Үүсгэн байгуулагдаад удаагүй байх үедээ манай редакц цахим орчин дахь бидний салшгүй хэрэглээ болсон “Болор Толь”-ийг бүтээгч, “Болор софт” компанийн үүсгэн байгуулагч С.Бадралыг "Би хэрхэн ажилладаг вэ?" буландаа урьж байлаа. Тухайн үед тэрээр монгол хэлний боловсролыг технологитой хослуулах талаар мөрөөдөж, шинэ санаагаа хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байсан билээ.

Харин өнөөдөр, тэрхүү мөрөөдөл нь бодит ажил хэрэг болж, “Болор Софт”-оос гадна “Чимэгэ”, “Эгүнэ” зэрэг амжилттай стартапуудыг амжилттай бойжуулжээ. Түүний баг монгол хэлээр дэлхийн томоохон мэдлэгийн сангуудтай интеграц хийх, түүнчлэн монгол хэлээр ярьдаг, сэтгэдэг, суралцдаг виртуал монгол хүнийг бүтээх эрхэм зорилготойгоор ажиллаж байгаа юм. 

Бид түүнтэй энэ удаа ажил, амьдралд нь энэ хугацаанд ямар өөрчлөлт гарсан, мөн ирээдүйн зорилго, төлөвлөгөөнийх нь тухай дэлгэрэнгүй ярилцав. 

Байршил: City Tower, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: “Болор софт”, “Чимэгэ”, “Эгүнэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 14
Хэрэглэдэг компьютер: TUXEDO XMG FUSHION
Сошиал хуудас: S_Badral (X)

Есөн жилийн өмнө С.Бадрал захиралтай хийсэн "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага

1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ? өнгөрсөн 9 жилийн өөрчлөлтийн тухайд

Одоогоос есөн жилийн өмнө “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн анхны зочдын нэг болж, яриа өгч байхад манай “Болор софт” компани "Болор Толь", "Болор Дуран" зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулж байсан бол өнөөдөр бид “Чимэгэ”, “Эгүнэ” зэрэг амжилттай стартапуудыг бий болгосон баг болж өргөжжээ. 2019 онд бид монгол яриаг текст болгон хөрвүүлэх, мөн текстийг ярианд хувиргах цоо шинэ суурь технологи болох "Чимэгэ"-г амжилттай хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн нь "Чимэгэ Системс"-ийг үүсгэн байгуулах үндэс болсон юм.

Манай баг 2008 оноос хойш монгол хэл, бичгийн хэрэглээг технологитой уялдуулан хөгжүүлэхэд тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ туршлагадаа үндэслэн “Чимэгэ”-г хөгжүүлэхдээ хэрэглэгчдэд хүртээмжтэй, өдөр тутмын амьдралд нийцсэн байдлаар бүтээхэд анхаарсан. Үр дүнд нь, “Чимэгэ”-ийн технологи монгол хэлний авиаг аялга харгалзахгүйгээр 97 хувийн нарийвчлалтайгаар текст болгон хөрвүүлж байна. Энэ нь дэлхийд өргөн хэрэглэгддэг англи хэлний технологитой өрсөлдөхүйц үзүүлэлт.

"Чимэгэ"-г хөгжүүлсний дараа бидний анхаарал зөвхөн яриаг текст болгон хөрвүүлэхээс илүү хураангуйлах, редакторлах зэрэг хэрэгцээг хангах технологид чиглэсэн бөгөөд үүний үр дүнд "Egune" (Natural Language Understanding) системийг бүтээсэн.

Хүнээр зүйрлэвэл, “Чимэгэ” нь ам, чих зэрэг мэдрэхүйн эрхтэнтэй адил бол “Egune” нь сэтгэж, ойлгож, дүгнэлт гаргадаг тархины үүргийг гүйцэтгэнэ. Харин суурь мэдээллийг хангаж байгаа “Болорсофт” нь энэ бүхний тулгуур суурь. Хувь хүний төдийгүй үүсгэн байгуулсан гурван компанийн маань эрхэм зорилго бол Монгол виртуал хүнийг бүтээх.

Орчин цагийн өндөр технологи бидний амьдралд тав тух, бүтээмжийг авчирч буй ч үүний хажуугаар хэл, соёл устах аюул дагуулж байгаа. Харин энэ хурдацтай өөрчлөлтийн давалгаанд өртөх хамгийн өндөр магадлалтай орнуудын нэг бол Монгол.

