Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын байдлаар 4,000 орчим монгол оюутан Япон оронд суралцаж байна. Монбүшо буюу Японы Засгийн Газрын тэтгэлэг, оюутан солилцооны хөтөлбөр зэргийн тусламжтайгаар уг тоо жилд дунджаар 200 орчмоор нэмэгддэг гэсэн тооцоо бий. Иймд 2025 оны байдлаар Японд суралцах 4,400 орчим оюутны нэг болохоор зорьж буй залуус та бүхэнд зориулан “Бид хэрхэн суралцдаг вэ?” нийтлэлийн ээлжит дугаарыг хүргэж байна.
2025 оны Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт горилогчид ес хоногийн өмнө өргөдлөө илгээж дууссан бөгөөд яг одоо тэд шалгаруулалтад бэлдэх хамгийн чухал, хариуцлагатай цаг үеийг туулж буй. Тэтгэлэгт бүртгүүлсэн залуус та бүхэнд зориулан уг тэтгэлгээр яг одоо суралцаж буй оюутан залуусын бодит туршлага, зөвлөгөө, чиглүүлгийг хуваалцаж байна.
Сонирхуулахад, Монбүшо буюу Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь 1976 оноос эхлэн Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Ингэхдээ:
1. Бакалаврын түвшний оюутан (4-6 жил) 2. Коллежийн оюутан (4 жил) 3. Мэргэжлийн сургууль буюу ажлын болон техникийн практик боловсрол олгодог сургуулийн оюутан (3 жил) 4. Судлаач оюутан (1,5-2 жил) 5. Япон хэл, япон соёл судлаач оюутан (1,5 жил) 6. ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс (1,5 жил) 7. “Залуу удирдагч” хөтөлбөр (1 жил) гэх төрлүүдэд шалгаруулдаг билээ.
1. ТА ЯПОНЫ ЗГ-ЫН ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАНА УУ?
Энэхүү цуврал нийтлэлийн өмнөх дугааруудаас уншигчид тэтгэлгийн материал болон эсээг хэрхэн бэлдэх талаар академик мэдээлэл цуглуулж чадсан болов уу гэж бодож байна. Тиймээс өмнө нь дурдагдаагүй байх магадлалтай хэдэн зүйлсийг хувийн зүгээс нэмье.
Миний хувьд аравдугаар ангидаа уг тэтгэлгийн талаар олж мэдэн, бага багаар материалаа бэлдэж эхэлсэн нь тун зөвдсөн хэрэг болсон. Тиймээс аль ч орны ямар ч тэтгэлэг, шалгалтад горилсон бай урт хугацаанд, тууштай бэлдэж чадвал өөрт тийм ч их ачаалал мэдрэгдэхгүй.
Мэдээж хүсэл мөрөөдөл, зорьсон зорилго чинь ямар ч тэтгэлэгт давуу тал болно. Монбүшогийн тэтгэлэг горилогчдын тухайд Япон улсыг ихэд сонирхдог, Япон орны боловсролын салбараас суралцах чин хүсэлтэй байх хэрэгтэйн дээр эзэмшсэн мэдлэг туршлагаа эх орныхоо хөгжил дэвшилд зориулах хүсэлтэй бол тун сайн.
2. ТЭТГЭЛГИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТУУДАД ХЭРХЭН БЭЛДСЭН БЭ?
Ахлах сургуульд ормогцоо Япон улсад суралцахаар зорьсон. Тэр цагаас Японы Соёл, боловсрол, спортын яамнаас жил бүр зарладаг тэтгэлгийн талаар олж сонсоод, ”Энэ тэтгэлэгт л тэнцье” хэмээн бүхнээ зориулан зүтгэсэн хэрэг.
