21-р зууныг интернэтгүйгээр төсөөлөх боломжгүй билээ. Энэ зууны хамгийн том ололт амжилт, түүхэн үйл явдлуудад интернэт гэх зүйл шууд болон шууд бусаар нөлөөлсөөр байна. Тиймээс энэ зуунд "амьдаръя" гэвэл интернэттэй байх хэрэгтэй.
Интернэтэд холбогдох дата хэрэглээг улам хялбар, хүртээмжтэй, хямд болгож интернэт гэх ертөнцийн иргэдэд "эрх чөлөө"-г өгч буй Ondo-ийн шинэхэн Гүйцэтгэх захирал Б.Мандуулын ажил, амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: Сүхбаатар дүүрэг, New Horizon
Эрхэлдэг ажил: Ondo-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro, iPad 11 Pro
Сошиал хуудсууд: Manduul Baasansuren (Фэйсбүүк) manduulero (Инстаграм)
Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Аав маань спортын хүн учраас багаасаа л спортод их ойр өссөн. Ахлах сургуулиа төгсөх жилдээ хуульч, өмгөөлөгч болох хүсэлтэй байсан ч гэр бүлийн ятгалгаар Бүгд найрамдах Куба улсад сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар сурахаар болсон. Зургаан жилийн хугацаанд олон орны оюутнуудтай суралцахын зэрэгцээ ямар ч хүнтэй харилцан яриа өрнүүлж чаддаг ард түмний дунд амьдарсан учраас харилцааны чадвар маань сайжирсан гэж боддог.
Төгсөж ирээд 2011 онд сагсанбөмбөгийн баг бүрдүүлээд тухайн үеийн Хөгжлийн лигт оролцож, мөн хоёр найзтайгаа нийлж, тус бүр 2000 ам.доллар гаргаад дижитал маркетингийн компаниа эхлүүлж байсан. Тэр жил дөнгөж худалдаанд гарч байсан MacBook Air худалдаж аваад л компаниуд дээр очиж, яагаад веб сайттай болох ёстойгоос эхлэн дижитал маркетингийг тайлбарлаж, борлуулалт хийхийг хичээдэг байлаа. Гэхдээ компани маань удалгүй дампуурсан. Хэдий тухайн үед дижитал маркетинг шинэ ойлголт байсан ч ахиад илүү хичээл зүтгэл гаргасан бол амжилттай байх боломж олон байсан гэж боддог. Түүний дараа хэвлэлийн бизнес хийсэн ч багаа буруу бүрдүүлснээс болж мөн л санхүүгийн алдагдалд орсон.
Бизнесийнхээ зэрэгцээ одоогийн Хасын хүлгүүд буюу SBL багийн туслах дасгалжуулагч, Монгол Улсын Сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Монголын Сагсанбөмбөгийн холбоонд Мэргэжлийн зөвлөлийн дарга гэсэн албан тушаалуудад ажиллаж байлаа.
Бизнесүүд маань хаалгаа барьж, сагсанбөмбөгийн хугацаат ажлууд маань ч дуусгавар болох үед өөрийнхөө ур чадвар, хүсэл сонирхлыг бодолцож үзээд хүмүүсийг өөрсдийнхөө хамгийн сайн хувилбар болоход нь туслах зорилгоор хувийн дасгалжуулагч хийдэг болов. Тэгж л одоогийн Соёлын сайд Ч.Номинтой танилцаж, телевизийн салбарт ажиллаж эхэлсэн юм. Түүнээс хойш дөрвөн жил тасралтгүй хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад 2021 онд үүрэн холбооны отгон оператор болох Ondo брэндийн нэр, өнгө төрхийг бий болгохоос эхлээд зах зээлд нэвтрүүлэх ажлыг хариуцсан Маркетингийн газрын захирлаар томилогдон хоёр жил ажилласан. Харин энэ сараас Ondo-ийн Гүйцэтгэх захирал болоод байна.
Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Уулзалтаар эхлээд уулзалтаар л төгсдөг. Өглөөдөө бэлтгэл хийж, өөртэйгөө ярилцана. Ажил дээрээ ирээд ажлын уулзалтуудаа хийнэ, харин үдээс хойш хоёр хүүхэд рүүгээ хичээл тарах үед нь заавал залгаж, сонин сайхныг нь сонсдог. Ингээд өдрийн төгсгөлд эхнэртэйгээ гэрийнхээ угаалгын өрөөнд ажлаас бусад сэдвээр ярилцдаг. Сатаарах зүйл багатай болоод ч тэр үү, бид хоёрт угаалгын өрөөнд ярилцах нь их амар байдаг юм. Хүүхэдтэй болсноос хойш чимээ гаргахгүй гээд тэнд ярилцаад дадчихсан гэж хэлж болно.
Миний хувьд чухал уулзалтуудыг биеэр хийхийг илүүд үздэг. Тэр хүний биеийн хэлэмж, царайны хувирал зэргийг харах нь ойлголцоход болон шийдвэр гаргахад дөхөм болдог.
Таны ажлын нөү-хау?
Сагсанбөмбөгөөр зүйрлэвэл холбогчийн үүргээр ажилладаг. Манай багт олон төрлийн чадвартай хүмүүс бий. Хоёр өөр төрлийн ур чадвартай хүмүүс хоорондоо ажиллах үед ойлголт болон арга барилын зөрүү их үүсдэг. Энэ үед миний зүгээс зөв хүмүүсийг зөв газарт нь байлгах, зөв үед зөв холболт хийхэд анхаардаг. Би заавал бүхнийг мэддэг байх албагүй. Гэхдээ ерөнхий зорилгын хүрээнд бүрдэл хэсгүүдийг зохион байгуулах, хамтдаа нийлээд нэг чигт явах боломжийг бүрдүүлэх нь чухал.
Мөн нэг асуудал - гурван шийдэл - нэг дундын шийдвэр гэсэн дүрмийг баримталдаг. Тайлбарлавал, аливаа асуудалд дор хаяж гурван шийдэл олохыг хичээдэг. Үүнээс бага шийдлийн сонголт байвал судалгаагаа хангалтгүй хийжээ гэсэн үг. Харин шийдэл хэт олон болчихвол замбараагүй болох хандлага байдаг. Эцэст нь боловсруулсан гурван сонголтоосоо нэгийг нь сонгоод тэр чиглэлдээ эргэж харалгүй, тултал нь явах хэрэгтэй. Чадах бүхнээ хийсэн л бол алдаа, бүтэлгүйтэл гэж байдаггүй. Учир нь бүтээгүй зүйлийн ард яаж хийж болохгүй вэ гэдгээ сурсан сургамж байдаг.
Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Notion-г төлөвлөгөө гаргах, санаагаа буулгахдаа ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлнэ. Мөн Curio нэртэй мэдээг аудиогоор авч болдог хэрэгслийг ашиглаж тархиа мэдээллээр тэтгэнэ. Харин хувийн болон ажлын төлөвлөгөөндөө Apple, Google календарийг хослуулан ашигладаг.
Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Өөрөөсөө хамааралтай зүйлийг аль болох л бага байлгах хэрэгтэй. Бүх шийдвэрийг өөрөө гаргах бус багийн бусад гишүүддээ шийдвэр гаргах орон зай, нөхцлийг бүрдүүлэх учиртай. Харин заавал өөрөө гаргах ёстой шийдвэр дээр аль болох урьдчилж хангалттай мэдээлэлтэй байхыг эрмэлздэг.
Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Хийж буй бүх ажлаа урт, дунд, богино гэсэн гурван хугацаанд төлөвлөдөг. Мэдээллийн урсгалыг нээлттэй байлгаснаар хурдан шийдвэр гаргах, алдвал түргэн засах давуу талыг өгдөг. Тиймээс хамааралтай газруудтайгаа ойрхон ажиллах нь төлөвлөх цаашлаад төлөвлөгөө биелэх боложийг бүрдүүлж байдаг.
Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Хүний бие махбодыг тодорхой өгөгдөл, дүрэмтэй машин гэж хэлж болно. Эрч хүч гэж тэр машины судсаар явж буй эрдэс бодисын хэм хэмжээний тэнцвэрийг хэлдэг. Тэр хэмжээг төв мэдрэлийн системээс элэг рүү дамжуулж, элэг тэндээс хуваарилалт хийдэг. Тус хуваарилалт тэнцвэргүй байх юм бол хүн ядарсан мэдрэмж авдаг гэсэн үг. Тиймээс миний хувьд алдагдсан эрч хүчийг сэлбэх бус тухайн орчин нөхцөлдөө тэнцвэрт байдлаа хадгалахад анхаарлаа хандуулдаг.
Жишээлбэл, хоёр жилийн өмнөөс Анар шарк мотоцикл унах хоббиг маань илрүүлж өгсөн. Дуртай зүйлсдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй бол стресс хуримтлагдаж эхэлдэг. Тиймээс сүүлийн үед ажилдаа ирж, очихдоо мотоцикл унаж, ажил, дуртай зүйлийнхээ тэнцэврийг эргэн хэвийн болгоод байна. Энэ мэтээр шинэ хобби, ажлын арга барил, нэмэлт амин дэм гэх зэрэг олон аргаар тэнцвэрт байдлаа хадгалахыг хичээдэг. Хамгийн гол нь адал явдалд нээлттэй хандах ёстой.
Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Найзуудтайгаа хамт Юүтүб суваг дээрээ хийдэг подкаст. Энэхүү подкастаараа дамжуулж хотжилтоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудлаа даван туулсан туршлага, шинжлэх ухааны шинэ мэдээлэл, ирээдүйд бий болох анагаах ухааны ололт амжилтуудын талаар ярьдаг түлхүү ярилцдаг. Хүн бүрийн авах боломжгүй мэдээллийг авч байгаа бол түүнийгээ тодорхой байдлаар бусадтай хуваалцах нь зөв гэж боддог юм. Бидний бэлтгэсэн агуулгаас авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж, амьдралдаа эерэг өөрчлөлтийг бий болгож байгаа хүмүүсийн түүхээс бид асар их эрч хүч болон үүнийгээ үргэлжлүүлэн хийх урам авдаг.
Хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Өнөөгийн бидний амьдралыг өнгөрсөн бүх үеэс нэн ондоо болгодог зүйлсийн нэг бол нэгэнтэйгээ харилцан холбоотой, хамааралтай байхыг хүсдэг шинж чанар юм. Энэ нийтлэл ч үүний нэг жишээ. Бидний амьдралын чанарыг богино хугацаанд өөрчлөх хүч мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт бий. Үүнийг залуус бид өөрсдөө сурч, ашиглаж улмаар тэгш бус байдлыг үгүй хийх хариуцлагтай мөчид амьдарч байна. Энэ бол эерэг бас бэрхшээлтэй тал нь.
Үүрэн холбооны бизнесийг том зургаар нь тоног төхөөрөмж (hardware), программ хангамж (software) гэж хоёр хувааж болно. Бидний хувьд программ хангамжийг дотооддоо, Монгол залуус өөрсдөө бүтээж байгаа нь яах аргагүй бахархам үйл хэрэг. Ondo-г ердийн нэг үүрэн холбооны оператор эсвэл технологийн компани гэж хардаг. Хэдий зөв ч угтаа бол бидний эрхэм зорилгуудын нэг нь тусгаар тогтносон улсын иргэд бусдаас хамааралгүй амьдрах аргаа өөрсдөө олоход нь туслах, цаашлаад дэлхийд өрсөлдөх Монгол технологийг бүтээх замаар амьдралын чанараа дээшлүүлэхэд чиглэж байгаа юм. Зорилгодоо хүрэх зам маань олон даваатай ондоо аялал байх болно.
Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? ойрын төлөвлөгөө?
