Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн энэ удаагийн зочноор байгууллагуудад насан туршийн суралцахуйн түнш, сургалт хөгжил, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг MLC Business School-ийн Гүйцэтгэх захирал А.Наран оролцож байна.  

Тэрээр хүний нөөцийн чиглэлээр 17 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай нэгэн билээ. Одоогоор MLC Business School-ийн гүйцэтгэх удирдлагаас гадна хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх, сургагч багшаар ажиллаж байна.  

Байршил: MLC Business School, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: MLC Business School-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Dell, latitude
Сошиал хуудсууд: Naran Altan-Ulzii (Facebook), Naran Altan-Ulzii (LinkedIn), MLC Business School (Facebook)


1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?  

Би нэгдүгээр ангиасаа спортын гимнастикт дурлаж, наймдугаар ангидаа спортын мастер цол хүртэн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байлаа. Энэ тухай дурдаж буй шалтгаан нь одоогийн карьерт тамирчин байх үеийн тэсвэр тэвчээр, сэтгэл зүй, хатуужил нөлөөлсөн болов уу гэж боддог.

Хүний нөөцийн менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсныхаа дараа “Таван Богд” группт хүний нөөцийн ажилтнаар ажлын гараагаа эхэлж менежер, дарга гэх замналаар карьераа тасралтгүй ахиулсаар 29 насандаа группийн 16 охин компани хариуцсан Хүний нөөцийн захирлын албан тушаалд томилогдож байлаа. Гэвч албан тушаалаа хүлээж аваад хоёрхон сарын дараа группийн Ерөнхийлөгчөөс “Чи энэ албан тушаалд тэнцэхгүй байна” гэдэг хатуу боловч үнэн үгийг сонссон юм.

Энэ үед спортоос өөриймшүүлж авсан хатуужил, сэтгэл зүйгээрээ хандаж, өөртөө дүгнэлт хийсний дүнд “Удирдлагын зүгээс үр дүн хүсэж байхад би үйл явц руу илүү төвлөрөөд байж” гэдгээ ухаарсан. Улмаар арга барилаа өөрчилж, ур чадвараа дээшлүүлье гэж шийдээд илүү ч өндөр ачаалалтай ажиллаж эхлэв. Ингэж л тэрхүү зэмлэлээс хойш сар гаруйн дараа жинхэлж билээ.

Эргээд харахад, “Таван Богд” групп надад бизнесийн зарчмыг ойлгуулж, стратегийн хүний нөөцийн менежментийг группийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжийг олгосон болохоор энэ том айлын нэг хэсэг байснаараа ямагт бахархаж явдаг.

Харин MLC Business School-ийн хувьд тухтай бүсээсээ гарч, өөртөө шинэ сорилт тавих зорилгоор ажиллаж эхэлсэн. Анхны өдрөөсөө эхлээд бүх зүйл маш шинэ бөгөөд соргог байгаа нь мэдрэгдэж билээ. “Таван Богд” группт байхдаа хамтарч ажиллах хүсэлт тавьсан байгууллагуудад шаардлага тавьж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан бол энэ удаа тэд биш би өөрөө байгууллагуудад санал тавьж, шатрын хөлгийн эсрэг талд нь гарчихсан. Энэ үед миний өмнө гарч ирсэн шинэ сорилт бол борлуулалтын сэтгэлгээ.

Карьерын өөрчлөлт хийхэд хүн ер нь тухтай бүсээс айдсын бүс рүү шилждэг, шинэ зүйлд дасан зохицох шаардлагатай тулгардаг учраас тэр. Тэгэхээр энэ үед зорилго дээрээ төвлөрч тууштай байснаар суралцах бүс цаашлаад хөгжих бүс рүү шилжиж, үр дүнгээ өгдөг дөө.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?  

Төслийн үйл явц болон сургалтаас шалтгаалан ажлын өдрүүдийн хуваарь харилцан адилгүй. Хэрэв өглөө 07 цагаас хичээл заах хуваарьтай бол эртлэн босно. Бусад тохиолдолд охиноо сургуульд нь хүргэж өгчхөөд 10:00-11:00 хооронд ажилдаа ирдэг. Тухайн сарын төлөвлөгөө маань цаг, минутаар тодорхой болчихсон байдаг болохоор зөвлөх үйлчилгээний хурал, уулзалт, сургалт гэх мэт хуваарьт ажлуудад өдрийн турш төвлөрнө.


