Зуны эд халуун хэзээ мөдгүй эхлэх нь дээ гэж бодтол цас орж биднийг гайхшируулсан өнгөрсөн сарын тэр өдрийг та санаж байна уу? Тэр зүгээр л нэг байгалийн үзэгдэл байв уу эсвэл дэлхийн дулаарлын бас нэгэн шинж тэмдэг үү? Ер нь ийнхүү хэт халж, хэт хүйтрэх нь дэлхийн дулааралтай хамаатай юу? Эдгээр асуултын хариуг энэ удаагийн нийтлэлдээ тайлбарлалаа.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
1. Эрс тэс цаг агаарын үзэгдэл дэлхийн дулааралтай хамааралтай гэж үү?
Дэлхийн дулаарлаас үүдэлтэй хэт халалтын тохиолдол олширсон тухай хэлэлцэхэд хүмүүс ихэвчлэн “Хааяа ийм үзэгдэл тохиолддог шүү дээ, байгалийн тогтолцоо угаас ийм” хэмээн маргах нь бий. Мэдээж байгаль гэнэтийн үзэгдлээр дүүрэн ч гэлээ эдгээр үзэгдлийн давтамж ихэссэн нь санамсаргүй хэрэг биш юм. Тухайлбал агаар мандалд хүлэмжийн хийн агууламж нэмэгдэхэд хүний үйл ажиллагаа, ялангуяа түлш шатаах, ой модыг устгах зэрэг үйлдэл ихээхэн нөлөөлсөн болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь цаашлаад дэлхийн температурын өсөлтөд хүргэж, улмаар цаг уурын төлөв байдалд нөлөө үзүүлж буй.
Мөн 2020 онд дэлхийн агаарын температур аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс 1.2°С-ээр нэмэгдэж, хамгийн халуун жилүүдийн нэг болсон төдийгүй үүнд хүний үйл ажиллагаа томоохон нөлөө үзүүлсэн гэдэгтэй судлаачид ч санал нийлдэг. Тэгэхээр цаг агаарын эрс тэс үзэгдэл бүр уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалдаггүй ч ийм үзэгдлийн эрчимжилт нэмэгдэж буй нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмээн ойлгож болно.
2. Яагаад зун тэгж их халах болов?
Сүүлийн жилүүдэд ганц хавраар тогтохгүй бүх л улирлын ааш аягийг олоход бэрх болжээ. Юун түрүүнд эдгээр цаг агаарын өөрчлөлтийг ойлгохын тулд бүгдээрээ тийрэлтэт урсгал хэмээх нэр томьёотой танилцах хэрэгтэй. Учир нь энэ урсгал бол цаг агаарын системийг удирдан чиглүүлэгч бөгөөд ихэвчлэн баруунаас зүүн тийш урсдаг байна. Улмаар хойд туйлаас хүйтэн агаар, доод өргөргөөс дулаан агаарыг тусгаарладаг ба температурын зөрүү мэдэгдэхүйц их үед тийрэлтэт урсгал хүчтэй, тогтвортой байна. Харин энэ ялгаа багасах тусам тийрэлтэт урсгалын эрч суларч, улам савладаг аж.
Тэгвэл яагаад зарим газарт хэт халуун, заримд нь хэт хүйтэн нүүрлэж байгаа вэ? Тухайлбал, Арктик дэлхийн бусад хэсгээс илүү хурдан дулаарч байгаа буюу Арктик ба экватор хоорондох температурын зөрүү багасаж буй. Үүнээс үүдэн тийрэлтэт урсгал удааширч, долгиолог болж, ийнхүү Арктикийн хүйтэн агаар доод өргөрөг рүү татагдан зарим бүс нутагт гэнэтийн хүйтэн тохиож буй.
Үүнтэй зэрэгцээд дулаан агаарыг хойд зүг рүү түлхсэнээр зарим газарт хэт халалт үүсэж байна. 1950 оноос хойш Европт халалтын давтамж гурав дахин, үргэлжлэх хугацаа нь хоёр дахин нэмэгдсэн нь ч үүнтэй холбоотой. Товчхондоо дэлхийн дундаж температур нэмэгдэж байгаа учраас долгиолог тийрэлтэт урсгал нь зарим газарт хэт хүйтэн, зарим газарт хэт халуун цаг агаарыг үүсгээд байгаа хэрэг.