Хэл бол тухайн үндэсний соёлын гол тээгч. Тиймээс цахим орчинд тухайн хэлний дархлааг бэхжүүлэхийн тулд хөгжүүлж байгаа систем нь ч бас үндэснийх байх шаардлагатай гэж би хувьдаа боддог. Тиймээс Монгол үндэстэн ирээдүйд эх хэл,соёлоо хадгалж үлдэхийн тулд зайлшгүй монгол хэлээрээ дэлхийн мэдлэгийн том сангуудтай хоршиж, виртуал монгол хүнийг бүтээх хэрэгтэй.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өмнөх ярилцлагын үеэр би Германд, манай үндсэн баг Монголд ажилладаг байлаа. Хол зайтай, цагийн зөрүүтэй учир хоорондоо тогтмол холбоотой байх, мэдээлэл солилцох үйл явц нэлээд төвөгтэй байсан. Энэ хугацаанд гэр бүл маань Германд, би өөрөө Монгол Герман хоёрын хооронд нааш цааш явсаар 2022 онд гэр бүлээрээ Монголдоо буцаж ирэх шийдвэр гаргасан юм.

Ажлын дундаж өдрийн хувьд хоногийн 24 цагийн 20 цагт нь ажилладаг хэвээрээ ч гэсэн Монголдоо ирснээр бүтээмж дор хаяж хоёр дахин нэмэгдсэн шүү. Урьд нь цагийн зөрүүнээс шалтгаалан Монголд өглөө болж байхад Германд шөнө таардаг байсан тул дөрвөн цаг хүртэл унтахгүй байж багийнхантайгаа харилцдаг байлаа. Харин одоо бол дор дор нь ярилцаад, үүрэг даалгавар өгч авалцах зэргээр харилцааны зардал мэдэгдэхүйц багасаж байна. Цар тахлаас хойш дэлхий нийтээр “зайнаас ажиллах” трэнд дэлгэрсэн. Гэхдээ маш олон жил зайнаас ажилласан миний зүгээс харахад “зайнаас ажиллах” үед байгууллага дотор мэдлэгийн солилцоо явагдахаа больчихдог юм шиг.

Түүнчлэн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг нэг цэг дээр зангидах учиртай зүйл бол байгууллагын соёл, алсын хараа нь. Гэтэл нэг нь гэрээсээ, нөгөөх нь оффис дээрээ ажиллаад, хэн хэнийхээ царайг ч хараагүй хүмүүсийн хооронд соёл бий болгох нь боломжгүй зүйл. Энэ мэтчлэн зайнаас ажиллахын сөрөг талууд олон.

Хэдэн жилийн өмнө бид “Болор софт” дээр жилдээ дор хаяж нэг систем бүрэн ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байсан. Харин одоо бол мэдлэгийн солилцоо, чадамж өсөөд ирэхээр бүтээмж мэдэгдэхүйц өсөж байна. Chimege Sub төслийг л гэхэд манай бизнес хөгжлийн менежер санаачилж, хөгжүүлэгчдийн үндсэн ажлын хажуугаар гялс туршаад үзэцгээе гээд л 14 хоногийн дотор бэлэн болгосон байх жишээтэй.

3. ТАНЫ АЖЛЫН арга барил?

Би хэн нэгний хийсэн юмыг дахин давтаж хийдэггүй, үргэлж шинийг эрэлхийлж, өөрийнхөөрөө хийхийг хүсдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Суурь систем бол 2000 оноос хойш тасралтгүй Linux ашиглаж байна.

Байгууллагын дотоод харилцаандаа Element-ийг ашигладаг учраас өдөртөө хамгийн их цаг зарцуулдаг апп энэ л байна даа. Element нь ямар ч сервертэй холбогдож, матрикс протоколоор ажиллах боломжтой систем юм. Өмнө нь байгууллагын дотоод харилцаанд Slack-ыг ашиглаж байсан ч хэдэн жилийн өмнө Slack-аас өөрсдийн түүхээ татаж авах хүсэлт тавихад маш замбараагүй архивын мэдээлэл ирсэн. Үүнээс хойш гаднын систем ашиглах нь байгууллагын санах ойг бүрэн дүүрэн хадгалах боломжгүй гэдгийг ойлгож, өөрсдийн системээ хөгжүүлэх шийдвэр гаргасан хэрэг.

