Уг ярилцлага "Гэж юу вэ?" шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийн 17-р нүүрэнд нийтлэгдсэн болно.

Ертөнц анх үүсэхэд устөрөгч болон гели хэмээх хамгийн хөнгөн хоёр элемент байжээ. Гэтэл бидний биеийн 10 хувийг устөрөгч эзэлж үлдсэн 90 хувийг урьд нь огт байгаагүй элементүүд бүрдүүлдэг. Өнөөгийн судалгаагаар бидний мэддэг эдгээр бодис ертөнц дэх нийт энергийн ердөө 5 хувийг л эзэлдэг болохыг сүүлийн 30-50 жилийн турш хийсэн ажиглалт, судалгаа харуулж буй. Харин үлдсэн 95 хувь нь харанхуй матери болон харанхуй энерги гэх нууцлаг сэдэвтэй холбогддог хэмээн үздэг. 

Тэгвэл ертөнцийн хамгийн эгэл (жижиг) хэсгээс нь судалж, түүнийг тайлдаг эрдэмтэд бол эгэл бөөмийн физикчид. Тэд бидний амьдарч буй орчлон ертөнцийг хамгийн холоос бөгөөд томоор нь харахын сацуу орчлон ертөнцийн бүтцийн талаарх чухал асуултуудад хариулт олдог. Гагцхүү энэ ажлыг 19 жил хийж буй Монголын эрхэм судлаачдын нэг доктор Энхбатыг “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буландаа онцоллоо. Түүний нөр их туршлага, ажиллах арга барилын нэгээхэн хэсэгтэй танилцана уу. 

Байршил: Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: ШУА, Физик, технологийн хүрээлэн, Их энергийн физикийн лабораторийн эрхлэгч
Хэрэглэдэг гар утас: Galaxy S24
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Enkhbat Tsedenbaljir

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би Дархан хотод төрж, өссөн. Багадаа зураг зурах, техник зохион бүтээх сонирхолтой хүүхэд байлаа. 7-р анги хүртлээ энэ чиглэлийн дугуйланд хамрагдаж, машины загвар зохион бүтээх тэмцээн уралдаанд хот, улсын аварга болж байсан удаатай. Ингээд 8-р ангид орох жилдээ 7-р сургуульд шилжин суралцсан нь физикт дурлаж, энэ хичээлд шамдан суралцах эхлэл болсон юм. Тухайн үед Батчулуун гээд манай физикийн багш хичээлээ их сонирхолтой заадаг, заах заахдаа бүр эрдэмтдийн нээлт, онолыг ярьж өгдөг байв. Одоо бодоход тэр багшийнхаа ачаар л онолын физикт татагдаж, физикч хэмээх мэргэжлийн сайхан талыг олж харсан юм билээ.

Миний хувьд ахлах сургуулиа төгсөхөөс өмнө ахин нэг удаа шилжин суралцсан бөгөөд МУИС-ийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль буюу одоогийнхоор бол Байгаль Эх Лицей рүү шилжсэн. Тэнд их сургуулийн профессорууд хичээл ордог байсан учраас тэр чинээгээр суурь мэдлэг маань бат суусны сацуу Монгол Улсын Их Сургуульд элсэн орох суурь болсон гэх үү дээ. Ийнхүү би 1995 онд МУИС-д онолын физикийн чиглэлээр бакалавр, 1998 онд магистртаа сурч төгссөн.



Үргэлжлүүлэн 1998 онд нэгэн гайхалтай завшаан тохиож, Итали Улсын Олон улсын онолын физикийн төвд нэг жил Их энергийн физикийн чиглэлээр суралцах боломж гарч байлаа. Энэ төв нь ЮНЕСКО, Олон улсын атомын энергийн төв болон Италийн Засгийн газрын хамтран байгуулсан томоохон судалгааны төв юм л даа. Тухайн үед ердөө арван хүүхдийг сонгон шалгаруулсан ба хөтөлбөрт тэнцсэн оролцогчид дэлхийн нэр хүндтэй профессоруудын хичээлийг авч суралцахын зэрэгцээ дипломтой төгсдөг юм.

