Бидний энэ удаагийн зочин бол "Seattle ESL and Life Coaching School"-ийн захирал, "Мөрөөдөх эрх" ТББ-ын тэргүүн, "Dream Publishing" компанийн номын зохиолч, орчуулагч, гурван хүүхдийн ээж Б.Гэрэлчимэг буюу Зүүгий.

Тэрээр нөхөр, гурван хүүхдийн хамтаар АНУ-ын Сиэтл хотноо ажиллаж амьдардаг. Олон ажлыг зэрэг амжуулахын хажуугаар хүүхэд бүрийнхээ хувийн зан чанар, онцлогт тааруулан хүүхэд хүмүүжлийн сонирхолтой арга барил баримталдгаа хуваалцсан юм.

Нэр: Б.Гэрэлчимэг
Байршил: АНУ, Сиэтл
Ажил: "Seattle ESL and Life Coaching School"-ийн захирал
Ам бүл: 5
Сошиал хуудсууд: Zuugii Zoey Boldbaatar (Facebook), @coach_zuugii (Instagram)



БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

Би эдийн засагч мэргэжилтэй боловч англи хэлний багшаар ажиллаад 12 жил болжээ. Нэмээд коучинг чиглэлээр суралцаж төгссөн. Одоогоор бага боловсролын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалахаар суралцаж байна.

Манай хүнийг Ч.Чинзориг гэдэг. АНУ-ын Сиэтл хоттой залгаа дагуул хотод "Chinook Sushi" гэх сушины ресторан ажиллуулдаг. Бид хоёр хүү, нэг охинтой, ам бүл тавуулаа амьдардаг. Том хүү 11 настай, бага сургуулийн зургаадугаар анги. Дунд охин таван настай, энэ жилээс бэлтгэл ангид суралцаж эхэлсэн. Бага хүү маань саяхан нэг ой хүрсэн.

Гэр бүлийн үүргийн тухайд яг тодорхой хуваарилсан зүйл байхгүй. Манай хүн хувийн бизнес эрхэлдэг тул долоо хоногийн таван өдөр өглөө арван цагаас орой 22 цаг хүртэл ажилладаг юм. Бизнесээ эхлүүлээд ердөө гурван жил болж буй тул жигдрүүлэх хүртэл нь шаргуу ажиллах шаардлагатай болсон.

Харин би нөхрийгөө ажиллаж байх үед нь гэрээсээ ажиллангаа хүүхдүүдээ бараг л ганц бие ээж шиг хардаг гэж хэлж болно. Гэхдээ нөхөр маань ажлаа тарж ирээд ахуйн ажилд үргэлж тусалдаг шүү.

ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?

Би өглөө бүр гэр бүлийнхнээсээ түрүүлж таван цагт босоод ажлуудаа амжуулдаг дадалтай. Энэ үеэр нөхөр маань босож кофе чанаад, хүүхдүүдээ сэрэхээс өмнө хамтдаа тухайн өдрийн төлөвлөгөөгөө ярилцаж хэвшсэн. Учир нь, хүүхдүүдийг сэрсэн үед зэрэгцэн ярилцах нь өглөөний уур амьсгалыг бухимдуу болгох талтай байдаг гэх үү дээ. Үүний дараа халуун ам бүлээрээ хамтдаа цайгаа уудаг.

Аав нь өдөр, оройн хоолны үеэр төдийлөн хамт байдаггүй тул өглөөний цайнд илүү ач холбогдол өгч, ширээгээ аль болох дүүргэн, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг зорьдог. Өнгөн талдаа энгийн зүйл мэт боловч хүүхдүүд маань гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, элбэг дэлбэг байхын сайхныг мэдрээсэй гэсэндээ хийдэг. Мөн энэ нь гэртээ хорогдох, гэр рүүгээ тэмүүлдэг шалтгаан нь болоосой гэж хүсдэг юм.

