Өнгөрөгч оны гуравдугаар сард Оюу толгойн гүний уурхайн тогтвортой олборлолт эхэлсэн нь Монгол Улсын хувьд тун чухал үйл явдал болсон билээ. Оюу Толгойн хувьд нийт хүдрийн 80 хувийг гүний уурхайгаас агуйлан нураах аргаар олборлох төлөвлөгөөтэй тул энэ хүрээнд газрын гүнд буй чулуулгийг хянах систем нь олборлолтын тасралтгүй явцад тун чухал үүрэгтэй. Тиймээс ч бид энэ удаа хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй, газрын гадаргаас 1300 метрийн гүн дэх чулуулгийг судалж, гүний уурхайн “эмч” хэмээн нэрлэгддэг геотехникийн инженерийн ажиллах арга барил болон тэдний мэргэжлийн ач холбогдлын тухайд хөөрөлдсөнөө ийнхүү хүргэж байна.

Байршил: Өмнөговь аймаг, Ханбогд сум
Эрхэлдэг ажил: Гүний уурхайн геотехникийн ахлах инженер
Хэрэглэдэг гар утас: iPhone 15
Хэрэглэдэг компьютер: Dell Precision 5570



1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний хувьд багаасаа байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой хүүхэд байсан тул дунд сургуулиа төгсөөд инженерингийн чиглэлээр суралцана гэдгээ нэлээд эрт шийдчихсэн байсан юм. Улмаар 2006 онд Турк Улсын Анкарагийн Их сургуульд элсэж, компьютер технологийн чиглэлээр гурван жил суралцлаа. Гэхдээ тухайн үед өөр мэргэжлээр мөн суралцаж үзмээр санагдаж байсан тул хэт оройтоогүй байгаа дээрээ мэргэжлээ солих шийдвэр гарган, геофизикийн инженерийн ангид элсэн орсон.

Сургуулиа төгссөнийхөө дараа гүний уурхайн ажил дахин эхэлсэн үе буюу 2016 онд Оюу Толгойн уурхайд геотехникийн инженерээр ажиллаж эхэлсэн цагаас хойш найман жилийн хугацаа өнгөрчээ.

Манай геотехникийн баг олборлолтын ажилд бэлдэх зорилгоор далд уурхайн бутлуурын хэсэг, туузан дамжуурга болон олборлолтын үед ашиглагдах хүдэр буулгуурын бэлтгэл ажил мөн уурхайн хяналтын системийн бүтээн босголтын ажилд гар бие оролцож (Micro-seismic, Stability monitoring, cave monitoring), өнөөдөр тэр системээрээ уурхайн олборлолтын үеийн чухал үе шатуудыг хянаж байна.

Ялангуяа бидний өөрсдийн гараар бүтээж, үйл ажиллагааны багтаа хүлээлгэн өгсөн гүний уурхайн хяналтын системүүд нь Монголдоо анхдагч төдийгүй дэлхийд ч цөөн хэдхэн ширхэг байгаа бүрэн цогц систем гэдгээрээ онцлог. Эдгээр хяналтын системд ашиглагдаж буй ажиглалтын төхөөрөмжүүдийг манай багийнхан газрын гадаргаас доош 1.3 км-ийн гүнд өрөмдөж суулгасан бөгөөд эдгээр нь олборлолтын явцад үүсэх асуудал, тэдгээрийг хянах, аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй хэмээн энгийнээр тайлбарлаж болно.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө 7 цагийн ажилдаа бэлэн байхын тулд 5 цагт босдог. Оффис дээрээ ирээд хамгийн түрүүнд цахим шуудангуудаа шалгана. Шөнийн ээлжид ажилласан инженерээс өнгөрсөн 12 цагийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээн авч, уурхай дээр ямар нэгэн гэнэтийн асуудал гарсан эсэхийг нягтлан хянана. Үндсэн мэдээллүүдтэйгээ танилцсаныхаа дараа багаараа ажлын төлөвлөгөөний биелэлтийн талаар хуралдаж, хамтдаа кофегоо ууж аваад л ажлын өдрөө эхлүүлнэ дээ.

3. ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Уурхайд орсон эхний таван жилдээ би бүх ажлыг гардан гүйцэтгэдэг байсан бол одоо харьцангуй багийн гишүүдээ удирдан чиглүүлэх, менежментийн түвшний ажлуудад оролцоод явж байна. Мэдээж энэ шилжилтийн явцад бэрхшээл тулгарах нь ойлгомжтой. Олон жилийн турш хийсээр байгаад нэгэнтээ гарт орчихсон ажлаа шинэ мэргэжилтэнд хариуцуулах, тэр хүнээс өөртэйгөө адил гүйцэтгэлийг хүсэх нь асуудалтай, ер нь боломжгүй зүйл.

