"Хэрвээ бид хэн нэгнийг, ямар нэг цагийг хүлээвэл өөрчлөлт ирэхгүй. Хүлээж буй хүн нь бид өөрсдөө. Хайж буй өөрчлөлт нь бид өөрсдөө."
Барак Обама
Бүтэлгүйтлийн түүх, түүнээс олж авсан сургамжаа хуваалцдаг "ФаакАп" булангийн энэ удаагийн зочин бол "Мэгүүн медиа" ХХК болон "Owl Bookstore"-ийн үүсгэн байгуулагч С.Ангараг. Тэр бол медиа, контентийн салбарт олон шинэлэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, ном, кино зэрэг төрөл бүрийн сонирхолтой контентийг бүтээсэн чадварлаг, бүтээлч нэгэн.
Тэр чухам юун дээр алдсан юм бол? Тэгээд юу сураа бол?
ТА ХЭН БЭ?
Би сэтгүүлч, маркетингийн мэргэжилтэй. МNB телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр карьераа эхлэж байлаа. Хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил, маркетингийн салбарт зургаан жил ажиллаж байна. “Dream Box” телевизийн үүсгэн байгуулагч. Одоо “Мэгүүн медиа” ХХК, “OWL Bookstore” дэлгүүрээ хариуцдаг. “Охидын аминчхан яриа” номын зохиогч, “Бүхнээс дээгүүр”, “Сараана” УСК, “Love you” романтик цуврал кинонуудын зохиолч, продюсер. Хөтлөгч, редактор, сайдын зөвлөх гээд ер нь их олон юм хийж үзсэн дээ. Гэхдээ бүгд хоорондоо холбогддог, медиа суурьтай ажлууд. Ирээдүйд контентийн салбарт улам мэргэшин ажиллах зорилготой.
БИЗНЕС/ТӨСЛИЙН САНАА ЮУ БАЙСАН БЭ?
Нэг хэсэг хэвлэл мэдээллийн салбараас хөндийрчихсөн байх үед томоохон байгууллагаас удирдах албан тушаалд ажиллах санал ирсэн. Медиа салбарт төсөл хийхэд хамтрах баг хэрэгтэй байдаг. Бодож санаж явдаг санаануудаа хэрэгжүүлэх боломж гэж харан зүгтээд үзье гэж зориод шинэ ажилдаа орсон. Гурван жилийн хугацаанд хийе бүтээе гэснээ хийж, баг хамт олны уур амьсгал эрч хүчтэй байв. Сайн контент, сайн төслүүдийг хийе, өөрийгөө энэ салбарт тултал нь сорьж, хоргодохгүй болтлоо явъя гээд нойр, хоол, амралтгүй зүтгэсэн. Уран бүтээлч хүний хувьд өөрийн бодолд байгаа санаагаараа бусдад хүлээн зөвшөөрөгдөх шинэлэг контент хийнэ л гэж боддог. Анх намайг ажилд ороход, цаг тутам шинэчлэгдэж, үзэгчдийг байлдан дагуулж байх ёстой газар байтал хурд нь саарсан, одоо цаг үеийн чиг хандлагагүй, шинэ өнгө төрхгүй, бизнесийн хувьд ашиг орлого сайнгүй болсон байсан. Өөрийн давуу талуудыг ашиглаж чадах хэмжээгээрээ шинэ салхи оруулж, удаашралыг хурдасгаж, ашиглаж чадахгүй нөөц бололцоог эргэлдүүлж, баг болж чадахгүй хүмүүсийг баг болгож, хүлээлтийг давж ажиллах гээд зүтгэж байлаа. Ажилдаа дуртай болохоор ээлжийн амралт, бонусгүйгээр бүхнээ зориулж, ажлын амтандаа орон, үр дүн үзүүлээд ажиллаж байсан. Хэд хэдэн томоохон төсөл, олон улсын форматын контентуудыг ч багаараа амжилттай хийж чадсан.
ЮУ ТОХИОЛДСОН БЭ?
