Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй, мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Эрчим хүч хүн төрөлхтний бүхий л цаг хугацаанд технологийн хөгжлийг хурдасган, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх салбарын амин чухал түүхий эд болж, жилээс жилд хэрэглээ нь тасралтгүй өсөн нэмэгдсээр ирсэн билээ.

НҮБ-аас мэдээлснээр дэлхий нийтийн эрчим хүчний хэрэглээ энэ хэвээр үргэлжилбэл хүлэмжийн хийн ялгаруулалт 2030 онд өнөөдрөөс 40 хувиар ихсэх магадлалтай төдийгүй одоо байгаа эрчим хүчний нийлүүлэлт 75 хувиар нэмэгдэх аж. Уг асуудлаас улбаалж дэлхийн улс орнууд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрснээс татгалзаж, байгальд ээлтэй эх үүсвэрүүд болох сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглээ болгохыг зорьж буй юм.

Ийм ч учраас "Тайлбарлах нь" цувралын энэ удаагийн дугаартаа бид сэргээгдэх эрчим хүч тойрсон олон ээдрээтэй асуудлыг товч бөгөөд тодорхой тайлбарлаж байна.



хүлэмжийн хий ялгаруулагч "хэргийн эзэн"

Цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хий ялгарал хоёр хоорондоо шууд хамааралтай. Дэлхийн дундаж температур 1880 оноос хойш цельсийн 1.2 хэмээр нэмэгдсэн тухай та хангалттай сонссон л биз дээ? Товчхондоо, цельсийн 1 хэм нь цаг агаарын томоохон өөрчлөлтийг илэрхийлэхгүй ч уур амьсгалд ноцтой өөрчлөлт гаргаж, далайн мөсийг хайлуулах, хур тунадасны хэмжээг өөрчлөх, экосистемийг сүйрүүлэхэд хангалттай. Хэрвээ бид дараагийн 30 жилийн турш энэ өөрчлөлтийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдлыг өөрчлөхөд дэндүү оройтсон байх болно.

Өдгөө дэлхий дээр Нью-Йорк хотын дайтай шинэ хот суурин сар тутамд бий болж, үйлдвэржилт, даяарчлалын нөлөөгөөр хүлэмжийн хийн ялгаруулалт эрчимтэй нэмэгдсэн нь энэхүү цаг уурын өөрчлөлтийн голлох шалтгаан.

АНУ бол түүхэн дэх хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч улс. Тэд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 5.4 сая тонн буюу дэлхийн нийт нүүрстөрөгчийн давхар ислийн 10 хувийг дангаар ялгаруулсан. Хотууд нийт манай Дэлхийн газар нутгийн ердөө гуравхан хувийг эзэлдэг ч нийт эрчим хүчний 60-80 хувийг зарцуулж, нийт хүлэмжийн хийн 75 хувийг бүрдүүлж байна.

Нөхцөл байдал нэгэнтээ аюулын харанга дэлдэх түвшинд шилжсэн учраас томоохон гүрнүүд нөхөн сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглээ болгох дээр бүгд санал нэгдээд буй. Одоогийн байдлаар дэлхийн нийт эрчим хүчний дийлэнх буюу 40 хувийг нүүрс бүрдүүлж буй бол сэргээгдэх эрчим хүч 18.2 хувийг эзэлж байна.



тооны хэлээр:

7%: 2021 оны байдлаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл дундаас салхин цахилгаан станц нийт эрчим хүчний 7% буюу 563 сая квт.цаг эрчим хүч үйлдвэрлэсэн.

145 мянга: Монгол Улсын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо 2016-2021 оны хооронд 145 мянгаар нэмэгдсэн.

27%: Өдгөө Дэлхийн нийт хүлэмжийн хийн 27% эрчим хүч үйлдвэрлэх явцад гарч байна.

5: Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө Дэлхийд 5-рт жагсдаг.

2.7 сая₮: Их Британийн өрхүүд цахилгааны хэрэглээгээ нарны эрчим хүчний хавтангаар хангаснаар жилд ойролцоогоор 2.7 сая төгрөг хэмнэдэг аж.



эрчим хүчний хэрэглээгээ эргээд нэг харъя

Монгол Улсын суурилагдсан хүчин чадал сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд хэрэглээ дунджаар жил бүр таван хувьтай өсөж байгаа нь эрчим хүчний эрэлт хэрэгцээ хэр өндөр байгааг илтгэх нь лавтай.

