АНУ болон Монгол Улсын Засгийн газрын нэгдсэн санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр энэ жилийн сонгон шалгаруулалтаа зарласантай холбогдуулан “Бид хэрхэн суралцдаг вэ?” булангийн ээлжит дугаартаа бид уг тэтгэлгээр суралцаж буй залуусын суралцах арга барил, тэтгэлэг хүртсэн туршлагаас хуваалцаж байна.  

Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг ба жил бүр 4000 орчим гадаад оюутан уг тэтгэлгийг хүртдэг билээ. Харин манай орны хувьд 1995 оноос эхлэн жилд 25 хүртэлх залуу мэргэжилтэн энэхүү тэтгэлгээр дамжуулан мэргэжил дээшлүүлэн суралцсаар байгаа юм.   

Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны сонгон шалгаруулалт яг одоо явагдаж байгаа бөгөөд энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

1. ТА ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАНА УУ?  


Миний хувьд системийн аюулгүй байдал мэргэжлээр бакалаврын зэргээ эх орондоо хамгаалж, төгссөнөөсөө хойш мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр тасралтгүй есөн жил ажилласан. Мөн ТББ-д ойролцоо чиглэлээр таван жил сайн дурын ажил хийж байв. Энэ мэтчилэн багагүй хугацааг практик туршлага хуримтлуулахад зориулсан юм. Ингээд энэ бүгд маань олон улсын сайн туршлагатай нийцтэй эсэхийг мэдэхийн сацуу дараагийн шатанд гарч суралцсанаар хамт олон, байгууллага, комюнитидаа авч ирж болох үнэ цэн маань хэрхэн нэмэгдэж болохыг бодолцсоны үндсэнд суралцах шийдвэрээ гаргаж байлаа.

Фулбрайтын тэтгэлэгт хамрагдахын тулд багагүй материал бүрдүүлэхийг шаарддаг ч, тэр дундаас эсээ бичих үйл явц нь надад илүү их таалагдсан. Тухайн өргөдөл гаргагч нь угтаа ямар хүн бэ? Туулж өнгөрүүлсэн амьдрал, туршлага нь өөр хоорондоо ямар уялдаа холбоотой байсан бэ?, Карьер, албан тушаал гэхээс илүүтэй ирээдүйд юуг, хэрхэн хийдэг хүн болохыг зорьж байна вэ? Тэр зорилготой нь Фулбрайтын тэтгэлэг хэрхэн холбогдох вэ? гэх мэтийг сайтар эргэцүүлсний үндсэн дээр эсээгээ бичвэл зөвхөн тэтгэлэг горилох гэлтгүй өөрөө өөртөө ирээдүйгээ тодорхой болгож өгч буй асар чухал алхам болдог гэдгийг ойлгосон.

2. ТЭТГЭЛГИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТУУДАД ХЭРХЭН БЭЛДСЭН БЭ? 


Одоогоос арван жилийн өмнө. Бакалавраа дөнгөж төгсмөгцөө ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж, магистрын зэргээ гадаадад хамгаалах талаар бодож эхэлсэн юм. Улмаар англи хэлний сургалтад сууж, IELTS-ын “даруухан” оноотой болж аваад БНСУ-ын ЗГ-ын тэтгэлэгт материалаа өгсөн ч эхний шатнаас хасагдаж билээ.

Өмнө нь бодохдоо аль нэг тэтгэлэгт заавал хамрагдана гэж байсан ч яг Фулбрайтын тэтгэлэгт голлон бэлдэж эхэлсэн нь 2017 он. Эхний ээлжинд сайн хэлний оноогүй байсан тул танхимын болон ганцаарчилсан бэлтгэлийг хослуулан англи хэлээ сайжруулсан.

Тухайн үед би Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж байсан юм. Энэ шугамаараа зохих сонгон шалгаруултуудад оролцож, НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад 2019-2020 онд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын цэргийн багт холбогч офицероор сонгогдон ажиллах боломж тохиож байв. Тэр үед багийн үндсэн ажлаасаа гадна "Тактикын Ажиллагааны Төв"-д олон улсын цэргийн алба хаагч нартай хамт үүрэг гүйцэтгэж байсан нь англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд эергээр нөлөөлсөн. Улмаар эх орондоо ирээд IELTS-ын шалгалт дахин өгөхдөө хангалттай оноо авч, 2021 онд Фулбрайтын тэтгэлэгт тэнцэж байлаа.

