Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй, мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Энэ удаад бид Z үеийнхний улс төрийн оролцоог тайлбарлахаар бэлтгэлээ.

Ажлын талбарт гарч ирээд буй шинэ үеийнхэн болох "Gen Z" нь ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маяг, дадлаараа өмнөх үеийнхнээсээ ихээхэн ялгаатай. Уг чанарууд нь тэдний улс төрийн оролцоонд ямар нөлөө үзүүлж байна вэ? Уламжлалт оролцооны хэлбэрүүдийн идэвхжилт цаашдаа буурсаар байх уу? Хэрэв тийм бол шинэ үеийнхэн ямар байдлаар улс орны шийдвэр гаргалтанд нөлөөлж болох вэ? гэх мэт асуултын хариуг энэхүү нийтлэлээрээ эрэлхийлсэн болно.

Z ҮЕИЙНХнийг тодорхойлох нь

Улс төрийн оролцоог тайлбарлахаас өмнө юун түрүүнд Z үеийнхэн гэж хэн бэ гэдгээс эхэлье. Олон улсад 1997-2012 оны хооронд төрсөн хүмүүсийг энэ үед багтаадаг. Гэвч улс, орон бүрд нийгмийн харилцан адилгүй байдал, түүхээс хамааран бага зэрэг хэлбэлздэг аж. Манай орны хувьд 2020 оны "Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа"-нд 1995 оноос хойш төрсөн хүмүүсийг Шинэ үеийнхэнд хамааруулсан байдаг. Мөн бусад үеийг ийнхүү хуваажээ.

- Социалист үеийнхэн (1964 оныг хүртэл)
- Завсрын үеийнхэн (1965-1982 оны хооронд)
- Шилжилтийн үеийнхэн (1983-1994 оны хооронд)
- Шинэ үеийнхэн (1995 оноос хойш)

Уг тайланд шинэ үеийнхнийг "Хувь хүний эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, либерал үзэлтэй, төр болон намд итгэдэггүй, институтэд биш өөртөө илүү итгэдэг, бусад үеүдтэй харьцуулахад хамгийн их дижитал, сошиал хэрэглээтэй байна. Тэд бусад үеүдтэй харьцуулахад үзэл бодлын хувьд илүү баруунжсан, глобалчлагдсан байна" гэж тодорхойлсон аж.

Дээрх тодорхойлолтоос харахад шинэ үеийнхэн болон Z үе гэх тодотголууд төстэй шинж байдал, чиг хандлагыг агуулж буй. Тиймээс энэхүү нийтлэлд 1995-2010 онд төрсөн хүмүүсийг Z үед хамааруулан авч үзлээ.

Санал болгох: GenZ, Millennials, Boomers: Үе хоорондын ялгааг ойлгох нь


ШИНЭ ҮЕИЙНХНИЙ онцлог

"Хүмүүс нэгнээ ойлголцохын тулд шинэ нэр томьёо зохиодгоос биш нэгнээсээ ялгарахын тулд бус юм. “Gen Z” гэдэг үгийг ашиглаж болно, үгэнд ашиглуулж болохгүй. Тухайн үеийн шинжлэх ухаан технологи, улс төр нийгмийн байдал нь хүнд хэрхэн нөлөөлөхийг тоймлож гарсан нэршил болохоос хүний шинэ төрөл үүсэж бий болоод, хүний тархинд эволюц явагдаад байгаа хэрэг биш" хэмээн нийтлэлч Аанхаа бичжээ.

Хүний тархинд хараахан эволюц явагдаагүй ч туулж өнгөрүүлсэн он жилүүд, тэрхүү үеийн нийгмийн хүчин зүйлсийн нөлөөллөөр шинэ үеийнхний ертөнцийг үзэх үзэл, дадал, амьдралын хэв маяг нь бүхэллэг шинжээрээ өмнөх үеэсээ ялгарч буй юм. Энэхүү үе хоорондын заагийг хэн нэгнээс ялгарахын тулд бус бие биенээ илүү ойлгохын тулд ашиглах нь зүйтэй.

Z үеийнхний хувьд анхаарлын төв нь хиймэл оюун, machine learning, сансрын аялал байдаг. Харин өмнөх үеийнхний шийдэх гол асуудал нь энх тайван, үйлдвэрлэл, сансар судлал байжээ. Энэ чиг хандлагаа дагаад тэд илүү чөлөөт сэтгэлгээтэй, сонгогдохоос илүүтэй сонгоход анхаарлаа хандуулдаг болжээ.

