Боловсролын салбарын нэгэн тод дүр болох Б.Батжинг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа. Сурагчдыг TOEFL-д бэлдэх сургалт нь дунд ангийнханд зориулсан "Summer school" хөтөлбөр болж, явсаар "Томүжин" болж өргөжсөн түүхтэй тэрээр өдгөө "ELF Education" хэмээх, боловсролын салбарынхны харах өнцөг, алсын харааг өөрчлөх том амбицтай байгууллагыг удирдаж буй. Ар гэрийн нөхцөл бололцооноос үл хамааран, үнэхээр сурах чин эрмэлзэлтэй хүүхдүүдийг авна гэдэг, мөрөөдөл, зорилгодоо хөтлөгдсөн, өөрийнхөө үнэ цэнийг ойлгосон, чадварлаг хүүхэд залууст хүссэн сургуульдаа ороход нь тусалдаг түүний ажлын арга барилтай танилцана уу.

Байршил: ХУД, 11-р хороо, Зайсангийн ам, "Хүмүүн" дунд сургууль
Эрхэлдэг ажил: "ELF Group"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батжин
Хэрэглэдэг гар утас: iPhone 12
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Batjin Boldbat (Facebook), Batjin (Instagram), Batjin Boldbat (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

“Эрэл”-ээс эхлээд хэд хэдэн сургууль дамжиж суралцаад эцэст нь “Хобби”-г төгссөн. Дараа нь АНУ-ын Уильямс Коллежид олон улсын харилцааны чиглэлээр сурч байхдаа нэг жил Францад оюутан солилцоогоор очиж суралцсан. Өдгөө “Зориг сан”-д харьяалагддаг MYLP хөтөлбөрийн хүрээнд “Найрамдал” зусланд 10 хоног багшилсан минь анхны ажил юм уу даа. Их сургуулиа төгсөөд Lever INC гэдэг, Норт Адамс хотын эдийн засгийг сэргээж идэвхжүүлэх зорилготой стартап инкубатор, хурдасгуур төвд ажиллаж, сургуулийнхаа төгсөгчидтэй уулзаж хандив босгодог байлаа. Хэсэг ажиллаад Монгол руугаа буцахаар шийдсэн. Тэгэхэд “Томүжин академи”-ийнхаа үйл ажиллагааг хэдийн эхлүүлчихсэн байсан л даа. Ирээд "Томүжин"-гийн үйл ажиллагааг эрхлэхийн хажуугаар бизнест хүч сорихыг хүсэж, 2016 онд "Ulaanbaatar Passport" (UBP)-ийг үүсгэн байгуулсан. Нийслэл хотынхоо онцлогийг шингээсэн, өвөрмөц бүтээгдэхүүн бүтээх хүслээс UBP төрсөн юм.

