Өнөөдрийн дугаартаа бид сүүлийн 18 жилийн турш улс төрийн салбарт ажиллаж, Улсын Их хурлын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагчаас эхлэн Монгол улсаас БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргын алба хүртэл дэвшин, одоогоор Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашиж буй нэгэн эрхмийг урьсан билээ.

Гадаад харилцааны олон томоохон ажлуудад гар бие оролцон явсан тэрээр одоо дүүргийн бодлогын асуудалд төвлөрөн ажиллаж байгаа ажээ. Ингээд өнөөдрийн зочин Амгаланбаярын Амартүвшиний ажлын арга барилтай танилцъя. 

Байршил: Хан-Уул дүүрэг
Эрхэлдэг ажил: Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro
Хэрэглэдэг компьютер: Lenovo Thinkpad
Сошиал хуудсууд: Амартүвшин Амгаланбаярын (Фэйсбүүк), amartuvshinn (Инстаграм), Амартүвшин Амгаланбаярын (X)

1. Таны мэргэжлийн замналаас бид юуг мэдэх ёстой вэ?

Миний мэргэжил, ажлын замналаас энэ хүн юунд тэмүүлдэг, хэрхэн ажилладаг арга барилтай гэдгийг мэдэх гэхээсээ илүү хүнд хэрэгтэй зүйл бүтээдэг үү, бусдад боломж олгох гарцыг нээж байна уу, ямар зорилго, алсын хараа өвөрлөн ажилдаа сэтгэл гарган зүтгэж байгааг олж хараасай гэж боддог.

2000 оны эхэн үед манай улсын гадаад харилцаа өнөөгийнх шиг байгаагүй, нийгмийн тогтолцоо солигдоод удаагүй. Олон улсын дипломат харилцаа тэс өөр байдлаар явагдаж эхэлж байсан торгон мөч байв. Тиймээс л энэ салбарт залуу мэргэжилтний оролцоо хэрэгтэйг мэдэрч Австралийн Монашийн их сургуулийг Улс төр, гадаад судлалаар 2007 онд суралцаж төгсөөд үргэлжлүүлэн Австрали улсын Деакины Их сургуульд гадаад харилцаа, эрх зүйгээр магистр хамгаалсан хэрэг.



Сургуулиа төгсчхөөд шууд л Монгол улсын гадаад харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэх дэврүүн бодолтой ирсэн ч төрийн алба тэс өөр арга замаар явагддагийг мэдсэн. Төрийн албан хаагчийнхаа шалгалтыг өгөөд л УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажлын гараагаа эхэлж, 2013 оныг хүртэл Гадаад харилцааны хэлтсийн зохион байгуулагч, шинжээч, референт зэрэг алба хашсан. 2013 оноос 2016 онд Монгол улсаас БНБУ-д суугаа ЭСЯ-нд дипломат ажилтан, гуравдугаар нарийн бичгийн дарга, консул болж хоёр улсын харилцааны олон асуудалд оролцож ажилласан. Ажиллаж эхлээд удаагүй байхдаа Монгол улс ЗХУ-ын үед зээлсэн олон сая долларын өрөө БНБУ-д шилжүүлэх шаардлагатайг олж мэдлээ. Энэ асуудлын хэлэлцээр 10 жилийн туршид огт шийдэл олж чадалгүй сунжирсан байв. Тэгээд л тэнд ажиллах үедээ Монгол улсаа өргүй болгоё гэж шийдэн хичээсэн. Олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд Монгол улс БНБУ-д өрөө төлөх ч, тэрхүү үнийн дүнтэйгээ дүйх мөнгөөр оюутнуудаа их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэг авч чадсан юм. БНБУ хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх улсуудын нэг. Хөдөө аж ахуйн салбар болон бусад олон чиглэлээр манай улсаас одоо ч олон оюутнууд БНБУ-ыг зорьж суралцаж байгааг харах сайхан байдаг. Гадаад харилцааны салбарт ажиллах миний мэргэжлийн замналын хамгийн онцлох үйл явдал энэ байсан.


