Ярилцлагынхаа ээлжит дугаарт бид гоо сайхны бүтээгдэхүүний салбарт амжилттай бизнес эрхэлж буй С.Энхцэцэгийг урьсан юм. Багануурт бизнесийнхээ гарааг тавьсан тэрээр 2017 онд Солонгосоос ургамлын гаралтай бүтээгдэхүүний The SAEM брэндийг Монголд оруулж ирсэн бөгөөд өдгөө дараагийн том зорилгоо тавин шаргуу ажиллаж байна. Ингээд хоёр брэндийн зургаан дэлгүүрийг удирдан ажиллаж буй, тууштай, дайчин бүсгүйтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: The Saem, Skinfood брэндүүдийн Монгол дахь төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 11
Хэрэглэдэг компьютер: HP Notebook, Macbook Air
Сошиал хуудас: Eegi Eegi (Facebook), Eegii0606 (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд үйлдвэр, экологийн чиглэлээр суралцаж, "Багануурын уурхайн нөхөн сэргээлт" сэдвээр диплом хамгаалан төгссөн. Их сургуулиа төгсөөд нөхрөө дагаж Багануурт суурьшсан ч мэргэжлийн чиглэлээрээ ажиллаагүй.

2011 оноос байрны подвальд гоо сайхны барааны нэг лангуу тавин борлуулж эхэлсэн юм. Гоо сайхны ямар бүтээгдэхүүн зарвал борлогдох вэ гэдгийг би нэлээн соргог мэдэрдэг гэж итгэдэг. Ер нь аливаа зүйлд мэдрэмж тун чухал юм шиг санагддаг шүү. Тухайн үед Улаанбаатараас нэг тор бараа татаад л асуудалгүй борлуулчихдаг байлаа. Ингээд нэг лангуугаа хоёр, гурав болгон ахиулж, улам туршлагажих болов. Дараа нь манайх хот руу шилжин нэг молл дотор лангуутай болсон. Явц дундаа Солонгос руу явж, тэндхийн бизнесүүдтэй харилцаа тогтоон The SAEM, Skinfood брэндүүдийг хүнтэй хамтран болон дангаараа франчайзаар оруулж ирсэн юм. Энэ ажилдаа ихээхэн дур сонирхолтой болохоор тууштай ажиллаж чаддаг.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Эрт босож, эрт унтахыг хичээдэг. Тэгэхгүй бол хотын энэ их түгжрэл дунд ажил амжихгүй шүү дээ. Нөгөөтээгүүр хүн гоо сайхан харагдахад, арьсаа арчлахад нойр маш чухал байдаг. Би 7 цагт босож, бага охиноо цэцэрлэгт нь явуулаад ажилдаа гардаг. Ажил дээрээ ирээд менежер, ажилтнуудтайгаа хурал хийх, гаднын түншүүдтэйгээ харилцах, захиалга өгөх гээд олон төрлийн ажил хийнэ. Орой гэр лүүгээ эртдээ л 19 цагийн үед харьдаг. 22 цаг өнгөртөл ажиллах үе ч цөөнгүй. Би захирал гээд аливаа ажлаас хойш суулгүй, охидынхоо дунд ороод л хамтдаа ажлаа нугалахыг хичээдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би их ажилладаг төрлийн хүн. Олон юм руу үсчдэггүй, урдах ажилдаа л төвлөрдөг. Цагаа хэрхэн зөв хуваарилах вэ, борлуулалтаа яаж сайжруулах вэ, үйлчлүүлэгчдэдээ бүтээгдэхүүнээ яаж илүү сайн, илүү ойлгомжтой хүргэх вэ гэж байнга бодож, толгойгоо ажиллуулдаг.

Бас өөртөө нэлээн шүүмжлэнгүй хандаж, би энэнээс илүү хийх ёстой гэж боддог юм байна. Энэ чанар маань заримдаа ажил бизнест эергээр нөлөөлдөг байх.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

KakaoTalk, WhatsApp зэрэг апп-аар гаднынхантай их харилцдаг. Player GR аппаар хөгжим, лекц байнга сонсдог. Сошиалаас Инстаграмд идэдвхтэй. Youtube, Netflix-ийг бас багагүй үзнэ. Өөр нэг их олон апп ашигладаггүй дээ. Мэдээж гар утас, компьютер хоёр бол миний хамгийн гол багаж.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүн хэлсэнчлэн эрт босох нь цаг хэмнэдэг. Мөн яг л төлөвлөснийхөө дагуу ажиллахыг эрмэлздэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хийх зүйлсээ утасныхаа Notes апп дээр тэмдэглээд явчихдаг. Ажлын ширээн дээрх дэвтэр дээрээ харин урт хугацаанд хийх, эргэж өөртөө сануулах зүйлсийг тэмдэглэнэ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би хөгжмийн улаан хорхойтон. Эрч хүч хэрэгтэй үед өрөөндөө ганцаараа хөгжим сонсдог юм.