"Томүжин академи"-ийн үйл ажиллагаа тэлэхийн хэрээр, хүн сурна гэж ер нь юуг хэлж байгаа юм гэдгийг улам бүр ухаж ойлгохыг хичээсэн. Хүүхэд бүрд хүрэхгүй л бол бүрэн боловсрол болохгүй юм байна гэж ойлгоод, үүнд тулгуурлан сургалтын хөтөлбөр боловсруулж явсаар өдгөө “ELF Education”-ийг байгуулаад байна. ELF гэдэг нь “Empowering lives forever” гэсэн үг. “Хүмүүн” бага, дунд сургууль, “Томүжин” альтернатив сургууль, “Томүжин академи”, “ЭкоГэр” цэцэрлэгийг нэгтгэсэн энэ цогцолбор байгууллага маань боловсролоор дагнаж, Монголын шинэ залуу үеийг хүчирхэгжүүлэхийн төлөө ажиллана. “ЭкоГэр” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Б.Солонго бид хоёрын алсын хараа яв цав нийцсэн учраас өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хамтран ажиллаж эхэлсэн. Манайх жирийн бизнес биш, ТББ ч бас биш, бид бол нийгэмд ээлтэй бизнес (social enterprise) юм. Түүнчлэн “Томүжин дижитал” гэдэг технологийн компани байгуулан, гурван платформ хөгжүүлж буй. Миний карьер дөнгөж л эхэлж байна гэж боддог.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө босоод 30 минутыг ном юм уу мэдээ, нийтлэл уншихад зориулдаг. Босонгуутаа утсаа шалгадаггүй. Дасгалаа хийж дууссан хойно л “Slack”-аа нээнэ. Миний үндсэн ажил бол зохицуулах, шийдэл, шийдвэр гаргахад туслах. Иймдээ ч өдөр уулзалтаас уулзалтын хооронд өнгөрдөг. Компьютер дээр удаан суух үе барагтай үгүй дээ. Сургуулийнхаа үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг гүйцээчхээд, 7 цагаас хойш “Томүжин дижитал”-ынхаа ажил дээр шөнийн 12-1 хүртэл суудаг. Гэхдээ ойрд нойроо хасах хөнөөлтэй гэдгийг ойлгоод 11-ээс хэтрэлгүй унтдаг болохыг хичээж байгаа. Нэг хэсэг унтахыг бүр үздэггүй болчихсон байж. Бодолдоо бараг л “унтах дэмий” гээд итгүүлчихсэн. Одоо бол бага унтсан өдрөө өөрийгөө айхавтар шахаж дасгал хийхгүй, өдөр хийчих гэх мэтээр нойрыг чухалчилж сурч байгаа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ямар ч айлын хүүхэд байлаа гэсэн чанартай боловсрол эзэмших эрхтэй гэж бид үздэг. Бид ТББ-ын статустайгаар ажиллаж болох ч хандив дуусахад үйл ажиллагаа зогсчих талтай учраас “Робин Хүүд” зарчмаар сурагчдынхаа 50-60 хувийг тэтгэлгээр сургая гэж шийдсэн. Товчхондоо, 40-45 хувийг бүрдүүлж байгаа сурагчид маань нөгөө 55-60 хувийнхаа сургалтын зардлыг дааж байгаа юм. Чадвартай, хөрөнгөтэй хүнд авахыг хүсэж байгаа үйлчилгээг нь үзүүлээд, түүнээс авсан мөнгөө хуваарилж байгаа хэрэг л дээ. Гэхдээ шалгаруулж авахдаа мөнгө төлөх чадвараас нь үл хамааран, тухайн сурагчийн хүсэл эрмэлзэл, чадварыг хардаг. Манайд ханддаг хүүхдүүдийн 70-80 хувь нь улсын сургуулийн сурагчид байдаг юм. Хувийн сургуулийн хүүхэд англи хэлний мэдлэгээр мэдээж илүү ч гэлээ өөртөө итгэх итгэл, амьдралын зорилгоо тодорхойлсон, биеэ даасан байдал зэргээрээ улсын сургуулийнхантай адилхан байгааг олж харсан. Бид бясалгалд явуулах, сэтгэлзүйчтэй уулзуулах зэргээр сэтгэл доторхыг нь уудалж, зорилгоо тодорхойлоход нь туслах ганцаарчилсан уулзалт хийх зэргээр хүүхдийг бие хүн болж төлөвшихөд нь анхаардаг.