Уг хөтөлбөрийн дараа 2006 онд миний бие АНУ-ын Оклахама мужийн их сургуульд докторын зэргээ хамгаалахаар явсан. Энэ хугацаанд профессор Калади Бабугийн удирдлага дор докторын ажлаа гүйцэтгэж байлаа. Профессор маань надад жинхэнэ судлаач хүнд байх ёстой чадваруудыг суулгасан гэж би боддог.


Ингээд би буцаад Итали руу өнөөх суралцаж байсан Олон улсын онолын физикийн төвдөө очиж докторын дараах судлаачаар ажиллахаар болов. Энэ судалгааны төвийн хувьд зөвхөн номын сан нь гэхэд Кембрижийн их сургуулийн дараа орохуйц баялаг ном, бүтээл хадгалагддаг, маш олон Нобелийн шагналтнууд очиж ажилладаг, олон улсын нэр хүндтэй хурлууд зохион байгуулагддаг газар. Мөн онолын физикийн салбарын Диракийн медаль хэмээх Нобелийн шагнал авахуйц судалгааны ажил хийж гүйцэтгэсэн эрдэмтдэд олгодог томоохон шагнал гардуулах ёслол энд зохиогддог гэхээр ямар чухал судалгаа шинжилгээний төв болох нь төсөөлөгдөж байгаа байх. Эндээ би нийт дөрвөн жил ажилласан юм. Үүний дараа 2010-2013 оны хооронд Тайваний Үндэсний Их сургуульд судлаачаар ажилласан гэхээр нийтдээ 15 жилийг гадаадад сурч, ажиллаж өнгөрүүлжээ.

Ийнхүү 2013 онд Монголдоо буцаж ирээд одоог хүртэл ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах болон тэргүүлэх эрдэмтэн, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. Мөн 2016-2020 оны хооронд МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төвийн захирлаар тус тус ажиллаж байсныг дурдууштай.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?


Ер нь миний ажил Италид судлаачаар ажиллаж байхад ч тэр, одоо ШУА-д ажиллахад ч тэр семинар, сургалтуудаар дүүрэн байдаг. Аливаа семинарт бэлдэхэд илтгэгчээр ирж буй профессоруудын өмнөх судалгааны ажлуудтай хэдэн өдрийн өмнөөс танилцаж, асуух асуултуудаа боловсруулах хэрэгтэй. Дээрээс нь тэр чиглэлийн судалгаа дэлхий дахинд хаана явна, ямар шинэ эрдэм шинжилгээний ажлууд хэвлэгдэхээр хүлээгдэж байна зэргийг ч мэдэж байх шаардлагатай. Тухайлбал arxiv.org вэбсайтад шинээр хэвлүүлэх гэж байгаа бүтээлээ эрдэмтэд, судлаачид онлайнаар танилцуулдаг юм. Тэндээс мэдээлэл авна.

Түүнчлэн судлаачаар ажиллаж байгаа учраас өөрийн хариуцаж авсан судалгааны ажлаа өдөр өдрөөр урагшлуулах хэрэгтэй. Энэ ажлын хүрээнд эрдэмтэдтэйгээ судалгааны ажлаа хэлэлцэж, ажлын явцаа хянан тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэж, боломжуудыг эрэлхийлдэг.


Мэдээж өдөр бүр туршилт, судалгаа хийдэггүй. Судалгааны санаа, тооцоог анхны байдлаар самбар дээр бодож, бичиж боловсруулаад дараа нь компьютер дээр симуляцийг нь турших зэргээр ер нь их олон талаас нь бодож, хэлэлцэх байдлаар ажил маань явдаг гэсэн үг.

