Одоогоос 20 жилийн өмнө гар утасны тоглоомыг мэргэжлийн тамирчид тоглодог болно гэх төсөөлөл хэний ч толгойд ороогүй байсан нь лавтай. Гэтэл одоо и-спорт сая сая хүний анхааралд өртөөд зогсохгүй Олимпын төрөлд багтаж, өөрийн гэсэн зах зээл, зарим улсад бүр яамтай ч болоод амжлаа.
Уг нь хүн бүрийн гар утсанд дор хаяж нэг тоглоом бий. Түүгээрээ хаа нэг цаг нөхцөөж, хичээл ажлынхаа дундуур уйдаагаа гаргах хэрэгсэл болгодог. Бидний хувьд ийм л өчүүхэн, энгийн юм шиг зүйл тэнгэрт тулсан зах зээл болтлоо өргөжсөний учир юундаа байна вэ?
Энэ удаагийн нийтлэлдээ мобайл и-спортын талаарх сонирхолтой бүхий л агуулгыг цагаан толгойн цар хүрээнд багтаан хүргэж байна.
а бол аваргууд
Мобайл и-спортын Монголын үнэмлэхүй аваргууд бол IHC Esports, The MongolZ, Falcons Force, 4Merical Vibes гэх багууд юм. И-спортын олон төрөл байдаг ч эдгээр багууд нь PUBG Mobile, Mobile Legends-ийн төрлүүдээр олон улсад өндөр амжилт үзүүлдэг.
б бол баг бүрэлдэхүүн
Мэргэжлийн тамирчдын дунд зохиогддог олон улсын тэмцээнүүдэд тамирчдаас гадна арын албаны баг бүрэлдэхүүн шаардлагатай. Тухайн багийн өөрсдийн сонголтоос шалтгаалан бүтэц нь харилцан адилгүй байдаг ч ерөнхийлөн авч үзвэл, багийн эзэн, көүч, тамирчид, менежер гэсэн бүрэлдэхүүнтэй. Мөн бэлтгэлийн үеэр тогооч, хоолзүйч, сэтгэлзүйч гэрээгээр ажиллуулах нь бий.
в бол видео тоглоом
И-спортын язгуур болох видео тоглоомыг 1950 онд компьютерийн эрдэмтэд цахилгаан машин ашиглан бүтээж байжээ. Гэвч тэдгээр тоглоомын системийг тухайн үеийн компьютерийн хүчин чадлыг харуулахын тулд л томоохон үзэсгэлэн, арга хэмжээн дээр электрон гэрлийн дэлгэцээр үзүүлдэг байв. Тухайлбал, 1958 онд Брукхавены үндэсний лабораторид Уильям Хигинботхамын аналог компьютер болон Осциллограф платформыг ашиглан гурван өдрийн үзэсгэлэн гаргах зорилгоор нэгэн шинэ тоглоом бүтээсэн нь бидний мэдэх теннисийн видео хувилбар байв.
г бол гэрээ
И-спортын тамирчид, багийн эзэн хоорондын гэрээг ерөнхийлөн авч үзвэл дараах заалтуудтай.
- Тамирчны үүрэг - бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, гэрээний хугацаа дуустал багтаа үлдэх, ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх зэрэг
- Багийн эзэн эсвэл байгууллагын үүрэг - тамирчинд тогтмол цалин, урамшуулал олгох, гэрээний хугацаанд тамирчныг чөлөөлөхгүй байх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх зэрэг
- Нууцлал - тамирчны хувийн мэдээллийг задруулахгүй байх, багийн нууцыг задруулахгүй байх зэрэг
- Маргаан шийдвэрлэх журам - маргаан гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх заалт
- Гэрээний хугацаа - гэрээний эхлэх болон дуусах хугацаа
- Бусад заалт
д бол дэлхийн аварга
Мобайл и-спорт дотроо хамгийн олон хэрэглэгчтэй тоглоомууд бол PUBG Mobile (сарын идэвхтэй хэрэглэгч-300 сая), Mobile Legends (сарын идэвхтэй хэрэглэгч-70.8-85 сая) юм. Хамгийн сүүлд и-спортын 21 төрлийг нэгтгэсэн Esports World Cup тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээний PUBG Mobile төрөлд Бразил Улсын “Alpha 7 Esports” тодорч, 467,312.50 ам.долларын шагналыг хүртсэн бол Mobile Legends төрөлд Малайз Улсын “Selangor Red Giants” баг тодорч, 1,000,000 долларын шагналыг гардан авчээ.
