УИХ-ын 2024 оны сонгууль болоход арав гаруйхан хоног үлджээ. Сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо судалгаатай өгөх нь иргэн бидний нэгэн үүрэг. 

Аливаа нам, эвслийн Мөрийн хөтөлбөртэй танилцана гэдэг нь нэг талаар сонгогчдын гэрийн даалгавар болоод буй. Иймд бид энэ удаагийн "А-Я" нийтлэлээрээ Үндэстнээрээ баяжъя уриатай "Үндэсний Эвсэл"-ийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна. 


А бол АВЛИГАГҮЙ ТӨСӨВ

Авлигагүй төсөв бол Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих хамгийн гол хүчин зүйлсийн нэг. Төсвийн үрэлгэн байдлыг халж, төсвийн үр ашиггүй зардлыг танахад анхаарна. Мөн хөрөнгө оруулалтыг үр нөлөө бүхий төслүүдэд төвлөрүүлэхээс гадна төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримтална. Үндэсний аюулгүй байдалд харшлахаас бусад салбарын төрийн өмчийг биржээр хувьчлах, хувьчлалаас олох орлогыг баялгийн санд төвлөрүүлж, мэргэжлийн багаар хөрөнгийг өсгөх эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллана.

Б бол БАЯЖ ХӨТӨЛБӨР

Баяж экосистем бол бизнес эрхлэгч, эрхлэхийг эрмэлзэгч шинэ мянганыханд зориулсан цогц боломж. Энэхүү экосистем нь амжилттай бизнес эрхлэгчдийн заавар зөвлөгөө, хамтын ажиллагаа, инновацыг дэмжих таатай орон зай, салбар хоорондын уялдаа холбоотойгоор бизнесийг бойжуулна. Шинэ мянганыхны цалингийн өсөлтийн зогсонги байдал, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс үүдэн бий болсон ажлын байр, орон сууцны эрэлт хэрэгцээг түрээслээд өмчлөх санаачилгын хүрээнд илүү хүртээмжтэй болгоно. Ажил амьдралын тэнцвэрийг бий болгохоор зайнаас ажиллах, уян хатан ажлын цагтай байх боломжийг бүрдүүлнэ.

В бол ВИРТУАЛ СИСТЕМ

Виртуал ба дижитал системийг ашиглаж батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний техник технологийн сургалтыг сайжруулна. Хиймэл оюун ухаан, робот технологиор сургалтын чанарыг сайжруулж, хил хамгаалалд орчин үеийн дрон, сансрын технологи, цахилгаан хяналт зэрэг автоматжуулсан системүүдийг ашиглан орчин үеийн зэвсэглэлийн шинэ системтэй болох ажлыг эрчимжүүлнэ. Орчин үеийн, мэргэжлийн, зэвсэгт хүчин, боловсон хүчнийг бэхжүүлэх хүрээнд олон улсын стандартад нийцсэн дадлага, сургалт, сургуулилалтыг нэвтрүүлнэ.



Г бол ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ НАМ

Гишүүнчлэлгүй нам бол хариуцлагатай засаглалыг бий болгох эхний алхам. Шийдвэр гаргалтад нам бус, олон нийтийн болон мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулж, намыг албан ёсны гишүүнчлэлгүй, олон нийт чөлөөтэй хамрагдах боломжтой орчныг бүрдүүлнэ. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, төрийн байгууллага дахь улс төрчдийн оролцоог багасгана.

Д бол ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД

Дэлхий даяар тархан суурьшиж, ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, шаардлагатай тохиолдолд туслалцаа, дэмжлэг үзүүлэх төвүүдийг өргөжүүлнэ. Гадаадад байгаа иргэдийн хүүхдүүд үндэсний өв соёл, уламжлал, эх хэлээ сурах, хадгалж үлдэх бололцоогоор хангагдсан монгол сургууль, судлалын төвүүдийг байгуулна. Эх орноо таниулж сурталчлах цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж, төрийн үйлчилгээний цахим платформууд, номын сангуудаас үйлчилгээ авах тэгш боломжийг бүрдүүлж ажиллана.

