Автобусанд, гадаа алхаж байхад, кофе шопод сууж байхад гэнэт чихэрлэг үнэр үнэртдэг явдалтай бид хэдийн дасал болжээ. Энэ явдал дам тамхидалт гэдгийг мэдэх үү? Электрон тамхины утаа илүү “хөнгөхөн” байлаа гээд хажуу хавирганы хүмүүс маань хордохгүй байна хэмээн эндүүрч болохгүй. Энэхүү нийтлэлээрээ сүүлийн үеийн судалгаанууд бидэнд юуг анхааруулж буйг задалж, судлаачдын дунд халуун сэдэв болсон электрон тамхины тухай хэлэлцье.  

Тамхи татах үед биед юу болдог вэ? 

Юун түрүүнд электрон байна уу, янжуур байна уу аль ч тамхийг татсан уушгинд юу болдгийг ойлгоё. Ингэхдээ таны биеийг автомашинтай зүйрлэе л дээ. Автомашины хөдөлгүүр утаа тоосонд бохирддог шиг тамхи татах үед тоос, тортог мэт тогтворгүй молекулууд буюу чөлөөт радикалууд биед үүсдэг. Эдгээр нь таны биеийн эсүүд буюу уураг, липид, ДНК-тай харилцан үйлчилж биеийн “хөдөлгүүрийг” тань зэврээж байдаг.

Судалгаагаар электрон тамхи татсанаас хойш 30 минутын дотор амьсгалсан азотын ислийн түвшин болон амьсгалын замын агаарын эсэргүүцэл нэмэгддэг ажээ. Товчохндоо таны уушгины хавхлаг соруул мэт нарийсаж, богино амьсгалууд авч буй хэрэг. Ингэснээр уушгинд агаар чөлөөтэй урсах боломж хүндэрч, улмаар шаардлагатай хүчилтөрөгчөө авах гэж илүү их ачаалласанаар мөн л бие эрхтнийг тань зэврээж байгаа юм.


Түгээмэл асуулт, хариулт  

Электрон тамхины эрүүл мэндийн эрсдэл юу вэ?

Таван жилийн хугацаатай, электрон тамхи хэрэглэгчдийн эрүүл мэндийг хянасан судалгаагаар тамхи татдаггүй, янжуур болон электрон тамхи татдаг гурван бүлгийг харьцуулан судалжээ. Судалгааны үр дүнд электрон тамхи татдаг хүмүүсийн 24 хувьд, янжуур тамхи татдаг хүмүүсийн 16 хувьд, тамхи татдаггүй хүмүүсийн 10 хувьд архаг бронхитын шинж тэмдэг илэрсэн байгаа юм.

Электрон тамхи дам тамхидалт үүсгэх үү?

Тийм. Электрон тамхи нь ердийн тамхи шиг дам тамхидалт үүсгэдэггүй боловч уур үүсгэдгийг бид мэднэ. Энэ уур нь электрон тамхины доторх шингэнийг халааж, ууршуулах үед үүсдэг. Хэдийгээр энэ нь хоргүй усны уур мэт санагдаж болох ч үнэндээ ойр тойрны хүмүүстээ дам тамхидалт мэт хор уршигтай бөгөөд орчны агаарыг мөн бохирдуулдаг. Учир нь энэ уур буюу аэрозольд никотин, хэт нарийн ширхэгт тоосонцор, амт оруулагч, хүнд металл зэрэг нэгдэл агуулагддаг.

Электрон тамхины тусламжтай янжуур тамхинаас гарах боломжтой юу?