е бол ердөө
- Ердөө нэг жилийн дараа и-спортын тамирчид Олимпод хүч үзэх боломж нээгдэнэ.
- Ердөө гар утасны тоглоом мэт боловч 2030 он гэхэд Саудын Арабын ДНБ-д тоглоомын салбарын оруулах орлогыг 13.3 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, 39 мянган шинэ ажлын байр бий болгохоо мэдэгдсэн.
- Ердөө цаг нөхцөөх арга хэрэгсэл хэмээн эцэг эхчүүдэд дутуу үнэлэгдэж байсан ч монголын и-спортын тамирчид олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлж, "Electronic Athlete" карьераа амжилттай бий болгож байна.
ё бол ёс зүй
Тамирчин тэмцээний үеэр заль гаргах, шударга бус үйлдэл хийх, ёс зүйгүй хандлага гаргах, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэх, тэмцээний дүрэм журмыг дагаж мөрдөхгүй байх, олон нийт оролцохыг эсэргүүцэх, багийн дотоод зөрчил үүсэх зэрэг шалтгаанаас үүдэн тэмцээнд оролцох эрхийг нь хасаж (boycott) болно. И-спортын тэмцээний хамгийн том ёс зүйн асуудал бол “Matchfixing” буюу ашиг хонжооны зорилгоор энгийн тоглолтоосоо өөрөөр тоглох, цаашлаад өөр үр дүн гаргах явдал юм.
ж бол жишиг
И-спортын салбар хөгжихийн хэрээр тодорхой жишгүүдийг тогтоож эхэлсэн. Жишээ дурдвал:
- Тоглоомын чанар, дизайн, хэрэглэгчийн туршлагад анхаарах
- Идэвхтэй тоглогчдыг дэмжих, урамшуулах
- Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусыг и-спортын зөв дадал хэвшилтэй болгох
- Технологийн дэвшлийг ашиглах
- Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
з бол зах зээл
И-спортын зах зээлийн хэмжээ 2022 онд 1.88 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 2023-2030 он хүртэл жилийн нийлмэл өсөлт нь 26.8 хувиар өсөх төлөвтэй байна. Олон тооны лиг, аварга шалгаруулах тэмцээнийг төрөл бүрийн стриминг платформоор шууд дамжуулдаг учраас медиа, хэвлэл мэдээллийн салбар ч ихээхэн орлого олох шинжтэй.
и бол и-спортыг дэмжигч
И-спортын хөгжлийн гол хүчин зүйл нь чанар чансаатай тэмцээнүүд билээ. Учир нь дотоодын болон олон улсын тэмцээнүүд өндөр зохион байгуулалт, өргөн цар хүрээтэй зохион байгуулагдахын хэрээр мэргэжлийн тамирчид урамшиж, шинэ тамирчид чиг баримжаа авч, салбарын хөгжил ч шинэ шатанд гарах юм. Тиймээс и-спортын аливаа тэмцээнд ивээн тэтгэгч байгууллагуудын оролцоо нэн чухал.
Ташрамд дурдахад, есдүгээр сарын 2-нд эхлэх Mobile Legends-ийн дэлхийн аварга шалгаруулах M6 тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд Toki апп хоёр дахь жилдээ ивээн тэтгэгчээр оролцож байна. Уг тэмцээн нь өнгө төрх, цар хүрээ, бүтцийн хувьд олон улсын тэмцээнүүдээс дутахааргүй зохион байгуулагддаг тул дотоодын тамирчдад сайн туршлага болдог биз ээ.
к бол карьер
Багт хэд хэдэн оролцогч тал байх бөгөөд тэдгээрийг нэрлэвэл, багийн эзэн, ивээн тэтгэгч, тамирчид. Багийн эзэн тухайн багийг үүсгэн байгуулах санаачлагыг гаргаж, чадварлаг тоглогчдоор багаа бүрдүүлдэг. Улмаар өндөр чансаатай тэмцээн уралдаанд амжилт үзүүлснээр дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтын санал хүлээн авах боломж бүрдэнэ.
л бол логистик
Олон улсын тэмцээнд ложистикийн асуудал нэн чухал бөгөөд зохион байгуулалтын багийн дараах дарааллаар бэлтгэл ажлыг хангадаг.
1. Тэмцээний форматыг тодорхойлох
- Онлайн - шууд дамжуулалтын ямар сувгаар цацах вэ?