Яг одоо ШУА-д долоо хоног бүр багийн семинар зохион байгуулагдаж байгаа. Үүгээр залуу судлаачид хийж буй ажлынхаа хүрээнд илтгэл тавьж, профессоруудын санал, шүүмжийг сонсдог юм. Харин сардаа 1-2 удаа их семинар гэх нэлээд нэр хүндтэй, томоохон хурал болдог. Энэ хурлаар салбар бүрийн эрдэмтэн, судлаачид ирж ажлаа танилцуулдаг бөгөөд миний зүгээс удирдаж явуулах үүрэг хүлээсэн тул шүүмж, хэлэлцүүлгийн хэсгийг зохион байгуулдаг даа.

3. Таны ажлын нөү-хау?

Эрдэмтэн, судлаач хүн өөрийн салбар, чиглэлийн шинэ судалгаа, бүтээлүүдтэй тогтмол танилцаж байх хэрэгтэй. Гэхдээ танилцана гэдэг нь судалгаанууд уншаад өнгөрөх бус тэр судалгаанаас өөрөө хийж үзээгүй, шинэ тооцоо, судалгааг илүү сайн ойлгох зорилгоор давтан хийж, өөрийн болгох нь чухал. Мэдлэгийг ингэж л системтэйгээр бий болгох нь зүйтэй.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Их энергийн судалгаанд бөөмсийг хурдасгаж, мөргөлдүүлэхэд хоёрдогч бөөмс гэж үүсдэг. Энэ үйл явцыг томьёолж, тооцож гараар хийх боломжгүй учраас симуляци хийдэг юм. Өөрөөр хэлбэл, компьютерт аливаа физик үзэгдэл хэрхэн ажиллахыг загварчилж, тооцно гэсэн үг. Үүнийг олон программаар хийдэг ч бидний хамгийн өргөн ашигладаг нь MadGraph.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Заримдаа олон улсын хурал, семинарт шөнийн цагаар оролцох тохиолдол цөөнгүй. Ийм үед ачааллаас хамаараад тухайн үед нь л цагийн менежментээ зөв хийхийг хичээдэг дээ. Ялангуяа өгүүлэл хэвлэгдэх дөхсөн үед өндөр ачаалалтай ажилладаг учраас ажлуудынхаа дундуур амрах цагаа шингээхийг боддог.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?


Цаасан дээр бичиж тэмдэглэдэг. Ихэвчлэн шинэ санаа төрсөн үед дэвтэр дээр бичдэг гэх үү дээ. Мэдээж дэлхийн эрдэмтдийн бодоогүй санааг олох ховор ч гэлээ үүнийг цааш судалж үзмээр юм байна гэсэн санаануудаа цаасан дээр буулгадаг юм.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Гэр бүлээрээ ууланд алхах, дугуйгаар аялах, кафед сууж ном унших зэргээр амардаг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?


Физикч хүн зөвхөн өөрийнхөө салбарыг сонирхоно гэж бараг л байхгүй. Жишээ нь квант компьютер, тасалгааны температурын хэт дамжуулагч эсвэл бүр шинэ материалын судалгаа гэх зэрэг технологийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж магадгүй гэсэн сэдвүүдийг сонирхож уншина. Мөн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолууд унших дуртай.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд? 

Хэцүү асуулт байна. Мэдээж суурь шинжлэх ухааны салбарт ажиллахад олон орны эрдэмтэн, судлаачидтай танилцах, хамтран ажиллах боломж гардаг нь эерэг сайн тал. Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл бусдаас өрсөж бүтээлээ яаран хэвлүүлэх шаардлага байнга үүсдэг нь юм болов уу.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
 


Одоогийн стандарт онолуудын хүрээнд тайлбарлагдахгүй үзэгдэл гэж бий. Тиймээс тэдгээр онолыг өргөтгөх шаардлагатай. Одоогоор манай баг энэ төслийн ажилд төвлөрөн ажиллаж байна.