Багш нар маань маш өндөр шалгуур дор ажилладаг. Өөрөө гүзээтэй, хоцордог хэр нь "Хоцрох муухай шүү", "Эрүүл мэндээ анхаараарай" гэдэг багш байхгүйн төлөө хичээж, биеэрээ үлгэрлэх үзэл баримтлалтай. Долоо хоногийн эхэнд багийнхантайгаа уулзаад асуудал, бэрхшээлийг нь ярилцаад энэ долоо хоногт, тэр өдөр юун дээр илүүтэй төвлөрч ажиллахаа шийддэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Олон нийтийн сүлжээний аппууд, Slack, Google Calendar тогтмол ашиглана. Саяхнаас эрүүл мэнддээ анхаарч, биеэ бялдаржуулах үүднээс “BodyFast Intermittent Fasting”, “McGregor Fast” гэдэг хоёр аппликэйшнийг ашиглаж байгаа. Бас нойрны дадал бүртгэдэг “Pillow” гэх аппликэйшнийг ашиглаад сар орчим болж байна.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хурал эхлүүлэхдээ төгсгөлд нь ямар үр дүнд хүрэхээ тодорхойлно. Хурлын өмнө бүх шаардлагатай материалтайгаа танилцчихсан ирэх хэрэгтэй гэх зэрэг бол угаас ойлгомжтой биз ээ. Аль болох шулуухан ярилцаж, юу хүлээж буйгаа хэлэлцэж тохиролцохыг боддог. Хүмүүстэй хамтрах бол цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга. Харилцах, бичих чадвараа сайжруулж чадвал асар үр дүнтэй ажиллах боломжтой.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Тони Роббинсын RPM гэдэг системийг ашигладаг. Result, purpose, massive action гэдэг гурван үгийн товчлол. Үр дүнгээсээ эхэлж боддог аргачлал юм. Хүмүүс энэ онд хийх зүйлс гээд, хоорондоо онц авцалдаагүй урт жагсаалт гаргадаг шүү дээ. Би тухайн жил заавал харахыг хүсэж байгаа таван үр дүнгээ бичээд, яагаад энэ үр дүнд энэ хугацаанд хүрэх ёстой юм бэ гэдэг шалтгаанаа бичдэг. Дараа нь хийх ажлын төлөвлөгөөндөө орно. Төлөвлөгөөгөө гурван сар, нэг сар, долоо хоног гэх гурван шатлалаар гаргадаг. Их нарийн бол төлөвлөдөггүй. Хувийн амьдралдаа ч ялгаагүй, 30, 40 настайдаа ямар байхыг хүсэж байгаагаа бодож, түүндээ захирагдаж төлөвлөнө. 30 настайдаа ийм байх ёстой юм бол өнөөдөр юу хийх хэрэгтэй гэсэн үг вэ гэх мэтчилэн боддог гэсэн үг. "Miro" апп дээр алсын хараагаа зураглаж, хуанли руугаа буулгадаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Спорт, дасгал хөдөлгөөн. Өдөрт хамгийн багадаа 1.5 цаг зүрхний цохилтоо 155-аас дээш гаргах хөдөлгөөн хийнэ. Өглөөгүүр амжуулчихвал тэр өдөржин сайхан байдаг. Өнөө өглөө л гэхэд багаараа мэргэжлийн тамирчидтай жюүжицүгээр хичээллэлээ. Хүмүүс 8 цагт нойрмоглоод сэрж, нозоорчихсон байдалтай ажил руугаа орж байхад бид хэдийн цаг гаруй дасгал хийж сайхан хөлрөөд, усанд орж биеэ сэргээчхээд ажлаа эрч хүчтэй эхлүүлэх жишээтэй. Сууж хэвтэнэ гэхээс илүү хөлөрч алжаалаа тайлдаг даа. Дээр хэлсэнчлэн нойрондоо анхаарч байна. Би өдөрт дунджаар 3 цаг унтаад яваад байсан юм. Унтахгүй явна гэдэг тэнэглэл гэдгийг ухаарсан.

Одоо уншиж байгаа ном


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

JCI-ийн менторшип хөтөлбөрийн хоёр оюутанд зөвлөгөө өгч (ментор) байгаа. Манай ELF нийгмийн төсөл учраас зарим талаар сайн дурын ажлаас ялгарах зүйлгүй. UBP-г ажиллуулж байхдаа таашааж хийдэг асан, зураг авах зэрэг бүтээлч зүйлсийг завтай цагтаа амжуулж өөрийгөө баясгадаг.

Олон нийтэд ажлаа таниулахад ойрд нэлээн анхаарч байгаа. Урьд нь анхаарлын төвд байх гэсэн хүмүүс л олон нийтийн сүлжээг чухалчилдаг гэх хандлагатай байсан бол одоо үнэхээр ажлаа хийж чадаж байж дуугаръя, байгууллагаа таниулъя гэж шийдсэн. Ийм ч учраас олны өмнө гарах санал тавихад хүлээж авдаг болсон гэх үү. Саяхнаас “Юнител”-ийн дараа төлбөрт үйлчилгээний нүүр царай болсон байх жишээтэй. Рекламд тоглож, нүүр царай болох тухай ер боддоггүй байсан ч үнэ цэн бүтээх, амжилт өөд тэмүүлэх, одоо байгаагаас илүү зүйлд хүч сорих тухай үзэл санаа нь миний бодож явдаг зүйлстэй уялдаж байсан учраас саналыг нь хүлээж авсан.

Угтаа би захирал нь гээд, багийнхаа урд нь гарч ярихыг хүсдэггүй л дээ. Надаас хэт хамааралтай болчих вий, би энэ ажлынхаа боол нь болчих вий гэж эмээдэг. Өөр зүйл хиймээр, шинийг сурмаар байна шүү дээ. Гэхдээ олон нийтийн сүлжээ хүмүүст үнэхээр нөлөөлдөг юм байна гэж дүгнээд байгаа.

