Ковер зурагт зүүн гараас: Т.Адъяатөмөр, Н.Хулан, С.Цогтбаяр, О.Байгаль, О.Төмөрбаатар

Энэ удаагийн нийтлэлдээ бид таван зочныг урьж сонгууль өгөх, санал өгөхтэй холбоотой хөгтэй явдал, санаснаар болоогүй түүхүүдийг нь яриулсан юм. Эдгээр түүх хөнгөн хөгжилтэйн зэрэгцээ тун ч сургамжтай байх вий.

СГЗ, шог зураач С.Цогтбаяр

Социализмын үед бэлгэ тэмдгийн чанартай, сонголтгүй сонгууль болдог байсан бол 90 он гарч анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болоход маш сонин бөгөөд гоё байдаг байж билээ. Тэр бол үнэхээр том өөрчлөлт байлаа. Чөлөөтэй сонгодог болоод байж байтал сонгууль дагасан сайн муу үзэгдлүүд гарах болсон. Аргалаад өөр нэрээр дахиж орж сонгууль өгчихөөд байсан тул хуруун дээр тэмдэг тавьдаг болсон нь яг л мал шиг тамгалуулах мэт сонирхолтой үзэгдэл. Энэ нь ингээд дараагийн шат болчихож байгаа юм. За тэгээд сонгогдохын тулд мөнгө төгрөг, элдэв бусын юм амладаг үзэгдэл гаарсан. Санал өгөх анхны цэвэр ариун хүсэл эрмэлзэл буртаглагдаад ирж байгаа юм. Одоо монголчууд найм дахь удаагаа парламентын сонгуульд санал өгөх гэж байна. Энэ хооронд би ёстой л юу эсийг үзэв дээ. Санал өгсөн хүн маань буруу замаар будаа тээхийг үзэв, сайн хүнийг танилгүй саналаа өгөөгүй харамсаж үзэв, өөрөө санал өгсөн ч бусад хүн хангалттай санал өгөлгүй унахыг нь үзэв. Одоо бол долоо шархадсан доголон чоно гэдэг шиг хуурагдсан, эргэлзсэн, зовлон туулсан, хал үзсэн сонгогч болжээ. Ятгах тусам нь нягтлах маягтай. Сонгогчдыг түрхэн зуур ой санамжтай бус, энэ тэрхэн амлалтад автахгүй байгаасай гэж хүсэх юм.

Миний ерөнхий үзэл санаа бол ардчилал, шинэчлэл. Ардчиллын үнэт зүйл гэдэг бол бүх л намын, бүх л хүний хамтдаа бүтээсэн зүйл. Аль нэг намын ч ойлголт бус. Тэгэхээр би энэ л үнэт зүйлийнхээ мөн чанар, утга учраас урваж шарвахгүй гэж боддог.

IWFCI-ИЙН ЗАХИРАЛ, ХИЙЛЧ О.БАЙГАЛЬ

2004 оны сонгуулиар би 19 настай 2-р курсийн оюутан байлаа. Тухайн үед хэсэг оюутнуудын хамтаар СУИС-ийн Оюутны холбоо байгуулж нийгмийн оролцоогоо ахиулж байв. Сургалтын төлбөр нэмэгдсэнтэй давхцан сонгууль ч боллоо. Тэр үед эртнээс эхэлдэг, тоглолт арга хэмжээ их болдог, бид ч чадахаараа халтуур (төлбөртэй үзүүлбэр, тоглолт) олж хийх л сонирхолтой байв. Одоо бодоход нэг тойргийн 2 өрсөлдөгч нэр дэвшигчийн арга хэмжээнд хоёуланд нь дэмжиж байна гээд хийл тоглосноо хэзээ хойно мэдэж билээ. Түүнээс биш сонгогчийн талаас ач холбогдлыг нь төдийлөн ойлгож ухамсарлаж байсангүй.