Үүний зэрэгцээ манай төслийн гишүүн, доктор Ганболд ОХУ-ын цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажилладаг юм. Бид түүний хүчтэй харилцан үйлчлэлд ордог бөөмсийг судалдаг онолын загвар дээр судалгаа хийсэн. Мөн Чэжүгийн Үндэсний Их сургуулийн судлаач эрдэмтэн Гансүхийн космологийн чиглэлийн судалгааны ажил дээр манай залуусын нэг орж ажилласан гэх зэргээр олон сэдвийг хамарсан нэг том төслийн санаа дэвшүүлээд явж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Миний хувьд залуу судлаачдыг удирдан ажилладаг. Ер нь хүн удирдана гэдэг өөрөө суралцах үйл явц юм билээ. Би ихэвчлэн тэдэнд өөрийнхөө өмнө нь хийж байсан тооцоонуудаас зааж өгөх, хийсэн тооцоог нь хянах, тухайн судлаачийн ажиллах, сурах арга барилд тохируулан зааж сургах байдлаар ажилладаг. Мэдээж энэ явцад мэдлэгээ байнга шинэчлэхийг хичээдэг.


12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Орчин үеийн уран зөгнөлт зохиолын эцэг гэгддэг Франк Хербертийн Dune-ийн цуврал бүтээлүүдийг санал болгоё. Dune 1, 2 гээд кино нь өнгөрсөн жилүүдэд гарсныг мэдэх байх. Тэнд гарч буй үйл явдлууд бол зөвхөн эхний боть нь шүү дээ. Түүний ард таван боть бий. Бүгд их сонирхолтой.

Киноны хувьд Netflix-ийн “Three Body Problem” цувралыг санал болгоё.

Хөгжмийн мэдлэг тийм сайн биш ч гэлээ Европ, ялангуяа Итали Улсад 4-5 жил амьдарсан учраас хүссэн хүсээгүй классик хөгжмийн урлагийг ойлгох суурь тавигдчихдаг юм билээ.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?


Италид ажиллаж байхад манай удирдагч багш Горан Сеньянович бидний хийж байсан тооцооноос нэг жижиг алдаа олж харж л дээ. Манай судалгааны баг хийсэн зүйлдээ их итгэлтэй, бахархалтай байтал маш чимхлүүр зүйл дээр алдсанаас болоод өмнө нь хийсэн хамаг тооцоо, туршилтаа эхнээс нь хийх болж, сэтгэл санааны хувьд бага зэрэг гонсойсон юм. Тухайн үед багш маань надад “Харин ч өөрөө өөрсдийнхөө алдааг олж харж чадаж байна гэдэг чухал чадвар шүү” гэж хэлж байсан.

Судалгаа хийхэд яг зөв юм хийж байна уу? Ингэж тооцоолох нь зөв бил үү? гэж байнга өөрөөсөө асуухын сацуу салбарын хүнээр алдаагаа харуулж, хэлүүлж байх нь чухал. Хүн чинь өөрийн алдааг харахгүй өнгөрөөхдөө их амархан амьтан. Тэгэхээр хэчнээн удаан цаг хугацаа, сэтгэл зүрхээ зарцуулж хийсэн зүйл байсан ч алдаа гаргаж болох учраас байнга шалгах нь зайлшгүй бөгөөд чухал гэдгийг тэр үед ойлгосон.

14. Бусдад шидэх санаа?

Мэдээж хүн бүр судлаач болох албагүй. Гэхдээ одоогийн хөгжилд биднийг авчирсан зүйл бол гарцаагүй шинжлэх ухаан. Тэгэхээр шинжлэх ухааны судалгааны ажлыг айхтар нарийн уншиж ойлгохгүй ч ядаж өөрийн эрүүл мэнд, дэлхий ертөнцтэй холбоотой зүйлийг олж мэдээд, шүүн тунгаах чадвартай байгаарай. Үүн дээр нэмээд шинэ мэдлэг, мэдээлэлд нээлттэй байж аливаад нухацтай, өөрийн гэсэн дүгнэлт хийж чаддаг байх нь орчин үеийн саруул ухаант хүний хамгийн чухал чадвар шүү.