Мөн бидний хувьд улсын онцгой объект гэдэг шиг нууцлалын зэрэг өндөртэй олон төслүүд дээр ажилладаг тул Google Docs, Drive зэрэг гаднын систем биш өөрсдийн системээ дотооддоо ашигладаг. Цахим шуудангаа хүртэл өөрсдийн серверээсээ ажиллуулдаг. Кодоо ч гэсэн цэвэр өөрийн систем дээр бичдэг. Бие даасан өгөгдлийн төвтэй учраас интернэт тасарлаа гээд манай нэг ч үйл ажиллагаанд нөлөөлөхгүй.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Есөн жилийн өмнөхөөс хариулт маань эрс өөрчлөгдсөн шүү (инээв). Тухайн үед би цахим шуудан бичиж, харилцаанд цаг их зарцуулдаг байсан бол одоо энэ ажлыг бүрмөсөн зогсоосон. Учир нь “Эгүнэ” англи, герман, монгол хэл дээр ирсэн аливаа цахим шууданг монгол руу шууд орчуулаад зогсохгүй хариу бичих текстийг ч албаны харилцаанд тохируулан найруулж өгдөг.

Өмнө нь гэрээ, хамтран ажиллах санамж бичиг зэрэг урт бичиг баримт уншихад багагүй цаг үрэгддэг байсан. Харин одоо “Эгүнэ”-д эдгээр текстийг өгч, хамгийн чухал хэсгүүдийг нь онцолж харахыг даалгахад л хангалттай.

Товчхондоо, 24/7 тасралтгүй ажилладаг хувийн туслахтай болсноор ажлын бүтээмж эрс нэмэгдсэн шүү.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

"Эгүнэ"-ийн тусламжтай ажлын төлөвлөгөөгөө гаргадаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ажлаагүй цагтаа гэр бүлтэйгээ л хамт цагийг өнгөрүүлж, эрч хүчээ сэлбэдэг дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Виртуал хүн бүтээх алсын хараа маань өөрөө тийм ч амар ажил биш. Энэ зорилгынхоо төлөө амьдралынхаа дийлэнх хугацааг зарцуулж байгаа тул манай компани, миний хийж байгаа ажил өөрөө миний хобби юм.

Олон нийтийн оролцоог хангах тал дээр Хиймэл Оюуны Үндэсний Мэргэжлийн зөвлөлийг өнгөрөгч онд байгуулсан. Энэ жил уг ТББ-ынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх тал дээр түлхүү ажиллах бодолтой байгаа. ТББ-ыг үүсгэн байгуулах болсон шалтгаан их энгийн. Зөвхөн манай хамт олон гэхгүй дотоодод мэдээллийн технологи, програм хангамжийн салбарт ажиллаж байгаа технологийн мэргэжилтнүүд маань зөвхөн технологидоо л анхаарал хандуулж, өмнөх кодоо л нухаад байдаг. Гэтэл зах зээл, манай хэрэглэгчид, академик салбар, төрийн шийдвэр гаргах байгууллага хаана яваа нь тодорхойгүй, тун бүрхэг байна. Салбартай холбоотой статистик тоо баримт хомс, эцсийн хэрэглэгчид нь технологийн бүтээгдэхүүний ач холбогдлыг ойлгохгүй, цаашлаад академик салбарт нь хангалттай чадварлаг хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэгдэхгүй байна гээд олон асуудал бий.

Тиймээс энэ салбарт ажиллаж буй залуус салбарынхаа хөгжлийг тогтвортой бөгөөд урт настай байлгахын тулд төрийн хиймэл оюуны бодлогод нөлөөлж ажиллая, Монгол Улсын стратегийг гаргахад мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр уг ТББ-ыг байгуулсан.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хамгийн том бэрхшээл бол хүний нөөц. Мэдээллийн технологи, програм хангамж гээд бүтээлч үйлдвэрлэлийн салбар зөвхөн хүний оюунаар хөдөлдөг онцлогтой салбар. Хэдий манай салбар мэргэжилтний хомсдолтой байгаа ч гэсэн бидний хувьд энэ жил багаа 200 хүн болгож, өргөжүүлэх зорилготой байна.

“Чимэгэ”-ийн хувьд эхний жилүүдэд санхүүгийн асар хүндрэлтэй байсан. Харин энэ жил “Чимэгэ”-ийн орлого, зарлага хоёр тэнцэж, алдагдалгүй ажиллаж эхэллээ.