Е бол ЕРӨӨ СТАНДАРТ

Ерөө стандарт бол хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд сургуулийн байр, спорт болон урлагийн заал, цайны газар, ариун цэврийн өрөө, тусгай хэрэгцээтэй сурагчдад зориулсан орчныг бүрдүүлэх цогц бодлого. Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх, сонирхол авьяасыг нээн хөгжүүлэх хичээлээс гадуурх сургалт, дугуйланг олноор бий болгоно. Энэ хүрээнд e STEM HUB, e Спорт, e Урлаг үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулна. Сурагчдын үдийн хоолны хөтөлбөрийн үр шимийг нэмэгдүүлнэ.



Ё бол ЁC ЗАНШИЛ

Ёс заншил, өв соёлын дархлаа бол бүтээлч үйлдвэрлэлийн суурь. Монгол соёлын баялаг өвийг дэлхийн зах зээлд таниулж, урлаг, гар урлал, хөгжим, уран зохиол зэрэг соёлын өвд түшиглэсэн салбаруудад инновацыг шингээж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Монголын соёлын өвийг дэлхийн хэмжээнд үнэлж, тогтвортой байлгахад чиглэсэн түншлэлийг үүсгэж, орчин үеийн загвар, үйлдвэрлэлийн техниктэй хослуулан мэдлэг, ур чадварыг хойч үедээ өвлүүлнэ.

Ж бол ЖЕНДЭРИЙН ЭРХ

Жендэрийн эрх тэгш байдал бол нийгмийн хөгжлийн толь. Эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн ялгаа, цалингийн тэгш бус байдлыг арилгаж, ажлын байран дахь хүйсийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Боловсролын салбарт жендэрийн ялгааг арилган, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн суралцах боломжийг ижил түвшинд байлгахад чиглэн ажиллана. Жендэрийн талаарх уламжлалт ойлголтыг өөрчлөх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх сургалт сурталчилгааг эрчимжүүлж, буруу болон зөрүүтэй ойлголтыг хална.

З бол ЗЭТ ҮЕИЙНХЭН

Z буюу Зэт үеийнхэн бол ирээдүй. Энэ үеийнхний ур чадварыг шинжлэх ухаан, технологи, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан хөгжүүлж, ирээдүйн карьерт бэлтгэх "Дөрөө системийг бүтээнэ. Z үеийнхний санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх Санхүүгийн авдар цахим систем, цахим аюулгүй байдал, цахим сүлжээн дэх ёс зүй, шүүмжлэлт сэтгэлгээг өдөөж, цахим дээрэлхлээс ангид байлгах Цахим Цайз арга хэмжээг тус тус хэрэгжүүлнэ.



И бол ИРЭЭДҮЙН ХУРДАСГУУР

Ирээдүйн хурдасгуур бол инновацыг дэмжсэн дэд бүтэц. Салхи, нар, био эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж, системийн найдвартай, тогтвортой байдлыг хангах ухаалаг сүлжээний технологид хөрөнгө оруулна. Суурин болон хөдөө орон нутагт автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах нөхцөлийг бүрдүүлж, хууль эрх зүйн орчны зохицуулалт, бодлогын тогтолцоог олон нийтийн аюулгүй байдал, итгэлцлийн хүрээнд боловсруулна.

К бол КЛАСТЕР ХӨГЖИЛ

Кластер хөгжил бол хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн түлхүүр. "Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний боловсруулах үйлдвэрүүдийг шинэчлэх, нэмүү өртөг шингээх, хүнсний лабораториудыг чадавхжуулах иж бүрэн стратегийг бий болгож, цаашид хүнс экспортлогч болох бодлого хэрэгжүүлнэ. Арьс ширийг шинэлэг тогтолцоо бүхий бэлтгэн нийлүүлэлттэй кластер үйлдвэрлэлээр боловсруулах ажлыг дэмжинэ. Олон улсын ноолуурын зах зээлд Монгол Улсын байр суурийг бэхжүүлж, хөнгөн үйлдвэрлэлийн бусад салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Л бол ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭ

Логистикийн сүлжээ бол боомтын шинэчлэлийн суурь. Үүнийг дэвшилтэт логистикийн систем, ухаалаг технологи нэвтрүүлэх замаар эрчимжүүлж, чанартай авто зам, төмөр замын дэд бүтэц байгуулах ажлыг чөлөөт бүсүүдэд цогц байдлаар хөгжүүлэн далайд гарах гарцуудыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлнэ. Алтанбулаг чөлөөт бүсийг цахилгаан техник, түүний сэлбэг, засвар үйлчилгээний, Замын Үүд чөлөөт бүсийг уул уурхайн бус түүхий эд, материалын худалдааны чиглэлээр төрөлжүүлнэ.



