Бид 2023 оны анхны дугаартаа цахим спорт сонирхогч, контент бүтээгчдэд зориулсан шинэ технологи, хүчирхэг төхөөрөмж, шилдэг үзүүлэлтийг туршиж, мэдрэх төрөлжсөн орчин бүрдүүлсэн Hyperworld туршлагын төвийн эрч хүчтэй хамт олныг онцоллоо.
Компьютерын тоног төхөөрөмжөөс эхлээд видео тоглоом, контент бүтээлт зэрэг дижитал эринд хэрэгтэй бүх зүйлсийг цогцлуулсан уг туршлагын төвд тэд хэрхэн ажиллаж буйтай илүү ойроос танилцъя.
Байршил: Хан-Уул дүүрэг, Токио Таун I давхар
Эрхэлдэг ажил: Gaming, Graphics
Сошиал хуудсууд: Hyperworld.gg (Фэйсбүүк), Hyperworld.gg (Инстаграм) HyperWorld.gg (Веб)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Гол тоглогч (Chief Gamer) Т.Сайнбуянт
Өөрийн карьераа эргэн харвал, би юу хийхийг хүсэж буйгаа тодорхойлоод түүнийгээ тултал нь хийдэг нэгэн байжээ. 2015 онд Солонгос улсад программист мэргэжил эзэмшин төгсөж ирээд онлайн билетийн касс Z 24 -ийг хөгжүүлэхэд оролцож ажилласан. Оффист сууж код бичихээс илүүтэй худалдаа, борлуулалт, хэрэглэгчийн туршлагатай холбогдож ажлын гараа минь эхэлсэн байна. Харин IT Zone компанид мэдээлэл тоног төхөөрөмжийн газарт гол харилцагч хариуцсан менежерээр ажиллаж эхэлснээс хойш одоо тав дэх жилдээ ажиллаж байна.
Би технологи тэр дундаа Gaming тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдэд дэндүү хайртай. Ажилд ороод удаагүй байхдаа зураг дарах, видео хийх талаар суралцахаар каноны камеруудад донтож, доторх эд анги, бүтэц загварыг нь мэдэхийн тулд өдөр, шөнөгүй уншиж, судалдаг байлаа. Тиймээс каноны камер борлуулагч болохоор шийдэж гол харилцагч хариуцсан менежерээс дэлгүүрийн худалдааны төлөөлөгч рүү шилжин ажилласан юм. Компанид тушаал бууруулах журам байгаагүй учраас хүсэлтээ өгч ажлаасаа гараад, шинээр өргөдлөө өгч компанидаа худалдааны төлөөлөгч болон буцан орж ирсэн.
Дэлгүүртээ ажиллангаа камеруудаа туршиж, үйлчлүүлэгч нартай ярилцаж түүнээсээ өдөр бүр суралцана. Тухайн жилдээ "Канон" брэндийн гадны борлуулагч нарт олгодог шагналыг хүртэж байлаа. Үүний дараа IT Store онлайн худалдааны төсөл эхэлсэн. Тэр үед маркетинг чиглэлээр ажиллах хүсэлтээ илэрхийлж брэнд менежерээр ажиллаж үзсэн.
Харин удалгүй "Hyperworld" төсөл хэрэгжихээр болж 2022 оны тавдугаар сараас зорьсон төсөлрүүгээ ханцуй шамлан орсон. Тийнхүү таван сарын дараа 2022 оны 10 дугаар сард туршлагын төв маань үүд хаалгаа нээсэн. Gaming & Graphic чиглэлийг сонирхон судалдаг залуусаар багаа бүрдүүлэн цаашид Монгол залуус энэ салбарт өндөр түвшинд өсөж, хөгжих гүүр нь болохоор зорин ажиллаж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Компьютер техникч Б.Бямбадорж
Ажлын ихэнх цагийг компьютер угсрах болон үйлчлүүлэгч нарт тохирох төхөөрөмжийн үзүүлэлтийг тодорхойлж, зөвлөгөө өгөхөд зарцуулдаг. Компьютер угсрахад эд анги, тоноглолоос хамаарч харилцан адилгүй хугацаа шаардлагатай. Захиалагчийн хүсэлтээр нэмэлт шинэчлэл, инженерийн үйлчилгээ хийж өгөх тохиолдол гарах тул багагүй цагийг зарцуулж яг тохирох загварыг мэргэжлийн түвшинд угсарч өгдөг.
Түүнчлэн зорин ирсэн үйлчлүүлэгчидтэй ямар бүтээгдэхүүн авах талаар нь ярилцаж, зөвлөлдөж, бүтээгдэхүүн сонгоход их цаг зарцуулна. Хүсэлд нь тохирсон "Мангас" угсрахад 4-5 цаг болох нь ч бий.
