Unread Media-ийн хамт олон UNICEF Mongolia, IWFCI Mongolia байгууллагуудтай хамтран ажил олгогчид, бизнес эрхлэгчдийг ажилтнууддаа гэрээсээ ажиллах, уян хатан ажиллах бололцоог олгохыг уриалан #БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome сошиал медиа аян (challenge)-ыг хамтран эхлүүлсэн билээ.

Сошиал медиа аяныг яагаад эхлүүлсэн тухай:
#БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome challenge-ийг эхлүүлэх нь

Unread

Энэхүү аян маш амжилттай үргэлжилж, 49 байгуулллагын 52 удирдах ажилтан (үүн дотор мөн сошиал нөлөөлөгчид ч байв) нэгдэв. Энэ удаа бид өөрсдийн туршлагаас хуваалцсан 12 захирлын хариултыг нэгтгэн хүргэж байна.

Ард санхүүгийн нэгдэл хк-ийн үүсгэн байгуулагч ч.Ганхуяг

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Европоос ажиллаж байгаа тул өглөө орноосоо босоод, нүүр амаа угаасан болоод л шууд ажил хэрэгч царайлан ажиллаж, өглөөний цайгаа хурлын дундуур ууж сурч байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Ард Санхүүгийн Нэгдэл бүх үзүүлэлтээрээ тулсан сайн үр дүн гаргаж байна. Үүнээс илүү үр дүнтэй байх боломжгүй юм шиг... Гол нь зайнаас ингэж ажиллах нь зогсолтгүй ажиллах аюултай байдаг юм байна. Зардал, чирэгдэл багассанаар ашигт ажиллагаанд нөлөөлөхүйц өөрчлөлт харагдаж эхэлсэн.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Хүү техник тал дээр тусалж, эхнэр маань арын албыг зүтгүүлж байгаа бол ээж улс төрийн зөвлөхөөр ажиллаж эхэллээ. Миний хувьд фэйсбүүкээ үр дүнтэй ашигладаг хэвээр. Нэмээд Zoom, Hangouts, Meet, Skype ашиглах нь ихсэв. Telegram, WhatsApp, Viber, Messenger илүү хэрэглээтэй болсон.

Оюуны ундраа группийн гүйцэтгэх захирал о.тэнүүн

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэрээсээ ажиллах хүсэлгүй байгаа хэдий ч энэ үйл явдал уламжлалт ажлын байрны хэв маягийг өөрчилж, ирээдүйд гарцаагүй хүлээн зөвшөөрөгдөх, зайнаас ажиллах шинэ арга барил, дадлыг бий болгож байна. Багийнхантайгаа ямар давтамжтайгаар холбогдох вэ? Холбогдох суваг нь видео платформууд байх уу? Эсвэл утас нь зүгээр үү? Хамтдаа гэрээсээ ажиллахад хамгийн тохиромжтой арга нь юу вэ? Хэрвээ ямар ч нийгмийн сүлжээ ашигладаггүй бол ашигладаг болох хэрэгтэй юу? гээд л асуудал олон. Өөрөөсөө асуусан асуулт, хийж хэрэгжүүлсэн ажил гэвэл зайнаас ажиллах тухай ажилтнууддаа сайтар ойлгуулж, ингэж ажиллах нь үр дүнгээ өгнө гэдэг итгэл үнэмшлийг бий болгох байв. Энэ нь ч маш чухал байж гэдгийг ойлгосон.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Зайнаас ажиллах үед холбоо барих давтамжийн тоог бууруулж болохгүйг ойлгосон. Хэрвээ та уулзалтууд хийж дадсан бол түүнийгээ үргэлжлүүлэх л хэрэгтэй. Мэдээж зайнаас ажиллах үедээ хөгжилтэй зүйлс хийхээ бүү мартаарай. Жишээ нь, кофены завсарлага авч, өдрийн хоолоо хамт хийж идэх гэх мэт. Эдгээр зүйлс нь таныг оффистоо байх байсан үеийн тэрхүү харилцаа холбоог үргэлжлүүлэн хадгалахад тусална. Эцэст нь дахин нэг зөвлөгөө өгөхөд, дасгал хий. Энэ нь тархины ажиллагаанд шууд нөлөөлж бүтээмж нэмнэ. Энэ бүхнийг дадал болгож байж гэрээсээ үр дүнтэй ажиллаж чадна.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

iMac, iPhone, Microsoft Outlook, Yammer, Zoom.