Оройдоо ах нь дүүгийнхээ, дүү нь дүүгийнхээ шүдийг угааж өгнө гэдэг зарчимтай. Шүдийг нь угааж өгөх үедээ яагаад шүдээ угаах ёстой талаар тайлбарлах үүрэгтэй. Намайг бага байхад аав ээжийн хэлсэн үгнээс илүү ахын хэлсэн үг илүү хүчтэй нөлөөлдөг байсан юм. Өөрөөр хэлбэл, хүүхдээс хүүхдийн хооронд болж буй харилцаа илүү үр дүнтэйг анзаарсан.

ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕХНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ? 

Дархан цаазат газар гэж байдаг шүү дээ. Яг түүн шиг хүүхэд бүрд халдаж боломгүй дархан цаазат газрыг бий болгох ёстой болов уу. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ ямар онцлог зан чанарыг нь хадгалж төлөвшүүлэхийг хүснэ, түүнийг нь няцаасан үг, үйлдэл гаргахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, би хүүхэд тус бүрийнхээ гурван онцлог зан чанарыг нь тодотгон үзэн, яаж ч уурлаж, бухимдаж байсан тэрхүү зан чанарыг нь няцаасан үг, үйлдэл гаргахгүй байхыг эрмэлздэг.



ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН / ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?

Дуртай монгол брэнд гэвэл хүүхдийн хувцасны "Үр минь" брэнд. Монголоос захиж, бэлгэнд авах дуртай. Хэдийгээр хүүхдүүдийнхээ өмсөхгүй хувцаснуудыг өөр хүүхдүүдэд өгдөг ч "Үр минь" брэндийн хувцаснуудыг багадсан ч хайрцагт хийж хадгалдаг юм.

Хүүхдүүдийн шимтэн үздэг контент гэвэл "Houston zoo" гэх амьтны хүрээлэн доторх амьтдын дүрс бичлэгүүд гардаг суваг. Мөн чихмэл тоглоомон аалзтай байдаг охины тухай өгүүлдэг "Woolly and Tig" гэх контент. Аалз нь аливаа хүнд нөхцөлд ямар шийдэл гаргаж болохыг охинд заадаг.

Бусдаар тийм ч олон төрлийн контент үзээд байдаггүй. Түүний оронд ном шимтэн унших дуртай. Жишээ нь, охин Dr, Seuss, Little Golden Books, Winnie Pooh stories гэх цуврал номуудад дуртай бол хүү Diary of a Wimpy Kid, Harry Potter, The Dragonfire гэх цувралуудад дуртай.

ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Хүүхэдтэй болохын өмнө ажлын цаг өглөө 9-18 цаг хүртэл үргэлжилж, гэртээ ирсэн бол ажил хийх шаардлагагүй гэж бодож, хүүхэд төрүүлсэн бол гэртээ хүүхдээ харангаа ажиллах ёсгүй гэж боддог байлаа. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт гэдэгтэй 100 хувь санал нэгдэх болсон шүү.

Учир нь, эмэгтэй хүний үүрж чадах ачааны хэмжээ хүүхэд төрүүлсний дараа цаг хугацааны хувьд нэмэгдэхгүй ч тэр хугацаанд багтааж чадах зүйлийн хэмжээ маш их нэмэгддэг гэдгийг ойлгосон. Тэр ч утгаар аливааг цагт баригдалгүйгээр олдож байгаа хугацаанд нь чанартай ажиллахыг эрмэлздэг болсон.

Өмнө нь, би хүүхдээ харангаа зэрэг ажиллаад ажилдаа ч, хүүхдэдээ ч түүртэн бухимдуу болж, хүүхэд маань надаас хөндий болж буйг анзаарсан. Түүнээс хойш өглөө эртлэн босож, хийх ёстой зүйлсээ амжуулаад, ажиллах үедээ түүндээ бүрэн анхаарлаа төвлөрүүлж, хүүхдээ харах үедээ хүүхэдтэйгээ чанартай цаг өнгөрүүлэхийг хичээдэг болсон.

