Ярилцлагын ээлжит дугаартаа бид Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргаланг урилаа. Нью Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрээр "Бодрол" нэрээр нийгэм, улс төрийн асуудлыг идэвхтэй судалж, нийтлэл бичдэг байсан Монголын анхны блогчдын нэг билээ. Б.Жаргалан галерейн захирал хийж, сэтгүүл гаргаж, зөвлөх үйлчилгээний компани захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо залуусын нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн салбар дахь орон зай, дуу хоолойг хүргэх чиглэлд төвлөрөн ажиллаж байгаа юм. Ингээд өндөр боловсролтой, ёс зүйтэй шинэ үеийнхний тод төлөөлөл болсон энэ залуу лидерийн ажлын арга барилыг сонирхуулъя. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Монгол Түлхүүр ХХК-ийн гүйцэтгэх захирал
Сонгуульт ажил: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн

Хэрэглэдэг гар утас: iPhone Х
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудсууд: Jargalan Batbayar (Twitter), Jargalan Batbayar (Facebook), Jargalan Batbayar (Facebook page), Bodrol (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ? 

Би 2005 онд их сургуулиа төгсөөд Монголд буцаж ирэхдээ эзэмшсэн мэргэжлээсээ огт өөр чиглэлээр шинэ компани байгуулсан түүхтэй. Уран зураг их сонирхдог учраас Нью Йоркт төрөл бүрийн галерей, музейгээр зочилдог байсан нь сэдэл төрүүлсэн гэж хэлж болно. Тухайн үед Монголын Урчуудын Эвлэл, Занабазарын музей зэрэг цөөн тооны танхимд үзэсгэлэн гаргах боломжтой байсан тул залуу уран бүтээлчдийг дэмжих, Монголд дутагдаж буй орон зайг нөхөх зорилгоор “Занаду арт" галерейг нээж байлаа.

Долоон жилийн турш залуу уран бүтээлчидтэй ажиллаж, үзэсгэлэнгүүдийнхээ кураторыг хийхдээ маш их туршлага хуримтлуулсан. Мөн галерейн хажуугаар “976” хэмээх сэтгүүлийг эрхлэн гаргаж байлаа. Гэвч хүү төрөх дөхсөн тул галерейгаа хаахаар болж цаашид өөр салбарт өөрийгөө сорих болсон юм. Шинээр зөвлөх үйлчилгээний компани байгуулж, урлагийн ертөнцөөс тэс өөр салбарт шилжилт хийсэн нь эхэндээ хүнд байсан боловч төсөл бүрд өөрийгөө шинээр нээсэн гэж хэлж болно. Түүнээс гадна, гэр бүлийн компаниа давхар удирдаж явна. Ингээд харвал 15 жилийн туршид ажил олгогчийн хувиар бизнесийн зовлон, жаргалыг туулжээ.

Сүүлийн жилүүдэд нийгэм, улс төрийн чиглэлээр олон хуулийн төсөл дээр ажиллаж, 2016 оноос Ардчилсан эмэгтэйчүүдийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж буй юм. Манай улсад жендерийн эрх тэгш байдлын үзүүлэлтүүд харьцангуй сайжирч буй ч улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага хэвээр байгаа. Тиймээс бид энэ чиглэлд илүүтэй төвлөрөн ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Коронавирусийн тархалттай холбоотойгоор сүүлийн үед гэрээсээ ажлуудаа амжуулж, гадуур хийх уулзалтуудаа эрс багасгаад байна. Элон Маскийн намтар номоос ажлаа төсөл бүрээр нь долоо хоногийн гарагуудад хуваах санааг авч, нэг өдөрт зөвхөн нэг ажил дээр бүрэн төвлөрч ажиллах нь үр дүнтэй санагдах болсон. Тухайлбал, нэг дэх өдөр зөвхөн компанийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг амжуулах, хоёр дахь өдөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ажилд төвлөрөх, гурав дахь өдөр харилцагч, түншүүдтэй уулзалтууд хийдэг. Харин дөрөв дэх өдөр компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнд анхаарах, тав дахь өдөр зөвхөн бичиг цаасны ажил дээр суух зэргээр хуваарилан ажиллаж байна. Оновчтой ажиллахын тулд нэг зүйл дээр гүн төвлөрөх нь зүйтэй санагддаг юм.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Юуны түрүүнд ямагт бэлтгэлтэй байх. Таван минут ярих илтгэлийн цаана таван өдрийн бэлтгэл шаардах нь бий. Ер нь аливаа шийдвэр гаргахын өмнө тухайн асуудлаа маш сайн судалж, бэлтгэснээр хамгийн боломжит рациональ шийдвэр гарна. Дараагийн зарчим бол дундын шийдэл буюу консенсусыг эрхэмлэх. Улс төр, олон нийтийн ажилд "win-win" шийдэлд хүрэхийн тулд хоорондоо сайн ярилцаж, ойлголцох учиртай. Зөвхөн ганцаараа ялагч байхын төлөө зүтгэх нь өрөөсгөл юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Үүлэн технологи руу харьцангуй эрт шилжсэн учраас зайнаас ажиллахад хялбар байгаа. Бүх файлуудаа Dropbox-д хадгалж, багууддаа нээлттэй фолдер үүсгэдэг. Сүүлийн үед зайнаас хурал, уулзалт хийхэд Zoom, Facetime, Skype ашиглаж байгаа. Мөн Evernote дээр аливаа төслийн судалгаатай холбоотой элдэв материал, мэдээллээ ангилаад оруулчихдаг. Мөн тэмдэглэл хөтлөхдөө Agenda апп-ийг түлхүү ашиглаж байна. Харин Инстаграм, Фэйсбүүкт постер оруулахдаа Canva-г ашигладаг.