м-ойл группийн гүйцэтгэх захирал б.пунсалмаа

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Монголд коронавирусын улмаас хөл хорио тогтоосноос хойш 128 дахь өдөртэйгөө золгож байна. Үүнээс шалтгаалж амьдралын хэв маяг ихээр өөрчлөгдөж, хүмүүст урьд урьдынхаасаа илүүтэйгээр мэдээлэл, технологитой бүтээлчээр харьцаж сурах боломж нээгдэж байна. Урьд нь компаниараа сард нэг л удаа цуглаж уулздаг байсан бол одоо бол хамаарлынхаа бүх обьектуудтайгаа онлайнаар шууд холбогдон, өдрийнхөө төлөвлөгөөгөө нэг дор, нэг дэлгэцэн дээр холбогдон ярьж, бие биедээ урам зориг өгдөг болсон.

Уг нь техникийн хувьд өмнө нь ийм боломж бололцоо байсан ч одоогийнх шиг зайлшгүй шаардлагад шахагддаггүй байснаас боломжоо дутуу ашигладаг байжээ гэж харагдаж байна. Мөн гэртээ сууж байх хугацаандаа байнга дэлгэцнээс хэт хараат байхаас сэргийлж, цаасан материал товхимлуудаа эргүүлж харах замаар одоогийн хийж байгаа ажлуудаа илүү судалгаанд суурьтай болсныг анзаарсан. Бүтэн жил сургалт өгч байсан "Пунсалмаа сан"-гийн ажлууд маань өмнөхөөсөө илүү үр дүн үзүүлж үндсэндээ хэрэгжихэд бэлэн болоод байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэртээ үр дүнтэй ажиллахын тулд хамгийн түрүүнд мэдээж тухтай ширээ сандал орчин мөн онлайн хурал хийхэд зорилулсан камер, камерын хөл, микрофон зэрэг багаж хэрэгслүүд хэрэгтэй.
Мөн ачаалал аваад ядраад ирэх үедээ гарч агаар амьсгалах, гэрийн нөхцөлд дасгал хийх эсвэл ном сэтгүүлүүд уншиж болох юм. Бас өөртөө таалагдах боловч ажлыг чинь төвлөрүүлж чадах гоё зөөлөн хэмнэлтэй дуу сонсвол зүгээр болов уу гэж бодож байна.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?
Iphone, Macbook Air, FB & FB Messenger, Photoshop, WhatsApp, Instagram, Twitter, Gmail, Google Drive, Zoom, Тэмдэглэлийн Дэвтэр.

Хөөрхөн Зүрх ТББ-ын хамтран байгуулагч, захирал Б.Оюундарь

Хөөрхөн Зүрх ТББ - Beautiful Hearts Against Sexual Violence маань сүүлийн хоёр сарын хугацаанд оффисоо хааж, ажилтнуудынхаа болон үйлчлүүлэгч бяцхан зүрхнүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч гэрээсээ ажилласан. Өмнө нь миний хувьд ингэж урт хугацаанд гэрээсээ ажлаа амжуулж байгаагүй юм байна. Үнэндээ надад их сорилт ихтэй өдрүүд өнгөрсөн.

