Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа төр хувийн хэвшил хамтран нийгэмд ээлтэй, байгаль орчинд хор хөнөөл багатай бизнес төслүүдэд зориулан ногоон бонд босгож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон санхүүжилтийн шинэ санхүүгийн бүтээгдэхүүн, боломжууд санхүүгийн зах зээл дээр тэсрэлт болж байгааг гярхай уншигчид хэдийн анзаарч эхэлсэн болов уу.
Бидний энэ удаагийн зочин маань Green Finance буюу Ногоон Санхүүжилт чиглэлээр мэргэшиж яваа, нийт 30 гаруй мянган ажилтантай Arcadis компанийн АНУ-ын Нью-Йорк хот дахь төв салбарт ажиллаж буй тогтвортой хөгжлийн зөвлөх Х.Булгантамир билээ.
Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр бакалавраа Миннесотагийн Их Сургуульд дүүргэж, Колумбиагийн Их сургуульд эрчим хүчний санхүүжилт чиглэлээр магистр хамгаалсан түүний карьерын түүх тун баялаг. Дэлхийн Банкнаас өгсүүлээд Эрдэнэс Тавантолгой ХК, Голомт Банк, Morgan Stanley, Barclays Investment Bank зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд, төслүүдэд ажилласан туршлагатай түүнтэй бид нэгэн зууны тэртээ дэлхийн хамгийн өндөр цамхгаар нэрлэгдэж байсан Нью-Йорк хотын Wall Street дэх Woolworth Building-т байрлах Arcadis-ийн төв оффис дээр ярилцсанаа ийнхүү хүргэж байна.
Байршил: АНУ, Нью-Йорк хот
Эрхэлдэг ажил: "Arcadis" компанийн Ногоон санхүүжилт, тогтвортой хөгжил хариуцсан зөвлөх
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro
Хэрэглэдэг компьютер: Dell Intel vPro i7
Сошиал хуудас: Bulgan Khaltar (LinkedIn)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Бага байхдаа хүүхдийн баяраар Монгол Банкны өөрөө нээгддэг автомат шилэн хаалгаар орж банкируудаас баярын бэлгээ гардан авдаг байсан. Тэр мундаг эгч, ах нараас тэр гоё газар очиж бэлэг авахаа жил болгон тэсэн ядан хүлээдэг байсан маань бага насны хамгийн тод дурсамжуудын нэг. Аав маань Монгол Банканд насаараа ажилласан болоод ч тэр үү би бага ангийн сурагч байхдаа аль хэдийнээ санхүүч мэргэжлээр суралцана хэмээн шийдчихсэн байлаа.
Бакалаврын зэргээ 2013 онд Миннесотагийн Их сургуульд хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр хамгаалж, сургуулиа төгсөх жилтэй зэрэгцэн Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч, гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд манай улс багтаж байв. Миний хувьд төгссөнийхөө дараа эх орондоо очиж ажиллах төлөвлөгөөтэй байсан учир төгсөөд шууд ирсэн. Ирээд Дэлхийн Банкны малчдын амьжиргааг дээшлүүлэх богино хугацааны төсөлд ажилд орсон. Уг төсөл нь малын түүхий эдийн ханган нийлүүлэлт буюу “supply chain”-ийг сайжруулснаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилттой төсөл байсан. Багадаа зун бүр Архангай аймгийн Тариат суманд эмээгийндээ байсан надад МАА ойрхон сэдэв. Хэдийгээр малчдын аж амьдралын талаар сайн ойлголттой, хүндэлж өссөн ч энэ сэдвийг эдийн засагч хүний нүдээр харж, нэмүү өртөг бүтээх талаар урьд нь бодож байгаагүй тул ажлын гараа маань энэ төслөөс эхэлсэнд маш их баярлаж байсан, бас их зүйл сурсан.