Үйлчлүүлэгч нэг бүртэй тулж ярилцан төхөөрөмжийн үзүүлэлт, технологийн шийдэл, хэрэглээний арга туршлагын тухайд санал бодлоо солилцсоор нэг л мэдэхэд өдөр өнгөрсөн байдаг.
3.ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Chief Gamer Т.Сайнбуянт: "First in - First out" зарчмаар ажилладаг. Нэн түрүүнд ирсэн захиалга, хүсэлтүүдийг багтаа даалгах уу, өөрөө хариуцах уу гэдгийг оновчтой хуваарилахыг хичээдэг. Аливаа асуудал, ажлыг өөртөө удаах тун дургүй.
Миний хувьд найзархаг, нөхөрсөг зан ааштай тул ажил дээрээ ч гэсэн бүх хүнтэй чөлөөтэй, уриалгахан, дотно байдлаар ажиллахыг хичээдэг. Багийн уур амьсгалд харилцаа, хандлага хамгийн чухал. Тиймээс аливаа шийдвэрийг харилцан ярилцаж, зөвшилцөж, санал бодлоо солилцсоны дараа гаргадаг. Мөн хамгийн чухал нь хийж буй зүйлдээ бүх хүчээ бүрэн гүйцэд зарцуулах дуртай.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Борлуулалтын инженер Э.Энх-Алдар
Ажлын шаардлагаар оффис 365 программ, төвийнхөө сошиал медиаг идэвхжүүлэх зорилгоор болон хувийн хэрэгцээндээ Facebook, Instagram, TikTok, Discord зэрэг сошиал платформуудыг тогтмол хэрэглэдэг.
Мөн өөрийгөө хөгжүүлэх, мэдээлэл авах үүднээс Reddit, ClutchPoints ашиглана. Чөлөөт цагаараа League of Legends: Wild Rift гэх мэт гар утасны тоглоом тоглодог.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Худалдааны касс, бараа материал хариуцагч З.Гантулга
Ажлаа хувийн болон компанийн журамд нийцүүлэн оновчтой, зөв зохион байгуулж, төлөвлөж чадвал аль ч талдаа эрсдэл бага гарна. Хамт ажилладаг залуустаа "Энгийн бөгөөд зөв зохион байгуулалт" гэж үргэлж захидаг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Компьютер техникч Б.Бямбадорж: Өглөө хамгийн түрүүнд и-мэйлээ шалгаж, ажлын төлөвлөгөө, захиалгын жагсаалтаа хараад харилцагч нартай уулзах зэрэг яаралтай, тэр тусмаа хугацаа бага зарцуулах ажлуудаа түрүүлж амжуулдаг. Харин компьютер угсарч байх үедээ өөр зүйлд сатааралгүй зөвхөн угсрах ажилдаа л бүрэн төвлөрдөг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Борлуулалтын инженер О.Бат-Эрдэнэ
IT салбарт туйлын дуртай боловч сурах боломж олдолгүй явсаар энэ жил Hyperworld төвтэй холбогдож анх удаа сонирхлоороо ажиллаж эхэлсэн. Дуртай салбартаа, сонирхол нэгтэй хүмүүстэй хамтдаа ажиллаж байгаадаа маш сэтгэл хангалуун байдаг.
Заримдаа ажлаасаа түр завсарлага авч тоглоом тоглож сэргэдэг. Энэ тал дээр өндөр үзүүлэлт, хүчирхэг тоноглолуудтай VVIP gaming өрөөнүүд нээлттэй байдаг нь ажлын маань нэг давуу тал шүү. /инээв/
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Компьютер тоглохоос гадна автомашины дрифт уралдааныг их сонирхдог. Өмнө нь Солонгост амьдарч байхдаа удирдлагатай машинаар тоглодог байсан бол Монголд ирснээсээ хойш автомашины дрифт уралдаан сонирхогчийн бүлэгт нэгдэж илүү ихээр дурласан. Тиймээс ажлаа тараад ихэвчлэн дрифтийн уралдаан сонирхогч залуустайгаа уулзаж автомашинаа сайжруулж, дараагийн тэмцээн уралдааны талаар ярилцдаг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Chief Gamer Т.Сайнбуянт: Тасралтгүй суралцах ёстой нь онцлог тал юм уу даа. Асар хурдан өөрчлөгддөг салбар учраас мэдээллийн технологи, тоног төхөөрөмж, тоглоомын ертөнцөд юу өрнөж байгааг тогтмол мэдэж байх ёстой. Гэхдээ өөрийн сонирхол, хүслээрээ ажиллаж байгаа учраас нэмэлт мэдээ, мэдээлэл цуглуулах, судалгаа хийх нь хэзээ ч дарамт болдоггүй. Харин ч дуртай байдаг.