Улс төрийн амьдралаас хол би саналаа өгсөн ч надаар дутав гэж бодон 2004 онд сонгуульд саналаа өгөөгүй. 2008 онд дахиад сонгууль… Ах нар нөгөө л юмаа ярьж байсан нь дахиад л идэвхгүй байхад нөлөөлж, сонголт хийгээгүй юм. Хэн нэр дэвшиж байгаа, намуудын мөрийн хөтөлбөр ч гэж сайн ойлгодоггүй байсан.

Мөн нэг дурдууштай зүйл бол сургуулийн захирлаас эхлээд ер нь дарга л бол эрэгтэй хүн байдаг гэж далд ухамсарт минь суучихсан байсныг 2016 оны сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчийн багт орж ажилласнаар л гүнзгий ойлгож ухаарсан байдаг юм. Удирдах ажилтан, шийдвэр гаргагч хүн эмэгтэй байж болно, эмэгтэй хүн байх хэрэгтэй гэдгийг эрт ухаарсан болоосой гэж одоо боддог. Одоо бол тэгш боломж, хүртээмжтэй нийгэм, тайван байдал, хөгжлийг эрмэлзэж байвал хүн идэвхтэй, ухамсартай сонгогч байх ёстойг сайн мэддэг болсон шүү.

ИНДРАНИЛ ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ХАМТРАН БАЙГУУЛАГЧ Т.АДЪЯАТӨМӨР

Хөдөөний, тэр дундаа сумын төвийн сонгуулийн хөгжилтэй дурсамжаас нэгийг хуваалцъя. Би гэдэг чинь жинхэнэ хөдөөний хөрслөг бор хүү. 2016 оноос өмнөх бүх сонгуулиа хөдөө сумандаа өгч, бага сага паян дунд нь мандаж л явлаа. 2008, 2012 онд бацаан байхдаа 2 өөр намын сонгуулийн штабд ажилласан туршлагатай. Зайлуул оюутан хүүхэд болсон хойно яахав дээ, хэдэн бор цаас олчих санаатай үеийн хэдэн нөхдийн хамт сонгуулийн ажилд ухуулга хийх, сонин тараах, хүн панаалдах, цагаан хоолойгоор уриа хашгирч орилохоос эхлээд хийгээгүй юмгүй чухам идэвхтэй амьтан. Нэр дэвшигч агаагийнхаа намтар түүхийг нууц товчоо, тангад ном цаашаа цээжлээд явдаг байлаа. Ядаж байхад яасан ч их үнэнч, дүрдээ орж ажилладаг байсан юм, хэхэ. Иймд нүд орой дээр гарам хөшигний цаадах сонгуулийн амьдралын сонин сонин жишээ харсан хүн. Түүнээсээ нэгийг дурдъя.

Сонгуулийн ид өдрүүдөд шөнө болонгуут жижүүрлэн ээлжинд гарч мөрдөн байцаагч Дерик цаашаа юм болно. Тэр нь шөнө хаана сэжигтэй гэрэл гарна, тийшээ нь давхиж очиж шалгана, элдэв янзын мөнгө төгрөг, хууль бус "ноо" энэ тэр нөгөө намаас хийж байна уу гэж хардаж яваа ухаантай. Гэж яваад уулын энгэрт хос хоёр машин дотроо "нөгөө юу яаж байхад" нь гэрлээ тусгаад сандаргаж явлаа. Ээ эцэг чинь гээд буцаж билээ. Манай хоёр энийг уншиж байвал "Уучлаарай хоёр оо, мань чинь та хоёрын царайг мартсан гэж худлаа хэлэхгүй ээ", хэхэ. За, тэгээд нэг бригадаас нөгөө бригад руу саналын хайрцгаа задлуулахгүй аваад зугтсан, айлын эхнэр нөхөр хоёр цэнхэр, улаанаараа талцаад сонгуулийн 20 хоногт хоорондоо юм дуугараагүй, хамт унтаагүй ч гэх шиг "гоё гоё" юм зөндөө сонсоно. Нэг ажигласан зүйл нь залуучууд сонгуульдаа харьцангуй идэвхгүй оролцож байхад хөгшчүүл маань маш их идэвхтэйн хажуугаар хүндэтгэн оролцож ёс ёмбогор төр төмбөгөр хэмээн дээлээ өмсөж медалаа зүүгээд гоёж ирдгийг ажиглаж байлаа. Одоо гэхдээ манай залуучууд өөрчлөгдсөн гэдэгт итгэж байгаа, сонгуулиа идэвхтэй өгөх байх аа.