3. Цаг агаарын мэдээ найдвартай юу?
Уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэг хүмүүс "температур бүртгэх төхөөрөмж найдваргүй" эсвэл "цаг уурын мэдээллийг хуурамчаар үүсгэдэг" гэж үздэг.
Хэрэв бүх шинжлэх ухааны өгүүлэл, температурын мэдээг ганц хоёр бүртгэх төхөөрөмжид тулгуурлан хийдэг байсан бол энэ нь үндэслэлтэй санаа байж болох ч дэлхий даяар янз бүрийн бие даасан байгууллагууд цаг уурын өгөгдлийг боловсруулдаг гэдгийг мартаж болохгүй. NASA, NOAA (Далайн болон агаар мандлын үндэсний захиргаа), Их Британийн цаг уурын алба, Японы цаг уурын алба, Европын цаг агаарын урьдчилсан мэдээний төв тэргүүтэй байгууллагууд өөрсдийн аргаар, ялгаатай төхөөрөмжөөр цаг уурын мэдээг тодорхойлдог ч үр дүн нь хоорондоо хол зөрдөггүйг батлах судалгаанууд бий.
САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ
ХҮЙТЭН Л БАЙНАДАА, ДУЛААРЧ БАЙГАА НЬ ҮНЭН ЮМ УУ?
Хэсэг хүйтэрч, цас орлоо гээд дэлхийн дулаарлыг худал гэж тооцох нь өнгөцхөн. Учир нь цаг агаар, уур амьсгал хоёр ч бас ялгаатай ойлголт гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн дулаарлыг цаг уурын мэдээллийн урт хугацааны чиг хандлагаар хэмждэг бөгөөд дээр дурдсанчлан НАСА тэргүүтэй бусад судалгааны байгууллага цаг уурын станц, хиймэл дагуул, далайн хөвүүр болон бусад эх үүсвэрээс мэдээлэл цуглуулдаг. Тэрхүү урт хугацааны өгөгдлөөс харахад дэлхийн дундаж температур тодорхой өсөлттэй байгааг харж болно. Тухайлбал, НАСА-ийн Годдард сансар судлалын хүрээлэн (GISS) 19-р зууны сүүлчээс дэлхийн температур ойролцоогоор 1.2 хэмээр нэмэгдсэнийг мэдээлсэн.
Мөн 2016 онд хийсэн судалгаагаар хүн төрөлхтний үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгаралт сүүлийн 66 сая жилийн хугацаанд урьд өмнө байгаагүй өндөр байгааг онцлов. Өөрөөр хэлбэл, температурын өсөлтийн хурд 56 сая жилийн өмнөх хэт халалтаас 10 дахин хурдан байна.
Уур амьсгал судлаач доктор Зеке Хаусфатерын хэлснээр сүүлийн 50 жилийн хугацаанд тохиолдсон дулааралд 100 хувь хүний үйл ажиллагаа буруутай хэмээн тооцоолсон нь тийм ч дэгсдүүлсэн тооцоолол биш. Хэрэв нарны тусгал, галт уулын идэвхжил зэрэг байгалийн хүчин зүйлс буюу “байгалийн жамаараа” дэлхий халж байсан бол энэ хугацаанд дэлхий бага ч болов хөрөх байсан шүү дээ. Товчхондоо цаг агаар хэлбэлзэж байгаа хэдий ч урт хугацаандаа дэлхий эргэлзээгүй дулаарч байгаа ажээ.
