Бүтэлгүйтлийн түүх, түүнээс олж авсан сургамжаа хуваалцдаг "ФаакАп" булангийн энэ удаагийн зочин бол “Татука” бэйкэригийн үүсгэн байгуулагч, “Лантуун Дохио” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б. Тэлмэн. Crepe бялуу, шү кремээрээ амттанд дурлагч Улаанбаатарчуудын дунд танил болсон "Татука" бэйкери хэдхэн сарын өмнө албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Үйлчилгээний бизнес тэр дундаа нарийн боовны цех, бэйкери ажиллуулахад гардаг олон хүндрэл бэрхшээл, бүтэлгүйтлийн талаар зочин маань бидэнтэй ний нуугүй ярилцсан юм.

Тэр чухам юун дээр алдсан юм бол? Тэгээд юу сурсан бол?

Одоогоос дөрвөн жилийн өмнө “Онцлох бизнес” буланд уригдан оролцож байсан “Татука” бэйкеригийн нийтлэлийг эндээс унших боломжтой.

ТА ХЭН БЭ?

“Шинэ Монгол” ахлах сургуулиа 2009 онд төгсөөд 2010 онд Японд сургуульд шалгалт өгөхөөр очсон боловч хүссэн сургуульдаа тэнцэж чадалгүй нэг жилийн завсарлага авч байсан. Харин дараа жил нь сайтар бэлдэж байгаад “Шинэ Монгол” ахлах сургуулийн нэрэмжит тэтгэлэг болох Японы "Ясуда" сангийн тэтгэлэгт тэнцэж, улмаар Япон улсын Кочи мужийн их сургуульд “бүс нутгийн эдийн засгийн бодлого” гэх мэргэжлээр суралцан бакалаврын зэргээ хамгаалсан. Японд сурч байх хугацаандаа найзуудтайгаа нийлээд жижигхэн кафе ажиллуулж байсан юм л даа. Сургуулийнхаа гадаад болон япон оюутнуудын дунд шинэ хүрээлэл бий болгох зорилготой энэ кафег жил гаруй ажиллуулахдаа чамгүй туршлага хуримтлуулж, Монголд ч ийм газар нээж болох юм гэж бодож эхэлсэн. Энэ бодлоо тээсээр Монголдоо ирээд гэр бүлээрээ ажиллуулдаг үйлчилгээний төв дотроо "Татука"-гийн анхны салбарыг нээсэн дээ.
“Лантуун дохио” ТББ-ын тухайд гэвэл Японд оюутан байх үеэс л “Дулаахан өвөлжье” , “Ид шидийн уут”, аянуудад өвлийн хувцас илгээх гэх зэргээр байнгын холбоо харилцаатай байсаар “Ид Шидийн орон-1” төсөл эхлэх үед албан ёсоор байгууллагын гишүүн болсон.

БИЗНЕС/ТӨСЛИЙН САНАА ЮУ БАЙСАН БЭ?

Тухайн үед манай гэр бүл олон жил бизнес эрхэлсэн, энэ салбарт харьцангуй туршлагатай, цаашдаа үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөтгөн нарийн боовны цех, кафе ажиллуулж үзье гэж шийдээд байсан юм. Аав нэг өдөр надад кофе шоп ажиллуулбал яасан юм бэ гэдэг санал тавихад яагаад ч юм Монголд байхгүй шинэлэг орчинтой, гоё бэйкери байгуулж чадах юм шиг итгэл төрөөд Худалдаа, хөгжлийн банкнаас зээл аваад шүудхан л дайраад орсон. "Татука" үүд хаалгаа нээгээд төд удалгүй залуусын дунд алдартай болсон шалтгаан нь crepe бялуу байсан л даа. Энэ бялуу манай нэрийн бүтээгдэхүүн болсон түүх санаандгүй явдлаас эхлэлтэй. Манай ээж өглөө болгон хоёр дүүд шарвин хайрч өгдөг ажлаа хялбарчлах гээд онлайн дэлгүүрээс хоёр талаараа хайрдаг зориулалтын хайруулын таваг худалдаж авсныг нь би нэг өдөр анзаарч, ер нь яагаад шарвин бялуу байж болохгүй гэж гэнэтхэн бодсон юм. Тэгээд өнөөх хайруулын тавгийг ашиглан технологич, ажилчидтайгаа хамтраад анхны crepe бялуугаа бүтээж билээ. Шоколадтай, гүзээлзгэнэтэй гээд төрөл бүрийн crepe бялуунууд маань тэр дороо сошиал дээр маш өндөр хандалт аван хэрэглэгчид ч манай бэйкериг зорьж ирэх нь эрс ихсээд бид маш хурдан өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж чадсан. Бас, Японд олон жил амьдрахдаа амтархан идсэн шү кремийг Монголдоо заавал хийнэ дээ гэж бодож байгаад "Татука"-гийн нэрийн бүтээгдэхүүн болгосон юм. Улаанбаатарт манайхаас өөр газар шү крем хийдэггүй байсан учраас зөвхөн энэ амттаныг идэх гэж "Татука"-г зорьж ирдэг хүмүүс олон байсан шүү. Анхны салбарын үйл ажиллагаа тогтворжиж, хоёр жилийн дараа удаах салбараа нээн ажил хэрэг ерөнхийдөө урагштай байлаа.

ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

“Татука” урт удаан хугацаанд зах зээл дээр оршин тогтнож чадаагүйн гол буруутан нь би. Яагаад гэвэл нэгдүгээрт, би нарийн боов хийх технологи мэдэхгүй, энэ чиглэлийн сургуульд суралцаж мэргэжил эзэмшээгүй нэгэн. Дээрээс нь нарийн боовны бизнес эрхэлдэг хэрнээ өөрөө амттан, бялуунд тийм ч дуртай биш. Дессертэнд дуртай, төрөл бүрээс нь зорьж олоод идэх хоббитой, түүнээсээ амьдралын аз жаргал мэдэрдэг хүмүүс байдаг даа. Үнэнхүү хорхойсдог дуртай зүйлээ хийх үед цаанаасаа л шинэ санаа, санаачилга ундардгийг хүн бүхэн мэдэх байх. Миний хувьд нарийн боов гэдэг тийм ч ихээр дурласан зүйл минь биш байсан учраас бизнесээ тогтвортой авч явахад хүсэл эрмэлзэл дутсан байж магад.

Хоёрдугаарт, аль ч төрлийн бизнест хүний нөөц хамгийн тулгамдсан асуудал байдаг юм шиг. Бидний хувьд ч ялгаагүй. Туршлагатай хүн ажлаас гарч, шинээр ажилтан сургаж авах тоолонд бүтээгдэхүүний технологи дээш доош болж хэлбэлзээд тогтсон стандарт амт чанараа хадгалахад хэцүү болж ирсэн. Манай бялуунд дуртай байсан хэрэглэгчид ч гомдол мэдүүлж, бага багаар хэрэглэгчээ алдаж эхэлсэн дээ. Миний туршлагаас харахад, нэг төрлийн бүтээгдэхүүнээс хэрэглэгчид уйдаж борлуулалт нь буураад эхэллээ гэхэд араас нь залгуулаад цоо шинэ өөр амттаныг санал болгож байж энэ төрлийн бизнес амжилттай явах юм билээ. Хэрэглэгчдээ уйдаахгүй байх их чухал. Бид энэ тал дээр алдсан. Инстаграмаас энд тэндэхийн гоё бэйкеригийн зураг хараад л энийг шууд хийе гэж дэврүүнээр бодсон ч бодит байдал дээр шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг маш өндөр зардалтай, хөрөнгө оруулалт шаардсан ажил байдаг. Зураг дээрээс харсан гоё бүтээгдэхүүнийх нь түүхий эд эндээс олдохгүй, олдсон ч өртөг нь хэтэрхий өндөр тусах жишээтэй.