Би ажлын харилцаагаа аль болох имэйлээр явуулахыг илүүд үздэг юм. Имэйл бол мэдээллээ цэгцтэй бичих, санаагаа товч тодорхой илэрхийлэхийг шаардахаас гадна маш сайн архив болж үлддэг учраас хэрэглэх дуртай. Гэвч албан байгууллагууд имэйл ашиглаж дадахгүйгээр дараагийн шилжилтийг хийчих шиг боллоо.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би өмнө нь аливааг цаг алдалгүй, түргэн шийдэхийг хичэдэг байлаа. Гэвч олон нийтийн ажилд гүнзгий орсноос хойш цаг хэмнэх хамгийн сайн арга бол багийнхантайгаа сайтар ойлголцох гэдгийг мэдэрсэн. Олон хүн нэгдсэн шийдэлд хүрэхийн тулд сайн ярилцаж, бие биеийнхээ байр суурь, хүлээлт, төсөөллийг нэгтгэж чадвал нэгэнт эхлүүлсэн ажлаа хурдан дуусгах боломжтой. Ойлголцохоо орхигдуулж, зөвхөн гүйцэтгэл дээр хэт төвлөрвөл явцын дунд эргэж буцаад байх шиг санагддаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Оюутан байхаас хойш тэмдэглэлийн дэвтэр хөтөлж байна. Дөрвөн жилийн өмнөөс Bullet Journal буюу төлөвлөгч дэвтэр хөтөлж эхэлсэн юм. Цааснууд нь бүдэг цэгэн тэмдэглэгээтэй тул толгойдоо бодсоноо эмх цэгцтэй буулгаж, долоо хоног, сарын төлөвлөгөөгөө бүтээлчээр тэмдэглэхэд тохиромжтой. Мөн тухайн долоо хоногт унших ном, уулзах хүмүүс, үзэх кино зэргийг бичнэ. Тэмдэглэл хөтлөхдөө өнгийн балаар зурж, түүндээ төвлөрч суух нь нэг ёсондоо бүтээлч ажил болж стресс тайлах, тайвшрах нэг арга болдог. Тэмдэглэлийн дэвтэр бол том ажлын ард гарах, оны эцэст хийж бүтээснээ дүгнэхэд чухал эх сурвалж болдог доо.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Бүтээлч бүхнээс урам зориг авдаг. Өдөр тутмын хэмнэлээс хөндийрч, толгойгоо сэргээхийн тулд уран зургийн үзэсгэлэн үзэх, уран зохиолын ном унших, сайн кино үзэх зэрэг урлагийн бүтээлд шимтэх дуртай. Мэдээж хэрэг, монгол хүн болж төрснийх хөдөө явж, нар салхинд гарах дуртай байлгүй яах вэ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би нэлээн хэдэн жилийн турш Бодрол нэртэй блог хөтөлж, янз бүрийн сэдвээр бичдэг байсан юм. Одоо блог бичихээ больсон ч бичих оролдлогууд хийсээр л байгаа. Тухайн үед хоббигоороо англи, орос хэлнээс уран зохиолын орчуулга хийх гэж оролддог байсан юм. Одоо бол хааяа завтай үедээ оройн цагаар сонирхсон номынхоо орчуулгыг хийж суух таатай байдаг. Сүүлд Английн философич Жон Локкийн “Two Treatises of Government” номыг орчуулж эхлээд байна. Ийм төрлийн ном уншихад нийгэм, улс төрийн ойлголтууд цэгцэрдэг учраас аль болох сонирхож уншдаг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРхШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бизнес, олон нийтийн ажил хийхэд олон талын байр суурь, үзэл бодолтой хүмүүстэй ажиллаж, маш их зүйл сурч, мэддэг нь давуу тал болов уу. Өмнө нь өөрөө түлхүү ярих гээд байдаг байсан бол одоо бусдыг сонсохыг илүүд үздэг болж.

