Өнгөрсөн жилийн намар даа. Гэнэт л цахим орчинд Чинагийн Галсан гэх нэр олон харагдаж, удалгүй түүний “Аянгат цагийн тууж” хэмээх бүтээл нь олон долоо хоногийн турш шилдэг борлуулалтай номын жагсаалтыг тэргүүлж эхлэв. Ингэж л монгол уншигчид дэлхийд үнэлэгдсэн монгол зохиолчтойгоо шинээр танилцсан билээ. Учир нь Чинагийн Галсан гуайн туурвисан 50 орчим бүтээлийн 40 гаруй нь герман хэл дээр гарчээ.
18 насандаа Герман хэлийг А-гаас нь эхэлж сурсан тэрээр утга зохиол, тэр дундаа герман хэлээр туурвисан зохиолуудаараа дурдаад байвал дуусахгүй олон шагналын эзэн болсон нэгэн.
Өдгөө 80 насыг зооглож буй Чинагийн Галсан гуай бие махбодын хувьд чийрэг, оюун санааны хувьд саруул хэвээр байгаа нь ажил, амьдралын дадалтай нь салшгүй холбоотой. Өөрийн эрхгүй ингэж л хөгшрөх юм сан, ийм л амьдралыг бүтээх юм сан, ингэж л ажиллах юм сан хэмээн бодогдуулах түүнтэй шинэхэн номынх нь өмнө уулзаж ярилцлаа.
Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
Эрхэлдэг ажил: Зохиолч
Хэрэглэдэг компьютер: iMac
Сошиал хуудас: galsan.info
1. Таны мэргэжлийн замналаас бид юуг мэдэх ёстой вэ?
Миний мэргэжлийн амьдралын замнал 1962 оны наймдугаар сарын 27-нд Германыг зорьсон тэр л өдрөөс эхлэлтэй. Германд сурахаар очсон 10 хүүхдийн ес нь хотод төрсөн, орос сургуульд сурдаг, дарга нарын хүүхэд байлаа. Үлдсэн ганц нь алс хязгаарын нутгаас ирсэн би. Биднийг элчин сайдын яамны хүмүүс тосож аваад Монгол орныхоо нэрийг өндөрт авч явахыг захиж байтал цуг очсон нэг охин “Бид сайн сурна аа. Харин тэр нэг нөхөр..” гээд над руу зааж “Герман хэл байтугай, латин үсэг мэдэхгүй, бүр нүүр гараа ч зөв угааж чадахгүй. Улсын нэр хөөдөхөөс өмнө эртхэн буцаасан нь дээр” гэхэд нь ичиж, айсандаа нүүр маань хагарчих шиг л болсон. Уул нь би тэр охиныг шохоорхож, алсаас хайрлаж байсан юм. Тэгэхэд яамны Я.Ширэндэв гэж хүн миний талд орж, сайн сурахыг захиад Монгол-Герман толь бичиг өгөв.
Цуг очсон хүүхдүүд маань хоорондоо дандаа орос хэлээр ярина. Хоолоо идэхдээ тамшаалж, дуу гаргаж идэхээс эхлээд би гэдэг хүн тэдний хажууд аргагүй жулдаж байлаа. Чадахгүй нь дээ, гэртээ харих нь дээ гэсэн айдас үргэлж төрнө. Амьдралдаа хамгийн их айсан тохиолдол гэвэл тэр л байх.
Нэг шөнө сэтгэл түгшээд унтаж чадахгүй болохоор нь өнөөх Монгол-Герман толь бичгээ гаргаж ирээд “Eins, zwei, drei…” гээд л цээжилж эхлэв. Ингэж явсаар сургуульдаа хамгийн шилдэг оюутан болж, оюутны тэтгэлэг дээрээ онц сурсны нэмэгдэл, герман хүнд монгол хэл заасны цалин гээд герман инженерийн хэмжээний орлоготой оюутан болж чадсан.
Ийнхүү зургаан жилийн дараа улаан дипломоо өвөртлөөд Монголдоо ирэв ээ. Би ч дотроо Монголыг германчилна, герман хэл заах бол миний амьдралын утга учир гэж бодоод л явж байлаа. Герман хэл Монголд бараг л надтай цуг орж ирсэн болов уу. Учир нь ирсэн даруйдаа улсынхаа дөрвөн дээд сургуульд, сүүлдээ төрийн байгууллагуудад урилгаар герман хэл заадаг болов. Бараг л өдөр бүр 10 цагийн хичээл орно. Тийнхүү найман жил багшлаад улс төрийн шалтгаанаар багшлах эрхээ хасуулсан түүхтэй.
