Ээлжит дугаартаа бид технологийн салбарт компаниа амжилттай удирдаж яваа лидер эмэгтэйг урьсан юм. Тэр бол Монголын анхны финтек апп-ийг хөгжүүлэгч Анд Системс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одмаа юм. Япон улсад хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан тэрээр Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч, хуульчаар 15 жил ажиллаж, улсдаа томоохонд тооцогдох хууль зүйн фирмийг үлгэр жишээ удирдаж байв. Ц.Одмаа захирал бизнесийн эрх зүйн чиглэлээр хуримтлуулсан арвин туршлагадаа тулгуурлан карьерын шилжилт хийж, финтек бүтээгдэхүүн хөгжүүлж буй технологийн компани удирдах болсон нь биднийг сонирхлыг ихэд татсан билээ. Ийнхүү үргэлж суралцахыг эрхэм болгодог түүнтэй өрнүүлсэн яриагаа хүргэе.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Анд Системс ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: MacBook
Сошиал хуудас: Odmaa Tsevegjav (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би хуульч, өмгөөлөгчөөр 15 гаруй жил ажиллаж, хууль зүйн салбарт нэлээд туршлага хуримтлуулсан. Анх Хууль зүйн үндэсний хүрээлэнд судлаачаар орж, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж байгаад академик туршлагадаа дөрөөлөн бизнес, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшиж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болсон юм. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид тулгарсан хууль зүйн өмгөөллийн аливаа асуудалд практик болон онол арга зүйн дүгнэлт өгч, оновчтой шийдэл санал болгодог гэсэн үг.

Ингээд Японы эзэн хааны долоон их сургуулийн нэг болох Кьюшугийн их сургуульд магистр хамгаалсныхаа дараа Монголд “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах гишүүнээр ажиллах болсон. Энэ хүрээнд партнер, хуульчдынхаа ажлыг хуваарилах, төлөвлөх зэрэг менежментийн ажлуудыг хариуцан ажилладаг байсан. Тухайн үед хуулийн зөвлөгөө өгч байсан Анд Глобал компаниас ажлын санал ирсэн. Ингээд мэргэшсэн, уламжлалт ажлын хэв маягтай газраас чөлөөт, шинийг эрэлхийлсэн хэв маягтай огт өөр салбар луу шилжин өөрийгөө эвдэж, хайрцагнаас гарахаар шийдсэн. Шинэ салбарт өөрийгөө олон талаас нь сорьж, түүнээсээ суралцсаар явна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө босоод 10 минутын иог юм уу сунгалтын дасгал хийдэг. Дараа нь дөрвөн хүүхдээ сэрээгээд, гэр бүлийнхээ өглөөний цайг бэлтгэнэ. Цайны дараа ажлын имэйлээ шалгаж, ажил руугаа хөдөлдөг. Оффис дээр дотоод уулзалтууд хийхээс гадна хамтрагч партнеруудтайгаа бизнес уулзалт хийж, ихэнх цагийг хүмүүстэй ярилцаж өнгөрөөдөг юм байна. Төвлөрч суух цаг гарсан үед цаг үеийн мэдээлэл, үйл явдлыг уншин судалж, санаа бодлоо цэгцлэхийг хичээдэг. Оройдоо дуртай киногоо үзэж, ном уншихыг хүсдэг ч ойрд тийм цаг ховорхон гарч байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Микро менежмент хийх дургүй. Нэгэнт итгэж авсан ажилтандаа алдах, түүнээсээ суралцах орон зай өгөх ёстой учраас бусдын жижиг сажиг алдаанд ач холбогдол өгөхийг хүсдэггүй. Тиймээс аль болох салбартаа үнэлэгдсэн сайн мэргэжилтнийг авч ажиллуулахыг эрмэлздэг. Бусадтай хамтрахаар болсон бол тэр хүнд шийдвэр гаргах эрх мэдэл, ажлаа хийх эрх чөлөө, тав тухыг нь бүрэн олгох учиртай. Тиймээс менежерүүдийнхээ доор ажиллаж буй хүмүүсийг ажилд авах эсэхийг ч шийддэггүй. Тэдэнд өөрсдөө гар нийлэх багаа бүрдүүлэх боломжийг нь үлдээдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын болон ажлын бус цаг хамаарахгүйгээр үргэлж ашигладаг апп бол SuperUp. Өдөр тутмын төлбөр тооцоогоо хийж, үйлчилгээнүүд авахаас гадна апп-ийн хөгжүүлэлт, шинэчлэлийн үйл явцыг байнга харж шалгадаг. Таксинд суусан ч, дэлгүүр орсон ч алхам тутамдаа SuperUp апп-аа ашиглаж, өдөр тутмын амьдралаа хөнгөвчилж байна.