- Офлайн - үзэгчдийн тоо
2. Шагналын санг бүрдүүлэх - борлуулалт, маркетингийн алба хамтран ивээн тэтгэгчдийн эрэлд гарна
3. Спортын баг тэмцээний бүтцийг тодорхойлж, урилгаар оролцох багуудыг тодорхой болгоно
4. Тэмцээний бэлтгэл ажил хангагдсаны дараа маркетингийн алба олон нийтэд таниулан сурталчлах ажлыг эхлүүлнэ.
м бол монгол багууд
PUBG Mobile тоглоомын төрөлд монгол тоглогчидтой багуудаас IHC Esports, 4Merical Vibes, Falcons Force багуудыг онцолж болно. Харин Mobile Legends төрөлд IHC Esports, The MongolZ багууд олон улсын тэмцээнд дээгүүр амжилт үзүүлдэг.
н бол нас
Мэргэжлийн тамирчдын эхний хоёроос гурван жил бол карьерын оргил үе нь. 23 наснаас хойш хүний самбаачлах хурд буурдаг тул и-спортын тамирчдын хувьд дунджаар 26 нас хүрээд тамирчны карьераа өндөрлүүлэх, дасгалжуулагчийн карьер хөөх сонголтын өмнө ирдэг.
о бол орлого
Монголын багуудын гаргасан амжилтын үнэлгээ
IHC Esports (PUBG Mobile) - 779,688 ам.доллар
IHC Esports (Mobile Legends) -914,555 ам.доллар
Falcons Force (PUBG Mobile) - 94,995 ам.доллар
4Merical Vibes (PUBG Mobile) - 354,732 ам.доллар
ө бол өрсөлдөөн
2023 оны эцсийн байдлаар и-спортын зах зээлийн үнэлгээгээр АНУ (871 сая ам.доллар) тэргүүлж, БНХАУ (445.18 сая ам.доллар) удааллаа. Үүний эсрэгээр, зах зээлийн үнэлгээ хамгийн доогуур улсаар Доминиканы Бүгд Найрамдах Улс тодорсон бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 1.93 сая ам.доллар аж. Одоогоор зах зээлийн өрсөлдөөнд ширүүн тоглолт үзүүлж, и-спортын төв болох зорилготой гэдгээ илэрхийлсэн Саудын Араб улсын и-спортын зах зээлийн үнэлгээ 10.6 сая ам.доллар байна.
п бол потенциал
И-спорт нь энтертайнмент салбарын хамгийн потенциалтай төрөл болоод байна. PUBG Mobile 2017 оноос энтертайнмент зах зээлд нэвтэрсэн ч цар тахлын үеэр тоглоомын таталт, орлого огцом өссөн. 2020 оны гуравдугаар сар буюу дэлхий дахин хөл хорионд байх үеэр PUBG Mobile сард 270 сая ам.долларын орлого олжээ. Харин 2022 онд 1.1 тэрбум долларын ашиг олж, дэлхийн хамгийн өндөр орлоготой тоглоомын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэх болсон. Одоогийн байдлаар өдөр бүр 30 сая хүн PUBG Mobile тоглодог.
р бол риск
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2019 онд тоглоомын эмгэгийг өвчний ангилалд оруулсан. Мобайл тоглоом тоглогчдын 1-3 орчим хувь буюу зөвхөн PUBG Mobile тоглогчдоос гэхэд л 2.5-7.5 сая хүн тоглоомд донтох эмгэгтэй хэмээн тооцоолжээ.
Удаан хугацаагаар дэлгэцийн өмнө хөдөлгөөнгүй сууснаар хөдөлгөөний дутагдалд орж, нас барах эрсдэл 20-30 хувь нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн тоглоомын донтолт нь сэтгэлзүйн асуудлын үүдэл шалтгаан болдог учир амьдралын чанарыг 10-30 хувь бууруулдаг болохыг анхаарууштай.
с бол саудын араб
Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү 2022 онд и-спортыг дэмжих тухай зарлиг гаргаж, и-спортын холбоодыг нэгтгэсэн билээ. Цахим спортын төв болохоор зорьж буй Саудын Арабын зах зээлийн судалгаанаас онцлох тоонуудыг дурдъя.
- Зах зээлийн жилийн өсөлтийн хурдыг 9.81 хувь хэмээн таамаглаж байгаа бөгөөд энэ байдлаараа 2028 он гэхэд зах зээлийн хэмжээ 15.4 сая ам.долларт хүрэх тооцоолол гаргажээ.
- Саудын Арабын зах зээлийн хамгийн том сегмент бол 5.2 сая ам.долларын үнэлгээ бүхий хэвлэл мэдээллийн эрх.
