Өнөөдрийн дугаартаа бид дэлхийн 40 гаруй хүнс, барааны брэндийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн Анунгоо ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хандааг урилаа. Хэрэглээний математикч мэргэжилтэй тэрээр MCS группд санхүүгийн шинжээчээр ажлыг гараагаа эхлүүлж, санхүү эрхэлсэн ажлын байруудад дэвшин ажилласаар 2018 онд Анунгоо компанийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. Ингээд тус группд 16 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж буй, хариуцсан ажил бүхэндээ төлөвлөлт, гүйцэтгэлийг чухалчлан нягт нямбай ажилладаг залуу захирлын арга барил, дадал хэвшилтэй танилцацгаая. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Анунгоо ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S10
Хэрэглэдэг компьютер: Dell XPS
Сошиал хуудас: Khandaa Tsedendamba (Facebook), Khandaa Tsedendamba (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би карьерынхаа туршид санхүүгийн чиглэлээр туршлага хуримтлуулсан. Анх 2004 оноос М-Си-Эс группд санхүүгийн шинжээчээр ажилд орж, Анунгоо компанийн хангамжийн менежер, санхүүгийн албаны дарга, цаашлаад санхүү эрхэлсэн захирлаар 2010 он хүртэл ажилласан юм. Дараа нь М-Си-Эс Кока-Кола компанийн санхүү, төлөвлөлт хариуцсан захирлаар зургаан жил ажиллаж байв. Ингээд хоёр жилийн өмнөөс Анунгоо компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоод байна. М-Си-Эс группд нийтдээ 16 жил ажиллажээ. Групп компанид ажиллахын давуу тал нь бүх зүйл дүрэм журмын дагуу цэгцтэй, ойлгомжтой байдаг. Менежментийн хувьд ч тогтсон соёл, хэв маягтай учраас ажиллах үйл явц тогтвортой гэж хэлж болно.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөөдөө 5-6 цагийн үед босоод хүүхдүүддээ өглөөний цай бэлдэж өгдөг. Мөн долоо хоногийн 2-3 өдөр нь дасгал хийнэ. Ингээд ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд өчигдрийн борлуулалтын дүнг хардаг. Манайх QlikView BI програмыг тогтмол ашигладаг учраас борлуулалтынхаа үзүүлэлтийг өмнөх он, улирал, долоо хоногтой харьцуулан хэзээ ч харах боломжтой байдаг. Дараа нь товлосон хурал, уулзалтуудаа хийнэ. Бид олон бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилладаг учраас хүмүүстэй тусад нь уулзалт хийх, ярилцах зүйлс багагүй гарна. Мөн долоо хоногтоо нэг удаа заавал гадуур явж, дэлгүүрүүдийн нөхцөл байдалтай танилцахыг хичээдэг дээ.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ямар ч ажилд эрх мэдэл, хариуцлага нэмэгдэхийн хэрээр сурах зүйлс улам ихэсдэг. Мөн үүрэг, хариуцлага дагах нь ойлгомжтой. Тиймээс ажиллагсдынхаа өдөр тутмын ажилд нь шууд оролцох бус ажлаа бие даан, хариуцлагатай хийх нөхцөл боломжоор хангахыг зорьдог. Хүн бүр өөрийнхөө байр суурийг ухамсарлаж, гаргасан шийдвэр, хийж буй зүйлс нь тухай байгууллагад ямар өөрчлөлт авчрахыг боддог байх учиртай. Ингэснээр тухайн хүн гэлтгүй компани ч өсөн дэвжих болно.