Энэ удаагийн ярилцлагадаа бид агаарын бохирдлын эсрэг, сүүлийн үед цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19 өвчний эсрэг дорвитой ажлуудыг санаачлан амжилттай гүйцэтгэж буй НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенсийг урилаа. Тэрээр 2013 онд Хүүхдийн Сангийн ахлах зөвлөх болохоосоо өмнө НҮБ-ын Хүнс, Хөдөө Ахуйн байгууллага болон Хөгжлийн Хөтөлбөрт ажиллаж байв. Недерландад биологи, байгаль орчны чиглэлээр боловсрол эзэмшсэн зочин маань Монголд 2017 онд Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллах болсон билээ. Энэхүү ярилцлагад Алекс захирал сүүлийн өдрүүдэд хэрхэн гэрээсээ ажиллаж байгаагаа хуваалцсаны зэрэгцээ бусад ажил олгогчдыг байгууллагадаа уян хатан ажил нөхцөл нэвтрүүлэхийг уриалсан юм.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S10 Plus
Хэрэглэдэг компьютер: Lenovo T480s
Сошиал хуудсууд: Твиттер, Фэйсбүүк

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Биологийн чиглэлээр сурахаар шийдэх үедээ ирээдүйд карьер маань хэрхэн яаж өрнөхийг би сайн мэдэхгүй л байлаа. Хүмүүс аав ээжээс маань миний сонголтыг зөвшөөрч байгаа юм юм уу гэж асууж байв. Тэд намайг сонирхлоо л дагах хэрэгтэй гэж үзсэн. Биологиор сурсныхаа дараа би байгаль орчны бохирдлоор докторт сурч, хөгжиж буй орнуудад энэ чиглэлд үүсээд буй асуудал, хүндрэлүүдийн шийдэхийн төлөө ажиллах сонирхолтой болсон юм. Ийм л замаар би эерэг нөлөөллийг далайцтай үзүүлж чадах юм байна гэж бодсон хэрэг.

2004 оноос хойш би НҮБ-д орж, Ази дахь байгаль орчны асуудлууд дээр ажиллаж эхэлсэн юм. 2013 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффист уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал хариуцсан ахлах зөвлөхийн албыг эхлүүлсэн. Энэ ажлаараа дамжуулан НҮБ-ын Хүүхдийн Санг хүүхдүүдэд хамгийн их аюул тарьдаг агаарын бохирдлын асуудалд идэвхжүүлэн татан оролцуулах болсон юм. Энэ үеэс би Хүүхдийн Сангийн Монгол дахь салбарт агаарын бохирдлын эсрэг ажиллахад нь дэмжлэг үзүүлж эхэлсэн. Ингээд суурин төлөөлөгчийн орон тоо гарах үед шуудхан өргөдлөө өгч, энэ ажилд сонгогдсоноо машид талархан, нэр төрийн хэрэг гэж хүлээж авсан. Учир нь энэ бол асар өндөр хариуцлагатай, тун онцгой ажил. Энэ ажил надад байгаль орчны чиглэлээр олж эзэмшсэн мэдлэг туршлагаа ашиглахыг сацуу менежер, лидерийн хувиар өөрийгөө хөгжүүлэх, хүүхдийн төлөө илүү өргөн хүрээнд хувь нэмэр оруулах боломжийг олгосон юм.