Бичгийн шалгалтын шалгуур өндөр ч “Хичээвэл бүтэж л таарна” гэж өөрийгөө зоригжуулахын сацуу “Хэрэв тэнцэхгүй бол” гэсэн нөөц хувилбараа ч мөн тооцоолоод амжсан. Тухайн үед багш, үе тэнгийнхэн, гэр бүлийн маань дэмжлэгийн хажуугаар “Над шиг олон хүүхэд тэнцэж чадсан шүү дээ, би тэднээс дутах учиргүй” гэсэн тэмүүлэл надад хүч өгсний үр дүнд өдрийн тэн хагасыг тэтгэлэгт бэлдэхэд зарцуулж, улмаар тэнцэх магадлал ч нэмэгдэж байлаа.
Чухам хэрхэн бэлдсэн нь манай орны замын түгжрэлтэй холбоотой. Сургууль маань Яармагт байршилтай тул хичээл тарсны дараа гэртээ харих гэж олон цаг түгжирнэ. Өвлийн хүйтэн, хаврын сэрүүнд гадаа автобус хүлээж зогсохын оронд зам сийрэгжихийг хүлээх зуураа шалгалтдаа бэлддэг байлаа. Энэхүү тэтгэлэгт бичгийн шалгалтаас гадна тодорхойлолт, ярилцлагын шалгаруулалт байдаг ба аль аль нь дээр нь үнэт зүйл болон ирээдүйдээ төлөвлөгөөтэй хандаж буйгаа өөртөө итгэлтэй байдлаар харуулах нь хамгийн чухал санагдсан. Түүнээс гадна өөрийнхөө давуу талуудыг сайтар ойлгож, түүнийгээ ухаалгаар дөвийлгөх чадвар ч хэрэгтэй. Хэрэв өөрийгөө юунд сайн болохыг мэдэхгүй, санаа зовж байвал эргэн тойрноосоо асууж, тодруулаарай хэмээн зөвлөе.
3. ТАНЫ СУРАЛЦАХУЙН АРГА БАРИЛ, АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ НӨҮ-ХАУ
Хичээл хийхээр суухдаа орчноо сайтар бүрдүүлж, зөвхөн хичээлдээ л 100 хувь анхаарлаа төвлөрүүлэх нь энгийн хэрнээ асар чухал арга барил гэж боддог. Бусад хүүхдүүдийг харах нь ээ, хөгжим сонсонгоо эсвэл юм идэх зуураа хичээл хийх нь элбэг ажиглагдах юм. Харин би тэгэж огт чаддаггүй. Анхаарлаа нэг зүйлдээ л бүрэн төвлөрүүлснээр богино хугацаанд өндөр үр дүн гаргахад тусалдаг.
4. ОЮУТНЫ НЭГ ӨДӨР ТАНЬ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Япон Улсын техникийн коллежид дунд сургуулиа төгсмөгц шалгалт өгч, элсэн ордог бөгөөд таван жилийн турш суурь болон нарийн мэдлэгийг эзэмшиж төгсдөгөөрөө онцлогтой. Миний хувьд Монголд суурь боловсрол эзэмшсэн учир коллежийн гуравдугаар ангиас элсэн орсон. Уг техникийн коллеж нь их сургуулийнхтай ойролцоо хөтөлбөртэй боловч мэргэжилтэй холбогдолтой туршилтуудыг ихээр хийж, практик туршлагыг илүү олж авдагаараа давуу талтай.
Манайх ажлын таван өдрийн бүгдэд нь хичээлтэй байх нь олонтоо. Нэг хичээл 90 минут үргэлжилдэг бөгөөд өдөрт хамгийн ихдээ дөрвөн хичээлтэй байдаг. Хичээл дуусмагц сагсан бөмбөгийн дугуйландаа явна. Япончууд дугуйланг сургуулийн соёлын нэг хэсэг хэмээн чухалчлан авч үздэг. Дугуйлан тарсны дараа гэрийн даалгавар хийх эсвэл өөрийн дуртай зүйлсдээ цаг гаргах байдлаар өдрийг өнгөрүүлж байна.