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Үд хүртэл унтах нь, замын түгжрэлд цагаа үрэн байж уулзалтуудад оролцохгүй нь, сураагүй нүүр будалтыг хийхгүй байх нь (гадуур гарах бол масктай), өөрөө хоолоо хийгээд идэх нь (эрүүл мэнд болон санхүүд нэмэртэй) хамгийн гол нь хүүхэдтэйгээ олоон цагийг наалдан пад хийж хөгжилдөн өнгөрөөсөн нь хөл хорионд орсны давуу талууд байлаа. Гэвч сул тал нь өдөрт 3 хоол хийнэ, аяга угаана, цэвэрлэнэ гээд өглөө, өдрийн цагаар гэрийн ажилд илүү их цаг зарцуулж байгаагаа анзаарсан. Оройн цагаар нь үндсэн ажлаа хийж суувал нэг мэдэхэд шөнө дунд болгосон байдаг. Тэгээд л маргааш үд дунд сэрнэ... гэх мэтээр 60 гаруй хоногийг өнгөрүүлжээ.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Өглөөний цагаар гэрийнхээ ажлуудыг амжуулчихвал, өдөр тийшээ хүүхдээ цахим хичээл хийж, муужгайгаа унтаж байх яаг тэр 1-2 цагийг чанартай ашиглахыг хичээдэг. Энэ үеийг л барьж авч ашиглаж чадвал онц сайн, чадахгүй бол муухай царайлаад шөнө дунд хүртэл сууна кк.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Өндөр хурдтай компьютер, интернет (ажлаасаа дэлгэц, процессор, принтер бүр сандлаа хүртэл аваад ирсэн) хар кофе, анхилам үнэрт амин тос ууршуулаад, намуухаан ая тавиад суувал 2-4 цаг босохгүй суучихдаг. Муужгай л саад болохгүй бол сайн сууна.

Монголын бизнесийн зөвлөлийн захирал Б.Жавхлан

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Долоо хоногийн зарим өдөр нь гэрээсээ ажиллах таалагдаж байгаа. Карантин дууссаны дараа корона вирус бидний өдөр тутмын амьдралд том ул мөр, өөрчлөлтийг үлдээнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр үед гэрээсээ ажиллах нь нормал зүйл болох байх.

Гэрээсээ ажиллаж эхлээд онлайнаар хурал, зөвлөгөөн тогтмол хийх болсон. Онлайн хурал нь илүү үр дүнтэй, нурших зүйлгүй хурдан болдог нь ажиглагдсан. Эндээс сургамж авч цаашид ч энэ арга барилаар хурлуудаа хийнэ. Энэ үе дуусгаж амжаагүй номоо унших, бясалгал хийх зэрэг боломжуудыг олгосон. Цаашид ч эдгээр зүйлийг хийхдээ цаг илүү зарцуулна гэж шийдсэн шүү. Мөн ажлын таван өдрийн ядаж нэг өдөр нь гэртээ өдрийн хоолоо бэлтгэж ирж байя гэж төлөвлөж байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэртээ ажиллахад ажлын цаг байдаггүй тул шөнө болтол хэтрүүлж ажиллах, эсвэл ажиллаж байгаад шууд унтаад үргэлжлүүлэн ажлаа зүүдлэх зэргээр цагийн хэмнэл алдагдаж өглөө сэрэхгүй байх гэх мэт муу үр дагаврууд гарсан. Иймд яг л оффист ажиллаж байгаа мэт өдөр бүр ажлынхаа төлөвлөгөөг цаасан дээр гаргаж, хуваарийн дагуу ажиллан, өөрийгөө урам зоригтой байлгахын тулд ажлаа хийж дуусаад өдөр бүр check-box хийх хэрэгтэй юм байна лээ. Ажиллаж байхдаа дуртай подкаст эсвэл хөгжим сонсон, тогтмол завсарлага авч, биеийнхээ чилээ гарган хөдөлгөөн хийх гэх мэтээр гэртээ үр дүнтэй ажиллаж сурч байна. Мөн багийнхантайгаа тогтмол видео уулзалт хийж ажлын явцаа танилцуулж мэдээлэл солилцох зайлшгүй шаардлагатай юм билээ.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Дэвтэр (өдөр тутмын ажлын төлөвлөгөө), бал, гар утас, MacBook, iPad (видео уулзалтуудаа үүгээр хийдэг), Google Calendar (ажлын хуваарь), WhatsApp, Telegram, Zoom, BlueJeans.