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Бизнес хөгжлийн QlikView програмыг өдөр тутам ашиглаж, борлуулалтаа хянадаг. Мөн имэйлээр харилцахдаа Outlook хэрэглэдэг бол сүүлийн үед хөл хориотой холбоотойгоор Microsoft Teams програмыг байнга ашигладаг болоод байна. Онлайн хурал хийхэд тун тохиромжтойгоос гадна дундаа файл хуваалцах, өөрчлөлт хийж болох функц нь хэрэглэхэд тун хялбар санагдсан. Цаашид ч бидний байнгын хэрэглээ болох болов уу.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өөрт оногдсон хугацааг хэрхэн зөв хуваарилахад л анхаарах нь зүйтэй болов уу. Ажлын хувьд механик ажлуудаа аль болох багасгаж, тогтмол хийдэг зүйлдээ бага цаг зарцуулахыг хичээдэг. Би өмнө нь санхүүгийн шинжээчээр ажилладаг байхдаа сар бүр тайлан гаргадаг байлаа. Тэр болгоныг нэг форматанд оруулчихвал амар. Би одоо ч ирсэн тайланг өөртөө ойлгомжтой болгохын тулд гол үзүүлэлтүүдийг шууд харах байдлаар ажилладаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Компанийн хувьд тухайн жилд тавьсан зорилго, төлөвлөгөөний дагуу хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж, түүний дагуу ажилладаг. Ажлын гүйцэтгэлийг хянаж, дүгнэх нь миний хувьд хамгийн чухал санагддаг. Гүйцэтгэлээ эргэн харахгүй бол тэр бүхэн зүгээр л цаасан дээр бичсэн зүйл болоод үлдэнэ шүү дээ. Харин хувьдаа төлөвлөлт хийхдээ тэмдэглэлийн дэвтэр болон гар утсан дээрээ хөтөлдөг. Заримдаа оройтсон үедээ хийх зүйл санаанд орвол өөр лүүгээ имэйл явуулчихдаг юм.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Аль болох хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг. Би долоо хоногт 2-3 удаа усанд сэлэх, дугуй унах зэргээр олон төрлийн спорт сонирхож хичээллэдэг юм. Зарим хүмүүс ядраад хөдөлж гүйх боломж гарахгүй байна гэдэг. Миний хувьд тэр тусмаа дасгал хийвэл илүү эрч хүчтэй, хөнгөн болдог. Ялангуяа, ганцаар хийдэг дасгалын үеэр бодож эргэцүүлэх цаг гардаг учраас сэтгэл зүйн хувьд ч тайван амгалан болж, тогтмол хийхийг хичээдэг юм билээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Эхнэр, ээж хүний хувьд ажлынхаа хажуугаар гэр бүл, хүүхдүүддээ анхаарч, тэдэнтэйгээ цагийг өнгөрөөхөд л анхаардаг даа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Борлуулалтын компанийн хувьд өдөр тутам хийж буй ажлынхаа гүйцэтгэлийг тогтмол хянах боломжтой нь давуу тал гэж хэлж болно. Ажилчид маань төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, түүнээсээ урам зориг авч, нүд нь гэрэлтэхийг харах сайхан байдаг. Компанийн амжилт, ололт бүхэн тэдний тав тух, сэтгэл ханамжаас шалтгаалах учраас байгууллагаа удирдаж буй хүний хувьд зөв шийдвэр гаргаж улам хичээх ёстойг ойлгодог. Нөгөө талаар хурдтай өөрчлөгдөж буй нийгмийн хөгжлөөс хоцрохгүйгээр өөрсдийн байр суурийг хадгалж, зах зээлд хөл нийлүүлэн алхах нь багагүй сорилт болж байна даа.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манайх одоогоор 320 гаруй ажилтантай. Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт манай салбарууд, худалдааны төлөөлөгчид бий. Анунгоо компани анх 1999 оноос Procter and Gamble компанийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж, хүнсний болон хүнсний бус 40 гаруй төрлийн өргөн хэрэглээний брэнд бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын бүх худалдааны төвүүд, хөдөө орон нутгийн гэрээт борлуулагчдаараа дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Бид олон бэлтгэн нийлүүлэгчтэй учраас одоогоор төвлөрч буй ажлууд цөөнгүй бий. Тухайлбал, бид өнгөрсөн оноос Туркийн жигнэмгийн топ үйлдвэр болох ETI брэндийн жигнэмэг, амттаныг Монголд оруулж ирсэн юм. Одоогоор уг бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