Freedom is GREEN by Unitel

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Одоогоор тулгарч байгаа гол бэрхшээл нь бизнес моделио хүмүүст зөв ойлгуулах юм. Би мөнгө төлж байхад яагаад энэ хүн төлөхгүй байгаа юм гэдэг асуулт тавьж байгаа хүнд “би үүнийг төлж байгаа учраас энэ хүүхэд бас сурч чадаж байгаа юм” гэж бодогдуулах гэх үү дээ. Харин сул тал гэвэл гэр бүлдээ хангалттай цаг гаргахгүй байгаа минь юм даа. Айлын хүүхдэд өөрийн хүүхдээс илүү цаг зарцуулж байгаа хэрэг . Багшийн ажлын онцлог нь тэр. Гэхдээ би хийдэг ажлаараа маш их бахархаж, сэтгэл хангалуун явдаг. Дуртай ажлаа хийж яваа хүн.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Монголд сургууль тэлэхийг байшингаа томсгох, шинэ барилга барихтай дүйцүүлж ойлгодог шүү дээ. Манай ELF групп энэ загварыг өөрчлөхийг зорьж байгаа. 10 мянган сурагчтай, нийслэл, орон нутгийн 10-15 сургуулийг эгнээндээ нэгтгэх төлөвлөгөөтэй. Барилгад баригддагаа больё, жишээ нь манайх Хөвсгөлд сургуультай боллоо гэхэд тэндхийн сурагч хотод ирээд Төмөр зам дахь салбарт картаа уншуулаад долоо хоног суралцчихдаг, Зайсанд амьдардаг эмээ өвөөгийндөө ирлээ гэхэд энэ салбарт хичээлдээ орчихдог байх гэх мэт. XXI зуунд амьдралын хэв маяг асар хурдтай өөрчлөгдөж байхад сургуулиуд ер гүйцэхгүй байгаа. Сургуулиуд хаалттай, хөгжил нь удаан, мэдлэг, арга барилаа бусадтайгаа хуваалцдаггүй. Дов довондоо өрсөлдөөд л байдаг, гэтэл өнөөдөр аль ч хүн интернэтээс мэдлэг, мэдээлэл олж авах боломжтой, нээлттэй өрсөлддөг болчхоод байхад.