 Beauty Secrets-ийн үүсгэн байгуулагч Д.Энххорвоо

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Ажил дээрээ цаасан дээр юм их тэмдэглэж (note taking) шаардлагагүй хаягдал гаргадаг байснаа ухаарсан. Гэрээсээ цаасгүйгээр бүх ажил, тэмдэглэлээ цахимаар явуулж болдoгийг ойлгосон. Үүнтэй холбогдуулан бид цахим худалдаа явуулдаг стартап бизнесийн хувьд и-баримтыг цахимаар эсвэл цаасаар авах гэсэн шинэ сонголт нэмж, аль болох цахимаар баримтаа авахыг хүмүүст уриалж байгаа. Жишээлбэл, бидний өдөр тутмын хэрэглээ болсон А4 цаасыг үйлдвэрлэхэд 10 литр ус зарцуулдаг гэхээр аймаар байгаа биз?

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэрээсээ ажиллах амaргүй, гэрийн ажил гээд олон юманд сатаарах, анхаарал төвлөрөхгүй байх тохиолдол их байдаг. Тийм болохоор цагаа зөв хуваарилах нь чухал санагдсан. Миний хувьд, өглөө босоод дасгал хөдөлгөөн, өглөөний цай, арьс арчилгаагаа хийж дууссаны дараа кофегоо аягалaж аваад, ажлаа үдийн цай хүртэл яг амжуулж дуусгах хатуу зорилго тавин ажиллаж байна. Ингэх нь илүү үр дүнгээ өгч буй. Харин үдээс хойш гэрийн болон бусад ажлаа амжуулахдаа гар утсаараа давхар ажлаа хийдэг.
Гэрээсээ ажиллаж байгаа гээд нарны тосоо түрхэхгүй байж болохгүйг давхар сануулах нь зүйтэй биз ээ.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Macbook, утас, Мail, Trello, Google Calendar, Google Drive, FB Messenger, WhatsApp, Viber.

Бөмбөгөр менежмент группийн захирал Б.ОрхонТУЯА

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Миний хувьд гэрээсээ ажиллах нь илүү төвлөрөх боломжийг олгосон. Ажил дээрээ байхад уулзалт, хурал зөвлөгөөн тасардаггүй ба олон хүн бужигнасан газарт төвлөрч суух боломж бага байдаг. Нэг зүйлдээ удаан төвлөрч, гэрээс ажиллахад бүтээмж өндөр байсан ба цаашдын ирээдүйн зорилго, хийх ажлуудаа эргэцүүлэн бодож суух сайхан боломж, хугацаа гарлаа. Гэр бүлийнхэн маань бүгд дор бүрнээ өөрсдийнхөө хичээл, сонирхолд анхааран өрөө өрөөндөө суух учир саад болох, анхаарал саринуулах зүйл бараг үгүй. Ганц саад болж байгаа зүйл нь хөргөгч л байлаа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэрээсээ удаан хугацаагаар ажиллахаар болбол дараах зүйлсийг анхаарах нь чухал санагдлаа.

  • Хөдөлгөөний дутагдалаас сэргийлэхийн тулд өдөр бүр иогийн дасгалаа тогтмол цагт хийж хэвших
  • Олон дахин босч яван анхаарлаа сарьнуулахгуйн тулд хэрэг болж болохуйц бүх зүйлийг гарын дор бэлдэх
  • Бүх төрлийн сошал медиа аккаунтуудаасаа гарах
  • Aжлынхаа завсараар хоол унд бэлтгэх үедээ подкаст, аудио ном сонсох.