- Уг зах зээлд шинэ хэрэглэгч нэвтрэлтийн түвшин 2024 онд 8.6 хувьтай байгаа бөгөөд 2028 онд 10.1 хувь болон өсөж, нэг хэрэглэгчид ногдох дундаж орлого 3.3 ам.доллар байх төлөвтэй байна.
т бол тоглоом цэнэглэлт
И-спорт сонирхогчид Toki апп-н Codashop, Seagm, Sellerpanda зэргийг ашиглан Mobile Legends-ийн Diamond, PUBG Mobile-ийн UC авах, Steam, Netflix, Spotify, iTunes зэрэг энтертайнмент аккаунт цэнэглэхдээ Toki дансаар төлбөрөө төлбөл энэ оныг дуустал төлөлт бүрээсээ хоёр хувийн буцаан олголт авна. Мөн бүх банкны карт, socialpay, qpay-ээр төлөх боломжтойгоос гадна Toki Credit эрхээ ашиглан зээлээр цэнэглэх боломжтой нь хамгийн том давуу тал юм.
у бол уг гарал
1997 онд Нокиа гар утсан дээр Snake буюу могой тоглоомыг хөгжүүлсэн нь гар утасны тоглоом гэх шинэ зах зээлийн эхлэл хэмээн үздэг. 2000-аад оны эхэн үед барууны гар утасны техникийн үзүүлэлтүүд тоглоом суулгах хэмжээнд хөгжсөн ч дистрибьютер хоорондох зах зээлийн хуваагдал нь хэрэглэгчдэд саад болж байв. Харин 2008 онд App Store нээгдсэний дараа програм хөгжүүлэгчдийн гараас гарсан тоглоомууд гар утсаар дамжин хэрэглэгчдэд хүрэх боломжтой болжээ.
ү бол үйл ажиллагаа
Мэргэжлийн багууд тэмцээний өмнө бэлтгэл сургуулилт хийх зориулалттай байранд хэсэг хугацаанд хамтдаа амьдарна. Бэлтгэлийн үеэр зөв цагт зохимжтой хооллож, өдөрт авах шаардлагатай уураг, амин дэм, эрдэс тэжээлээ авдаг. Тэмцээн эхлэхийн өмнө дасгалжуулагч тоглолтын тактикыг боловсруулна. Энэ үеэр өрсөлдөгч багуудыг судлах, өөрийн багийн давуу талыг ашиглах арга замыг эрэлхийлэх бөгөөд тоглолтын дундуур тактикаа өөрчлөх боломжтой. Тоглолт дууссаны дараа дүн шинжилгээ хийж, сайжруулах, анхаарах зүйлсээ ярилцана.
ф бол факт
- Ухаалаг гар утас хэрэглэгчдийн 78 хувь нь гар утсаараа тоглоом тоглодог.
- 2026 онд гар утасны тоглоомын контентын зах зээл 173.4 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрнэ.
- Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад тоглоомын аппд 35 хувиар илүү мөнгө зарцуулдаг.
- Хамгийн өндөр ашиг олсон гар утасны тоглоом бол PUBG Mobile (237 сая ам.доллар)
- 2022 оны байдлаар Ази тив 34.114 тэрбум ам.долларын орлоготой, 905 сая гаруй хэрэглэгчтэйгээр гар утасны тоглоомын дэлхийн зах зээлийн тал хувийг эзэлж байна. БНХАУ дангаараа 21.02 тэрбум ам.доллар буюу Азийн нийт орлогын 61 орчим хувийг бүрдүүлдэг.
х бол хөгжөөн дэмжигч
PUBG Mobile тоглоомын сарын идэвхтэй тоглогчдын тоо 20 сая. 2018 онд албан ёсоор олон нийтэд зарлагдсан ба тухайн жилдээ сар тутам 10 сая идэвхтэй тоглогчтой байсан бол цар тахлын хөл хорионы үе тохиосонтой холбогдуулан энэ тоо 2019 онд 50 сая, 2020 онд 65 сая хэрэглэгчтэй болсон.
Харин олон улсын тэмцээний идэвхтэй үзэгчдийн тоог “PUBG MOBILE Esports” гэх албан ёсны юүтүб хуудсын 4.43 сая захиалагчаар илэрхийлж болох. Харин мэргэжлийн тамирчид тус бүрийн суваг хамгийн багадаа 100 мянган захиалагчтай.