3. Таны ажлын нөү-хау? 

Шинээр эхлэх ажилтайгаа холбоотой олон улсын шилдэг туршлага, аргачлалуудыг хамгийн түрүүнд судалдаг. Тухайлбал, байгууллагын соёлын судалгааг Denison модел, ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг Gallup аргачлалаар, ажлын байрны үнэлгээг Point Factor, гүйцэтгэлийн менежментийг Balanced Scorecard зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн модел, аргачлалуудыг ашиглаж, ажлын арга барилаа бүрдүүлдэг.

Зөвлөх үйлчилгээ, судалгаа, үнэлгээний ажлууд төслийн хэлбэрээр явагддаг тул багийн хүрээнд Agile Management-ийг хэрэгжүүлэн ажилладаг. Сургалт, хөгжил, төслийн ажлууд тодорхой хугацаатай, хэмжигдэхүйц зорилготой, харилцагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн байх ёстой бөгөөд эцсийн дүнд бодит үр дүн гаргах нь чухал. Иймээс уян хатан, эргэх холбоотой, хэрэгцээнд суурилсан байдлаар ажиллахыг үргэлж чухалчилдаг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Microsoft 365 - Ажлын хэрэгцээ шаардлагаар ашигладаг анд нөхөр
Viber - Хувь, хувьсгалд хамгийн их хэрэглэдэг апп
Google Calendar - Сарын төлөвлөгөөт ажлуудаа тэмдэглэхэд ашигладаг. Учир нь бүх хүн gmail-тэй байдаг.
EduPage - Охиныхоо гэрийн даалгаврыг хийлгэх зорилгоор орой бүр ашигладаг.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?  

Бүхэл цагийн арга - Ижил төстэй ажлуудыг багцлах арга буюу тухайлбал, утсаар ярих,, цахим шуудан илгээх зэрэг ажлуудыг нэг дор хийдэг дадалтай.

Помодоро - Төвлөрөх ажлуудыг өндөр бүтээмжтэй гүйцэтгэхэд энэ арга тусалдаг. Миний хувьд 25 минут төвлөрөөд таван минут амрах горимоор ажиллаж, үр дүнг нь тогтмол мэдэрдэг дээ. Харин төвлөрөх хугацаандаа гар утасныхаа focus товчийг асаахаа мартаж болохгүй.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?  

Төлөвлөлт хийхдээ SMARTER зарчмыг мөрдлөг болгодог. Бүтэн жилийн төлөвлөгөөг сарын, долоо хоногийн төлөвлөгөө болгон задалж, Google Calendar-таа буулгадаг.

Төлөвлөгөө боловсруулахдаа онцгой анхаардаг нэг зүйл бол “Таск чухал уу?, үр дүн чухал уу?” гэдгийг ялгаж салгах явдал.

Бидний эргэн тойронд өдөржин завгүй ажиллаж байгаа мэт харагдавч баасан гараг болоход бодитой үр дүн гаргаагүй хүмүүс байдаг шүү дээ. Харин эсрэгээрээ цөөн хэдэн чухал ажлыг хийсэн ч хүссэн үр дүндээ хүрсэн хүмүүс ч бий. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнд хэт баригдалгүй үр дүн рүү төвлөрч, асуудал тулгарахад шийдэл хайж ажиллах нь хамгийн чухал гэж үздэг.


7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Гэрээсээ гараад цэцэрлэгт хүрээлэнг бүтэн тойрч алхахад яг 6.5 км-ийн зам туулдаг юм. Энэ замыг туулангаа нэгээс хоёр ном сонсох нь бүр дадал болсон. Харин гэр бүлийн хувьд жилд нэгээс хоёр удаа заавал аялалд явж, дурсамж бүтээдэг. Заавал гадаад орон биш ч Монголын үзэсгэлэнт байгалаа харж, мэдэрч, эрч хүчээ сэлбэх дуртай.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

MLC Business School-д ажиллаж эхэлснээсээ хойш хүний нөөцийн мэргэшсэн мэргэжилтнүүдийг нэгтгэж, тэргүүн туршлага, мэдлэгээ хуваалцах зорилготой “HR Management LAB” коммюнитиг байгуулсан. Энэхүү мэргэжлийн нөхөрлөлийн хүрээнд Монголын тэргүүлэгч компаниудын хүний нөөцийн удирдлагууд хамтран ажилладаг бөгөөд бид салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 20 гаруй подкаст, үнэгүй цахим хичээл бүтээж, олон нийтэд хүргээд байна.