Өнгөрсөн онд бид үндсэн салбараа хувийн шалтгааны улмаас хаах шаардлагатай тулгарсан юм. Түүнтэй зэрэгцээд нарийн боовны цех ч байршлаа солих больж, үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Үндсэн салбар хаалгаа барьсны дараа МУИС-ийн хажууд шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч оны эхээр Ковид гарч, улмаар манай кафе тэр чигтээ үйлчлүүлэгчгүй болчихсон гэхэд болно доо. Ингээд өнгөрсөн зургаадугаар сард МУИС-ийн салбарынхаа үйл ажиллагааг зогсоосон. Үйлчлүүлэгч бараг байхгүй цаг үед түрээсийн төлбөр төлж, тогтвортой ажиллуулах боломж үнэхээр байгаагүй. Одоо ч гэсэн түрээсийнхээ үлдэгдэл төлбөрийг төлөөгүй л явж байна. Ажилчдаа шуудхан халах хэцүү байсан учраас тэдэндээ цехэд ашиглаж байсан тоног төхөөрөмжүүдээ өгчихсөн. Одоо бол “Chuu Chuu travel club” дотор цөөн тооны бялуу маань зарагдаж байгаа.

ЯМАР СУРГАМЖ АВСАН БЭ?

Үйлчилгээний бизнес бол хэн дуртай нь хийдэг амар ажил огтхон ч биш юм байна гэдгийг ухаарсан. Дахиж энэ төрлийн салбарт ажиллахгүй гэх шийдвэр гаргасан нь миний авсан хамгийн том сургамж байсан. Гол нь би чадахгүй юм байна гэдгээ ойлгосон гэх үү дээ. Жишээ нь, өглөө цехээс гарсан бялуу 12 цагийн дотор зарагдахгүй бол шүуд устгалд оруулах журамтай. Тэгэхээр бүтээгдэхүүн зарагдахгүй л бол эрсдэл маш өндөр. Дээрээс нь салбарын өрсөлдөөн их ширүүсэж эхэлсэн л дээ. Анх “Татука” байгуулагдаж байхад хэдэн том газар л байсан бол нэг, хоёр жилийн хугацаанд бэйкери нэлээн олширсон. Товчхондоо, бид өрсөлдөөнд ялагдсан.

Энэ төрлийн бизнес эрхлэхээр зорьж байгаа залууст өгөх зөвлөгөө гэвэл, анхнаас нь нарийн тооцоотой бизнестээ хандах хэрэгтэй шүү. Улирал бүр түүхий эдийн үнэ өсдөг тул үнийн бодлогоо маш сайн тооцоолж тогтоох хэрэгтэй. Эс бөгөөс улирал заримдаа сар болгон бүтээгдэхүүний үнээ нэмэхээс аргагүйд хүрч үйлчлүүлэгч нараа бухимдуулна. Эргэлтийн хөрөнгө бас чухал. Орлогоороо бүх зардлаа нөхөөд, эргэлтийн хөрөнгөө босгох хүндрэлтэй. Нарийн боовны салбарт тортны хайрцаг, боодол савлагаанаас эхлүүлээд хэдэн мянган ширхгээр бөөнд нь авах шаардлагатай зүйлс чамгүй олон. Нэг дор нь авчихъя гэхээр дор хаяж 5-6 сая төгрөг шаардлагатай болдог учраас ихэнхдээ цөөхөн ширхгээр захиалж авна. Тэгэхээр нэгжид ногдох үнэ нь 30-40 хувиар өсчих жишээтэй. Тэр өссөн үнийн дүн бүхэн эцсийн бүтээгдэхүүний өртөгт шингэдэг учраас санхүүгийн эх үүсвэрээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Үйлдвэрлэл болон үйлчилгээний бизнес нь тэнгэр газар шиг зөрүүтэй салбар тул өөрсдөө бүгдийг шинээр бүтээх гэж оролдохоос илүүтэй чаддаг хүмүүстэй хамтран ажиллах нь илүү үр дүнтэй санагдсан. Кофе шоп ажиллуулах гэж байгаа бол өөрсдөө хажуудаа цех байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн оронд үйл ажиллагаа нь тогтворжчихсон бэйкеритэй хамтран ажиллаад үйлчилгээндээ анхаарлаа бүрэн хандуулсан нь илүү оновчтой шийдэл болно.

Эцэст нь, дөрвөн жилийн хугацаанд “Татука”-д ямар нэгэн хугацаагаар ажиллаж, “Татука”-г бүтээсэн 200 гаруй ажилтандаа баярлаж явдгаа хэлэхийг хүсэж байна. Манайхыг зориод ирсэн үйлчлүүлэгч бүхэнд аз жаргал мэдрүүлэхийн төлөө хичээн ажиллаж байсан та нартаа маш их баярлалаа.