Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн энэ удаагийн зочноор “Чанарыг эрхэмлэж, Эрүүл хоолыг хүн бүрд” уриатай Мастер Фүүдс компанийн Гүйцэтгэх захирал Д.Дэлгэрцолмон оролцож байна. Түүний хувьд банк санхүү, гадаад худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилласан 18 жилийн туршлагатай бөгөөд 2021 оноос эхлэн дотоодын хоол үйлдвэрлэлийн салбарт монгол ондоошлыг харуулсан "Амтшил" хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон "Nama Eatery" түргэн хоолны бизнесээр цахиур хагалан ажиллаж буй.   

Байршил: M Plaza, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: “Master Foods” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Dell XPS
Сошиал хуудсууд: Delgertsolmon Dorjsuren (Facebook), Delgertsolmon Dorjsuren (LinkedIn)


1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ? 

Би ХААИС-ийг бизнесийн удирдлага чиглэлээр суралцаж төгсөөд Капитал банкнаас ажлын гараагаа эхэлсэн. 2000-аад оны дунд үед банк санхүүгийн байгууллага тунчиг нэр хүндтэй байсныг ч хэлэх үү, шинэ төгсөгчдийн хувьд мөрөөдлийн ажил нь байсан гэхэд хилсдэхгүй. Тухайн үед би гадаад худалдааны санхүүжилт хариуцан ажиллаж байсан юм. Тодруулбал, импорт эрхлэгч компаниудад зориулсан гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэхээс гадна гадаад төлбөр тооцоог мөн давхар хариуцдаг гэсэн үг. Томоохон дүнтэй зээлийн материалуудыг судлах болон SWIFT гүйлгээнүүд шивж байхдаа “Энэ том бизнесийн цаана ямар үйл ажиллагаа явагддаг бол?” гэж их сонирхдог байж билээ. Үүнтэй зэрэгцээд тогтсон журам, тодорхой системийн дагуу ажилладаг банкны тогтолцооноос ч уйдах тийш хандаж, хүүхэд ахуй наснаасаа авч үлдсэн сониуч зандаа хөтлөгдсөөр шинэ салбарт чадвараа сорихоор шийдсэн юм.

Улмаар “Max Group”-т импорт менежерээр ажилд орсон. Гадаад худалдаа гэх цоо шинэ салбарт ажиллаж эхэлсэн нь миний хүсэж байсан сонирхолтой ажлын талбар мөн байсан ч эхэн үедээ барьц алдах зүйлүүд бишгүй л тохиолдож байлаа. Учир нь банкны салбартай харьцуулбал хувийн хэвшлүүдэд тийм ч олон дүрэм, зохицуулалт байхгүй, эсрэгээрээ хувь хүний мэдрэмж, хурд, бүтээлч ур чадваруудыг шаардах нь олонтоо. Жишээ дурдвал, ажилд ороод арван сар орчмын дараа Герман Улсыг зорьж, анх удаа томоохон хэмжээний хүнсний үзэсгэлэн худалдаанд оролцож байв. Туршлага нимгэн, шинэхэн менежерийн хувьд бүх бараа л хэрэгтэй санагдаад таван өдрийн турш гартаа даахгүй хэмжээний их каталоги цуглуулаад нутаг буцлаа. Уг нь өөрийгөө их л мэргэн сонголт хийлээ гэж итгэж байсан ч начир дээрээ надад бараагаа танилцуулсан бүхэн эргэж холбогдох албагүй гэдгийг ойлгож, бүтээгдэхүүн болгон манай оронд нэвтрэх шаардлагагүй гэдгийг ухаарч, зөвхөн үзэсгэлэн худалдаа хэсэх биш томоохон үйлдвэрүүдийг судлах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч орнуудыг судлах, түүнчлэн дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг илүү тодорхой судалж мэдэрдэг болох гэх мэтээр жил жилээр туршлагжиж тодорхой үр дүнгүүд гаргаснаар энэ бүхэн өнөөгийн карьерийн суурь болж өгсөн.