Тиймээс том зургаараа бид ямар том ажлыг нугалж байгаа, өдөр тутмын эдгээр төлөвлөгөөг биелүүлсний дараа гарах үр дүнг аль болох сайтар тайлбарлахыг хичээдэг. Жишээ нь, би нэг хүнд энэ хайрцгийг 100 метрийн цаана аваачаад тавь гэвэл миний хэлснээр хийх л байх. Гэхдээ тэр хайрцаг энд биш, 100 метрийн цаана очсоноороо ямар асуудлыг шийдэх гээд байгааг тайлбарлавал дараа дараачийн удаа миний оролцоогүйгээр нөгөө хүн маань хайрцгаа зөөчихнө шүү дээ.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын хүрээнд Deswik, IMS Vantage, mXrap, PyCharm программуудыг тогтмол ашиглана. Чөлөөт цагаа төрөл бүрийн шинжлэх ухааны өгүүлэл унших нь миний нэг төрлийн хобби. Springer, Academia зэрэг сайтуудаас зөвхөн шинжлэх ухааны ч гэлтгүй олон сонирхолтой өгүүлэл, эрдэм шинжилгээний ажлуудыг уншдаг.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сайн төлөвлөгөө бол гарцаагүй цаг хэмнэх хамгийн шилдэг арга. Уурхайн хувьд бол сайн төлөвлөгөө гэдэг цаг хэмнэхээс гадна аюулгүй ажиллагааг хангах чухал хэрэгсэл юм. Тэрчлэн, уурхайн ажил 24/7 тасралтгүй, хоёр ээлжээр үргэлжилж байдаг тул нөгөө ээлжийн хүн маань бидний хийсэн ажлыг давтахаас сэргийлж, тодорхой мэдээлэл, зааварчилгаа үлдээх нь цаг хэмнэх бас нэгэн арга болов уу.

Мөн харилцааны ур чадвар, тогтмол мэдээллийн урсгал гэдэг тун чухал. Гүний уурхайд нэг уурхайчин, нэг инженер дангаараа ажлын ард гарна гэсэн ойлголт байхгүй. Ганц ажлын ард гарахын тулд маш олон багууд хамтран ажиллана. Тиймээс уурхайн нөхцөлд бусдыгаа мэдэрч, хамтран ажиллах нь нэн тэргүүнд тавигдах асуудал. Эс бөгөөс цаг хэмнэх, ажил урагшлах ямар ч боломжгүй.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хийх ажлуудаа жагсааж бичээд чухлын дарааллаар нь эрэмбэлдэг. Бусдаас хамааралтай, надаас хүлээгдэж буй ажлаа хамгийн түрүүнд дуусгаж чадвал цаад хүмүүстээ хий дэмий хүлээлт үүсгэхгүй давуу талтай гэж боддог.

Уурхай гэдэг бие биеэсээ хамааралтай, тасралтгүй эргэж буй маш том систем тул найдвартай ажиллагааг нь хангахын тулд хүн бүр хариуцлагатай, хариуцсан ажлаа төлөвлөгөөний дагуу гараасаа гаргах учиртай.


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Сайт дээр байх үедээ долоо хоногтоо тогтмол гурваас дөрвөн удаа гүйнэ. Хэдий би гүйх туйлын дуртай ч гэсэн сүүлийн үед зөвхөн гүйгээд л байх юм бол хэсэг хугацааны дараа гүйх нь эрч хүчээ сэлбэх арга бус нэг төрлийн ажил болоод хувирчих юм шиг санагдсан. Тиймээс гүйхийн хажуугаар газрын теннис, хөлбөмбөгөөр давхар хичээллэж байгаа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн ажлынхаа хажуугаар мэргэжилтэйгээ холбоотой төрөл бүрийн судалгааны ажил хийх сонирхолтой. Оюу Толгойн уурхайн хувьд газрын гадаргаас доошоо 1300 метрт, хөндлөн нэвтрэлтийн аргаар олборлолт хийж байгаа.

Энгийнээр хэлбэл, газрын гүнд асар том блок дотор жижигхэн нүхнүүд ухаж буй хэмээн төсөөлж болно. Мэдээж тэр том блокийн доор олборлолтын үйл ажиллагаа тасралтгүй явуулах үед чулуу өөрөө байгалийн элемент учраас хариу үйлдэл үзүүлнэ. Миний хувьд уг хариу үйлдэл, уурхайн газар хөдлөлт, чичирхийлэлтийн талаар аналитик судалгааг хамгийн сүүлд хийж гүйцэтгэсэн. Ер нь өдөр тутмын ажлаасаа ажиглалт хийх үед судлах сэдэв ар араасаа л гарч ирдэг.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Геотехник гэдэг томьёолол дэлхий дахинаа 1970-аад оноос нэвтэрсэн ба геологи физик, механикийн салбар шинжлэх ухааны нийлбэр гэж ойлгож болно. Орчин цагт бол геотехникгүй салбар гэж байхгүй. Зуслангийн байшин барихаас өгсүүлээд газар доорх асар том метроны сүлжээг бүтээн байгуулахад хүртэл хамгийн түрүүнд геотехникийн дэлгэрэнгүй судалгаа шаардлагатай. Товчхондоо, бүхий л барилга байгууламжийг барихад тодорхой хэмжээний үндэс, сууринд нь оролцож буй шинжлэх ухаан юм.

