Цэлгэр гэрийн хойморт морилох цэнхэр дэлгэц ямарваа нэг байдлаар хүн бүрийн дурсамжтай холбогддог нь гарцаагүй. Магад зарим нэгнийх нь хувьд өнгөгүй хар зурагт, орос хэл дээрх сувгууд, хуучны видео тоглоомууд ойр санагдаж байж болох юм. Аль эсвэл зурагттай нэгнийдээ цуглаж товлосон цагтаа үздэг кинонууд, тогшиж цохихгүй л бол жирэлзээд гардаггүй торгон мэдрэмж шаардсан антенна тохируулга ч дурсамжид тань тодхон байж мэдэх.
Миний хувьд бол цэцэрлэгтээ явахаас өмнө зорин, зорин үздэг байсан өглөө хөтөлбөрийн тавхан минутын хүүхэлдэйн киногоор зурагттай холбоотой олон дурсамж эхэлнэ. Ингээд бодвол зурагт гэх технологи бидний амьдралын үнэхээр салшгүй нэг хэсэг болсон байгаа юм.
Иймд чухал боловч цэгцтэй мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаартаа айл гэрийн хойморт гол дүр байсаар ирсэн зурагт болон түүгээр дамжин бидэнд хүрсээр буй контент, үйлчилгээний хөгжлийн талаар хуваалцахаар боллоо.
“HOME ENTERTAINMENT”-ИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТОО НЭГТГЭХ НЬ
Тун энгийнээр тайлбарлахад зурагт, хөгжим, видео тоглуулагч, компьютер зэрэг гэрт байх төрөл бүрийн төхөөрөмжөөр дамжуулан энтертайнмент хэрэгцээг хангаж буй явдал бол “home entertainment” юм. Хүссэн киногоо сонгож үзэх, зурагтаараа шууд интернэттэй холбогдох, дуртай телевизийн сувгаа ухрааж үзэх, таалагдсан тоглоомоо татах зэрэг олон боломжийг буйдан дээрээ сууж байхдаа хэдхэн товчлуур дараад л авч буй нь цөм ойлголтын нэг хэсэг билээ.
Home entertainment нь анхлан хорвоогийн сонин хачин, хол ойрын мэдээ мэдээллийг хүргэгч радиогоор хязгаарлагддаг байсан бол 1950-иад оны үед зурагт худалдаанд гарч хөгжлийг нь хурдасгав. Цаг хугацаа өнгөрөх тусам зурагтаас гадна өөр олон технологиуд бий болж бидний энтертайнмент хэрэгцээ ч даган өөрчлөгджээ. Тэр дундаа Ковид-19 цар тахал гарснаас хойш бид гэртээ илүү их цагийг өнгөрөөх болсон нь “Home entertainment”-ийн эрэлтийг нэмэгдүүлж энэ чиглэлийн контентын чанар, технологийн боломж, үйлчилгээний хүртээмж ч түүнийг дагаад сайжрав.
РАДИО ДОЛГИОН: “ХҮСЭЛТИЙН ХАРИУ”-Д ЗАХИДАЛ ХАЯГЛАСАН ӨДРҮҮД
XIX зууны шинжлэх ухааны гол дэвшил болсон радиог Италийн зохион бүтээгч Гульельмо Маркони 1895 онд бүтээснийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Харин радио хүмүүсийн энтертайнмент хэрэгцээг хангаж эхэлсэн үе гэвэл 1920-иод оны эх юм. Энэ үеэс л радио хүмүүний амьдралд гол үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд богино хугацаанд мэдээ, дуу хөгжим, жүжиг, спорт, цэнгээнт нэвтрүүлэг зэргийг дамжуулдаг 500 орчим станц бий болов. Түүнчлэн 1930-аад оны үед АНУ болон Европын ихэнх айлд дор хаяж нэг радио байсан нь тухайн цаг үеийнхээ өргөн хэрэглээний төхөөрөмж байсныг илтгэж буй.
Америкийн радиогийн “Алтан үе” тэднээс ч өмнө буюу 1930-1940 онуудад хамаарах ба Америкчуудын хувьд радио хөтөлбөрүүд томоохон байр суурь эзэлж, амьдралынх нь салшгүй нэг хэсэг байжээ. Тодруулбал, дайн, эдийн засгийн хямрал зэрэг нийгмийн асуудал ихтэй цаг үед ард иргэдийнхээ зугаа цэнгэл, соён гэгээрлийн хэрэгцээг хангахын сацуу улс оронд өрнөж буй үйл явдлуудын мэдээ, улс төрийн суртал ухуулга зэргийг дамжуулах чухал мэдээллийн хэрэгсэл нь радио байсан юм.
