Энэ удаагийн зочин нийтлэлчийн буландаа бид "Ард секюритиз" ҮЦК-ийн санхүүгийн шинжээч Д. Гантуяаг урьж хөрөнгө оруулалтын салбарт эрэлттэй бүтээгдэхүүн болох ETF буюу Биржээр арилжаалагддаг сангийн тухай тодруулсан билээ. Хэрвээ та хөрөнгө оруулалтын салбарыг сонирхон судалж байгаа бол доорх нийтлэлд анхаарлаа хандуулаарай. 


Хөрөнгийн бирж зөвхөн бонд, хувьцаа гэлтгүй өөр олон сонирхолтой хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг багтаадаг. Гэсэн хэдий ч үнэт цаас бүрд шинжилгээ хийж, хувьцаа бүрийн тохирсон цагийг нь олж, худалдан аваад хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлнэ гэдэг цаг их орохоос гадна өндөр өртөгтэй ажил. Иймд эрсдэл багатайгаар олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслийг нэг дор ашиглах боломжийн талаар хуваалцъя.

Зөвлөхүүд хөрөнгө оруулалтаа “төрөлжүүл” гэж хэлдэг шиг Уоррен Баффет ч гэсэн “Бүх өндгөө нэг сагсанд битгий хий” гэж хэлдэг.

Нийтлэг асуудал

Танд таван компанийн хувьцаанаас бүрдсэн багц байлаа гэж бодъё. Ийм төрөлжүүлэлт таныг эрсдэлээс сайн хамгаалж чадах уу? Үгүй. Таван компанийн нэг нь дампуурвал та нийт хөрөнгийнхөө 20 хувийг алдана. Үнэт цаас бол даатгалгүй хадгаламжтай адил, иймд хэрвээ хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагаа зогсвол та зөвхөн хөрөнгө оруулалтынхаа ашгийг алдаад зогсохгүй нийт хөрөнгө оруулсан мөнгөө ч алдана.
Үүнээс сэргийлэх нэг арга нь хөрөнгө оруулагчид мөнгөө олон газар тараан байршуулах явдал бөгөөд өөр хоорондоо ялгаатай зах зээлийн, өөр өөр компаниудын хувьцаа, бонд худалдаж авдаг. Хэдий чинээ хөрөнгө оруулалтаа тараана, тэр чинээгээр эрсдэл багасна.


Гэхдээ хөрөнгө оруулах үнэт цаасны төрөл зүйл, тоо хэмжээ нэмэгдэх тусам түүнд зарцуулах цаг, хөлс хөдөлмөр нэмэгддэгийг мартаж болохгүй. Цаг үргэлж зах зээлийн судалгаа хийн, гэрэлт ирээдүйтэй компаниудыг эрж хайна. Мөн худалдаж авсан үнэт цааснуудаа зарах уу, үлдээх үү гэж шинжилнэ. Түүнээс гадна ихэнх нэртэй компаниудын хувьцаа ширхгээр зарагддаггүй бөгөөд нэг бүр нь хэдэн зуун ам.долларын үнэтэй хувьцааг дор хаяж арав эсвэл зуугаар нь авах шаардлагатай тулгарна.

Асуудлын шийдэл

ETF (exchange traded fund) гэдэг нь биржээр арилжаалагддаг сан буюу үнэт цааснуудын цуглуулга юм. Тус сангийн хувьцааг худалдаж авснаар тэрхүү багцын нэгээхэн хэсгийг эзэмшинэ. Microsoft ба Apple гэсэн хоёрхон компанийн хувьцаанаас бүрдсэн нэг сан байлаа гэж бодъё. Та тэр сангийн нэг хувьцааг худалдаж авснаар Microsoft, Apple гэх хоёр компанид хоёуланд нь ижил хэмжээгээр хөрөнгө оруулна гэсэн үг.

Арай илүү ойлгомжтой болгох үүднээс Vanguard S&P 500 ETF (VOO)-ийн жишээг энд дурдъя. VOO нь S&P 500 индексэд орсон АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй, томоохон 500 компанийн хувьцааг өөртөө багтаасан биржээр арилжаалагддаг сан бөгөөд та VOO-ийн нэг хувьцааг худалдаж авснаар эдгээр 500 компаниудын хувьцааг ижил хэмжээгээр авч байна гэж ойлгож болно.



Хөрөнгө оруулагч аливаа нэг индексэд багтсан хувьцааг нэг нэгээр нь цуглуулж болох ч өмнө нь дурдсанчлан цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээхэн шаарддаг. Та 500 орцтой бялуу хийх хэрэгтэй гэж бодъё, бялуунд орох орц бүр нь зөвхөн арваас дээш килограммаар зах дээр зарагддаг. Ийм тохиолдолд ганцхан зүсэм бялуу хийхийн тулд маш их үргүй зардал гаргах болно. Үүнтэй яг адилаар S&P 500 индексэд орсон 500 компанийн хувьцааны ханш харилцан адилгүйгээс гадна тэр дунд нэг ширхгээр зарагддаггүй хувьцаа ч бий.

Ганцхан зүсэм бялууг ингэж их зардал, чирэгдэл гаргаж хийснээс дэлгүүрээс худалдаад авах нь хавьгүй илүү. Дэлгүүрт мэргэжлийн хүн нь бүх хэрэгтэй орцоо өөрөө худалдаж аваад том бялуу хийж, танд нэг зүсмийг нь худалдана. Хөрөнгийн зах зээл дээр яг үүнтэй адил, мэргэжлийн байгууллага индексийн бүх үнэт цаасуудыг худалдаж аваад түүгээрээ биржээр арилжаалагддаг сан буюу ETF-ийг бий болгодог.

Бүх цаг үеийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг болох Уоррен Баффет 2023 оны II улирлын байдлаар VOO, SPY гэсэн хоёр ETF-д нийт 35 сая ам.долларын хөрөнгө эзэмшиж байгаа бөгөөд ETF-д ямагт нааштай хандсаар ирсэн. Баффет ETF-ийн талаар "Энэхүү хэрэгсэл нь хөрөнгө оруулагчдын хувьд хямд өртгөөр өргөн цар хүрээнд хөрөнгө оруулалт хийх гайхалтай хэрэгслгээс гадна гэнэтийн огцом шийдвэр хийхээс зайлсхийх сайн арга" гэж хэлж байв.