Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй, мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил.

Бид энэ удаагийн дугаартаа дэлхийн 100 гаруй улсад албан ёсоор борлуулагдаж буй тав тух, тансаглалын илэрхийлэл "Lexus" брэндийн үүсэл хөгжил, амжилтын нууцийг  тайлбарлан хүргэж байна.

Уншигч танд дуулгахад төмөр хөлгийн түүхийн салшгүй нэг хэсэг Тоёота Мотор Корпорацийн "Lexus" брэндийг энэ мөчөөс эхлэн Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулж эхэлжээ.  

2023 оны Lexus NX загвар

1989 онд танилцуулсан Lexus ES 250 загвар

БРЭНДИЙН ТҮҮХ

1983 онд Тоёотагийн Ерөнхий захирал Эйжи Тоёода дэлхийн хамгийн шилдэг автомашин зохион бүтээх саналыг инженерүүддээ тавьж “Flagship-1” буюу “F1” төсөл эхэлсэн түүхтэй. Нэг тэрбум ам.долларын өртөгтэй уг төсөлд 60 загвар зохион бүтээгч, 1400 инженер, 2300 техникийн ажилтан, 220 туслах ажилтан 24 багт хуваагдан ажиллажээ.

Төсөл эхэлснээс хоёр жилийн дараа буюу 1985 онд төслийн багийнхан АНУ-ын дээдсийн хүрээллийнхний дунд Япон автомашины үнэлгээ ямар байгааг олж мэдэхээр нууц судалгаа явуулж, үр дүнд нь тааруу үнэлэмжтэй байдгийг олж мэдсэн гэдэг. Тийнхүү тэд эх орондоо буцаж, уг үнэлэмжийг дээшлүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар анхны Lexus загварын автомашиныг 1989 онд худалдаанд гаргаж байжээ. Харин өдгөө уг брэндийн автомашинууд Дэлхийн 100 гаруй улсад албан ёсоор худалдаалагдаж буй.


ТАКУМИ ЗАРЧИМ

Бүх зүйл технологийн гарт шилжиж буй өнөө цагт автомашин үйлдвэрлэлийн салбарт хүний оролцоо яагаад чухал вэ? Энэхүү асуултад өгөх Lexus брэндийн хариулт бол Такуми буюу мятаршгүй хичээл зүтгэл, тасралтгүй бэлтгэл сургуулилт, зүйрлэшгүй торгон мэдрэмжийн илэрхийлэл болсон Такуми мастерууд.

Үгийн утгыг авч үзвэл япон хэлнээс гаралтай такуми нь дархан, мужаан, ажилтан эсвэл чадварлаг хэмээх утгыг илтгэдэг. Харин ханзаар нь салган утгачилбал, “таку” нь өргөжүүлэх, нээх, дэмжих, “ми” нь далай, тэнгис аль эсвэл сайн үр дүн, үнэн байдлыг илэрхийлдэг аж.

Тэгвэл Тоёота компанийн хувьд Такуми бол нэг чиглэлээр дагнан ажилладаг өндөр ур чадвартай гар урчууд юм. Lexus брэндийн үйлдвэрлэж буй автомашины чанарын баталгаа болсон дотоод салоны хэсэг бүрийг гараар урлах, тэдгээрийг дахин нягтлах зэргээс эхлээд туршилтын жолоодлого хүртэлх бүхий л хэсэгт тэд чухал үүрэгтэй. Товчхондоо сонсох, харах, мэдрэх, үнэртэх, амтлах зэрэг мэдрэхүйгээрээ дамжуулан төгс төгөлдөр бүтээлийг бүтээх нь тэдний эрхэм бөгөөд үндсэн ажил юм.

Хэрхэн Такуми болох вэ?

Такуми болоход ур чадвараас гадна цаг хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа тодорхой нэг үеийг зөвхөн тэр ажилдаа зориулсан хүн л эцэстээ Такуми болж чаддаг.

Барууны орнуудад аливаа салбарт гаргууд мэргэжилтэн болохын тулд 10 мянган цаг дадлагажиж, тухайн ажлыг гартаа оруулах ёстой гэж үздэг. Жишээ нь та төгөлдөр хуурыг төгс эзэмшихийг хүсвэл хамгийн багадаа 13 сар унтаж амрах, идэж уухаа хойш тавин тасралтгүй бэлтгэл хийсэн байх шаардлагатай гэсэн үг юм. Харин Lexus брэндийн амин сүнс, үндэс суурь болсон Такуми мастер болохын тулд танд дээрх цагаас даруй зургаа дахин их буюу 60 мянган цагийн дадлага, туршлага хэрэгтэй. Нэг ёсондоо та зөвхөн машины эд ангийн чимээнд ямар нэг алдаа байгааг ялгаж сонсохын тулд ажил карьерынхаа 30 шахам жилийг зарцуулах ёстой болж байгаа юм.



