Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн тусгай дугаартаа Монголын цахим ертөнцөд erxes хэмээх брэндийг бий болгож, технологийн салбарт арвин туршлага хуримтлуулсан Б.Наранг урилаа.

Тэрээр сүүлийн 10 гаруй жилийн турш Нью Медиа Групп, erxes Inc-ийн санхүү, дотоод үйл ажиллагаанд илүүтэй төвлөрөн ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сараас гүйцэтгэх захирлын албанд томилогдсон юм. Ингээд монголын технологийн салбар дахь цоо шинэхэн гүйцэтгэх захирлын ажлын арга барил, амьдралын хэв маягтай хамтдаа танилцъя.

Эрхэлдэг ажил: erxes Inc хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудас: ItsNauren (Twitter, LinkedIn, Instagram)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би СЭЗИС-д санхүүгийн чиглэлээр баклавраа, үргэлжлүүлэн Австралийн Charles Sturt University-ийг байгууллагын санхүүгийн мэргэжлээр мастерын зэргээ хамгаалсан. 2007 онд ажлын гараагаа Их Британийн Theme Traders компанид туслах нягтлан бодогчоор эхлүүлж, удалгүй дэлхийн 29 улсад үйл ажиллагаа явуулдаг, Лондонд төвтэй эрсдэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Control Risks группт Номхон далайн бүс нутаг хариуцсан санхүүгийн шинжээчээр ажиллаж эхэлсэн билээ.

Control Risks нь шинэ улсад салбараа нээхээр төлөвлөж байгаа олон улсын томоохон бизнесүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдал, санхүү, татвар гээд бүх талаас учирч болзошгүй эрсдэлийг тооцоолж, оффисын барилгыг нь хүртэл дэлбэрэлтэд өртөх магадлал хамгийн бага талаас нь харгалзан үзэж сонгох жишээтэй үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

2010 онд эх орондоо буцаж ирээд удаагүй Нью Медиа Группт санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж эхэлсэн. Манай хамт олны хөдөлмөрийн үр дүн болох erxes - Бизнесийн үйлдлийн систем нь 2017 онд АНУ-ын Цахиурын хөндийд Эрксис Инк нэрээр тусдаа компани болон өрх тусгаарласан. Би Эрксис Инк компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сараас эхлэн гүйцэтгэх захирлын албанд томилогдоод ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөөг ажлынхаа шинэ ирсэн цахим шуудан, Discord чатаа шалгах, тухайн өдөр гүйцэтгэх ёстой төлөвлөсөн ажлуудаа харахаас эхлүүлдэг. Манай дотоод хурлууд 09:30-аас эхэлдэг, үргэлжлээд өдөр бүр тухайн үед ажиллаж байгаа төслөөс шалтгаалаад өөр өөр байдаг даа.

Үйл ажиллагаа хариуцсан захирал байх үедээ байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүг хэвийн, тогтвортой байлгахад илүү анхаарлаа төвлөрүүлдэг байсан бол гүйцэтгэх захирал болсноор маркетинг, олон нийтийн харилцаанд бас түлхүү анхаарлаа хандуулах болж байгаа нь миний хувьд шинэ сорилт санагдаж байгаа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Зөвхөн надаас шалтгаалах ажлууд дээр ихэвчлэн утсаа унтрааж, чимээгүй кофе шоп ч юмуу аль болох анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадах орчинд яс цаг зоож байгаад гараасаа гаргадаг дадалтай. Оффис дээр бол сатаарах зүйл мундахгүй, төвлөрч суух боломж бага байдаг.

Багаар ажиллахын хувьд аливаа төслийг эхлүүлэхээсээ өмнө хамгийн түрүүнд том зургаар нь харахыг эрмэлздэг. Аливаа асуудлыг том зургаар нь хүрэх эцсийн цэгээ харчихвал шийдэхэд илүү цэгцтэй, хялбар болдог. Түүнийхээ дараа гуравдагч талаас шалтгаалах ажлыг жагсааж, холбогдох хүмүүст нь хуваарилсны эцэст өөрсдийнхөө ажил руу ордог. Энэ дараалал солигдвол төслийн дундуур бусдыг хүлээж цаг алдах, хамтрагч талуудын хооронд ойлголцлын зөрүү үүсэж, нэг ажлыг хоёр хийх сул талтай байдаг юм.