Өглөөдөө CNN, BBC, Bloomberg зэрэг мэдээллийн вэбсайтыг гүйлгэж уншдаг. Заримдаа ажлын ачаалал ихтэй үед Unread-ийн 7 хоногийн тоймыг уншчихад хангалттай мэдээлэл авчихдаг. Дараа нь ажлын имэйлээ шалгаж, твиттер ордог. Ажлаас бусад үед Netflix үзэх дуртай шүү.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хугацаа хүнд хамгийн их мэдрэмж төрүүлдэг. Нэг мэдэхэд л харвасан сум шиг өнгөрөн оддог учраас цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсдэг дээ. Ихэнх цагийг хүмүүстэй уулзаж, ярилцаж өнгөрөөдөг учраас цаг хугацааг өөрийн санаснаар удирдах амаргүй. Өмнө нь ажлынхаа хойноос гүйж, ард нь гарахыг эрмэлздэг байсан бол одоо цаг хугацааг өөрөө удирдаж, зохицуулахыг хичээж явна. Энэ ч үүднээс бусдын цагийг үрэхгүй байх юм шүү гэж бодож, санаа тавьж явдаг. Хүнийг ажлаар дарж, burnout буюу энерги нь шавхагдтал ажиллуулах биш хийж буй ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаардаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Орой унтахын өмнө маргааш хийх зүйлсээ ерөнхийд нь төлөвлөж, өглөө босоод илүү нарийвчлан гаргадаг. Төлөвлөгөө гаргаж бичихдээ гар утасны One Note апп-ийг түлхүү ашигладаг юм байна. Мөн долоо хоног, сарын сүүлээр хийсэн ажлаа дүгнэж, цаашид юун дээр анхаарахаа бодож тунгаана. Ажлын төлөвлөгөөний хувьд багийн ажиллагаанд суурилан төлөвлөлт гаргадаг учраас төслийг хариуцаж буй хүмүүстэй уулзалт их хийдэг. Цаг хэмнэх үүднээс зөвхөн тухайн ажилд оролцоотой хүмүүстэй уулзаж, шаардлагагүй хурал, уулзалт дээр олон хүн оролцуулж дэмий суулгахыг хүсдэггүй.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Олон эрч хүчтэй залуусын дунд ажиллахаар үргэлж задгай сэтгэх боломжтой болдог юм байна. Үүнийг мэдрэх маш таатай шүү. Хамтдаа кофе ууж, хоол идэж байхдаа янз бүрийн яриа үүсгэхээр зуур шинэ санаа, шийдэл толгойд харвах нь цөөнгүй. Манай ажлын орчин үнэхээр эрч хүч, урам зоригоор дүүрэн шүү.