Мэдээж бас амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ гадуур гарах, кино үзэх, гэртээ гоё хоол хийж идэх зэргээр ар гэртээ цаг гаргана.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн ажлаас өөр хийдэг, оролцдог төсөл байхгүй юм байна. Тавьсан том зорилгодоо хүрэхийн тулд ахиад нэлээн хэдэн жил нэлээн төвлөрч ажиллах байх. Түүний дараа л өөр зүйлс сонирхох болов уу.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хүмүүсийн гоо сайхныг хадгалж, залуу, аятайхан харагдуулахыг зорино гэдэг бол гэгээлэг, таатай ажил. Монгол хүнд ази, тэр дундаа солонгос гоо сайхны бүтээгдэхүүн яв цав тохирдог. Анх Skinfood-ийн зарим бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байж байгаад Солонгост очихдоо энэ брэндийг Монголд оруулж ирэх ёстой юм байна гэж зүтгэсэн. Ингээд Э.Болороо гэдэг дүүтэйгээ хамтран франчайз эрхийг нь авч, дэлгүүрүүдийнхээ интерьерийг яг л Солонгосынхтой адилаар хийж, бүх бүтээгдэхүүндээ тестер өгөх зэргээр хэрэглэх нөхцөл боломжийг аль болох хамгийн сайнаар олгохыг хичээсэн. Дараа нь 2017 онд өөрөө бие даан The SAEM брэндийг оруулж ирэн, одоо энэ брэнд дээрээ төвлөрөн ажиллаж байна.

The SAEM, Skinfood брэндүүд нь ургамлын буюу жимс, ногооны гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Солонгос бүтээгдэхүүнүүд дээр үеэсээ монгол хүний арьсанд маш сайн таарч зохицдогийн зэрэгцээ сүүлийн үед улам сайжраад л байгаа.

Нэг онцлох ёстой зүйл бол франчайз бизнес учраас манай бүтээгдэхүүний үнэ Солонгос дахь үнэтэйгээ хол зөрдөггүй, бараг л адил. Гоо сайхны бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт их нарийн байдаг. Богино хугацаанд найдвартай тээвэрлэхэд зардал багагүй гарна.

Хэцүү бэрхшээлтэй гээд байх зүйл бараг байхгүй гэж болно. Харин сүүлийн үед харшилтай хүний тоо эрчтэй нэмэгдэх болсонд санаа зовж байна. Харшлынхаа шалтгааныг мэдэхгүйгээс биедээ харшлах бүтээгдэхүүн авчихсан хүмүүс хааяа тааралддаг юм л даа.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ирэх жил Европоос гоо сайхны нэг томоохон брэндийг Монголдоо оруулж ирэх гээд шаргуу ажиллаж байна. Ноднингоос эхэлсэн энэ ажил маань давгүй ахицтай байгаа шүү. Хэрвээ энэ ажил маань бүтвэл сайн баг бүрдүлж, хэдэн шат ахиж ажиллах шаардлагатай болно.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Өөрөөсөө хэдэн алхам урд яваа үеийн мундаг залуучууд болоод аль хэдийн амжилтад хүрсэн бизнесмэнүүдийг дагаж, суралцахыг хичээдэг. Мөн одоо харилцаж буй Солонгосын болон Европын компаниудаас үлгэр жишээ авах зүйлс олон байдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Бид дээхнэ үед уран зохиол, адал явдалт зохиолоос салдаггүй байв. Сидней Шелдоны бүх л зохиолыг гүйцээж байлаа. Сүүлд уншсан гэвэл "Ногоон нүдэн лам", "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний ид шид" гэсэн номууд байна.

Хөгжмийн тухайд сүүлийн үед Vandebo, Mrs. M гэх мэт залуу монгол артистуудаа их сонсож байна. Киноны хувьд, оргүй хоосноос хэрхэн амьдралаа бүтээн босгож болох тухай харуулсан болохоор "The Pursuit of Happiness"-д дуртай. Бас Леонардо ди Каприогийн тоглосон "The Revenant" үнэхээр гоё кино шүү.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Аавын минь хэлдэг байсан үгс миний ой тойнд үлдэж, амьдралд их нөлөөлсөн шүү. "Миний охин чадна, миний охин удирдагч болно" гэж байнга хэлдэг байв. Мөн "эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэгт итгэдэг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Дуртай сонирхолтой зүйлээ сонгоод, түүндээ тууштай, чадна гэсэн итгэлтэй байвал хүн зорьсондоо хүрнэ гэдэгт итгэдэг. Олон туулай хөөвөл хоосон хоцрох магадлал өндөр. Орчин цагт ажилдаа тууштай байх чанар бүр л үнэ цэнтэй болсон гэж бодож байна.

Бас нэг санаа. Охид бүсгүйчүүд маань өөрийгөө хөгжүүлэхээс өмнө, үерхэж буй хүнээ сайн танихаасаа өмнө битгий гэр бүл зохиогоосой, битгий яаран хүүхэд гаргаасай. Энэ бол бэлтгэлтэй байж, цаг нь ирэхээр гаргах чухал шийдвэр.