Гэхдээ ажлын арга барилаа сайжруулах, бүтээмж нэмэх тухай олон ном, нийтлэл уншсан ч бодит амьдрал дээр төсөөлөөгүй бэрхшээл тулгарах нь олон. Баг болж ажиллах, гишүүдийнхээ vibe-ийг тааруулах, ажил урагшлахад үргэлж л бодсоноос их цаг зарцуулдаг нь бараг бичигдээгүй хууль юм уу даа.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Browser-ийн хувьд Arc ашигладаг. Цахим шуудангаа Spark дээр хүлээн авдаг, орой унтахын өмнө, эсвэл өглөө босож чадахгүй байгаа үедээ Headway-ээс номын товчлол дуугаар сонсоно, BetterMe дээрээс өгсөн дасгалдаа үнэнч байхыг хичээдэг. Би нэг бол ажилдаа хэт төвлөрөөд бусад ажил, эсвэл өөрийгөө таг мартчихдаг эсвэл Netflix дээр цуврал эхлүүлэхээрээ нэг дор бүгдийг нь үзэх, кофегоо хэтрүүлэн хэрэглэх, хамаагүй цагаар хооллох гээд ер нь амьдралын олон буруу хэвшилтэй. Гэхдээ дэмий өөрийгөө буруутгаж сууснаас өдөртөө BetterMe-ээс өгсөн 15-20 минутын дасгалаа хийчихвэл бүр мөсөн баларчихааргүй мэт мэдрэмж төрдөг болохоор уг аппын хичээлийг таслахгүйг хичээдэг юм.

Сүүлийн үед гүйцэтгэх захирлын хувиар үүрэгт ажлуудынхаа тухай мэдээллийг олон нийтэд түгээх, харилцаа холбооны зорилгоор нийгмийн сүлжээний платформуудыг мөн идэвхтэй ашиглаж эхэлж байна.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Бусдад үлгэр жишээ болохуйц цагийн менежменттэй нэгэн гэж өөрийгөө бодохгүй л байна. Шаардлагатай бол амралтын өдөр, ажлын цаг дууссан эсэхээс үл хамааран ажлаа хийнэ.

Гэхдээ мэдээж ажлын чухлын зэргээр нь зэрэглээд чухал, гараас хурдан гарч болохуйц ажлууд руугаа эхэлж ордог. Товчхондоо тодорхой цаг гаргаад, тухайн ажилдаа 100 хувь анхаарлаа хандуулж ажиллах нь том зургаараа цагаа хэмнэх миний арга барил юм болов уу.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Гар утас, лаптоп дээрээ бүх хийх ажлуудаа ангилаад төлөвлөдөг. Аль болох цаасны хэрэглээнээс татгалздаг төрлийн хүн.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би автомашин жолоодож чаддаггүй. Тиймээс өдөртөө гэр, ажил, сургууль, хүнсний дэлгүүр гэдэг маршрутаар нааш, цааш явахад л дор хаяж найман мянга алхчихсан байдаг. Хэт их ажиллаад тархи унтарсан үед ямар нэгэн шалтаг гаргаад л гадагшаа гарна эсвэл Netflix-ддэг. Алхаж байх үед толгой дахь мэдээлэл цэгцэд орж байгаа мэт мэдрэмж төрдөг учраас алхах дуртай. Түр ажлаа хаяад өөр зүйлд толгойгоо ажиллуулж байгаад буцаад орохоор хамаагүй сэргэсэн байдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Гэртээ байх үедээ зураг зурна. Хамгийн анх тусдаа гарах үедээ гэртээ гоё уран зурагтай болмоор санагдаж, өөрөө зурчихвал хямдхан юм биш үү гэж сэтгээд зурах хоббитой болж байлаа. Одоо бол гэр, оффис хаа саагүй л миний уран бүтээл өлгөөстэй байна даа.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хүний амьдралд байнга тохиолддог жижиг үйлдлийг илүү ухаалаг, хялбар байдлаар шийдсэнээр санаанд оромгүй өөрчлөлт авчирдаг гэдэгт би итгэдэг. Жижиг өөрчлөлтүүдийн нэгдэл Life Changing буюу амьдралыг дараагийн түвшинд хүргэх ид шидтэй. erxes бол бизнест зориулсан төрөл бүрийн туршлага бүтээх үйлдлийн систем юм. Бизнесийн орчинд байгаа нүдэнд үл анзаарагдам мөртлөө хүмүүсийн өдөр тутмын амьдралыг тухгүй, хүндрэлтэй болгож буй тэр үйлдлийг илүү хялбараар шийдэх хүсэлтэй.

Харилцагч, хамтрагч, хөрөнгө оруулагч, багийн гишүүд гээд байгууллагад хамааралтай хэн бүхний хүний амьдралыг таатай болгоход чиглэсэн ажлыг бид хийдэг гэсэн үг. Энэ бол бидний хийж буй ажлын хамгийн сайхан хэсэг. Нөгөөтээгүүр баг хамт олноороо яг юу хийгээд буйгаа ойлгох, өөрсдийнхөө хийж буй ажлын эцсийн хүрэх цэгийг харж чаддаг болох нь хамгийн сорилттой хэсэг юм болов уу. Зүйрлэвэл савтай усыг А цэгээс Б цэгт хүргэнэ гэх даалгаврыг бүгд ойлгож байж л хэдэн талаас нь хамжаад усаа зөөнө шүү дээ.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ? 

Гүйцэтгэх захирлын албан тушаал гэдэг маш том үүрэг, хариуцлага. Би энэ онд хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөж, оны эхэнд хамт олон, erxes-ийн гэр бүлийнхэндээ танилцуулсан.