Түүнээс гадна гэртээ хүүхдүүдтэйгээ тоглож, хоол идэж цагийг өнгөрөөнө гэдэг хамгийн жаргалтай, үнэ цэнтэй хором мөч юм. Бас дуртай ном, шүлэг, өгүүллэгээ уншиж, хөнгөн хөгжилтэй кино үзэх нь толгой амрааж, хүчээ сэлбэх сайн арга байдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Эрдэм шинжилгээний ажил хийх дуртай. Ойрд Монголд финтекийн хууль эрх зүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал, цаашид хэрхэн хөгжих тухай нарийвчлан судалж, сонирхохыг хүсэж байна. Ер нь зав гарвал судалгаа хийх дуртай. Эрдэм шинжилгээний судалгаа бол маш шинжлэх ухаанч байхыг шаарддаг учраас зориуд цаг гаргаж, барьж авсан сэдвээ удаан хугацаанд судлах шаардлагатай.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРхШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Технологийн стартап компанид эрч хүчтэй олон залуусын хамт ажиллан үргэлж шинийг эрэлхийлж, туршина гэдэг сэтгэл хөдлөм сайхан зүйл. Ажлын орчин болоод хийж буй бүтээгдэхүүнүүд маань биднийг улам зоригжуулж, өөр юу хийж болох вэ гэсэн асуултаар булж, толгойгоо сайн ажиллуулахыг шаарддаг. Бид мэдээж бизнесийн урт хугацааны төлөвлөгөө, алсын хараагаа тодорхойлдог ч юмс маш хурдан өөрчлөгдөж буй учраас аль болох динамик, уян хатан байхыг хичээдэг.

Нөгөө талаар финтек нь харьцангуй шинэ салбар учраас хууль эрх зүйн хувьд хязгаарлагдмал зохицуулалт ихтэй байдаг. Тиймээс бид юу ч хийлээ гэсэн хуулийн дагуу эсэх, эрсдэл юу болох зэргийг чухалчлах шаардлагатай болдог.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бид хүн бүрийн амьдралын хэв маяг (Lifestyle)-ийг илэрхийлэх SuperUp хэмээх апп-ийг зах зээлд гаргаад удаагүй байгаа. SuperUp-аар дамжуулан бид технологид суурилсан санхүүгийн шийдлийг хүн бүрд хүртээмжтэй, хялбар, аюулгүй, найдвартай байдлаар хүргэх, төлбөр тооцооны цогц дижитал эко системийг бүрдүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Үүнийхээ дагуу цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг авч төлбөр тооцооны эко системийг цогцоор нь бүрдүүлэх бүрэн боломжтой болсон.

Мөн дөнгөж саяхан бид дэлхийн хэмжээний шоу болох The Voice of Mongolia нэвтрүүлгийн албан ёсны аппликейшнээр ажиллаж, санал хураалтыг амжилттай зохион байгуулж үндэсний ялагчаа хамтдаа тодрууллаа. Дэлхийн аль ч улсын The Voice of Mongolia шоуны үзэгчдэд байхгүй супер боломж, цоо шинэ мэдрэмж, туршлагыг хэрэглэгчдэдээ харуулсандаа баяртай байна.

Түүнээс гадна залуучуудын хамгийн их сонирхож байгаа хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох боломжийг бас бүрдүүллээ. Үүний дагуу SuperUp-аар үнэт цаасны данс нээлгэж, Монголын финтек салбарын анхны нээлттэй бонд болох "ЛэндМН Бонд"-ын захиалгыг өгөх боломжтой байгаа. Энэ мэтчилэн хүн бүрийн хэв маягт таарах үйлчилгээ бүрийг SuperUp-даа нэгтгэхийг зорьж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Ахиж дэвшихийн хамгийн эхний шат бол мэдэхгүйгээ мэдэх үйл явц гэж боддог. Нэгэнт мэдэхгүйгээ ухаарсан бол мэдэхийг хичээж, ухаж, судалж эхлэх нь ойлгомжтой. Дараагийн шат бол би хичээвэл чадна гэх итгэл. Мэдсэн ч мэдэхгүйгээрээ дуусна гэдэг огт мэдэхгүй байсантай ямар ч ялгаагүй.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Одоогоор Юваль Ноа Хараригийн Sapiens, Майкл Санделийн Justice: What's the Right Thing to Do?, Ричард Тейлер, Касс Санстэйн нарын бичсэн Nudge зэрэг номыг уншиж байна. Санал болгох номын хувьд зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлийг уншаарай гэж санал болгомоор байна. Би зохиолч Л. Өлзийтөгсийг машид хүндэлдэг, бичсэн бүтээл болгонд нь хайртай. Номуудыг нь орны хажууд тавиад үе үе сөхөж, уншдаг юм. Хөгжим гэвэл хоолой нь тод, хөгжим нь бүдэг эгшиглэсэн дуунд дуртай болохоор Адель, Майкл Бубле, Билли Айлишийн дууг их сонсдог.

