Зочин нийтлэлчийн булангийн энэ удаагийн дугаартаа бид “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас тодорхойлсон, хиймэл оюун ухааны эрин үед хэвлэл мэдээлэлд зориулсан дэлхийн анхны ёс зүйн лавлагаа баримт бичгийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хэвлэл мэдээлэл дэх технологийн шинэчлэлд сэтгүүлчийн ёс зүйн болон мэдээллийн бүрэн бүтэн байдлыг чиглэл болгох тухай

Хиймэл оюун ухаан нь мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх явцыг үндсээр нь өөрчилж байна. Энэхүү эрс тэс өөрчлөлтийн үр дүн бидний технологийн сонголтоос шалтгаална. Хиймэл оюун ухаан мэдэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэхийн тулд мэдээ, мэдээллийн хэрэгслийн технологийн шинэчлэлд ёс зүйг удирдлага болгох нь зохистой хэмээн бид үзэж байна.

Хиймэл оюун ухаан нь сэтгүүл зүйн салбарт эрс өөрчлөлтийг бий болгож байна. Ихэнх цахим контентыг хиймэл оюун ухаанаар бүтээх энэ цаг үед бид мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангах вэ? Хувийн хэвшлийн ашиг сонирхол эсвэл дураараа гаргасан шалгуурт хөтлөгдсөн бүрхэг хэлний загваруудыг редакцууд ашиглаж байгаа цагт бид редакцийн хараат бус байдлыг хэрхэн сахин хадгалах вэ? Мэдээллийн экосистемийг чатботоор тэтгэдэг олон тооны дамжуулалтад хуваахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хиймэл оюун ухааны хэвлэл мэдээлэлд үзүүлэх нөлөөллийн хэр хэмжээг урьдчилан таамаглахад бэрх. Гэсэн хэдий ч нэг л зүйл тодорхой. Инноваци нь дангаараа ахиц дэвшилд хүргэдэггүй. Хүн төрөлхтөнд бодит ач тус хүргэхийн тулд үүнийг ёс зүйтэй чиглүүлэг, мэдрэмжтэй зохицуулалтын хамтаар хэрэгжүүлэх нь зүйтэй. Хүнийг хувилахыг хориглох, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг тунхаглах, эмийн аюулгүй байдалд хяналт тавих зэргээр технологийн хөгжлийг соргогоор хумих, зохицуулах, ёс зүйгээр удирдан чиглүүлж байсан олон жишээ түүхэнд бий. Үүний нэгэн адил сэтгүүл зүйд инновацийг ёс зүйн тодорхой дүрмээр зохицуулах шаардлагатай. Энэ нь бидний үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх суурь эрх чөлөөний үндэс болсон мэдээлэлтэй байх эрхийг хамгаалахад нэн чухал.

2023 оны зун “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь олон улсын хороог хуралдуулж, хиймэл оюун ухааны эрин үед хэвлэл мэдээлэлд зориулсан дэлхийн анхны ёс зүйн лавлагаа баримт бичгийн төслийг боловсруулав. Тус хороонд дэлхийн 20 орны сэтгүүл зүй, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн 32 нэр хүндтэй мэргэжилтэн багтжээ. Хэвлэлийн эрх чөлөөний өмнө тулгарч буй сорилт болон технологийн өөрчлөлтөд анхаарал хандуулах хүсэл эрмэлзлийн аль алины дүр төрх болсон 2021 оны Нобелийн энх тайвны шагналт Мария Рессагаас өөр хэн тус хороог даргалах билээ. (Тэрбээр Осло дахь индэр дээрээс дижитал технологийн "үл үзэгдэгч атомын бөмбөг"-ийг зэмлэн буруушаасан).

