Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй, мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил.

Бид энэ удаагийн дугаартаа насанд хүрсэн эрчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо болон сүүлийн жилүүдэд олонтоо сонсогдож, сэтгэл түгшээх болсон түрүү булчирхайн эмгэгийн талаар цэгцтэй мэдлэг олгохыг хичээлээ. Эрчүүд минь наашаа ойртоод суугаарай.



Спермийн үйлдвэрлэл 

Нийтлэлийн үндсэн хэсэг рүү шилжихээс өмнө юуны урьд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн хийгээд тэдгээрийн үүргийн талаар товчхон дурдсан нь зүйтэй болов уу.

Эр бэлгэ эрхтний бүтэц нь эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад тун энгийн. Тэд хэрхэн хоорондоо зохицон ажилладаг тухай ойлгоход ядах зүйл байхгүй. Эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтнүүдийн үндсэн үүрэг бол сперм үйлдвэрлэх юм. Ганц өндгөн эсэд үр тогтоохын тулд эрэгтэй хүн өөрийн генийг агуулсан хэдэн сая эсийг эмэгтэй хүний биед оруулж, үр дүнд нь шинэ амьдрал үүсдэг билээ.

Хүн бүхний мэддэгчлэн (мэдээж нүдэнд ил харагддаг) эр хүний нөхөн үржихүйн эрхтэн шодой, төмсөг, хушга гэх гурван гадна хэсгээс тогтдог. Төмсөг нь эр бэлгийн даавар болох тестостероныг ялгаруулдаг. Дээрх даавар нь эр хүний бие бялдрын хөгжил, булчингийн хүч, бэлгийн дур хүсэл гээд эршүүд байдлыг бүрэлдүүлдэг билээ.

Харин хушга нь төмсөг байрлах уут бөгөөд шодой спермийг (үрийн шингэний идэвхтэй хэсэг) умай руу хүргэх, түүнчлэн шээс гадагшлуулах төхөөрөмж хэмээн тун энгийнээр ойлгоход хангалттай.



Хөшигний ард хүмүүс төдийлөн мэдэхгүй ч тун чухал үүрэгтэй нэмэгдэл булчирхайнууд гэх бүтцүүд туслах үүрэг гүйцэтгэж байдаг. Эрчүүдийн дийлэнх нь үр боловсруулах цоргынхоо тухай сонсож байгаагүй нь лавтай. 12 метр урт буюу дундаж автобусны урттай тэнцэхүйц энэхүү үрийн суваг тань хушганы хэмжээтэй уутанд тахиралдан байрлах бөгөөд өдөрт дунджаар 100 сая орчим эр бэлгийн эс үйлдвэрлэдэг. Түүнчлэн хүмүүсийн хальтхан гадарлах, гэхдээ дутуугүй ач холбогдолтой бусад нэмэгдэл булчирхайнууд бол булцуу үүдэвчний булчирхай, үрийн цэврүү болон түрүү булчирхай юм.

Түрүү булчирхайнаас ялгарах шингэн нь үрийн шингэний нийт эзэлхүүний 20-30 хувийг эзэлдэг бөгөөд булчирхайн зөв үйл ажиллагаа нь эрэгтэй хүний бэлгийн чадамжид тунчиг чухал үүрэгтэй. Хэрэв энэ булчирхайнаас эр бэлгийн эс чийглэх бодис гардаггүйсэн бол үрийн шингэн ялгарах боломжгүй юм.

Түрүү булчирхайн шингэн нь эр бэлгийн эсийг амьдрах боломж олгодог бодис агуулдгаараа онцлогтой. Эрчүүдийг насанд хүрсэн цагаас хойш түрүү булчирхайд үрийн шингэн ялгарах ба нас явсан хойно уг булчирхай сэтгэл түгшээж эхэлдэг. Энэ тухай бид нийтлэлийн төгсгөл хэсэгт илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно.