Lexus брэндэд яагаад Такуми хэрэгтэй вэ?

Зөвхөн роботууд л автомашин эсвэл түүний эд ангийг үйлдвэрлэдэг байсан бол Такумигийн ур чадвар шаардахгүй. Гэхдээ Тоёота компани аливааг төгөлдөржүүлж, сайжруулахад гарцаагүй хүний ур ухаан, бүтээлч байдал хэрэгтэй гэдэгт итгэдэг бөгөөд энэхүү нэн чухал үүргийг такуми мастерууд гүйцэтгэдэг. Тиймдээ ч такуми мастерууд эртнээс автомашин бүтээх чадвартай роботуудыг сургасаар иржээ.

Төгс мэргэжилтэн Такуми болох нь

Такуми мастеруудын хувьд хамгийн чухал хэрэгсэл бол тэдний гар. Учир нь тэд цасан цагаан бээлий өмсөж, торгон мэдрэмжээ ашиглан нэг миллиметрээс ч бага хэмжээний зөрүү байгаа эсэхийг нягталж, сэргийлснээр Lexus брэндийг дэлхийд алдаршуулсан дээд зэргийн чанарыг баталгаажуулдаг билээ. Тэгвэл тэдний ур чадварыг хэрхэн шалгадаг вэ?

Хурд ба нарийвчлал: Такуми болохоос өмнө нэр дэвшигчдийг маш олон байдлаар үнэлдэг. Үүний нэг нь Японы цаас нугалах урлаг буюу Оригами. Жишээлбэл, тэд юун түрүүнд энгийн муурын эвхмэлийг 90 секундэд зүүн гараараа нугалж, өөрсдийн ур чадвараа сорьдог байна.

Дайчны сорилт: Будаг шалгах шугам дээр ажиллаж буй Такуми гар урчууд будгийн хамгийн жижиг өө сэвийг хүртэл олж мэдэхийн тулд олон жилийн турш суралцдаг. Багийн ур чадварыг шалгахын тулд будгийн Такуми мастер өдөр бүр өө сэвтэй автомашиныг үйлдвэрлэлийн шугам дээр байрлуулж бусад нь алдаа мадгийг нь олох ёстой болдог. Үүнийг “guerrilla testing” буюу дайчны сорилт гэх ба Такуми гар урчуудын ур чадвараа туршиж, сайжруулах олон арга замын нэг юм.

Төгс жолоодлого: Туршилтын жолооч болохын тулд тэд өөрсдөө туршилтад орох ёстой. Үүнд 200 цагийн турш 2000 тойргийн бэлтгэл шаардагдах бөгөөд олон төрлийн замаар жолоодож, алдаа байгаа эсэхийг илрүүлэх замаар мэдрэхүйгээ хөгжүүлдэг аж.

ОМОТЭНАШИ ЗАРЧИМ

Үйлчилгээний салбарт хэрэглэгч бол хаан гэх ойлголт түгээмэл байдаг бол Японд "окякусама ва камисама дэсү" буюу шууд утгаараа "Хэрэглэгч бол Бурхан" гэсэн үгийг өргөн хэрэглэдэг. Халамж, анхаарал, элгэмсэг зочломтгой байдлаар нь Япончуудыг дэлхий нийт биширч ирсний гол нууц нь “Омотенаши” юм.

Япончуудын соёлд зочдын тав тух, аятай байдлыг хангах нь нэн чухал. Тэдний уламжлалт цайны ёслолд гэрийн эзэн зочдыг найрсгаар угтахаас эхлэн хэрэгцээг нь урьдаар тооцоолон шаардлагатай зүйлсийг бэлтгэж, тухтай байлгахын төлөө хичээнгүйлэн үйлчилдэг. “Omote” гэдэг нь олны өмнөх төрх царай буюу (гаднын хүнд үзүүлэхийг хүсэж буй дүр төрх) гэсэн үг бөгөөд “Nashi” нь юу ч биш гэсэн үг юм. Цайны ёслолоос гадна бусад олон салбарт өргөнөөр ашиглагддаг уг ойлголтын гол цөм нь урьдаар таамаглан бэлдэж, хариу нэхэлгүйгээр чин сэтгэлээсээ үйлчлэх билээ.