5. ОЮУТНЫ ХУВИАР ХАМГИЙН ИХЭЭР АШИГЛАЖ БУЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД
Биет дэвтрийн оронд iPad хэрэглэж, Goodnotes апп дээр хичээлийн тэмдэглэлээ хөтөлдөг. Мөн Notion гэх апп дээр хичээлээс гадна хувийн амьдралтай холбоотой бүх төлөвлөгөөг гаргадаг. Хийх гэж буй зүйлсээ энэхүү апп дээр биччихвэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар тохирох, цэгцтэй форматыг бэлдэж өгдөг тул тун амар.
6. ХИЧЭЭЛ, ШАЛГАЛТУУДДАА ХЭРХЭН БЭЛДЭЖ, ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Миний суралцаж буй дизайны чиглэл ихэвчлэн ямар нэг зүйлийг бүтээх дээр суурилдаг учраас шалгалт авдаггүй гэхэд болно. Хичээлүүд ч тун чөлөөтэй, нээлттэй явагддаг учраас уламжлалт байдлаар төлөвлөхөөс илүүтэйгээр яг тухайн үеийнхээ хийж буй ажил дээр анхаардаг, тэгэх нь ч онодог болов уу гэж бодож байна.
Харин өдөр бүр шинэ зүйлд өөрийгөө сорих, эргэн тойрноо ажиглах, бусдын уран бүтээлээс суралцах нь манай мэргэжлийн оюутнуудад хамгаас чухал. Япон Улсын нэг онцлог нь аливаа зүйлсийн суурь, чимхлүүр хэсэг бүр дээр сайтар анхаарч, хүнд ээлтэй байдлаар хүрээлэн буй орчноо бүтээдэг нь алхам тутамд ажиглагддаг. Суралцах хугацаандаа япончуудын энэхүү чанарыг өөриймшүүлэхийг хичээж байна даа.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Гадаадад ганцаараа амьдарч эхлэх үедээ эрүүл хооллолт хэчнээн чухал болохыг мэдэрсэн. Японд гадуур хооллох тун хямд, бүр гэртээ орцыг нь аваад хийхээс ч бага өртөгтэй. Мөн япончууд хоорондоо дотносохын тулд хамт хоол идэх, нэгнээ хоолонд урих нь нийтлэг тул тэр чинээгээр гэртээ хоол хийх нь багасдаг. Гэвч удаан хугацаанд гадуур хоолловол бие махбодын хувьд амархан ядардаг юм билээ.
Нэгэнт ядарсан биеэ сэргээж, эрч хүчээ эргүүлэн олж авахын тулд долоо хоногт дор хаяж нэг удаа монгол хоол хийж идэх дуртай. Хонины мах тэргүүтэй монгол хоолны ховор орцуудыг хайж, үүгээр түүгээр алхах зуураа шинэ газруудтай танилцдаг. Гэртээ ирсэн хойноо бэлэн гурилнаас аль болох татгалзаж, өөрөө гурилаа зуурч нэг өдрийг өнгөрүүлбэл толгой өвтгөсөн бусад асуудлаас хэсэгтээ ангижраад л явчихдаг шүү.
8. СУРАЛЦАХЫН ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Ямар нэгэн албан ёсны төсөл, ажилд хамрагдахыг хүсдэг ч дийлэнхдээ хичээлийн цаг, бие даалт, даалгаврын дундуур амжих аргагүй байдаг нь харамсалтай. Өдрийн ихэнх цагийг хичээлээ хийж, тархиа ачааллуулан өнгөрөөдөг тул үлдсэн багахан хугацаандаа аль болох сайн амардаг. Ингэхдээ төрөл бүрийн шинэ хоол турших, NBA-ын онцлох мэдээллүүдийг унших, тоглолтыг нь үзэх гэх мэтээр толгойгоо сэргээнэ.