АМЬ СӨРСӨН АЯЛАЛ 

Харин спермийг ойлгох бага зэрэг төвөгтэй. Нэг талдаа тэд хачин ухаантай эсүүд мэт. Анхнаасаа тэд эзнийхээ биеийг орхин одож, өөр ертөнцийг нээх хувьтай төрсөн нөхөд. Нөгөө талаас харах юм бол тэд үнэхээр бүтэлгүй амьтад. Умай руу шахагдан орсныхоо дараа эволюцын тэдэнд өгсөн цорын ганц даалгаварт огтхон ч бэлэн биш байдаг нь хачирхалтай. Эмэгтэй хүний умайн гуурс дотор байрлах өндгөн эсэд олон зуун сая сперм хүрч очих боловч зөвхөн нэг нь л үр тогтоож чадна. Ялагч эр бэлгийн эс, өндгөн эсийн гаднах хальсыг өрөмдөн ороод бусад эсэд боломж олгохгүйн тулд тэднийг нэвтрэх боломжгүй болгох химийн бодис цацдаг.

Сонирхуулахад, эр бэлгийн эс нь хүний биеийн эсүүд дундаас хамгийн нарийхан эс юм. Гэхдээ түүний толгой хэсэг шинэ амьдрал үүсгэх удамшлын мэдээлэл агуулдаг гэдгээрээ хосгүй гайхамшгийг бүтээж чаддагийг мартаж болохгүй.

Эрэгтэй хүний дур тавих мэдрэмжийн цаана пуужин харвахтай адилтгаж болохуйц үйл явц өрнөдөг болохыг та мэдэх үү? Идэр насны дундаж эрэгтэй хүний үрийн шингэнээс дунджаар 1 мл тутамд 15 сая сперм ялгардаг. Ердийн бэлгийн ажиллагааны үеэр эрчүүдээс 3-3.5 мл (ойролцоогоор нэг цайны халбага) сперм ялгарч, 18-20 см цацагддаг аж. Шууд утгаараа задгай сансарт пуужин хөөрөхтэй ижилхэн үйл явдал байгаа биз. Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний тухайд товчхондоо иймэрхүү.



ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ

-Хэрэв та анзаарч байсан бол эртний Грекийн уран баримлууд дээр эрчүүдийн биеийг ихэвчлэн чанга булчинтай, хүчирхэг биетэй боловч жижиг шодойтойгоор дүрсэлсэн байдаг. Орчин үеийн хүмүүсийн нүдээр жижиг шодойг нь эс тооцвол тэдгээр эрсийн бие төгс гэх тодорхойлолтод дүйцэхүйц. Түүхч Пол Кристал энэ хачирхалтай дүрслэлийн талаар "Жижиг шодой нь Грекийн эрэгтэй гоо сайхны үзэл санаатай нийцэж байсан бөгөөд тухайн цаг үедээ хамгийн дээд соёлын тэмдэг, соёл иргэншлийн үлгэр жишээ байсан." хэмээн тайлбарлажээ. Сонирхолтой л юм.

-1677 онд Данийн эрдэмтэн А.В.Левенгук өөрийн зохион бүтээсэн микроскопны тусламжтай хамгийн анх амьд эр бэлгийн эсийг дүрсэлсэн түүхтэй. Тэрээр Хатан хааны нийгэмлэгт илгээсэн захидалдаа "de Natis e semine genital Animalculis" хэмээх жижигхэн толгойтой, бичил амьтдаар дүүрэн зургийг дүрслэн явуулжээ. Мөн захидалдаа “Тэд могой шиг эсвэл усанд сэлэх могой загас шиг хөдөлж, өөрсдийгөө хөдөлгөж байна” хэмээн дурдаж.

-1853 онд Лондонгийн эмнэлгийн мэс заслын эмч Ж.Адамс гистологийн шинжилгээгээр түрүү булчирхайн хорт хавдрын анхны тохиолдлыг илрүүлжээ. Адамс энэхүү нээлтээ хийсний дараа эл хавдрыг "маш ховор тохиолдох өвчин" гэж тэмдэглэжээ. Харамсалтай нь, түүний нээлтээс хойш 150 жилийн дараа түрүү булчирхайн хорт хавдар нь эрүүл мэндийн томоохон асуудал болон хувирч, эрэгтэйчүүдийн аминд хүрдэг хорт хавдрын хоёр дахь шалтгаан (уушигны хорт хавдрын дараа) болон хувирсан.