Түүнээс хойш уран бүтээлдээ анхаарч 50 гаруй ном хэвлүүлжээ. Тэр дундаас 40 гаруй нь анхлан герман хэлээр хэвлэгдэж, дэлхийн олон арван хэлээр орчуулагдсан байна. Миний бүтээлүүдээс дэлхийн уран зохиолд “Аянгат цагийн тууж”, “Чингис хааны есөн зүүд”, “Даян дэлхийгээр бядагч”, “Хөх тэнгэр сонсож бай” гэсэн бүтээлүүд лав үлдэнэ. “Даян дэлхийгээр бядагч” шүлгийн түүвэр маань Скандинавын орны хэлээр гарвал Нобель авчих хэмжээний бүтээл шүү. Өөрийгөө магтах дэмий ч Дэлхийн бүх шүлэгчид ингэж бичдэг болоосой гэж бодном.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Бага залуудаа Германд очсон үеэсээ л үүрийн 4 цагт сэрээд үдшийн бүрий хүртэл ажилладаг болсон. Ажлын хэнээ туссан буюу англиар бол “workaholic” юм даа.
Ямар бүтээл дээр ажиллаж байгаагаас хамааран өдөр бүр өөр. Жишээлбэл, “Чингис хааны есөн зүүд” романыг тун хэцүү нөхцөлд бичиж байлаа. Өвөл цаг. Анх энэ байшингаа германчуудаар бариулж байхдаа Монголын хүйтэн аюултайг хэлсэн ч тэд “Өмнөд, хойд туйлд ашигласан технологиор барьж байгаа байшин, та санаа зоволтгүй” л гээд байсан. Гэтэл өвөл болтол бүх зүйл нь тас хөлдөлгүй яах вэ дээ. Тэгээд л ноосон цамц, өмд, малгай давхарлаж өмсөөд, амныхаа уураар гараа бүлээлцүүлсээр романаа эхлүүлсэн. Цахилгаан тасардаг тул харанхуй болохоор нь том гар чийдэнгээ хүзүү мөрнийхээ завсар хавчуулж байгаад л бичнэ. Ийм байдалтай 77 хоногийн турш өдөрт 17 цаг бичсээр “Чингис хааны есөн зүүд” роман дууссан түүхтэй.
Ойрын өдрүүдэд бол бодоход их цаг зарцуулж байна. Дутуу зүйлсээ санах, эргэцүүлэх, засах, цэгцлэх. Амьдралдаа их ч юм бичиж. Түүнийхээ ихэнхийг ч мартчихаж. Заримдаа компьютер дээрээсээ ямар нэгэн бичвэр олно. Уншаад байвал үнэхээр л миний хэв маяг мөн. Тэгээд л хэзээ бичсэнээ санана. Ийм бичвэрүүдээ гаргавал дор хаяж 10 ном болно.
3. Таны ажлын арга барил?
Маш их уншдаг. “100 хуудас уншиж, 1 хуудас” бичиж бай гэдэг алдартай үг бий. Би 100 биш гэхэд 50 хуудас уншиж байж нэг хуудас бичдэг. Гэхдээ хэдэн мянган ном уншсан ч бусад шиг түүгээрээ гайхуулсан удаагүй. Мөн ном цуглуулдаггүй хүн. Яг үнэндээ гэрт маань багтахгүй байна. Уншсан номоо өөр хүнд дамжуулчихдаг. Дамжуулахдаа номын ар талд өгсөн өдрөө бичээд “ясаа нууж байгаа нохой шиг битгий хадгалаарай, цааш нь дамжуулаарай” гээд л өгнө. Сайн бүтээлийг илүү олон хүн уншаасай гэж боддог хэрэг. Сүүлийн үед уран зохиол уншдаггүй хүмүүс номд хайртай дүр эсгэж, номоор гангарах үзэгдэл дэлгэрсэн байна.
