Өнөөдрийн дугаартаа бид үүлэн тооцоололд суурилсан программ хангамжийн үйлчилгээг Сингапур, Малайз, АНУ-ын зах зээлд нэвтрүүлээд буй “Egulen Systems” компанийн гүйцэтгэх захирал Ж.Ганзоригийг урилаа. Мэдээллийн технологийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай тэрээр iOS орчинд апп хөгжүүлэх бизнесээ 2010 оноос эхлүүлж, гурван жил гаруйн хугацаанд 30 гаруй апп хөгжүүлэн бүтээжээ. Ингээд 2013 оноос ресторан, дэлгүүр, салон, эмнэлэгт зориулсан “Egulen” ухаалаг кассын систем хөгжүүлж, Сингапур, Малайзын зах зээлд нэвтрүүлсэн юм. Өдгөө тус системийг Монголын 300 гаруй, Малайз, Сингапурын 110 аж ахуйн нэгж өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байна. Бизнесээ тэлэх зорилгоор дараагийн алхмаа АНУ-ын зах зээлд чиглүүлсэн тэд 2020 оноос гоо сайхны салоны цаг захиалгын цогц шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Байршил: АНУ, Лос Анжелес, Чикаго
Эрхэлдэг ажил: "Egulen Systems" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 11
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Ganzorig Jigee (Facebook), Ganzorig Jigjidsuren (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 2008 онд интерьер дизайны чиглэлээр бизнесээ эхлүүлж "Kaizen Mongolia" компанийг үүсгэн байгуулсан юм. Хоёр жилийн дараагаас гаднын зах зээлд гарах зорилго тавьж, тухайн үед маш хурдтай хөгжиж өргөн тархаж байсан "Apple"-ийн iOS орчинд апп хөгжүүлдэг бизнес болгон өөрчилсөн юм. Бидний iOS дээр хөгжүүлсэн хамгийн анхны бүтээл бол “Монгол ардын үлгэрүүд” гэдэг, аудио ном бүхий апп. Үлгэрийн зургийг дижитал артистаар зуруулж, дуу хоолойн бичлэгийг ахмад жүжигчдээр мэргэжлийн студид уншуулах зэргээр цэвэр өөрийн гэсэн, зохиогчийн эрхийн зөрчилгүй контент гаргахыг зорьж байлаа.

Түүнээс хойш гурван жил гаруйн хугацаанд 30 гаруй апп хөгжүүлж гаргасан. Тэдгээрээс хэрэглэгчдэд хамгийн сайн хүрсэн бүтээл бол “Мазаалай толь бичиг” юм. Уг толь бичгийг анх санаачилсан хүний зөвшөөрөлтэйгөөр сайжруулж шинэчилсэн гэдгээ дурдах нь зүйтэй болов уу. Ингээд 2013 оноос "Egulen" ухаалаг кассын системийг хөгжүүлж, 2015 оноос Сингапур, Малайзын зах зээлд рестораны кассын системээр нэвтэрч, улмаар 2020 оноос АНУ-д салоны цаг захиалгын цогц шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Би "Software-as-a-Service" буюу вэб үйлчилгээний шийдлээр мэргэшсэн.

2. гаднын зах зээлд ямар шийдлүүдийг нэвтрүүлсэн бэ? 

Бид 2013 оноос ресторан, дэлгүүр, салон, эмнэлэгт зориулсан “Egulen” ухаалаг кассын системийг хөгжүүлж, тэр дундаа рестораны шийдэл дээр түлхүү ажиллах болсон. Монголд одоогоор манай кассын системийг ашигладаг 300 гаруй аж ахуйн нэгж байгаагаас 80 гаруй хувь нь рестораны бизнес. Тухайн үед iPad хэрэглээ тийм өргөн биш байсан ч Австрали, АНУ-д кассын машины дэлгэц хэлбэрээр ашиглаж, энэ төрлийн үйлчилгээ хэрэглэгчдийг татаж эхэлсэн учраас олон улсын зах зээлд нэвтэрч үзэхээр шийдсэн. Бидний хөгжүүлсэн рестораны кассын шийдэл бол зөвхөн орлого шивэх биш заал зохион байгуулалт, бүтээгдэхүүний орц, зардлын тооцоолол хийдэг цогц үүлэн систем юм.

