Энэ удаагийн дугаартаа бид “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхцацралыг урилаа. Түүний хамт олон "Sainscore" брэндийг "Монголбанк"-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр өнгөрсөн оны аравдугаар сараас хөгжүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд зээлийн түүхтэй иргэн нэг бүрийн зээлийн мэдээллийг өгөгдлийн санд цуглуулан нэг талаас Монголын банк, санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдлээ бууруулах, нөгөө талаас иргэдийг өөрийн эрсдэлийн түвшинд тохирсон санхүүгийн үйлчилгээг авах боломжийг олгохоор ажиллаж буй. Ингээд финтек салбарт цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж яваа түүний амьдрал болоод ажлын нөү-хаутай танилцъя.
Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, Соёмбо тауэр, Б блок 2303 тоот
Эрхэлдэг ажил: “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Dell XPS 13
Сошиал хуудсууд: Enkhtsatsral Dambiinyam (Facebook), tsatsa.d (Instagram)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг “Санхүү мэдээлэл зүйч” мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа “Мобиком Корпорац” гэх нэгэн их айлаас эхэлж байлаа. 11 жилийн хугацаанд уг корпорацын нэг эд, эс нь байж “Шинэ Бизнес Хөгжлийн алба”-ны мэргэжилтнээс эхлээд “Стратеги төлөвлөлтийн алба”-ны захирал хүртэл дэвшин ажилласан. Сайн албан тушаал, сайхан хамт олонтой байсан ч 2018 онд өөрийгөө сорихоор шийдэж, Бостоны Их Сургуульд “Бизнесийн аналист” мэргэжлээр мастерын зэрэг хамгаалахаар хилийн чанадыг зорьж байв. Бизнесийн аналист хэмээх мэргэжлийг их өгөгдөл болон бизнесийн огтлолцоос ямар шийдэл гарч болох вэ гэдгийг судалж, шинжилдэг мэргэжил гэж ойлгож болно.
Мастерын зэргээ хамгаалсны дараа дахин нэг шинэ сорилттой нүүр тулсан нь Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсад ажиллах боломж олдсон явдал байв. Товчхондоо “Мобиком Корпорац”-ын гол хөрөнгө оруулагчдын нэг байсан, дэлхийн 60 гаруй улсын олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг үндэстэн дамнасан корпорац болох “Сүмитомо Корпорац”-ын зүгээс надад харилцаа холбоо, финтекийн чиглэлээр Мьянмар улсад ажиллах санал тавьсан. Ингээд 2019-2022 онуудад тус улсын финтек салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаар хэрхэн санхүүгийн үйлчилгээг дижитал байдлаар хүргэх вэ гэдэгт төвлөрөн ажилласан.
Харин одоогоор “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай компани нь 2021 оны аравдугаар сараас Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид ААН байгууллагууд болон иргэдийн зээл, төлбөрийн мэдээллийг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо болон бусад зээл өр төлбөрийн харилцаа үүсдэг байгууллагуудаас зээлийн мэдээлэл цуглуулан, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, аналитик боловсруулалт хийн зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Энэ нь эргээд зээл олгож буй талдаа тухайн зээлдэгчийг хэр найдвартайг батлахын зэрэгцээ эрсдэлийн үнэлгээ хийхэд туслах юм. Бид уг үйлчилгээг энэ оны зургаадугаар сард зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Сүүлийн үед ажилдаа төвлөрөөд зав багатай байгаа болохоор идэвхтэй амьдралын хэв маягаасаа түр холдсон. Гэсэн хэдий ч өөртөө цаг зав гаргаж, цөөн хэдэн минут ч гэсэн өглөөдөө бясалгал хийхийг хичээж байгаа. Учир нь хэт их ачаалал дунд өөрөө өөртэйгөө ярилцах болон сонсох цаг гаргахаа мартаж болохгүй.
Ихэвчлэн зургаан цагийн үед босоод ид түгжрэлийн цагаас өмнө ажилдаа ирж, тухайн өдрийнхөө ажлуудыг нягт төлөвлөдөг. Ажлын шаардлагаар нийтдээ 600-700 орчим санхүүгийн байгууллагуудтай уулзаж, ярилцах хэрэгтэй байгаа учраас аль болох нэг өдөрт олон ажил амжуулж, олон уулзалт хийхийг хичээж байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Миний хувьд ажлын байран дээр хэт чанга, хатуу байж, хэн нэгэнд шаардлага тавих гэхээс илүүтэй тухайн хүнд тохирсон, уян хатан хандлагаар ажиллахыг хичээдэг. Эцсийн дүндээ бид бүгд амьдралынхаа чамлахааргүй олон цагийг ажил дээрээ өнгөрүүлж байгаа учраас хамт олны уур амьсгал, ажлын байран дахь сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Тэгж байж сайхан харилцаатай хамт олон бий болж, нэгэн зорилгын төлөө сэтгэл зүтгэл нэгтэйгээр явна шүү дээ. Ажлын арга барилын тухайд ерөнхийгөөс нарийн руу чиглэн ажилладаг. Өөрөөр хэлбэл, том зургаас нь эхэлж, дараа нь жижиг хэсэг бүрийг тооцоолдог гэсэн үг.