Би мэдрэмжид маш их итгэдэг. Зарим бүтээлийг бичиж эхлэхэд насны бүтээлээ бичиж байгаа мэдрэмж төрдөг. Заримдаа ч нэг мэдэхэд л гайгүй бүтээл бий болчихно. Ер нь уран зохиол гэдэг загас шиг л зүйл. Гартаа барьж болох ч чанга атгая гэвэл гулгаад алга болчихно. Болохоо хүрвэл амархан, болохгүйгээ хүрвэл болж өгдөггүй эд дээ.
Онгодтой уран бүтээлч огт болоогүй зүйлийг зохиогоод бичсэн ч хүн үнэмшдэг. Тийм чадалтай байдаг гэсэн үг. Мөн уран бүтээлч хүний сэтгэл багахан зүйлд гомдож, уярч, баярладаг. Юм л бол нулимс гарч ирээд байдаг талтай.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Сүүлийн үед гараар бичиж чадахгүй болсон тул компьютер дээрээ л бичиж байна. Компьютероо дэвшилтэт бичгийн машин л гэж боддог. Орчин цагт ч бичих нь байвал буулгах, бусад руу илгээх амар болжээ. Ажлаа хийж байхдаа утсаа хол байлгадаг. Ажиллаж дуусаад гар утсаа шалгаж, хэн залгасныг харж болдог нь их аятайхан.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Би бол амьдралын бичээч нь. Би өөрөө үзсэн юмаа л бичдэг. Өөрөө үзээгүй юмыг бичиж цаг алдахгүй. Дотроо байгаа зүйлийг бичихэд үзэг чинь аяндаа чамайг хөтөлнө. Л.Толстой “Би таван минутын дараа юу бичихээ, гол дүрүүд маань юу хийж байхыг мэддэггүй. Тэд өөрсдөө өөрсдийгөө аваад явчихдаг.” гэж хэлсэн байдаг.
Намайг Дэлхийд таниулсан, анхны нэр нь “Тува тууж” буюу уншигчдын сайн мэдэхээр “Аянгат цагийн тууж”-аа 27 настайдаа бичсэн. Тэр үед өдөртөө л дөрөв таван богино өгүүллэг биччихдэг байлаа. Нэг удаа Литва гаралтай Йоханнес Бобровский зохиолчийн “Литва домог-түүх” нэртэй бэсрэг өгүүллэгийг уншаад би ч гэсэн нутаг усныхаа тухай бичвэл болох юм байна гэж бодоод “Тува тууж” гэсэн гарчгаа тавьсан юм.
Төрийн шагналт зураач Ү.Ядамсүрэн гуайн “Өвгөн хуурч” уран зураг дээрх шиг урт цагаан сахалтай Жанибек өвгөнтэй долоо найман настайдаа анд цуг явж, хоол ундыг нь бэлдэж өгдөг байлаа. Орой болоход Жанибек өвгөн элдэв түүх, тэр дундаа хүүгийнхээ тухай их ярина. Тэр түүхээс санаа аван бичиж эхэлтэл “Тува тууж” маань бэсрэг өгүүллэг биш нэлээн урт өгүүллэг болж эхлэв. Дүрүүддээ хөтлөгдөөд үзэг салгаж, завсар авалгүй хоёр долоо хоногийн турш бичээд багшдаа явуулахад түүнээс баяр хүргэсэн цахилгаан утас ирсэн сэн.
“Аянгат цагийн тууж” маань түүнээс хойш олон ч хэлээр хэвлэгдсэн дээ. Эх нутагтаа буюу тува хэлээр орчуулагдаж гарах үед хэдийн есөн хэлээр дэлхийн уншигчдад хүрчихсэн байсан.
Дэлгэрэнгүй унших: Аянгат цагийн туужийг арван зурагт
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Толгой дотроо л боддог. Нэг зохиолоо дуусгаагүй байж өөр зохиол эхлүүлэх дургүй. Роман бичиж байхад өгүүллэгийн санаа орж ирвэл тэмдэглэж аваад дараа нь үргэлжлүүлдэг.
Уран бүтээлч хүн нарийн төлөвлөгөө гэхээсээ илүү орж ирж байгаа дээр нь буулгахдаа л анхаардаг. Тийм үедээ хоол идэх, унтаж амрах бодол ч орж ирэхгүй.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Биеийн тамир бол гайхалтай зүйл. Өтлөх гэдэг нь үе мөч тэнийхээ байж хөшихийн нэр. Би одоог хүртэл өглөө бүр дасгалаа хийж байгаа. Бие махбод хүчтэй байх тусам сэтгэл санаа ч өөдрөг байна.