Худалдаа, үйлчилгээний салбарын зах зээл өргөжихийн хэрээр хэрэглэгчдэд маш өргөн сонголт хийх боломжтой болсон. Тэднээс бидний ялгарах гол онцлог бол гүйцэтгэл гэж боддог. Манайх 180 жилийн түүхтэй үндэстэн дамнасан корпорацтай 20 гаруй жил хамтран ажиллаж, тэдний ажиллах арга барилыг суралцаж ирсэн. Тиймээс манай ажилчдын барааг үйлдвэрээс авч, лангуун дээр байршуулан хэрэглэгчдэд хүргэх бүх үйл явц тодорхой, өндөр гүйцэтгэлтэй байдаг.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

MCS группийн хувьд жил бүр ажилчдадаа өөртэйгөө ажиллаж, толинд харах боломж олгодог. Тухайлбал, тухайн хүний удирдлага, хамт ажиллагсдаас үнэлэлт дүгнэлт авч, бусдын нүдээр өөрийнхөө давуу, сул талыг олж харах боломжийг олгодог. Нэгэнт өөрийнхөө сайжруулах зүйлсээ мэдсэн бол түүндээ цаг гаргах боломжтой болно гэсэн үг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хөгжмийн хувьд тухайн үед хит болж буй дуунуудыг түлхүү сонсдог доо. Өөрийнхөө сонсдог дууныхаа жагсаалтыг хартал дуучин Наагий, Аделийн дуунуудыг их сонсдог юм байна. Манай ажлынхан цайны цагийг ном унших цаг болгож, оффисынхоо нэг хэсгийг номын сан болгон тохижуулсан юм. Тиймээс дуртай номоо уншиж, цаг гаргахыг хичээж байгаа. Одоогоор миний ширээн дээр Жим Коллинзийн Сайнаас агууд дэвшихүй, Нагел Кумберландын Багийн зохион байгуулалт ном байна.

Киноны хувьд Black Swan их таалагддаг. Хүн өөрийн урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бие, сэтгэл зүйн хувьд хэрхэн зовж, үхэн хатан зүтгэж буйг маш сэтгэл хөдөлгөм харуулсан бүтээл. Мөн Life of Pi киноны төгсгөлийн тайлал хэсэг намайг үнэхээр гайхшируулж билээ. Тэр тайлал л киноны үйл явдлыг бүхэлд нь эргүүлсэн нь гайхалтай байв.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Би аливаад амархан санаа зовних гээд байдаг талтай. Заримдаа шөнө хүртэл нойр хулжих үе бий. Тэгээд нэг номоос “Тухайн асуудалд та өөрөө нөлөөлж чадах уу. Чадахгүй бол дэмий санаа зовох хэрэг юу байна. Харин чадна гэвэл дэмий санаа зовохгүйгээр шийдлийг нь олох хэрэгтэй шүү дээ” гэж уншиж байсан юм. Үнэхээр тийм. Огт нөлөөлж чадахгүй зүйлдээ санаа тавьж, өөрийгөө зовоох хэрэг юу байна. Бид асуудалд төвлөрөх биш яаж шийдэхэд анхаарах учиртай. Үүнийг л бодож явдаг даа.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн бүр аливааг илүү өргөн харж, сэтгэдэг байгаасай. Зөвхөн өөрийнхөө тухай бодож, урдах ажлаа хийгээд явах нь хангалтгүй. Өөртөө илүү ачаалал авах, бусдын хийж буй ажлаас суралцах, цааш компаниа илүү ойлгож таних нь дараагийн шат ахих үндэс гэж боддог. Эргэн тойрондоо сониуч байж, бусдад анхаарал хандуулдаг, нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулдаг байгаарай.