"ЗАРИМ СУДЛААЧИД ХҮРТЭЛ ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙДАГ"
1970-аад оны үед мөстлөгийн үе эхлэх гэж буйг эрдэмтэд тооцоолсон байхад яагаад одоо дэлхийн дулаарлын тооцоонд итгэх ёстой гэж? Бидний зарим нь ийн маргасаар байна. 20-р зууны дунд үед цаг уурын шинжлэх ухаан анхан шатандаа байсан нь үнэн. Мөн тухайн үеийн мэдээллүүд цөөн тооны судалгаан дээр үндэслэн тооцоолсон учир дутагдлыг ч бас ойлгох хэрэгтэй. Тухайлбал 1965-1979 оны хоорондох 71 цаг уурын өөрчлөлттэй холбоотой эрдэм шинжилгээний өгүүллээс 44 нь дэлхий дулаарч байгааг онцолсон бол долоо нь дэлхий хөрж байгаа хэмээн дүгнэж, үлдсэн 20 нь ямар нэг дүгнэлтэд хүрээгүй аж. Нэг ёсондоо цөөхөн хэдэн эрдэмтэн хагас зуун жилийн өмнө дэлхий хүйтэрнэ хэмээн таамаглаж байсныг хэтэрхий “сэвсэн” хэрэг.
Тэгвэл олон жилийн турш хийсэн янз бүрийн судалгаа шинжилгээнээс үзэхэд цаг уурын эрдэмтдийн 90-100 хувь нь дэлхийн дулаарлын гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа гэдэгтэй санал нэгдэж байна. Цаг уур судлаач Кейт Марвел "Тамхи хорт хавдар үүсгэдэг гэх мэдээллээс илүү хүлэмжийн хий уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаад бид илүү итгэлтэй байна" гэж хэлжээ. Мэдээж эсрэг байр суурийг илэрхийлэх судалгааны өгүүллүүд бий ч тэдгээрийг дэлхий дулаарч буйг тогтоосон судалгаануудтай харьцуулахад хамрах хүрээ нь хязгаарлагдмал билээ.
ИРЭЭДҮЙГЭЭС ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ
1. Бороон дуслаас эрчим хүч
Бороон дуслын кинетик энергийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг шинэ технологийн талаар дуулсан уу? Хонг Конгийн Их Сургуулийн судлаачид нэг дусал борооноос 140 вольтоос дээш хүчдэл гаргах чадвартай, 100 жижиг LED чийдэнг тэжээхэд хангалттай эрчим хүч бүхий цахилгаан үүсгүүр зохион бүтээжээ.
Хур тунадас ихтэй бүс нутагт өргөн цар хүрээнд ашиглаж болох энэхүү технологийг барилгын гадаргуу, дээвэр, цонхонд байршуулах замаар нэмэлт эрчим хүчээр тухайн барилгыг хангах боломжтой аж. Хэдийгээр энэ технологи нь туршилтын шатандаа явж байгаа ч эрчим хүч цуглуулах ухаалаг, хэмнэлттэй шийдлүүдийг нэг шат ч болов урагшлуулсан сонирхолтой шийдэл биш гэж үү?
2. Нарны эрчим хүчээр ажилладаг даавуу
Нарны эрчим хүчээр ажилладаг хувцасны материал нь сэргээгдэх эрчим хүчний салбарын хамгийн сүүлийн үеийн инновац ажээ. Жоржиа мужийн Технологийн хүрээлэнгийн судлаачид нарны гэрэл болон механик хөдөлгөөнөөс эрчим хүч цуглуулах чадвартай даавууг бүтээсэн гэв. Энэхүү даавуу нь нэг квадрат метр талбайд 2 ватт хүртэл эрчим хүч гаргаж, жижиг электрон төхөөрөмжүүдийг цэнэглэхүйц хүчин чадалтай. Түүнчлэн судлаачдын тооцооллоор энэ төрлийн технологийн зах зээл 2026 он гэхэд 475 сая долларт хүрэх төлөвтэй байгаа гэнэ.
3. Агаар дахь CO2-ийг бууруулах далайн вирус
Тодорхой төрлийн бактери, цахиурт замгийг задалж, далайн усанд органик нэгдэл ялгаруулдаг вирусийг Охайо их сургуулийн эрдэмтэд генийн инженерчлэл, хиймэл оюун ухааны тусламжтай гарган авахаар судлаад байгаа юм. Энэхүү вирусийн ялгаруулсан органик нэгдэл нь далай тэнгисийн гүнд олон зууны турш хадгалагдсанаас үүдэлтэй агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах чадвартай ажээ.
Цаашлаад судлаачид вирусийн геномын дарааллыг өөрчлөх замаар тодорхой бичил биетний популяцийг сонгож задалдаг вирусийг бий болгох боломжтой хэмээсэн юм. Гэсэн хэдий ч энэхүү судалгаа олон сорилт, их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаардах учраас хэрэглээнд нэвтрэхэд хэтэрхий хол байна гэхэд хилсдэхгүй.
