Авилга ихэслээ, ард түмэн хэцүүдлээ, улс төрчид ажлаа хийсэнгүй гэж бид тоть мэт давтдаггүй. Ардчилсан Монгол улс яагаад авилгын индексээр сүүл мушгиж 116 дугаарт жагссан нь сүүлийн таван жил дэх хамгийн муу үзүүлэлт болов гэдгийг Unread тайлбарладаг. Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй, мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн, сонирхолтойгоор хүргэдэг "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаартаа улс төрийн намууд хэрхэн санхүүждэг тухай өгүүлье.

УИХ-ын гишүүдийг сонгох сонгууль цөөхөн сарын дараа болно. МАН л ялах биз. Өрсөлдөх ганц нам нь эв зүйгээ дотроо олж чадахгүй явахад… гэсэн урамгүй үгс сонсогдож, яахаа мэдэхгүй төөрсөн сонгогчдын орон зай Монголд тэлсээр. Ирэх дөрвөн жилд алтернатив парламенттай болохыг хэн хүсэж байна гэвэл олон хүн гар өргөнө дөө. Гэтэл улс төрийн намуудын үйл ажиллагаа, төлөвшилд шууд нөлөөлөгч хүчин зүйл бол санхүүжилт. Өдгөө манайд цөөхөн хэдэн нам оршин тогтнож өөр бусад нь сураг алдарсан нь тэдний санхүүгийн чадамж, бололцоотой хамааралтай гэдгийг сонгуулийн зардалд зарцуулсан мөнгө илтгэнэ.

Нам бол засгийн эрхийг авах чин эрмэлзэлтэй бүлэг хүмүүс. Тэгвэл яг энэ ойлголт дээрэмчдийн бүлгээс юугаараа ялгаатай вэ? Боловсролын зээлийн сан, ждү, хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг улс төрчдийн дуулиант хэргүүд цуврахын зэрэгцээ тэгээд юу гэж? гэх доогтой асуулт төрнө. Хэн ямар хариуцлага хүлээж, хэнд ямар арга хэмжээ авсан бэ?



Итгэл алдсан институц нам 

Манай улсад дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам бий. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тэдний нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нь бүдгэрч, иргэд сонгогчдын дунд намын нэр хүнд урьд өмнөхөөс доогуур үнэлэгдэж, итгэх итгэл суларсаар байгааг судалгааны тоонууд өгүүлсээр.

Нам бол сонгуульд оролцдог цорын ганц субъект. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг найман удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаан удаа зохион явуулсан. Найман удаагийн сонгуулийн тэн хагаст нь МАХН/МАН үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-ын суудлын 80 гаруй хувийг эзэлж байсан ч нийт саналын 57.1 хувийг л авч байжээ.

30 жилийн хугацаанд намуудын сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээ хэрхэн өссөнийг дараах мэдээллээс харж болно.



Энэхүү их хэмжээний мөнгө ямар эх үүсвэрээс бүрдэж, юунд зарцуулагдаж байгаа тухай мэдээ баримт хомс байх ба ялангуяа сонгуулийн санхүүжилтэд тавих хяналт маш сул байсаар өнөөдрийг хүрснийг иргэний нийгмийн байгууллагуудын судалгаанууд өгүүлнэ.

Сонгуулийн дараах төрийн албаны томилгооноос үүдэж авлигын түвшин нэмэгдэж, намууд сонгуулийн тогтолцоог өөрсдөдөө тохируулан өөрчлөн засч, улмаар сонгуулийн санхүүжилтээ мөнгөтэй хүмүүсээр босгуулж, эргээд барьцаалагдан албан тушаал наймаалцдаг булхайг авилгын индекс гэрчилнэ. Ялангуяа улс төрийн байгууллагын хүрээн дэх авлига манай нийгэмд халдварласан гэдэгтэй салбарын судлаачид ч санал нэгдэж буй юм.