Миний санаа зовж, эмзэглэж явдаг нэг асуудал бол нийгмийн тэгш бус байдал олон салбарт гүнзгийрч, хоёр туйлт зааг улам тод илэрсээр байгаа тухай юм. Бидний үе л энэ бүхнийг өөрчлөхгүй бол энэ хэвээр 10 жилийн дараа гэхэд өөрчлөхөд тун бэрх болох болов уу. 30 жилийн өмнө нийгмийг чиглүүлж байсан эмч, багш зэрэг сэхээтнүүд өнөөдөр цалингаараа ипотекийн зээл ч авч дөнгөхгүй байна. Цөөн хүн амтай орны хувьд эдийн засгийн хөгжил хүн бүрд хүртээмжтэй байх, иргэн бүр тэгш боломжийг эдэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх нь хамгаас чухал.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Би 2009 онд Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүнээр сонгогдсоноос хойш улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байна. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа АН-ын үндсэн дүрэм, үзэл баримтлалын ажлыг хэсэгт багтаж, бодлого суурьтай улс төрийн нам болгон шинэчлэх үйл хэрэгт хүчин зүтгэсэн. Үр дүнд нь АН-ын удирдах дээд байгууллагын тэн хагас нь 40-өөс доош насны залуусээс бүрдээд байна. Нөгөө талаас, залууст улс төрийн аливаа үйл явцад оролцох идэвх байгаа ч туршлага дутмаг байгаагаас төдийлөн дорвитой нөлөөлж чадахгүй байна уу гэж боддог.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хувьд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих чиглэлээр кампанит ажил өрнүүлэхээр бэлтгэж байгаа юм. Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг ч эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллаж байсан удаагүй. Төрийн өндөрлөгүүдээс өгсүүлээд Ерөнхий прокурор, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд зэрэг нийгмийн үндсэн асуудлын зангилааг шийдэж буй албан тушаалд эмэгтэй хүнийг томилж байсан түүх байхгүй.

Түүнээс гадна эдийн засагч хүний хувьд коронавирусийн халдвар, хорио цээрийн дэглэм нь улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж буй тухай судалж байна. Улс орнуудын эдийн засагт аль хэдийн хямрал дагуулж эхэлсэн учраас олон улсад эдийн засгийн тогтолцооны шинж чанартай өөрчлөлт авчирна хэмээн судлаачид үзэж байгаа. Манайд гэхэд ноолуур, зэс, нүүрсний зах зээлд сөргөөр нөлөөлж эхэлсэн учраас бид энэ асуудалд маш сайн судалгаа, тооцоотой, задгай сэтгэж хандахгүй бол уламжлалт арга барилаар эдийн засаг улам хүндрэх төлөвтэй байна. Энэ хямралаас бид ямар боломж олж болохыг ч судалж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Боломж гарвал шинэ хүнтэй танилцах эсвэл удаан уулзаагүй хүнтэйгээ уулзаж, тогтсон хүрээллээсээ гарч, шинэ соргог мэдээлэл, мэдрэмжийг олж авахыг хичээдэг. Би гурван жилийн өмнө Конрад Аденауэрын Сангаас зохион байгуулдаг Зүүн Өмнөд Азийн баруун-төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын залуу улс төрчдийн хөтөлбөрт оролцох завшаан тохиосон юм. Түүний дараа олон улсын Adenauer Network хөтөлбөрт сонгогдож, 40 нас хүртлээ тогтмол оролцох эрхтэй болсон. Сүүлд үүний хүрээнд Кени улсад 30 гаруй улс орны төлөөлөл болсон улс төрч залуустай уулзаж, туршлага солилцсон. Улс төрд эрх мэдэл, олон хүний эрх ашиг байх нь ойлгомжтой учраас хаа газрын улс төр зовлон, асуудал ихтэй гэдгийг тэгж мэдэрсэн шүү.