М бол МЭР-ИЙН ТОГТОЛЦОО

Мэрийн тогтолцоо бол ухаалаг засаглалтай, бухимдалгүй хотыг бий болгох дэлхийн жишиг. Хот санхүү, татвар, төсвийн хувьд бие даасан, дүрэм журмаа өөрөө баталдаг, хотын дарга нь иргэдээс шууд сонгогддог зарчмыг хэрэгжүүлж, тойргийн эдийн засагтай, ногоон орчинтой, 20 минутын зайд байх шинэ төлөвлөлтийг бий болгоно. Хиймэл оюуныг хот байгуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж, олон нийтийн оролцоотой, төсвийн зарцуулалт, хяналтын тогтолцоог бий болгоно.

н бол НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ

Нөөцийн менежмент бол аж үйлдвэрийн инновацын түшиг. Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, инновацыг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгож, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, хил орчмын бүсийг эргэлтэд оруулахад анхаарна. Цахилгаан станцуудад бүрэн шаталттай, ашигт үйлийн итгэлцүүр өндөртэй технологи нэвтрүүлж, нефтийн хайгуул, олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлж улс орноо эрчим хүчний хараат байдлаас гаргана.

О бол ОРОЛЦОХ СОЁЛ

Оролцох соёл бол залуусын дуу хоолойг сонсож, эрх мэдлийг нэмэгдүүлэх хөшүүрэг. Залуусын бүхий л салбарт хөгжин дэвжих боломж бүрдүүлж, хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээг бодитой, шударга болгоно. Сайн дурын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээнд оролцох соёлыг төлөвшүүлж, мэргэжлийн хөгжил, дадлагын хөтөлбөрийг бодит ажлын орчинд нэвтрүүлнэ. Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд залуусыг гадаад хэл сурах, бусад улсын залуустай холбоо тогтоон харилцах цахим тогтолцоог бий болгоно.



Ө бол ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Өрсөлдөх чадвартай санхүүгийн систем бол урт хугацааны хөгжлийн үндэс. Төсвийн зарлагын тэлэлтийг багасгаж, мөнгөний бодлогыг уян хатан хэрэгжүүлэх орон зайг үүсгэнэ. Банкны салбарын тогтвортой байдлыг хангаж, банк, санхүү, даатгалын салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжиж, өрсөлдөх чадвартай санхүүгийн орчныг бүрдүүлнэ. Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн санхүүгийн төвүүдийн нэг болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Нэр хүндтэй олон улсын санхүүгийн байгууллага, түүний салбар нэгжийг үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.

П бол ПАРКИЙН ТОГТОЛЦОО

Паркийн тогтолцоо бол шинжлэх ухаан, инновацын хөгжлийг эрчлэх хөдөлгүүр. Бизнес эрхлэгчдийн экосистемийг дэмжиж, оюуны өмчийг хамгаалах, судалгааг арилжааны болгох үйл явцыг хялбарчлах, гарааны бизнесийг дэмжих паркийн тогтолцоог боловсронгуй болгоно. Гарааны санхүүжилтийн санг бий болгосноор өндөр технологид суурилсан бизнесийг дэмжиж, олон улсын тэргүүлэх их сургууль, судалгааны байгууллагуудтай түншлэлийг бий болгож, олон улсын инновацын сүлжээнд Монгол судлаачид, бизнес эрхлэгчдийг нэвтрэх бололцоог үүсгэнэ.

р бол РОБОТЖУУЛАЛТ

Роботжуулалт, автоматжуулалт, хиймэл оюун ухааныг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлснээр нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулан, чанар стандартыг сайжруулж, хөдөлмөрийг хөнгөвчилнө. Бордооны үйлдвэрлэлийн суурь кластерыг бий болгож, хөрсний үржил шимийг хамгаалах, ус болон эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлнэ. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд шинэчлэлт хийж эрчимжсэн мал аж ахуйн бодлогыг хэрэгжүүлж, бэлчээрийн зүй зохистой ашиглалт, малын үүлдэр угсаа сайжруулалтын чиглэлд анхаарна. Энэ хүрээнд Роботтехник, автоматжуулалтын хөгжлийн үндэсний төв"-ийг байгуулна.