Баллын үнэлгээ өсөх тусам сөрөг утга илэрхийлнэ

Намууд хэрхэн санхүүждэг вэ? 

Нам байгууллагын хувьд оршин тогтнох, цаашлаад ардчилсан тогтолцоонд оролцох үүргээ гүйцэтгэхэд санхүүжилт гарцаагүй хэрэгтэй. Гэвч улс төрийн намууд ялангуяа парламентад суудалгүй намуудын хувьд энэ нь орших эс оршихын сорилт юм. Сонгуульд нэр дэвшигчид кампанит ажлын санхүүжилтээ өөрсдөө хариуцаад зогсохгүй, намаа санхүүжүүлэхэд гол үүрэгтэй оролцож ирсэн нь бусад ардчилсан улсуудаас эрс ялгаатай жишиг.

Хуулийн дагуу манай намууд гишүүдийн татвар, хандив, төрийн санхүүжилтээр үндсэн эх үүсвэрээ бүрдүүлэх ба татварын хэмжээ, төлөх хугацаагаа дотоод дүрмээрээ зохицуулдаг. Жишээ нь МАН гишүүний татвар сарын нэг мянган төгрөг бөгөөд оюутан болон 70-аас дээш настай гишүүдийг татвараас чөлөөлж болно. Мөн намын гишүүн татвараа бэлэн бусаар буюу бараа, ажил үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно. Харин ХҮН гишүүний татвар жилд 12.000₮ - 120.000₮ хооронд дурын дүнгээрээ өгөх бол АН гишүүн 12.000₮ аж. Гэвч намын гишүүдийн энэхүү татвар нь тэдний байнгын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дутмаг гэдгийг тэдний сонгуулийн зардал харуулна.



Улс төрийн авлига, санхүүжүүлэгчдийн далд зорилго, нөлөөллөөс сэргийлж намд өгч буй хандивыг төрөөс зохицуулдаг. Хуулийн дагуу намд нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээд арван сая, иргэн нэг сая төгрөг ба хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёр л удаа хандив өгөхийг заажээ. Харин МАН гэхэд үзэл баримтлалаа сурталчлах, гишүүдээ оролцуулах зорилготой долоон төрийн бус байгууллагатай байх жишээтэй.

Намд цугласан гишүүдийн татвар нийт орлогын хэдэн хувийг эзэлдэг, татвараас цугларсан орлогын зарцуулалт, хэдэн хувийг иргэдийн улс төрийн боловсролд зарцуулдаг, тайлангаа гишүүдэд тайлагнадаг эсэх мэдээлэл олон нийтэд ил тод биш юм. Улс төрийн нам, эвслүүдийн санхүүгийн тайлан болон хандивлагчдын талаарх мэдээлэл далд байдалтай, олон нийтэд хүртээмжгүй байгаагийн улмаас сонгогчид хандивтай холбоотой мэдээлэлд үндэслэн улс терийн сонголтоо хийх боломжгүй болгож байгааг улс төр судлаач Б.Эрдэнэдалайн бүтээлүүдэд онцлон тэмдэглэсэн нь анхаарууштай.


Нэг сонгогчид ногдох сонгуулийн кампанит ажлын зардлын хэмжээ /1992 оноос хойшх УИХ-ын сонгуулиуд/


Намуудад төрөөс хоёр төрлийн санхүүгийн дэмжлэг олгодог. Нэгдүгээрт УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг хүчинтэй саналын тоотой харьцуулж нэг саналыг мянган төгрөгөөр тооцож УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг.

Хоёрдугаарт УИХ-д авсан суудлын тоогоор нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгодог. Жишээ нь 62 суудалтай МАН УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байх нь. Хуулиар энэ мөнгөний 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулах ёстой ч энэ талын тодорхой мэдээлэл байдаггүй. Нөгөө талдаа зөвхөн УИХ-д суудал авсан намууд төрийн дэмжлэг авдаг нь намууд бизнесийн салбарынхны хандив, дэмжлэгийг авахаас аргагүй гэдгийг таамаглаж болох нь.


