Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Стартап Монгол", "Анрид"-ийн баг Дэлхийн Банк, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “HealthTech Hackathon - Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” цахим хакатоныг энэ сарын 18-20-нд амжилттай зохион байгууллаа. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү хакатоныг цахим хэлбэрээр зохион байгуулж, оролцогчид зайнаас ажилласнаараа онцлог. 

Олон мянган жил эрүүл амьдрах арга ухааныг хуримтлуулсаар ирсэн хүн төрөлхтөн сүүлийн хэдэн арван жилд эрүүл мэндийн салбарт олон нээлт хийсээр байгаа ч өдгөө дэлхий дээр 400 сая гаруй хүн эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авч чадахгүй хэвээр байна.

Энэхүү хакатоноор дамжуулан Монгол Улсын өнцөг булан бүрд үйлчилгээ үзүүлж буй анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг ил тод, ээлтэй хэлбэрээр хүргэн, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий платформын загвар гаргахаар зорьжээ. Энэ хүрээнд оролцогч багууд эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас зөвлөгөө авч, хэрхэн өөрсдийн шинэ санааг хөгжүүлэн, бүтээлч шийдэл дэвшүүлснийг онцлон хүргэж байна.

Цахим хакатоны тухай 

Энэхүү хакатоныг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатны хүрээнд хэрэгжүүлсэн юм. Мөн хамтран хэрэгжүүлэгч иргэний нийгмийн байгууллагууд болох “Дэлхийн Зөн Монгол”, “Хүүхдийг ивээх сан” болон “Globe International” нар ажилласныг дуулгахад таатай байна.

Төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих, уг үйлчилгээтэй холбоотой төрийн байгууллагын шийдвэр гаргалт, гүйцэтгэлийг үнэлэхэд нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүдийг ашиглах чадавхыг бүрдүүлэх, иргэдийн оролцоог хангах байлаа.

Эхний шатанд 130 гаруй оролцогч, 30 гаруй баг бүртгүүлснээс II шатанд шалгарсан 20 багийн төлөөлөл 54 цагийн турш асуудлаа тодорхойлон, санаагаа хөгжүүлэн ажилласан байна. Технологи хөгжүүлэгч, дизайнер, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач, дата аналист, сонирхогчид зэрэг чиглэл чиглэлээр мэргэшсэн залуусаас бүрдсэн багууд өгөгдсөн сэдвийн хүрээнд шинэ санаа, шийдлээ уралдууллаа. Оролцогчдыг хакатонд оролцох хугацаанд тус салбарын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөж дэмжин ажилласан юм. Ингээд оролцогчид анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ил тод байдалтай холбоотой асуудлыг хэрхэн тодорхойлж, ямар шийдлийг бүтээлчээр илэрхийлэн шүүгчдэд танилцуулсныг хүргэе.

III байр: "My health" баг  

Тулгамдаж буй асуудлууд:

Манай улсын өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй гэж үзсэнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу хэвээр байгааг онцолсон. Манай улсад одоогоор 209 өрхийн эмнэлэг, 908 мянган өрхөд үйлчилж буй. Нэг өрхийн эмнэлэгт 2120 иргэн ногдож байгаа нь эмч ажилчдын ачаалал өндөр байгааг илтгэнэ. Тиймээс айл өрхийн эрүүл мэндийн үйлчилгээ авах хүртээмжийг сайжруулах, өрхийн эмнэлгийн ачааллыг бууруулж, үзлэг, шинжилгээний зохион байгуулалтыг цэгцлэх шаардлагатай гэж үзжээ.

Шийдэл:

Өрхийн эмнэлгийн ачааллыг бууруулах, айл өрхүүдийн харьяа эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг хүргэх, эргэх холбоо тогтоох шийдэл дэвшүүлжээ. Гол онцлог нь, зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч бус тухайн гэр бүлийн гишүүн бүрд тохирсон эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээг түгээх аж.

My Health баг

Тухайлбал, хэрэглэгч гар утасны "My Health" апп ашиглан гэр бүлийн бүртгэл үүсгэснээр, харьяа өрхийн эмнэлэгтэй холбогдож эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хамрагдах, тогтмол сонордуулга хүлээн авах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, тухайн гэр бүлийн нас, хүйс зэрэг хувийн мэдээлэлд үндэслэн тогтмол хамрагдах шаардлагатай урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, дархлаажуулалт, жирэмсний хяналт, хүүхдийн амин дэмийн түгээлт зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сонордуулга байдлаар хүргэх юм.

Мөн өрхийн эмнэлгийн үйлчилгээ, чанартай холбоотой санал хүсэлтээ илгээх цэс үүсгэснээс гадна тухайн эмнэлгийн эмч ажилчдын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, эмчийн цаг захиалах, эмч ажилчдыг үнэлэх систем боловсруулжээ.