Энэ асуулт маргаантай сэдэв хэвээр буй. New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн, 2019 оны судалгаагаар электрон тамхи нь тамхинаас гарахад туслах наалт, бохь зэрэг никотин орлуулах эмчилгээнээс илүү үр дүнтэй болохыг тогтоож байсан. Судалгаагаар электрон тамхи хэрэглэсэн бүлгийн 18 хувь нь нэг жилийн дараа тамхи татахаа больсон бол бусад никотин орлуулах эмчилгээг хийлгэсэн бүлгийн 9.9 хувь нь тамхиа хаяжээ. Гэвч Нийгмийн эрүүл мэндийн агентлагууд, АНУ-ын хүнс эмийн захиргааны хэлж буйгаар электрон тамхи нь тамхинаас гарах шийдэл биш бөгөөд электрон тамхины цаашдын үр нөлөө шинэ хэвээр байгааг сануулж буй.



Сая долларын эргэлзээ 

Электрон тамхи хорт хавдар үүсгэдэг үү?

Хулгана дээр хийсэн туршилтаар тамхины уур нь ДНХ-г гэмтээж, нөхөн сэргээх механизмыг нь саатуулснаар хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Тухайлбал электрон тамхины ууранд өртсөн хулгануудын уушгины эдэд ДНХ-ийн гэмтэл 22 хувиар нэмэгдэж, хяналтын буюу электрон тамхины ууранд өртөөгүй хулганатай харьцуулахад ДНХ-ийн нөхөн сэргээх ферментийн идэвхжил нь 15 хувиар буурсан байна. Мөн өөр нэгэн судалгаагаар электрон тамхи хэрэглэгчдийн шээсэнд хорт хавдар үүсгэгч бодис буюу нитрозамин бодисын агууламж 5.8 дахин өндөр байгааг илрүүлжээ.

Электрон тамхи энгийн тамхинаас илүү эрүүл гэж үнэн үү?

Английн Нийгмийн Эрүүл Мэндийн 2015 оны тайланд дурдсанаар электрон тамхи нь уламжлалт тамхинаас 95 хувиар бага хор хөнөөлтэй гэжээ. Электрон тамхи янжуур тамхи шиг шаталт үүсдэггүй учраас шаталтаас үүсэх хортой бодис болох давирхай, нүүрстөрөгчийн дутуу ислийг үүсгэдэггүй гэсэн үндэслэлээр ийнхүү дүгнэсэн аж. Гэхдээ электрон тамхи нь амт оруулагч химийн нэгдлийг агуулдгийг санах хэрэгтэй.

Тухайлбал электрон тамхины никотин болон аэрозольд нь агуулагдах төрөл бүрийн бодисууд нь цусны урсгал руу орж, судсыг агшаадаг. Ийнхүү нарийссан судсаар цусыг шахахын тулд зүрх илүү их ажиллаж, цусны даралт болон зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг аж. Улмаар харвах, зүрх судасны өвчлөлөөр өвчлөх эрсдэл илүү нэмэгддэг гэсэн үг. Судалгаагаар электрон тамхи хэрэглэдэг хүмүүсийг хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчин тусах эрсдэл 34 хувиар их гарчээ.

Ирээдүйгээс илгээсэн захидал

Усан суурьтай электрон тамхи

Aquios Labs тэргүүтэй компаниуд усан суурьтай электрон тамхины технологийг хөгжүүлжээ. Уг бүтээгдэхүүн нь 2023 оны эхэн үеэс худалдаанд гарсан бөгөөд хоолой хатаж, хуурайших, цочроох асуудлуудыг шийдэж, электрон тамхины уурыг илүү зөөлөн болгосон аж. Гэвч энэ бол маш том маргааныг дагуулсан, шинэ сэдэв билээ. Учир нь чийгтэй уурыг уушги руугаа оруулах нь бактери, вирусэд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Түүнчлэн усан суурьтай электрон тамхи нь энгийн электрон тамхинд агуулагддаг бүхий л бодисыг мөн адил агуулдаг бөгөөд илүү нарийн ширхэгтэй уур үүсгэснээр тэдгээр нэгдлийг уушгинд илүү хурдан шингээх таатай нөхцөл болох юм.