Мөн өөр нэгэн онцлогийг дурдвал, судалгаагаар Z үеийнхний 80 хувь нь бүтэлгүйтлийг ялагдал гэж мэдрэхээс илүүтэй өсөж хөгжих, суралцах боломж хэмээн хүлээн авдгийг тогтоосон байна. Түүнчлэн ажлын байран дээрх Z-үүдийн 69 хувь нь хамт олонтойгоо бус ганцаараа нэг өрөөнд ажиллахыг илүүд үздэг бөгөөд багаар ажиллахаас илүүтэй бие даан шийдвэр гаргахыг эрмэлздэг аж. Үүнээс тэдний эрх чөлөөний өндөр мэдрэмж, бие даасан байдлыг анзаарч болох юм.

Санал болгох: Z үеийнхний энтертайнмент хувьсал


улс төрийн оролцоо гэж юу вэ

“Энгийн иргэдэд төр засагтайгаа хариуцлага тооцох боломж олгодог ардчиллын амин чухал, салшгүй нэг хэсэг нь иргэдийн улс төрийн оролцоо юм” гэж судлаач Роберт Даль 1973 онд бичиж байжээ. Энэ мэт иргэдийн улс төрийн оролцооны ач холбогдлыг нэгд нэгэнгүй дурдвал өнөөдрийн нийтлэл маань хүрэлцэхгүй биз. Тиймээс шууд улс төрийн оролцооны хэлбэрүүдийг авч үзье.

Ихэнх судлаачид улс төрийн оролцоог "уламжлалт" буюу “институтийн оролцоо”, “институтийн бус” оролцоо гэж ангилан судалж байна. Институтийн оролцоонд сонгуульд санал өгөх, намд гишүүнээр элсэх зэрэг уламжлалт оролцооны хэлбэрүүд багтана. Харин институтийн бус оролцоо нь жагсаал, цуглаанд оролцох, онлайнаар санал бодлоо илэрхийлэх гэх мэт хэлбэрээр илэрч буй юм.

Сошиал дээр лайк эсвэл шэйр дарах төдийд улс төрд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой болсон сонирхолтой цаг үед бид амьдарч байна.

Улс төр судлаач С.Болдсайхан

Залуучуудын улс төрийн уламжлалт оролцооны түвшин ихэнх улсад эрчимтэй буурч байгаа бол институтийн бус оролцоо нь улам бүр нэмэгдэж байгаа ажээ. Энэ үзэгдэл нь манай оронд ч ялгаагүй өрнөж буйг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн 2021 оны "Олон нийтийн санал бодлын судалгаа"-наас харж болох юм.

Уг судалгаагаар 18-35 насны залуусын 52 хувь нь "олон нийтийн мэдээллийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэх", "эсэргүүцлийн жагсаалд оролцох" байдлаар улс оронд гарч буй шийдвэрт нөлөөлж байна гэсэн хариултыг өгчээ. Харин зөвхөн 11 хувь нь "сонгуульд санал өгөх", нэг хувь нь "улс төрийн намд элсэх" гэж хариулсан аж.

Санал болгох: Залуусын улс төрийн оролцоо



цаг хугацааны товъёог

- 2016 оны УИХ-ын сонгуулиар Z үе 18-21 настай байв. Харин уг сонгуулийн 18-25 насны залуусын ирц 50.8 хувьтай байжээ.

- 2020 оны УИХ-ын сонгуулиар Z үеийнхний (18-25 настай) 62 хувь нь саналаа өгч, өмнөх сонгуулиас өссөн үзүүлэлттэй байв.

- 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын ирцийн мэдээллийг нийт 12 бүлгээр задлан харуулдаг болсон. Уг сонгуульд 18-19 настай сонгогчдын ирц бусад залуу сонгогчдын ирцээс илүү байв. Энэ нь сонгогчдын нас ахих тусам сонгуулийн ирц өндөр болдог зүй тогтлыг эвдсэн үйл явдал болжээ.

- 2022 оны дөрөвдүгээр сард болсон "Монголдоо сайхан амьдармаар байна" тайван жагсаалд Z үеийнхний төлөөлөл нэн идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэсэн нь шинэ үеийнхний улс төрийн оролцоо нэмэгдэж буйг илтгэсэн билээ.



тооны хэлээр

7: Z үеийнхэн 2013 оноос хойш Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн нийт 7 удаагийн сонгуульд оролцжээ.

54: АНУ-ын 1500 оюутнаас авсан судалгаагаар тэдний 54 хувь нь өөрийгөө бие даасан хэмээн тодорхойлж, тухайн улсын нөлөө бүхий хоёр намын алинд ч харъяалагддагүй гэж хариулжээ.

67:Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо”-ны судалгаагаар залуусын 67 хувь нь 2020 оны УИХ-ын сонгууль "шударга бус болсон", "зарим нь шударга, зарим нь шударга бус болсон" гэжээ.