монос холдинг ххк-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.уянга

Монос групп эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг учраас энэ онцгой нөхцөлд илүү хариуцлагатай ажиллах хэрэгцээ шаардлага гарч байна. Монос групп компани нь МУ-ын ЭМЯ, УОК, эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагууд болон тусгаарлагдаж байгаа иргэдтэй холбоотой байж тэдэнд эрүүл мэндийн болон ариутгалын бүтээгдэхүүн хүргүүлэх, мөн үйлдвэрийн болон эмийн сангийн үйлчилгээний компаниудыг иргэдэд эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг тасалдуулалгүй хүргэх тал дээр хариуцлагатай ажиллаж байна. Мөн ийм үед ажлын ачааллыг бууруулах, уртасгасан цагийг таслан зогсоож ажиллахаас гадна үйлдвэрийн, үйлчилгээний бус компанийн ажлын уян хатан цагийн системд шилжсэн.

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Хөл хорионы дараа илүү жинтэй нөхөд ихэснэ гэсэн таамгаар гэртээ хөдөлгөөнтэй байх, хөдөлгөөн дэмжсэн ажил их хийхэд анхаарч байна. Гэрээ тогтмол ариутгаж, цэвэрлэгээ хийх, өглөө эрт босож алхах, алхахдаа дуртай сэдвийн подкастаа сонсох зэргээр аль болох сонирхолтой аргаар өөрийгөө идэвхижүүлж байгаа. Дархлаа дэмжих хамгийн чухал зүйл нь сайн инээх, аз жаргалын гармон гэдэгтэй зуун хувь санал нийлнэ. Олон групп дээр санал солилцож, бие биеэ идэвхижүүлж, хөгжилдөж байна даа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэртээ ажлын дүрэм гаргаж, бүгд нэг цагт хичээл хийх, бусаддаа саад болохгүй дүрэмтэй. Тийм болохоор миний хамгийн үнэтэй, үр бүтээлтэй цаг өглөөний 06:00-9:00 буюу гэр бүлийнхэн унтаж байх үе байдаг.Яаралтай харилцах, харилцагч байгууллагуудтай гэрээ, контракт хийх тохиолдолд онлайнаар цаг алдалгүй хийчихдэг. Сонирхолтой сургалт, уулзалтанд өмнө тэр бүр очиж амждаггүй байсан бол онлайнаар бүртгүүлээд л хамрагдчихдаг болсон. Ер нь гэрээсээ ажиллахаар цаг хугацаа их хэмнэхээс гадна өөрийн зүгээс илүү хариуцлагатай байж, бага хугацаанд их зүйлийг амжуулж сурдаг юм байна.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Microsoft Office 365, Zoom, Workchat, Telegramm, WhatsApp, Viber.

 IT Outsourcing Mongolia компанийн ерөнхий захирал о.дарамбазар

Гэрээс буюу зайнаас ажиллах нь мэдээлэл технологийн салбарт ажилладаг бидний хувьд шинэ зүйл биш байлаа. Ер нь л бидэнд цаг хугацаа, орон зайн байршил нэг их чухал биш. Хөл хорионы дэглэмтэй эдгээр өдрүүдэд өөрөө гэрээс ажиллахаас илүү инженерүүдийнхээ хамтаар харилцагч компаниудынхаа ажилтнуудын гэрээс ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ажлыг л түлхүү хийлээ. Миний анзаарч харснаар бол мэдээллийн технологийн багтай болон мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ авдаг байгууллагууд зайнаас ажиллах асуудлаа төвөггүй шийдэж чадаж байсан.