Харин манай улсын хувьд Ардын Хувьсгалын арван жилийн ойгоос урьтал болгон радиог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн ба 1930 онд ЗХУ-аас радио хүлээн авагч, микрофон, чанга яригч зэрэг тоног төхөөрөмжийг хүлээн авч, радиогийн материал техникийн баазыг байгуулахын тулд “Монгол радио” хоршоог байгуулсан түүхтэй. Тийнхүү 1934 оны есдүгээр сарын 1-ний өдөр одоогийн Сүхбаатарын талбайн баруун урд талд байрлах орой дээрээ цамхаг, цагтай хоёр давхар байшингаас хамгийн анхны радио өргөн нэвтрүүлэг Монгол орон даяар цацагдаж байжээ.
Магад нэгэн цагт өвөө эмээ, аав ээжээсээ “Хүсэлтийн хариу”, “Ургацын далай”, “Өглөөний мэнд”, Үлгэрийн цаг” тэргүүтэй радио нэвтрүүлгүүдийн талаар сонсож байсан байх. Эсвэл өөрөө ч сонсож өссөн байж болох. Миний санаж байгаагаар “Үлгэрийн цаг” нэвтрүүлгийн хөтлөгчийг дуурайн “Үлгэрт өгүүлэх юм их бий. Үлгэрээс сурах ч юм их бий” гэж хэлэх ээжийн төрх ч нүдэнд үзэгдэнэ. Энэ мэтчилэн тухайн үед хот, хөдөөгүй зорин сонсдог байсан радио нэвтрүүлгүүд хэн бүхний дурсамжтай нягт холбоотой гэдэгт эргэлзэхгүй байна.
ХАР ЗУРАГТ: “ХАЛТАР ЦАРАЙТ”-ЫГ ШИМТЭН ҮЗСЭН МОНГОЛЧУУД
Миний зурагттай танилцсан түүх хэзээ хойно тул аав ээжийн үлгэр мэт ярианаас эхлэх нь зүйтэй болов уу. Өнгөгүй хар зурагт. Нэг зуун ч хүрэхээргүй он цагийн өмнө одоогийн бидний мэдэх зурагтаас дэндүү болхи хэр нь тухайн үед нийгмийнхээ нүд баясгагч нь байсан өнгөгүй хар зурагт.
Түүхийн хуудсыг ахин сөхвөл 1927 онд анхны зурагт зохион бүтээгдсэн ба зурагтад зориулан бүтээсэн анхны контент нь Ж.Харли Маннерсийн "Хатан хааны элч" нэртэй жүжиг байв. Эл бүтээлийг та бидний сайн мэдэх CBS (Columbia Broadcasting System)-ийн харьяа WRGB суваг олны хүртээл болгож байсан юм.
Харин Монголчуудын зурагттай ойр дотно нөхөрлөсөн түүх эх хэл дээрээ нэвтрүүлэг, уран сайхны кино, мэдээ хүлээн авч эхэлсэн 1967 оноос эхэлнэ. Үүнээс өмнө бидний аав ээж, ах эгч оросын сувгуудыг ойлгох юм тун багатай ч орой өглөөгүй шимтэн үздэг байсан тухайгаа бидэнд нэг биш удаа дурсан ярьж байсан нь лав.
Ээжийн дурсамж ярианаас сонирхуулахад тэр үед өдөржин гудмныхаа найзуудтай тоглож өдрийг өнгөрүүлдэг байсан хүүхдүүд түрүүлж зурагттай болсон саахалт айлдаа толгой цухуйх ч зайгүй болтол шаван суудаг байжээ. Тэдний үздэг байсан нэгэн алдарт контент бол 1994 онд МҮОНРТ-ээр гарч байсан Венесуэлийн олон ангит кино "Халтар царайт" олон ангит кино юм. Энэхүү киног үзэхийн тулд одоогоор бол “Тэг зогсолт” гээчийг утгаар нь хийж байсан тухай олон яриа сонсож байсан гэдэгт тань эргэлзэхгүй байна.
КАБЕЛИЙН ТЕЛЕВИЗ: ГАДНЫН КОНТЕНТ БА ОЛОН СУВГИЙН СОНГОЛТУУД
Энэ төрлийн технологи хөгжиж ганцхан суваг үзэх боломжтой байсан үе ард хоцорлоо. Бид хиймэл дагуулаас дамжуулсан нэвтрүүлгийг кабелийн сүлжээний тусламжтайгаар хүлээн авдаг зурагттай болж, олон суваг үзэх боломжтой болсон нь тоглоомын дүрмийг тэр чигт нь өөрчилсөн юм. Анх 1980 онд сансрын теле нэвтрүүлгийг Америкийн бизнес эрхлэгч Тэд Тернерийн байгуулсан Сable News Network (CNN) телекомпани АНУ-ын кабелийн сүлжээгээр дамжуулснаар олон сувгийн сонголт, гаднын контент хүлээн авах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.
