Энэ удаагийн дугаартаа Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн захирал, Харвардын их сургуулийг Олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр төгссөн Б.Дөлгөөнийг урилаа. 

Хоёр охин, нэг хүүтэй ам бүл тавуул аж төрдөг тэрээр ажлынхаа хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг гаргаж, хүүхдүүддээ өсгөн хүмүүжүүлдэг тухайгаа хуваалцсаныг хүлээн авна уу. 

Нэр: Б.Дөлгөөн
Байршил: Монгол, Улаанбаатар
Ажил: Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал
Ам бүл: 5
Сошиал хуудсууд: Dulguun Baasandavaa (Facebook), dulguunbdv (Instagram)

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

Сайн байна уу, манайх ам бүл тавуулаа. Эхнэр, хоёр охин нэг хүүгийн хамт амьдардаг айл байна. Миний хувьд ажлынхаа хажуугаар гэр бүлийнхээ хүнсийг цуглуулах, зарим нэг гадуур бүтээх ажлуудаа амжуулдаг. Манай гэр бүлийн хэвшил болгосон зүйл гэвэл би хүүхдүүдээ усанд оруулж, ажлаасаа эрт ирсэн үедээ гэрийнхэндээ зориулан хоол хийж өгдөг юм. Одоо том охин маань нэгдүгээр ангийн сурагч, дунд маань цэцэрлэгт, бага хүү маань зургаан сартай. Хүүгээ харах, охины хичээл хийлгэх, гэр орны арын албыг эхнэр хариуцдаг. Харин охид маань өөрсдийнхөө тоглосон тоглоомоо эмхлэх, хувцсаа хурааж янзлах зэрэг үүргээ авна.



ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?

Гэрийнхнээсээ хамгийн эрт босдог нь би. Босоод өглөөнийхөө цайг бэлтгэдэг. Ажилдаа эрт явах өдрөө ганцаараа цайгаа уугаад, бусад өдрөө тавуулаа хамтдаа цайлдаг. Харин оройн хоолоо аль болох цугтаа идэхийг зорьдог.

Охид маань найман цаг өнгөрөөгөөд унтацгаадаг. Тогтмол цагт унтуулж сургах нь маш чухал гэдгийг их мэдэрч байгаа. Хүүхдүүд эрт, тогтмол цагт унтсанаар маш сайн амардаг санагддаг юм. Одоо бага хүүгээ тогтмол цагт унтуулж дадах ажиллагаа эхэлсэн явж байгаа.

Охид маань унтахынхаа өмнө заавал шүдээ угаана. Заримдаа дөрвүүлээ цуг зогсоод хамтдаа угаадаг. Заавал шүдээ угааж байж орондоо орох дадалтай. Том охин маань сургуульд орсон учир орой болгон сургууль дээрээ юу сурсан, ямар байсан талаар нь ярилцдаг. Сургуульдаа сургуулийн автобусаар явна. Үеийн найз болон том хүүхдүүд явдаг болохоор сайндаж муудах зүйлс бишгүй л гардаг юм шиг байгаа юм. Их олон төрлийн сэтгэл хөдлөлтэйгөөр өдрөө өнгөрөөснийг нь сонсох дуртай.

ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕХНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?

Миний хувьд хүүхдүүддээ эхэлсэн ажлаа дуусгах нь хамгийн чухал гэдгийг сургахыг зорьдог. Жишээ нь, хоол идэхийн өмнө тоглоомуудаа хурааж дуусгаад дараа нь хоолоо идэх гэх мэт. Багаас нь нэг ажлыг дуусгаад нөгөөх рүү нь орно гэдэг дадал ойлголтыг суулгах хэрэгтэй юм болов уу гэж боддог.

Хоёрт, өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвар. Хэлсэн зүйлс дээр нь тулгуурлаад загнахын оронд яагаад болохгүйг нь тайлбарлаж, орон зайг нь бүрдүүлж өгснөөр хүүхэд айдасгүй болох тусам өөрсдийгөө илэрхийлэхэд саад учрахгүй. Мэдээж болохгүй зүйл байгаа ч тэрийг нь загнахгүйгээр ухааруулж тайлбарлах нь чухал.