Өмнөх ажлын туршлагын хүрээнд олон түвшний албан тушаалд ажиллаж байхдаа сурсан хамгийн чухал нөү-хау нь аливаа компанийн алсын хараа нь ажилтан нэг бүрийнхээ зорилготой уялдаж, нэг чиглэлд байх явдал юм билээ. Тэгэхээр зөвхөн өөрт оноогдсон ажил гэлтгүй танай хамт олон, байгууллагын зорилго юу вэ гэдгийг анзаарч, үүнд би ямар байдлаар хувь нэмрээ оруулах вэ гэдгээ ойлгох нь чухал.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зайнаас ажиллах соёлд шилжээд Office 365 програмуудын мастер болсон шүү. (инээв) Одоо ч өдөр тутамдаа ашиглаж байна.
Мөн ном унших дуртай болохоор Kindle, Audible-ыг байнга хэрэглэж байгаа. Цаасан ном, Kindle-ийн алийг нь ч тухтай унших завгүй үедээ Audible-ийг сонсоорой гэж санал болгоё. Хурдыг нь тохируулж болно. Хэрэглэхэд тун амар.
Үүнээс гадна сүүлийн 3-4 сарын турш сошиал медиа апп-ууд болох Facebook, Instagram-ыг огт хэрэглэхээ больсон. Шаардлагатай хүмүүстэйгээ Messenger-ээр харилцаж, цаг үеийн мэдээллээ зохих эх сурвалжаас авч байна.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
“Deep work” номоос сурч байсан аргаасаа хуваалцъя. Бидний өдөр тутмын ажлыг ач холбогдлоор нь deep work ба shallow work хэмээн авч үзэж болно. Нийт ажлын 80 орчим хувь нь ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд төдийлөн үр дүн өгөхөөргүй ажлууд буюу shallow work байдаг бол үлдсэн 20 хувь нь бидний заавал төвлөрч анхаарах ёстой, таны ирээдүйд хувь нэмэр оруулах ажил буюу deep work юм. Тэгвэл уг номд дээрх нөхцөл байдалд хэрхэн зохицон ажиллах талаар хэд хэдэн аргыг хуваалцсанаас надад хамгийн тохирсон нь “Помодоро” арга. Энэ нь тун энгийн. 50 минут юунд ч сатаарахгүйгээр өөрийгөө бэлдээд зөвхөн хийх ёстой ажилдаа төвлөрч, 10 минут завсарлага аваад дахин 50 минут ажлаа хийх замаар ээлжлэхэд л болно.
Өөр цаг хэмнэх хамгийн сайн арга гэвэл багаа зөв бүрдүүлэх. Ажил нэг бүрдээ би өөрөө оролцохоос илүү түүнийг маш сайн гүйцэтгэж чадах багийн гишүүндээ даатган хариуцуулбал ямар ч ажлыг хурдан хугацаанд, өндөр чанартай хийж чадна гэж боддог.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Өмнө нь хэлсэнчлэн том зургаар нь хараад дараа нь жижиг хэсэг бүрийг тооцоолдог. Байгууллагын хувьд жилийн төлөвлөгөөг хагас жил, хагас жилийг сар сард нь хуваах байдлаар ажилтнуудынхаа хуваарьт ажилд шигтгэж өгнө.
Хувь хүний төлөвлөгөөг 4-5 жилийн хугацаатай, пресентаци танилцуулга хэлбэрээр гаргадаг. 2015 оноос хойш хүсэж мөрөөдөж, зорьж хичээж байгаа бүхнээ өөртөө үргэлж сануулах зорилгоор ийнхүү төлөвлөж байна. Хүн хүрэх цэгээ тодорхойлсон цагт юу ч тохиолдсон тэр чигт явахыг эрмэлздэг байх хэрэгтэй.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Сүүлийн үед ажлын хамт олноосоо эрч хүч авч байна. Чадварлаг ажиллах хүчнээс гадна халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг хөгжилтэй хүмүүс бий.
Мэдээж гэр бүл, найзуудтайгаа уулзаж ярилцах нь хэзээд эерэг энергийг өгдөг. Энэ бол маргаангүй.