Харин гүний уурхайн хувьд биднийг уурхайн эмч нар гэж нэрлэхэд буруудах зүйлгүй. Эмч хүн өвчтөнийхөө зовуурийг зөв оношлохын тулд MRI, KT зэрэг дэлгэрэнгүй шинжилгээ хийдэг шүү дээ. Тэрэнтэй адил бид 1300 метрийн гүнд буй, нүдээр харах ямар ч боломжгүй чулуулгийн физик механикийн шинж чанар болон тогтворжилтыг тодорхойлдог. Тиймдээ ч бид чулууг хамгийн сайн ойлгодог хүмүүс юм.

Бид газрын гүний чичирхийлэл, станцаас ирсэн мэдээлэл, тоон үзүүлэлтийг нэгтгэж, цэвэрлэж, өнгөрсөн хугацааны томоохон хэмжээний өгөгдлийн санг үүсгэхийн сацуу үүн дээрээ үндэслээд ирээдүйд юу тохиох магадлалтай вэ? хэмээх асуултад хариулах тоон үзүүлэлтийг ч бас бэлдэнэ.

Бэрхшээлтэй тал гэвэл, бидний хийсэн дүгнэлт буюу онош маань алдаатай, буруу байх юм бол гарах үр дүн нь асар хатуу, өндөр эрсдэлтэй. Машин техникийн эвдрэлээс өгсүүлээд хүний амь насаар хэмжигдэнэ. Нөгөө талдаа бидний мэргэжил энэ бүх болзошгүй аюулаас уурхайчдаа хамгаалж, сэргийлэх боломжтой нь мэргэжлээрээ бахархах том шалтгаан.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ойрын хугацаанд гэвэл ирэх сард манай багийнхан дэлхийн уул уурхайн олимп хэмээн нэрлэгддэг, дөрвөн жилд нэг удаа зохиогддог Massmin-д оролцохоор бэлтгэл ажлаа базааж байна. Энэ жил Швед улсад зохиогдох Massmin-д дэлхийн бүхий л уурхайн төлөөлөл оролцдог бөгөөд салбартаа хамгийн том хурал, үзэсгэлэн, форум хосолсон үйл ажиллагаа юм. Энэ удаагийн Massmin-д манай баг өөрсдийн бичсэн “Seismological Data And Analysis For The Early Stages Of Block Caving” хэмээх шинжлэх ухааны нийтлэлээ танилцуулах зорилготойгоор оролцох юм.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Дээр дурдсанчлан ажилтайгаа холбоотой болон шинжлэх ухааны өгүүлэл, эрдэм шинжилгээний нийтлэлүүд уншиж, судлахад тогтмол цаг гаргах нь миний суралцах, өөрийгөө хөгжүүлэх арга барил маань юм болов уу.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Шулуухан хэлэхэд, кино, цуврал үзэхдээ тааруухан. Харин инженерийн сод бүтээлүүд, тэдгээр бүтээлүүд хэрхэн бүтсэн тухай баримтат киног харин хаа нэг сонирхоно шүү. Номын хувьд Тара Вестоверийн "Educated", Үй Хуагийн “Амьдрахуй” бүтээлүүдийг санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Манай багт ажиллаж байсан гадаад дарга маань нэг удаа “Тусламж хэрэгтэй үедээ ичиж нэрэлхэхгүйгээр бусадтай харилц, асуудлынхаа тухай ний нуугүй ярилц. Хэн ч чиний толгой дотроо юу бодож байгаа, юунд санаа зовниж буйг чинь таах боломжгүй. Хэн нэгнээс тусламж асуулаа гээд чи чадваргүй нэгэн болохгүй. Харин ч ярилцахгүй байх тусам учир битүүлэг нөхцөл байдал үүснэ.” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Саяхныг хүртэл манай улсад уул уурхайн геотехникийн инженерийн мэргэжлээр суралцах боломж байсангүй. Харин 2019 оноос Рио Тинто Монгол болон Оюу толгой компаниуд ШУТИС-тай хамтарч уул уурхайн геотехникийн бакалавр болон магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, анхны мэргэжилтнүүд нь ажлын байран дээр гарч буй сайхан мэдээ байна. Эдгээр мэргэжилтнүүд бол ирээдүйн 20,30 жилд манай салбарын өнгийг тодорхойлох, ирээдүйд хэрэгжих олон мега төсөлд гар бие оролцох инженерүүд юм.

Тэдэнд хандаж “Ажлын байран дээр гарах үед эхэндээ хэцүү, шантармаар, алхам тутамд чинь ойлгомжгүй зүйл тохиох нь лавтай. Гэхдээ бүх л инженерүүд яг л чамтай адил байсныг санаарай. Ажлын байран дээрээс л ажлынхаа арга барил, туршлагыг олж авах тул битгий шантраарай. Нэгэнтээ энэ мэргэжлээр ажиллахаар шийдвэр гаргасан бол тууштай байх хэрэгтэй. Уурхайд асуудал хэзээ ч дуусахгүй. Чи тэр асуудлыг шийдэхийн тулд энд байгаа учраас нүүр тулахаасаа айх шаардлагагүй.” гэж захья даа.