2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Нэг ой, долоон сартай охин маань намайг өглөө бүр сэрүүлэггүй сэрээнэ (инээв).
Миний ажлын нэг өдөр дүүргийн ажил хэр их байхаас л хамаардаг даа. Төлөвлөлт хийх дуртай. Бас ажлыг чухлаас нь эхэлж эрэмбэлдэг. Тэгээд л өглөө бүр ажлын ерөнхий зураглалаа нэг харчхаад хэлтсийн дарга нартайгаа уулзаж, ажлаа ярилцана. Өмнөх ажлуудын биелэлтийг шалгана. Иргэдтэй уулзалт хийх цаг гаргана. Дүүргийн тулгамдсан асуудлуудтай газар дээр нь очиж танилцана. Хог, гудамжны гэрэлтүүлэг гээд өдөр бүр ажил ундарч байдаг. Цэрэг татлагын зохион байгуулалтад хүртэл оролцож ажиллахаас эхлээд сургууль, цэцэрлэгийн халаалт, өвөл замын халтиргаа, гулгаанаас хамаарч давс цацах гээд үргэлж ажил буцалж байдаг. Товчхондоо, өдрийн цагаар албан ажлуудаа амжуулчхаад, ажлын цагийн дараа бичиг цаасны ажлаа цэгцэлж, янзална.


3. Таны ажлын арга барил?

Төлөвлөлт. Төлөвлөлтгүй бол ажил удааширч, ахиц муутайгаас гадна хугацаа их алдана. Долоо хоногоор нь, арван дөрвөн хоногоор, сараар гээд ойрын хугацаагаар, нэг жил, хоёр жил, дөрвөн жилээр болон хэтийн гэж ангилж ажлын зураглалаа гаргадаг. Олон ажилд оролцоотой ажлын чиг үүрэгтэй учраас ажлаа зөв хуваарилахгүй бол нэг бие хаана ч хүрэлцэхгүй, ёстой л шаварт суусан машин шиг л дугуй нь дороо хий эргэлдэхтэй адил байх болов уу. Мөн би ажлыг голдоггүй байх, аливаад сэтгэлтэй хандах юм сан гэж амьдралдаа хичээсээр ирсэн. Энэхүү итгэл үнэмшил маань гүн суусан учир аливаа ажил бүхэндээ шингээхийг зорьдог нь миний ажлын барилын нэг хэсэг.


4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Энгийн л хэдэн апп хэрэглэдэг. Жишээ нь, Notes, Reminder хоёр л байна. Иргэдтэй уулзах уулзалтаас эхлээд бүхий л уулзалт, ажлуудаа Notes дээрээ хөтөлдөг. Хийж буй ажлуудынхаа хэрэгжилтийн хувийг ард нь мөн хөтлөөд явдаг. Гэртээ таблетаа аваад очвол манай хүүхдүүд тоглоод өгөхгүй шүү дээ (инээв).


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Ажил дээр бол хамгийн чухал нь төлөвлөлт. Үгүй бол шууд л хаос болно шүү дээ. Цаг хэмнэх хамгийн сайн арга маань гэвэл ерөөсөө төлөвлөлт, төлөвлөлт, төлөвлөлт. Хэр сайн төлөвлөж чадна, тэр хэмжээгээрээ цаг хэмнэж чадна.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Цаг үеэсээ хамаарна. Жишээ нь, наймдугаар, есдүгээр сарын ажлууд бол сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллуудын ажлууд голлоно. Манай дүүрэгт л гэхэд 23 сургууль, 69 цэцэрлэг байдаг. Тэр бүр дээр очиж ажиллаж, бэлтгэл ажлыг нь шалгахаас эхлээд маш олон ажил ар араасаа хөвөрдөг. Тэгэхээр нэг сарын хугацаа хүрэхгүй. Есдүгээр сарын нэгэн гэдэг чинь бидний хувьд их том “эцэс-цэг”. Жил бүр сургууль, цэцэрлэг бүр ямар нэгэн асуудалтай байдаг. Тийм болохоор төлөвлөлтгүйгээр ажиллах боломж байдаггүй.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Гурван хүүхэдтэйгээ тоглож, эрхлүүлэхээр эрч хүч сэлбэгдэж, хамаг бухимдал алга болчихдог. Амьдралын цөм нь хүүхэд л байдаг юм байна. Өмнө нь зөвхөн Амартүвшин гэдэг хүний төлөө зүтгэдэг байсан бол одоо бүр гурван хүүхдийн төлөө хичээж байна даа (инээв).