"YEAR TO REMEmBER" номын зохиогч Н.ХУЛАН

Миний анхны сонгууль анхны ажилтай маань яг давхацсан юм. Тухайн үед зөөгч хийж байсан болохоор улс орон даяар амрах өдөр байтал амраагүй ажилласан. Ээж маань "Анхны сонгууль заавал өгнө шүү, өдөр амжуулж гүйж очоод өгөөрэй" гэсэн, би өдөр нь амжуулаагүй. Тэгээд орой ажлаа гялс дуусгаад 22 цагтай уралдаад очиж өгч байснаа санадаг. Заавал өгөх ёстой, өгөхгүй бол хуруун дээр тэмдэг тавихгүй, тэмдэггүй гэртээ орвол ээж үгэнд нь орсонгүй, саналаа өгсөнгүй гээд загнах гээд цаг ороо бусгаа байсан, хаха. Гэхдээ тэр гоё мэдрэмж байна лээ, дуу хоолойгоо өргөхийн төлөө гүйж явснаа бодохоор гоё л байдаг. Одоо бол заавал цаг алдаж оройтохгүй өглөө эртхэн очиж саналаа өгчихдөг болсоон.

Хэнд санал өгсөн тухайд бол тухайн ёстой мэдээлэлгүй байсан. Хэн ч нэр дэвшээд байгааг бараг анзаараагүй болохоор гэрийнхнээ зөвлөсөн хүнийг л дугуйлчихсан байх.

ГЭРЭЛ ЗУРАГЧИН О.ТӨМӨРБААТАР

Би 2017 онд анх сонгууль өгсөн нь Ерөнхийлөгчийн сонгууль байв. Өмнөх сонгуулиудад идэвхгүй ч байсан, гадаадад байх ч таарч байсан. Анхны сонгуульдаа хэдхэн хүнээс нэгийг нь дугуйлчихаад "Өө ийм амархан юм уу" гэж бодож байснаа санадаг юм. Сонгуульд санал өгнө гэдэг ер нь мэдээлэлтэй бол амархан зүйл гэдгийг тэгж нэг ойлгосон шүү.

Түүнээс өмнө улс төрийн тухай мэдээлэл муу ч байж, ер нь л идэвхгүй байсан. Би иргэний үнэмлэхийн зургаа АНУ-д байхдаа консул дээр авуулж байсан юм л даа. Тэр үед иргэний үнэмлэх дээр гарна ч гэж мэдээгүй, авсан хүн нь маш хайнга авсан байдаг юм. Саналаа өгөх үед тэр зураг минь зааланд томоор мэлийтэл гарч ирээд бас их ичээж билээ, хэхэ.

Би одоо хувьдаа өндөр боловсролтой хүмүүс л улс төрд, парламентад байх ёстой гэж боддог. Боловсролыг нь харж байгаад саналаа өгнө өө. Залуучууддаа уриалахад, амьдралыг тань өөрчлөхөд том нөлөөтэй санал өгөх энэ үйл явцад нухацтай хандаарай.


Энэхүү нийтлэлийг USAID Mongolia, IRI in Mongolia (БНОУХ), The Asia Foundation Mongolia-ийн “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн дэмжлэгтэй Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын #МинийАнхныСонгууль санаачилгын хүрээнд нийтлэв. #МинийАнхныСонгууль #БиднийУлстөр