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Ажиллах орчин, бүтээмж, хүүхэд, цагийн хэмнэл гээд зохицуулж, ойлгох асуудал бүгдэд нь тулгарсан байх. Миний хувьд бол гэрээсээ буюу зайнаас ажиллаж байгаа тохиолдолд өөрийн болоод харилцагч байгууллагуудынхаа мэдээллийн аюулгүй байдалд нь илүү анхаарч, ашиглаж байгаа програм хангамжуудыг нь нягтлах шаардлагатай болсон.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэрээсээ ажиллахад тохиромжтой цагаас гадна таны ашиглаж буй төхөөрөмж болон програм хангамжийн найдвартай ажиллагаа юу юунаас илүү чухал. Хэрвээ та гэрээсээ ажиллах гэж байгаа бол компьютероо сайтар БЭЛДЭХ хэрэгтэй. Бусад ажлуудаа зохицуулчихаад яг сайхан суугаад ажлаа хийх гэтэл компьютер нь гацаад, эсвэл програм нь ажиллахгүй бол юун бүтээмж манатай л болно. Манайхан Microsoft-ийн бүтээгдэхүүнүүдийг (Ms windows, Ms office) хууль бусаар хуулбарлан ашиглах нь элбэг. Энэ нь өөрөө маш олон асуудлуудыг дагуулдаг. Тиймээс бүтээмжээ бууруулахгүйн тулд албан ёсны хувилбар ашиглахыг зөвлөж байна.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Энэ үед видео хурлын програмын хэрэгцээ нэлээд өссөн. Zoom програм трэнд болж хүн болгон мэддэг, ашигладаг болж байгаа ч миний хувьд Cisco WebEX санал болгоод байгаа. Саяхан нэг харилцагч маань WebEX ашиглан хувьцаа эзэмшигчдийн хурлаа зайнаас амжилттай хийсэн юм. Ажиллагааны хувьд Zoom-тай адилхан, нэг өрөө үүсгэх тохиолдолд 100 хувь үнэгүй.

  • Төхөөрөмж: Зөөврийн компьютер, гар утас
  • Тэмдэглэл: Компьютер
  • Мэйл: Гар утсан дээр
  • Видео хурал: Microsoft Office365 teams
  • Харилцаа холбоо: Viber, Wechat, Telegram, Skype for business.

Porsche Улаанбаатар Төвийн борлуулалт, маркетингийн албаны дарга Б.сальма

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэрээс ажиллах нь цагийн менежмент, орчноо сольж бүтээлч байх, өөрөөр сэтгэх, хайрцагнаас гарах зэрэг давуу талуудыг үүсгэхээс гадна холбоо харилцааны сонголт хэчнээн арвин болсныг бидэнд харуулж байна. Энэ хөл хориог өнөөгийн маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд хөл зэрэгцэж алхах эсвэл урд нь гарах боломж гэдэг талаас нь харж байгаа. Төлөвлөсөн ажлуудаа цаг тухайд гүйцэтгэсэнээр өөрт болон гэр бүлдээ зориулах цаг гардаг юм байна. Виртуал орчин, техник технологийн хэрэгслүүд нь ямар ч хол зайг ойртуулж, зарим тохиодолд уулзах гээд “олддоггүй” эрхэмүүдтэй илүү энгийнээр цахимаар холбогдох боломжийг олгосон.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Ажлын төлөвлөлт ба шийдвэр гаргах виртуал уулзалтуудаар дамжуулан бүтээмжээ нэмэх. Хамгийн гол нь гэр бүлийн гишүүдийн орон зай, тав тухыг алдагдуулахгүйгээр ажлаа урагшлуулах хэрэгтэй. Мөн гэртээ байгаа болохоор хэт их суух, шөнөөр ажиллах гэх мэтээр өөрийгөө ачааллах тал бий. Тийм болохоор завсарлага авах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр өөртөө анхаарах нь чухал.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Утас, компьютер, үндсэн хэрэглээний програмууд, чихэвч байхад л болдог доо. Харин харилцаа холбооны хувьд Outlook Teamview, Zoom, Viber, Skype, Whatsuр, Google drive болон Facebook, Instagram Chat зэрэг програм, апп-уудыг ихэвчлэн ашиглаж байна.