Хэрэв цаашид манай улсын эрчим хүчний салбар уламжлалт хэв маягаараа ажилласан тохиолдолд хүлэмжийн хийн ялгаралт 2030 он гэхэд 51.5 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл болж нэмэгдэх төдийгүй хүлэмжийн хийн ялгаралтад салбарын эзлэх хувь 81.5 хувьд хүрч өсөх судалгаа бий. Сонирхуулахад, одоогийн байдлаар хүлэмжийн хийн ялгаруулалтын тал хувийг нүүрсэнд суурилсан эрчим хүчний салбар бүрдүүлж байна.

Дэлхийн улс орнууд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд нүүрсхүчлийн хийг бууруулах зорилт тавин, ханган нийлүүлэгчдэд шаардлага тавьж, шинэчлэл хийх хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс урт хугацааны гэрээ санал болгон өрсөлдүүлж байгаа билээ.

Тиймээс экспортын чиглэлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүдийн хувьд өөрсдийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, гадаад зах зээл дээр тогтвортой ажиллахын тулд хүссэн хүсээгүй энэхүү өөрчлөлттэй тулгарах нь гарцаагүй хэрэг. Ойрын ирээдүйд цэвэр эрчим хүч ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортонд гаргаж байгаагаа баримтжуулж, худалдан авагчдаа ойлгуулах нь үйлдвэрлэгчдэд чухал давуу тал болох юм.



Түүнчлэн дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй 210 мянга гаруй өрх сайжруулсан түлш болон бусад түлшийг гэрийн халаалтдаа ашиглаж байгаа юм. Эдгээр өрхийн хатуу түлшний хэрэглээ нь төв суурин газрууд, ялангуяа нийслэл хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж буйг жил бүрийн өвөл бэлхнээ нотолж буй. Зөвхөн түүхий нүүрс хэрэглэснээс болж ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн нийт хэмжээ гэхэд 2010-2019 онд оныхоос хоёр дахин нэмэгдэж, 35.9 сая тонн болсон байдаг.

Хэдий бид Дэлхийн нийт нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын өчүүхэн хувийг (0.1 хувь) бүрдүүлж байгаа ч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт 11.51 тонн CO2-экв буюу дэлхийн дундажтай харьцуулахад бараг хоёр дахин өндөр байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй.

САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ

МАНАЙ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ РҮҮ ШИЛЖИХЭД ХЭР ОЙРХОН БАЙГАА ВЭ?

2022 оны байдлаар Монгол Улс даяар салхины гурав, нарны зургаа, усан цахилгаан станц хоёр ажиллаж буй бөгөөд эдгээр нь дотооддоо үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, таны гэр, албан байгууллагад очиж байгаа цахилгааны арван хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэдэг байх нь. Товчхондоо, та бид бүгдээрээ сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчид. Танд сануулахад, манай улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дагуу 2030 он гэхэд дээрх тоог даруй 20 хувиар нэмэгдүүлэх амлалт өгсөн.

Судлаачдын тооцоолсноор манай улсад 2,600 гегаватт (гВт) нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулах боломжтой бөгөөд энэ нь жилд 5,457 тераватт (тВт) цаг байгальд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал гэсэн үг юм.

Энэхүү нөөцөөр эрчим хүчний дотоодын хэрэглээг (2018 оны байдлаар 1.2 гВт орчим) бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч дамжуулах дэд бүтцийг оновчтой шийдсэн тохиолдолд Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний эрэлтийг ч хангаж боломжтой.


ЦЭХ*-Цахилгаан эрчим хүч


Монгол Улсын хэмжээнд цахилгааны дундаж тариф 2007 онд 53 төгрөг/ кВтц байсан бол 2022 онд 187 төгрөг болж 15 жилийн хугацаанд ердөө 134 төгрөгөөр нэмэгджээ. 2021 оны байдлаар бид Японы айл өрхтэй харьцуулахад 4.7, Өмнөд Солонгосоос 1.9 дахин бага үнэтэй цахилгаан хэрэглэж байна.


ӨӨРИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧЭЭ ЗАРАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮҮ?

Эрчим хүчний сайдын 2020 оны 8 сарын 14-ний өдрийн тушаалаар 159-р журам буюу “ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ” батлагдан гарсан ба сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэсэн илүүдэл цахилгаан эрчим хүчээ худалдах хууль эрх зүйн орчин бий болсон юм. Та энэ хуулийн зохицуулалтын тусламжтай хувийн орон сууцныхаа дээвэр дээр үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчээ төвийн системд нийлүүлж орлого олох боломжтой.