Бас хүүхэдтэй болохын өмнө зөвхөн хүүхдүүдэд англи хэл заадаг байсан бол хүүхэдтэй болсныхоо дараа эхлээд хүүхдээс илүү ээжид нь л заах хэрэгтэй юм байна гэх шийдэлд хүрсэн. Учир нь, хүүхдэд мянга гоё сайхан зүйл заагаад ээж аавын үзэл баримтлал явцуу бол нөлөөлөл нь бага юм байна гэдгийг ойлгосон.

ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?

Би заримдаа сайн амарч чадахгүй, эрч хүч, энергийнхээ хязгаарт тулах үедээ эргэн тойрныхондоо хортой болж эхэлдгээ анзаарсан л даа. Бухимдуу болж, бусдаас илүү ихийг шаардах гээд байдгаа маш сайн мэддэг болохоор хязгаартаа тулахаас өмнө амардаг. Амрах үедээ ганцаараа тайван гэх чинь унтах нь төгс амралт болдог. Мөн хөлийн массажинд орж, кофе шопод ганцаар суух дуртай.

Нэмээд жилдээ гурван удаа гэр бүлээрээ аялдаг. Эхэндээ зүгээр л элдэв бодолгүй амрах гэж явдаг байсан бол сүүлийн үед хүүхдүүдийнхээ ярианаас "Хэдүүлээ тийшээ аялахад тэгсэн тийм ээ?" гэж их ярьж буйг нь сонсоод хүүхдүүдийнхээ дурсамжийг сайхан үйл явдлаар дүүргэх зорилгоор аялдаг болсон гэх үү дээ.

Сиэтл хотод шинэ амьдрал эхлүүлнэ гэдэг анхнаасаа л бүхнийг өөрсдийн гараар бий болгох шийдвэр байсан юм. Тиймээс бид хэн нэгний туслалцаагүйгээр хүүхдүүдээ гардаж өсгөсөн. Үүний сайн тал нь хүүхдүүдийнхээ өсөж том болж буй үйл явцыг алдалгүй хажуугаас нь харж, мэдэрсэн.

Нөгөөтээгүүр бүхий л цаг үед хүүхдүүдтэйгээ хамт байгаа тул нөхөр бид хоёрын хоорондын романтик харилцаа бүдгэрсээр байсан нь сул тал болсон. Харин одоо үүн дээр ач холбогдол өгч, хүүхэд асрагч авах хэрэгцээтэй үедээ авч, хоёр биедээ цаг гаргах хэрэгтэйг ойлгосон.



АЖИЛЛАДАГ ЭЭЖ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ ЮУ ВЭ?

Дандаа л гэмтэй мэт мэдрэмж тээж явах нь хамгийн хэцүү. Ажлаа хийхдээ хүүхдэдээ санаа зовж, хүүхдээ харахдаа ажилдаа санаа зовдог нь жам ёсных байх даа. Гэхдээ бодит байдал дээр хүүхдэд ч, ээжид ч аль алинд нь хувийн орон зай хэрэгтэйг санах нь зөв болов уу.

ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?

Манай хүү ангидаа гурван найзтай, дөрвүүлээ нийлдэг. Тэднийгээ ээждээ их магтана. Бас болоогүй дөрвүүлээ нийлж ном бичиж байгаа тухайгаа хэлсэн удаатай. Найзуудыг нь өнгөрсөн жил хүүгийнхээ төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр анх удаа харахад гурвуулаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байсан юм. Хүүгээсээ найзуудынх нь талаар асуухад "Хэн ч найзалдаггүй болохоор нь найзалсан юм. Тэд хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд юу гэж?" гэж хэлэхэд нь хүүгээрээ маш их бахархсан.

Өөр түүх гэвэл сургуулийнх нь тусгай ангид хүнд хэлбэрийн аутизмтай хүүхэд байдаг билээ. Тухайн хүүхдэд аливаа чимээ их хүндээр тусдаг тул байнга чихэвч зүүдэг. Ялангуяа завсарлагааны үеэрх чимээ хэцүү шүү дээ. Тэр үед нь манай хүү тэр хүүтэй хамт хөгжим сонсдог гэсэн.