Дасгал хөдөлгөөн хийх болсон маань их эртнээс үүдэлтэй. Германд Маршал Чойбалсангийн орлогчийн хүүтэй хамт сурдаг байлаа. Тэр хүү хөдөөгийн хүнийг малын дайтай үзнэ. Намайг бол нэрээр дуудахгүй “Төлөг” гэж дуудна шүү дээ. Би ч дээрэлхүүлж залхсандаа спортоор хичээллэхээр болов. Хоёр талаас нь татдаг резин бас жингийн туухай авав.
Орой бүр дасгал хийгээд удаагүй байтал нүдэн дээр л бие маань өөрчлөгдөж, бяртай болоод ирлээ шүү. Ингээд өнөөх дээрэлхүү нөхрийг чинь намайг өдөхийг хүлээгээд л, кинон дээр гардаг шиг цохих бэлтгэлээ хийгээд л байлаа. Гэтэл нэг өдөр өнөө дарлагч чинь өдөөд байхаар шуунаас нь бариад авав. Миний атгалт их хүчтэй л дээ. Өнөөх чинь өвдсөндөө газарт эвхрээд уначхав. Тэгэхээр нь туухайгаа аваад “Би хөдөөгийн соёлгүй хүн шүү, одоо энд бодийг чинь хөтлөөд шоронд сууна аа!” гээд л сүрдүүллээ. Түүнээс хойш тэр ч ахиад намайг дээрэлхээгүй, би ч спортоо орхиогүй.
Саяхан ангийнхантайгаа ойн баяраар уулзаж зургаа татуултал би бүгдээс нь бүтэн толгой өндөр байсан. Уул нь бол арван жилдээ ангидаа тарвага хочтой, өндрөөрөө доороосоо гуравт жагсдаг хүү байлаа.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Германчуудаас санаа аваад мод тарьж эхэлсэн юм. 2021 оны байдлаар нэг сая мод тарьсан байсан. Одоо дараагийн сая модоо тарьж байна. Олсон бүх хөрөнгөөрөө мод тарьж, эх орондоо үлдээнэ. Энэ бүх ажлаа “Чинагийн Галсан” сан, “Ногоон дарь эх” мод үржүүлгийн газраараа дамжуулан хийж байна.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Шүлэг бол ертөнцөд өргөж буй миний өргөл. Бичихийн багш бол байгаль. Байгаль бол төгс. Байгальд буруу зүйл гэж үгүй. Байгаль бол нийт хүн төрөлхтний сүлд дуулал. Байгалийг дуурайвал хүн хэзээ ч алдаа хийхгүй. Тийм л сайхан ажил.
Нөгөө талаар шүлэг бичиж эхэлсэн бол салахад хэцүү. Нэг түүх ярьж өгье.
Ер нь би орон байрны зовлон их үзсэн. Огт орон гэргүй болж, айлын хашаанд эд хогшлоо хурааж, хураасан зүйлсийг маань өнөө айл нь түлчихсэн байхтай нүүр тулж явлаа. Тэгж явсаар 2004 онд энэ байрандаа ороод л анх удаа бичгийн тусгай ширээ, өрөөтэй болсон сон. Тэрнээс өмнө бүх л зохиолоо гал зуухандаа бичиж байсан хүн чинь томоос том бичгийн ширээтэй болсон тул дэлхийд байхгүй том зохиолч болно доо гэж хөөрөлгүй яах вэ. Аль санаагаа барьж авахаа шийдэхээсээ өмнө биеэ халаая гээд германаар шүлэг бичиж эхэллээ. Бичих тусам ундраад л байв. Зарим өдөрт 13-15 шүлэг бичиж байлаа. Сүүлдээ бүр салж чаддаггүй ээ. Есдүгээр сарын 14-нд бичиж эхлээд арванхоёрдугаар сарын 24 хавьцаа хүчилж дуусгаад бичсэн шүлгээ тоолоход 100 хоногт 505 шүлэг бичсэн байна лээ.