Үүний дараа Таван Толгой төслийг хэрэгжүүлэгч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын хэлтэст хоёр жил хагас орчмын хугацаанд ажилласан. Энэ төсөл дээр урт болон богино хугацааны санхүүжилтийг дотоодын болон гаднын эх үүсвэрээс татах ажил дээр голчлон төвлөрч ажилласан юм. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд Монголд хөрөнгө оруулах сонирхол өндөр учир бидэнд боломж их байна гэж харсан. Тиймд өөр олон салбарын бизнес, төслүүдэд хөрөнгө оруулалт татаж тэдгээрийн өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулж цаашлаад Монголынхоо нийгэм, эдийн засагт шинэ содон сонирхолтой төсөл, үйлдвэрүүд бүтээн байгуулах санхүүжилтийг татаж ажиллахыг хүссэн. Ингээд 2016 оноос Голомт Банкны Хөрөнгө оруулалтын банкны газарт ажиллаж эхэлсэн түүхтэй.
Голомтод байхдаа хувийн хэвшлийн маш олон сонирхолтой бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилт дээр ажиллаж байв. Хөдөө аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, соёл урлаг гэх зэрэг салбар бүрийн бизнес эрхлэгчид, томоохон корпорацуудтай ажиллаж тэдэнд санхүүжилт татаж байсан. Манай санхүү, бизнесийн салбар маш эрч хүчтэй, чадварлаг залуучууд, менежерүүд ихтэй, ажиллахад маш урамтай учраас гадаадад ажиллаж амьдардаг найз нартаа Монголдоо очиж ажиллаж үзэхийг би байнга зөвлөдөг.
Голомт банканд ийнхүү гаднын санхүүжүүлэгч нартай ажиллах явцдаа Ногоон, тогтвортой санхүүжилт олон улсын зах зээлд ямар хурдацтайгаар хөгжиж байгаа, манайх шиг хөгжиж буй зах зээл ямар их давуу тал байгааг анзаарсан. Ингээд Голомт банкны Ногоон санхүүжилтийн багийг удирдан ажиллаж эхэлсэн.
Ногоон тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт санхүүжилт хийхдээ зөвхөн санхүүгийн үр өгөөж сайтай байхаас гадна нийгэм болон байгаль орчинд эерэг нөлөөтэй бизнес, төслүүдийг эсвэл уламжлалт практиктай компани, үйлдвэрүүдийг тухайн чиглэлээр сайжруулахад чиглэсэн санхүүжилт юм. Үүнд сэргээгдэх эрчим хүчний шилжилт, тогтвортой уул уурхай ашиглалт, орон нутгийн иргэдийн хөгжлийн асуудал зэрэг олон асуудал багтана.
Ингээд 2020 онд Колумбиагийн Их Сургуульд Эрчим хүчний санхүүжилт мэргэжлээр магистрын зэргээр суралцаж эхэлсэн. Энэ хугацаанд Morgan Stanley-ийн Sustainable Investing Fellowship хөтөлбөрт хамрагдаж зуны дадлага хийсэн. Энэ хөтөлбөр жил бүр Тогтвортой санхүүжилт чиглэлээр суралцаж буй магистрын зэргийн гурван оюутанг сонгон шалгаруулж авдаг.
Суралцах хугацаандаа мөн Barclays хөрөнгө оруулалтын банкны ногоон бонд гаргах баг, climate tech чиглэлийн гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулалтын санд ажилласан.
Улмаар сургуулиа төгсөөд Morgan Stanley-ийн Privaity Equity буюу шууд хөрөнгө оруулалтын багт орсон. Манай сан найман төрлийн хөрөнгө оруулалтын стратегитай. Миний хувьд хөрөнгө оруулсан компаниуд болон шинээр хөрөнгө оруулахаар судлагдаж буй компаниудын Тогтвортой байдлын үнэлгээ, хүлэмжийн хийг бууруулах стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалтын сан, компани түвшинд гаргах үндсэн үүрэгтэй байсан.
Энэ чиглэлд тодорхой туршлага хуримтлуулсныхаа дараа миний хувьд зөвхөн нэг хөрөнгө оруулалтын сан дээр ажиллах бус олон өөр салбарын олон компаниудад нэгэн зэрэг ажиллаж улам их туршлага хуримтлуулах нь оновчтой санагдсан тул энэ оны нэгдүгээр сараас Нидерландад төвтэй дизайн, инженерчлэл, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Arcadis компанийн Нью-Йоркийн оффист тогтвортой хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байна. Бид хувийн хэвшлийн томоохон компаниуд, хөрөнгө оруулалтын сангуудад эрчим хүчний шилжилт хийх, хүлэмжийн хий буруулах зэрэг олон талын стратегийн зөвлөгөө өгдөг.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Даваагаас Пүрэв гараг нүд ирмэхийн зуур өнгөрдөг. Манай компанийн хувьд нэг төсөл дээр дунджаар таваас зургаан хүн баг болон хамтарч ажилладаг. Багаараа Даваа гарагийн өглөө бүр ажлаа төлөвлөж, Лхагва гарагт үйл явцаа хянаад Баасан гарагийн үдээс хойш тухайн долоон хоногийн ажлаа дүгнэдэг дадалтай.
Төсөл бүр харилцан адилгүй. Зарим нь ганц, хоёр сар үргэлжлээд дуусаж байхад зарим нь хагас жил үргэлжлэх нь ч бий. Төсөл бүрийн үргэлжлэх хугацаанаас хамаараад тухайн өдөр завгүй өнгөрөх эсэх нь шийдэгдэнэ.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Юун түрүүнд тухайн ажлын зорилго буюу ажлаа том зургаар нь ойлгохыг хичээдэг. Жишээлбэл, зах зээлийн судалгаа хийхдээ шууд л тоо баримтууд руу гулсан орохоосоо өмнө уг судалгаа төслийн аль хэсэгт шаардагдаж байгаа, тухайн харилцагч, төсөлд энэ судалгаа ямар үнэ цэн бүтээх юм гэдгээ харчихвал хаанаас эхлэх нь гараад ирнэ. Үүний дараа төслийн менежертэй ярилцаж, төлөвлөгөөгөө гаргавал илүү амар.
Өөрөөр хэлбэл, шууд л харанхуйгаар тухайн даалгавар руу ханцуй шамлан орохоос өмнө тухайн даалгаврын зорилгыг сайн ойлгоод, үндсэн ажлын том зорилтдоо хүрэх гарц гаргаж байж ажлаа эхлүүлдэг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Нью-Йоркт ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн өглөө, оройн цаг метротой салшгүй холбоотой. Метронд явж байх үедээ санхүү, эдийн засгийн өдөр тутмын мэдээллээ Financial Times News Briefing, Axios Today, Morning Brew Daily зэрэг подкаст сонсож авдаг. Бас Ази эмэгтэйчүүдийн ажил, нийгэм, хувийн амьдрал, санхүү гээд бүх зүйлд тулгарч буй асуудлуудыгхөгжилтэйгөөр ярилцдаг Asian boss girl подкастын үнэнч сонсогч.
Мэдээж хэрэг Instagram-ийг өдөр тутамдаа ашигладаг. Миний ихэнх найзууд, гэр бүлийнхэн өөр хот, улсад ажиллаж амьдардаг учраас энэ платформ тэдэнтэйгээ тогтмол холбоотой байх, амьдралынх нь чухал мөчүүдэд хамт байхад их тус болдог.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрч ажиллах. Хувь, хувьсгалын ямар ч ажлын үед тухайн цаг мөчдөө бүрэн төвлөрөх нь хамгийн чухал болов уу. Ажлын цагаар гүн төвлөрч чадаж гэмээнэ ажлын бус цагаар өөрийн дуртай бусад зүйлдээ цагаа зарцуулах боломж гардаг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Олон төсөл дээр нэгэн зэрэг ажилладаг тул Microsoft OneNote дээр төсөл бүрээ жагсаадаг. Ингэснээр олон ажил дунд төөрөхгүй, цэгцтэй амар байдаг. Мөн уулзалт болгонд тэмдэглэл хөтөлж өөртөө сануулж үлдээдэг.