Харин burn out болох гээд байвал хэт их толгой ажиллуулж, бодолд автуулахааргүй хөнгөн үйл явдалтай ном уншихыг хичээдэг. Эсвэл юу ч хийхгүй зүгээр л суудаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Миний хувьд охид, эмэгтэйчүүдээ дэмжин ажиллах, харилцан бие биедээ урам зориг өгөх тал дээр анхаарч ажиллахыг хүсдэг. Тиймдээ ч 2016 оноос эхлэн надтай ижил үзэл бодол, үнэт зүйлтэй хүмүүсийн нэг хэсэг болж “Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд” ТББ-аас зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрт оролцож байна. Тэндээс би амьдралын найзуудаа олж, үнэт зүйлээрээ нэгдсэн хамт олны нэг хэсэг болсон. Яг одоогоор “Европын Сэргээн Босголтын Хөгжлийн Банк”-ны санхүүжилтээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан есөн сарын турш үргэлжлэх менторшип хөтөлбөрт ментороор оролцож байна.
Мөн ажлынхаа зав чөлөөгөөр “The Culture Map” номыг орчуулж байгаа. Одоогоос гурван жилийн өмнө анх уншаад утга агуулга нь их таалагдсан. Энэ номд улам бүр даяарчлагдан хавтгайрч байгаа дэлхий ертөнцөд соёл, зан чанар, үнэт зүйлээрээ бие биетэйгээ харилцан адилгүй хүмүүс хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, нэгнийхээ онцлог шинжийг яаж ойлгох талаар өгүүлдэг юм. Цар тахлаас үүдэн монгол залуучууд маань зайнаас гадаад улсад ажиллах нь ихэсч байгаа болохоор заавал унших номуудын нэг гэж бодож байна. Энэхүү номоо ирэх намар хэвлэлтээс гаргах төлөвлөгөөтэй байгаа.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРхшээЛтЭй ТАЛУУД?
Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг өнөөг хүртэл “Монголбанк” хариуцан банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Гэвч 2011 онд батлагдсан “Зээлийн мэдээллийн тухай хууль”-д заасанчлан зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг төрийн байгууллага бус хувийн байгууллагад хариуцуулах заалт 2021 оны аравдугаар сараас буюу арван жилийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Учир нь хувийн байгууллага зээлийн мэдээллийн үйлчилгээг илүү бизнесийн зарчмаар явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээг улам сайжруулах замаар Кредит скорийн шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжтой. Ийнхүү сонгон шалгаруулалтаар хоёр байгууллагад тусгай зөвшөөрөл өгсний нэг нь манай компани болсон.
Манай бизнес зөвхөн нэг салбарын асуудал гэхээс илүү үндэсний хэмжээнд яригдах хариуцлага өндөртэй ажил. Бидний ажил аливаа хувь хүн эсвэл байгууллагын түүхэн зээлийн мэдээллийн датаг нэгтгэсэн сан байгуулахаас эхэлнэ. Мэдээж хүний хувийн мэдээллийн асар том сан болж байгаа учраас мэдээллийн аюулгүй байдлын тал дээр Монголбанкаас бидэнд арилжааны банкуудад тавьдагтай ижил шаардлагыг тавьж байгаа. Үүний дагуу бид COBIT фрэймворкын тогтолцоо, ISO27001 стандартын шаардлагуудыг ханган ажиллаж байна.
Өөр нэг онцлог гэвэл энэ төрлийн үйл ажиллагааг манай улсад анх удаа хувийн байгууллага хариуцан ажиллах гэж байна. Энэ нь нэг талаараа банк, санхүү тэр дундаа зээлийн салбарт маш том өөрчлөлт авчрах юм. Нөгөөтээгүүр, санхүүгийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжиж байгаа энэ үед асар их хэмжээний дата ул мөр бий болсоор байна. Харин үүнийг бизнесийн хэрэгцээнд нь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож, уян хатан байлгах тал дээр хувийн байгууллагууд илүү давуу талтай ажиллаж чадна гэж харж байгаа. Эцсийн дүндээ санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдлээ бууруулж, иргэд өөрийн эрсдэлд таарсан санхүүгийн бүтээгдэхүүнээ авах боломжтой гэсэн үг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Яг одоогоор зээлийн мэдээллийн сангаа бүрдүүлж банк, санхүүгийн байгууллагуудад зээлийн лавлагааны үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Уг үйлчилгээг бид ирэх зургаадугаар сард зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнээс төд удалгүй буюу хагас жилийн дараа ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНД суурилсан алгоритмаар боловсруулагдах зээлийн онооны (кредит скор) үйлчилгээг танилцуулах юм. Нэг ёсондоо зээлийн түүхтэй Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн оноотой болно гэсэн үг. Энэ нь мэдээж Монголын банк, санхүүгийн байгууллагуудад эрсдлээ удирдахад чухал нөлөө үзүүлнэ.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хүнд суралцах боломж хэзээд бий. Мөн суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. Миний хувьд сурч болох бүгдийг сурахыг хичээдэг. (инээв) Жишээ нь, үндсэн мэргэжлийнхээ дагуу олж авахыг хүссэн ур чадварын талаар ном унших, подкаст сонсох, сургалтад хамрагдах гээд боломжтой үедээ өөртөө цаг гаргахыг эрмэлздэг. Эрчимтэй өрнөж буй дижитал шилжилтийн ачаар бид дэлхийн топ сургуулиудын хөтөлбөрийг онлайнаар авах, сурахыг хүссэн ур чадвараа эзэмших боломж элбэг байна шүү дээ. Мөн би олон улсад санхүүгийн чиглэлийн "Эверестийн оргил" гэгддэг мэргэшсэн санхүүгийн шинжээчийн зэрэглэл олгох CFA шалгалтынхаа сүүлийн шатанд бэлдэж байгаа.