зориг сангийн гүйцэтгэх захирал м.маралмаа

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Яг үнэндээ гэрээсээ ажиллаж дадаагүй боловч гурван сарын эхээр ажлаар гадагшаа явж ирсний дараа хоёр долоо хоног гэрээсээ гаралгүй ажиллах шаардлагатай болсон. Эхэн үедээ төвлөрөхөд хэцүү, оффис руугаа явмаар санагдаж байсан ч хөл хорионы дэглэмээ дагах ёстой учир удалгүй цагаа илүү төлөвлөж, Pomodoro ашиглан ажиллаж эхэлсэн. Энэ үед мөн сошиал медиаг ашиглан Зориг сангийнхаа хөтөлбөрүүдээ хэрхэн илүү олон хүнд хүргэж болох тал дээр анхаарч эхэлсэн юм байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Амрах орчин, ажиллах орчноо өөрт ойлгомжтойгоор салгах ёстой санагдсан. Гэрээс ажиллах үед сатаарах зүйлс ихтэй, ядарсан үед ор ойрхон байдаг учир сахилга баттай байх нь чухал гэдгийг ойлгосон доо. Мөн сайн төлөвлөж, өглөө ажиллаж эхэлмэгц тухайн өдөр хийх ажлынхаа жагсаалтыг гаргах нь өдөр дуусахад хэр үр бүтээлтэй байснаа хянахад хэрэгтэй санагдсан.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Ширээ, зөөврийн лаптоп, хурдан интернет, Zoom байхад л хангалттай гэдгийг ойлгосон. Мөн ажлынхаа сошиал медиа хуудсуудыг үр дүнтэй хөтлөхийн тулд Hootsuite, багаар ажиллаж буй төсөлдөө Trello түлхүү ашиглаж байгаа.

вагнер ази технологи компанийн захирал х.уянга

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хажуугаар өглөө, оройд замын бөглөрөлд цаг, энерги зарцуулахгүй гэрээсээ тав тухтай ажлаа хийж болдогийг сурсан. Хувийн зохион байгуулалт, сахилга бат, цагийн менежмент, үр дүнтэйгээр зайнаас багаар ажиллах харилцааны ур чадвар зэргийг цаашид улам хөгжүүлэх нь бизнест ямар чухал гэдгийг ойлгосон юм байна. Гэрээсээ ажиллах боломж олгосон компанидаа, бизнестээ талархаж байгаа. Өөр нэг анзаарсан зүйл бол оффис дээр ажиллахад хүмүүстэй өрөөнд нь очоод уулзах юмуу хамт хоолонд орохоор явахдаа ярилцах зэргээр нүүр тулж ярих нь ажлыг хурдан амжуулдаг мөн давхар хөдөлгөөн болдог байсан юм байна. Гэртээ ганцаараа ажиллахаар компьютерийнхаа өмнө өдөржин босолгүй суух аюултай. Тиймээс ухаалаг цаг юмуу апп, эсвэл сэрүүлэг утсан дээрээ тавьж босож зогсох, алхах, ус уух мөн өдрийн цайны завсарлагаа цагтаа авах хэрэгтэйг ойлгосон.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Яг л ажилдаа явж байгаа юм шиг усанд ороод, ажлын хувцсаа өмсөөд, компьютерынхаа өмнө ширээн дээр суугаад, өглөөг яг цагтаа ажлаа эхлүүлэх нь маш үр дүнтэй санагдсан. Учир нь сэрээд тэр чигтээ гэрийн хувцастайгаа, тав тухтайгаар ажлаа хийх нь амар юм шиг боловч ажлын бүтээмжийн хувьд муугаар нөлөөлдөг. Outlook calendar ашиглаад ажлуудаа багаараа урьдчилж сайн төлөвлөөд цагийн менежментийн хатуу зохион байгуулалттай ажиллахгүй бол өглөө унтаад өдөр аажуу эхлээд орой ажил нь дуусахгүй шөнөжин үргэлжлээд ажил, амьдралын тэнцвэртэй байдал алдагдах аюултай юм байна. Мөн багаараа өглөө бүр цагтаа видео дуудлага (Skype for business ашигладаг) хийж дор бүрнээ ажлуудынхаа төлөвлөгөө, явцын мэдээллээ хуваалцаж танилцуулах хурал уулзалт хийх нь оффис дээрээ өөр өрөөнд суудаг хүмүүсийг харин ч ойртуулж нийт багийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж харсан.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Манай компаний хувьд Windows 10, Office 365, Teams, OneDrive, Dynamics NAV зэрэг Microsoft-ийн програм хангамжуудыг ашигладаг болохоор гэрээсээ болон ер нь оффисоос гадуур зайнаас ажиллахад маш их давуу талтай байдаг. Компанийн Domain-д холбогдсон аль ч компьютероос шууд юмуу эсвэл интернэтээр өөрийнхөө эрхээр системд нэвтэрхэд хаанаас ч өөрийнхөө компьютерт нэвтэрч доторх бүх файл бичиг баримтуудаа ашиглах бусадтай хувалцаж зэрэг ажиллах боломжтой байдаг нь маш амар байдаг. Төрөл бүрийн хүсэлт, зөвшөөрлүүдийг электрон хэлбэрээр компанийн ажилчдын дотоод систем болох WagnerConnect апп-аар шуурхай шийдчихдэг. Ажилчдын ажилласан цагийн бүртгэлийг дотоод сүлжээнд аюулгүй нэвтрэх GlobalProtect системээр бүртгэх зэргээр ашигладаг. Бас системд зайнаас олноороо холбогдоход мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах системүүд болон Multi Factor Authentication чухал.