Харин Монголд 1995 оноос гадаадын болон дотоодын телевизүүдийн кабелийн сүлжээ бий болсон юм. Чухам эндээс л бид Cartoon Network тэргүүтэй гадаадын сувгуудтай танилцаж, телевизийн контентыг шилж сонгон үзэх боломжтой болсон билээ.
Энэ үеэс тодхон үлдсэн дурсамж гэвээс МҮОНРТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн эхэнд гардаг хүүхэлдэйн киног эргэлзэлгүй нэрлэнэ. Ухрааж үзэж болохгүйгээс хойш хичээлдээ явахаас өмнө заавал үзчихээд гардаг байлаа. Орой унтахын өмнө “Боролдойн цаг”-аа ч алгасахгүй үзнэ. Аажимдаа арилжааны телевизүүд олширч, үзэж харах зүйлс нэмэгдэн зурагтын удирдлага миний гараас салахаа байсан юм. Мэдээж амралтын өдрийн өглөө бүр ТВ9 телевизээр гардаг байсан хүүхэлдэйн кино, сурагчдын амралт эхлэхээр л давтаж гардаг “Boys Over Flowers”, “Dream High” тэргүүтэй Өмнөд солонгосын олон ангит кинонуудыг мартаж үл болно.
Ингэхэд SEGA тоглоомыг зурагттайгаа холбоод тоглодог байсныг санаж байна уу? Sega бол одоогийн гар утасны видео тоглоомуудаас ч илүү “од” байлаа.
IPTV: УХРААХ, ТҮРЭЭСЛЭХ, ХЭЛ СОНГОХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
Зурагтыг энэ олон жилийн турш "Home entertainment"-ийн гол дүр байхад нөлөөлсөн дараагийн дэвшил бол маргаангүй IPTV. Дуртай киноныхоо гарах цагийг тэсэн ядан хүлээж байхад дүү нарын үздэг хүүхэлдэйн киноны цагтай давхцах тэр мэдрэмж бол хүсэх зүйл биш. Азаар IPTV гэр бүлийн гишүүн бүрд дуртай контентоо хүссэн үедээ хүлээн авах боломжийг олгосон билээ. Одоо бол үзэж амжаагүй ч ухраачихна, шинэ кино бүтээлүүдийг түрээслээд үзчихнэ, телевизээрээ шууд интернэтэд холбогдчихно гээд л үнэхээр амар болжээ.
Тэгвэл энэ бүх үйлчилгээ улам бүр хялбар болж технологи улам дэвшиж, дээшилсээр байна гээд төсөөл дөө. Яаж вэ гэж үү? IPTV-ийн Монгол дахь анхдагч үйлчилгээ болох Юнивишн шинэчлэгдсэн Univision 4.0 системийг санал болгож эхэлжээ. Товчхондоо Android үйлдлийн систем нь AndroidTV буюу ухаалаг зурагтын үйлдлийн системтэй болж байгаа гэсэн үг. Эдгээр систем нь суурь нэгтэй ч хоорондоо нэлээдгүй ялгаатай үйлдлийн систем гэдгийг санууштай.
Univision 4.0-ийн зарим нэг давуу талууд:
- “Parental control” буюу зарим контентыг хүүхдэдээ үзүүлэхийг хүсэхгүй байвал энэ тохиргоог хийхэд л болно.
- Кино үзэж байхдаа хэлийг нь сольж, олон сонголтоор үзэх боломжтой. Мэдээж бүх суваг дээр боломжгүй ч бидний шимтэн үздэг HBO тэргүүтэй сувгуудын бүтээлүүдийг англи, монгол хэлээр сонгон үзэж болно.
- Google assistant-ийн тусламжтайгаар хүссэн кино, контентоо дуу хоолойгоор хайж болно. Үзэхийг хүссэн контентынхоо нэрийг бичихээс залхуурдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй боллоо.
- Танай зурагт ухаалаг буюу “Smart TV” биш байлаа ч Univision 4.0 системийг ашиглан Google Play Store-оос телевизорт зориулан хөгжүүлсэн апп, тоглоомуудыг татах боломжтой. Шинэчлэгдсэн төхөөрөмж нь 5GB хүртэл апп татах багтаамжтай бөгөөд зөвхөн тоглоом ч гэлтгүй YouTube, Spotify, VLC, Kodi зэргийг ч татаж болно.
Төхөөрөмж шинэчлэх зааврыг ЭНД дарж авна уу.
Шинэчлэгдсэн системтэй холбоотой зааврыг ЭНД дарж авна уу.