Түүнчлэн сэтгэл судлалын салбарыг ихээхэн сонирхож байна. Бусдыг сонсож, тэдэнд урам зориг өгч, асуудлыг өөр өнцгөөс харж, тэднийг амьдралаа илүү сайхан болгоход нь туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Үүний тулд суралцах асар олон зүйл байгаа нь мэдээж.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Өмнө нь хувь хүний хөгжлийн номыг шимтэн уншдаг байсан ч зөвхөн цөөн хэдэн утга санааг өөр өөр жишээгээр тайлбарладгаас нь болоод төдийлөн сонирхож уншихаа больсон. Харин амьдарч үзээгүй амьдралаараа амьдрах боломжийг өгдөг уран зохиолын номуудыг шимтэн уншиж байгаа. Гэхдээ энэ удаа уншигчдадаа өөрийн орчуулж буй “The Culture Map” номыг санал болгомоор байна. Энэ ном соёл, үзэл бодол, үнэт зүйлийн ялгаатай хүмүүсийн харилцан ашигтай хамтын ажиллагааг тун энгийнээр өгүүлдэг.
Киноны хувьд “Green Book” бүтээлийг санал болгоё.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
“Сүмитомо” корпорацын япон захирлын хэлсэн үг санаанд бууж байна. Тэр захирал маань тун шийдэмгий бөгөөд аливаа гаргасан алдаан дээр үргэлж анализ хийж, тухайн асуудлыг өөрөөр яаж шийдэж болох байсан талаар үргэлж ярилцдаг нэгэн байв. Ихэнх тохиолдолд бид алдаанаасаа суралцалгүй дахин давтдаг юм шиг санагддаг.
Тиймдээ ч тэр “Зөвхөн өөрийн асуудлаа бус илүү том зургаар нь харах хэрэгтэй. Юуны төлөө зорьж, юуны нэг хэсэг болон ажиллаж байгаагаа сайн анзаарч байгаарай” гэж захисан. Түүний энэ үг одоо хүртэл ажил, амьдралын бүхий л зүйл дээр нэгийг бодуулдаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
"Shoot for the moon. Even if you miss, you'll land among the stars."
Хэдий өндөр албан тушаалд, сайхан хамт олны дунд ажиллаж байсан ч гадаад улсыг зорьсондоо харамссан тохиолдол надад үгүй. Бид тухтай бүсдээ үлдэж, бүх зүйл амар хялбар санагдаж эхлэх тэр үеэс л хөгжихөө больдог шүү дээ. Ихэнх тохиолдолд бид өөрийгөө чамлах, бүрэн бэлэн болсныхоо дараа сорилтыг хүлээн авах, хэн нэгэн өөрт нь хүрч ирээд өөрчлөлтийг өгнө хэмээн хүлээдэг. Үүний оронд хүссэнээ асууж, өөрийгөө сорьж, тодорхойгүй нөхцөлд ч зоригтой байх хэрэгтэй гэж бодож байна. Эцэст нь хүнд хандлага, ур чадвар, хичээл зүтгэл байгаа цагт монгол, америк, африкийн хаана ч алзахгүй.
T Tuya 2022.05.23 216.194.46.178
Yag zov er ni huvi hynii hogjliin tuhai nom bol eronhiidee l 10 jiliin hyyhdiin za ysreed student-iin unshih nom shuu dee.
З Зочин 2022.05.14 64.119.25.254
Ойрд гарч ирээгүй шинэ дүр мэт санагдлаа улам эрчтэй урагшаа яваарай одоо битгий илүү дутуу юманд ороод байдаг л нэг нөхөр болчихоорой л гэж захья
T Thank you 2022.05.13 202.126.90.56
Tun sain yariltslaga boljee. Nuur budalt bolon zurag avaltuud harin mash muu bailaa . Sanhuugiin zah zeeld tes oor torliin toglogch garch irehnee