2020 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын санал


Улс төрийн санхүүжилтийн одоогийн практикт тулгамдаж буй гол асуудлын нэг нь сонгуульд нэр дэвших хүмүүсээс татдаг дэнчингийн хэмжээ юм. УИХ-д нэр дэвшихийн тулд хуулийн дагуух шаардлага хангахаас өмнө санхүүгийн чадавх буюу бэл бэнчинтэй байх шаардлага байгаа нь ардчилсан сонгуулийн зарчмаас зөрөх мэт. Учир нь сонгуульд зарцуулсан мөнгөөр нь сонгуулийн дүнд нөлөөлж буйг мэдэж болох ба 2020 оны сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч бусад нэр дэвшигчээс дунджаар 3.6 дахин их мөнгө зарцуулснаас харж болно.

"Анх 2000 онд нэр дэвшигчдийг 1-3 сая төгрөгийн дэнчин төлөхийг шаардаж хэрдээ даруухан эхэлж байсан энэ босго 2008 он гэхэд төв намд 20 сая, орон нутгийн намд 30 сая болов. 2012 онд төв намд 50 сая, Харин 2016 онд мөнөөх л 50 саяын дэнчин үргэлжилж байснаа саяын 2020 оны сонгуулиар төв намд 100 саяын анхан шатны дэнчин, 300-400 саяын гэрээ байгуулах үеийн дэнчин, дээр нь 50-80 саяын орон нутгийн дэнчин болж суга өслөө."

УИХ гишүүн асан Ц. Оюунгэрэл, 2020 он

сонгууль 2020

2020 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажилд зарцуулсан мөнгөний хэмжээ өмнөх сонгуулиудтай харьцуулахад огцом нэмэгдсэн нь анхаарал татна. ҮАГ-ын мэдээлснээр зардлын тайлангаа тайлагнасан нам, эвсэл, нэр дэвшигчид зардлын дансандаа бараг 75 тэрбум төгрөг хуримтлуулсан байх ба кампанит ажилтай холбоотой нийт зардал нь 77 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн сонгуулиас хоёр дахин нэмэгдсэн дүн юм.

Аудитын тайлангаар 469 нэр дэвшигчдийн сонгуулийн зардалд нийт 836 хуулийн этгээд 11.2 тэрбум төгрөг, 22 мянган иргэн 34.7 тэрбум төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өргөсөн байв. Сонгуулийн хуулиар хандивын дээд хэмжээг зааж зохицуулсан байдаг ч нэр дэвшигчид өөрийн хөрөнгийг зарцуулах, намаас нь мөнгө шилжүүлэхэд хязгаар тавьдаггүй. 76 нэр дэвшигчдийн гаргасан нийт зардлын хэмжээг тусад нь ажвал нэг суудалд ногдох дүн 364 сая төгрөг болж буйг Нээлттэй нийгэм форумаас танилцуулсан юм.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан

Өнгөрсөн 30 хугацаанд улс төрийн нам, улс төр дэх мөнгөний харилцааг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин дорвитой шинэчлэгдсэнгүй. Энэ нь яваандаа улс төрийн үйл явцыг гажуудуулж, намын төлөвшилд сөргөөр нөлөөлж, шударга бус сонгууль, авлига дагуулах аюултай.

Цөөхөн сарын дараа УИХ-ыг сонгох сонгууль болно. МАН л ялах биз. Өрсөлдөх ганц нам нь эв зүйгээ дотроо олж чадахгүй явахад… гэсэн урамгүй үгс сонсогдож, яахаа мэдэхгүй төөрсөн сонгогчдын орон зай Монголд тэлсээр. Ирэх дөрвөн жилд алтернатив парламенттай болохыг хэн хүсэж байна гэвэл олон хүн гар өргөнө дөө.