“Сэтгэл зүйчийн бүтэн жил хийж чадаагүй ажлыг сайн үсчин гучин минутанд хийдэг.”

Түгээмэл яриа

Бүтэлгүйтлийн түүх, түүнээс олж авсан сургамжаа хуваалцдаг "ФаакАп" булангийн энэ удаагийн зочин бол “Gold Salon”-ий үсний стилист И.Батзаяа. Тэрээр өөрийн салоныг нээж, чадварлаг үсчин болох хүртлээ хэд хэдэн том сургамж авч байжээ.

Тэр чухам юун дээр алдсан юм бол? Тэгээд юу сураа бол?

1.ТА ХЭН БЭ?

Би Батлан хамгаалахын их сургуульд авто инженер мэргэжлээр сурч байлаа. Багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан учраас гэрийнхэн намайг хатуужилтай болгоно гэж энэ сургуульд оруулсан хэрэг. Намайг оюутан болоход хотын нэг захаас нөгөө зах руу автобусаар явах мөнгөнөөс эхлээд санхүүгийн хүндрэл манай гэрт тулгарсан юм. Ээжийн дүү хувцас оруулж ирж зардаг байхад би амралтын хоёр өдөр цүнх дүүрэн хувцас үүрч гараад өмд үзэх үү, гутал үзэх үү гээд л явж мөнгө олдог байлаа. Нэг өдөр “Seoul Hair Salon”-д хувцсаа зарах гээд орохдоо солонгосын алдартай үсчинтэй танилцаж ажилд орсон. Эхний гурван сар надаар зөвхөн үс л угаалгадаг ажил хийлгэж өдрийн хоолны мөнгө л өгдөг байлаа. Солонгос үсчиний гарын шавь болж, жилийн дараа салоны үндсэн ажилтан болсон. Энэ хооронд ажлаас гарах мянган шалтгаан байсан ч тэсэж үлдсэн. Тэрнээс хойш үс засах ажилд дурлаад, хэсэг хийн өөрийн авьяастайгаа олж мэдэрсэн гэж болно.

2. ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Өөрийн үсчиний салоныг нээх санаа төрлөө. 21 насандаа 2 сая төгрөгийн хөрөнгө оруулаад 5 сая төгрөг зээлээд компани байгуулсан. Үсчин ажиллуулж мөнгө олж болдог юм байна гэдгийг ажиллаж байхдаа харсан учраас баруун солгойгүй үс засаад л байвал жигтэйхэн их мөнгө олох юм байна гэж бодсон хэрэг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрээд, захирал гэж дуудуулна даа гээд л гоё юм төсөөлдөг байв. Тэр үед хүмүүсийн үсийг хэвэнд цутгасан мэт засдаг байсан бол би үйлчлүүлэгчээ хараад, ярилцаад, өөрт нь тохирсон үсний стилийг санал болгох аргаар ажилладаг байлаа. Тухайн хүний мэргэжлийн онцлог, хувцасны стилийг хараад тохирох үсийг нь хэлж өгч чаддаг мэдрэмж надад байдаг.

Салоноо бусдаас содон байлгах гэж 24 цагаар ажиллуулдаг байлаа. Шөнө шоудахаар явж байгаа "шоучид" үсээ янзлуулах, баарнаас гарч ирсэн хүмүүс толгойгоо угаалгах гэж ганц нэг хүн шөнө орж ирдэг байв. Ингээд бараг тэндээ амьдардаг болсон. Бид дөрвүүлээ ажилладаг, нэг үйлчлүүлэгч орж ирэхэд охид маань хөл гарыг нь бариад бүрэн үйлчилнэ. Өдрийнхөө орлогоос дөрвүүлээ зочин буузаас хоол авч иднэ. Ингээд л сайхан байж байтал зээлийн төлбөр, түрээс нэхэгдээд санхүүгийн асуудал хүндэрч эхэлсэн. Бүх юмаа хаагаад, зараад өөр салонд үсчинээр ажилд ордог ч юм бил үү ч гэж бодож байв.

3. ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Санхүүгээ нөхөж дийлэхгүй болоод байж байтал маш гоё санал орж ирсэн. Манай шинэ оффист орж ирээд салоноо ажиллуулаач, эхний гурван сарын түрээс авахгүй, цаашдаа бас хөнгөлөлттэй түрээстэй явна гэж нэг хүн санал тавьж, тохиролцсон. Энэ ярианы талаар би өөрийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэж үлдээсэн байдаг юм. Сайн байрлалтай газар хүмүүс их орж ирнэ гэж бодсон. Тэр үед хүмүүст овоо танигдаад мандаж явлаа. Гэнэт л олон сая төгрөгийн түрээсийн өрийн нэхэмжлэх бичиг гардаж авав. Ярьсан тохирсон юм байгаа гэтэл бид бичгээр тийм гэрээ хийгээгүй гээд миний гарын үсэг зурсан гэрээг үзүүлтэл ямар ч хөнгөлөлт байсангүй. Итгэж байна гээд л юу ч уншаагүй гарын үсгээ зурчихсан байсан. Сэтгэл хоосроод л сонин оргиод явчихсан. Шууд цагдаа сэргийлэх болоод хамаг юмаа битүүмжлүүлсэн. Хэдэн сэнс индүүгээ аваад өрөө төлөх графиктай л салоноо орхиод гарсан даа. Орлогоороо үнэтэй засварын ажлууд, шинэ сүүлийн үеийн чанартай гэсэн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг байсан л даа. Тэр орой их сэтгэлээр унаж салоны ажилчидтайгаа маш их архи ууснаа санаж байна. Тэгээд нэг жижигхэн газар түрээслээд үхтэлээ ажиллаж нэг жилийн дотор бүх өрөө төлж дуусгасан. Мандаж явахад олон найзаар хүрээлэгдэж байсан ч сүүлдээ хэн ч байхгүй болдог юм билээ. Өрөө л даръя, ёстой харуулна даа гээд шүдээ зуугаад ажилласан.

4. ЯМАР СУРГАМЖ АВСАН БЭ?

Энэнээс хойш гэрээ гэдэг юмыг яс махандаа шингэтэл ойлгосон доо. Аман гэрээ, хүнтэй ярьсан ярианд итгэхгүй. Хүний юман дээр орж ажиллахгүй гэж өөртөө амлаж, өөрийгөө хөгжүүлье, Монголд дутагдаж байгаа юм юу байна гээд судалж эхэлсэн. Өөрөө бүх юмаа хариуцаж хэн нэгэнтэй хамтрахгүй гэж шийдэв. Аливаа зүйлд хайнга хандахгүй, жижиг гэлтгүй бүх деталиуд дээр анхааралтай хандах болсон. Уйгагүй урагш зүтгэх чадвар төлөвшил тэр үед суусан гэж боддог. Сэтгэл хөдлөлдөө хэт хөтлөгдөн яаран шийдвэр гаргахаа больж, дүгнэж цэгнэж сурсан. Ямар ч жижиг ажлыг гололгүй шүдээ зуугаад ганцаараа хийж сурсан. Өөрөө өөрийнхөө толгойг хариуцаад, ажлаа төлөвлөж хийдэг болсон. Одоо би энэ бизнест ороод 15 жил болж байна. Үсчиний бизнес бол ганц үс засах биш хүнтэй харьцдаг бизнес. Эмэгтэй хүний үснээс тэр хүний дүр төрх, албан ажил, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж гээд бүх юм нь харагдаж байдаг. Тухайн хүн өөртөө сэтгэл ханамжтай, тааламжтай байгаад баярласнаа илэрхийлэх үед ажлаасаа кайф авдаг даа.

Зочны инстаграм хуудас: @zaynzya

Зочлох: Fuckup Nights Ulaanbaatar

Та бүхэн бидэнтэй үнэтэй сургамж авсан түүхээ хуваалцахын зэрэгцээ онц содон түүхийг хүүрнэх сонирхолтой зочдыг санал болгоорой.

#sharethefailure #fuckupnights #fuckupnightsulaanbaatar