Гэхдээ шүлэг бол тэр дороо цангаагаа тайлж болдог зүйл. Нэг шүлгийг цагийн дотор, их удлаа гэхэд хэд хоногтоо гаргачихна. Харин роман гэдэг хайрхан бол чөмгийг чинь дундалдаг, жинхэнэ там гэж хэлж болно. Бичиж байхдаа гацаад уйлмаар санагдана. Гацаа гарчихвал амрахаа мэдэхгүй хэд хоног өдөр, шөнөгүй бичнэ шүү дээ.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Оргилыг давж оргил болох…
Германы уран зохиолд 60 ном үлдээе гэж бодож байгаа. Одоогоор 42 ном байна. Хэдийн бичсэнээ хэвлүүлбэл 50 ном элбэг хүрнэ. Яагаад 60 гэж байна вэ гэхээр агуу И.Гёте 60 боть бичсэн. Түүний нэг боть бол миний 4-5 ном нийлүүлсэнтэй тэнцэх зузаан. Тийм зузааныг бичдэггүй юм аа гэхэд 60 ном гаргаад Монголын, Нүүдэлчдийн, Бөө мөргөлийн түүхийг дэлхийд хүргэх зорилго бий.
Удахгүй “Хөх тэнгэр сонсож бай” нэртэй ном маань уншигчдын гарт очно. Дэлхийн 15 хэлээр хэвлэгдсэн энэ номоо хоёрдугаар сарын 24-өөс Борхүүтэйгээ хамт ажилласаар дуусгалаа. Борхүү гэдэг нь сая чамтай хамт ирдэг Базарсүрэн юм шүү дээ. “Аянгат цагийн тууж”-ийг маань монголын залуу үед дахин танилцуулж өгсөн ачтан. Бид хоёр өвөө, хүү хоёр болсон. Хүү маань манайд амьдарч, надад бичээч хийж өгч байж л энэ номоо орчуулж барлаа шүү.
“Хөх тэнгэр сонсож бай” бол хөгшин эжийдээ зориулсан бүтээл. Нэг өвөл их зуд болоход хөгшин ижий минь нас барж, ах, эгч хоёрыг минь ч сургууль аваад явчихсан. Тавхан настай хүү байхдаа тийм хүнд жилийг давж гарсан тухайгаа энэ романдаа өгүүлсэн юм. Одоо уншихаар нулимс гараад яаж давсан юм бол доо гэж гайхдаг. Гэхдээ зөвхөн би гэлтгүй олон мянган нүүдэлчин яг л энэ замналаар амьдарсаар, хатуу бэрхийг туулсаар ирсэн.
Үргэлжлүүлэн Б.Базарсүрэн ахаас романы тухай асуухад:
Гучин жилийн өмнө герман хэлээр хэвлэгдсэн энэ л романыг монгол хэлээр унших их хүсэл минь намайг нааш хөтөлсөн. Өвөөд энэ тухай олон удаа хэлсэн л дээ. “Орчуулах зав хомс, бичих юм их байна аа” гээд л өнгөрнө. Герман хэлний орчуулагчдад хэлэхээр халгаад барьж авахгүй.
Сар шинийн дараахан өвөө залгаж “Чи ерөөсөө манайд ирж амьдар, хоёулаа хамт орчуулъя” гэж хэлсэн юм. Тэр даруй давхиж очиход 20 гаруй жилийн өмнө орчуулсан романыхаа эхний хоёр бүлгийн гар бичмэлийг “Ганц ч хуудас гээгдүүлж болохгүй шүү” гэж хэлээд хүлээлгэж өгөв.
Гар бичмэлийг бичиж ирээд үлдсэн хоёр бүлгийг өвөө герман хэлээс шууд орчуулан дуудах ба миний бие бичээчийн үүргийг гүйцэтгэсэн. Ингэж хэдэн сар нухсан ном маань Ножо хэвлэлийн газраас тун удахгүй уншигчдын гарт очих гэж байна.
Энэ хүн үнэхээр л хэний ч өнхрүүлж бараагүй үхэр чулууг хөдөлгөж, “дэлхий” хэмээх оргил дээр гаргаж “монгол” гэж бичээд зүг бүрд тарааж чадсан дэлхийн зохиолч юм даа гэж бодогддог. Хар үсээ цайтал, унаган махаа шуугдтал, халуунд халж, хүйтэнд хөрөн байж бүтээсэн бүхэн нь одоо номын сан, амьд хөшөө (тарьсан моддоо хөшөө хэмээдэг) болон үлджээ. Үнэхээр л амьдарсан шиг амьдарч чадсан хүн юм байна гэдгийг хамт амьдрахдаа хажуунаас нь харж ойлгосон юм.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Өдөр тутмын сонин харж, гадаадын хэвлэлүүд уншчихад дэлхий дээр юу болоод байгааг ойлгож болно. Би 50 настайдаа анх удаа жолооны ард, 65 настайдаа анх удаа компьютерын ард сууж сурсан хүн. Ингээд харвал сурахад хэзээ ч оройтдоггүй.