  • Энэ жилийн нэгдүгээр улиралд багтаагаад байгууллагын харилцагчтай холбогдох бүх сувгийг нэг цэг дээр төвлөрүүлж хэрэглэгчтэйгээ 24/7 цагт, 360 градусаар харилцаа холбоо үүсгэн ажилладаг харилцаа холбооны удирдлага бүхий All-in-one хэмээх бүтээгдэхүүнээ зээл дээр гаргахаар ажиллаж байна.
  • Мөн хоёрдугаар улиралдаа багтаан бэлэн болгохоор ажиллаж буй e-commerce туршлагын хүрээнд олон улсын онлайн худалдааны Front-end бүтээдэг Vue Store Front эко системд нэгдэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Ингэснээр тус эко системийн 100 мянга гаруй хэрэглэгч ба 3000 гаруй онлайн дэлгүүрт erxes Platform-ыг ашиглах боломж үүсэх юм. Түүгээр ч зогсохгүй Монгол улсаас олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ ОУ-ын төрөл бүрийн төлбөрийн хэрэгсэл ашиглан борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг нээж өгнө.
  • Хоёрдугаар улиралд төлөвлөсөн бас нэг бүтээгдэхүүн бол Employee Experience Management (EXM) буюу байгууллагын хамт олныг байгууллагын соёл, уур амьсгал, бүтээмжээр нь хөтлөн удирдах програм юм. EXM нь ажилтан анх байгууллагад орж ирсэн цагаас компанийн соёлтой танилцах, ажлын байрны тодорхойлолт, шаардлагатай сургалтын материал, мэдвэл зохих мэдээллүүдээ авч, баг хамт олонтойгоо шууд харилцаа үүсгэхэд туслах мобайл апп, вебсайт, админ хэсэг бүхий цогц систем. Эдгээр дээр одоогоор төвлөрөн ажиллаж байна даа.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Аливаа ажлыг эхлүүлэхээсээ өмнө шаардлагатай судалгаа, төлөвлөлт хийх шаардлагатай нь ойлгомжтой. Гэхдээ ажлаа эхэлсэн эхний долоо хоногтоо өмнө нь уншиж судлахад олж байгаагүй асар их зүйлсийг өөрийн мэдэлгүй сурчихсан байдаг. Тэгэхээр би гарцаагүй буланд шахагдаад, сурахаас өөр гарцгүй нөхцөлд тулаад ирэхээрээ аягүй хурдтай тархиа ажиллуулж, гарц гаргалгаа олж чаддаг төрлийн хүн юм шиг ээ. Ялангуяа ач холбогдол багатай ажлуудыг их бодож, төлөвлөж цаг алдалгүй хурдан эхлэх нь өөрөө суралцах үйл явц юм гэдэг үг миний баримталдаг гол зарчим.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Тухайн үеийнхээ сэтгэл санааны байдлаас шалтгаалаад төрөл бүрийн л дуу хөгжмийн урсгал сонсдог. Миний playlist дээрх хамгийн сүүлд сонссон дуунуудаас гэвэл The Weekend - Reminder, Busta Rhymes - Break ya Neck, Justine Skye ft Tyga - Collide байна. Хамгийн сүүлд Dune: Part 2 үзсэн. Үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Онцлох ном гэвэл Alberto Savoia-гийн The Right It: Why So Many Ideas Fail and How to Make Sure Yours Succeed гэдэг номыг сүүлд уншиж дууссан байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Чамайг шүүмжилж, доош нь хийж байгаа хүмүүс ихэвчлэн чиний ажлын талын талыг ч хийж үзээгүй хүмүүс байдаг. Хэрвээ тэр хүн чиний ажлыг өмнө нь хийгээд, алдаж оносон нэгэн байвал хэзээ ч чамайг доромжилсон, хувь хүнд чинь халдсан сэтгэгдэл хэлэхгүй. Хүмүүсээс ирж буй шүүмжлэлийг би яг энэ шалгуураар ангилахаар сэтгэл санаа хамаагүй дээрдээд ирдэг юм.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүний хэрэгцээг хангаж чадсан, үнэхээр чанартай бүтээлийн ард гарсан хүн гэнэт нэг өдөр амжилтад хүргэх ном уншиж, урам зориг түгээх яриа сонсоод л мэргэн ухаантай болмогцоо тэр ухаанаараа ажлыг хэдхэн хоногт нугалаад дуусгана гэдэг хэзээ ч боломжгүй. Ном, нийтлэл, подкаст, алдар нэрд хүрсэн хүмүүсийн ярианаас хэсэгхэн хугацаанд урам зориг авч болох л байх.

Гэхдээ амжилт гэх юм уу, хүн хийж байгаа ажилдаа нэг шат ахина гэдэг бол ажлаа тултал нь нухаж суусан хүнд л ирэх үр дүн. Тиймээс амжилтад хүрэхийн тулд ийшээ ч нэг, тийшээ ч нэг боломж бүхний араас гэгэлзэх бус хамгийн түрүүнд тухайн нэг ажилдаа 100 хувь төвлөрөөд олон цаг, өдөр, сараар дахин дахин давтан хийж байж л тэндээс чанартай, хүнд хэрэгтэй зүйлсийг гаргана гэж боддог.