Өнөөдрийн дугаартаа бид Монголын топ хуулийн фирмүүдийн нэг болох Ананд Адвокатсын үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Бодьхүүгийн Батзаяаг урилаа. Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн салбарт 20 орчим жил ажилласан туршлагатай тэрээр Румын улсад эрх зүйч мэргэжлийг эзэмшин Хонгконг, АНУ-ын хуулийн фирмүүдийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хуульч, өмгөөлөгчөөр ажиллажээ. Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон төсөл, гэрээ, хэлэлцээрүүдэд хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгч, өмгөөлөгчөөр ажилласан арвин туршлагатай түүний ажлын арга барилыг сонирхуулъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Өмгөөллийн "Ананд Адвокатс" хуулийн фирмийн үүсгэн байгуулагч
Сонгуульт ажил: Монголын Хуульчдын Холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, Олон Улсын Барын Холбооны гишүүн, Монголын Поло Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, JCI Progress-ийг хамтран байгуулагч, 2016 оны Ерөнхийлөгч

Хэрэглэдэг гар утас: iPhone ХS Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудсууд: Өмгөөлөгч Бодьхүүгийн Батзаяа (Facebook), Batzaya Bodikhuu (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би анх Румын улсын Вест их сургуулийн хуулийн ангийг дүүргэн, Монголд МУИС-д магистрын зэргээ хамгаалсан юм. Карьерийн эхэн үедээ Хонгконг болон АНУ-ын олон улсын хуулийн фирмүүдийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хуульчаар ажиллаж, томоохон гэрээ хэлэлцээр, маргаануудыг хариуцан ажилласан нь сайн туршлага болсон. Тухайн үед Хонгконгийн хуулийн фирмийг удирдаж байсан, өдгөө 87 хүрч буй америк хуульч бидний явуулсан материалыг өөрийн гараар засаад факсаар эргүүлэн илгээдэг байлаа.

Ингээд 2003 онд МУИС-д хамт сурч байсан З.Сүхбаатар найзтайгаа хамтран "Монгол Өмгөөлөгч" хэмээх анхны хуулийн фирмээ үүсгэн байгуулсан юм. Удалгүй 2004 оноос Ананд Адвокатс хуулийн фирмийг байгуулан, өдгөө хоёр партнер, 20 гаруй хуульч, эрх зүйчтэй ажиллаж байна.

Бид 15 жилийн турш Монгол Улсад хэрэгжсэн бизнесийн том төсөл, хөрөнгө оруулалттай холбоотой төслүүдэд зөвлөгөө өгөх, гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хууль зүйн магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах зэрэг мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө өгч ажиллахаас гадна шүүх арбитрын маргаануудад оролцож, өмгөөлөл хийдэг. Тухайлбал, Өмнөд Солонгосын Samsung, Хятадын Bank of China, Export – Import bank, Union Pay, Японы JBIC, KDDI корпорац зэрэг олон улсын байгууллагыг төлөөлж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт ач холбогдолтой хөрөнгө оруулалтыг татахад гар бие оролцсон. Энэ хугацаанд манай фирмээр дамжин хуулийн салбарт орсон 200 гаруй хуульч бий.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Бидэнд цагийн менежмент хамгаас чухал учраас олон улсад өмгөөлөгчдийн цалин хөлсийг цагаар тооцох жишиг байдаг. Ажлын найман цагт утсаар ярих, имэйл бичих, хүмүүстэй уулзах зэргээр маш завгүй өнгөрдөг тул өглөө эрт юм уу оройн цагаар төвлөрөн сууж, хэрэг маргааныг уншиж судлах, бичиг баримт боловсруулах ажлуудаа амжуулдаг юм. Ачаалалтай үедээ өдөрт 12-14 цагаар, долоо хоногийн 2-3 өдөрт шөнө хүртэл сууж, бичиг цаасны ард гарах тохиолдол бий.