II байр:  "Хөөрхөн" баг

Тулгамдаж буй асуудал:

Манай улсад аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэгт хамрагдах үзүүлэлт хангалтгүй, иргэд эрүүл мэндийн боловсрол тааруу байна. Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал өндөр, үйлчилгээний чанартай холбоотой олон асуудал байгааг онцолсон. Энэ хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг иргэдийн оролцоотой хянах, үнэлэх, санал хүсэлтийг хүлээн авах эргэх холбоо хангалтгүй гэж үзжээ.

Шийдэл:

Гар утасны аппаар дамжуулан хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилсан алгоритм ашиглаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж хүргэх, эмнэлгийн үйлчилгээний үнэлгээний систем боловсруулжээ.

Хөөрхөн баг

Тухайлбал, өвчний эрт илрүүлгийн алгоритм ашиглаж, хэрэглэгчийн өвчний зовуур, шинж тэмдэг дээр тулгуурлан асуумжийн аргаар гүнзгийрүүлэн асуух болон хувь хүний бие физиологийн онцлогт тохируулан эрсдэлт өвчнийг тодорхойлох аж. Хэрэв яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай бол харьяа өрхийн эмнэлгийн байршил, холбоо барих утас зэрэг мэдээллийг илгээх юм. Мөн эрсдэлт өвчний магадлалыг тодорхойлон, эмчийн үзлэгт орох, шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг улирал тутамд сонордуулга байдлаар илгээх боломжтой аж.

Мөн аппын мэдээллийн санд хүний биеийн гадаад, дотоод эрхтний өвчлөл, илрэх шинж тэмдэг, зовуурийг тайлбарлажээ. Түүнчлэн эмнэлгийн байршил, мэдээллийг сонгож, үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүй, орчны тохижилт зэрэгт нь үнэлгээ өгч, улмаар санал хүсэлт илгээх болон хүлээн авах боломжтой систем аж.

I байр: "Chiron" баг 

Тулгамдаж буй асуудал:

Манай улсад одоогоор эмнэлгийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн мэдээлэл дутмаг, хаанаас нэгдсэн мэдээлэл авах нь тодорхойгүй хэвээр байна. Үүний улмаас иргэд энэ талаар мэдээлэл тааруу, эрт илрүүлэгт хамрагдах байдал хангалтгүй байгааг дурдсан. Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалын хураамж төлдөг ч эрүүл мэндийн байгууллагуудын үзлэгт үнэгүй хамрагдах, хөнгөлөлттэй үнээр эм тариа худалдан авах боломжийг тэр бүр мэддэггүй гэв.

Монгол Улсад зөвхөн 2020 онд халдварт бус өвчний улмаас 12738 иргэн нас баржээ. Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн оношилгоо, шинжилгээний хүртээмж, ил тод байдлыг сайжруулж чадвал дээрх тоог 80 хувиар бууруулах боломжтой гэж үзжээ.

Шийдэл:

Хэрэглэгч гар утасны апп ашиглан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эрт илрүүлгийн талаар цогц дата мэдээллийг эрүүл мэндийн товлолын дагуу хүлээн авахаас гадна анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа холбогдох байгууллагад уламжлах боломжийг нээх шийдэл боловсруулжээ.

Chiron баг

Тус аппликэйшнд хувийн мэдээллээ оруулснаар эрүүл мэндийн даатгалаар авч болох хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эрүүл мэндийн товлолын дагуу ойрын хугацаанд авах оношилгоо, шинжилгээний хуваарь, хэрэглэгчдэд хамгийн ойр байрлах өрхийн эмнэлгийн байршил зэргийг мэдэх боломжтой.

Мөн хэрэглэгчийн үзлэгийн түүх, шинжилгээний хариу, эмийн жорын мэдээллийг архивлан хадгалж, өгөгдлийн дата сан бүрдүүлэх болон алслагдсан бүс нутагт, интернэтгүй үед ч ашиглаж болох боломж олгож буйгаараа онцлог байв.

Цахим хакатоны дүгнэх нь 

Ийнхүү оролцогчид анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний ил тод байдалтай холбоотой асуудлыг шийдэх төрөл бүрийн шинэ санаануудыг дэвшүүлж, богино хугацаанд бүтээлчээр ажиллалаа. Тэд эрүүл мэндийн байгууллагуудын чанар, хүртээмж, ил тод байдлыг сайжруулах, дата мэдээллийг нэгдсэн системд оруулахад чиглэсэн олон сонирхолтой шийдэл гаргажээ.

Хакатоны хаалтын үеэр Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер, Суурин төлөөлөгч Андрей Михнев “Монгол орны өнцөг булан бүрээс залуус оролцож, олон инновацлаг санааг уралдуулж, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах шийдлүүд танилцууллаа. Иргэдийн оролцоотойгоор төрийн үйлчилгээг сайжруулах, үр дүнтэй, чанартай төрийн үйлчилгээг хэвшүүлэхэд цахим шийдэл тун чухал. Энэхүү хакатоноос гарсан шийдлүүд нь иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй байгууллагууд болон төрд дуу хоолойгоо хүргэх суваг болж бодит биеллээ олно гэдэгт найдаж байна” гэв.

"Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд уг хакатоноор гарсан шилдэг шийдлүүдийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, холбогдох чадавх бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна.