Манай өнөөдрийн зочин бол “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхнасан юм. Монголын анхны генералуудын нэг, хурандаа генерал С.Равданы ач охин, ХХ зууны манлай “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын зээ охин тэрээр 2000-2010 оны хооронд одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газарт бодлого хариуцсан мэргэжилтнээс орлогч дарга хүртэл дэвшин ажиллажээ. Үүний дараа 2010 оноос эхлэн “Тахько” ХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй бөгөөд тус компани нь та бидний сайн мэдэх TEDY төвийг Мобиком корпорацтай хамтран үүсгэн байгуулсан. 

“Тахько” ХК нь үл хөдлөхийн түрээс, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалт чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор Мобиком, Скайтел, Ньюком проперти компаниудад үл хөдлөхөө түрээслэн ажиллаж байна. Түүний хувьд компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас гадна 2016 онд байгуулагдсан өвөөгийнхөө нэрэмжит Лодойдамба сангийн Гүйцэтгэх захирлаар ажилладгийн сацуу “Ид шидийн орон”-той хамтран явуулж буй контейнер бүхий MagicBox номын сангийн төслийн гишүүн юм. 

Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

Байршил: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж-18, Теди төв
Эрхэлдэг ажил: “Тахько” ХК болон “Лодойдамба” сангийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Facebook, Instagram, Twitter, LinkedIn

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би бол Монголын орчин цагийн түүхийн гурав дахь үеийн сэхээтэн, Улаанбаатар хотын 40, 50 мянгат болон 220 мянгатын ууган хүүхэд. Миний аав Р.Лутаа нь Оёдлын үйлдвэрийн нэгдэлд инженер, ерөнхий инженер, нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1992 онд хувьчлагдсаны дараа “Тахько” ХК-ийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байв. Харин ээж Л.Насанбуян нь эдийн засагч мэргэжлээрээ гадаад худалдааны салбарт бүх насаараа хүчин зүтгэсэн төрийн албан хаагч байлаа. Аав ээж хоёулаа ажил ихтэй, завгүй учраас би ээжийн талын эмээ Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн дээр өсөж торнисон. Эмээгээ дагаад театр, дэлгүүр гээд ер нь хаа сайгүй явдаг байсандаа ч тэр үү багаасаа л бүх зүйлд “нүд тавьсан” охин байв. Эмээг танихгүй хүн ч гэж үгүй. Гудамжинд хэн нэгэнтэй дотночлон удаан гэгч ярилцсаны дараа “Эмээ энэ хүн хэн бэ” гэж асуухад “Мэдэхгүй, хүү минь” гэдэгсэн. Урлагийн буянаар түмэнд хайрлагдсан эмээ минь хүн бүрд урам өгч, тусалж дэмжих ёстой гэдэгт итгэл дүүрэн амьдардаг хүн байсан нь тэр биз ээ.

Миний бие 1990 онд Орос гуравдугаар дунд сургуулийг дүүргэж, төгссөн даруйдаа ажлын гараагаа Itochu корпорацын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас эхэлж байв. Ажиллахын сацуу МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж байгаад Японы Засгийн газрын тэтгэлгээр Сундай коллежид аялал жуулчлалын мэргэжлээр боловсрол эзэмших боломж тохиосон билээ.

2000 онд эх орондоо эргэн ирсний дараа Дэд бүтцийн яаманд мэргэжилтнээр ажилд орж, аялал жуулчлалын шинэхэн салбарынхаа хөгжлийн эхэн үеэс гар бие оролцон ажилласан. Монгол Улсыг гадаад оронд сурталчлах Visit Mongolia, Inspiring Mongolia гэх арга хэмжээнүүдийг цоо шинэ арга барилаар зохион байгуулж, зочид буудал, жуулчны баазуудын олон улсын стандартуудыг боловсруулан хэрэгжүүлэх гэх мэт чадварлаг хамт олонтойгоо олон сайхан ажлыг гүйцэтгэж байлаа.



Тийнхүү 2007 онд Австралийн засгийн газрын тэтгэлгээр Монашийн Их сургуульд олон улсын аялал жуулчлалын магистр хамгаалж ирээд Зам тээвэр, аялал жуулчлалын яам болон Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Аялал жуулчлалын газрын орлогч дарга болж, дэвшин ажилласан. Гэвч нэг өдөр сайн дураараа халагдах өргөдлөө өгч, гэнэтийн шийдвэр гаргаж байв. Төрийн алба хэт улс төржиж эхэлсэн нь над шиг хүнд ойлгомжгүй, төвөгтэй санагдсан юм. Тэгээд ч тухайн үед аав ээж маань бурхан болж, том охины хувиар бизнесийг нь үргэлжлүүлэх шаардлага тулгарсан тул 2010 оноос “Тахько” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, өнөөдрийг хүртэл эл албыг хашиж байна.

Ажиллаж байх хугацаандаа 2012 онд СЭЗДС-д Нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж, бизнес, санхүүгийн талаар чамгүй ойлголттой болсон. Өмнө нь хэлсэнчлэн манай компани социализмын үед Оёдлын үйлдвэрийн нэгдэл байж байгаад 1992 онд хувьчлагдан зах зээлийн эхэн үед АНУ-руу хүртэл хувцас экспортлож, 2000 оны эхээр төрөл бүрийн бизнесийн үйл ажиллагаа явуулж байлаа. Тухайн үед үйлдвэрт ажиллаж байсан бүх ажилтан хувьцаа эзэмшигч болсон бөгөөд өнөөдрийг хүртэл ноогдол ашигаа хүртэж байгааг онцлууштай.

Ингээд манай компани 2004 оноос үйл ажиллагаагаа жигдлэн Ньютел болон Мобиком корпорацид, 2014 оноос Скайтел болон Ньюком пропертис компаниудад үл хөдлөхөө түрээслүүлж эхэлсэн. Бид ерөнхий түрээслэгчийн үүргээс гадна цахилгаан, дулаан, цэвэр бохир зэрэг бүх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой их болон урсгал засварын ажлуудыг хариуцан ажилладаг. Товчхондоо Теди төвийн тогтвортой үйл ажиллагааг ханган ажилладаг гэсэн үг. Түүнчлэн 2018 оноос хуучнаар Ве club байсан байрыг “Анкор” эвент төв болгон шинэчилж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг танхим болгон тохижуулсан. Сүүлийн үеийн бүтээн байгуулалт гэвэл Мобиком корпорацтай хамтран Теди төвийн нэгдүгээр давхрын үйлчилгээний танхимыг шинэчлэн тохижуулахад барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгээд байна.


1931 онд байгуулагдсан Монголын анхны оёдлын артелийн гар зураг

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Бага насны хүүхэдтэй ганц бие ээж учраас аль болох эрт босож, ажил болон амьдралтай холбоотой бүхий л зүйлсээ зохицуулахыг хичээдэг. Өглөө ихэвчлэн 06:30 цагт босоод, 08:00 цагт хүүгээ сургуульд нь хүргэж өгдөг дөө.

Ингээд 09:00 цагт ажилдаа ирнэ. Өдөрт 2-3 уулзалттай байдаг бөгөөд ихэвчлэн үдээс өмнө уулзалтаа зохион байгуулдаг. Харин үдээс хойш гарын үсэг зурах, зөвшөөрөл өгөх ажлууддаа төвлөрч, шаардлагатай бол дотоод хурлуудаа хийдэг юм. Ажил гайгүй бол хүүгээ сургуулиас нь авна. Заримдаа ажил ихтэй үе таарвал ажил дээрээ дагуулаад ирдэг.

Орой болоход бусдын л адил ээжийн үүргээ биелүүлж, хоол унд, унтах бэлтгэл гэсээр 21:00 цагт хүүгээ унтуулна. Хүүгээ унтуулчхаад ихэвчлэн кино үзэх, сошиал аппуудаа шалгадаг дадалтай. Мөн чөлөөт цагаараа сэлэх дуртай.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би ажлаа тайван, төлөвлөж хийдэг хүн. Төрийн албанд ажиллахдаа аливаа ажлыг өдөр бүр бага багаар ахиулж, төлөвлөгөөтэй ажиллаж байж чанартай үр дүнд хүрдгийг ойлгож авсан. Харин бизнесийн салбарт ажиллаж эхлээд аливаа асуудалтай удаан хугацаанд зууралдаж цаг алдахын оронд түргэн хугацаанд оновчтой шийдэхийг эрмэлздэг болсон гэх үү дээ.

Хамгийн чухал нь аав ээжээсээ нягт нямбай, хариуцлагатай, ёс суртахуунтай байхад суралцсан явдал. Тиймээс бизнесийн салбарт ч, амьдралын талбарт ч харилцагч, түншүүдтэйгээ харилцан тохиролцох, win-win байх зарчмыг баримтлан ажилладаг. Тухайлбал, манай компани цар тахлын үед түрээслэгчдээ 100 хувь түрээсийн төлбөрөөс чөлөөлж, дараа жил нь 30 хувийн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн. Аль аль талдаа бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж чадсан шүү.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын орчинд Word, Excel, Teams зэрэг Microsoft 365-ын бүх програмыг ашигладаг. Хувийн хэрэглээнд цар тахлаас хойш банкны аппууд миний гол туслагч болсон. Түүнчлэн Zoom, Google Maps, Google Calendar, Notes зэрэг аппыг дурдахгүй өнгөрч үл болно. Ажлыг үр дүнтэй бөгөөд хурдан хугацаанд амжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Бүтээмжтэй, сэтгэлтэй, зөв хандлагатай хүмүүсээр багаа бүрдүүлэхэд их анхаардаг. Ийм багтай байхад ямарваа ажлыг хийхэд цаг хэмнэж чадна.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Тухайн жилийн бизнесийн стратеги, хийгдэх засварын ажлуудыг оны эхэнд ТУЗ-өөр батлуулж ажилладаг. Түүний дагуу сар, улирлаар нь ажлаа төлөвлөнө. Харин өдөр тутмын чухал ажлуудаа гар утасныхаа Calendar дээр тэмдэглэдэг. Аль нэг хурал, уулзалт хойшлогдвол бусад төлөвлөсөн ажлаа тэр цагт тааруулж ажиллахыг хичээдэг дээ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Багаасаа аавыг дагаж загасанд явдаг байсандаа ч тэр үү байгальд ойр байж, аялах дуртай. Үүний зэрэгцээ морь уях өв соёл, ёс жудаг, зан заншлаас суралцаж, эрч хүчээ авдаг. Би 2016 онд азтан болоод хурдан морьтой болсон юм л даа. 2022 оны улсын баяр наадмаар тэр хурдан азаргын даага маань баян ходоод болж, анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэн орж үзээд их сайхан эерэг энерги авч байснаа ер мартдаггүй юм.

Өдөр тутмын гол эрч хүчээ хүүгээсээ авч байна. Бага балчир байгаа дээр нь аль болох олон цагийг хамтдаа өнгөрүүлж, тэдгээр хором мөч бүхнээ нандигнахыг хичээж байгаа.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би өөвөөгийнхөө нэрэмжит Ч.Лодойдамба сангийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Үр хүүхэд, ач зээ, төрөл садан, хамтран зүтгэгчдийнх нь санаачлагаар 2016 онд байгуулсан. Бид 2017 онд өвөөгийн мэндэлсний 100 жилийн ойг улс даяар тэмдэглэн өнгөрүүлж, Говь-Алтай аймагт наадам, Болор цом, зохиолчдын баяр зэргийг зохион байгуулж байв. Харин Улаанбаатар хотод олон улсын эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолт хийж, баримтат кино бүтээн номуудыг нь дахин хэвлэсэн. Түүнчлэн Алтай хотод болон Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвөөгийнхөө хөшөөг босгосон.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нарын хөшөө


Лодойдамба сангийн үйл ажиллагааг нийгмийн сайн сайхан, тэр дундаа хүүхэд залуусын хөгжилд чиглүүлэн явуулаад нэлээн хэдэн жил болсон байна. Тухайлбал, 2018 онд Мобикомтой хамтран сумын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах төслийг Говь-Алтайн Тайшир суманд хэрэгжүүлсэн. Түүнчлэн 2020 онд Алтай хотод нийтийн номын санд зохиолчийн нэрэмжит танхимыг байгуулж, 2021 онд Баян-Уул суманд фитнес клуб, Алтай хотод кофе шоп, дундын оффис бий болгон залуучуудын хөгжих орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа.

Цаашлаад 2022 онд “Ид шидийн орон” төслийн хүрээнд Nepko kids-ийн санаачилгаар “Magic Box” буюу “Шидэт хайрцаг” төслийг Чингэлтэй дүүргийн 10-р хороонд санхүүжүүлэн хэрэгжүүлж, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд зориулсан контейнер бүхий номын сан бүтээснийг онцлууштай. Ингээд 2023 оноос Alpha books-тэй хамтран “Өглөөний уншлага” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд суралцагч болон багш нар хичээл эхлэхээс өмнө 10-15 минутыг уншлагад зарцуулж, ном унших дадлыг хэвшүүлэх зорилготой юм.


Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байрлах MagicBox


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Үл хөдлөх хөрөнгийн түрээс, үйлчилгээ нь дэд бүтэц, эрчим хүч, сүүлийн үед байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шууд болон шууд бус хамаарч байгаа. Тиймдээ ч сорилт бэрхшээл багагүй бий. Тодруулбал, дотоодын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарынхан бусад компаниар засварын ажлаа тогтмол хийлгэдэг. Үүнд барилгын материалын үнэ өртөг, ажиллах хүчний хөлс шууд нөлөөлдөг бөгөөд үүнээс болж их болон урсгал засварын зардал байнга нэмэгдэж байдаг юм.

Харин бид түрээсийн төлбөрийг гэрээний хугацаанд тогтмол байлгах бодлого баримтлахыг хичээдэг төдийгүй компанийн удирдлагын хувьд үүнийг тэнцвэртэй байлгана гэдэг амаргүй. Гэсэн ч урт хугацаандаа давхар түрээслэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлж, Теди төвийн үнэ цэн, нэр хүндийг улам нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж хардаг юм.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ойрын болон дунд хугацаандаа Теди төвийн дахин төлөвлөлтийн ажилд анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна.


Теди төвийн дахин төлөвлөлтийн төсөөлөл гар зураг

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Саяхныг хүртэл шинэ мэдлэгт соргог байж, сурах хоббиндоо хөтлөгдөн тогтмол сургалтад хамрагддаг байсан. Мэдээж цааш сурах зүйл маш олон байгаа ч одоохондоо сурч мэдсэн зүйлсээ залуучуудад хуваалцахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, өөрт буй мэдлэгээ бусдад түгээж, нэг ч гэсэн зүйл надаас сураад аваасай, миний гаргасан алдааг бүү давтаасай гэсэн сэтгэлээр ажиллаж байгаа гэсэн үг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Номын тухайд “Тунгалаг тамир” романыг санал болгомоор байна. Киног нь үзэхээс гадна ном хэлбэрээр заавал уншаарай. Түүхэн дүрүүд ч гэлээ өнөөг хүртэл бидний дунд тэдэн шиг хүмүүс байсаар л байна. Уран зохиолын ном гэхээс илүүтэй хүн гэдэг аливаа асуудалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж, яаж хандаж байгааг тод томруун харуулдаг юм.

Би баримтат төрлийн кинонд дуртай. Тэр дундаа Английн алдарт байгаль судлаач Дэвид Атенборогийн баримтат кинонуудыг үздэг. Түүний хэд хэдэн бүтээл Netflix дээр байгаа. Та бүхэнд санал болгож байна.

Дуу гэвэл “Инээмсэглэл” хамтлагийн “Улаанбаатарын үдэш” хэмээх дууг санал болгомоор байна. Мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Намайг багад нийслэл маань яг л энэ дуу шиг аядуухан байсан болохоор тэр мэдрэмжийг авахын тулд энэ дууг сонсдог. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотоо эргээд тайван амгалан, иргэддээ ээлтэй орчинтой болгоосой гэж хүсдэг. Хамгийн чухал нь Улаанбаатар хотыг энэ чигээр нь хадгалж, цааш нь хөгжүүлэхэд, бидний оролцоо асар их билээ.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Эмээ минь юу ч болсон “Сайхаан сайхан” гэж хэлдэг эерэг хүн байж билээ. Би энэ үгийг нь байнга санаж явдаг юм. Ямар ч асуудал тулгарсан, яаж ч хэцүү байсан “Сайхаан сайхан” гэж хэлэхээр бүх зүйл бүтэх юм шиг санагддаг. Ер нь ямар ч асуудал тухайн цаг үедээ л бэрх санагддаг болохоос дараа нь харахад тэгтлээ хэцүү байдаггүй шүү дээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Гурван санаа шидье. Эхнийх нь маргааш хийчихье гэж өөрийгөө бүү хуураарай. Тэр тусмаа бизнесийн талбарт амжилттай ажиллая гэвэл цагийн юмыг цагтаа хийж, хурдтай шийдвэр гарган ажиллах хэрэгтэй.

Мөн алдаа хийхээс бүү айгаарай. Алдахаас айгаад юу ч хийхгүй байснаас алдаж үзээд түүнийг ахин давтахгүй байхад суралцах нь чухал. Угаасаа алддаггүй хүн гэж хаа байх билээ.

Эцэст нь элдэв дүрд оролгүй өөрийнхөөрөө байгаарай. Хүнд тохирох хамгийн сайхан дүр, хамгийн тухтай зүйл бол өөрөөрөө байх юм.