Саяхан л гэхэд бид Завханд өвөлжилт хүндэрсэн үеэр хүүхдүүдэд тусаллаа, "Утаагүй Баянхонгор" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн, мөн одоо COVID-ийн хямралын эсрэг төр, хувийн хэвшилд ажиллаж буй эцэг эхчүүдэд илүү уян хатан ажиллах бололцоог олгоход уриалах ажлыг өрнүүлж байна. Энэ хэцүү цаг мөчид манай хамт олон (41 монгол, 4 гадаад мэргэжилтэн) их ажил амжуулахын сацуу сэтгэл санаа өөдрөг сайн байгаад би тун баяртай байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би ажлын өдрүүдэд ихэвчлэн 08-17 цагийн хооронд ажилладаг. Харин манай төв оффисууд Нью Йорк, Женевт байдаг тул цагийн зөрүүнээс шалтгаалан оройн цагаар тогтмол дуудлага хийдэг. Харин COVID-оос болоод манай багийнхан оройн цагаар, хагас бүтэн сайнд илүү цагаар нэлээн ажиллаж байна. Сүүлийн үед би долоо хоногийн 2-3 өдөр нь гэрээсээ ажиллаж байна. Урьд нь хоёр долоо хоног тутамд нэг өдрийг гэрээсээ ажиллаж өнгөрүүлдэг байв. Ажлын өдрүүдэд бол олон имэйл солилцож, дотоод ба түнш байгууллагуудтай уулзалт хийж, төсөл хөтөлбөрүүдээ хүүхдүүдэд үр дүнтэй байлгахад анхаардаг. Мөн шинэ санаанууд гаргах, санхүүжилт босгох, багаа зөвлөх чиглүүлэх, засгийн газар, хувийн хэвшил, хөгжлийн салбарын түншүүдтэйгээ харилцахад цагаа зарцуулдаг даа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би ажлаа цагтаа сайн төвлөрч ажиллаад, гэртээ эрт харихыг эрмэлздэг. 2007-2010 онд Индонезид ажиллаж байхдаа би их суудаг, гэртээ орой харьдаг байв. Үр дүнд нь хүүхдүүдтэйгээ хамт байх гурван жилээ алдсан гэж болно. Тэр цаг хугацааг би буцааж олж чадахгүйгээ ойлгож өөрчлөгдөхөөр шийдсэн юм. Одоо бол гэртээ оройн хоолны цаг гэхэд (манай гэрийн хувьд 18 цаг) ирээд амрах, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг хичээдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын онцлогоос шалтгаалан гар утаснаасаа салахгүй талдаа. Харин хөдөө явах үед Leatherman-ий олон үйлдэлт багаж, халаасны хутга хоёр маань тун ч их хэрэг болдог шүү.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажил руугаа дугуй унах. Энэ дадал маань замын түгжрэлд цаг алдахгүй байх, эрүүл байхад тусалдаг. Энэ өвөл ч би ажил руугаа дугуй унасаар байсан. Мэдээж дулаан хувцаслаад, утааны эсрэг амны хаалтаа зүүнэ. Би Улаанбаатар хотын захиргааг дугуйны замаа сайжруулж, жолооч нар явган хүмүүс болоод дугуйчдад илүү хүндэтгэлтэй ханддаг болоход санаа тавиасай гэж хүсдэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Өглөөний цайгаа уусны дараа кофегоо хажууд тавиад имэйлүүдээ шалган, тухайн өдөр хийх ёстой, чухалчлах ёстой зүйлсийг наадаг цаасан дээр эрэмбэлж бичдэг. Мөн шадар суурин төлөөлөгчтэйгөө холбогдож мэдээлэл солилцоод, өдрийн ажлаа эхлүүлдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би тулааны урлагаар олон ажил хичээллэж байгаа. Улаанбаатарт би Garuda клубд муай-тай болон жиү-жицүгээр хичээллэдэг. Эрүүл байх, алжаал тайлах маш сайн арга шүү. Garuda-д гэрээрээ, хоёр охинтойгоо хамт дасгал хийхэд таатай байдаг. Харин одоо клуб хаалттай болсон тул би зочны өрөөгөө заал болгоод гэртээ дасгал хийж байна. Мөн хөл хорионоос болоод гар урлал оролдож байна гэх үү дээ. Эхнэр, хүүхдүүд маань урлагийн зүйлс бүтээх дуртай болохоор оройдоо тэдэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөж байна. Зурагт, компьютер, утас ширтэхээс хавьгүй дээр юм аа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Бүх цагаа НҮБ-ын Хүүхдийн Сан, спорт, гэрийнхэнтэйгээ байхад зарцуулж байна. Надад энэ бүгд хангалттай.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Гэр бүлээрээ 2004 оноос хойш гадаадад амьдарч байна. Одоогоор бид 6 оронд амьдарч үзлээ. Шинэ соёл, шинэ хүмүүстэй танилцаж, тэр хүмүүст болоод дэлхий ертөнцөд хэрэгтэй тустай ажил хийнэ гэдэг мэдээж сайхан. Нөгөө талаас нэгэнт нүүдэлчин амьдралын хэв маягтай тул шинэ орчинд, шинэ хамт олон, шинэ найз нөхөдтэй харилцаа үүсгэх нь нэлээд цаг авдаг. Харин Монгол дахь ажлын тухайд гэвэл үнэндээ хэцүү бэрхшээлтэй тал гэхээр зүйл бодогдохгүй байна. Манай хамт олон, түншүүд бол хамт ажиллахад үнэхээр таатай хүмүүс, дээр нь COVID-ийн нөхцөл байдал гэрийнхэнд маань том сорилт болж байгаа ч хамтдаа цагийг үр дүнтэй өнгөрөөх боломжийг олгож байна. Гэрээсээ ажиллах үнэндээ тун таатай байгаа. Мэдээж би оффистоо сууж ажиллаж, ажлынхантайгаа нүүр тулан ярилцах дуртай. Тэгэхээр энэ хоёрыг тэнцвэрийг олох нь л чухал.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