Хүн хүүхэдтэй болохоор амьдралыг харах өнцөг хүртэл өөрчлөгддөг юм билээ. Цэцэрлэгийн тоглоомын талбай тохижуулж байгаа байгууллагын ажилтай танилцаж байхад гулсуур нь хүүхэд гулсахад ирмэг нь сөрдийчих вий, мөргөчих хурц өнцөг байх вий гээд илүү нарийвчилж харна. Өөрийнхөө хүүхэд шиг багачууд түүн дээр тоглоно шүү гэсэн бодол зурсхийж, гүйцэтгэгч байгууллагынханд сэтгэлтэй хийгээрэй л гэж захидаг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу байдаг вэ?

Манай “Хан-Уул клуб” бол дүүргийнхээ алслагдсан хороодын хүүхэд, залуучуудад зориулсан спортын клуб юм. Хотын төвөөс зайтай байршлуудад спортоор хичээллэх боломж тааруу байдгаас үүдэн клуб эхлүүлэх сэдэл төрж байв.

Ингээд 2017 онд Хан-Уул хөлбөмбөгийн клубийг, 2018 онд сагсан бөмбөгийн баг байгуулсан даа. 2019 онд мөн бүжгийн клуб нээн өргөжүүлсэн. 2016 онд манай клуб лигт оролцох эрхээ анх авч байсан үеийн зураг маань манай өрөөнд байдаг.

Бид клубтээ Хан-Уул дүүргийн зорилго нэгтэй залуусыг нэгтгэн улсын аварга, лиг гэх мэт тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж байна. Бид энэ клубийг мөнгө олох зорилгоор биш, залуучуудыг хөгжүүлэхийг эрмэлзэж ажиллуулдаг. Түүнчлэн насанд хүрэгчдээс гадна хүүхэд багачууддаа зориулсан спортын дугуйлангуудыг хичээллүүлдэг. Бид бэлтгэл хийх заал, танхим, дасгалжуулагч, тэмцээнд орох үед хувцас хэрэглэлээр хангаад явдаг.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Эерэг тал нь иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлын гүнд орж ажиллах боломжтой. Жишээ нь, би төрийн томоохон албан байгууллагууд бодит хөрсөн дээр буусан шийдвэр заримдаа гаргадаггүйг УИХ, Гадаад Хэргийн Яамд ажиллахдаа анзаарсан юм. Гэтэл дүүргийн ажил чинь яг Доржоо өвөөд ямар асуудал тулгараад буйг олж тогтоож шийдэж өгөх явдал болохоор энэ нь миний ажлын эерэг тал юм уу даа. Мөн иргэдээс зүүдэнд ч ороогүй янз бүрийн шинэ содон санал ирдэг бөгөөд тэдгээрийг л бодит биелэл болгодог ажил гэж хэлж болно.

Хэцүү, бэрхшээлтэй тал гэвэл санхүүжилтийн асуудал. Хэчнээн сайхан санаа байсан ч санхүүжилтийн хүрэлцээгүйгээс хүссэн ажлуудаа бүтээж чаддаггүй нь их харамсалтай санагддаг.