Үүний зэрэгцээ банкны салбараас сурсан аливааг системчлэх арга барилаа ашиглан бараа бүтээгдэхүүний нөөцийг хэрхэн удирдах, борлуулалт маркетингийн чиглэлийн багууддаа хэрхэн дэмжлэг үзүүлэх зэргээр компанидаа хувь нэмэр оруулсан гэж боддог. Компани маань ч миний хичээл зүтгэлийг үнэлж, гурван жил гаруйн дараа импортын ахлах менежер болон дэвшиж, нэг жил орчмын дараа бизнес хөгжил, гадаад худалдаа хариуцсан албаны даргаар ажиллаж байгаад 2021 оноос эхлэн “Master Foods” компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна. Энэ ажил маань надаас мөн л шинэ туршлага, ур чадвар мэдрэмж шаардаж цаашид хөгжих боломжийг тасралтгүй өгсөөр байна. Иймд миний карьерын өсөлт бий болох үндэс суурь нь Max Group байсан учраас группийн удирдлагууд болон хамт олондоо цаг үргэлж талархаж явдгаа энэ ташрамд илэрхийлье.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө оффистоо ирээд ажилтнуудтайгаа мэндэлж, аяга кофе ууснаар ажилдаа орно. Ажлын өдөр ихэвчлэн хамгийн тулгамдаж байгаа хэсгийн уулзалтаас эхэлдэг. Ар араасаа уулзалт, шийдвэрлэх асуудлууд хөвөрсөөр үдээс хойш 15:00 цагаас хойш болж өгвөл төвлөрч суух ажлууддаа цагаа зарцуулдаг. Манай салбарын онцлог, дийлэнх хэсгүүд маань орой 22:00 цаг хүртэл, бүр 24 цагаар үйл ажиллагаа явуулж буй хэсгүүд ч бий. Үүнийг дагаад тухайн өдөртөө зайлшгүй шийдэх зүйлс гарч ирж мэдэх тул ажил дээрээ оройтох нь элбэг. Гадуур уулзалт болон сургалт хөгжлийн цагийг голдуу өглөө эрт эсвэл үдийн цагаар төлөвлөдөг.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Аливаа томоохон шийдвэр гаргалт бүрийн өмнө тухайн шийдвэр хөрсөн дээрээ хэрхэн буух тал дээр анхаарч, үүний тулд шийдлийг оновчтой тодорхойлохыг хичээдэг. Түүндээ тохирсон судалгааны арга хэрэгслийг зөв сонгон нөхцөл байдлыг бодитой үнэлэх нь маш чухал. Хурдтай шийдвэрийн ард мэдрэмж, туршлага, сэтгэл хөдлөл гол төлөв байдаг бол оновчтой шийдвэрийн ард мэдрэмж, туршлагаас гадна сайн судалгаа байдаг гэдэгт итгэдэг. Иймд тухайн нөхцөл байдалдаа тохируулан шийдвэр гаргах байдлаар маш олон ажлын ард гарсан. Үндсэндээ судалгаа сайн байвал шийдэл зөв байна. Харин өдөр тутмын жижиг асуудлын шийдлийг илүү топ менежерүүддээ даалгаж, тэд хариуцсан функцээ хэрхэн системтэй харж байгаа эсэх, шийдвэрүүд нь оновчтой байгаа эсэхийг анзаарч зөвлөн туслах, хамтран сайжруулах байдлаар ажилладаг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Өмнө нь ChatGPT-г ашигладаг байсан ч сүүлийн үед DeepSeek-ийг идэвхтэй ашиглаж байна. ChatGPT-г бодвол илүү ухаантай, нарийн төвөгтэй асуудлуудад болон өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ арай илүү санагдсан. Судалгаа хийх, хөгжих зорилгоор бүх төрлийн платформыг солбиж хэрэглэдэг. Харин компанийн дотоод харилцаа холбоонд Teams-ийг ашигладаг.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Нэн яаралтай биш бол аливаа ажлыг хамгийн бага цагт гүйцэтгэх гэж яарах нь тийм чухал биш гэж боддог. Өдөр тутмын ажлуудаа чухлын дарааллаар төлөвлөж ажилладаг. Харин цаг хэмнэх тухайд ажлын бус цагаар ч толгой дотор өнөөх л ажилтай холбоотой асуудлууд эргэлдсээр байдаг тул гэртээ хүүхдүүдтэйгээ тоглох зуураа завдал олдвол интернэт хөтчөөс тулгамдаж буй асуудлынхаа ижил төстэй шийдлийг эрэлхийлэх байдлаар сул цагуудаа ч ашигладаг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Дунд хугацааны буюу бүтэн жилийн бизнес төлөвлөгөөнд өндөр ач холбогдол өгдөг. Боловсруулалтын үйл явцад бараг хоёр сар гаруй хугацаа зарцуулна. Манай компанийн хувьд OGSM (Objective, Goal, Strategy, Measure) арга барилыг ашигладаг ба компанийн хэмжээнд стратеги, төсөв, санхүүгийн зорилтуудаа тодорхой болгосны дараа албад тухайн жилийнхээ нарийвчилсан Action төлөвлөгөөг 52 долоо хоногт хуваан гаргадаг. Хэрэгжүүлэлтийн явц нь миний өдөр тутмын ажлын суурь болдог гэхэд болно. Заримдаа өмнөх сарын гүйцэтгэл дээр үндэслэн дараа сарынхаа төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах байдлаар явц дундын зохицуулалт хийдэг. Мөн даваа гараг бүр өмнөх долоо хоногийн тайланг гаргах байдлаар богино хугацааны гүйцэтгэлээ үнэлж, ирэх долоо хоногийн төлөвлөлтөө тодруулан ажилладаг. Ингэснээр илүү зорилго, зорилт төвтэй ажиллах нөхцөл бүрддэг.