Ondo өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 300,000 орчим бүртгэлтэй, 147,000 гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болжээ. Ойрын хугацаанд бид хэрэглэгч өөрийн хэрэглэх датагаа хүссэн хэмжээгээрээ авах “Задгай дата”, стрийминг үйлчилгээнүүдтэй хамтарсан зуны улирлын багц, сүлжээний тэлэлт, байгууллагад зориулсан private network зэрэг ажлууд дээр анхааран ажиллаж байна. Мөн хүнд үйлдвэрийн салбарт 5G сүлжээг ашиглан автоматжуулалт нэвтрүүлэх, хаалттай сүлжээг угсрах, турших улмаар бодитоор ашиглах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Мөн манай хамт олон нийгмийн бүх хэсгүүдэд хүрч үйлчлэхийг зорьдог. Энэ хүрээнд бид интернэтийг шаардлагатай бүлгийн иргэдэд таатай үнээр хүргэхээр ТББ болон холбоодтой хамтран ажиллаж байгаа.
ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Оролдлого ихт оройд нь гэдэгт итгэдэг. Үүнтэй ижил санаа агуулах, Outliers ном дээр гардаг 10,000 цагийн дүрэм ч миний амьдралын туршид батлагдсаар ирсэн. Жишээ нь, анхны шууд эфирт гарахад өвдөг маань чичирж байсан ч бага, багаар хичээж бусдаас суралцаж үр дүнд дөрвөн жилийн дотор ямар ч арга хэмжээ, шоуг хөтлөөд явчих хэмжээний ур чадвартай болсон гэж боддог. Гэхдээ энэ бүхний цаана хэн хүнд ижилхэн үйлчилдэггүй мотивац буюу урам зориг гэж зүйл бий. Миний хувьд үргэлж өөрийгөө дутуу үнэлдэг нь шинийг сурах, илүүг бүтээхэд нөлөөлдөг.
Санал болгох ном, кино, хөгжим?
Даниел Големан зохиолчийн Emotional Intelligence номд ‘’амжилт’’ гэх зүйлд хүрэхэд IQ-гаас илүү чухал нөлөөтэй, хамгийн гол нь хүссэн хүн нь сурч болох зүйлсийг талаар дурдсан байдаг.
El secreto de sus ojos гэдэг киног үзвэл амьдралын талаар сонирхолтой сургамжууд авч болно. Мөн Рикардо Дарины тоголсон Wild Tales гэх кинонд зургаан өөр үйл явдал гардаг бөгөөд бидний өнөөгийн нийгмийн нүүр царайг олон сургамжтай үйл явлуудаар дамжуулан харуулна. Хөгжмийн хувьд Bad Bunny-ийн Where she goes-г хааяа сонсчихож байгаарай. Заавал ойлгох шаардлагагүй, зүгээр л хэмнэлээр нь өөрийгөө баясга.
Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Кубад байхад багш маань “Манай улсад юмс элбэг биш учраас жижиг зүйлээр том зүйлийг хийдэг. Хэрэв та нар ийм хязгаарлагдмал нөөц, хүндхэн орчинд амьд үлдэж чадвал, ирээдүйд хаана ч, юу ч хийсэн асуудалгүй” гэж хэлж байсан юм. Энэ үг одоог хүртэл оюун санаанд тодоор байдаг учир магад авч байсан хамгийн сайн зөвлөгөө байх.
Бусдад шидэх санаа?
Амьд харилцааг эрхэмлээсэй гэж хүсэж байна. Цахим ертөнц ямар ч түвшинд хөгжсөн, нүд нүдрүүгээ хараад ярих, сэтгэлээ уудлах, хамтдаа дурсамж бүтээхийг юу ч орлуулахгүй.
З Зочин 2023.05.25 202.21.112.226
Мандуул захиралд баяр хүргэе. Таныг шударга өрсөлдөөн рүү томилилогдчихоо гэж хараад их гайхаж байлаа. Улс төрд орох болоогүй шүү кк