Инженерчлэл, байгалийн шинжлэх ухааны салбарыг судалдаг тул аливаа зүйлийг логиктой бодож сэтгэх хэрэгцээ их гардаг ч нөгөөтээгүүр сэтгэлдээ чухам юу мэдэрч буйгаа илэрхийлэх боломж харьцангуй бага. Тиймээс энэхүү хэрэгцээгээ нөхөхийн тулд саяхнаас бичлэг хийх шинэ хоббитой болсон. Энэ арга нь бодол, мэдрэмжээ илэрхийлж гаргахад их тустай санагдсан шүү. Мөн тэмдэглэл хөтлөх дуртай. Толгойдоо орж ирсэн ихэнх бодлуудыг “барьж аваад”, тодорхой хугацаа өнгөрсний дараа өөр өнцгөөс нь харах гэж хичээдэг.
9. СУРАЛЦАЖ БУЙ ЧИГЛЭЛИЙН ТАНЬ ОНЦЛОГ? ОДОО СУРАЛЦАЖ БУЙ СУРГУУЛИА ЯМАР ШАЛГУУРААР СОНГОСОН БЭ?
Монбүшо техникийн коллеж хөтөлбөр нь тухайн сурагчийн сонирхож буй чиглэлээс хамааран коллежуудад хуваарилдаг.
Миний хувьд хот төлөвлөлтийн чиглэлээр суралцаж байна. Иргэдийн аз жаргалтай, тав тухтай амьдарч болох хотыг цогцлоох нь манай мэргэжлийн мөн чанар. Иргэний инженерчлэлд зам, гүүр, далан, байгаль орчин, гол ус, хот төлөвлөлт гэх мэт олон чиглэл байдаг ч Япон, тэр тусмаа Токио хотыг хэрхэн төлөвлөж, бүтээн байгуулсан нь миний сонирхлыг ихэд татсаны үндсэн дээр Япон орны бүтээн байгуулагчдын нөр их мэдлэг, агуу их туршлагаас суралцаж, Монгол улсаа хөгжүүлнэ гэсэн том мөрөөдлийг дотроо тээж явдаг.
10. ГАДААДАД СУРАЛЦАХЫН СОРИЛТ БА БЭРХШЭЭЛҮҮД
Гадаадад сурдаг оюутнуудын хувьд бие даан амьдралаа авч явах шаардлага тулгардаг. Үүнд давуу тал ч бий, сорилттой тал ч бий. Сонгосон чиглэлийнхээ дагуу ахисан түвшний ухагдахуунуудыг өөр орны хэл дээр сурч, судална гэдэг амаргүй даваа. Хичээлийн ачааллын хажуугаар хоол хийх, хувцас угаах зэрэг гэрийн ажлаас өгсүүлээд дуртай зүйлдээ цаг гаргах, шинэ хүмүүстэй танилцах зэрэг хувийн амьдралаа ч орхигдуулалгүй тэнцвэртэй авч явах хэрэгтэй болдог.
Энэ бүхний хажуугаар нэмэлт орлого олох шаардлага тулгарсан тохиолдолд цагийн ажил хийх хэрэгтэй гээд л бүхий л үүрэг хариуцлага 100 хувь миний нуруун дээр буудаг учраас хувийн сахилга баттай байх нь хамгийн хэцүү сорилт болов уу. Гэхдээ үүрэг хариуцлага өсөхийн хэрээр эрх чөлөө ч нэмэгддэг гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл юунд илүү цаг зарцуулахаа шийдэх эрх зөвхөн надад бий шүү дээ.
11. ЭНЭ УЛИРЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ ХИЧЭЭЛ? СУРГУУЛИА ТӨГССӨНИЙ ДАРААХ ТАНЫ ОЙРЫН ЗОРИЛТ?
Зар сурталчилгаа, маркетингтай холбоотой судалгаа хийдэг хичээлийг онцолъё. Аливаа газар орны нийгэм, ард олны хошин шогийн мэдрэмж (humour), философи зэрэг нь тухайн газрынхаа зар сурталчилгаанд нэвт шингэсэн байдаг юм уу даа гэх бодол уг хичээлийг үзэх явцад төрсөн. Япон сурталчилгаануудын илэрхийлэмж, хийц, шинж чанар нь Монголынхоос огт өөр болохоор үзэхэд тун сонирхолтой.