Таны мэдээгүй сонирхолтой баримт  

Попкорн уушги

Анагаахын нэршил нь Bronchiolitis obliterans гэх энэ өвчлөл нь уушгинд сорвижилт үүссэнээс болж урт хугацаандаа амьсгалын дутагдалд хүргэдэг аюултай. Сонирхолтой нь энэ өвчлөлийг анх попкорны үйлдвэрийн ажилчдад диацетил хэмээх химийн бодис амьсгалснаас болж үүсэн тул ийнхүү нэрлэсэн ажээ. Яг үүний адилаар электрон тамхинд агуулагдах хлор, формальдегид зэрэг бусад олон химийн бодисууд ч энэ уушгины өвчнийг үүсгэж болно.

Электрон тамхины хувьд янз бүрийн амтыг үүсгэгч шүүсэнд нь агуулагдах химийн нэгдэл нь энэ өвчлөлийг үүсгэдэг болохыг судлаачид тогтоосон байна. Тухайлбал Дархлаа судлалын Current Opinion сэтгүүлийн нийтлэлд диацетил хэмээх амт оруулагч бодис нь попкорн уушги өвлөлийн шалтгаан болохыг тогтоожээ.

Е витамин

Бидний сайн мэдэх Е витамин нь олон төрлийн ургамлын тос, үр, жимс, ногоонд агуулагддаг. Харин Е витамины лабораторид синтезээр гаргаж авсан ацетат хэлбэр нь үйлдвэрлэхэд хямд, хурдан байдаг учраас олон гоо сайхны бүтээгдэхүүн болон электрон тамхины шингэрүүлэгч бодисоор ашиглах нь элбэг. Гоо сайхны бүтээгдэхүүнд Е витамины ацетат хорт нөлөөгүй боловч уушгитай харилцан үйлчлэх байдал нь тэс ондоо ажээ. Өмнө нь дурдсан электрон тамхинаас хамааралтай уушгины өвчлөлийн тохиолдлын өвчтөнүүдийн нэгэн нийтлэг шинж нь тэдний уушгины дийлэнх хэсэгт Е витамины ацетат өндөр хэмжээтэйгээр агуулагдаж байсныг олж тогтоосон явдал юм.


Бидний уушгинд цулцан хэмээх жижиг агаарын уутанцар байдаг аж. Энэ бөмбөлөг мэт уутанцар нь цусан дахь нүүрсхүчлийн давхар ислийг шинэ хүчилтөрөгчөөр сольж, амьсгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр агаарын уутанцрууд нь гадуураа фосфолипид хэмээх гулгамтгай давхаргаар бүрхэгддэг бөгөөд энэ нь яг саван шиг ажилладаг гэсэн үг. Энэхүү саван мэт давхарга нь уушгины цулцангийн уутанцрууд хоорондоо наалдахгүй нээгдэж хаагдах буюу жигд амьсгалахад туслах тосолгоо мэт ажилладаг байх нь.

Харин Е витамин нь липофилик буюу тосонд дуртай шинж чанартай тул тэрхүү саванлаг давхаргатай холилддог. Тэгвэл электрон тамхийг сорох үед Е витамины ацетат нь уушгины тэрхүү тослог бүрхэвчийг саатуулдаг аж. Энэ үйл явц байнга явагдсанаар уушгины хатгалгаагаас өгсүүлээд уушгины олон төрлийн өвчлөлийг үүсгэдэг байж болзошгүй хэмээн судлаачид тайлбарлаж байна.

Анхааруулга: Электрон тамхины тухай сэдэв нэн шинэ бөгөөд хийгдсэн судалгаанууд нь ихэвчлэн богино хугацааны ажиглалтын судалгаанууд байгаа юм. Тэдгээрийг ерөнхийлөн дүгнэх юм бол электрон тамхи нь хүний биед олон төрлийн сөрөг нөлөөтэй. Тэдгээр нөлөөг зарим талаар нь янжуур тамхинаас бага хэмээн дүгнэж болох ч огт хор нөлөөгүй хэмээн үзэж хэрхэвч болохгүй. Тиймээс ухамсарт хэрэглээтэй байхыг уншигч танд зөвлөж байна.