Мартсанаас, тодорхойлох захидлуудаа хэрхэн бүрдүүлсэн түүх маань их сонирхолтой. Тэр жил Фулбрайтад өргөдөл гаргагчид нийт гурван тодорхойлох захидал авах шаардлагатай байсан болохоор миний хувьд намайг гурван өөр талаас нь илэрхийлэхүйц хүмүүсээр бичүүлэх нь зүйтэй гэж үзээд бакалаврын дипломын ажлыг маань удирдсан багш, доктор Ө.Эсболд, Жанжин штабын Кибер аюулгүй байдлын албаны дарга, хурандаа С.Ширбазар, мөн Афганистанд Тактикын Ажиллагааны Төвд шууд удирдлагаар ханган ажиллаж байсан хошууч цолтой, НАТО-гийн гишүүн орны цэргийн алба хаагчаас тус тус тодорхойлох захидал авч байсан. Эдгээр хүмүүс чухам юу бичсэнийг мэдэхгүй ч оюутан Дэлгэрбаяр, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Дэлгэрбаяр, Зэвсэгт хүчний алба хаагч Дэлгэрбаяр гэсэн гурван өөр өнцгөөс бичсэн тул тэдгээр захидлууд намайг цогц илэрхийлж чадсан болов уу гэж боддог. Тиймээс өргөдөл гаргахаар зорьж буй залууст зөвлөхөд заавал өндөр албан тушаалтнаас тодорхойлох захидал авах гэхийн оронд өөрийг чинь хамгийн сайн мэдэх, өдөр тутамд хамтарч ажиллаж байсан багш, удирдлагадаа хандвал илүү үр дүнтэй.

3. ТАНЫ СУРАЛЦАХУЙН АРГА БАРИЛ, АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ НӨҮ-ХАУ 


Сониуч байх. “Learn, Unlearn, Relearn” (суралцах, үл суралцах, дахин давтах) зарчмын дагуу суралцаж буй чиглэлээ судлан, таньж мэдэхийн тулд өөрийгөө хайрцаглаж, хэв загварт баригдахгүй байхыг эрмэлздэг.

Мөн суралцаж буй чиглэлээ хуримтлуулсан туршлага, хоббитойгоо холбосноор онолын мэдлэг хөрсөн дээр бууж, илүү хурдан ойлгох, бүтээлчээр сэтгэхэд тусладаг. Миний хувьд энд ирэхээсээ өмнө Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад эергээр нөлөөлөх эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, шалгуур үзүүлэлт, хэмжих, тайлагнах аргачлал дээр салбар салбарын экспертүүдтэй хамтран ажиллаж байв. Үүнийгээ байгалийн шинжлэх ухаан, байгаль орчны хуулийн хичээлтэй холбож судалсан маань ойлгоцод тун нэмэртэй байсан шүү. Харин одоогийн ажиллаж буй Дэлхийн банкны төслийн ажлаа Бодлогын шинжилгээ гэх хичээлтэйгээ холбож судлах жишээтэй. Энэ мэтчилэн туршлагаа хичээлтэйгээ холбосноор өөрт байгаа нөөцөө үр ашигтай хэрэглээнд оруулж, ажлаа ч, хичээлээ ч чанаржуулж авч байгаа юм.

Үүний тулд эхлээд сайн төлөвлөж, сурах арга барилаа олсон байх нь тун чухал. Миний хувьд, юун түрүүнд хичээл бүрийн syllabus буюу удирдамж, хуваарьтай анхааралтай танилцаад, ямар судалгаа, бие даалт, шалгалтыг хэзээ, хэрхэн өгөхөө тооцож, түүнийхээ дагуу бодитой төлөвлөгөө гаргадаг. Мөн тэр бүрийн эцэс хугацааг хуваарьтаа тааруулж тогтоогоод, түүндээ аль болох сахилга баттай хандана. Мэдээж хүн бүрийн сурах арга барил адилгүй учраас ганцаараа ажиллах, багаараа бэлдэхийн аль нь илүү үр дүнтэйг аль болох эрт, олон янзаар туршаад мэдчихвэл цаг хэмнэхэд тустай байдаг шүү.

Сонирхуулахад, "Жорж Вашингтоны их сургууль" дотроо "Трахтенбергийн Төрийн бодлого, төрийн удирдлагын сургууль" нь АНУ-ын нийслэл Вашингтон хотын зүрхэнд байрладаг учраас хамтран суралцаж буй оюутнууд маань Цагаан ордон, Сенатын оффис, Конгрессын гишүүдийн оффис гэх мэт ямар нэгэн төрийн агентлагт ажиллах нь энгийн л үзэгдэл байдаг. Манай хөтөлбөр гэхэд дөрөвхөн олон улсын оюутантай. Энэ нөхцөлд Imposter syndrome буюу бусадтай өөрийгөө харьцуулах, голох, өөртөө итгэлгүй болох гэх мэт сэтгэлзүйн хямрал асуудалд өртөх үе цөөнгүй гарна. Гэвч яг адил түвшинд, яг ижилхэн зүйлийг яг л бусадтайгаа адил сураад явж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Ийм нөхцөлд сургуулиас үнэ төлбөргүй санал болгодог сэтгэлзүйн зөвлөгөө, спорт цогцолбор, оюутнуудад зориулсан комюнити үйлчилгээ зэргийг өөрт хэрэгтэйгээр ашиглаж, сэтгэлзүйгээ хөнгөн, эрүүл байлгах нь цаашид амжилттай суралцаж, хөгжихөд тун чухал.

4. ОЮУТНЫ НЭГ ӨДӨР ТАНЬ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 


Ажлын өдрүүд ихэвчлэн нэгэн жигд, шахуу хуваарьтай үргэлжилдэг. Бизнесийн удирдлага, стратеги, менежментийн ухааны хичээлүүд ихэвчлэн кэйс дээр ажиллах аргачлалаар ордог ба үүндээ тулгуурлан стратеги аргачлалыг шинжлэх, дүгнэх, хэлэлцэх чадваруудад суралцана. Хичээлийн дараа тухайн шинжилгээнд үндэслэн тайлан бичих даалгавар гүйцэтгэдэг.

Сонгосон хичээлүүдээ судлахаас гадна, сургууль дээр тогтмол зохиогддог арга хэмжээнүүдэд оролцох дуртай. Тухайлбал, салбарынхаа тэргүүлэх мэргэжилтэн, судлаач, байгууллагууд манай сургуультай хамтран технологийн тренд, шинэчлэлийн талаар болон нийгэмд тулгамдаж буй асуудлууд дээр боломжит шийдлийн тухай хэлэлцүүлэг, лекц тэргүүтэй арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Сүүлийн үед хиймэл оюун ухааны талаар болон хиймэл оюун ухааныг төрөл бүрийн салбарт хэрхэн ашиглах боломжтой эсэх, үүний тулд түүнийг хэрхэн зөв зохистой, хариуцлагатайгаар нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг, арга хэмжээ түгээмэл хийгдэж байгаа.

Энэ улирлаас эхлэн хөтөлбөрт тэнцсэн, тэр дундаа суралцаж буй хөтөлбөрт маань элсэхээр сонирхож байгаа оюутнуудад зөвлөгөө өгдөг Admission Ambassador-оор ажиллаж эхэлсэн. Анх ирэхдээ яг л эдгээр залуустай ижил асуулттай байсан бол одоо тэр шатан дээр зогсож байгаа оюутнуудтай ярилцаж, сонирхсон асуултад нь хариулах ажил хийж, чадах зүйлээрээ тусалж байгаа гэдэгтээ итгэмээргүй ч юм шиг.

5. ОЮУТНЫ ХУВИАР ХАМГИЙН ИХЭЭР АШИГЛАЖ БУЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД 


Хичээл, даалгавар аль аль нь дээр нь бичих шаардлага их гардаг тул Grammarly ашиглан үг үсгийн, утга найруулгын алдаагаа засдаг. Зөвлөхөд, вэб хуудсаар нь нэвтрэн бичвэрээ засаж болдог ч MS Word дээр Grammarly add-in суулгавал хэрэглэхэд илүү хялбар болдог шүү.