7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Миний хувьд орчноо сольж эрч хүчээ сэлбэдэг төрлийн хүн. Хөдөө орон нутаг эсвэл гадагшаа томилолтоор явахад ажилтай холбоотой оюуны ачаалал багасаж, эрч хүч нэмсэн байдаг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Олон зүйлд зэрэг анхаарах тусмаа бага үр дүн гардаг юм шиг санагддаг. Эсрэгээрээ тодорхой нэг зүйлд бүрэн анхаарал хандуулаад түүнээс гарч буй үр дүнгээр дамжуулан өөрийнхөө ур чадвар, авьяас билгийг үнэлж дүгнэх нь зүйтэй болов уу.


9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Хоол үйлдвэрлэлийн салбарт манай компани үндсэн дөрвөн чиглэлээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

1."Амтшил" хагас болосвруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2. "Nama Eatery" түргэн хоолны сүлжээ
3. "Берлин зоог" үндэсний сүлжээ
4.Уул уурхайн катерингийн үйлчилгээ.
Нийт 400 гаруй мэргэжилтнийг ажлын байраар хангаж, салбартаа томоохон байр суурийг эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд дотоодын зах зээлд франчайз бизнесүүд хүч түрэн орж ирснээр түргэн хоолны зах зээлд тодорхой жишиг тогтоож байна гэж харж байна. Тэрхүү жишигт нийцсэн түргэн хоол үйлдвэрлэгч үндэсний брэндийг 2022 онд бий болгосон нь Nama Eatery. Бид одоогоор дөрвөн салбартай бөгөөд үндэсний түүхий эд, материалыг ашигласан, содон амталгаа бүхий “Ази маягийн” түргэн хоолны амт чанарыг өөрсдийн франчайз бизнесийн модель, нөү-хау бий болгох байдлаар хэрэглэгчдийн гарт хүргэж буйгаараа онцлог. Сонирхуулахад, 2024 онд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог бүх салбарууддаа нэвтрүүлсэн.

Монгол дахь хэрэгцээтэй ажлын байрны тоотой харьцуулбал МСҮТ болон хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын төвүүд тун цөөн. Иймд хоол үйлдвэрлэлийн бизнесүүдэд мэргэжилтэн хүрэлцдэггүйн улмаас өөрсдөө дадлагажуулж, бэлтгэж ажиллуулах нь олонтоо. Nama Eatery шиг олон улсын франчайзтай өрсөлдөж буй үндэсний брэндийн хувьд хүнсний технологийн нарийн мэргэжилтэн асар дутмагшилтай байна. Учир нь ресторанаар дагнасан чадварлаг тогооч нар олон байдаг ч түргэн хоолны салбарт бэлтгэгдсэн мэргэжилтэн хараахан байхгүй. Гэхдээ бид зөвлөх үйлчилгээ, гадны эх сурвалжуудын тусламжтайгаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэж харж байгаа.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Цагаан сартай холбогдуулан манай "Амтшил" брэндийн үйлдвэрлэл өндөр ачаалалтай ажиллаж байна. Захиалга ихтэй байгаагаас харахад бид өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү олон хэрэглэгчтэй болжээ. Иймд бид хэрэглэгч бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд үйлдвэрлэлийн тасалдалгүй байдлыг хангахад төвлөрөн ажиллаж байна.

Мөн дотоод үйл ажиллагаан дээр үүсээд буй багахан доголдлыг засахаар ажиллаж байна. Үүнийг бид хамт олон дундаа хэрэгжүүлдэг дадлагажуулах сургалтын загвараа шинэчлэх замаар шийдвэрлэх боломжтой. Мөн мах болон бусад түүхий эд материалын үнийн өсөлт дээр хариу арга хэмжээ авахад төвлөрч байна.