Ажлаас гадуурх томоохон зорилго төлөвлөгөөг бол оны эхэнд том зургаар нь төлөвлөдөг. Ажил болон ажлын гадуурх чөлөөт цагийн үйл ажиллагааг дунджаар хоёр долоо хоногийн өмнөөс төлөвлөж Google calendar-таа зоодог. Мастерт ирэхээсээ өмнө илүү нарийвчлалтай хоног өдрөөр, сараар нь төлөвлөдөг байсан. Сургуулийн материал бүрдүүлэх хугацаа, шалгалт өгөх өдрүүд хатуу тогтсон байдаг учраас ажлын хажуугаар цагийн менежмент сайтай байхаас өөр аргагүй.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Өглөө бүр 15-20 мин өөртөө зарцуулж сунгалтын иог, бясалгал хийдэг. Долоо хоногт доод тал нь гурван удаа дасгал хийдэг. Амралтын өдрүүдээр найзуудтайгаа цагийг өнгөрөөж, заавал нэг шинэ газар үзэж эрч хүчээ сэлбэхийг зорьдог. Нью-Йорк хот олон үндэстний нэгдэл гэдэг утгаараа хийх зүйл зөндөө. Уйдна гэдэг ойлголт бараг л байхгүй дээ.
8. КОЛУМБИА ИХ СУРГУУЛЬД ЯАГААД СУРАЛЦАХААР ШИЙДСЭН БЭ?
Би бакалавраа бизнесийн сургуульд санхүүгээр сурсан. Тухайн үед бизнесийн сургуульд үзэж байсан хичээлүүд яагаад зөвхөн компанийг томруулах, компанийн ашгийг нэмэгдүүлэх, компанийн эзнийг улам хөрөнгөжүүлэх тал дээр анхаардаг юм бол хэмээн эргэлздэг байв. Миний хувьд бид энэ их хүч, энерги, боломж, хөрөнгийг нэгэнтээ ашиглаж буй тохиолдолд зөвхөн санхүүгийн өгөөжөөс илүү зүйлийг анхаарах ёстой гэж боддог байлаа.
Хөрөнгө оруулалт гэдэг бол угтаа санхүүгийн өгөөж авахаас хамаагүй өргөн цар хүрээтэй ойлголт. Нэг талаараа энэ бол маш хүчтэй зэвсэг. Бид юунд хөрөнгө оруулна, тийм л ирээдүйг бүтээнэ. Жишээлбэл, бид дэлхийн стандартад нийцсэн том номын санд хөрөнгө оруулбал ирээдүйд манай үр хүүхдүүд чанартай боловсрол эзэмших, чадварлаг мэргэжилтэн болох магадлал нь ихэснэ шүү дээ.
Би магистрын хөтөлбөрөө сонгохдоо зөвхөн Колумбиагийн Их сургуулийн энэ хөтөлбөрт материалаа илгээсэн юм. Учир нь тус хөтөлбөр хувийн болон нийтийн хэвшлийн стратегийн тухай дэлгэрэнгүй заадаг, эдийн засгийн ухаан, хөрөнгө оруулалт бодлого хосолсон гэдгээрээ давуу талтай. Энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлэгч нь.
Миний хувьд Монголд ажилласан ажлын туршлага маань Колумбиагаас тэтгэлэг авах цаашлаад Morgan Stanley-ийн хөтөлбөрт тэнцэхэд нөлөөлсөн гэж боддог.
9. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Монголд байх хугацаандаа үндсэн хоёр сайн дурын ажил дээр төвлөрч ажиллаж байсан.
МASA буюу АНУ-д Төгсөгчдийн холбоонд дөрвөн жилийн турш ТУЗ-ийн гишүүнээр нь ажилласан. MASA бол нийгэмдээ сайн сайхан зүйлс бүтээхийн төлөөх үнэт зүйлээр нэгдсэн залуусын холбоо. Орон зай, хүйс, хөгжлийн бэрхшээлээс үүдэлтэй боловсролын ялгаа, мэдээллийн хүртээмжийг багасгах тал дээр MASA олон ажил санаачлан зохион байгуулдаг.
Жишээлбэл, сайн дурын гишүүдээс бүрдсэн багаараа жил бүр хөдөө орон нутгаар явж орон нутгийн төгсөх ангийн сурагчидтай мэргэжил сонголт, хэл сурах, гадаадын их, дээд сургуулийн өргөдлийн материал бэлтгэх, тэтгэлэгт хамрагдах зэрэг сэдвүүдээр туршлага хуваалцах уулзалт зохион байгуулдаг.
2015 онд А.Мандуул найзынхаа санаачилгаар ажлын салбарт буй залуу эмэгтэйчүүдэд зориулан Lean In Mongolia-г үүсгэн байгуулсан. Одоо ТББ статустай болсон тус байгууллагын маань үндсэн зорилго нь ажлын гараагаа дөнгөж эхэлж буй эсвэл карьерын дунд түвшинд очсон эмэгтэйчүүдэд цаашид өсөж дэвших, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, нетворк үүсгэх юм. Жишээ дурдвал, манай ТББ Голомт, Хас банкнуудтай хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан Санхүүгийн Гарц нэртэй үйл ажиллагаа зохион байгуулж байсан.
10. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бэрхшээлтэй бас давуу тал нь алхам тутамдаа мөс зүсэгч, шинийг санаачлагч байх шаардлагатай. Green Finance буюу ногоон санхүүжилт, ногоон бонд гэх нэр томьёо Wall Street гэлтгүй дэлхий даяар шинэ ойлголт. Тэр ч утгаараа энэ салбарт маш олон зүйл шинээр хийх шаардлагатай байгаа. Салбарын стандартыг бид өөрсдөө ажиллах явцдаа бий болгоно гэсэн үг.
Жишээлбэл, хөрөнгө оруулалтын сангийн хүлэмжийн хийн ялгарлыг яг энэ аргаар тооцоолно гэдэг тогтсон аргачлал байхгүй. Энэ нь нэг талаараа сонирхолтой. Morgan Stanley-д ажиллаж байхдаа би хүлэмжийн хийг тооцох аргачлалыг дата аналист, инженерүүдтэйгээ хамтарч байгаад 0-ээс нь эхлээд гаргах жишээтэй. Өөрөө бүтээлч байж чадвал шинийг санаачлах боломжтой гэдгээрээ давуу талтай гэсэн үг. Бусад уламжлалт санхүүгийн салбарт санхүүгийн загварчлал хийх даалгавар авбал би яг л тогтсон аргачлалаар гүйцэтгэхээс биш өөрийн бүтээлч байдлыг гаргах боломж бага.
Сонирхуулахад, 2000-аад оны эхэн үеэр интернэт тэсрэлт болж байсантай адил одоо ногоон санхүүжилт хамгийн хурдацтай өсөж буй салбаруудын нэг. Үүнийг дагаад энэ чиглэлийн шинэ стартап, бизнесүүд зах зэл дээр түрэн гарч байна. Өнгөрсөн жил л гэхэд уур амьсгалын санхүүжилт чиглэлийн хөрөнгө оруулалтууд түүхэндээ хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг татан төвлөрүүлсэн.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Өөртөө таалагдсан, зуралцах зүйл ихтэй, салбараа манлайлж буй лидерүүдийг Linkedin дээр дагаж, тэднээс хэрэгцээтэй мэдээлэл авдаг. Мөн санхүүгийн салбарт өрнөж байгаа үйл явдлуудаас хоцрохгүйн тулд Financial Times, The Wall street Journal тогтмол уншина.
Эрчим хүчний салбарт болж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар Columbia Energy Exchange -ийг байнга сонсож мэдээлэл авдаг. Мөн The Next Five-ийг сонсох дуртай. Ирэх таван жилд ямар технологийн шийдэл, үйл явдал бидний амьдрал, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар ярилцдаг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Ажил хийх үедээ ихэвчлэн сонгодог ая сонсох дуртай. Сайн төвлөрч чаддаг.
Сонирхолтой номын хувьд Enlightenment Now: The Case for Reason, Science, Humanism, and Progress номыг санал болгохоор байна. Цахим орчин, дата мэдээллийн эрин үед бид хүн төрөлхтний амьдрал улам аюултай, элдэв өвчин гэмт хэрэг маш ихэссэн мэт мэдээлэл авч байгаа ч шинжлэх ухаан, хүн төрөлхтний хөгжлийн дэвшлээрээ бидний энэ үе түүхэндээ хамгийн тухтай, аюулгүй үе талаар сонирхолтой дүгнэлт танилцуулсан ном.
Уур амьсгалын өөрчлөлт чиглэлээр цэгцтэй мэдлэг авъя гэвэл Bill Gates-ийн How to Avoid a Climate Disaster: The Solutions We Have and the Breakthroughs We Need, Columbia Business School-ийн багш Bruce Usher-ийн Investing in the Era of Climate Change номуудыг санал болгож байна.
Киноны тухайд сүүлийн үед Succession цувралыг маш шимтэн үзсэн. Хэсэг хугацаанд энэ цувралаар бүтэн амьсгалсан шүү. Подкастыг нь хүртэл давхар сонсон.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Бага байхдаа аавдаа зуслангийн хашаандаа мод суулгахад нь тусалж байх үед аав маань “Хүн ажлыг голохгүй, ажил л хүнийг голдог юм шүү” гэж хэлсэн юм. Тухайн үед банкир хүн яагаад мод суулгах ажлыг сурах ёстой юм бол хэмээн ихэд гайхаж байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ үгийг маш сайн ойлгож байгаа.
Ажлын талбарт гарах үед төсөл бүхэн сэтгэл хөдөлгөм, инновацлаг, харилцагч, хамт олон болгон эелдэг, найрсаг байх боломжгүй. Гэхдээ төсөл, баг бүрээс сурсан, эзэмшсэн чадвар бүхэн эргээд туршлага болон үлддэг. Тиймдээ ч санхүүгийн салбарт ажиллах хугацаанд ажлаасаа уйдаж, халширч байсан тохиолдол надад байхгүй. Харин эсрэгээрээ туршлага бүр надад шинийг зааж, миний нүдийг нээж өгч байдаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Хүн ямар ч чиглэлээр суралцаж, ажиллаж байсан хамгийн түрүүнд “Яагаад би үүнийг хийж байгаа вэ? Энэ сонголт үнэхээр миний үнэт зүйл, хүсэл мөрөөдөлтэй нийцэж байна уу?” гэдгээ сайн ухамсарлаж, өөртөө хариулсан байх хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл, олон хүн гадаадад л очиж байвал хаана ч хамаагүй суръя, эсвэл мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа учир энэ чиглэлээр ажиллая гэж хөнгөн байдлаар шийдэх нь урт хугацаандаа эрсдэлтэй байж мэднэ.
Гадаадад сургуульд сурчихвал бүх зүйл бүтчих мэт санагдаж болох ч бодит нөхцөл байдал тэс өөр. Жишээ нь Нью-Йоркт гэхэд ажилд орохын тулд дор хаяж 100, 200 компанид материал явуулж, ердөө хоёр, гурван компанийн ярилцлагад дуудагдах нь хэвийн үзэгдэл. Мэдээж түүнээс өмнө сургуульдаа тэнцэх, суралцах, тухтай амьдрах орчин хүрээллээ бий болгох гээд олон зуун цагийн хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр, хэдэн зуун өдрийн амаргүй хүнд сорилттой нүүр тулах, сэтгэл зүйн ачааллын ард гарах ёстой. Сэтгэл зүй болон бие мах бодийн бэлтгэлтэй, өөрийн үнэт зүйл мөрөөдлөө баттай тодорхойлсон байвал энэ бүгдийг давж гарахад арай дөхөм болдог.