн гэсэн тоглоомын дүрэмгүй байсан бол өнөөгийн бидний нийгэм ямар байх байсан бол?

Шагналын амралт

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан 11-р сарын 26-ны өдрийг бид олон жилийн турш тэмдэглэсээр ирсэн бөгөөд 2016 оноос эхлэн “Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярын өдөр” нэрийн дор тэмдэглэж, бүх нийтээрээ амралтаар “шагнуулдаг” болсон билээ.

э бол Эрх чөлөө!

1924 оны 11-р сарын 26 бол ард иргэдийн хувьд эрх чөлөөгөө олж авсан өдөр гэж хэлж болохуйц түүхэн өдөр юм. Учир нь энэ өдөр батлагдсан Үндсэн хуульд улс орны хэрэг явдлыг шүүмжлэх эрхээс гадна шашин шүтэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрх зэрэг олон эрхийг хуульчлан нээжээ.

ю бол Юун шөл?

Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилтэй холбоотойгоор “битүү шөлний” хэрэг сүүлийн хэд хоног манай улсын интернэт сүлжээнд өрнөв. Энэхүү тэмдэглэлт өдрөөр битүү шөл идэх үгүй нь таны хэрэг. Хамгийн чухал нь өнөөгийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд өгсөн түүхт өдрийн 100 жилийн ойг зүгээр л нэг амралтын өдөр мэт өнгөрөөж үл болно.

я бол Ялгаваргүй нийгэм

Тус улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино.

Анхдугаар Үндсэн хуулийн 1-р бүлгийн 11-р зүйл