Олон янз, хүрээллийн сурагчид байхын ач тусыг би өөрөө Уильямс Коллежид сурсан үеэсээ мэднэ. Би тэндхийн хөрөнгөтэй айлын хүүхдүүдийн харах өнцгийг өөрчилж, идэвхжүүлдэг учраас тэр сургуулиуд хэдэн зуун мянган долларын тэтгэлэг надад өгч байгаа юм шүү дээ. Аав нь том банктай хүүхэд үүрийн 4 цаг хүртэл суугаад хичээлээ хийж байхад ядуу Батжин яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ гэж би цохилт авч байхад тэндхийн хүүхдүүд миний ярихыг сонсоод юм бүхэн нь зүгээр өгөгдчихөөгүйг ойлгож, шинийг мэдэж сурч авах жишээтэй. Оюутнууд ингэж бие биеэ идэвхжүүлдгийн ачаар том сургуулиуд асар бүтээмжтэй төгсөгчдийг бэлдэж гаргадаг. Үгүй бол юуны төлөө тэд энэ өргөдөл гэдэг төвөгтэй системийг асар их зардлаар хийх билээ? Гэхдээ Уильямс Коллеж бол олон жил үйл ажиллагаа явуулаад тогтчихсон, санхүүжилтээ өөр хэлбэрүүдээр мөн бүрдүүлдэг газар. Цаашид дан "Робин гүүд" загвараар явах боломжгүй учир хөрөнгө оруулалтын сан (endowment fund) байгуулсан. Монголд манайх шиг үйл ажиллагаатай байгууллага цөөний дээр монголчууд хандив өгч дадаагүй учир үүнийг хэрэгжүүлэхэд амаргүй.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хүмүүс хийх гэж байгаа зүйлсээ дотроо бод, бүтсэнийх нь дараа хэл гэдэг дээ, минийхээр бол харин ч эсрэгээрээ. Би угаас нэг их ажилсаг хүн биш учраас өөрийгөө хийхээс аргагүй байдалд оруулж, хөшүүрддэг. Тухайлбал, нэгдүгээр курст сурч байхдаа хоёр оюутан л ордог, Толстойн бүх том зохиолуудыг уншуулдаг хичээлийг сонгон үзэж байлаа. Яагаад гэхээр би хэзээ ч “Дайн ба энх”-ийг өөрийнхөө хувь цагаар уншихгүй л байхгүй юу. Харин тэр хичээлийг сонгосон учраас долоо хоног бүр 300 хуудас уншаад зургаан хуудас эсээ бичиж байгаа юм. Дүнгээ авах ёстой юм чинь. Яг энэ мэтчилэн өөрийгөө шахаж, тухаа олж суухгүйгээр урагшлахыг хичээдэг. Сургууль төдийд өдийд нээнэ гээд зарлачхаар түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэж л таарна. Яриад л явдаг, юу ч хийдэггүй хүн болохгүйн тулд хичээхээс өөр аргагүй.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Би өөр өөр чиглэлийн 4-5 ном зэрэгцүүлж уншвал сайн гэж боддог. Угаас ингэж байж л сардаа 4-5 номын ард гарч байгаа юм. Хүн номоос тухайн үед өөрт хамааралтай юмаа л наалдуулж авна шүү дээ. Бага байхад хүмүүс номыг дахин дахин унших хэрэгтэй гэхээр гайхдаг байлаа. Харин одоо ойлгож байна. Эхнэр хүүхэдтэй болсны дараа “Анна Каренина”-г уншихад оюутан цагт уншсанаас тэс өөр ном шиг санагдах жишээтэй. Бизнест зориулж уншиж байгаа бол Жим Коллинсын “Built to Last” гэдэг номыг уншаарай гэж зөвлөе. Бизнес биеэ дааж, тогтвортой явах ёстой механизм гэдгийг ойлгуулах ном. Сүүлд уншсанаас гэвэл Би Жэй Фоггийн “Tiny Habits” гэдэг ном байна. Хүний зан дадлыг хэрхэн өөрчлөх вэ сэдэвтэй, гоё ном байна лээ. Боловсролд хамааралтай гэвэл Кэн Робинсоны “Creative Schools” гэж ном бий. Миний библи л дээ. Хөгжмөөс гэвэл, ойрд сонссон хамгийн сонирхолтой бүтээл болох, Tommy Cash гэдэг орос дуучны “Winaloto” гэдэг дууг санал болгоё.


13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

“Сэтгэл дүүрэн амьдрахын нууц бол өгөх” гэж Тони Роббинсын хэлэхийг Сингапурт нэг сургалтад нь суухдаа сонссон юм. Ганц надад ч өгөөгүй л дээ, танхимд байсан 5000 хүнд өгсөн зөвлөгөө (инээв). “Хүн өөрийнхөө үнэлэмжийг зарж амьдардаг” гэж хадам аав маань хэлснийг бас санадаг. Зарна гэхээр заавал мөнгө гэж ойлгуузай. Хүнд ямар үнэ цэн байна, түүнийгээ өгч амьдарна. Би авахын төлөө яараагүй, бизнес болгох гэж зүтгээгүй учраас өнөөдөр багийнхан маань намайг хүндэлж байна. Гэхдээ “Намайг хүндэл, би та нарт өөр газар бол асар үнэтэй зүйлийг зүгээр өгөх гээд байна” гэх мэтийг ярьж тэнэглэж явсан үе надад бий. Ингээд өгөхгүйгээр авах гэх үед ажил бүтэхээ байдаг. Хүмүүс бага өгөөд ихийг авахыг хүсэх нь бий. Гэтэл өгөх нь авахаасаа илүү чухал юм. Өгч л байгаа бол хэзээ нэгэн цагт заавал ирнэ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өөрийгөө анхаарч сурахыг зөвлөмөөр байна. Хүн юун түрүүнд өөрийгөө найрч, "панаалдах" ёстой. Өөрийгөө найрч, хөөргөж чадаагүй байж бусдыг хөөргөж, нөлөөлөх гээд байдаг. Эхлээд өөрийнхөө дотоод хүнийг найрч итгүүл. Өглөө дасгал хийхээр босох гээд чадахгүй байх үедээ би хүүтэйгээ хөлбөмбөг тоглох гэтэл том гүзээтэй, амьсгаадаад гүйж чадахгүй байна гэж төсөөлдөг. Тэр бодол нулимс цийлэгнэтэл сэтгэл эмзэглүүлдэг учир өөрийгөө түүгээр хөшүүрэгдэж босгоно доо.