Киноны хувьд Shutter Island, Good Will Hunting, The Matrix киног үзэхийг санал болгоё. Холливүүдийн алтан үеийн кинонуудын нэг Салхинд туугдагсад (Gone with the Wind) киноны дүр болох Скарлет О'Хара хүний аминд хүрснийхээ дараа шатан дээр суугаад “Өнөөдөр надад энэ асуудалд санаа зовох тэнхэл үнэхээр алга. Маргааш л зовъё доо” хэмээгээд унтаад өгдөг хэсэг надад маш хүчтэй мэдрэмж төрүүлж билээ. Учир нь бид үргэлж аливааг маргааш хэмээн хойшлуулдаг хэрнээ зовж шаналахаа хэзээ ч хойшлуулдаггүй. Асуудал нь шийдэгдэх болоогүй юм бол яагаад өнөөдөр дэмий зовж, шаналах ёстой гэж? Өнөөдөртөө амьдрахын тухай харуулсан кино гэвэл энэ байх.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Надад мэддэг зүйлс цөөн, мэдэхгүй зүйлс маш их. Тиймээс мэдэхгүйгээ мэддэг болохын тулд хүнд ярихаас илүү бусдыг сонсож, суралцахыг хүсдэг. Гавьяат хуульч Б.Чимэд багштай ажиллах үед надад олон хэрэгтэй заавар, зөвлөгөө өгч байсан. Нэг удаа хэн нэгэнд мэдэхгүй зүйл дээрээ хийрхэж, олон юм ярих хэрэггүй, мэдэхгүй бол эгогоо сайн дарж бай гэсэн утгатай зүйл хэлж байсныг санаж байна. Хүний эго их болох тусам бусдын сайн чанар, ур чадварыг олж харах, суралцах боломж хаагддаг гэж боддог.

Түүнээс гадна номоос олон санаа, ухаарал олж авна. Марк Мансоны “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номоос "Танд тохиолдож буй бүх зүйлс бол өөрийн чинь хариуцлага" гэх санааг толгойдоо буулгаж авсан юм. Согтуу жолоочийн буруугаас болж хүүхдээ алдсан эцгийн хувьд гэнэтийн харамсалтай явдал тохиолдсон ч тэр явдалд хэрхэн хандаж, ямар хариу үйлдэл үзүүлэх нь өөрийнх нь сонголт юм. Болсон явдалд гашуудан ажлаасаа хөндийрч, архи дарсанд орох уу, эсвэл хүн бүрд тохиолдож болох асуудал гэж үзээд өөртэйгөө тэмцэж, цааш амьдрах уу гэх сонголт бол өөрийн тань хариуцлага юм.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Манайд хаа сайгүй хариуцлагатай байх явдал маш их дутагдаж байгааг алхам тутамдаа л анзаардаг. Хүн бүрийг бүх зүйлд хариуцлагатай байгаасай л гэж хүсэж байна. Ядуу, мөнгөгүй, аз жаргалгүй байх бүх л шалтгаан та бидний өөрсдийн хариуцлагаас үүддэг. Бусдыг буруутгаж, буруу бүхнийг тохох биш өөрөө хариуцлага үүрч, өөрөөсөө бурууг хайдаг байгаасай л гэж хүсдэг дээ.