-Америкийн саятан Роберт Кларк Грэм гэгч эр Нобелийн шагналтан, оюуны гоц чадвартай хүмүүсийн сперм хадгалах банкийг 1980 онд байгуулжээ. Орчин үеийн хамгийн шилдэг спермийг эмэгтэй хүнд суулган гоц ухаантай хүүхэд төрүүлэх боломж олгоход энэхүү сангийн зорилго оршиж байсан юм. Энэ банкаар дамжуулан 200 орчим хүүхэд төрсөн боловч хэн нь ч гоц ухаантан болж чадаагүй нь тоогүй хэрэг.



ТООНЫ ХЭЛЭЭР 

12 метр-12 метр урт буюу хот хоорондын автобусны урттай тэнцэхүйц үрийн суваг нь хушганы хэмжээтэй уутанд тахиралдан байрлах бөгөөд өдөрт дунджаар 100 сая орчим эр бэлгийн эс үйлдвэрлэдэг.

10 км- Эр бэлгийн эс нь үтрээгээр дамжин умай руу орж, өндгөн эстэй нийлэхийн тулд 20-30 см зайг туулах ёстой байдаг. Энэ нь хүнтэй жишвэл 10 км зайг сэлж туулахтай ижил юм.

12.5 %- Судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 12.5 хувь нь амьдралынхаа туршид түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй нүүр тулдаг аж.

50 нас -Түрүү булчирхайтай холбоотой эмгэг 50-иас дээш насны эрчүүдэд хамгийн элбэг тохиолддог. АНУ-д бүртгэгдсэн түрүү булчирхайн хорт хавдрын арван тохиолдол тутмын зургаа нь 65-аас дээш насныханд хамааралтай.

34,500 хүн- 15 минут тутамд нэг америк эр түрүү булчирхайн хорт хавдраар нас бардаг. Өөрөөр хэлбэл жилдээ 34, 500 хүн энэ өвчний улмаас өөд болдог бөгөөд бейсболын цэнгэлдэхийг бүхэлд нь дүүргэхэд хангалттай тооны эрчүүд гэсэн үг.



НЭР ТОМЪЁОНЫ ЛАВЛАХ

2020 онд дэлхийн хэмжээнд түрүү булчирхайн хорт хавдрын 1 сая 500 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 375 мянган хүн нас барсан бөгөөд энэ тооцоогоор эрчүүдийн дунд хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдрын хоёрдугаарт, хорт хавдрын нас баралтын тоогоор тавдугаарт орж байна. Хүн амын хөгшрөлт, эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан түрүү булчирхайн хорт хавдрын ачаалал нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. Харин Монгол Улсын тухайд энэхүү өвчин нийт хавдрын 1.1 хувийг эзэлж, зонхилох хорт хавдрын эхний 10-т багтаж буй.

Түрүү булчирхайн үрэвсэл- Өөрөөр простатит хэмээн нэрлэх энэ үрэвсэл нь хурц болон архаг гэсэн хоёр төрөлтэй. Хурц үрэвслийн шинж тэмдэг нь тод бөгөөд хурдан эдгэдэг бол архаг үрэвсэл нь өвдөлт багатай, дахилттай, эмчилгээ авахдаа ч удаан байх хандлагатай. Аль ч хэлбэр нь бэлгийн идэвхтэй амьдралтай, 30-50 насны эрчүүдэд дийлэнхдээ тохиолдоно. Түүнчлэн олон хамтрагчтай хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох нь эрсдэлт хүчин зүйл болдгийг анхаарууштай.

Түрүү булчирхайн томролт- Энэ өвчний үед түрүү булчирхай томорч, шээс дамжуулах сувгийг дарж, шээс гадагшлахад бэрхшээл үүснэ. Эхэн үедээ зовуурь шаналгаа багатай хэдий ч аажимдаа томрох тусам шээсний сувгийг дарж, шээс гадагшлуулахад хүндрэлтэй болж эхэлнэ. Улмаар өдрийн турш ойрхон шээс хүрэх, шээсэн ч давсаг дүүрэн мэт санагдах, шөнийн цагаар давсаг дүүрэн байсан ч шээс гадагшлахгүй байх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Түрүү булчирхайн хорт хавдар- Түрүү булчирхайн булчирхайлаг эдээс хорт хавдрын эс ургана. Энэ эмгэгийг сүүлийн жилүүдэд илүүтэй оношлох болсон нь хүмүүсийн мэдлэг тэлж, түрүү булчирхайгаас ялгардаг антиген гэх уургийн хэмжээг тогтоодог шинжилгээ бий болсонтой шууд холбоотой. Уг эмгэг шинж тэмдэггүй, удаан ургалттай байдаг тул шинжилгээ өгөхөөс нааш илрэхгүй байх магадлал өндөр.



ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

Хорт хавдар үүсэх шалтгаан?

Шалтгаан нь тодорхойгүй хэдий ч төмсөгнөөс ялгардаг эр бэлгийн даавар тестостерон энэ төрлийн хорт хавдарын өсөлтөд үлэмж хэмжээгээр нөлөөлдөг аж. Ойролцоогоор хавдрын таваас арван хувь нь генийн удамшилтай холбоотой байдаг. Хорт хавдрын эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг мэдрэгдэхгүй ч нэгэнтээ шээсний сувгийг дарж эхэлсэн бол дараах шинж тэмдэг илэрнэ.

-Шээс дусагнах, бүүр гарахаа байх

-Шөнөдөө ойр ойрхон шээс хүрэх

-Цустай шээс гарна

Оношлогоо?

Хэрэв таны удамд түрүү булчирхайн хорт хавдартай нэгэн байгаа бол эсэхүл дээрх шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Цусны шинжилгээгээр түрүү булчирхайд агуулагдах антиген бодисыг тодорхойлох замаар хорт хавдрыг илрүүлдэг. Мөн шулуун гэдсээр хэт авиан шинжилгээ хийх, түрүү булчирхайн эмгэг хэсгийн эдийн дээж авах замаар хавдартай эсэхийг хялбар тогтооно.

Бүрэн эдгэрэх боломжтой юу?

Түрүү булчирхайн хорт хавдар туслаа гээд уг эмгэг амь насанд аюултай гэсэн үг биш юм. Энэ эмгэгийг тогтмол хянаснаар эмчилгээ хийх хугацааг хойшлуулж болно. Жижиг хэмжээний хавдартай бол нас барах хүртэл хэдэн ч жилийн турш шинж тэмдэг илрэхгүй байж болох. Харин хавдрын улмаас мэс засал хийлгэсэн эрчүүдийн хувьд 10 эрэгтэй тутмын 9 нь оношлогдсоноос хойш таваас дээш жил амьдардаг.

САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ

Түрүү булчирхайн эм уугаад л өвчнөө эмчилж болно доо...

Түрүү булчирхайтай холбоотой өвчнүүдээс сэргийлэх тусгайлсан арга хэмжээ байдаггүй. Хамгийн анхаарууштай зүйл гэвэл баталгаагүй эм ханган нийлүүлэгчээс түрүү булчирхайн томролтыг эмчилдэг эм, бэлдмэлийг урьдчилан сэргийлэх болон шинж тэмдэг намдаах зорилгоор авч ууж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Түрүү булчирхайгаа авахуулчихвал бэлгийн сулралтай болно...

Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар бэлгийн сулрал, түрүү булчирхай хоёр хоорондоо шууд холбоотой биш аж. Мэс засал хийлгэсэн ч өвчтөний биеийн байдал, нас зэргээс хамааран 4-24 сарын дараа бэлгийн идэвхтэй амьдралдаа шилжихэд асуудалгүй.

Идэвхтэй бэлгийн амьдрал, түрүү булчирхайн хавдар хоёр хоорондоо хамааралгүй...

Жон Хопкинсийн их сургуулиас хийсэн хоёр ч судалгаанаас үзэхэд бэлгийн харьцаанд тогтмол ордог эрчүүд бусдаасаа түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал гуравны хоёроор бага байдаг. Одоогоор судалгааны ажлууд үргэлжилж байгаа бөгөөд зарим мэргэжилтнүүд эрчүүд үрийн шингэнээ тогтмол гадагшлуулснаар үрэвсэл үүсгэдэг хорт бодис болон бусад бодис ньбиеэс хамтдаа гадагшилдаг хэмээн дүгнэжээ.