Ажлын саналыг хүлээн авч ажиллаж эхэлснээс хойш хоёр ч удаа тушаал дэвшиж, үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байлаа. Сүүлд дахин тушаал дэвшүүлсэн шийдвэр гаргаснаас хоёр хоногийн дараа гэнэт ямар ч үндэслэл шалтгаангүйгээр “үргэлжлүүлэн ажлуулах боломжгүй” гэдэг шийд хэлсэн. Тэр үед би шоконд орж, их уурлаж хүлээж аваад, огцом зан гарган тэр хүмүүсийн хүссэнээр шууд л хаяад явсан. Хамтран ажиллаж байсан хүмүүс ч таагүй сэтгэгдэлтэй, ажлын байрны баталгаа, шударга ёс гэж байхгүйг ойлгоод үлдсэн. Албан байгууллага бүрд паразит маягийн албан хаагч нар байдаг, шинэ сорилтонд ороход бэлэн биш, эсвэл зүгээр л чадваргүй. Тийм хүмүүс ажил хийхгүй ч цалин авдаг, алдаа ч, амжилт ч гаргадаггүй. Шинэ шатанд гарахын тулд бүх хүн хөдөлж байж урагшилдаг байтал энэ хүмүүс өөрчлөгдөхгүйн төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Өөрийнхөө амьдралыг зөвхөн нэг юмаар төсөөлдөг худгийн мэлхийнүүдтэй адил. Өөр юм байж болно гэдгийг мэдэхийг ч хүсдэггүй. Худгаас нь гаргах гэхээр гэрэлд цохиулах гээд гардаггүй. Өөрчлөлт хүн болгонд тухтай байдал авчирдаггүй. Паразит ажилтнууд өөрчлөгдөж чаддаггүй учир хэл ам, хов живийг даамжруулж, араар хувилдаан зохион байгуулж байдгийг би харах сөхөөгүй байж. Гэхдээ ойр дотно хүмүүс маань хүнд хэцүү үеүдэд “Зүгээр ээ, чи хаа ч очоод алзахгүй” гэж урам өгдөг. Тэр үед их гомдолтой санагдаж байсан ч нөгөө талаас анзааргагүй байсандаа өөртөө л уур хүрч байлаа.
ЯМАР СУРГАМЖ АВСАН БЭ?
Ер нь бол өөрийнхөө төлөө тэмцэгч байж чадаагүй. Хөдөлмөрийн харилцаанд орохдоо, гэрээн дээрээ сайн анхаарч, мэдлэг мэдээлэлтэй байх ёстой юм билээ. Хууль бус шийдвэр гарахад эсэргүүцэх хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Хуульчаас зөвөлгөө авах, шүүхэд хандах, асуудлыг жижиг том гэлтгүй хуулиар шийдүүлэх боломжтой. Асуудлыг шийдвэрлэж өөрийнхөө төлөө болон бусад хүмүүсийн төлөө явахгүй бол нөгөө талд байгаа хүмүүс улам сурцтай болж гаарна. Удирдах албан тушаалд байгаа бол сөрөг хандлага гаргаж байгаа хүмүүсээ нэг гэлтгүй үл тоон өнгөрөлгүйгээр ярилцаж, асуудлыг нь сонсон шийдвэрлэж, харилцааны чадвараа сайжруулж байх ёстой юм байна. Дандаа өөрт сайн хандаад байгаа хүмүүсдээ төвлөрөх биш сөрөг сэтгэгдэл хэлээд байгаа хүмүүсийг шинжилж харах ёстойг ойлгосон. Цаашдаа шударга бус санагдаж байгаа зүйлийг хүлцэн тэвчих ёсгүй юм байна. Асуудалтай нүүр тулж шийдвэрлэх хэрэгтэй. Заа яахав дээ гэж хаялгүйгээр, жижиг гэлгүйгээр, өөрт таагүй санагдаад байгаа асуудлуудыг дор дор нь шийдэж явах хэрэгтэй. Надтай надгүй үргэлжлээд л явах ажлын төлөө ажил, амьдрал балансаа алдах хэрэггүй. Ажлыг орхих үедээ орхиж, амарч сурах хэрэгтэй гэдгийг ойлгосон доо.
Өмнөх дугааруудыг унших
ФаакАп #1: UB Comedy клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг
ФаакАп #2: Хөтлөгч, сагсан бөмбөгийн дасгалжуулагч Б.МандуулUnread Media
Зочлох: Fuckup Nights Ulaanbaatar
Та бүхэн бидэнтэй үнэтэй сургамж авсан түүхээ хуваалцахын зэрэгцээ онц содон түүхийг хүүрнэх сонирхолтой зочдыг санал болгоорой.