Үүний дагуу манай баг 2015 онд Сингапурт очоод рестораны бизнесээр тэргүүлэгч "Tung Lok" группийн дотоод систем хөгжүүлэх тендерт шалгарч, есөн сарын хугацаанд уг төсөл дээр ажилласан. Бид төслөө дуусгаад Малайзын зах зээлийг сонирхож, 2017 оноос кассын системээ нэвтрүүлж эхэлсэн юм. Одоогоор Сингапур, Малайзын зах зээлд манай системийг ашигладаг 110 гаруй аж ахуйн нэгж, хэрэглэгч бий. Бид эдгээр улсад нэвтрэхдээ масс хэрэглэгч биш цөөн тооны чанартай хэрэглэгчийг татах зорилготой ажилласан.

Хэдийгээр технологи, шийдлийн хувьд бусад компанитай өрсөлдөхүйц хэмжээнд байсан ч бизнесийн өсөлт удаан, хөрөнгө оруулалт татах боломж хумигдмал байсан учраас дараагийн алхмаа хийхээр шийдэж, 2018 оноос АНУ-ын зах зээлд онлайнаар кассын шийдлээ борлуулах оролдлого хийж эхэлсэн юм. Гэвч зайнаас борлуулах нь төдийлөн үр дүнтэй байгаагүй тул 2020 оны нэгдүгээр сараас АНУ-ын Чикаго хотод оффисоо байгуулсан.

АНУ-д анх ирээд олон жилийн турш хөгжүүлж Азийн зах зээлд тодорхой амжилт олсон рестораны кассын шийдлээ нэвтрүүлэхээр төлөвлөж байв. Бидэнд гаднын зах зээлд ажилласан туршлага байсан ч нэг жилд 800 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг, өрсөлдөөн ихтэй АНУ-ын рестораны бизнесийн зах зээлд нэвтрэхийн тулд ойролцоогоор нэг жил орчмыг хөгжүүлэлтэд зарцуулах шаардлагатай болсон. Ингээд бизнесийн үндсэн загвараа алдахгүйгээр (cloud based, SaaS solution) цаашид хурдтай өргөжих, хөрвөх боломжтой шийдлийн эрэлд гарч, судалгаа хийсний үр дүнд салонд зориулсан цаг захиалгын "Ariguna" платформоо эхлүүлэхээр шийдсэн.

3. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Манай компани одоогоор Чикаго, Лос Анжелес, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг учраас өөр хотод байгаа багтайгаа онлайнаар холбогдож, ажлын явцаа хэлэлцдэг. Өглөө нь АНУ дахь багтайгаа ажиллаж, оройн цагаар Монгол дахь хөгжүүлэгч нартайгаа холбогдож, бүтээгдэхүүний хөгжүүлэлт бусад ажлын явцуудаа ярилцана. Гурван өөр цагийн бүсэд ажилладаг багуудтайгаа холбогдохын тулд нэлээд уян хатан, уртасгасан цагаар ажиллах шаардлагатай болж байгаа.

4. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хийж буй ажилтайгаа холбоотой мэдээллийг байнга уншиж судалдаг. Их мэдээллээс өөрт хэрэгтэйг нь шүүж, боловсруулан ашигладаг гэж хэлж болно. Мөн өнөөг хүртэл тууштай ажиллахыг ажлын арга барилаа болгосоор ирсэн. Гэхдээ тууштай байна гэдэг хоёр талтай. Бүтэхгүй зүйлийг олон дахин нухах биш өөр ямар боломж байгааг олж харан нөхцөл байдалдаа тааруулж, өөрийгөө байнга сайжруулж явах хэрэгтэй гэж боддог. Гарааны бизнесээ өөрийн хүчээр эхлүүлж, шийдвэр гаргаж ирсэн ч одоо бол чадварлаг мэргэжилтнүүддээ итгэл хүлээлгэн тэднээс суралцаж явна. Хэзээ ч суралцахаас айдаггүй.

 5. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

"Apple"-ийн бүтээгдэхүүнүүдийг түлхүү ашигладаг. Ажиллах орчин маш сайн бүрдүүлдэг, хэрэгслүүд нь хоорондоо уялддаг учраас олон үйлдэл хялбарчилж өгдөг. Мөн төслийн менежментийн "Asana" програм, "Google Workspace" хэрэглэнэ. Google Calendar дээр бүх уулзалтуудаа товлож, видео хурлыг "Google Meet"-ээр явуулж байгаа. Хувийн харилцаанд Facebook Messenger, ажилтай холбоотой "Slack", "Telegram", "WhatsApp" ашигладаг. Macbook-ээ хаа ч явсан байнга авч явна. Утсаар ажил хийх төвөгтэй санагддагтай холбоотой байх.

6. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Шаардлагагүй зүйлсэд цагаа үрэхээс зайлсхийх, нэг барьж авсан зүйлээ дуусгасны эцэст дараагийн зүйл рүү орох зэргээр өөртэйгөө илүү тулж ажилладаг. Сүүлийн жилүүдэд гаднын орнуудаас Монгол дахь багтайгаа ажиллаж буй учраас зайнаас буюу онлайнаар ажиллаж дадсан. Нэгэн зэрэг олон хүнтэй чатлах болон олон асуудал шийдэх шаардлага гардаг учраас тэр хэрээр цаг хэмнэхэд суралцаж байна. Гэхдээ цаашид олон цагаар биш богино хугацаанд илүү үр бүтээлтэй, ухаалгаар ажиллахыг хичээж байна.

7. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Бүтээгдэхүүнийхээ санаа, шийдлийг гаргасны дараа хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнээс юу хүсэж байгааг бодолцож дизайны төлөвлөлтүүдээ гаргана. Ингээд хөгжүүлэлтийн багууддаа шилжүүлээд явдаг. Гол нь, хөгжүүлэгчдэдээ бүтээгдэхүүний онцлог, давуу тал, үр өгөөжийг сайтар ойлгуулж, аль аль талдаа хүлээлтийг нэг цэгт хүргэх нь чухал учраас сайтар ярилцаж хэлэлцэх шаардлагатай.

8. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Яг үнэндээ тусгай жор гэхээр юм байхгүй дээ. Ажил, амралтаа сайтар зохицуулж, нойр, хоолноосоо холдохгүйг л хичээж байна. Ажлаас бусад үед толгойгоо сэргээх зорилгоор видео тоглоом тоглодог.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Мэдээллийн технологийн бизнес цаг хугацаа, хил хязгаарт баригдахгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулах давуу талтай боловч тэр хэрээр өрсөлдөөн ихтэй байдаг. Тогтмол хөрөнгө оруулалт татаж, бүтээгдэхүүнээ хурдтай хөгжүүлэн зах зээлд байр сууриа хурдтай эзлэх шаардлага гардаг. Ингэж чадсан нь томорч чадна. Зарим орон IT-гийн бизнесүүдээ бодлого, хөрөнгө оруулалтаар тогтмол дэмжиж, зах зээлээ томруулж буй харагддаг.

Мөн аливаа бизнес гадаад зах зээлд нэвтрэхийн тулд орчноо мэдрэхээс эхлээд тухайн улсын бизнестэй холбоотой хууль, дүрэм журамтай танилцах, өрсөлдөгчөө судлах, өөрсдийгөө бусдад таниулах зэрэг болон бусад маш олон сорилт, давааг туулдаг. Гэхдээ хэчнээн саад бэрхшээлийг туулсан энэ хүртэлх хугацаанд хийж бүтээсэн зүйлдээ хэзээ ч харамсаж, шантарч байсан удаагүй. Үргэлж урагш тэмүүлж ирсэн.

Хүмүүсийн амьдралын хэв маяг эрчимтэй өөрчлөгдөхийн хэрээр бид дагаж шинэчлэгдэх өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Тухайлбал, онлайн цаг захиалгын систем бол орчин цагийн завгүй хүмүүсийн цагийн менежментийг зохицуулах шийдэл. Ер нь, зөвхөн салон гэлтгүй бүхий л төрлийн үйлчилгээний бизнесийн цаг захиалгын цэгцтэй шийдэл бий болгох хэрэгцээ байна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манайх "Ariguna" платформынхоо бета хувилбарыг хумсны салоны бизнесүүдэд нэвтрүүлж эхэлснээс хойш хагас жилийн хугацаанд АНУ-ын 380 орчим салон, 46 мянга гаруй хэрэглэгчийг бүртгэж аваад байна.