Өмнө нь хэлсэн шиг ном их уншина. Өөрөө уншихаас гадна самган маань өдөр бүр ном дуудаж өгдөг. Одоо бид хоёр германы нэгэн алдарт шог зохиолыг уншиж байна.
12. Санал болгох ном, кино, хөгжим?
Толстойн өгүүллэгүүдийг хүн бүр унших хэрэгтэй. Жишээ болгож “Хүнд хэр их газар хэрэгтэй вэ” гэдэг өгүүллэгийг ярьж өгье л дөө. Нэг нөхөр газар үнэгүй өгдөг омгийн талаар сонсжээ. Очоод газар гуйж гэнэ. Омгийн ахлагч хариуд нь нар мандахаас эхлээд жаргах хүртэл хэр их газраар яваад буцаад эндээ ирнэ тэр газраа ав гэжээ. Ингээд нөхөр гүйж эхэллээ. Явах тусам илүү сайхан газар гарч ирээд байжээ. Явсаар байгаад нар буцах болсныг хараад эргээд хамаг эрчээрээ гүйж гэнэ. Нар жаргахтай зэрэгцэн арай гэж эхэлсэн газраа хүрч ирсэн ч бахардаад үхчхэв. Омгийн ахлагч нөхрийг оршуулах болтол түүнд ердөө л нэг алхам өргөн, гурван алхам урттай газар хэрэг болсон гэнэ. Энэ бол хүнд хэрэгтэй газрын хэмжээ.
Бичгийн өрөөндөө гурван шүтээнээ залсан. Эхнийх нь алдарт Бетховен, хоёр дахь нь Цэнгэл хайрхан уул, гурав дахь нь Германы уран зохиолын ноён оргил Гёте. Тэгэхээр хөгжим гэвэл дүлий Бетховеноо хэлнэ.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Нэг удаа шарилын газарт 40 жил манаач хийж байгаа хүнээс буг чөтгөр байдаг эсэхийг асуухад “Хүү минь, орчлонд байдаггүй ганц зүйл чинь тэр. Үхсэн хүн шиг гэмгүй хүн үгүй. Үхсэн хүнээс битгий ай. Амьд хүнээс л ай” гэсэн. Энэ л ер нь үнэн болж таарч байна.
14. Бусдад шидэх санаа?
Ажиллаж хөдөлмөрлө. Өөрийгөө битгий гол. Хүн хүсвэл улаан гараараа чулуун хэрмийг нурааж болно.
Аливаа зүйлд оройтно гэж байхгүй. Бүх насаараа хавчигдаж ирсэн би гэдэг хүн ная насалсны эцэст сүүлийн ганц, хоёр жилд л арай гайгүй амьдралтай болж байна шүү дээ. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд тохиолдсон бэрхшээлүүд байгаагүй бол би өнөөдрийн зэрэгтээ хүрэхгүй байсан.
Эцэст нь, чиний дайсан гадаа байхгүй дотор чинь байгаа шүү гэж хэлье. Өөрийгөө л дарж яваарай. Амьдрал болоод ирэх цагт даварч, онгирч магадгүй. Тэгвэл нохойн замаар орлоо л гэсэн үг. Баатар хүн нэг суманд, баян хүн нэг зудад.
z zaya 2025.01.29 192.82.64.83
Эрхэм ховор нандин зохиолчдоо эрүүл энхийг хүсье. Монгол хэл дээр гарсан бүх зохиол уншсан Аянгат цагийн туужийн гол дүрээ бодохоор нулимс цийлэгнээд байдаг юм.
Г Ганбаатар 2025.01.12 202.55.188.46
Агуу хүн гайхамшигтай хөдөлмөрч тэсвэр хатуужлын туйл болсон хүн гэж бодогддог. Шоодуулах гадуурхагдах гэдэг чинь хүнийг их хурцалдаг юм шиг байна. Гэхдээ сэтгэлийн хат муутай хүн ч далан таваар бууж өгдөг дөө. Миний шүтээн эрүүл энх явах болтугай