Зах зээл нь эрүүл биш, худалдан авагчид нь програм хангамжийн бүтээгдэхүүнийг 100 ч бай, 100 мянган төгрөг ч бай “Ямар үнэтэй юм бэ?” гэсэн хандлагаар хүлээж авдаг нөхцөлд мэдээллийн технологийн компани алдагдалгүй ажиллана гэдэг бол маш том сорилт хийгээд амжилт юм.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Энэ жилээс эхлэн Монгол орон даяар төрийн байгууллагууд хос бичгээр төрийн хэргийг давхар хөтөлж эхлээд байна. Бидний хувьд латин, крилл, монгол бичиг аль нь ч бай хамаагүй цахим орчинд алдаагүй байх хэрэгтэй гэж үздэг. Тиймээс “Болор Софт” Монголын анхны монгол бичиг хөрвүүлэгчийг бүтээж, хамгийн сүүлд гэхэд монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Аливаа бичгийг цахим орчинд саадгүй хэрэглэх гол үндэс нь Юникод стандартад орох явдал. Харамсалтай нь, Монгол Улс 2000 онд монгол бичгийн кодчиллын стандарт баталж, юникодод оруулсан боловч хэд хэдэн алдааны улмаас 18 жил тогтворжоогүй өдийг хүрсэн. Монгол бичгийн стандарт дээр үүсээд байгаа асуудал нь угтаа тун энгийн. Крилл дээр ч гэсэн ө, ү гээд хоёр үсгийн фонт дутуу байвал асуудал үүснэ. Тэрэнтэй л адил. Олон жилийн турш засагдаагүй асуудал одоо шийдэгдсэн тул цаашдаа юникодод нийцсэн монгол бичгийн фонтуудыг хөгжүүлэх, бусад ахисан түвшний программууд дээр ашиглах боломжтой болж байгаа хэмээн ойлгож болно.

“Чимэгэ”-ийн тухайд энэ жил Голомт банктай хамтраад виртуал банк бүтээхээр ажиллаж байна. Виртуал санхүүч, виртуал ресепшн, виртуал теллер зэрэг үйлчилгээг бид технологийн хувьд нийлүүлэх бөгөөд хүний оролцоогүй, хүнд үйлчилгээ үзүүлдэг банкийг бий болгох юм. Түүнчлэн IVA одоогоор зөвхөн хэрэглэгчидтэй харилцаж байгаа бол ойрын хугацаанд виртуал эмч, багш, хуульч гээд төрөл бүрийн салбарт мэргэшиж эхлэнэ.

Өөр нэгэн онцлох төсөл нь ХНХЯ-тай хамтран виртуал нийгмийн даатгалын байцаагчийг үйлчилгээнд нэвтрүүлэх төсөл. Мөн өнгөрсөн жил ЦЕГ-тай хамтран 120 цагдаа мэдүүлгийн системийг “Чимэгэ”-ийн тусламжтай автоматаар буулгах ажлыг туршилтын байдлаар хэрэгжүүлж, энэ онд мэдүүлэг авах системийг бүрэн автомат болгохоор мөн төлөвлөж байна. Цаашлаад “Чимэгэ”-ийн технологийг Төв Ази руу нийлүүлэх, Казахстан, Узбекистан зэрэг орнууд руу зах зээлээ тэлэх зорилт байгаа.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хиймэл оюун ухааны салбар өөрөө маш хурдацтай өөрчлөгдөж, хувьсаж байна. Тэгэхээр салбартай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авахын тулд академик өгүүлэл, мэргэжлийн чиглэлийн зузаан бүтээлүүдийг сүүлийн үед “Эгүнэ”-ээр дамжуулан хураангуйлан уншиж байгаа.

Хувийн хөгжил талаасаа бол ажлаа хийж байх явцдаа л суралцаж байна даа. Манай хөгжүүлж буй хиймэл оюун ухаан, програм хангамж аль аль нь Silicon Valley-ийн хөгжилтэй зэрэгцэж яваа хэмээн бид нүүр бардам хэлж чадна. Цоо шинэ зүйлийг хөгжүүлж буй гэдэг утгаараа өдөр тутамдаа нүүр тулах асуудлын тоо ч их. Эдгээрийг шийдвэрлэх нь өөрөө тасралтгүй суралцаж, туршлага хуримтлуулах үйл явц юм болов уу.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Сүүлийн зургаа, долоон жилийн турш Blinkist аппад жилд ердөө 179 евро төлж, номын товчлол уншиж, сонсож ирсэн. Ялангуяа урт номыг бүтнээр нь унших цаг зав муутай үед эсвэл замд явахдаа утсандаа хэдэн номын товчлол татаж аваад цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд энэ төрлийн апп маш хэрэгцээтэй санагддаг.