Хийхийг хүссэн зүйлээ ажил болгож чадсан нь хамгийн сайн тал. Мөн шинээр худалдаанд гарах гэж буй төхөөрөмжүүдийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь хамгийн түрүүнд авч, судлах боломжтой.
Өмнө нь дурдсанчлан маш хурдан өөрчлөгддөг салбар учир өчигдөр мэдэж байсан зүйлс маргааш хуучирсан байх нь заримдаа бэрхшээлтэй тал болдог.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Chief Gamer Т.Сайнбуянт: HyperWorld туршлагын төвийг хэрэглэгчдэд илүү ойртуулах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүний хүрээнд төв дээрээ видео тоглоомыг бүтээхэд юу шаардагддаг вэ, ямар программууд дээр ажилладаг вэ, хойно нь ямар зүйлс болдог вэ, хэрхэн хийдэг вэ зэрэг сургалтуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байна.
Мөн тун удахгүй дижитал контентуудыг хэрхэн хийх талаар тоглогч болон контент бүтээгч хэн бүхэнд зориулсан сургалтуудыг тогтмол хийж эхэлнэ. Товчхондоо, HyperWorld төвөөрөө дамжуулан дижитал орчинд өөрийн хувилбараа бүтээхэд туслах бүхий л зүйлийг хэрэглэгчдэд хүргэх алсын зорилготой ажиллаж байна даа.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Борлуулалтын инженер О.Бат-Эрдэнэ: Манай багийнхан бие биеэсээ суралцдаг зарчимтай. Сүүлийн үед бид шууд дамжуулалт хийх талаар нэгэндээ зааж байгаа. Төв дотор хүссэн хүн нь захиалгаа өгөөд шууд дамжуулалт хийх боломжтой зориулалтын өрөө байдаг. Тэр өрөө сул үед бид өөрсдөө шууд дамжуулалт хийж болдог. Мөн ирээдүйд компьютер график чиглэлээр суралцахаар төлөвлөж байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Борлуулалтын инженер Э.Энх-Алдар: Сүүлд Пауло Коэльо-ийн Алхимич номыг уншсан. Мэдээж уншсан хүн бүр өөр, өөрийн өнцгөөс ойлгосон байх. Миний хувьд аливаа хүн өөрийн дотоод үнэт зүйлтэй байж, тавьсан зорилгодоо тууштай зүтгэхийн чухлыг мөн ингэж зүтгэх нь өөрт нь ямар их урам зориг болдгийг ихээр ухаарсан.
Киноны хувьд Nocturnal Animals сэтгэл зүйн триллер төрлийн киног санал болгоё. Уран бүтээлч хүмүүсийн дотоод ертөнц, тэдний хоорондын холбоо хамаарлыг өгүүлдэг. Бас газрын теннисийн ноён оргилууд Серина Виллиамс болон Венус Виллиамс-ийн амьдралыг өгүүлэх King Richard сэтгэл хөдөлгөм кино. Уг кинонд Калифорнийн Комптоноос гаралтай эцэг хүний алсын хараа болон түүний үр хүүхдэдээ хэрхэн бүхнээ зориулж байгаа тухай гардаг.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Борлуулалтын инженер Э.Энх-Алдар: Ө.Ганзориг захирал нэгэн подкастад оролцох үедээ аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийх тухай хэлсэн нь одоо ч тод санагдаж байна. Удирдлагын даалгасан ажлыг "ажил" гэж харах биш сорилт гэж харан, үр дүнг нь төсөөлж хийвэл өөрт хэрэгтэй ур чадвар, туршлагыг хуримтлуулж, улам илүү чадваржина гэсэн үг.
14. бусдад шидэх санаа
Худалдааны касс, бараа материал хариуцагч З.Гантулга: Амьдралд хамгийн чухал нь өөрийн дурлаж, сонирхдог, туйлын аз жаргал мэдрүүлдэг ажлаа хийх хэрэгтэй гэж боддог. Мөн хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, бүх хүчээ зориулаарай гэж хэлмээр байна.
Хамт ажилладаг эдгээр залуус цөмөөрөө Gaming, Graphic гэдэг зүйлдээ дуртай, компьютерын эд ангиудыг шимтэн судалж, өөр хоорондоо санал солилцон дүрэлзсэн эрч хүчтэй ажилладаг. Дуртай зүйлээ хийхийн сайхан нь энэ байх даа.