Мөн өөрийн сонирхлын хүрээнд англи хэлний бичгийн чадвараа сайжруулахын тулд 750words.com вэбсайтыг ашиглан орой бүр 750 үгтэй эсээ, ном, бичвэрийн тэмдэглэл, өдрийн тэмдэглэл зэргээ бичдэг. Ингэснээр бичгийн ур чадвар тэр дороо шахуу сайжирч эхлэхээс гадна стресс буурах, төвлөрөх чадвар сайжрах, дүн шинжилгээ хийх чадвар нэмэгдэх зэрэг олон давуу талтай. Тухайн өдөрт 750 үгээ амжилттай бичиж дуусгаснаар оноо цуглуулж, хоёроос дээш өдөр дараалан бичвэл нийт бичээчдийн онооны самбарыг гаргах гэх мэт сонирхолтой урамшууллын системтэй. Миний хувьд одоогоор дээд тал нь 40 өдөр дараалан 750-аас доошгүй үгтэй бичвэр бичсэн хувийн амжилт гаргасан байна.

6. ХИЧЭЭЛ, ШАЛГАЛТУУДДАА ХЭРХЭН БЭЛДЭЖ, ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 


Open-book, closed-book гэх хоёр төрлийн шалгалт бий. Эхнийх нь ном, сургалтын материал, интернэт зэргийн тусламжтайгаар өгч болдог бол closed-book нь гар утас, компьютер, хэвлэмэл материал ашиглахыг хориглодог. Гэхдээ алинд нь ч байсан одоогийн мэдлэгтээ найдалгүйгээр бас цагийг нь тулгахгүйгээр урьдчилан төлөвлөж бэлдэх нь чухал. Миний хувьд шалгалтын үеэр өөрийгөө зоригжуулдаг нэг үг байдаг нь “Сурахын зовлон түр зуурынх, сураагүйн зовлон насан туршийнх”.

Хичээлийн хувьд бусад оюутнуудын адилаар тухайн өдрийн лекцийг гүйлгэж нэг хараад семинар дээр өрнөх хэлэлцүүлэгтээ бэлдэнэ. Энэ үеэр гадаад оюутнууд өөрийн орны онцлог, туршлагаасаа хуваалцвал семинарын хэлэлцүүлгийг илүү сонирхолтой болгодог. Мөн уншаад л байхаас илүү хуваалцаж, ярилцах нь олж авсан мэдлэгээ бататгах нэг арга.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 


Цаг агаар сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдгийг энд ирээд л мэдэрсэн. Өвөлдөө цөөн хэдэн өдөр л нар үзнэ. Бусад өдөр нь бүүдгэр, үүлэрхэг байдаг болохоор ховор тохиох нарлаг өдрүүдэд илүү дуртай болдог юм билээ. Монголд байхдаа зуны налгар өдрийн цэлмэг тэнгэр хэчнээн сайхан болохыг төдийлөн үнэлдэггүй байснаа анзаарсан даа.

Нар гарсан өдөр завтай байж таарвал гадуур алхаж бодлоо цэгцлэх дуртай. Энэ зуур шинэ дуу хөгжим сонсох ч боломж олддог. Ер нь энд байх хугацаандаа цэвэр орчин, цэнгэг агаар, стрессгүй хүрээллийг нь ашиглах гэж хичээж байгаа нь энэ. Манай оронтой харьцуулахад чөлөөт цагаа хүссэнээрээ өнгөрүүлэх орчин бүрдсэн байдаг болохоор зүгээр л гадуур алхсан ч стресс тайлагдах шиг болдог нь сайхан. Сагс тогломоор бол энд тэндгүй зориулалтын талбайтай, хүүхдээ салхилуулъя гэвэл тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн нь элбэг. Номын сангуудын хүүхдэд зориулсан хэсэг болон хүүхдийн номын сангийн тохижилт, үйлчилгээ нь маш сайн болохоор гэр бүлтэйгээ хүүхдийн номын сангаар хэсэх дуртай. Нэгэнт ном ярьсных, "Америкийн нийтийн номын сангийн системийг Монголдоо нэвтрүүлэх юмсан. Тэр дундаа бүх нийтийн номын санд бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хэсэгтэй болох юмсан" гэж боддог.

8. СУРАЛЦАХЫН ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?


АНУ бол сагсанбөмбөгийн эх орон шүү дээ. Тийм ч учраас сагс тоглох эсвэл телевизээр сагс үзэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Миний хувьд бараг 20 жил NBA үзэж байгаа бөгөөд энэ улиралд дөрвөн ч тоглолтыг Кливленд, Милуоки, Бостон хотуудад дэргэдээс нь үзсэн шүү. Мөн манай Питтсбург хот хоккейн томоохон багтай болохоор сургуулиас бидэнд өгсөн хөнгөлөлттэй тасалбараа ашиглан багаа дэмжихээр ордон зорих үе цөөнгүй.