Тус хороо хиймэл оюун ухааны эрин үед мэдээллийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах ёс зүйн суурь зарчмуудыг тогтоох тодорхой зорилготой байв. Учир нь эдгээр технологи хэвлэл мэдээллийн салбарыг өөрчилж байна. Таван сарын хугацаанд болсон уулзалтууд, хүлээн авсан 700 санал, олон улсын зөвлөгөөний дараах өрнөсөн хэлэлцүүлгүүдийн үеэр санал нийлэх, зөрөх асуудал гарсан. Сэтгүүл зүйг хамгаалах төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциумууд, сэтгүүлчдийн томоохон эвлэл холбоодын байр суурийг нэгтгэхэд ярвигтай байв. Гэсэн хэдий ч энэхүү цахим ширээний ард урьд өмнө гарч байгаагүй эвсэл цугларсан юм.

2023 оны арваннэгдүгээр сард Парис хотноо зарлан нийтлэгдсэн тус дүрэмд мэдээллийн талбарт хиймэл оюун ухаанаас үүдэлтэй эмх замбараагүй байдлын хариу үйлдэл болгож мэдээллийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэх, сэтгүүл зүйн нийгмийн чиг үүргийг хадгалан хамгаалах чиглэлээр арван үндсэн зарчмыг тодорхойлов. Хиймэл оюун ухааны систем нь хүний эрх, ардчиллыг дэмжин хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагаа нэн чухал хэдий ч энэ нь сэтгүүл зүйг эдгээр технологийг ашиглахдаа ёс зүйн болоод мэргэжлийн хариуцлагаас чөлөөлөхгүй.

Дүрмийн үндсэн зарчмуудаас дөрвийг нь онцлоход:

Нэгдүгээрт, хэвлэл мэдээлэлд технологийн сонголт хийхэд ёс зүйг удирдлага болгох нь зүйтэй. Түүхэн дэх хамгийн хувирамтгай технологийг нэвтрүүлэх алхам хийхэд эдийн засгийн өрсөлдөөний дарамт шахалт нөлөөлөх ёсгүй. Иргэдийн дийлэнх олонх нь хиймэл оюун ухааныг аажмаар, аюулгүй ашиглахыг чухалчилдаг болохыг санал асуулгаас харж болно. Тэдний үгийг сонсоё.

Хоёрдугаарт, редакцийн шийдвэрт хүний оюун санаа голлох байр суурьтай байвал зохино. Генератив хиймэл оюун ухааны систем нь энгийн арга хэрэгсэл биш бөгөөд хүчин зүйл хэлбэрээр бидний бодол санаанд нөлөөлж байдаг. Хиймэл оюун ухаанд хүсэл эрмэлзэл байхгүй хэдий ч өгөгдөл болоод сургах үйл явцаа тусган, итгэл төгс ашиглагдаж байна. Автоматжуулсан шийдвэр бүр нь хүний оюун санааны хувьд алдагдсан боломж юм. Бид хүний оюун санааг хумих бус сэтгүүл зүйг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд бодит контентыг зохиомол контентоос төвөггүй ялгаж салгахад туслах нь зүйтэй. Генератив хиймэл оюун ухаан нь технологийн өмнөх хувилбараас илүүтэйгээр баримт төөрөгдүүлэх, нотлох баримт зохион бүтээх хүчин чадалтай. Хэвлэл мэдээлэл нь баримтыг уран зөгнөлөөс итгэлтэйгээр ялгаж салгахад олон нийтэд дэмжлэг үзүүлэх онцгой үүрэг хүлээдэг.

Итгэлцлийг бүтээдэг болохоос биш тогтоодоггүй. Хиймэл оюун ухааны эрин үед эх сурвалжийг нягтлах, нотлох баримтыг баталгаажуулах, агуулгыг хянах чадвар болоод редакцийн хариуцлага амин чухал. Нийтлэг төөрөгдөл үүсэхээс зайлсхийх үүднээс хэвлэл мэдээлэл нь бодит ертөнцөөс олж авсан жинхэнэ баримт ба зохион бүтээсэн баримт, өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зохиомол баримт хоорондын тодорхой зааг ялгааг харуулж байх шаардлагатай.