2022 онд дэлхий даяар хамгийн их үзэгчтэй гар утасны цахим спортын тэмцээнүүдийн жагсаалтын нэгт Mobile Legends: Bang Bang тоглоомын мэргэжлийн цахим спортын лиг болох MPL Indonesia-ийн ес дэх улирал оржээ. Оргил үедээ энэ тэмцээнийг дэлхий даяар 2.84 сая гаруй хүн үзсэн байна.
ц бол цаашид
И-спортын зах зээлд хөл тавьсан туршлагатай хөрөнгө оруулагчид тэмцээний шууд дамжуулалтын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд асар их хөрөнгө оруулалт хийж буй. Харин тамирчдад олдох ганцаарчилсан ивээн тэтгэлэг, урсгал орлого, өсөн нэмэгдсээр буй шагналын сан зэрэг нь шинэ тамирчдыг энэ салбар руу татсаар байна. Нэмж дурдахад, Майамигийн Их сургууль, Калифорнийн Их сургууль тэргүүтэй цөөнгүй коллеж, их дээд сургуулиуд и-спортын тамирчин бэлтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.
ч бол чадвар
Тухайн тэмцээнд хувийн оноо авалтаараа тэргүүлсэн тамирчин үнэ цэнтэй тоглогч (MVP)-оор шалгардаг. Монгол тамирчдаас Falcons Force багийн тоглогч TOP (PUBG Mobile Pro League - South Asia Championship Fall 2023), IHC Esports багийн тоглогч ZYOL (PUBG Mobile Global Championship 2023, PUBG Mobile National Masters), ROGUE (PUBG Mobile Rivalry Series 2024) нар MVP-ээр тодорч байсан.
ш бол шагнал
Хэдий чинээ амжилт үзүүлнэ, төдий чинээгээр багуудын орлого өснө. Дэлхийн хамгийн өндөр орлоготой баг бол БНХАУ-ын PUBG Mobile-ийн Nova Esports China. Тэд энэ оны долоодугаар сарын байдлаар 6,513,160 ам.долларын орлого олжээ. Харин Монголоос PUBG Mobile-ийн IHC Esports баг 779,688 ам.долларын орлого олсноор дотооддоо тэргүүлж байна.
э бол эко систем
И-спорт экосистем нь тоглоом хөгжүүлэгчид, мэргэжлийн баг, тэмцээн зохион байгуулагчид, и-спорт сонирхогч олон нийт, ивээн тэтгэгч, стрийминг үйлчилгээ үзүүлдэг контент бүтээгчид гэсэн оролцогч талуудтай.
Технологийн дэвшил, хөрөнгө оруулалт, олон нийтийн идэвх нэмэгдэж буйгаас шалтгаалан 2024 онд и-спортын экосистем илүү бат бөх, олон талт, нэгдмэл болсон. Улмаар улс орнуудын и-спорт, энтертайнмент, соёл хоорондын зааг улам бүдгэрч, и-спортыг энтертайнмент ертөнцийн гол цөм болгож буй юм.
ю бол юуг туулав?
И-спортын тамирчид өөрийн, багийн, цаашлаад улсынхаа нэрийг дэлхийд гаргахын тулд олон зуун цагийн бэлтгэл хийж, сэтгэлзүйн хүнд үеийг туулж, цөөнгүй сорилт бэрхшээлтэй нүүр тулдаг. И-спортын бүхий л баг үүгээр замнадаг ч харамсалтай нь бүх баг амжилт гаргаж чадахгүй. Тухайлбал, Mobile Legends тоглоомын дэлхийн аварга шалгаруулах M5 тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд Монголоос 1,100 баг бүртгүүлсэн ч нэг баг нь л оролцох эрхээ авч чадсан.
Үүнийг учирлаж буй шалтгаан нь, дээр дурдсанчлан сая сая и-спорт сонирхогчид мэргэжлийн тамирчин болох талаар бодож үздэг. Өндөр амжилт үзүүлж, аваргын цомыг атгаж буй тамирчдын чинээнд очиход хялбар мэт санагдаж байж болох ч энэ бол зөвхөн өнгөн тал нь гэдгийг тодотгохыг хүслээ.
я бол ялалт
IHC Esports баг 2023 оны PUBG Mobile-ийн дэлхийн аваргаар тодорсон нь монгол багуудаас байгуулсан хамгийн том ялалт юм. Ташрамд дурдахад, арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Mobile Legends тоглоомын дэлхийн аварга шалгаруулах M6 тэмцээний эрхийн төлөөх тэмцээн яг одоо өрнөж буй.