Гуравт, биеэ даах боломжийг нь олгох. Өөрсдөө гэмтчихгүй л бол гэрээ буулгах, завааруулах, асгах цутгах нь хамаагүй. Хүүхэд л юм чинь хөдөлгөөн ихтэй, аливааг заавал өөрөө хийж үзэж байж мэдэрдэг шүү дээ. Ус авчраад усан будаг байтугай зүйл хооронд нь хольж, өнгийн ус гаргаад тэрүүгээр нэг завааруулах ч юм уу. Хүүхдүүдээ хязгаарлагдмал биш чөлөөтэй байлгаж биеэ даах чадварыг олгодог.

ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН / ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?

Манай гэр бүлийн хувьд амралтын өдрөөр хамтдаа гадуур гардаг. Зун бол ууланд явна. Одоо хэт хүйтрээгүй байгаа дээр уул руу алхаж байгаа. Харин хүйтэрсэн үед туул гол дээр хүүхдүүдээ чаргаар тоглуулдаг. Миний хувьд энэ үеүдийг хүүхдүүдтэйгээ ярилцаж цагаа өнгөрөөх алтан мөчүүд гэж хэлж болно.

Түрүүн хэлсэнчлэн уул, байгальтай ойрхон явдаг учир бороо ус нэвтэрдэггүй, гол нь агаар нэвтрүүлдэг, урт хугацаагаар ууланд явахад хөлрүүлэхгүй материалтай хувцас хүүхдүүддээ авч өгдөг. "Джек Вольфскин (Jack Wolfskin)" гээд нэг бренд бий. Би гэртээ бараг л зурагт үздэггүй, гэхдээ гэр бүлээрээ гэвэл хааяа нэг Netflix дээр Кунг-Фу панда зэрэг хүүхэлдэйн кинонууд хамтдаа үздэг.



ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Хүүхэдтэй болно гэдэг асар том хариуцлага гэдгийг мэдэрсэн. Би гадаадад нэг ч Монгол хүнгүй газар оюутан байхдаа сургуулийнхаа гал тогоонд ажиллаж, ойр зуурын амьжиргаагаа хангадаг байсан юм. Тэр үед нэг ч мөнгөгүй байх өдрүүд тохиолдож л байлаа. Харин том охин маань мэндэлж түүнийг Эх нялхсын төв эмнэлэгт гартаа тэврэх мөчид "За, би ганцаараа биш боллоо, энэ хүнийг хэзээ ч өлсгөж болохгүй хариуцлага чинь миний юм байна шүү" гэдгийг маш сайн ухаарсан даа. Их ч баярлахын хажуугаар асар их хариуцлага нэмэгдсэнийг мэдэрсэн.

Өөрөө хүүхэдтэй байна гэдэг тэс ондоо зүйл юм. "Тэнгэрт нэг нүд" /Eye in the sky/ гээд кино байдаг. Охиноо төрөөгүй байхад тэр киног анх үзэж байсан. Киноны сүүлд нэг охин бөмбөгдөлтөд өртдөг хэсэг гардаг. Хүүхэдгүй байх үедээ үзэхэд байдаг л кино шиг санагдсан. Харин хоёр жилийн дараа охинтой болсон хойноо үзэхэд тэр хэсэг дээр өөрийн мэдэлгүй нулимс урссан байсан. Аав нь шархадсан ухаангүй охиноо тэврээд эмнэлэг рүү давхихыг үзээд аавд нь ямар санагдаж байгаа бол гээд хүн чинь өөрөө аав болсны дараа өөр дээрээ тусгаж авч боддог юм байна лээ. Би охиноо ингээд тэврээд гүйвэл яана даа гээд.

Хааяа болж бүтэхгүй зүйл харахаар бид ер нь ямар нийгмийг хүүхдүүддээ үлдээх гээд байна вэ гэж их бодох болсон. Хүүхдүүдээ аюулгүй, тэр бяцхан амьтдын байгалиас өгсөн авьяас чадварыг нь гадна талаас нь хорьж боохгүйн тулд миний болон бидний оролцоо юу байна вэ гэдэг талаас нь их харахыг хичээдэг.

