Энэ сарын 9-ний өдөр нийслэл Улаанбаатар хотын Чингис хаан музейд BBC-ийн “World Questions” хэмээх радио нэвтрүүлгийн Монгол Улс дахь дугаарыг бичсэн юм. Долоо хоног бүр тогтмол 100 сая сонсогчтой “BBC World Service” радио сувгийн уг нэвтрүүлгийг сар бүр дэлхийн аль нэг улсад бичиж, тухайн оронд тулгамдаад буй асуудлын талаар бодлого гаргах түвшинд ажиллаж буй мэргэжилтнүүдийг мэтгэлцүүлдэг билээ.

Уг нэвтрүүлэг нь дөрвөн зочинтой бөгөөд үзэгчид мэтгэлцээнээс өмнө асуухыг хүссэн асуултуудаа бичиж өгөх ба нэвтрүүлгийн продюсерууд асуултыг нь сонгосон тохиолдолд шууд нэвтрүүлгийн үеэр өөрийн асуултаа өөрөө асуух боломжтой болдог.

Миний бие энэхүү нэвтрүүлгийн зохион байгуулалтад Монголын талаас нэг өдөр туслах боломж олдсон юм. 100 жилийн түүхтэй BBC-ийн баг хамт олноос суралцах, авах зүйл ихтэй байсан тул Монголын дугаарыг хөтлөн явуулсан BBC-ийн сурвалжлагч, хөтлөгч Жонни Даймондтой ярилцаж, түүний ажлын арга барилыг уншигч тантай хуваалцаж байна. 

Байршил: Лондон хот, Их Британи
Эрхэлдэг ажил: BBC-ийн сурвалжлагч, хөтлөгч
Сошиал хуудас: X

World Questions Mongolia-г бүрэн эхээр нь сонсох


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний бие Английн Дурхам Их сургуульд улс төрийн чиглэлээр бакалавр, Лондоны Эдийн засгийн их сургуульд олон нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэргээ тус тус хамгаалсан. Магистраа 1994 төгсмөгцөө BBC-д судлаачаар ажилд ороод улс төрийн сурвалжлагч болон дэвшсэн. Ийнхүү 2000 оноос эхлэн АНУ, Турк, Бельги зэрэг орнуудад суурьшиж, BBC-дээ гадаад хэргийн сурвалжлагчаар 15 жил орчим ажиллаад Англидаа буцаж ирсэн түүхтэй.

Буцаж ирээд World Questions тэргүүтэй хэд хэдэн радио нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллахын зэрэгцээ BBC-ийн Хааны гэр бүлтэй холбоотой агуулгуудыг сурвалжлан (Royal correspondent) ажиллаж байна.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Гурваас дөрвөн төрлийн ажил хийдэг учраас өдөр бүр өөр өнгөрдөг. Монголд World Questions-ийн шугамаар ирсэн учир энэхүү нэвтрүүлгийг бичдэг өдрийнхөө талаар хуваалцъя. Өнөөдрийг хүртэл уг нэвтрүүлгээ таван тивийн 30 гаруй оронд хийжээ. Нэвтрүүлэгтэй нэг өдөр иймэрхүү өнгөрдөг.

Өглөөний цайгаа уучхаад багаараа хуралдаж, зураг авалттай холбоотой зүйлсээ ярилцдаг. Дараа нь редактор Чарлитайгаа нээлтийн үг болон нэвтрүүлгийн зохиол дээр ажиллана. Өдрийн хоолны дараа Чарли нэвтрүүлэг болох танхим руу очиж, чухал ажлуудаа гүйцээдэг бол миний хувьд хэдэн цагийн турш зочлон ирсэн орныхоо мэдээллээ бататгаж, зочдынхоо нэрийг буруу дуудах эсэхдээ санаа зовнин суудаг. Ирэхээсээ өмнө их зүйл уншиж судалдаг ч үргэлж л хангалтгүй санагддаг юм.

Оройн 5 цагийн үед хослолоо өмсөж, зангиагаа зүүгээд нэвтрүүлэг болох газраа очно. Үзэгчид хүрэлцэн ирээд зочдоос асуухыг хүссэн асуултуудаа цаасан дээр бичиж, продакшны өрөө рүү илгээдэг. Чарлитай хамтдаа тэдгээр асуултыг сэдвээр нь цэгцэлж, асуух асуултуудаа тогтоно.



Ингээд 7 цагийн орчимд зочидтойгоо танилцдаг. Зочид маань ихэвчлэн өндөр түвшний улс төрчид байдаг. Тэдэнд сонгосон асуултуудаа хэлдэггүй дүрэмтэй.

7 цаг 30 минутын үед зочдоо дагуулан танхимд ороход үзэгчид хэдийн суудлаа эзэлсэн байдаг. Үүнээс хойш цаг хагасын турш сонгогдсон асуултын эзэд асуултаа асууж, зочид маань хариулдаг. Тайзан дээр байх үед Чарли чихэвчнээ дараагийн асуулт руу шилжих, тухайн сэдвээ дэлгэрүүлэх зэрэг найруулгатай холбоотой зүйлсийг надад хэлж өгдөг.

Нэвтрүүлгийн дараа зочидтойгоо зургаа авхуулж, талархсан сэтгэлээ илэрхийлэн хамт хооллочхоод хөлс нь бурзайж, тултлаа тамирдсан хүн орондоо ороод, маргааш нь гэрийн зүг буцдаг.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Унших, унших, унших. Уйтгартай сонсогдож байгаа ч ажлын гол арга барил маань тэр чигтээ унших, судлах. Мөн хүмүүстэй ярих, тэднийг сонсох дуртай. Ялангуяа нэвтрүүлгийн үеэр бол зочид болон үзэгчдээ анхааралтай сонсох хамгийн чухал.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Хатуу үнэнг хэлэхэд, их уншъя гэвэл дэлгэцээс хол байх хэрэгтэй. Интернэт хөтөч, олон нийтийн сүлжээний аппууд бий. Гэхдээ утсаа аль болох бага ашиглахыг хичээдэг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Зүгээр л ажилладаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Яг үнэндээ ажлаа төлөвлөөд байдаггүй. Эцэс цэг (deadline) тулаад ирэх үед сандарч, галзуу мэт ажиллаад л ажлынхаа ард гардаг сэтгүүлч хүн. Гэхдээ өдрийн тэмдэглэлээ алдахгүй бичдэг.

Эх сурвалж: Esquire Philippines

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Йога хийнэ, усанд сэлнэ, дугуй жийнэ. Ялангуяа йога хийх үед тархи унтардаг учир бусдад санал болгоё.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Наадах чинь л асуудал даа. Надад ямар ч хобби байхгүй. Хачирхалтай сонсогдох ч ажлаа бага хийх гэсэн л төсөл байна даа. Энэ жилийн зорилго маань бага ажиллах байсан ч одоогоор хэрэгжилт муутай байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Оюун санааны хувьд үргэлж сорьдог, цаг ямагт сонирхолтой байдаг нь сайхан. Харин хэзээ ч завсар гардаггүй, үргэлж л өрнөж байдаг нь заримдаа сул тал болно.

Эх сурвалж: Esquire Philippines

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ганц зүйл дээр гэхээсээ илүү том зургаар нь “Хийгээд байгаа зүйл маань болж байна уу? Уншигч, сонсогч нарт хүрч байна уу? Тэдний таашаалд нийцэж, мэдлэг, мэдээлэл өгч байна уу?” гэдэгт л анхаарлаа хандуулдаг.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хэвлэмэл сонин, сэтгүүл асар их уншдаг. Уншаад байхад л дуусгаж барамгүй их мэдээлэл байна шүү дээ. Ер нь сониуч байж их уншиж, сайн сонсох шиг чухал зүйл үгүй. Илүү ихийг ойлгож мэдэх тусам ажилдаа гарамгай болно. Өмнө нь зочилж байгаа орон бүрийнхээ тухай нэгээс хоёр ном заавал уншдаг дадалтай байлаа. Үнэхээр хэрэгтэй дадал шүү.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Жорж Орвеллийн “1984” номыг санал болгоё. Өнөөгийн бидэнд авууштай олон санаа бий. Хөгжим гэвэл Бетховений “7-р симфони”. Киноны хувьд 1982 оны “Blade Runner”-ийг гүйцэх бүтээл ховорхон.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

BBC-ийн суулгасан “Audience first” буюу “Үзэгч нэгт” гэдэг санааг үргэлж тээж явдаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Эрх мэдэлтэй хүмүүсийг хариуцлагатай байлгаж, олон нийт харж байгаа шүү гэдгийг сануулах нь хэвлэл мэдээллийн үүрэг. Монголд ч тэр, Дэлхийд ч тэр чөлөөт хэвлэлгүйгээр эрүүл ардчилал оршин тогтнохгүй.

Хүн бүхэн юу ч хамаагүй бичиж чадна. Тиймээс аливаа зүйл яаж ажилладаг, хорвоо ертөнц хэрхэн оршин тогтнож байгаа талаар олж мэдээд үнэ цэнтэй зүйл бич. Үр шимийг нь хүртэх л болно.

Эцэст нь, азанд найдах хэрэггүй. Бэлтгэлээ ханга. Бэлэн бай. Боломж гарвал шүүрээд ав.