84: Дээрх судалгааны үр дүнд залуусын 84,8 хувь нь улс төрийн ямар нэг статусгүйг тогтоосон байна. Харин судалгаанд оролцогчдын 13.2 хувь нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын гишүүн байв.

түгээмэл асуулт, хариулт

Z үеийнхний улс төрийг харах өнцөг?

Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгаанд оролцогчдын 88 хувь нь “Улс төр хэт замбараагүй”, “Сонгууль дөхөөд улс төр бужигнасан байдалтай байна” гэж хариулжээ. Харин "Олон нийтийн санал бодлын судалгаа"-гаар 18-35 насны залуусын 69 хувь нь "Манай улсын хувьд ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар. Гэхдээ сайжруулах, дахин шат ахиулах шаардлага бий" гэсэн байна.

Үүнээс үзэхэд залуус улс төр, засаглалын өнөөгийн байдлыг сайжруулах шаардлагатайг ухамсарлаж буй ч хэтэрхий эмх замбараагүй хэмээж, зайлсхийх хандлагатай байгааг ажиглаж болох юм.

Залуус сонгуульд оролцдоггүй шалтгаан?

Дээрх судалгаанд оролцогчдоос сонгуульд оролцож саналаа өгөөгүй шалтгааныг тодруулахад, “сонгуульд оролцох зав гараагүй”, “итгэл хүлээлгэх нам, улс төрч байгаагүй”, “улс төрчид, намууд шударга биш”, “миний саналаас үл хамааран сонгууль болдгоороо болно” зэрэг хариултууд өгчээ. Дэлхийн чиг хандлагын адилаар уламжлалт улс төрийн оролцооны хэлбэрийг залуус чухалчлахгүй байгаа нь харагдаж байна.

сонирхолтой баримтууд

19 настай улс төрч: Өмнөд Солонгос Улс өнгөрөгч 12-р сард орон нутгийн сонгуульд нэр дэвших насны доод хязгаар 25 байсныг 18 болгож бууруулжээ. Үр дүнд нь Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа 19 настай 12-р ангийн сурагч дүүргийн ИТХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Тус сонгуульд 19-30 насны 176 хүн нэр дэвшиж, 82 залуус ялалт байгуулжээ.

Залуу төлөөлөл: Манай улсад 2008 оноос хойших УИХ-д 35 хүртэлх насны хоёр гишүүн сонгогджээ.

Залуу хотын дарга: Лондонгийн Левишом дүүргийн удирдлага жил бүр орон нутгийн залуусын оролцоог дэмжих зорилгоор тус дүүргийн сургууль, коллежид суралцдаг 13-18 насны залуусыг Залуу хотын дарга хэмээх нэмэлт албан тушаалд нэр дэвших эрх олгож, залуу зөвлөхүүдийн бүлэг байгуулдаг ажээ.

Дэлхий даяарх тэмцэл: Уур амьсгалын хямралын эсрэг улс төрчдийг стратегийн арга хэмжээ авахыг шаардаад буй "Extinction Rebellion" бүлгэм дэлхийн 84 улсад үүсээд байна. Ковид цар тахлын дэгдэлтээс өмнө Европын улсуудад дэлхийн дулаарлын эсрэг залуусын тайван жагсаал эрчимтэй өрнөсөн билээ.

Ковидын дэгдэлт намжсанаар уг хөдөлгөөн нь эргэн идэвхжиж эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд энэ оны дөрөвдүгээр сард Лондон хотноо болсон тайван жагсаалд эрдэмтэд нэгдсэн нь онцлог байв.



уламжлалт бус улс төрийн оролцоо - b1d

Саналаа өгөх, намд элсэхээс гадна улс төрийн уламжлалт бус оролцоонуудыг авч үзье. ТББ байгуулах, ИНБ-ын үйл ажиллагаанд нэгдэх, улс төрийн боловсролоо дээшлүүлэх, бусадтай санал бодлоо солилцох, бие биетэйгээ мэдлэгээ хуваалцах гэх мэт олон хэлбэрээр бид оролцож болно.

Үүний нэг жишээ нь "B1D – БиНэгдий" залуусын өдөрлөг юм. Тус өдөрлөг нь залуучуудын олон байгууллагууд нэгдэж, “залуус залуусын төлөө” арга барилаар, нээлттэй зохион байгуулагдах ажээ. Өдөрлөгийн гол зорилго нь залуус хүссэн асуудал, сэдвийн талаар хоорондоо чөлөөтэй ярилцах, халуун дотно яриа өрнүүлэх, бие биедээ мэдлэгээ хуваалцах, залуусын дуу хоолойг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох юм.

"B1D – БиНэгдий" залуусын өдөрлөгийг “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй аж. Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Азийн сан хамтран хэрэгжүүлж байна.

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн White Rock төв

Хэзээ: 6 сарын 11-ний өдөр