Хөгжим сонсохоор тухайн хүүхэд цочдоггүй юм гэнэ лээ. Түүнийг сонсчхоод зүрх минь хайраар дүүрээд л эхэлсэн. Энэ мэт хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлаж байгаа нь үнэхээр хайр хүргэж, бахдах сэтгэл төрүүлдэг.

Саяхан охиныгоо бэлтгэл ангид нь анх удаа явуулахынхаа өмнө үсийг нь самнаж байхдаа би охиндоо "Хөөх, миний охин сургуулийнхаа хамгийн хөөрхөн охин нь байх аа" гэсэн чинь "Үгүй ээ ээжээ, хамгийн гоё, хамгийн муухай гэсэн зүйл байхгүй. Бүгд хөөрхөн шүү дээ" гэж хэлэхэд л бас л зүрх минь хайраар бялхсан.

Бас аав нь сургууль руу нь хүргэж өгөхөөр алхаж байхдаа "Зарим сахилгагүй хүүхдүүд миний охиныг шоолж магадгүй шүү. Миний охин битгий гомдоорой" гэтэл охин минь мөн л "Муухай хүүхэд гэж байхгүй, муухай үйлдэл хийдэг л хүүхэд гэж байгаа. Хүнийг муухай гэж дуудаж болохгүй" гэхэд нь бид машид бахархсан. Харин одоохондоо бага хүүгээ хоолоо сайн идэж, усаа сайн ууж, асуудалгүй хүндрэхэд нь гээд энгийн үйлдлүүдэд нь л баярлаж байна даа (инээв).

ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?

Жон гээд анхны захирлын хэлсэн зүйл санаанд бууж байна. Жонын хүүхдүүд нь насанд хүрч, ажилд орох үе нь болж л дээ. Гэвч аав нь ер цагийн ажил хийлгэдэггүй, ямар нэг туршлага хуримтлуулах боломж олгодоггүй байсан гэнэ. Гэтэл хүүхдүүд нь аавдаа гомдоллож "Та биднийг ажил хийлгэдэггүй байсан болохоор бидэнд ямар ч ажлын туршлага байхгүй. Одоо биднийг хэн ажилд авах юм?" гэж л дээ.

Тэгэхэд мань хүн "Шударга, тууштай, сайхан сэтгэл гэдэг гурван зүйлийг хүн бүхэн хайдаг. Сурч болох ур чадваруудыг хэн ч, хэзээ ч сурч болно. Хүн заавал ажил дээр гарахдаа хэний ч сурчих боломжтой зүйлийг эзэмшсэн байх албагүй. Харин дээр дурдсан сэтгэлд чинь байх ёстой гурван зүйлийг эзэмшсэн байхад хаана ч алзахгүй. Би та нарыг өсгөхдөө энэ үзэл баримтлалаар л өсгөсөн юм" гэжээ. Энэ түүхийг сонсоод хүүхдүүддээ энэ арга барилаар өсгөхөөр шийдсэн нь дээр дурдсан "Дархан цаазат газар" гэж тодорхойлсон хүүхэд хүмүүжлийн арга техник юм.

ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Юу хүсэж байгаагаа хэлж чаддаг хүн байгаасай гэж хүсдэг. Миний хувьд аль багаасаа өөрийн бус бусдын сонсохыг хүсэж байгаа зүйлийг хэлээд сурчихсан. Жишээ нь, аав ээжид ингээд хэлчихвэл загнахгүй дээ, багшдаа ингээд хэлчихвэл аятайхан өнгөрчихнө дөө гэдэг ч юм уу.

Гэтэл энэ нь эргээд өөрөө өөртэйгөө зөрчилдөхөд хүргэдэг. Ер нь хүн өөрийн дотоод мэдрэмжээ үгүйсгэж, бусдын хүслээр байна гэдэг эрх чөлөөгөө боомлуулж буйгаас ялгаагүй шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ өөрийн дотоод мэдрэмждээ үнэнч байж, түүнийхээ төлөө дуугардаг байгаасай гэж хүсдэг. Би ч мөн үүн дээрээ ажиллаж байгаа.