Хамгийн сүүлд гэхэд Боловсролын салбарт хиймэл оюун ямар хувьсал авчрах талаар өгүүлсэн Brave new words хэмээх номын товчлолыг уншиж дуусгаад байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

"Бүх зүйл хоёр талтай. Хэдий чинээ гэрэлтэй байна, төдий чинээ сүүдэр нь тодорч харагддаг. Таны амжилттай, сайн явах нь тэр гэрэлд л байх асуудал шүү дээ" гэж Германд миний ажиллаж байсан компани болох IMCI-ийн захирал Ульрих Хайннеман хэлж байсан юм. Тэрээр аливааг сүүдэртэй талаас нь үргэлж харвал амьдрал там шиг санагдана, харин аль болох бүтэх, гэрэл гэгээтэй талаас нь харах хэрэгтэй гэж зөвлөж байсныг санаж явдаг. Есөн жилийн өмнөх ярилцлагадаа дурдаж байсан энэ зөвлөгөөг өнөөдөр ч гэсэн сануулж хэлмээр санагдлаа. Манай захирал энэ жил ажлаа хүлээлгэж өгөөд албан ёсоор тэтгэвэртээ гарсан байна лээ.

Өөр нэгэн зөвлөгөөг дурдвал, уулзах завшаан хараахан тохиогоогүй ч Linux үйлдлийн системийг үүсгэн байгуулсан Линус Бенедикт Торвалдсыг хувьдаа ихэд хүндэлж явдаг юм.

Тэрээр нэг ярилцлагадаа хэлэхдээ "Билл Гейтс, Марк Цукерберг гэх мэт амжилттай яваа стартапын үүсгэн байгуулагчид их сургуулиа хаясан тухайгаа ярих нь түгээмэл болсон. Гэвч бодит байдал дээр амжилттай стартап босгоно гэдэг биелэшгүй даалгавартай адил. Нийт стартапын 99 хувь нь дампуурч, зөвхөн нэг хувь нь зах зээл дээр тэсэж үлддэг. Үлдсэн нэг хувиас амжилтаа тогтвортой хадгалж үлдэх нь бүр ч цөөн. Тиймээс амжилтад хүрсэн стартапын эздийн түүхийг дөвийлгөн, олон нийтэд түгээдэг хэрэг. Харин үнэн хэрэгтээ, их сургуулиа амжилттай төгсөж, хичээлдээ онц дүнтэй байсан хүмүүс нийгмийн үнэ цэний 90 хувийг бүтээж байна" гэж хэлж байсныг мартдаггүй.



14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өмнөх ярилцлага дээр стартап эхлүүлэхээр зорьж буй залуустаа гадаадад сургуульд явангаа тэндээсээ стартап эхлүүлбэл дэлхийд гарах арай хялбар гарц байж мэдэх юм гэж зөвлөж байсан. Харин одоо энэ асуултад арай өөр өнцгөөс хариулахыг хүсэж байна.

Дэлхийн хаана ч бай стартап эхлүүлэхэд асар олон жилийн тууштай зүтгэл, сэтгэлийн хат хэрэгтэй. Тэгэхээр залуус маань юун түрүүнд “Амьдралынхаа 1,3 магадгүй 5 жилийн хугацааг би яг энэ төсөлд зарцуулахад харамсахгүй байж чадах уу? гэдэг асуултыг өөртөө тавиад, шударгаар хариулаарай гэж л зөвлөе. Хэрвээ хариулт чинь эргэлзээтэй, эсвэл энэ хугацаагаа зарцуулсандаа харамсаж магадгүй гэж бодож байвал анхнаасаа эхлүүлэхгүй байсан нь дээр.

Стартап бол тэвчээр, итгэл үнэмшил, тууштай зүтгэл шаарддаг амьдралын том шийдвэр юм. Тиймээс энэ замд орохоор шийдсэн л бол цаг хугацаа, зүрх сэтгэлээ харамгүй зориулж, үр дүнд нь бахархахуйц зүйл бүтээх хүсэлтэй байх хэрэгтэй.