Эртнээс улбаатай уг ойлголтыг Тоёота бүхий л үйл ажиллагаандаа хэвшүүлсэн нь тэдний гол ялгарлуудын нэг. Тиймдээ ч “Lexus” брэнд үйлчлүүлэгчдэдээ дээд зэргийн тансаг үйлчилгээ хүргэхийг эрмэлздэг. Үүнийг 1989 онд “Lexus” брэнд олны хүртээл болгохоос ч өмнө гарсан “Lexus Covenant” баримт бичгээс тодоор харж болно.

Уг баримт бичиг нь компанийн хэрэгжүүлэх шийдвэр, үйлдвэрлэх автомашин, үзүүлэх үйлчилгээ бүрийн үндсэн эх сурвалж болдог. Түүний дотор онцгойлон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн ихэд анхаарч, зорин ирсэн үйлчлүүлэгч бүрийг гэрт зочилж буй хүндтэй зочин мэтээр харьцана хэмээн амласан байдаг.

Тэрхүү амлалтаа бодитоор хэрэгжүүлж зорин ирсэн хүн бүрийг хүндэтгэн угтаж, өвөртөлж ирсэн хэрэгцээ, шаардлагыг өндөр түвшинд биелүүлэхийн төлөө хичээн ажилладаг тэд Auto Express Driver Power судалгааны шилдэг автомашин үйлдвэрлэгчийн жагсаалтыг жил бүр тэргүүлдэг, ур чадвар, элгэмсэг зочломтгой чанараараа салбартаа манлайлагчид юм.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ LEXUS

Тоёота Мотор Корпораци компани 80 гаруй жилийн тэртээ үүсэн байгуулагдсан цагаасаа хойш аюулгүй, байгальд ээлтэй, хүртээмжтэй нийгмийг бүтээхийн төлөө үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Сэргээх, дахин боловсруулах, дахин ашиглах арга ажиллагааг компанийн бүхий үйл ажиллагаанд нэвтрүүлэн, хэвшүүлсэн нь үүний тод жишээ.

2015 онд устөрөгчөөр ажилладаг анхны суудлын автомашин Mirai-г танилцуулсан нь автомашины зах зээлд шуугиан тарьж, шинэ стандартыг тогтоож байв. Уг загварын хөдөлгүүр нь ус төрөгчийг хүчилтөрөгчтэй урвалд оруулан зөвхөн уур ялгаруулдаг учир байгальд хамгийн ээлтэй технологид зүй ёсоор тооцогддог.

2021 онд дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах санаачилгын хүрээнд устөрөгчийн хөдөлгүүртэй ROV нэртэй бартаат замын автомашиныг танилцуулсан нь байгальд ээлтэй автомашины стандартыг ахин нэг шатаар ахиулсан юм. Онгон байгалийн бартаат замд тав, тухыг мэдрүүлэх уг загварын 1.0 литрийн устөрөгчийн хөдөлгүүр нь нүүрстөрөгчийг шатаах зарчмаар ажиллах бөгөөд түлшийг шахах, нийлүүлэх, шинэчлэн сайжруулах системтэй.


Lexus Mirai загвар

Lexus ROV загвар

Lexus RZ загвар

Lexus брэнд 2050 он гэхэд автомашины материал, эд анги, тээвэр гээд бүхий л салбартаа байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлж, хуучин тээврийн хэрэгслүүдийг устгах, дахин боловсруулах замаар нүүрстөрөгчийн хийг саармагжуулахаар ажиллаж буй.

2021 оны сүүлээр танилцуулсан Lexus-ийн шинэ загвар болох Lexus RZ-ийн Z тэмдэг нь тэг гэсэн утгын илэрхийлэл бөгөөд Тоёотагийн Ерөнхийлөгч Акио Тоёодагийн мэдэгдсэнээр, "ашиглалтын бүх явцад CO2 ялгаруулдаггүй, цэвэр хөдөлгүүртэй автомашин бүтээх нь Lexus-ийн эрхэм зорилго” хэмээсэн. Үүний тулд Lexus брэнд ойрын арван жилд зөвхөн цахилгаан батарейгаар ажилладаг автомашинуудыг (BEVs) бүтээхээр төлөвлөж 2035 он гэхэд дэлхий даяарх бүх автомашинаа BEV-д шилжүүлэхээ зарласан. Энэхүү "Lexus Electrified" хувьсал нь 80 гаруй жилийн туршид арга ажиллагаандаа нэвтрүүлсэн байгальд ээлтэй үзэл санааны үргэлжлэл юм.