Хувь хүнийхээ хувьд ном сонин унших, судалгаа хийх, богино хугацааны сургалтад хамрагдахыг хичээдэг. Шинэ зүйл судалж, сонирхох тусам сэтгэлгээний хэв маягаа эвдэж, хувьсан өөрчлөгддөг тул аль болох хайрцагнаасаа гарах хэрэгтэй гэж боддог юм. Ташрамд дурдахад, би ажлын хажуугаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ ангид суралцаж байна. Манай улс өнгөрсөн хугацаанд эдийн засгийн реформуудыг зоригтой хийж, олон эдийн засагч бэлдсэн боловч хуулийн салбарт дорвитой шинэчлэл хийж чадаагүй юм болов уу гэж харсан учраас өөрийн хувь нэмэр, оролцоог нэмэрлэхээр хичээж байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Өрнийн утга, уран зохиол түлхүү уншиж өссөн учраас сүүлийн үед дорнын уран зохиолыг сонирхон, сүүлд Үй Хуагийн “Амьдрахуй” зохиолыг уншсан. Түүнээс гадна алжаал тайлах зорилгоор The Dune, Foundation цуврал шиг уран зөгнөлт ном шимтэж унших дуртай.

Киноны хувьд артхаус төрлийн кино сонирхдог. "Занаду арт" галерейг ажиллуулдаг байхдаа "Dreamer's Day"-ийн залуустай хамтран долоо хоног бүр кино өдөрлөг зохион байгуулж, артхаус төрлийн кино гаргадаг байлаа. Ларс фон Триер хэмээх Дани найруулагчийн ажиллах арга барил их өвөрмөц санагддаг. Сайн санхүүжилтгүй бол кино хийх боломжгүй гэх санааг эвдэж, Догма 95 хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Үүгээрээ өөрсдийн боломж бололцоог ашиглан төсөв багатай ч сайн зохиол дээр бүтээлчээр ажиллах боломжийг харуулсан нь онцлууштай.

Харин хөгжмийн хувьд ойрд сонсоогүй тул оронд нь #Уухай! подкастаа санал болгоё. Одоогоор 15 дугаар гаргаад буй энэ подкастын хөтлөгч буюу тогтмол оролцогчоор ажиллаж байгаа юм. "Уухай" хөдөлгөөний хувьд, олон салбарт ажиллаж буй өөр мэргэжил, үзэл бодолтой залуус нийгмийн асуудлыг илэн далангүй ярилцаж, залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдэл юм.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Би багаасаа л аливааг заавал төгс хийх гэж зүтгэдэг талтай байсан юм. Үүнээс болоод цаг их алдаж, эхлэх гэж дуншдаг байсныг ажигласан аав маань надад аливаа ажлыг эхлүүлэх нь хамгийн чухал гэж хэлж байсныг үргэлж санадаг. Төгс биш байлаа ч гэсэн зориглоод эхлүүл гэсэн санаа л даа. Толгойдоо гоё санаа бодож олчихоод бодит болгож чадахгүй, хоосон бодоод л байвал хайран шүү дээ. Үүнээс болж бүтэлгүйтэж, алдаж оносон түүх ч бий.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Манай эмээ надад эрдэм номыг хэзээ ч сурч болно. Гэхдээ амьдралын ухааныг сурах нь амаргүй боловч заавал хамт явах учиртай юм шүү гэж хэлж байсан юм. Аливаад хүнлэг, сэтгэлээсээ байж, хариу нэхэхгүй тус хүргэх, хүнийг сайн, муугаар ялгахгүйгээр сайн талыг нь олж харна гэдэг хүн болгонд байдаггүй том ухаан гэдгийг одоо л ойлгож байх шиг. Тиймээс номын ухаан эзэмшихийн зэрэгцээ амьдралын ухаанаа умартаж болохгүй шүү гэж захих байна.

Орчин үеийн залуус зөвхөн өөрт ноогдсон өдөр тутмын ажил, ахуй амьдралаас гадна нийгэмдээ юу болж байгааг анзаарч, миний оролцоо юу байж болох вэ гэдгийг эргэцүүлдэг болсон нь тун сайшаалтай. Аль болох залуу насандаа нийгмийн идэвхтэй байснаар эргэн тойрондоо илүү хүчтэй, үр нөлөөтэй байх болно гэдгийг санаасай гэж хүсдэг дээ.