9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?  

Онцлог - Технологийн хурдацтай хөгжил ажиллах орчныг тэс өөр болгож байна. Энэхүү хурдтай өөрчлөлтийн улмаас өнөөдөр хүн бүр ур чадвараа дээшлүүлэх эсвэл цоо шинэ ур чадвар эзэмших (reskill, upskill) шаардлагатай болж буй. Гэтэл нөгөө талдаа их сургуулиудын хөтөлбөр энэ өөрчлөлттэй хөл нийлүүлж амжихгүй байгаа нь нууц биш. Тиймээс ч богино хугацаанд ур чадвар олгох сургалт, зөвлөх үйлчилгээний эрэлт дэлхий даяар өсөж байна.

Бэрхшээлтэй тал - Сургалт хөгжлийн салбар гэдэг цаг үеийн хурдтай өөрчлөлтийг мэдэрч, дэлхийн чиг хандлагаас тасралтгүй суралцаж, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, хичээлийн контентоо сайжруулах шаардлагатай салбар гэдгээрээ онцлог.

Нөгөөтээгүүр, зарим компани “хүн”-тэй холбоотой зардлыг 37-р асуудал гэж хардаг нь харамсалтай. Угтаа улс орон, бизнесийн байгууллага хөгжих гол түлхүүр нь эерэг хандлагатай чадварлаг ажилтнууд. Иймд ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд шаардлагатай төсвийг зарцуулах нь том хөрөнгө оруулалт гэж боддог.

Давуу тал - Харилцагч байгууллагынхаа хэрэгцээнд тохирсон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалыг ашиглаж мэргэжлийн үйлчилгээг мэргэшсэн туршлагатай баг болон сургагч багш нараар хүргэдэг. Манай зорилго бол байгууллагуудын өсөлтөд жинхэнэ утгаараа хувь нэмэр оруулж, компанийн соёлыг сайжруулж, ажилтнуудын ур чадварыг системтэй хөгжүүлэх явдал юм.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?  

Манай онцлох төсөл бол Монгол Улсын дижитал шилжилтэд шаардлагатай 20 мянган программист бэлтгэх төсөл. Одоогоор дотоодын хөдөлмөрийн зах зээлд ердөө 3,000-4,000 инженер ажиллаж байна. Энэ тоо бол хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй харьцуулахад хангалтгүй.

Тиймээс бид Болгарын SoftUni Global-тай стратегийн түншээр ажиллаж, тэдний контент, хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Энэ хүрээнд Java, Python, Javascript программын хэлний анхан шатны сургалтыг хоёр жилийн турш 100% тэтгэлэгтэй санал болгож, бага төлбөрөөр чанартай программист бэлтгэх эхлэлийг тавьсан. Цаашид ч бид эх орондоо чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулахаар зорьж байна.

Дараагийн онцлох төсөл бол онлайн сургалтын цогц платформ болох Mastery.mn -ийг тун удахгүй зах зээлд танилцуулахаар ажиллаж байна.


11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?  

Бид олон улсын жишгийг нутагшуулж, шинэ мэдлэг түгээдэг учраас мэргэжлийн ном, судалгаанаас ангид байх боломжгүй. Унших дадал бол зөвхөн миний биш, байгууллагын маань үнэт зүйл.

McKinsey, Deloitte, Дэлхийн эдийн засгийн форум, SHRM зэрэг байгууллагуудын судалгаа, шинжилгээний мэдээллээр тархиа цэнэглэх дуртай. Бас алхах зуураа аудио ном сонсох нь миний дуртай дадлын нэг.

12. Санал болгох ном, хөгжим, кино?  