ТАНЫ МЭДЭЭГҮЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
1. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй нүүдэл
Дэлхийн дулаарал шилжилт хөдөлгөөнийг улам бүр нэмэгдүүлж байна. 2008 оноос хойш жил бүр дунджаар 21.5 сая хүн хар салхи, үер, удаан үргэлжилсэн ган гачиг зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн улмаас гэр орноо орхин дүрвэхэд хүрчээ. Зөвхөн 2020 онд гэхэд л дотоод шилжилт хөдөлгөөний хяналтын төв (IDMC) уур амьсгал, цаг агаарын аюулаас үүдэн дэлхийн хэмжээнд 30 сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээлсэн юм.
Үүний зэрэгцээ далайн түвшний өсөлт, цөлжилт, тариалангийн талбайн хомсдол зэрэг байгаль орчны урт хугацаан дахь өөрчлөлтүүд энэ чиг хандлагыг улам хурдасгах төлөвтэй байна. Дэлхийн банк 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлт нь Сахарын цөлөөс урагш Африк, Өмнөд Ази, Латин Америк даяар 143 сая цагаачдыг бий болгоно хэмээн тооцоолж буй. Энэ нь зөвхөн хүмүүнлэгийн асуудал төдийгүй тэдгээр цагаачдыг хүлээж авах бүс нутгийн нөөц, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээнд үзүүлэх дарамт зэрэг томоохон асуудлуудыг бий болгох юм.
2. Тураалд орж буй цаа буга
Судалгаагаар сүүлийн 20 жилийн хугацаанд цаа бугын биеийн жин 12 хувиар буурсан болохыг тогтоожээ. Судлаачид энэ жингийн өөрчлөлтийг хойд туйлд богино, дулаан өвөл, урт, халуун зун тохиож байгаагаас үүдэн тэдний байгалийн үржлийн мөчлөг алдагдаж, идэш тэжээлээ олж идэхэд хүндрэл учран улмаар тэжээлийн дутагдалд орж байгаа хэмээн тайлбарлаж байгаа юм. Мөн энэ асуудал нь зөвхөн цаа буга төдийгүй тухайн бүс нутгийн соёлын зан үйлд түшиглэн амьдардаг уугуул иргэдэд мөн сөргөөр нөлөөлж буйг мартаж болохгүй.
3. Чанаргүй дарс
Дулаан температураас болж усан үзмийн боловсролт, дарсны амт, үнэр, спиртийн агууламж өөрчлөгддөг. Жишээлбэл, 2017 онд Европын усан үзмийн ургац ган гачгийн улмаас сүүлийн хэдэн арван жилийн хамгийн бага ургац хураасан жил болж, өмнөх жилтэй харьцуулахад дарсны үйлдвэрлэл 14 хувиар буурчээ. Дарс үйлдвэрлэгчид эдгээр өөрчлөлтийг даван туулахын тулд халуунд тэсвэртэй усан үзмийн сорт тарих, тариалангийн арга техникээ өөрчлөх зэрэг дасан зохицох арга барилыг хэрэгжүүлж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлт үргэлжилсээр байгаа боловч усан үзмийн сахрын агууламж ихсэж, ургац хураалт багассан хэвээр байна.
Мянга мянга судалгаа, статистик дэлхийн өнцөг булан бүрд дулаарал бидэнд үй олон хор уршиг авчирч байгааг баталж байна. Магадгүй энэ их мэдээлэлд дөжирч, ямар ч үйлдэл хийсэн нэмэргүй мэт санагдаж болох ч угтаа бидэнд мэдээлэлд төөрч суух тансаглал ч байхгүй ажээ. Хэрэв бид дорвитой үйл ажиллагаа явуулахгүй бол 2100 он гэхэд дэлхийн дулаарал эдийн засгийг 37 хувиар хумих магадлалтай байгаа учраас дорвитой шийдэлд хүрч, даацтай шийдвэр гаргахаас өөр сонголт үлдээлгүйг бид бүгдээрээ ухамсарлах учиртай.