Хан-Уул дүүрэгт гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх боломжуудыг судлах, хүлээгдэж байгаа шийдлийг хурдавчлах, олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгт илүү өргөн хүрээтэйгээр хамруулах, шинэ гарц, гаргалгааг хайх гээд боломжит бүхий л хувилбарын хүрээнд эрэлхийлж ажилласан нь эргээд үр шимээ өгч эхэлснийг харахад урамтай байдаг.



Япон Улсын Мусашимураяма гэх Токиогийн дагуул хоттой 2017 онд хамтын ажиллагаа эхлүүлж, дүүргийнхээ хүүхдүүдийг соёлын солилцоогоор Япон улс руу явуулж эхэлсэн. "Good Neighbors" олон улсын байгууллагатай хамтран 700 сая төгрөгийн санхүүжилтээр дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг гурван давхар болгож өргөтгөсөн. Дүүргүүд хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах нэг цэгийн төвгүй байдгийг анзаарч, дүүрэгтээ нэгийг байгуулъя хэмээн НҮБ-ын Хүн Амын Санд хандан дэмжлэг авч бодит ажил болгож чадсан. Энэ жишгээр тус байгууллагатай дахин хамтарч Залуучууд хөгжлийн төвийн бүрэн тохижилтын ажлыг хийсэн гээд цааш хөвөрнө.


10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн хоолны асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа. Манай хотын өнгө ч саарал, хүүхдүүдийн хоол ч саарал өнгөтэй байна гэхээр "яагаад" гэж зарим хүмүүс асуудаг. Өнөөдөр бидний жижигхэн гээд орхиод байгаа асуудал бүрийн цаана хамгийн чухал зүйл нуугдаж шийдлээ хүлээж байгааг анзаарахгүй орхиж боломгүй санагддаг. Магадгүй тэнд бидний ирээдүй рүү довтлох улаан гэрлийн учиг бүрэлдэж байхыг ч таашгүй. Жишээ нь, хүүхдүүд өдрийн ихэнх хугацааг цэцэрлэгтээ өнгөрөөдөг. Нэг хүүхдэд манай улсаас ердөө 2475 төгрөг л төсөвлөдөг. Мөн Сургуулийн өдрийн цай хөтөлбөр нэг хүүхдийн 1500 төгрөг.



Та өдөрт 1500, 2475 төгрөгөөр ямар амин дэмтэй хоол авч хэрэглэж болох билээ гээд бодоод үзээрэй. Өмсөх хувцаснаас нь илүү чухал зүйл бол хоол хүнс. Таны, миний, бидний хүүхдүүдийн өсөж өндийж байгаа тэр чухал үед нь өдөржингөө шим тэжээл багатай хоол хүнс өгсөөр л байх уу? Хүүхдийн хоолны хэмжээг насанд нь тааруулах хэрэгцээ шаардлагатай байдаг. Гэтэл тухайн хүүхэд хоёр настай байна уу, тавдугаар анги байна уу, ямар ч ялгаагүй хэмжээтэй хоол ид гээд тулгаж байгаа шүү дээ. Аливаа зүйлд шийдэл хайвал гарц заавал байдаг. Эцэг эхчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлбэл илчлэг, амин дэм ихтэй, эрүүл мэндэд тустай хоол хүүхдүүдэд хүртээх боломж бүрдэх юм.

Мөн нийслэл хотын шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу Хан-Уул дүүрэг нь Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот гэсэн 3 үндсэн том хот болж хөгжинө. Дэлхий дахинд “20 минутын хот” гэж том үзэл санаа түгж байгаа. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төвд хүн гэрээсээ гараад дээд тал нь 20 минутын дотор л алхаад хүрдэг байх ёстой гэсэн стандарт юм.