Тэр ч утгаараа эх орноо хөгжүүлэх, үр хүүхдэдээ илүү сайхан нийгмийг үлдээхийн төлөө одоогийн ажлаа хийж явна. Нэг яруу найрагчийн шүлгийг уншиж байхад “Үр минь үлдэх хорвоо” гэж хэлсэн нь одоо болтол сэтгэлээс гарахгүй л байгаа.

Монгол эр хүн 60 хүрч ухаан сууж, 61-тэйдээ нас бардаг гээд үг байдаг даа /инээв/. Жарын талыг хэдийн насалсан над шиг хүнд хугацаа тийм ч их алга, байгаа хугацаандаа яаравчлах л хэрэгтэй гэж бодоод яараад л байна.



ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?

Амралт ч нэг бодлын тансаглал л даа. Би их сургуулийн эхний курст орсон бараг анхны өдрөөсөө шахуу урт сэлүүрт завины сургалтад бүртгүүлж хичээллэж эхэлсэн. Тэр үед надад шүтэж явдаг нэг хүн байсан юм. Тэр хүн бол энэ спортын бурхан гэж нэрлэж болох Сэр Стив Редгрейв (Steve Redgrave). Олимпод таван алтан медаль авах байж болох ч дараалаад таван олимпод хамгийн хүнд спортуудын нэг болох урт сэлүүрт завиар таван удаа алт авсан хүн энэ хүнээс өөр дэлхий дээр байхгүй. Түүний өгсөн ярилцлагад тэрээр жилийн 363 өдөр бэлтгэлээ хийж, нэг л өдөр амардаг гэж хэлсэн байдаг. Тэр амралт нь Зул сарын баяраар амардаг.

Би ч арай Редгрейв шиг биш. Гэхдээ бидэнд олдож байгаа цаг хугацаа, боломж бололцоо хязгаарлагдмал тул амралтыг сайн зохицуулж, боломжийг алдахгүй байх нь чухал гэж боддог. Олдож байгаа амралтаа гэр бүлтэйгээ хамт ямар нэг зүйл хийж өнгөрөөдөг. Тэр нь эргээд бидний хамтын ой тойнд тод томруун үлдэх юм даа.

Хүүхэд өсгөхдөө туслалцаа авалгүй яах вэ. Хааяа хүүхдүүдээ хоёр талын эмээ өвөөд өгч харуулдаг. Заримдаа гэрээр нь орж хоол бууддаг /инээв/. Айл хэсэнгээ сонин сайхнаа ярилцах нь нэг төрлийн монголчууд бидний гэр бүлсэг зан гэж боддог.



АЖИЛЛАДАГ ААВ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ ЮУ ВЭ?

Олон зүйл бий. Эхнэр бид хоёр бага хүүгээ төрөхөөс өмнө хоёр охиноо цэцэрлэгт өгөөд, хоёулаа бүтэн цагаар ажилладаг байсан. Тэр үед ажлын өдрөөр хүүхдүүд маань юу хийж цэцэрлэгтээ өнждөгийг зөвхөн тэдний ярианаас л мэддэг байв. Эндээс харахад хамтын ой санамж, дурсамж нэгэн том золиос болдог юм болов уу.

Том охиноо төрөөд хоёр хонож байхад би магистртаа орж байсан. Магистрын хоёр жилд өөрийгөө дайчилж, авах ёстойгоос илүү олон кредит судалж, маш өндөр ачаалалтай сурдаг байлаа. Энэ үед өдөрт нэг цаг гэртээ заавал ирж хүүхдээ усанд оруулаад, оройн хоолоо идчихээд буцаад номын сан руу явж, шөнийн нэг цаг хүртэл буюу хаатал нь суудаг байсан.

Амралтын өдрөөр хүнсээ хамтдаа цуглуулахаас бусдаар бол номын санд л өнждөг байв. Хоёр жил энэ байдлаар явсан учир охиныхоо бага насны дурсамжийг илүүтэй зурган дээр л харахаас биш бодит дурсамж надад маш бага үлдсэн юм шиг санагддаг.

Одоо хүү дээрээ тэр алдааг давтахгүйг хичээж аль болох цаг гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Хэдий хүссэн ч заримдаа тэгж чадахгүй байна уу гэж бодогдох юм. Хоёр охиныгоо бол төгссөнөөс хойш илүү анхаарч, чөлөөтэй сэтгэх сэтгэлгээ суулгах дээр нь ажиллаж, хайр халамжаар дутаахгүй гэж хичээж байна.

ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?

Анх хүүхэдтэй болох мөч бол хүний амьдралд нэг мэдээгүй өнгийг нэмдэг юм шиг. Мэдээж эцэг эх бүрийн мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. Анх охин маань алхаж сурсан мөч нь огт мартагддаггүй. Охин бид хоёр манай сургуулийн гүйлтийн талбай дээр боломж олдох болгонд хамт алхдаг байсан ч, Монголд ирээд манай том охин гурван настайдаа Тэрэлжийн мэлхий хаднаас Арьяабалын сүм рүү өөрөө алхаж шийр заасан.

Өмнө нь үүрч явдаг байсан бол нэг өдөр өөрөө алхаад л дуусгачихдаг юм билээ. Гурван настай хүүхдэд 5 км зам тийм ч хялбар биш. Ийм мөч бүрд л өмнө баярлаж байгаагүй юм шиг баярлах юм. Ирээдүйд их сургуулиа төгсөх, хүнтэй гэрлэх гээд олон сайхан зүйлс гарч ирнэ дээ.



ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?

Дэлхийн банкны төсөл дээр Криспин Пиготт гээд маш ухаалаг ахтай хамт ажиллаж байсан юм. Тэр ахын хүүхдүүд дэлхийн том компаниудад топ инженерээр ажиллаж байлаа. Би тэр үед та хүүхдүүдээ яаж ингэж сайн хүмүүжүүлж чадав аа гэж асуухад “Би хүүхдүүдийнхээ асуусан асуултад нь маш сайн тайлбар өгч, хэрэв мэдэхгүй бол хамтдаа "Encyclopedia" буюу Нэвтэрхий толь уншаад олж мэддэг байсан” гэж хэлсэн.

Энэ нь хүүхдэд би өөрөө бас манай аав ээж бүх зүйлийг мэдэх албагүй юм байна, мэдэхгүй зүйлээ өөрөө хайж уншаад, оролдож үзээд танин мэдэх боломжтой юм байна гэх зан төлвийг суулгадаг. Мөн хувь хүний аливааг эрэлхийлэх хандлага тэр хүний юу мэддэгээс илүү чухал гэх ойлголтыг төрүүлдэг юм шиг санагдаж байсан. Одоо түүнийг нь би хэрэгжүүлэх гэж оролддог.

ХҮҮХДҮҮДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Рене Декартийн хэлсэн эшлэл байдаг. "Би сэтгэж байна. Тиймээс би оршиж байна" (I think therefore am) гэж. Би хүүхдүүдээ маш сайн тунгаан бодож эргэцүүлж чаддаг хүн болоосой гэж хүсдэг.

Өмнө нь, би Африк, Европ, Америкт гээд олон газар сурч, боловсорч, ажиллаж амьдарсан. Энэ хугацаанд маш олон төрлийн хүмүүстэй уулзаж, ярилцаж, хамтарч ажиллаж үзлээ. Ингээд ямар хүмүүс илүү амьдралдаа сэтгэл ханамжтай, мөн бурхнаас заяасан өөрсдийн потенциалдаа хүрч чадаж байна вэ гээд харвал урагшаа тэмүүлэх тэмүүлэл өндөртэй хүмүүс байсан. Тэгвэл юу хүмүүсийг урагшаа тэмүүлэх үндэс болдгийг бодоод үзвэл тэр хүн хэр "сониуч" байх нь их чухал санагдсан.

Хүн төрөлхтний мэдлэг чадвар хязгааргүй тул өөрийн чадвар мэдлэгийг шат ахиулах боломж нь "сониуч" байх явдал юм болов уу. Тиймээс хүүхдүүдийн сониуч занг нь тэтгэж, тэднийг цаг үргэлжид энэ зангаа хадгалж яваасай гэж хүсэж байна. Тэгж чадвал тасралтгүй сурч хөдөлмөрлөж, өөрсдийн хөдөлмөрөөр өөрсдийн амьдралыг бүрэн дүүрэн цогцлоож чадна.