с бол СТАНДАРТЫН ДЭВШИЛ

Стандартын дэвшил бол монгол хүний амьдралын чанар, үр ашгийг дээшлүүлэх гарц. Монгол Улсад үйлдвэрлэсэн, импортолж буй бараа бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх, импортолсон бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт тавих шилдэг ногоон стандартыг мөрдөнө. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO, EN, NSC зэрэг стандартын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар улс даяар мөрдүүлэх ажлын суурийг тавина.

т бол ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ

Татвар бол дээрэм биш дэмжлэг. Татвар бол төрөөс үйлчилгээ авах гэж өгч байгаа төлбөр, алба гувчуур биш. Бодит эдийн засгийн загварчлалд суурилан татварын бааз суурийг өргөжүүлж, татварын хууль, түүнтэй холбогдох журмуудыг хялбарчлах, татварын ачааллыг илүү тэгш хуваарилах тогтолцоог боловсронгуй болгон татварын шинэчлэл хийнэ. Жижиг, дунд бизнес, гарааны бизнес эрхлэгчид болон банкны зээлийн босго давахгүй иргэдэд зорилтот зээлийн хүртээмжийг сайжруулах ажлыг шат дараатай зохион байгуулна.

у бол УРГИЙН БИЗНЕС

Ургийн бизнес бол үндэстнээрээ баяжих үзэл санааны нэгэн чухал хэсэг мөн. Хот, хөдөөд гэр бүлийн бизнес эрхлэх, ургийн бизнесийн суурийг тавих, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бойжуулах төвүүдийг ажиллуулах, бага хүүтэй зээлийн эх үүсвэрээр хангах ажлыг зохион байгуулна. Томоохон аж ахуйн нэгжүүд болон төрийн худалдан авалтыг гэр бүл төвтэй бизнесээс нийлүүлэхийг тогтмол дэмжих, мэргэжлийн боловсрол, ур чадвар суулгах сургалтуудыг тогтмол явуулан бизнесийн өсөлт, хөгжлийг урт хугацаанд дэмжихэд чиглэсэн тогтолцоог хэрэгжүүлнэ.



ү бол ҮНДЭСТНЭЭРЭЭ БАЯЖЪЯ

Үндэстнээрээ баяжъя бол “Үндэсний эвсэл”- ийн мөрийн хөтөлбөрийн амин сүнс. Эрдэм ном, эдийн засгаараа баян чинээлэг, хүчирхэг байхыг элэг нэгт монголчууддаа уриалж, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя хэмээн сануулж байна. Хөгжлөөрөө түүчээлэгч дэлхийн улс орнуудын амжилтын үндэс нь иргэддээ хамтран засаглах эрхийг олгож, нийгэмдээ тэгш журамт дэглэмийг тогтоож, хүүхэд залуучууддаа шилдэг боловсролыг, хувийн хэвшилдээ эрх чөлөөг олгосонд л оршино.

ф бол ФОРУМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Нэг Дэлхий Форум бол хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн шилдэг туршлагаас хуваалцах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талбар юм. Тэрбум мод хөдөлгөөнд хууль эрх зүйн орчин болон санхүүжилтийн шинэлэг орчныг бий болгож, олон улсын байгууллага болон бусад улсын засгийн газартай хамтран байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Мөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтод хувь нэмрээ оруулна.

х бол ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ

Халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болгох бодлогыг хэрэгжүүлнэ. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог төрийн даатгалын системтэй зэрэгцүүлэн бий болгож, тэтгэврийн сангийн хуримтлалыг өсгөх, сайжруулах тогтолцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Халамжийн бодлогыг цэгцлэн, зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлоход анхаарч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг эрчимжүүлнэ. Мөн албан бус сектороос албан секторт ажил эрхлэх сонирхлыг нэмэгдүүлж, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шилжүүлнэ.



ц бол ЦОМХОН ТӨР

Цомхон, хариуцлагатай, мэргэжлийн, нээлттэй төрийн албыг бий болгоно. Улс төрийн намын коммунист тогтолцоог бүх түвшинд устгаж, авлига үүсгэж болох бүх нөхцөлийг төрөөс устгана. Төрийн үйл ажиллагааг ил тод болгож, төрийн мэдээллийн нээлттэй санг үүсгэн төрийн албаны үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, хялбар, иргэдэд ээлтэй болгоно. Төрийн шийдвэр гаргах үйл явцыг хүртээмжтэй болгохдоо олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулна.

ч бол ЧАНАРТАЙ ДААТГАЛ

Хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлж, чанаргүй ажил үйлчилгээнээс бусдад учирсан хохирлыг гүйцэтгэгчийн өмнөөс даатгалын компаниуд төлдөг тогтолцоог бий болгоно. Хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж, гүйцэтгэлийн системийн тусламжтайгаар үр дүнгүй олон шинжилгээ, оношилгоо хийлгэхгүй болно. Баталгааны даатгалыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд орохгүй их хэмжээний мөнгө түгжигддэг байдлыг хална. Эрүүл мэнд, эд хөрөнгийн даатгалын чанар, өртгийг сайжруулах даатгалын иж бүрэн багцыг бодлогоор дэмжинэ.

ш бол ШУДАРГА ШҮҮХ

Шударга шүүх бол эрүүл улс төр, шударга ёсны гол нууц. Шүүхийн хараат бус байдлыг хангах үүднээс бүх шатны шүүгчдийн сонгон шалгаруулах дүрэм, журмыг боловсронгуй болгож, шүүхийн системд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, шүүхийн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, шуурхай, чирэгдэл багатай болгоно. Шүүхийн системийн үр дүнтэй ажиллагааг хангах зорилгоор зарим төрлийн маргааныг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэдэг тогтолцоотой болгож, олон улсад Монгол Улсын шүүхийн нэр хүндийг сэргээнэ.



э бол эрүүл хүн

Эрүүл хүн бол Монголын баялаг. Монгол хүн эрүүл орчинд ажиллаж, амьдрах үндсэн нөхцөлийг хангаж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулна. Олон нийтэд зөв амьдралын хэв маяг сонгоход дэмжлэг үзүүлэх "Нэг эрүүл мэнд цогц цахим тогтолцоог бий болгож, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд цэцэрлэгт хүрээлэн, спортын байгууламжуудыг шинэчилнэ. Бүсүүдэд оношилгооны төвийг байгуулж агаарын түргэн тусламжийн тогтолцоог бий болгоно. Уламжлалт анагаах ухааныг бодлогоор дэмжиж, эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

Ю бол ЮУНД ТӨВЛӨРӨХ ВЭ?

Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлно.

Баруун бүс: Усалгаатай газар тариалан, худалдаа үйлчилгээ
Хойд бүс: Шинжлэх ухаан, технологи, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй
Хангайн бүс: Хөнгөн, хүнсний үйлдвэрүүд, төрөлжсөн аялал жуулчлал
Говийн бүс: Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл
Төвийн бүс: Эрчимжсэн газар тариалан, хүлэмжийн аж ахуй
Зүүн бүс: Ногоон хөгжлийн бүс, Зүүн хойд Азитай холбох гүүр

я бол ЯАРМАГИЙН ХӨГЖИЛ

Яармаг бол хотын шинэ төв. Улаанбаатар хот хөгжлийн хоёр дахь шат буюу мега хотын хэв шинж рүү чиглэж байгааг хүлээн зөвшөөрч, хүчирхэг цөм бүхий дагуул хотуудыг хөгжүүлнэ. Энэ хүрээнд хүн амын суурьшлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хотын 2 төв, дэд 5 төв, олон нийтийн 26 төв, төрөлжсөн 4 төвтэй ухаалаг, цогц хотыг бий болгоход анхаарна. Яармагийг үндэсний онцлог шингээсэн, орчин үеийн архитектурын шийдэл бүхий бизнес дүүрэг, ажлын байр, түүнийг дагасан түрээсийн орон сууцтай байхаар хөгжүүлнэ.


Энэхүү нийтлэлийг "Үндэсний Эвсэл”-ийн Сонгуулийн штабтай хамтран бүтээв.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.