Онлайн цаг захиалга, кассын системээс гадна лояалти хөтөлбөр, ажлын зар оруулах, бараа материалын захиалга, онлайн худалдаа хийх зэрэг цогц шийдлүүдийг шат дараалалтай хөгжүүлж нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажлын зар оруулах хэсэг ирэх сараас ашиглалтад орох бол гуравдугаар сард онлайн худалдааны цэсийг ашиглуулахаар ажиллаж байна.

Бид цаашид спа, үсчин зэрэг гоо сайхны бусад бизнест бүтээгдэхүүнээ санал болгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа. Америкчуудын хувьд амьтанд хайртай, гэр бүлийн гишүүнээ гэж үздэг учраас гэрийн тэжээмэл амьтанд зориулсан гоо сайхны салонууд шил даран нээгдэх болсон. Үүний дагуу бид “Ariguna Pets” буюу гэрийн тэжээвэр амьтанд үйлчлэх салонуудыг нэгтгэсэн шийдлээ үндсэн платформоосоо салбарлуулан нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Үйл ажиллагааны цар хүрээгээ дагаад бүтцээ өргөжүүлэх, багаа томосгох шаардлага үүссэн. Тухайлбал, систем хөгжүүлэлт, маркетинг, бизнес хөгжүүлэлтийн багуудаа өргөтгөх хэрэгтэй байгаа тул нээлттэй ажлын байрууд зарлаад байгаа. Бидний хувьд монгол компани, монгол инженерүүдийн бүтээлийг олон улсын зах зээлд өндөр үнэлгээтэй болгох зорилго тавьж буй учраас монгол мэргэжилтнүүдээ дэмжих, хамтран ажиллахыг урьтал болгож байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Байнга уншиж судалдаг. Өмнө нь ном их уншдаг байсан бол одоо интернэтээс уншиж, судалж байна. Quora, Medium платформ дээр бизнес, стартаптай холбоотой сувгуудыг дагах, Wall Street Journal, Inc.com, Entreprenuer.com зэрэг вэб сайтаас хувь хүний хөгжил болон бизнестэй холбоотой нийтлэлүүд тогтмол уншдаг. Өдөрт дунджаар 3-4 нийтлэл уншихаас гадна мэдэхэд илүүдэхгүй lifehack буюу аливааг хөнгөвчлөх арга техник, хөнгөн, сонирхолтой мэдээллүүдийг түүж уншдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Америк зохиолч Ашли Вансын бичсэн “Элон Маск” намтар номыг санал болгоё. Энэ цагийн хамгийн чинээлэг эрхмээр тодроод буй Элон Маскийн тухай, гарааны бизнесийн амжилт, ололт, бүтэлгүйтэл гээд бизнесүүдэд тулгардаг олон бэрхшээлийг харуулсан нь таалагдсан. Шинээр бизнес эхлүүлж буй залуус эл номоос олон зүйл ойлгож, санаа сэдэл авах байх.

Киноны хувьд найруулагч Питер Фарреллийн Оксарын шагнал хүртсэн “Green Book” киног зөвлөмөөр байна. Би хувьдаа хэт их адал явдалт, уран сэтгэмжийн гэхээс илүүтэй энгийн, хөнгөн хэрнээ хүний сэтгэлд үлдсэн кино үзэх дуртай.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Бүх цаг үед ээж маань миний хамгийн том зөвлөгч болж, урам зоригоор тэтгэж ирсэн. Карьерын хувьд аливаа шийдвэрийг гаргахдаа итгэл үнэмшлээ дагаж, өөртөө итгэж ирсэн. Бизнесээ эхлүүлээд явж байхад ийм программ хийгээд нэмэргүй, гаднын зах зээлд нэвтрэхэд хэцүү гэх хүмүүс олон байсан ч хийж бүтээнэ гэснээрээ зориглож, тууштай зүтгэсээр ирсэн дээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА

Монголчууд IT-гийн бизнесүүдээ дэмжээсэй гэж хүсэж байна. Манайд олон улсын тавцанд өрсөлдөх ур чадвартай, авьяастай залуус олон бий. Тэд хоорондоо илүү сайн нэгдэж, хамтдаа амбийцтай ажиллаасай. Хангалттай нөөц боломжтой, амжилттай үйл ажиллагаа явуулж буй олон бизнес байгаа ч Монголоосоо давж харахгүй байгаа нь харагддаг. Тийм залуусыг дэмжиж, хөрөнгө оруулж чадвал энэ салбарт өсөж дэвших боломж дүүрэн бий.