9. СУРАЛЦАЖ БУЙ ЧИГЛЭЛИЙН ТАНЬ ОНЦЛОГ? ОДОО СУРАЛЦАЖ БУЙ СУРГУУЛИА ЯМАР ШАЛГУУРААР СОНГОСОН БЭ? 


Миний суралцаж буй “Байгалийн нөөцийн бодлого” мастерын хөтөлбөр нь MPA зэрэгтэй төстэй боловч байгаль орчны бодлогод илүү төвлөрсөн гэдгээрээ онцлогтой. Монголд тогтвортой санхүүжилтийн салбарт ажиллах хугацаанд бодлогын баримт бичиг, салбарын хэмжээний зөвлөмж, санаа гаргах, удирдамж боловсруулах, батлуулах, санал өгөх нь ажлын дийлэнх хувийг эзэлдэг байсан учраас цэвэр байгалийн шинжлэх ухаанд суралцахаас илүүтэй бодлогын чиглэлтэй хосолсон хөтөлбөр хайж байсан юм. Энэ хүрээндээ дөрвөн их сургуульд өргөдлөө явуулснаас Жорж Вашингтоны их сургуулийг дараах онцлогуудаас нь болж сонгож байв:

1. Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Олон Улсын Санхүүгийн Корпораци зэрэг томоохон байгууллагын төв оффистой зэргэлдээ байрладаг. Мөн Цагаан ордон, Конгресс гээд АНУ болон дэлхийд нөлөөлөх бодлого шийдвэрүүдийг гаргадаг байгууллагууд энэ хотод байдаг нь бодлогын чиглэлээр суралцаж байгаа миний хувьд том давуу тал болдог.

2. Манай хөтөлбөрт байгалийн нөөцийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай чадварыг тэнцвэртэйгээр олгохуйц сонирхолтой хичээлүүд багтдаг. Жишээ нь, байгалийн шинжлэх ухаан, уур амьсгалын шинжлэх ухаан, бодлогын дүн шинжилгээ, хууль, эдийн засаг, судалгааны арга барил, өнөө үед уур амьсгалын чиглэлд ашиглагдаж буй технологи ба системүүд зэргийг дурдаж болно. Багш нарын хувьд үе үеийн Ерөнхийлөгчийн алба, Дээд шүүх, АНУ-ын Хууль зүйн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс зэрэг томоохон төрийн агентлагуудад ажиллаж байсан, одоо ч ажиллаж буй эрхмүүдээс авхуулаад өндөр нэр хүндтэй профессорууд хичээл заадаг.

10. ГАДААДАД СУРАЛЦАХЫН СОРИЛТ БА БЭРХШЭЭЛҮҮД 


Хууль, соёл, сэтгэлгээний ялгаа гарах нь элбэг ч Фулбрайтын тэтгэлэг хариуцсан байгууллагаас бүх гадаад оюутнуудад зориулан болзошгүй сорилт бэрхшээлүүдэд хэрхэн бэлтгэх талаар цахим сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг нь нэн тустай. Үүнд хамрагдахын сайн тал нь, эх орондоо хэрэгжүүлэх юмсан гэх хүслийг төрүүлэхүйц жишиг туршлага, төслийн санаа олон гарч ирдэг. Тухайлбал, бүхий л ард иргэд, албан байгууллага, үйл ажиллагаа нь даатгалын системд холбогдсон байдгийг дурдаж болох юм.

Бас нэг "Болдог бол энэ чигээр нь эх орондоо аваад очихсон" гэх хүслийг төрүүлдэг зүйл нь эндхийн оюутнуудын, хүмүүсийн харах өнцөг нь. Тодруулбал Critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээ нь биднээс өөр, илүү сайн хөгжсөн юм шиг ажиглагдсан л даа. Аливаа зүйлсийн талаар дүн шинжилгээ хийх, тэр тухай дүгнэн бодох аргачлал, чадвараас нь суралцууштай санагддаг.

11. ЭНЭ УЛИРЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ ХИЧЭЭЛ?


Манайх дотроо долоон сургуультай бөгөөд оюутан хичээлийн хуваарьтаа тохируулан аль ч сургуулиас хичээл сонгон судлах боломжтой байдаг. Энэ улиралд би “Тоон шинжилгээ” гэх хичээлийг өөр салбар сургуулиас сонгон суралцаж байгаа бөгөөд компьютер, техник технологи ашиглан хэрхэн цахим гэмт хэргийн эд мөрийн баримт цуглуулах, дүн шинжилгээ хийх, мөрдлөг явуулах талаар сурч байгаа нь тун сонирхолтой.