Шинэ технологиос гадна автомашины үйлдвэрлэлд ашигласан ган, хуванцар, будаг уусгагч, тос, сав баглаа боодлын материал зэрэг бүх төрлийн хаягдал материалыг дахин боловсруулдаг. Ингэснээр жил бүр 100 мянга гаруй тонн материалыг дахин боловсруулж, 220 мянга тонн материалыг хаягдахаас сэргийлж автомашины салбартаа үлгэрлэдэг байна. Хязгаарлагдмал нөөцийг илүү үр дүнтэй ашиглахын тулд үйлдвэрлэлийн хөгжүүлэлт, дизайны үе шат, дахин боловсруулалтын шат дамжлагыг улам оновчтой болгож буй нь тэдний сайн туршлага билээ.

LEXUS ДИЗАЙНЫ ТЭМЦЭЭН

ANTICIPATE. INNOVATE. CAPTIVATE - ТААМАГЛА, ШИНЭЧИЛ, ДУРЛУУЛ

Автомашины салбарын өнгө төрхийг тодорхойлогч Lexus брэндийн дизайнеруудын ур ухаан, торгон мэдрэмжээр бүтсэн өвөрмөц бөгөөд донжтой хэв загварууд цаг ямагт хэрэглэгчдийг догдлуулж чаддаг. Энэхүү давуу талаа хадгалахын зэрэгцээ шинэ үеийн бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх зорилгоор 2013 оноос хойш олон улсын залуу уран бүтээлч, авьяаслаг мэргэжилтнүүдийн дунд “Lexus Design Award” нэртэй загварын уралдааныг зохион байгуулж иржээ. "Илүү сайхан маргаашийг бүтээх" уриатай уг уралдаанд дэлхий даяарх автомашины дизайн сонирхогч хүн бүхэн нээлттэй оролцох боломжтой.

Оролцогчид ирээдүйд тулгарах сорилтуудыг урьдаар таамаглаж, даван туулах гарцыг томьёолж, сэтгэл татаж, дурлуулахуйц онцгой загвар зохион өрсөлддөг. Жил бүр нийт оролцогчдоос шигшээд шалгарсан зургаан уран бүтээлч Lexus-ийн шилдэг загвар зохион бүтээгчдийн удирдлага дор өөрсдийн загвараа бодитоор бүтээдгээрээ гойд онцлогтой. 2022 онд энэхүү уралдаанд 57 улсаас 1,700 гаруй оролцогч оролцсон юм.

Харин энэ оноос эхлэн сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, оролцогчдын ментор болон шүүгчтэй харилцах цагийг уртасгаж, шигшээ шатанд дөрвөн оролцогч шалгаруулахаар болжээ.


Lexus Design Award 2023 шүүгчид

Lexus брэнд жил бүр дэлхийн жишигт нийцсэн урлаг, дизайн, технологийн салбарын өнөөгийн хамгийн нөлөө бүхий хүмүүсээр шүүгчдийн багаа бүрдүүлдэг онцлогтой. Өмнөх жилүүдийн шүүгчдийн дунд Алис Равсторн, Жанне Ганг зэрэг нэрт загвар зохион бүтээгчид багтаж байв.


Энэ онд уг уралдааныг Нью Йоркийн архитектур, дизайны газрын ахлах дарга Паола Антонелли шүүх бөгөөд тэрээр дизайн, архитектур, урлаг, шинжлэх ухаан, технологийг хослуулсан дизайны нөлөөг анхааран судалдаг. Удаах шүүгчээр өнөөгийн дизайны салбарын өвөрмөц дуу хоолой Карим Рашид, мөн Toyota & Lexus Global Design- ийн дарга Симон Хамфрис нар ажиллах аж.

Ялагчийг тодруулахдаа тус дизайн хэрэглэгчийг жаргалтай болгож чадах эсэхээс гадна Lexus брэндийн “таамагла, шинэчил, дурлуул” гэх санааг хэр зэрэг шингээсэнд анхаардаг.

“Lexus Design Award”-д оролцохын давуу талуудын нэг нь дэлхийн нэр хүндтэй бүтээгчидтэй хамтран ажиллах явдал. Уралдааны туршид менторууд залуу дизайнеруудад зөвлөн хамтарч ажилладаг. Энэ жил Нидерландын загвар зохион бүтээгч, сэргээгдэх эрчим хүч болон технологийн чиглэлээр бүтээл туурвидаг Маржан ван Аубель, дизайн инновац, технологийн салбарын Жо Дусет болон зураач, дизайнер, электрон хөгжимчин Юрий Сузуки нар ментороор ажиллах юм.