Өнөөгийн бүтцээр Нийслэлийн засаг дарга, есөн дүүргийн засаг дарга , 204 хороо бүр засаг даргатай. Нийтдээ 214 Засаг даргатай гэсэн үг. Гэтэл үнэндээ асуудал шийдэх хэмжээний эрх мэдэлтэй нь ердөө арав. Бусад нь төсөв санхүүгийн ямар ч эрх мэдэлгүй, зүгээр дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс олон улсын жишигт нийцүүлж, Улаанбаатар хотыг 17 хотод хувааж, хороодыг нэгтгэнэ. Хот дор бүрнээ эрх мэдэлтэй болно, асуудлаа өөрсдөө шийднэ, хариуцлагаа ч өөрсдөө үүрнэ, буух шууд эзэнтэй болно. Ингэснээр 17 хот нь асуудлаа шийдэх боломжтой болж “20 минутын хот” ойлголтоор хөгжих юм. Эдгээр хотын удирдлагуудыг намын томилгоогоор биш иргэд өөрсдөө сонгодог болно. Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж буурч цомхон болохоор төсвийн маш том хэмнэлт гарна. Харин нийслэл нь бусад хотуудынхаа аж ахуйн асуудалтай зууралдахгүй, зам, гүүр, инженерийн байгууламж, метро гэх мэт том асуудалдаа төвлөрнө. Нэг үгээр хэлбэл, хийх ажлыг тархиндаа зурчихсан, төлөвлөчихсөн гэх үү дээ.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?

Гадаад харилцааны мэргэжилтэй болохоор олон улсын хөгжлийн түүхийг судлах дуртай. Манай улсын туулж буй замналыг бүхий л улсууд давж туулсан байдаг. Манайд тулгамдаж буй асуудлуудыг Солонгос, БНБУ, Австрали, Англи гээд дэлхийн улс орнууд хэрхэн шийдсэн нь сонирхол татдаг. Судалгааны ажил хийх нь миний сонирхол юм уу даа. Хоолны тал дээр л гэхэд бүр мэргэжилтэн болтлоо судалчихсан байгаа шүү (инээв).

Мөн амжилтад хүрсэн хүмүүс, алдартан болон энгийн хүний түүхийг уншиж, судална. Ямар нэгэн шинэлэг санаа, оноо юу байна гээд авах, гээхийн ухаанаар сонждог. Зарим хүмүүсийг харахаар цоо шинэ санаа олох гэж хичээдэг атлаа судалгаа огт хийдэггүйд гайхдаг. Уг нь амин судал нь судалгаа юм шүү дээ.

12. Санал болгох ном, кино, хөгжим?

"Unlock" подкастыг сонсох дуртай. Тэндээс судалгаа хийх санаа их төрдөг. Киноны хувьд “Inside Out”-д дуртай. Хэчнээн хүүхэлдэйн кино ч гэсэн хүний сэтгэл хөдлөлийг маш энгийн, ойлгомжтой байдлаар дүрсэлсэн нь таалагддаг. Эцэг эхчүүдэд энэ киноны хоёр ангийг хүүхдүүдтэйгээ хамт үзэхийг санал болгоё. Хүүхдүүдийн танин мэдэхүйд маш эергээр нөлөөлөх бүтээл гэж боддог.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

“Ажил хүнийг голдог, хүн ажлыг голдоггүй” гэж аав маань анх ажилд ороход хэлж байсан. Ажил чинь голбол хэчнээн сэтгэлтэй, мэдлэгтэй байсан ч нэмэргүй гэсэн санаа байжээ гэдгийг сайтар ухаараад байгаа шүү.

14. Бусдад шидэх санаа?

Янз бүрийн томоохон ном, товхимол унш гэж зөвлөхийн оронд цагаа барьж байхыг л зөвлөе. Цагаа барьж байгаа хүн чинь ажлын төлөвлөлтөө хийж буйгаас гадна хувь хүний төлөвшлөө тогтоож буйн шинж. Цаг барьж сурсан хүн ямар ч ажил хийсэн бай хариуцлагатай, ур чадвартай байж чадна гэж боддог доо.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.