12. АНУ-Д СУРАЛЦАХ, ТЭР ДУНДАА ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХЫН ДАВУУ ТАЛ, БОЛОМЖУУД 


Фулбрайтын тэтгэлэг хүртсэн залуусаас 60 гаруй Нобелын шагналтан төрсөн байдаг нь энэхүү тэтгэлгийн чанарыг, дэлхийд хэр зэрэг нэр хүндтэйг харуулна. Фулбрайт хөтөлбөрийн ачаар виз авах, өөр улс, хот руу нүүх гэх мэт үйл явц их хөнгөн, стресс багатай болоод өнгөрсөн. Үүгээр үл барам тэтгэлэгтээ тэнцсэний дараа АНУ-ын ЭСЯ, Олон улсын боловсролын институцын зүгээс GRE, TOEFL-ийн шалгалтууд өгөхөд санхүүгийн дэмжлэг, сургуулийн өргөдөл, эсээгээ бэлдэх, өргөдлөө явуулах зэрэг үе шатуудад ч админ дэмжлэг үзүүлж байв.

Мөн мастерын хөтөлбөрөө эхлүүлэхээс өмнө Баруун Виржиниагийн их сургуульд таван долоо хоногийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан нь академик амьдралын хэв маягт шилжихэд асар их дэмжлэг болсныг онцлууштай. Мастерын хөтөлбөрөө төгссөний дараа нэг жил хүртэлх хугацаанд АНУ-д үлдэж, ажлын туршлага хуримтлуулах боломж ч олгодог.

13. САНАЛ БОЛГОХ ДУУ, КИНО, НОМ 


Энд ирээд сонсдог дуу хөгжим, үздэг киноны хувьд өөрчлөлт бараг гараагүй дээ. Олон төрлийн хөгжим сонсдог болохоор тухайлсан нэг дуу хэлэхэд хэцүү юм. Нужабес, Уяма Хирото гэх уран бүтээлчдийг санал болгоё.

Киноны хувьд, сүүлийн үед "Demon Slayer", "Attack On Titan", "Solo Leveling" гэх мэт богино хэмжээний анимэ голцуу үзэж байна. Нэмээд "Love, Death, Robot" цувралыг санал болгож болох юм. Уран зөгнөлт кино учраас богино хугацаанд төрөл бүрийн эмоци мэдрүүлж, ирээдүйн талаарх олон янзын төсөөллийг харуулдгаас гадна нарийн чимхлүүр хэсгүүдийг ч нямбай оруулсан байдаг.

Өөрийн сонирхол, мэргэжлээ хэрхэн олох, тэдгээрийг тодорхойлохдоо ашиглаж болох аргачлалыг маш сонирхолтой бичсэн Тим Урбаны “How to Pick a Career” номыг санал болгоё.

14. ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛГИЙГ СОНИРХОЖ, МӨН БЭЛДЭЖ БУЙ ЗАЛУУСТ ШИДЭХ САНАА  


Аливаа тэтгэлэгт өргөдөл гаргахдаа материалаа цогцоор нь бэлдэнэ гэдэг нэн чухал. Жишээ нь, өргөдөлд шаардсан TOEFL 100 оноонд хүрэхийн тулд бүх цаг зав, хүч хөдөлмөрөө зориулаад 110 оноо авах эсвэл тодорхой хэмжээнд бэлдээд 100-105 оноо авах хоёрын үр дүнд тийм их ялгаа гарахгүй. Тиймээс материалд шаардлагатай зүйлсээ бэлдэхэд зарцуулах цаг, нөөцөө зөв хуваарилж чадвал эсээ, CV, TOEFL оноогоо бүгдийг нь тэнцвэртэйгээр бас муугүй чанартайгаар бэлдэх боломжтой.

Хүн бүр энэхүү тэтгэлгээр сурч очоод эх орноо хөгжүүлэх зорилготой нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс "Эргэж очоод эх орноо хөгжүүлнэ" гэх ерөнхий утга санаа бичих бус, яг хаана ажиллаж, юу хийж бүтээхээ нарийн, дэлгэрэнгүй бичиж, ярилцлагадаа мөн энэ талаар ойлгомжтой дурдах нь оновчтой санагдсан.