11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Түгжрэлийн цагаа ашиглаад төрөл бүрийн подкаст, онлайн сургалтын програмууд сонсох дуртай. Burii University, Odmundur, гадаад эх сурвалжуудаас Simon Sinek, MasterClass гэх мэт. Хэрэв ажлын ачааллаас болоод нойрны чанар муудвал бясалгал, төвлөрөл, дотогш чимээлэх төрлийн подкаст сонсдог.

Сүүлийн үед ажилтнуудынхаа сэтгэлзүйд анхаарах талаар судалж ойлгож байна. Удирдагч хүн гэдэг нэг талаар манлайллыг хэрэгжүүлэгч хүнийг хэлдэг бол манлайлал гэдэг нь нөлөөлөх, өгөх тухай ойлголт гэж хардаг. Иймд ажилтнуудаа урам зоригоор цэнэглэх, хүсэл мөрөөдөл өгөх, заавар зөвлөгөө өгч менторлох, өөрөөр нь асуултын хариуг нь олуулж coaching хийх гэх мэт янз бүрийн байдлаар нөлөөлж бас өгөхийг хичээж байна.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Урам зориг авахыг хүссэн үедээ аль ч хэсгээс нь уншчихдаг ширээний ном бол Сүнзийн “Дайтах урлаг”. Хүнтэй ажилладаг, удирдах түвшний хүмүүс уншихад тун зүгээр ном шиг санагддаг.

Киноны хувьд “The Founder” киног санал болгоё. Түргэн хоолны бизнес нь хэрэглэгчдийн нүдээр ердөө олон салбартай хоолны газар мэт харагддаг боловч бизнес моделийг нь өөр өнцгөөс харж чадвал ашиг олох хэрэгсэл болгох боломжтой гэдгийг McDonalds-ийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино юм.

Охинтойгоо хамт Бетховены Elise-ийг төгөлдөр хуур дээр тоглож сурахаар хичээллэж байгаа. Бусдаар дуу хөгжмийг зорьж сонсоод байдаггүй ч заримдаа нойр хулжсан үед симфони хөгжим сонсох дуртай.


13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Намайг хүүхэд байхаас аавын маань ээж биднийг зүйр цэцэн үгээр сургаж хүмүүжүүлсэн. Тэр дундаа “Уруудахад унтах идэх, өөдлөхөд санах сэрэх” гэдэг үгийг үргэлж хэлдэг байсан нь биднийг өсөлтөт сэтгэлгээтэй хүн болоход ихэд нөлөөлсөн гэж боддог.

Миний анхны захирал бидэнд “Хэн их мөөрнө, тэр их сүү ууна” гэж хэлдэг байсан. Энэ нь санаа бодлоо гаднаа сайтар илэрхийлж байх, бусдадаа нээлтэй мэдээлэл өгдөг байх, ил тод байх ямар чухлыг ойлгуулдаг. Ялангуяа ажилтнууд нөхцөл байдлынхаа талаар бодит мэдээллийг өгөхгүй, дороо нухаад, гомдоллоод суугаад байх нь хаа хаанаа хортой гэсэн утгыг ойлгуулахад их хэрэг болдог үг.

14. Бусдад шидэх санаа?

Тухайлбал, бидний ажилд асуудал гарахад тухайн асуудлын шийдэлд биш буруутанг олох дээр хэт төвлөрдөг. Энэ нь бидний хэн бүхэнд байдаг нийтлэг алдаа юм шиг санагдсан. Уг нь нэг үр дүн, нэг зорилго руу тэмүүлж байгаа атал "Хэн нэгнээс болоод л энэ ажил болсонгүй, болохгүй байна" гэж сөрөх хандлагатай байдаг нь бидний гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байж мэдэх юм. Тиймээс би, чи гэлтгүй бид бүгд хүүхдээ бүдрээд унахад нь шороо, чулууг буруутгах биш замаа анхааралтай ажиглаж, сэрэмжтэй явах ёстой гэдгийг ойлгуулж чадваас бидний үр хүүхэд ирээдүйд бусдаас бурууг хайдаг сэтгэлгээтэй нэгэн болж төлөвшихгүй л болов уу. Ер нь тэгээд хэн нэгэн буруутай санагдаад эхэлбэл чи зорилгоо мартжээ л гэсэн үг. Зорилго, мөрөөдөлтэй хүн түүндээ хүрэхийн тулд юунд ч торохгүй урагшилдаг юм шүү дээ.