Сошиал контент бүтээгч, bloomberg mongolia тв-ийн мэдээний хөтлөгч х.ану

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Эхний үед гэрээс ажиллах аргаа олох гэж хэсэгтээ будилж, туршилт судалгаа хийсэн. Энэ талаар судалж, цуглуулсан мэдээллүүдээ нэгтгэн видео контент болгон гарган, мөн мэдиум блогдоо оруулсан байгаа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Станфордын их сургуулийн эрдэмтдийн 2013 оны судалгааг аваад үзэхэд гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж оффист ажиллаж байгаа хүмүүсийнхээс 13 хувиар өндөр байгаа нь харагдсан байдаг.

Иймд Харвардын бизнесийн сургуулиас гаргасан гэрээс ажиллах таван зөвлөгөөг хүргэе.
1. Тогтсон цагийн хуваарь гаргаад, түүнийгээ мөрд: Ялангуяа түр хугацаагаар гэрээс ажиллах үедээ ажлын өдрийн хэмнэлээ баримтлан ажиллаж, оффис дээрх соёлоо гэртээ төлөвшүүлэх нь чухал.
2. Шаардлагатай хил хязгаарыг тавьж өг: Гэрийнхээ аль нэг хэсгийг зөвхөн ажлаа хийх зориулалттай болгоод, тэр хэсэгтээ орох үедээ ажлаа хийх дадлыг тогтоо. Гэрээс хэрхэн ажиллах зарчмаа гэр бүлийнхэндээ ойлгуулж, орчин тойрноо бэлд.
3. Тогтмол завсарлага авч, өөрийгөө амраа: The Muse-ийн нэгэн судалгаагаар бүтээмжийг хамгийн өндөр байлгах ажил, амралтын хугацааны харьцаа нь 52:17 буюу 52 минут ажиллаад, 17 минут завсарлах хэмнэл байдаг.
4. Бусадтай тогтмол харилцаж, нийгэмшихээ мартаж болохгүй.
5. Амжилтаа тэмдэглэж сур. Ажлын өдрийн дараа тухайн өдрөө дүгнэж, өөрөө өөртэйгээ цагийг өнгөрүүлэн дараагийн өдрөө төлөвлөж байгаарай.