Бусад үед аль болох эрт босож, өглөөний зургаан цагийн үед Muscle Booster апп-аар 10-15 минутын дасгал хийдэг юм. Энэ хооронд сайн чанарын тосоор (Oil pulling) амаа зайлж, халуун, хүйтэн шүршүүрт орно. Ингээд өглөөний цайгаа уугаад 7-7:30 үед ажилдаа ирээд имэйл шалгаж, өмнөх ажлуудаа дүгнэж төлөвлөгөө гаргадаг. Өдрийн турш ус сайн ууж, зөв хооллохыг хичээдэг дээ.

Ингээд орой 19 цагаас өмнө гэртээ очиж, хоолоо идэхийг зорьдог. Оройтож хоол идэхээр амархан ядрах, өглөө дутуу нойртой босох зэрэг олон сөрөг үр дагавар гардаг болохоор хоол хүнсэндээ сайн анхаардаг юм. Ер нь бид эрүүл мэнддээ сайн анхаарахын хэрээр ажил, амьдрал, сэтгэл зүйтэй холбоотой менежментүүдийг оновчтой хийж чадна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хуульч хүнд эзэмших олон ур чадвар байдаг ч ажилдаа зүрх сэтгэлээсээ хандана гэдэг хамгийн чухал. Тухайн хэрэг, маргааныг нарийн судлахад хангалттай цаг зарцуулан, бүрэн төвлөрч байж асуудлын учгийг тайлж, бодитой үр дүн гаргадаг. Ингэхдээ онол, практикийг хослуулахаас гадна олон улсын туршлагыг сайн судлах учиртай. Аливаад анхны сэтгэгдэл, шүүмжээр хэзээ ч хандаж болохгүй.

Би хийж буй ажлаараа дамжуулан өдөр бүр олон хүнд тусалдгаараа бахархдаг. Манай хуулийн фирм төлбөрийн чадваргүй иргэд болон нийтийн эрх ашиг хөндөгдсөн 1000 гаруй асуудалд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлээд байна. Бид аливаад задлан шинжилгээ хийх, асуудлыг шийдэх, гаргалгаа гаргах оюуны өндөр чадамжтай байх шаардлагатай тул тэр хэрээр нийгмийг гэгээрүүлэхэд манлайлах боломж аяндаа бий болдог. Нэгэнт сайн өмгөөлөгч болж чадсан бол төрийн болон төрийн бус салбаруудад хөрвөн ажиллах боломжтой.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Microsoft Word, Outlook-ийг өдөр тутам ашиглахаас гадна Монгол хуульчдын хөгжүүлсэн өмгөөлөгчийн менежментийн програм болох Elawyer.mn, мэдлэг хуваалцах ilaw.mn, lexub.com-ийг түлхүү хэрэглэдэг. Олон улсын хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн зах зээлийн мэдээллийг ThomsonReuters болон Global Legal Post-оос авна. Мөн бүх төрлийн сургалтыг Coursera-аас үзэж байна.

Технологи хөгжихийн хэрээр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч чадахгүй байгаа хүмүүст онлайнаар хүрэх, хүмүүсийн эрхийг хамгаалах боломж улам өргөн болсоор байна. Энэ хүрээнд бид хуульчдын менежментийн програм, иргэдэд зөвлөгөө өгөх онлайн платформыг өдөр тутам ашиглаж байгаа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Бүх зүйлийг өөрөө амжуулахын оронд чухал ажлуудаа сайтар төлөвлөөд бусдыг нь жолооч, нарийн бичиг, туслахууддаа даалгах нь зүйтэй санагддаг. Хуулийн фирмийн захиргаа, ажлын цаг төлөвлөлт болон бусад хувийн ажлыг нарийн бичигтээ даалгаснаар өмгөөлөгчдөд үйлчлүүлэгчдэдээ аль болох их цаг гаргах боломж гарна. Харин өмгөөлөгчийн туслахууд үйлчлүүлэгчтэй эргэх холбоотой ажиллаж, үр дүнтэй, чанартай үйлчилгээг үзүүлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс зөвхөн ганцаар ажиллах бус хамтын ажиллагааг бий болгож, туслах ажлын байруудыг мэргэшүүлэх шаардлагатай байгаа.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Уламжлалт аргаар тэмдэглэлийн дэвтэр хөтлөхөөс гадна Microsoft Outlook болон гар утасны Reminder дээр ажлаа төлөвлөнө. Тэгээд сард нэг удаа заавал цаг гарган, ажлын болон хувийн ажлуудаа нэгтгэн дүгнэж, цааш хийх ажлын жагсаалтаа гаргадаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Гэр бүлээсээ л хамаг эрч хүч, энергиэ авч ажлын ачаалал, стрессээс салдаг даа. Заримдаа бясалгал хийн өөрийн ухамсар, баруун тархитай ажиллахыг хичээдэг болоод байгаа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үр хүүхдээ хүмүүжүүлж хойч үеэ бэлтгэх нь миний амьдралын хамгийн том төсөл гэж хэлж болно.

Түүнээс гадна бусдын адил энгийнээр бодож сэтгэх, хүн болгоны уншдаг номыг унших нь миний насан дээр хангалтгүй болов уу. Тиймээс хүний мөн чанар, амьдралыг утга учрыг хайж олохыг, өөрийгөө уламжлалт бус аргаар таньж нээхийг хичээдэг. Аливаа учир шалтгааныг өнгөн талаас бус гүнзгий судлах, танин мэдэх замаар өөрийнхөө дотор орохыг эрмэлздэг гэж хэлж болно.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монгол Улсын эдийн засаг, бизнесийн эрх зүйн зохицуулалт маш нээлттэй, бусад Азийн орнуудтай харьцуулахад хаалт, цензур бага гэж хэлж болно. Ихэнх гэрээ, хэлэлцээрийг талууд хуулийн дагуу өөрсдөө тохиролцон хийж болох либерал тогтолцоотой учраас аливаа төсөлд хөрөнгө оруулах эрсдэл харьцангуй бага гэж хардаг. Гол нь мэргэжлийн хуулийн зөвлөгөөг зөв авч, хүн бүр хуулийг чандлан сахиж, дээдлэх учиртай. Бидний хувьд ажлын үр дүн л хамгийн чухал учраас бусдад туслах замаар өөрсдөө маш их хөгжих боломжтой.

Гэвч нөгөө талаас ажлын ачаалал, стресс, өндөр хариуцлага үүрэх, мэргэжлийн ёс зүйг баримтлах, элдэв нөлөөнд автахгүй байх, бусдаас хараат ажиллах хэрэгцээ шаардлагаас гадна хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал саад болох нь бий. Ер нь тухайн үйлчлүүлэгч болоод асуудлын үр дүнд байнга санаа зовно гэдэг бидний хувьд хамгийн том сорилт. Нэг л алдаа гаргавал үйлчлүүлэгчийн санхүү, хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах, цаашлаад тэдний амь нас, хувь заяатай холбоотой хариуцлагын асуудал үүсэх учраас алдах эрхгүй ажил гэж болох юм.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манай хуулийн фирм 16 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулснаараа Монгол Улсын топ хуулийн фирмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Бид цаашид хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн олон улсын чиг хандлага, туршлагаас суралцаж, өмгөөллийн нөхөрлөлүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд төвлөрөн ажиллаж байна.

Тухайлбал, холбогдох хуульд өөрчлөлт орсны дагуу хуульч, өмгөөлөгчид 2013 оноос нөхөрлөл байгуулах шаардлагатай болсон. Энэ хүрээнд 2016 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хуулийн фирмийн удирдах ажилтнууд нэгдэн, Монголын Хуульчдын холбооны дэргэдэх Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороог байгуулсан юм. Өдгөө улсын бүртгэлд 350 гаруй өмгөөллийн нөхөрлөл бүртгэлтэй байна. Бид сүүлийн гурван жил өмгөөллийн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт, хамтын ажиллагааг боловсронгуй болгоход анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Цаашид сайн өмгөөлөгчдийг эгнээндээ нэгтгэн, бие биеэ нөхөн ажиллавал энэ салбарт чанартай, хүчирхэг хуулийн фирмүүд олон болж, тэр хэрээр өмгөөлөгчдийн ажил мэргэжлийн нэр хүнд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгт итгэдэг.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Өмгөөлөгчид үргэлж шинэ хууль, эрх зүйн зохицуулалттай нүүр тулж, өдөр бүр шинэ сорилтуудтай тулгардаг учраас нэг зүйлээ давтаж хийдэггүй. Энэ бодит практик л биднийг улам хөгжүүлж, хурцалдаг даа.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Би одоогоор техникийн ухааны доктор, профессор, эрдэмтэн багш Г.Лхагваагийн "Карма" хэмээх учир шалтгаан, үйлийн үрийн тухай номыг уншиж байна. Хуулийн чиглэлээр сурч буй болон залуу хуульчдад John R Vile профессорын Essential Supreme Court Decisions номыг санал болгоё.

Киноны хувьд Роберто Бениньигийн Life is Beautiful, Том Крузийн тоглосон Mission Impossible цувралыг санал болгомоор байна. Мөн Чарли Чаплины киног заавал дахиж үзээрэй. Тэр хүн бол энгийн нэгэн инээдмийн жүжигчин, алиалагч бус гүнзгий сэтгэгч байсан учраас өөрийн киногоор дамжуулан бусдад бодож эргэцүүлэх сэдэл өгдөг байв. "Чамайг жаргалгүй байхад амьдрал тохуурхан инээдэг, чамайг жаргалтай байхад амьдрал чам руу инээмсэглэдэг. Харин чамайг бусдад жаргал түгээхэд амьдрал чамд ёсолдог юм" гэдэг шүү дээ.

Европт сурч байхдаа олон төрлийн хөгжим сонирхдог найзуудтай байснаас үүдэн зөөлөн аялгуунаас хард рок хөгжимд хүртэл дурлаж явсан. Тиймээс одоо ч Apple Music апп-аас орон орны хөгжим сонсох дуртай. Мэдээж хэрэг, монгол хөгжим тэргүүн эгнээнд жагсана. Ялангуяа уртын дуу, шуранхай бол гайхалтай.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

“Хүнийг гадаад төрхөөр нь хэзээ ч бүү дүгнэ”, “Дахан дор эр, даахин дор хүлэг буй” хэмээх аавынхаа сургаалыг марталгүй санаж явдаг. Ааваасаа сэтгэлд үлдэж, зүрх, тархинд хадагдах олон сургаал зөвлөгөөг сонсож өссөөн.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн бүр эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг мэддэг хэрнээ ихэнх нь буруу хооллохоос өгсүүлээд эрүүл бус дадалтай болж байгаад их эмзэглэж явдаг юм. Тиймээс өөрийн эрүүл мэндэд онцгой анхаарал тавиарай л гэж хэлмээр байна. Тэр бүхэн өглөөг хэрхэн эхлүүлэхээс л эхлэх байх. Хоолны шуналд автахын оронд өөрийгөө ялах, хийж бүтээхийн амтанд ороорой.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

“Баясал Вэлнэс” төвийг үүсгэн байгуулагч, миний хань П. Баясал болон 10 жилийн турш миний ажлын хамтрагчаар ажиллаж буй Өмгөөллийн “Ананд Адвокатс” хуулийн фирмийн партнер, гүйцэтгэх захирал Н.Энхцэцэг хэмээх хууль зүйн зөвлөх үйлчилгээний салбарт өөрийн мэдлэг, ур чадвараар манлайлан гялалзаж яваа бүсгүйг урихыг хүсэж байна.