Ном - Жеймс Клейрийн “Энгийн дадал” ном надад шинэ дадлыг хэвшүүлэх, муу зуршлыг хаях үр дүнтэй арга замыг ойлгуулсан. Миний хэлэх дуртай нэг үг байдаг: "8 сарын 31-нд тэнэг байж байгаад 9 сарын 1-нд ухаантай болохгүй" . Үүний адилаар амжилтад хүрэх цорын ганц баталгаатай арга бол зөв дадлыг тогтмол хэрэгжүүлэх юм.

Уг номоос урам авч, өглөө эрт сэрэх болон чихрийн хэрэглээгээ хязгаарлах дадлуудыг амжилттай хэвшүүлсэн. Жишээлбэл, сэрүүлгээ унтраахын тулд утсаа гал тогоонд тавьж, зайлшгүй босох нөхцөл бүрдүүлсэн. Мөн чихрийн хэрэглээгээ багасгахын тулд дуртай чихрээ өөрт таалагддаггүй бурамтай чихрээр сольсноор асуудлыг шийдэж чадсан.

Кино - Scandal цуврал нь улс төрийн харилцаа, скандал, өрсөлдөөнөөр дүүрэн амьдралыг үзүүлэх бөгөөд хурц шийдвэр гаргагчдын дунд өрнөдөг. Улс төрийн нууц, эрх мэдэл, стратеги сонирхдог бол танд таалагдах нь лавтай.

12 Angry Men нь 12 тангарагтны шүүгчийн хэргийн баримт нотолгоо, хувь хүний сэтгэл зүй, хандлага, шударга ёс тогтооход хэрхэн нөлөөлж буйг өгүүлдэг бүтээл. Шударга ёс, шийдвэр гаргалт, нөлөөллийн зарчмын талаар сонирхдог бол энэ кино таны сэтгэлд нийцэх болно. Классик бүтээл шүү.

Дуу - Өөрийн гэсэн өвөрмөц философитой дуучин болох Lady Gaga-ийн улаан фен. Анх түүний уран бүтээлүүдийг хүмүүс шүүмжилж, "галзуу" гэж хэлж байсан ч, тэр авьяас, мэдрэмжтэй, зорилгодоо тууштай хөдөлмөрлөж дэлхийн хэмжээний од болж чадсан.


13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?  

Би нэгдүгээр ангиасаа спортоор хичээллэж эхэлсэн ч дөрөвдүгээр анги хүртлээ медаль аваагүй. Уг нь ихэнх хүүхдүүд хичээллэж эхэлсэн хоёр дахь жилээсээ медаль авч эхэлдэг юм л даа. Тухайн үед хүүхэд л юм чинь амархан шантарч, болих талаар ээждээ ам нээхээр надад хэлдэг байсан үг нь “Асуудал тохиолдсон бол өөрөөсөө алдааг хай”. Одоо ч ээжийн энэ үг үнэн санагддаг. Сүүлийн үед “Чамайг үнэлдэггүй газраас явсан нь дээр” гэх утгатай үгс цахим орчинд их харагддаг болж. Миний хувьд үүнийг хоёр талтай гэж боддог. Та яг үнэлтэл нь сайн ажиллаж чадсан уу? гэдгийг өөрөөсөө асууж, чин шударгаар хариулаад үзэх хэрэгтэй байх.

14. Бусдад шидэх санаа? 

Аливааг бодитоор бус хэт хүндрүүлж бодож, түүнийгээ дааж давшгүй ачаа мэт хүлээн авч, өөрийгөө өрөвддөг хандлага нь маш олон залуусын ажил болон амьдралыг хойш татаж байна гэж хардаг.

Зорилгоо тодоор харсан хүнд өдөр тутмын жижиг асуудал, зөрчилдөөн юу ч биш санагддаг. Тиймээс сэтгэлгээний хувьд зорилгодоо хүрч чадна гэсэн хүчтэй итгэл үнэмшилтэй байж тууштай сахилга баттайгаар хөдөлмөрлөж байгаа тохиолдолд хүссэн үр дүндээ нэг л өдөр хүрнэ гэдэгт би итгэдэг. Хийх хүн арга олдоно, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэдэг дээ.