#sharethefailure #fuckupnights #fuckupnightsulaanbaatar
z zochin 2020.09.02 66.181.190.109
Ангараг эгчийг хүүхдийн нэвтрүүлгийн редактор байхад 13 настай би, хөтлөгч болох гээд шалгуулж байсан ч тэнцээгүй.Хэхэ гэхдээ их шартай охин байсан болхоор ахиад таарахдаа мундаг сэтгүүлч болоод уулзнаа гэж бодож байсан.Гадаадад сэтгүүлчээр төгсч ирээд ажилд орход Ангараг эгч угтсан.Яг энэ хэлээд байгаа газарт нь хамт ажиллах завшаан гарсан.Сайн зөвлөгч, бас сайн удирдагч байсан.Нэг өглөө ирхэд ажлаасаа гарсан байсан.Тэр мэдээ олон хүнийг шоконд оруулсан. Харин одоо Ангараг эгч гарсанаараа хожсон юм шиг санагддаг.Өнөөх паразитууд нь одоо хүртэл байсан байрандаа нэг нэгнээ мэрээд байжил байгаа.
з зочин 2020.07.27 66.181.161.122
үлгэр жишээ авмаар хүмүүс бас байх юмаа. юу ч хийгээгүй хү л алдаагүй өөгүй сайхан харагддаг байх. энэ шиг алдаж оноод бас амжилттай яваа хүмүүсийг хараад өөрийгөө бас голох юмаа амжилт
z zochin 2020.04.15 103.80.211.14
алдсанаа алдчихлаа гэж хүлээн зөвшөөрч чаддаг, тэгээд түүнийгээ хэрхэн засч, сайжруулж болох тухайгаа мэддэг, дахиж алдахгүй гэж хичээдэг байх гэдэг чухал. амжилт
e eenee 2020.04.09 103.80.211.14
ингэж шударга хэлдэг байх хэрэгтэй. зөв. тэр нь ямар ч байгууллага бай тиймэрхүү хов жив хөөсөн, арчаагүй хүмүүс зөндөө байдаг, бас юм хийж яваа хүнийг баллах нь ч бий
О Одоо ч тэнд нь ажилладаг нэгэн 2020.03.26 192.82.76.73
Хаана ч есөн жорын, хүмүүс ажилладаг, зүсэн зүйлийн л өрсөлдөөн байдаг. Ямар ч нөхцөл байдалд ямар нэг аргаар зохицож ажиллах нь хувь хүний (ялангуяа амбицлаг хүний) зайлшгүй эзэмших ёстой чадвар бөлгөө. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж...
M MrsX 2020.03.19 138.68.234.250
NTV-d ajilladag Shinetsetseg gedeg parasitiin tuhai yarisan bn. Hiij buteesniig ni chuham medehgyi ch anhny setgegdleer neg tiim yarvaisan ih zantai huuhen gj haragdsan. Hamt olon ch am saingui l yum gedgiig 2 chiheeree sonsch l yavlaa.
Г Ганаа 2020.03.15 66.181.180.107
Яаж ийм олон зүйлийг амжуулж чадаад байнаа гэж гайхах юм зарим бүсгүйүчүдийг харахаар цагаахан атаархал бас төрүүлж банйа шүү
З Зочин 2020.03.14 182.160.40.90
Албан байгууллага бүрд паразит маягийн албан хаагч нар байдаг, шинэ сорилтонд ороход бэлэн биш, эсвэл зүгээр л чадваргүй. Тийм хүмүүс ажил хийхгүй ч цалин авдаг, алдаа ч, амжилт ч гаргадаггүй
n nomi 2020.03.13 185.42.254.98
ene shine bulan ih taalagdaj bga shuu. Bayrlalaa ene yariltslaga ih goy bolson sanagdlaa. Uneheer unen helsen bn .Hun uuriihuuu tuluu bs dugarah heregtei.
S Sonsogch 2020.03.13 192.82.78.55
Yutai unen ugsiig engiin hachirguigeer helj bnaa. Meddeg zuiliig mij yrij bgag anzaarsn hernee, tovlorch amhaaraltai unshlaa. Meddeg ch gelee uur untsuguus harj bna. Uhaalag busgui bn. Parazituudiig bhgvi bolgoh mochid l Shudarga bas Jinhene ursulduun ehelne. Amjilt