Эцэст нь, технологийн компаниуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрхээ эдлэгчидтэй яриа хэлэлцээ хийхдээ сэтгүүл зүйн нийгмийн өмнө хүлээсэн эрхэм зорилгыг нэн тэргүүнд тавьж, нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг хонжооноос дээгүүр үзэх нь зүйтэй. Ойрын ирээдүйд чатбот нь мэдээ мэдээлэл авах гол хэрэгсэл болох магадлалтай. Тиймээс контент бүтээгчид, эрхээ эдлэгчдэд шударга нөхөн олговор олгохыг баталгаажуулах шаардлага чатбот эзэмшигчдийн өмнө тулгарч байна.

Үүнээс гадна, түгээж буй мэдээллийн чанар, олон ургальч, найдвартай байдлыг хангахыг баталгаажуулах талаар шаардвал зохино. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгчидтэй анхны түншлэлээ байгуулж, зохиогчийн эрхийн зөрчлийн асуудлаар технологийн компаниудтай шүүхдэлцэх тохиолдол гарч буй тул дээрх асуудалд анхаарал хандуулах нь чухал байна.

Хэвлэл мэдээлэл нь салаа замын уулзвар дээр зогсож байна. Ёс зүйг баримталж, ухаалаг ашигласан хиймэл оюун ухаан нь ээдрээтэй ертөнцийн талаарх бидний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд урьд өмнө байгаагүй боломжуудыг олгодог. “Deepfake” буюу хуурамч бичлэгийн технологи нь хуурамч мэдээллийг дэвэргэж, дуу дүрсний бүхий л контентод олон нийтийн итгэх итгэлийг бууруулан, хэлний загвар нь мэдээллийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг золиослон бүтээмжийг нэмэгдүүлэх амлалт өгч байна. Тийм учраас энэхүү Дүрмээр хүний танин мэдэх чадвар болоод сэтгүүлчийн ёс зүй нь сэтгүүл зүйн нийгэмд итгэлцэл бий болгох чиг үүргээ гүйцэтгэх тулгуур мөн гэсэн үзэл баримтлалыг баталсан юм.

Дуу шуугиантай дэлхий дээр хүмүүсийн анхаарлыг хүчээр шаардах ба татах гэсэн хоёр аргаар хандуулдаг. Нийгмийн сүлжээ нь ташаа мэдээлэл, үзэл бодлын туйлшралаас гарах үр дагавар нь тодорхой эхний аргыг зөвлөмжийн алгоритмуудын оролцоотойгоор сонгосон. Чанартай сэтгүүл зүй нь бодит үнэн, нарийн өнгө аяс, шударга байдлыг эрэлхийлэх гэсэн өөрийг нь тодорхойлох шинж чанараа гээхгүй л бол бүхий л үйл явдал өрнөж байдаг талбарт анхаарал татах боломж хомс. Тийм ч учраас хэвлэл мэдээллийнхэн үйл ажиллагаагаа итгэлцэл, үнэн бодит байдал, хүний туршлага дээр төвлөрүүлснээр бид бүхний анхаарлыг татах нь зүйтэй.

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн салбарын мэргэжилтнүүдэд хандаж, Парисын дүрмийн зарчмуудыг хүлээн зөвшөөрөхийг бид дэмжин сайшааж байна.

Гарын үсэг зурсан:

- Чарли Бекетт, Лондонгийн Эдийн засгийн сургуулийн (LSE) профессор, тус сургуулийн “Сэтгүүл зүй ба хиймэл оюун ухаан” төслийн захирал

- Кристоф Делуар, “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Мэдээлэл ба ардчиллын форумын дарга

- Гари Маркус, Найдвартай хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн төлөө төвийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Нью-Йоркийн Их сургуулийн хүндэт профессор

- Мария Ресса, 2021 оны Нобелийн энх тайвны шагналт, сэтгүүлч, “Рапплер” агентлагийн үүсгэн байгуулагч, Хиймэл оюун ухаан ба сэтгүүл тухай Парисын дүрмийн асуудлаарх хорооны дарга

- Стюарт Рассел, Беркли дэх Калифорнийн Их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор, Хүнтэй нийцтэй хиймэл оюун ухааны төвийн (CHAI) үүсгэн байгуулагч

- Аня Шиффрин, Колумбын их сургуулийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах сургалтын хөтөлбөрийн ахлах багш