Одоо сурч буй коллежоо төгсөөд их сургуульд суралцахаар төлөвлөж байна. Мөн мэргэжлийнхээ дагуу болон боловсролын чиглэлээр судалгаа хийх хүсэлтэй байгаа.
12. ЯПОНД СУРАЛЦАХ, ТЭР ДУНДАА ЗГ-ЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХЫН ДАВУУ ТАЛ, БОЛОМЖУУД
Бүхий л Засгийн Газрын тэтгэлэг санхүүгийн буцалтгүй тэтгэмж гэдэг утгаараа гадаад оронд зохих хэмжээний санхүүгийн эрх чөлөөтэй суралцаж, өмнө нь оролдож үзээгүй зүйлсээ турших боломжийг олгодог. Мөн дэлхийн олон орноос төсөөт хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийг учруулж өгдөг нь том давуу тал юм шиг санагддаг.
Би Японд ирээд нэг жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Япон төдийгүй олон орны залуустай танилцаж, Монголын хаана ч тохиомгүй мөчүүдийг хамтдаа өнгөрүүллээ. Ингэснээр би өөрийн “Монгол” гэсэн үндэсний ондоошлыг улам таньж мэдэх болж, түүх, уламжлалынхаа нандин шинж чанаруудыг эргэн ухаарч, бахархах мэдрэмжийг авснаа онцлууштай.
Эргээд тэтгэлгийн давуу талын тухай яриандаа ороход, Засгийн Газрын тэтгэлгээр суралцахын давуу тал, боломжууд хэр олон эсвэл хэр цөөн байх нь тухайн хүний идэвхээс хамаарах зүйл мэт санагдана. Хамгийн чухал нь хоёр орны нэр хүндийг нуруундаа үүрч, хичээнгүйлэн суралцах хандлага бидний “биед суудаг.”
13. САНАЛ БОЛГОХ ЯПОН КИНО, НОМ
Япон хүүхдүүд анимэ, манга их үздэг. Тэдгээрээсээ өөрийн сонирхдог төрөл, дуртай сэдэвтэйгээ уялдуулан сонголтоо хийдэг юм шиг санагддаг. Хүмүүст нийтэд нь санал болгох гэвэл Spirited Away, My neighbor Totoro гээд Studio Ghibli -ийн бүтээлүүдээс үзэхийг санал болгоё.
14. ЯПОНЫ ЗГ-ЫН ТЭТГЭЛГИЙГ СОНИРХОЖ МӨН БЭЛДЭЖ БУЙ ЗАЛУУСТ ШИДЭХ САНАА
Монбүшо бол Япон оронд хайртай, тууштай, мөрөөдөлдөө үнэнч, хөдөлмөрч хэн бүхэнд зориулсан маш том боломж. Математик, физик, хими гэх хичээлүүдийн суурь боловсролын гүнзгий мэдлэг, англи, япон хэлний чадвар мөн ярилцлагын үеэр өөрийгөө илэрхийлэх чадвар нь энэхүү тэтгэлэгт тэнцэх гол түлхүүр билээ. Хэрэв та нэгэнт Японд сурахаар сэтгэл шулуудсан бол сэтгэлийн хаттай байх хэрэгтэйг хэлэх нь зүйтэй.
Энэ оронд амьдралынхаа таваас зургаан жилийг өнгөрүүлнэ гэдэг багагүй цаг хугацаа тул ямар ч сорилт, бэрхшээл тохиолдохыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Нөгөөтээгүүр бид Япон оронд эх орноо төлөөлөн суралцаж буй гэдэг утгаараа Японы Засгийн Газрын итгэлийг хүлээсэн оюутан байх учиртай. Иймд хариуцлагатай, тэсвэр тэвчээртэй, тууштай байдалд оюун санаа, зүрх сэтгэлээ бэлдээрэй. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих