Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх гэр бүлийн амьдралд эцэг эхийн үүрэг, оролцоо ижил тэнцүү чухал билээ. Unread-ийн зүгээс санаачлан эхлүүлсэн "Би хүүхдээ ингэж өсгөдөг" ярилцлагын буланд гурван жилийн хугацаанд 60 орчим гэр бүл оролцжээ.
Хүүхэдтэй болон хүүхэдтэй болохоор төлөвлөж буй залуу хосууд, гэр бүлүүдэд шинэ санаа, урам зориг өгөх зорилгоор эхэлсэн уг цуврал контентын шинэ дугаартаа Монгол цэргийн баярыг тохиолдуулан аавуудын хүүхэд өсгөх арга барил, үзэл бодлын тухайд сонирхолтой хариултуудыг түүвэрлэн хүргэж байна.
ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕХНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?
Комедиан аав Б.Төгөлдөр
Хүүхдүүдээ ямар нэгэн юм хийхэд нь сайн ч бай, муу ч бай үр дагаврыг нь сайтар тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Алсдаа энэ нь хүүхдүүдийг маань аливаа юмны учир шалтгааныг ойлгодог, амьдрах чадвартай нэгэн болж хүмүүжихэд тустай. Жишээ нь би хүүхдүүдээр өөрсдөөр нь шийдвэр гаргуулдаг. Дэлгүүрт ороод чихэр авах боллоо гэхэд зөвхөн нэг ширхгийг худалдаж авах эрх өгнө. Хүүхдүүд бол бүгдийг нь л авмаар санагдана шүү дээ. Яг тухайн мөчид алдсан ч бай, оносон ч бай эцсийн шийдвэрийг өөрсдөө гаргана гэсэн үг. Тэрхүү сонголт нь заримдаа таалагдана, заримдаа үгүй. Хэрвээ муу сонголт хийсэн бол дараа ахиж тийнхүү сонгохгүйг хичээнэ.
Дэлгэрэнгүй ярилцлага: Гурван хүүхдийн аав Төгөлдөр байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг.
Уран бүтээлч аав Г.Эрдэнэбилэг:
Хүүхдүүдийнхээ мэндлэх, хүндлэх ёсонд нэлээд ач холбогдолтой ханддаг. Хаана, ямар ч тохиолдолд өөрөөсөө ах зах хүнтэй хүндлэлгүй, дураараа аашлахыг буруу гэж үздэг. Тийм ааш цухалзвал цаг гарган, чухалчлан ярилцаж, ойлгуулахыг хичээнэ. Хайрлана, гэхдээ буруу хайрлахаас татгалзана. Үүний дүнд манай хүүхдүүд ах эгч нараасаа айж ичдэг, үгийг нь авдаг, эргээд хүндлэлийн тухай сайн ойлголттой, хүмүүжилтэй, бие биедээ хайртай болно.
Хэдий олуулаа ч гэсэн гаднын хүн орж ирэхэд бужигнаж, үймүүлдэхгүй. Найман хүүхэд өсөж байгаа гэр гэхэд манайд урагдсан, зурагдсан обой ч байдаггүй. Энэ нь хүүхдүүдээ боль, байг гэж хорьдог бус харин бага дүү нар нь гэрийнхнийгээ, ах эгч нарыгаа хараад хар аяндаа л болох болохгүйн хэм хэмжээг ухамсартаа ойлгоод, гэрээ гэсэн сэтгэлтэй болдогтой холбоотой гэж боддог.
Дэлгэрэнгүй ярилцлага: 8 хүүхдийн аав Г.Эрдэнэбилэг байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг
The Late Night with Miko" нэвтрүүлгийн хөтлөгч гурван охины аав О.Мишээл
Би хувьдаа хүүхдүүддээ өөрийнхөөрөө байх орон зайг нь олгох хэрэгтэй гэж боддог. Хүүхэд заавал халуун юманд гараа хүргэснийхээ дараа л "аан энэ халуун юм байна, энд хүрч болохгүй юм байна" гэдгийг мэдэж авдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдэд аав ээж нь хэлсэн ч бай, хэлээгүй ч бай, тэртэй тэргүй бүх зүйлийг хийж үзэж байж л ойлгоно. Иймд хүүхдэд алдах, түүнээсээ суралцаж ойлгох орон зайг нь олгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ярилцлага: Гурван охины аав Мико байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг.
Уран бүтээлч аав Э.Мишээл:
Хүүхдүүддээ хатуурхах, гар хүрэхийг огт байж болохгүй зүйл гэж боддог. Ялангуяа охин хүүхдэдээ. Харин аливаа зүйлийн учир холбогдлыг сайн тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэйг охиныноосоо ойлгож явна. Охины маань хувьд ээж, аавынхаа үгэнд сайн ордог нь тухайн зүйлийг утга учрыг нь маш сайн ойлгуулсны үр дүн юм уу даа.
Бид тухайн хүүхдийг ямар ч аргаар, яаж ч хүмүүжүүлж болох учир хянамгай хандах хэрэгтэй. Жишээлбэл, хүүхдийг алдаа гаргах үед нь зэмлэсэн тэр мөчөөс эхлэн тухайн хүүхэд өөртөө итгэлгүй болох, шийдвэр гаргахаас эмээх, дотогшоо болох зэргээр олон сөрөг үр дагаврыг авчирдаг. Тиймээс хүүхдэд алдах боломжийг нь олгох, ахин өөр аргаар турших боломжийг нь нээн, дэмжих хэрэгтэй гэдэгтэй санал нэг байдаг.
Дэлгэрэнгүй ярилцлага: Э.Мишээл, О.Цэнгэл нарын гэр бүл байна, бид хүүхдүүдээ ингэж өсгөдөг.
ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Уран бүтээлч аав М.Мягмар
Биеэ авч явах байдал, ертөнцийг үзэх үзэл их өөрчлөгддөг юм билээ. Хүүтэй болохоор аз, охин төрөхөөр жаргал ирлээ гэж ярьдаг шүү дээ. Манай гэрт аз, жаргал хоёул ирсэн. Тэр аз жаргалыг хадгалж явахын төлөө үргэлж хичээж, сэтгэл зүтгэл гаргаж явах ёстойгоо ухаарсан.
Би байнга тамхи татдаг, хорт зуршилтай байлаа. Харин охиноо төрөхөд тамхинаас шууд гарсан, хаяад гурван жил болж байна. Хүүхэд аав ээжийн тусгал учраас дэргэд нь хараал хэлэхгүй байх, замын хөдөлгөөнд оролцож байхдаа элдэв авир байдал гаргахгүй байх зэргээр хянамгай байх хэрэгтэй. Хүүхдийн хувьд бүх зүйл шинэ соргог. Ийм үед нь гэнэ алдах юм бол эргээд хүүхдээсээ өөрийнхөө тэр өө, алдааг олж харна. Тийм болохоор маш мэдрэмжтэй, бас болгоомжтой байх ёстой гэж боддог.
Дэлгэрэнгүй ярилцлага: Хоёр хүүхдийн аав Мягмар байна, Би хүүхдүүдээ ингэж өсгөдөг.
Залуу аав Н.Ганбилгүүн:
Хүүхэдтэй болоод л тогтмол ажил хийж эхэлсэн. Өмнө нь ганц бие байхдаа зөвхөн өөртөө бүхнээ зориулдаг байсан болохоор болгоод яваад байдаг байсан ч хүүхэд гэдэг асар их хариуцлагыг мэдрүүлдэг юм билээ. Одоо хийж буй ажлын минь хувьд долоо хоногт зөвхөн нэг өдрийг л бүтэн сууж өнгөрүүлэн, бусад өдрүүдэд нь гадуур явах юм уу, утсаар ярих байдлаар ажилладаг. Тиймээс гэр бүлдээ цаг зарцуулах харьцангуй боломжтой.
Харин дийлэнх аав нарын хувьд өглөө ажилдаа гараад орой ядарч ирээд ахиад л энэ байдал нь үргэлжилсээр хүүхдийнхээ өсөж буй үйл явцыг тэр бүр ойроос харж чаддаггүй нь битүүхэн харамсал төрүүлдэг. Амьдралаа залгуулж буй учир ингэхээс өөр аргагүй байдаг байж болох ч гэртээ байх хугацаандаа аль болох гэр бүлийнхэндээ цаг зарцуулдаг байгаасай гэж боддог. Бас би хүүхэдтэй болсны дараа аав ээжийгээ илүү их хайрладаг болсон.
Дэлгэрэнгүй ярилцлага: Н.Ганбилгүүн, Б.Номин-Эрдэнийн гэр бүл байна, бид хүүхдээ ингэж өсгөдөг.
Контент бүтээгч аав Э.Гантулга:
Хуучны Гантулга, аав болсон Гантулга хоёр хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай. Жишээ нь би аав болохоос өмнө үрэлгэн, салан, хариуцлага муутай, цагийн менежментгүй, гэр бүлдээ бага цаг зарцуулдаг гэх мэт олон талаараа дутагдалтай байсан. Харин хүүхэд энэ бүхнийг холбож чаддаг юм шиг санагдсан. Учир нь одоо би энэ бүх дутагдлаа засахыг хичээхээс гадна ээж, эмээ гээд л бүхий л гэр бүлийнхэндээ цаг гаргадаг болсон байна. Мөн тамхи огт татахгүй байгаа гэж хэлэхгүй ч ер нь тамхинаас татгалздаг болсон. Мөнгө хуримтлуулж чаддаггүй байсан бол хуримтлуулж сурахаас гадна дэмий зүйлд мөнгө үрэхээ больсон байна.
Дэлгэрэнгүй ярилцлага: Э.Гантулга, Г.Хонгорзулын гэр бүл байна, бид хүүхдээ ингэж өсгөдөг.
Хөдөөний айл, хоёр хүүгийн аав Ч.Ерөөлтүвшин:
Би өмнө нь цагдаагийн байгууллагад ажилладаг байсан. Ажил дээр өдөр бүрийн, долоо хоногийн, сарын төлөвлөгөө гаргадаг байсан. Хүүхэдтэй болсноос хойш ахуй амьдрал дээрээ ч яг ийм төлөвлөгөө гаргадаг болж өөрчлөгдсөн. Ер нь нарийн төлөвлөгөөтэй, илүү сахилга баттай болсон юм байна. Гэргий маань төлөвлөгөө гаргах тал дээр их гаргууд. Бид хүүхдүүдээ унтаж байх хооронд төлөвлөгөөгөө гаргадаг.
Дэлгэрэнгүй ярилцлага: “Хөдөөний айл”-ын хоёр байна, бид хүүхдээ ингэж өсгөдөг.
ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?
Дөрвөн хүүгийн аав Ө.Үнэнбүрэн:
Эхнэр бид хоёрын суусан хүүхэд хөгжлийн сургалтын багш “Асуудал хүүхдэд байдаггүй. Асуудал ээж аавд л байдаг” гэж хэлсэн нь гүн сэтгэгдэл үлдээсэн. Энэ зөвлөгөө надад их хэрэг болж, хэрэгтэй үед чиглүүлж өгдөг. Эцэг эх бүр хүүхдээ сайн хүн болгохыг л хүсдэг, би ч адилхан. Тийм ч учраас зорилгодоо хүрье гэвэл би өөрөө эхлээд тэр хүн нь байх ёстойг энэ үг сануулсан.
Ер нь ээж аавуудыг мэргэжлийн хүмүүст хандаж байгаарай гэж хэлмээр байна. Асуудлыг шийдэхэд тухайн асуудлыг хөндлөнгийн, мэргэжлийн нүдээр харах нь үнэхээр сайнаар нөлөөлдөг юм байна лээ шүү. Сэтгэл зүйч юм уу хүүхэд хөгжлийн мэргэжилтэн дээр заавал асуудлыг даамжруулан байж очилгүй, асуудлыг бага дээр нь очиж шийддэг байх хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ярилцлага: 4 хүүгийн аав Ө.Үнэнбүрэн байна, би хүүхдээ ингэж өсгөдөг
Хоёр охины аав Чой Кён Сон:
Намайг ухаан орох үеэс л дийлэнх солонгосчууд өөрсдийн үр хүүхдийг маш хуучинсаг, уламжлалт арга барилаар өсгөдөг байсан. Жишээлбэл: том хүний өөдөөс үг сөрж болохгүй, хоолоо заавал дуустал идэх ёстой, заавал энэ хувцсыг өмсөх ёстой гэх мэтчилэн томчууд бүх зүйлийг зааж зааварлан, хүүхдэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олгодоггүй байлаа.
Миний хувьд энэ арга барил огтхон ч таалагддаггүй байсан тул охидынхоо санаа бодлыг сайтар асууж, цаг ямагт харилцан ярилцахыг хичээдэг. Гадагшаа гарах үедээ хүртэл аав нь энэ цамцыг өмсчихвөл ямар харагдах бол гэж охидоосоо асуун, тэдний саналыг сонсох дуртай. Өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлж чаддаг нэгэн болж төлөвших нь энэ нийгэмд тун чухал.
Дэлгэрэнгүй ярилцлага: Чой Кён Сон, Grace нарын гэр бүл байна, Бид хүүхдээ ингэж өсгөдөг.
Гурван хүүхдийн аав Б.Дөлгөөн
Дэлхийн банкны төсөл дээр Криспин Пиготт гэх ухаалаг ахтай хамтарч ажилласан юм. Тэр ахын хүүхдүүд дэлхийн том компаниудад топ инженерээр ажилладаг. Тэр үед би “та хүүхдүүдээ яаж ингэж сайн хүмүүжүүлж чадав аа гэж асуухад - -Би хүүхдүүдийнхээ асуусан асуултад нь маш сайн тайлбар өгч, хэрэв мэдэхгүй бол хамтдаа "Encyclopedia" буюу Нэвтэрхий толь уншиж олж мэддэг байсан” гэж хэлсэн. Энэ нь хүүхдэд би өөрөө бас манай аав ээж бүх зүйлийг мэдэх албагүй юм байна, мэдэхгүй зүйлээ өөрөө хайж уншаад, оролдож үзээд танин мэдэх боломжтой юм байна гэх зан төлвийг суулгадаг. Мөн хувь хүний аливааг эрэлхийлэх хандлага тэр хүний юу мэддэгээс илүү чухал гэх ойлголтыг төрүүлдэг мэт санагддаг. Одоо түүнийг хэрэгжүүлэх гэж оролддог.
Дэлгэрэнгүй ярилцлага: Гурван хүүхдийн аав Б.Дөлгөөн байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг
Комедиан аав Д.Амартүвшин: Хүүхэд хэдэн настай байсан ч томчууд бидэнтэй ижил хувь хүмүүс. Томчууд бусадтай хэрхэн харилцаж, үзэл бодлоо солилцож, маргаан дэгдээж, нэг нэгнийхээ дотоод ертөнцийг хүндэлдэг шигээ хүүхэдтэй ч мөн адил эрх тэгш харилцах ёстой. Энэ бол миний охиноо өсгөхдөө баримталдаг хамгийн суурь, үндсэн зарчим.
Амьдралын турш ямар ч хүнд, хэцүү үйл явдал тохиосон чамайг тосоод авах гэр бүл, асуудлыг чинь сонсох хэн нэгэн бий шүү гэдгийг хүүхдэд мэдрүүлэх нь чухал санагддаг. Зарим хүмүүс хүүхэд уйлах үед “Өө хүүхэд юм чинь уйлж л байг, тоохгүй орхичихвол өөрөө уйлахаа больчихно” гэж хэлдэг шүү дээ. Хүүхэд томорсон ч эцэг эхийн энэ хандлага арилахгүй байвал хүүхдийн сэтгэлзүйд “Надад өөрөөс минь өөр хэн ч туслахгүй юм байна” гэдэг мэдрэмж үүсээд, хаалттай хүн болж өсдөг.
Эсрэгээрээ уйлж байх үед нь ухасхийж очоод “За яасан, юу нь тухгүй байна? Яагаад уйлав? Сэтгэл санаа нь тавгүй байгаа юм уу?" гээд харилцан ярилцах тусам хүүхдэд дутуугийн комплекс бага үүсдэг гэсэн. Хүүхдээ бага гэлтгүй байнга тэвэрч, хайртайгаа илэрхийлж, сэтгэл санааных нь тавгүй байдлыг ойлгох гэж хичээж, өөрийг нь ямар ч нөхцөлд хайраар өлгийдөөд авах бүрэн бүтэн ар тал байгаа шүү гэдгийг мэдрүүлж байх ёстой гэж л дотроо байнга санаж явдаг даа.
Дэлгэрэнгүй ярилцлага: Индранилын аав Амараа байна, Би хүүхдээ ингэж өсгөдөг
ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?
Декрет авсан аав Г.Амаржаргал
Хүүхдүүддээ аав ээжийнхээ үр минь болж ирсэнд, амьдралыг олон өнгөтэй, аз жаргалтай болгосонд гээд цаг үргэлж баярлаж талархдаг. Тэдний анх хэлсэн үг, зурсан зураг, бүжсэн бүжиг, дуулсан дуу, анхны тэмцээн, анхны амжилт гээд бүхнээр бахархдаг. Нэгийг нь ч мартаагүй. Тод дурсамж шүү дээ.
Дэлгэрэнгүй ярилцлага: Дөрвөн хүүхдийн аав Г.Амаржаргал байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг
Продюсер аав Г.Тамир
Хөвгүүдээ эрүүл саруул өсөж, торниж буйд нь хамгийн их баярладаг. Хааяа ажлаасаа жаахан эрт тарах үед хүүхдүүдийн “аав ирлээ” гэж баярлаж, хашхиран гүйлдэх тэр мөч, өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд салахад миний дотор уйлах гээд ч байгаа юм шиг эмзэг мэдрэмж төрөх үе, аав ээждээ зориулаад зурсан зураг, бэлдсэн бэлэг, хадгалж үлдээсэн шоколадны булан зэрэг хайраа илэрхийлж буй тэр бүхэн нь хайрлаж, баярламаар шүү дээ.
Дэлгэрэнгүй ярилцлага: Гурван хүүгийн аав Э.Тамир байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг.
Залуу аав Н.Ананд
Машиндаа хүүгээ суулгаад явахаар хүү маань хойноос намайг машин барихыг харж явдаг юм. Нэг удаа жолоочийн суудалд суулгаж үзсэн чинь машины түлхүүр аваад түлхүүр хийдэг нүх рүү оруулах гээд үзээд байна шүү. Тийм жаахан хэрнээ яаж асаадгийг нь мэдэж байгаа нь гайхалтай. Араагаа хүртэл хөдөлгөх гээд л. Тэрийг харах үнэхээр хөөрхөн байсан.
Дэлгэрэнгүй ярилцлага: Н.Ананд, Б.Буяндэлгэрийн гэр бүл байна, бид хүүхдээ ингэж өсгөдөг.
“Хамтдаа Уншицгаая” төслийн хэрэгжүүлэгч, таван настай охины аав Марк Кэйниг
Охиныхоо өсөж хөгжиж буйг харахад хэзээд таатай санагддаг. Хорвоо ертөнцийг надаас өөр өнцгөөс харж, танин мэдэж байгаа нь үнэхээр сэтгэл хөдлөм.Санаанаас гардаггүй түүний нэгэн өхөөрдөм дурсамж байдаг юм. Бидний уншиж байсан “Goodnight Moon” номоос тэр сарны тухай анх мэдэж авч байлаа. Хэзээ хойно нэг орой машинтай явж байхад тэр анх удаа шөнийн тэнгэр дэх сарыг олж хараад “Сар” гэж хэлсэн. Номоос харсан зүйлээ бодит амьдрал дээр олж үзээд хэчнээн их баяртай байсан гээч. Мөн түүний бусдыг ойлгох гэсэн хүсэл, бусдын оронд өөрийгөө тавих гэсэн сэтгэл нь бахархмаар шүү.
Дэлгэрэнгүй ярилцлага: Таван настай охины аав Марк Кэйниг байна, би хүүхдээ ингэж өсгөдөг.