COVID, COVID, COVID... Бид бараг бүх л нөөц боломжоороо энэ асуудал дээр ажиллаж байна. Өвчний дэгдэлт гарахаас сэргийлэх, хамгийн чухал нь хүүхдүүдэд тусах нийгэм-эдийн засгийн нөлөөллийг нь багасгахаар бид засгийн газар болон бусад байгууллагуудыг дэмжин ажиллаж байгаа юм. Бид энэ өвчний эсрэг олон салбарыг хамарсан төлөвлөгөөг боловсруулж, 1.2 сая ам.долларыг татан төвлөрүүлж (USAID, Японы Засгийн газар, ChildFund Korea-д баярлалаа!) хэрэгжүүлж эхлээд байна. Үүний зэрэгцээ, ажил ба орлогоо алдаж буй олон айл өрх байгаа учраас илүү ихийг хийхийг эрмэлзэн, нэмэлт санхүүжилт хайсаар байгаа. Ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, сайн сайхан байдалд богино болон урт хугацааны сөрөг нөлөө ирэх нь тодорхой учир бид илүү ихийг хийх хэрэгтэй.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Надаас илүү мэдлэг туршлагатай хүмүүстэй ярилцах, ажиллах дуртай шүү. Манай багт хүүхэд хамгаалал, хоол тэжээл, эрүүл мэнд зэрэг олон салбарт мэргэшсэн олон мэргэжилтэн, судлаач бий. Тэднээс асуулт асууж, COVID шиг шинэ сорилтуудыг даван гарахаар санаа оноо уралдуулж байгаа маань надад ихийг сургаж байна.

12. САНАЛ БОЛГОХ КИНО?

1975 оны “Monty Python and the Holy Grail” бол миний хамгийн дуртай кинонуудын нэг. Маш хөгжилтэй, марзганасан энэ киноноос хэзээ ч уйддаггүй юм. Өсвөр насны охид маань ч үзэх дуртай.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

2010 онд даргынхаа хэлсэн үгийг байнга санаж явдаг. Тэр хэлэхдээ лидер хүний үүрэг нь багийнхаа гишүүдийн тус тусын ажлаа хийх нөхцөл боломжоор хангах явдал гэсэн юм. Одоо би Монгол дахь багаа удирдахдаа энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Гэрээс ажиллахыг асуудал бус харин ч COVID-ийг давж гарах том боломж гэж хараарай. Гэрээс ажиллах, ажлын бусад уян хатан нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ойрын ирээдүйд байгууллагадаа илүү зүтгэлтэй, илүү чадварлаг ажилтнуудыг татаж чадах юм. Одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан ажил олгогчид ажилтнууддаа энэхүү уян хатан ажлын нөхцөлийг олгож байгаа гэдэгт итгэж байна.

Тиймээс энэхүү боломжийг ашиглан ажил олгогчдыг, удирдах ажилтнуудыг өөрсдийн туршлагыг бидэнтэй хуваалцахыг уриалж байна. Энэ хүрээнд манай байгууллагатай 2016 оноос хойш хамтран ажиллаж хүүхдийн эрхийн чиглэлд үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй Мобиком Корпорацийн захирал ноён Тацуяа Хамадаг гэрээсээ ажилладаг туршлагаасаа хуваалцана уу хэмээн урья.